Өнөөдрийн дугаартаа бид "TomYo EdTech" компанийн стратеги хариуцсан захирал О.Энхжинг урилаа. Маркетинг, менежментийн чиглэлээр Монголын томоохон компаниудад туршлага хуримтлуулж, мэргэшсэн тэрээр худалдаа, үйлдвэр, банк санхүүгийн салбарт бизнес хөгжлийн олон төслийг удирдан ажиллажээ. Хоёр сарын турш "Монгол HD" сувгийн дэлгэцнээ үргэлжилсэн “The Apprentice Mongolia” шоуны финалын шатанд шалгарч үлдсэн О.Энхжин өдгөө монгол оюуныг дэлхийд хүргэх зорилготой "TomYo EdTech" компанийн технологид суурилсан боловсролын төслүүдийг манлайлан ажиллаж байна.
Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: "TomYo EdTech" компанийн стратеги хариуцсан захирал
Хэрэглэдэг утас: iPhone 12
Хэрэглэдэг компютер: MacBook Air
Сошиал хуудас: Enkhjin Otgonbayar (Facebook), Enkhjin Otgonbayar (LinkedIn), Enkhjinnn (Instagram), Enkhjinnn (Twitter)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би 19 настайдаа их сургуулиа төгсөж, ажлын талбарт гарсан юм. Анх "Таван богд" группийн хүний нөөцийн газар дадлагажихдаа бизнес хөгжил, брэнд маркетинг чиглэлд илүү сонирхолтойгоо мэдэж, тэр чиглэлд ажиллахаар шийдсэн. Компани болон улсаа төлөөлж бизнесийн томилолтоор явахдаа гаднын мундаг менежер, захирлуудаас их зүйл сурсан. Залуу, туршлагагүй гээд гологдох вий гэж айлгүй суралцаж, зүтгэх хэрэгтэйг анхны ажлаасаа сайн ойлгосон доо. Дараа нь, хөрөнгө оруулалт, төслийн менежмент чиглэлд өөрийгөө сорихоор "Чоно групп"-д орсон нь корпорэйт түвшний жинхэнэ туршлагыг надад өгсөн.
Менежмент бол харьцангуй уян хатан, хөрвөх чадвартай мэргэжил гэж хэлж болно. 3-4 жилийн дотор компани дотроо хөрвөх эсвэл өөр салбарт шилжих боломжтой. Ингэснээр өөр салбарын онцлог, компани тус бүрийн арга барил, соёл, засаглалын давуу талаас суралцах тал дээр тун давуу шүү.
Удалгүй гэр бүл, хүүхэдтэй болж, карьераа хэсэг завсарласны эцэст “Монос косметикс”-ийн маркетингийн албаны даргаар ажиллах болсон юм. Энэ мэтчилэн багагүй туршлага хуримтлуулсан учраас хувийн бизнесээ эхлүүлэхээр шийдэж, хотын захын байршилд “сonvenience store” байгуулж, хоёр жилийн хугацаанд хөгжүүлсэн түүхтэй. Хувийн бизнес хийхийн нэг онцлог нь том, жижиг гэлтгүй бүх ажилд гар бие оролцох хэрэг гардаг. Хамгийн гол нь, би ийм ажлыг хийж чадах уу гэдгээ мэдэх, цаашид юу хүсэж байгаагаа олж нээнэ гээд, эргэж харамсахгүйн тулд зориглож хийсэн. Тэндээс би хувийн бизнес биш мэргэжлийн менежер болж, цаашдын карьерын маань хүрэх цэг СЕО юм байна гэдгийг ойлгосон. Хүн дуртай ажлаа аз жаргалтайгаар хийх нь чухал юм билээ.

Маркетингийн салбарт надад зөвхөн практик туршлага байсан. Цаашид илүү сайжрахын тулд онолын мэдлэгийг олж авахаар МУИС-д энэ чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Хоёр дахь хүүхдээ төрүүлэхээс хоёр долоо хоногийн өмнө төгсөөд дипломоо гардаж байлаа.
"Apprentice" шоуны дараа ажлын олон санал ирснээс зөв сонголтоо хийж чадсан гэж хардаг. Уламжлалт бизнесийн арга барилаар 10 гаруй жил ажилласан надад шууд стартап компанид орж, шинэ зах зээлд ажиллана гэдэг багагүй сорилт мэт санагдсан ч шийдвэр гаргах үйл явц хурдан, хөрвөх боломж өргөн, хэвтээ хэлбэрийн арга барил нь олон давуу талтайг анзаарч, одоо ажилдаа улам дурлаж байна даа.
Хамгийн гол нь, ажилдаа дурлаж, жаргаж хийж чадвал илүү бүтээмжтэй, үр дүнтэй ажиллана чадна. Гэхдээ хэзээ ч “би чадаж байна” гэж сэтгэл ханах хэрэггүй болов уу. Тэгж бодсон цагаас хүн өөрийгөө хөгжүүлж, сайжруулахаа умартдаг учраас үргэлж сурч мэдэх эрмэлзэл, мэдсэн бүхнээ бусадтай хуваалцах сэдэлтэй байхыг зорьдог доо.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Манайх хоёр бага насны хүүхэдтэй. Гэр бүлдээ зарцуулах цаг заваа бодож, ажлаа зөвхөн ажлын цагтаа амжуулж, тэр хугацаандаа бүтээмжтэй байхыг эрмэлздэг. Өмнө нь илүү цагаар сууж ажиллах үе цөөнгүй байсан. Цагийн менежмент, төлөвлөлт тааруу байсны илрэл болов уу. Одоо бол бараг 30 минутад ч юу хийхээ бодож, нягт ажилладаг болсон. Хурал, уулзалтууд төвлөрч суух цагаас багагүй хороодог учраас биологийн хамгийн идэвхтэй цагаараа чухал ажлуудаа амжуулж, төвлөрөхийг хичээдэг.
Тухайлбал, өглөө долоон цагаас босож, ажилдаа ирсний дараах хоёр цагийн хугацаанд төвлөрөх, бичих ажлуудаа хийж, үдийн цагаар уулзалт, хурлуудаа амжуулна.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Төлөвлөлтөд ихээхэн ач холбогдол өгдөг. Төлөвлөхгүйгээр ажлын явцыг хянаж, үр дүн тооцоход хэцүү. Энэ бол хийх ажлаас гадна нөөцийг тооцох, зөв хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих зэрэг олон ажлыг чиглүүлэх үйл явц юм. Тэгэхгүй бол алдаа гарах, хүний мэдрэмж дээр тулгуурласан оновчгүй шийдвэр гарах эрсдэлтэй. Энэ бүхэн эргээд компанийн нэр хүнд, үнэлэмж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг унагааж болно. Мөн ажилтан бүр юу хийх ёстойгоо яс мэддэг байхаас төлөвлөлтийн үнэ цэн харагдана.
Би хувьдаа ажлын орчинд тодорхойгүй байдал үүсгэхээс үргэлж зайлсхийдэг. Хүнийг маш их бухимдуулдаг, тодорхойгүй, шийдвэргүй байдлыг шийдэх арга зам бол төлөвлөлт, ил тод байдал юм. Бид нэгж ажлыг хэн хариуцсан, хэр хугацаанд хэрхэн хийсэн зэргийг үнэлдэг нь хүний нөөцийн хувьд ажилтнаа шударгаар үнэлэх шалгуур болдог. Үүний дагуу удирдлагын зүгээс багийн гишүүн бүрийн ур чадвар, нөөц бололцоог олж, тохирсон арга барил, уялдааг бий болгох хэрэгтэй.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Ажлын орчинд “Google”-ийн үндсэн программууд болон Slack, Trello, Zoom түлхүү ашиглаж, ажлын үйл явцаа ил тод байлгахад анхаардаг.
Мөн TomYo аппын хичээлүүдийг долоо хоногтоо гурван өдөр тогтмол цаг гаргаж үзнэ. Гадаад хэлнээс гадна иогийн хичээлээс шимтэн суралцаж байна даа. Ажилчид маань бүх хичээлийг үнэ төлбөргүй үзэх эрхтэй байдаг юм.
Түүнээс гадна кино сонирхож үзэхэд зориулж IMDb аппаас киноны жагсаалт, шүүмж зэргийг хардаг. Бас Netflix дотроос нуугдсан эрдэнэ шиг олон киног олж үздэг дээ.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Өөрийн цаг хугацааны үнэ цэнийг мэдэрч хайрладаг шигээ бусдын цагийг хүндлэх. Ажлын орчинд хамгийн их цаг үрдэг зүйл бол хурал. Хурлаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, оролцогчдын бэлтгэлийг хангахад анхаарах нь цаг хэмнэх, үр дүнтэй хурал хийх чухал алхам болдог. Brainstorm биш бол ямар ч хурлын төгсгөлд тодорхой шийдэл гарах нь чухал.
Би хувьдаа өглөөд хамгийн харам байж, хайрлан өнгөрүүлдэг. Өглөөд хүн дөнгөж сэрээд, энерги их эмзэг байдаг учраас би утсаа огт оролддоггүй. Долоо хоногийн гурван өдөр тогтмол цаг гарган дасгал хийж бусад үед нь аль болох их алхдаг.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Ажлын төлөвлөгөөг бүтэн жилээр том зургаар гаргаж, чухал, том төслүүдээ тодорхойлдог. Хамгийн гол нь, жилийн дараа компани ямар үр дүн гаргаж, аль түвшинд очих вэ гэдгийг хүн бүрд хэлж, бүгд жигд ойлголттой байх нь чухал.
Бусдаар бол үйл ажиллагаатай холбоотой өдөр тутмын ажлуудаа нарийн төлөвлөдөггүй. Гэнэт галзуу ч юм шиг санаа төрвөл шууд туршиж үзэхэд бэлэн орчинд ажиллаж байна шүү дээ. Хувийн төлөвлөлтийн хувьд уулзалт, хурал их хийдэг учраас хуанли дээрээ нарийн төлөвлөж оруулдаг.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Хамгийн сайхан энергийг хүүхдүүд минь хайрладаг. Орой ажлаас ирэхэд өөдөөс инээгээд гүйхийг харах мөчид хамаг стресс тайлагдах шиг болно. Хүүхдүүдийнхээ инээж баясах, өсөж томрох мөч бүрийг нь харж, хамт байхыг хичээдэг дээ.
Алхах тун дуртай. Ихэвчлэн орой хүүхдээ салхилуулахдаа алхана. Алхах нь зарим үед ганцаараа байж, бодлоо цэгцлэн, өөртэйгөө ярилцах орон зай болдог доо.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Ажлаас бусад ихэнх цагийг алхаж, кино үзэж өнгөрөөнө дөө. Сайн кинонуудын нээлтийг алдалгүй зорьж очин үзнэ. Заримдаа кино сонирхогчидтой нийлж, үзсэн киногоо ярьж суух үе цөөнгүй. Алхахын тухайд яаж ч ядарсан оройдоо гэрийнхэнтэйгээ алхаж, хүүхдүүдтэйгээ тоглодог.
Мөн “Apprentice” шоуны оролцогчид клуб байгуулж, сардаа хоёр удаа уулзалт хийж байгаа. Нэг уулзалтынхаа үеэр салбартаа амжилттай ажиллаж буй захирлуудтай чөлөөт яриа өрнүүлж, туршлага солилцдог бол удаах уулзалтыг нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг дэмжихэд зориулж байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Би ер нь асуудал, бэрхшээлээс аль болох эерэг талыг нь харахыг хичээдэг өөдрөг төрлийн хүн. Стартапын нөөц, боломж хязгаарлагдмал байх үе бий ч тэр бүхнийг шийдэх арга замыг хамт олноороо олдог. Сул тал байж болох ч эргээд багаараа ямар ч ажлын ард гарах хандлага, эрмэлзэлтэй болдог нь гарааны бизнесийн хамгийн чухал шинж чанар болов уу. Стартап, тэр дундаа "TomYo"-д хурдтай ажиллана гэдэг шинэ зүйл туршиж, оносон бол хөгжих, алдсан бол улам сайжрах үйл явц юм. Мөн хамт олны соёл, засаглал хөндлөн хэлбэрээр явж, бие биеэ дэмжиж ажилладаг нь хамгийн том давуу тал гэж хардаг.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Том ажил эхлэхийн өмнө энэхүү ярилцлагыг өгч байна. Бид технологид суурилсан боловсролыг түгээх зорилгоор зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлж, зорилтот хэрэглэгчдэдээ богино хугацаанд таниулсны хувьд бизнесийн стратегиа дараагийн шатанд гаргахаар төлөвлөж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд 250 мянга гаруй хэрэглэгчтэй болсон. Энэ хүрээнд тун удахгүй TomYo аппаа шинэчилж танилцуулахаар бэлтгэж байна.
Бидний алсын хараа монгол оюуныг дэлхийд хүргэж, тэгш хүртээмжтэй боловсролыг түгээн, гарааны тэгш байдалд ойртох зорилготой. Боловсрол бол өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлын үндэс гэж хардаг учраас тэр бүхнийг шийдэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах нь "TomYo"-гийн залуусын зорилго юм. Тиймээс цаг хугацаа, орон зай үл хамааран интернэт, ухаалаг төхөөрөмжтэй хэн бүхэнд хямд зардлаар шилдэг багш, мэргэжилтнүүдийн хичээлийг үзэж, малчны хотноос АНУ-д сурч буй ментортойгоо холбогдох боломжийг олгож буйдаа баярладаг.
Мэдээлэл асар чухал болсон энэ цаг үед бид content.tomyo.mn вэб сайт дээр гадаад хэл, их дээд сургууль, тэтгэлэг, ур чадвартай холбоотой олон нөү хау хуваалцсан контентийг үнэ төлбөргүй хүргэж байна. Тиймдээ ч жилийн дотор 1.2 сая уншигчтай болсон болов уу. Мөн бид зөвхөн зааж сургах биш бие биеэсээ суралцах "peer to peer" тогтолцоог платформдоо гүн шингээж өгсөн нь давуу тал юм.

Технологид суурилсан боловсролыг хөгжүүлэхэд зөвхөн бүх үйл явцыг цахимжуулах, зайнаас холбох хангалтгүй, иймд хүн хоорондын биет харилцааг үүсгэж, сурах орчин, сэтгэлзүйг бүрдүүлэх замаар танхим болон технологийн шийдлийг хослуулах нь чухал. Үүний дагуу бид “Tomyo KidsClub” байгуулж, хүүхэд бүрийн сонирхол, ур чадварт нийцсэн технологи, гадаад хэл, шинжлэх ухаан, урлаг, спортын мэдлэг олгох танхимын болон онлайн хөтөлбөр хэрэгжүүлж, хоёр салбар нээлээ. Мөн ирэх онд 570 гаруй хүүхдийн хүчин чадалтай ЕБС нээхээр шамдан ажиллаж байна. Уг төсөл хэрэгжсэнээр бидний боловсролын салбарт хийхээр зорьж буй ажлууд маань олон шат урагшлах болов уу.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Аль болох олон шинэ хүнтэй танилцаж, ярилцах явцдаа сонсож суралцдаг. Хүнд сонсгох, сургах зүйл ихтэй хүмүүс олон байдаг. Зөвхөн мундаг гэхээс илүү амьдрал, ажлын орчинд таардаг буруу хандлагатай хүмүүсээс ч тийм байж болохгүйг суралцах хэрэгтэй болов уу.
Ер нь би зүгээр л сууж болохгүй юм шүү, хийж л байх хэрэгтэй гэх хандлагатай. Тухайн үед үр нөлөө мэдрэгдэхгүй байж болох ч ирээдүйд эргэж хараад тун хэрэг болсныг ойлгодог. Уулзалт болгоноос ямар нэг зүйл сурч, бусдыг сонсож эргэцүүлэхийг хичээдэг учраас хүмүүстэй илүү нээлттэй харилцахыг эрхэмлэдэг.
Өөр нэг онцлох зүйл бол ном. Ялангуяа, уран зохиолын номууд амьдралд их ойр, хүн хоорондын харилцаа, зан төлөвийг тун нарийн илэрхийлж чаддаг. Тэр дундаа баг, хамт олон удирдан ажиллаж буй хүн сэтгэлзүй, философийг ойлгож судлах нь зүйтэй санагддаг шүү.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
“Мандал даатгал” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзоригийн “Менежментийн психологи” номыг санал болгоё. Менежментийн тухай ойлголтыг Монголын бизнесийн орчин дахь бодит кэйс дээр тулгуурлан, практик байдлаар бичсэн тул их таалагдсан. Мөн хүүхэд байхаас Жюль Вернийн зохиолыг шимтэн уншиж өссөн учраас зөгнөлт зохиолуудыг онцолмоор байна. Зөгнөлт зохиол бол хүний сэтгэхүйг хөгжүүлж, хайрцгаас гарч сэтгэх сэдэл болдог.
Хөгжмийн тухайд элдэв төрөлд баригдахгүйгээр дуртайгаа сонсдог доо. Нэг харвал П.Адарсүрэн гуайн дуунуудыг сонсоод явж магадгүй, удалгүй хип хоп ч сонсож мэднэ шүү. Төвлөрөх үедээ жазз хөгжим, нартай дулаахан өдөр машиндаа түргэн хэмнэлтэй хип хоп дуунуудыг сонсох дуртай. Хүмүүсийн тэр бүр сонсдоггүй дуунуудыг ч ажил болгож, цаг гарган хайж олох үе байна.
Кино бол чухал хобби минь. Кино шүүмжлэгч шиг гүнд нь ортол судалж, тоймлож, харьцуулж үзэхийг хичээдэг. Холливудын гэхээс илүүтэй амьдралаас тасарсан мөрөөдлийн, фантаз ертөнцөд байгаа мэт бүтээлийг таашаадаг. Ялангуяа, Кристофер Нолан, Вэс Андерсоны кинонуудыг онцгойлно.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
"Чоно групп"-д ажиллаж байхад намайг хурдтай боловч хайнгадуухан байгааг анзаарсан захирал маань ирээдүйд удирдагч болох гэж буй хүн жижиг сажиг зүйлсийг орхилгүй анзаардаг байх хэрэгтэй шүү гэж хэлсэн нь санаанд хадагдан үлдсэн. Жижиг зүйлсэд анхаарна гэдэг ажил болгонд оролцож, микро менежмент хийхийн нэр биш. Аль болох алдаагүй, нягт төлөвлөж, тэр хэрээр гүйцэтгэх хандлага юм.
Би энэ бүхнийг хүний нөөцийн бодлогодоо илүү төвлөрүүлж, хамт олныхоо сэтгэлзүй, хандлагыг анхаарахыг хичээдэг. Ажил дээр хэн нэгэн баргар царайтай сууж байвал асууж тодруулаад, асуудал байвал ярилцаж шийдэхийг бодно. Компанид санхүү, маркетинг, борлуулалт гээд олон функц байдаг ч тэр бүхнийг хүн л хийдэг учир баг, хамт олон дээрээ гол анхаарлаа төвлөрүүлж ажиллахыг зорьдог.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Харилцаа бүх зүйлийн эхлэл тул бусадтай мэндлэх, ярилцах, ойлголцохоос эхлээд асар том философи гэж боддог. Миний хувьд энэ бүхэнд асар их ач холбогдол өгч, хөгжүүлж явна. Харилцаанаас л хамтын ажиллагаа, ирээдүйн зорилго биелэх эсэх нь шууд хамаарна. Энэ бол зөвхөн ярих биш, бусдыг сонсох, ойлгох, хүндлэх, цаашлаад өөрийгөө илэрхийлэх бичгийн ур чадвар хүртэлх өргөн хүрээний ойлголт. Ажлын талбарт амжилттай байхын гол түлхүүр бол энэ гэдэгт итгэдэг. Мянга чадвартай байгаад харилцаанд ач холбогдол өгөхгүй бол бүтэх зүйл үгүй. Үүнд анхаарч чадвал олон сайхан боломж ирнэ.

Сэтгэгдэл бичих (1)


У Уншигч 64.119.23.234
Мундаг эмэгтэй лидер төрж буйд мөн тэднийг энэ буландаа урьж буйд талархаж байна. Дайчин бүсгүй санагдлаа