Ээлжит дугаарын эрхэм зочин бол Ub.life, “Гэрэг” сэтгүүлийн тоймч, сэтгүүлч Б.Энхцэцэг. Түүнийг “Хөрөг” номын зохиогч гэдгээр нь уншигч та бүхэн андахгүй биз ээ. Слав судлаач, гадаад харилцааны мэргэжилтэй тэрээр сэтгүүл зүйн замналаа 1997 онд өдөр тутмын "Өнөөдөр" сониноос эхлүүлжээ. Тийнхүү 20 жилийг тогтмол хэвлэлд өнгөрүүлсэн бөгөөд 2016 оноос Ub.life, “Гэрэг” сэтгүүлийн нэг хэсэг болон сэтгүүлчийн карьераа үргэлжлүүлсэн аж.

Ингээд сэтгүүл зүйн салбарт гялалзаж яваа түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя. Сэтгүүлчээр сурч, ажиллаж байгаа хэн бүхэнд эл ярилцлага ач тусаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Байршил: Юнескогийн гудамж, Union building, 14-р давхар
Эрхэлдэг ажил: Ub.life, “Гэрэг” сэтгүүлийн тоймч, сэтгүүлч
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy A52
Хэрэглэдэг компьютер: Dell
Сошиал хуудас: Enkhtsetseg Batdorj (Facebook)

1. ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ЗАМНАЛААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Ирээдүйн мэргэжлээ сонгож байх эрэлд би өөрийгөө сэтгүүлчээр огт төсөөлж байгаагүй. Арван жилдээ ер нь дажгүй сурлагатай ч орос хэл, уран зохиол, монгол хэл, нийгмийн ухааны хичээлүүдээ илүү сонирхдог байлаа. Тэр үеийн мөрөөдөл Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд элсэн суралцах байсан юм л даа. Биднийг дунд сургуулиа төгсөх 1992 онд Монгол Улсын Их Сургуулийн харьяа Олон Улсын Харилцааны Дээд Сургууль хоёр дахь элсэлтээ авч байв. Тэгэхэд гадаад хэлээр элсэлтийн суурь шалгалтаа өгөхөөр бэлдэж байсан бараг бүх хүүхэд энэ сургуульд өрсөлдсөн байх. Би ч бас тэдний нэг.

Тийнхүү 1992-1996 онд Слав судлаач, гадаад харилцааны мэргэжилтнээр их сургуулийн боловсрол эзэмшсэн. Оюутны он жилүүд минь социализмаас ардчилалд дөнгөж шилжээд байх ороо бусгаа үе. Тухайн үед ойлгомжгүй олон нөхцөл тулгарсан, эмх замбараагүй байсан ч ирээдүйд юу ч болж мэдэхээр, би хэн ч байж болох тун сонирхолтой, залуу хүнд бол олзуурхам, ёстой л романтик цаг юм. Монгол Улсын түүхэн нөхцөл байдлыг олон улсын харилцааны нэн шинэ өрөг дээр харах боломж, хувьсан өөрчлөгдөж буй дэлхийг ойлгох системтэй мэдлэгийг тэр үед олж авсан маань хожмоо сэтгүүлчээр ажиллахад маш сайн суурь болсон юм билээ.

Дөнгөж их сургуулиа төгсөөд би Чех улсын консулын газарт хагас цагаар ажиллаж эхэлсэн. Оюутан байхдаа уртын дадлагаа Чехийн ЭСЯ-нд хийж байсан болохоор ажиллах боломж гарсан нь тэр. Тэгж явахдаа 1996 оны арваннэгдүгээр сард UBS телевизээс “Өнөөдөр сонинд утга зохиолын ажилтан авна” гэх ажлын зарыг олж хараад залгасан юм. Тэд сэтгүүлч, сурвалжлагч хайж байгаа бөгөөд заавал мэргэжлээрээ сурсан байх шаардлагагүй гэв. “Өнөөдөр” сонин надад юу хийж чадахаа харуулах гурван сарын хугацаа өгснөөр тэнд орчуулгын нийтлэл нийлүүлэх ажилтай боллоо.



Чехийн консулд чех хэл дээрх тогтмол хэвлэлүүд ирдэг нь орчуулах гол эх сурвалж минь болж, тухайн үед дэлхий даяар алдаршиж эхэлж байсан Celine Dion, Toni Braxton нарын ярилцлага, яг манайтай ижил улс төрийн сонголт хийсэн Чехэд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил хэрхэн өрнөж буй болон энэ сонгуулийн гол нэр Вацлав Хавелын тухай гээд гурван материал бэлдэж өгөв. Үр дүнд нь гурван сар намайг турших биш харин арваадхан хоногийн дотор үндсэн ажилтнаар авсан. Ингэж л би 1997 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Монголын анхны өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонины гадаад мэдээний ажилтан болсон юм. Энэ цаг хугацаа зөвхөн бидний ч биш дэлхий ертөнцийн “романтик үе” байлаа. Олон улсын харилцааны нэн шинэ хуудаст улс төрийн олон шинэ лидер тодорч, дэлхий ертөнцөд өөрсдийн дүрмээ тогтоохоор өрсөлдөж байв. Монгол Улс хэнийг анзаарах, ямар халуун цэгийг ойлгох ёстой вэ гэдгийг уншигчдад хүргэхэд олон улсын харилцааны мэргэжил маань надад сайн түшиц болсон нь мэдээж.

2004 оноос сониныхоо Улс төрийн албанд сэтгүүлч, тоймч, албаны дарга зэргээр дэвшин ажилласан. Ц.Балдорж эрхлэгч тухайн үеийн хэвлэлийн хамгийн шилдэг сэхээтнүүдээр багаа бүрдүүлж чадсан, үнэхээр харизмтай удирдагч байлаа. Би тэнд 20 жил ажиллахдаа Б.Пүрэвдаш, Б.Лигдэн, Б.Монхоо, А.Мягмаржав, С.Батбаатар, Л.Болормаа зэрэг сайн редакторуудын ачаар мэргэжлийн талбарт тэнцэж үлдэх амбицтай болж чадсан юм.

Одоогийн ажиллаж буй Ub.life, “Гэрэг” сэтгүүлтэй хэрхэн холбогдсон бэ гэвэл "Өнөөдөр" сонины 1-р орлогч эрхлэгчээр ажиллаж байсан С.Батбаатар надад санал тавьж байв. Сониноосоо гараад сэтгүүл эрхлэн гаргаж байсан үе нь л дээ. Удахгүй контент үйлдвэрлэдэг вэбсайттай болох тухайгаа ч хэлж байлаа. Тэгээд би саналыг нь хүлээн авч, 2016 оны хоёрдугаар сараас хойш Ub.life, “Гэрэг” сэтгүүлд тоймч, сэтгүүлчээр ажиллаж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Хөрөг найрууллын ажил эхлүүлсэн үедээ өөр ажилд төвлөрч чаддаггүй нэг “гэмтэй”. Яагаад гэвэл би олон ажил зэрэг амжуулахдаа тааруу хүн л дээ. Аль нэгийг нь чанаргүй хийх гээд байдаг талтай. Үүнийг манай хамт олон ч сайн мэддэг бас ойлгодог.

Хөрөг бичихийн өмнө уулзалт, ярилцлагуудаа аль болох өглөөгүүр товлоно. Нэг уулзалт дунджаар хоёр цаг үргэлжилдэг. Гол ажил маань хүний ярианаас илүү тодорхой болгомоор, лавшруулж мэдэх шаардлагатай хүн, он цаг зэргийг тэмдэглэж, олж мэдэх боломжтой эх сурвалжуудаа хайх техник ажлуудаа төлөвлөх. Ийм өдрүүдэд оройн 23 цаг хүртэл сууж таардаг.

Хөрөггүй үед өглөөдөө 10 цагт ажилдаа ирнэ. Манайх долоо хоног бүр контентын хурал хийж, ажлуудаа хуваарилдаг болохоор тэр төлөвлөгөөний дагуу ажлууд тодорхой байдаг юм. Ийм үедээ 18 цагт ажлаа дуусгадаг.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Товчхондоо нэг хөргийг бүтээх 20-30 хоногийн ард ийм зүйлс өрнөдөг. Хөргийн эзэн хэн байх вэ гэдгийг би ганцаараа шийдэггүй. Манай редакцаас санал болгоно, аль эсвэл би өөрөө ямар хүний тухай бичмээр байгаагаа хэлнэ. Ер нь сэтгүүлч бичих гэж буй сэдэв, өнцөг, зочиндоо итгэлтэй байвал аль ч редакц няцаахгүй нь лавтай шүү дээ.

Хөргийн дүр батлагдсаны дараа хамт олноосоо тухайн хүний талаар юуг нь сонирхож, юу мэдмээр байгааг нь тандана. Дараа нь Google-ийн түвшинд сайтар судалгаа хийж, мэдээллийн эх сурвалжуудыг үзэж, уншиж, сонсдог. Энэ бол миний судалгааны оршил хэсэг. Үүний дараа номын сан орж, өдөр тутмын хэвлэлүүдийг шүүн үндсэн судалгаагаа эхлүүлнэ. Ихэвчлэн "Зууны мэдээ", "Өдрийн сонин", "Өнөөдөр" сониноос шүүлт хийх ба хэдээс хэдэн оны багцаа вэ гэдгийг тодорхойлох нь их ажил болдог. Зарим тохиолдолд Хэвлэлийн хүрээлэнгийн архивт суух ч үе бий. Сүүлд гэхэд Монголын радиогийн “Алтан сан хөмрөг”-өөс Г.Түмэндэмбэрэл гуайн гурван ч ярилцлагыг сонссон.

Ингээд ярилцлагын шат руу орно. Би хэнээс юу асуух ёстой, тэднийг хаанаас олох вэ гэдгийг эрэлхийлдэг. Гол дүрийн тухай өгүүлж чадах хүн нэг бүртэй л уулзахыг хичээнэ. Хамгийн багадаа арван хүнтэй уулзахыг боддог. Гол нь эдгээр ярилцлага чанартай болох нь чухал.

Хөрөг төлөвлөөд эхлэхээр нойр алга болчихно. Өдөр тутмын ахуй амьдрал, ажлаасаа хөндийрөх нь энүүхэнд. Тэр нь тархи ачаалж, мэдээллийг боловсруулах үе шат гэх юм уу даа. Аз болж гэр бүл, ажлын хамт олон маань энэ үеийг хангалттай сайн ойлгож өгдөг. Харахад хийсэн зүйлгүй нэг хүн яваад байгаа мэт боловч яг ийм үеэ дэмий алдвал миний хөргүүд ямар болохыг төсөөлөх ч аргагүй.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Залууст итгэмээргүй санагдах байх даа, би их хожуу буюу 2009 онд компьютерт шивж сурсан. Түүнээс өмнө дандаа гараар бичдэг байлаа. Гар бичвэрийн давуу тал нь эхний үгийг цаасан дээр тавихаасаа өмнө толгойдоо хэд хэдэн өгүүлбэрийг боловсруулаад амжчихсан байдагт юм болов уу. Жишээ нь, би ярилцлага буулгахдаа үг үгээр нь биш, 2-3 өгүүлбэрээр нь сонсож байгаад ярилцагчийн хэл ярианы онцлог, ахуй байдлын өгөгдлийг өөрчлөхгүйгээр, гэхдээ унших хүнд ойлгомжтой болгож буулгадаг.

Аппын тухайд олон цагийн яриа буулгахад Чимэгэ аппыг ашигладаг. Үүнийг ашиглахын тулд асуулт нэг бүрээ нарийвчлан бэлдэж, аппынхаа ажиллах арга барилтай зохицохыг хичээдэг юм.

Хэрэгслийн хувьд олон том дэвтэр нэгэн зэрэг ашигладаг. Ганц дэвтэр дээр уулзсан хүн бүрийнхээ тэмдэглэлийг хөтөлбөл эргээд харахад төвөгтэй. Зэрэгцүүлж дэлгээд сэлгээд харахад олон дэвтэр амар байдаг юм.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ердөө л олон ажил зэрэг хийхгүй байх нь миний цаг хэмнэх хамгийн сайн арга. Магадгүй над дээр сайн хэрэгждэг боловч бусдад төдийлөн санал болгох арга биш болов уу.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Бичиж тэмдэглэхийн оронд толгойдоо л төлөвлөдөг. Яалт ч үгүй уулзах хүмүүсийн нэр, хаяг, холбогдох дугаар болон бусад мэдээллийг дэвтэртээ бичнэ.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Сайн унтана, их алхана, хүүхдийнхээ хичээлийг хамт хийнэ, гэрээ цэвэрлэнэ, дуу хөгжим сонсоно… Дулааны улиралд сэлдэг.



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Ном гаргаж байна. Эхнийх нь 2023 онд гаргасан “Хөрөг”, хоёр дахь нь оны өмнөхөн уншигчдад хүрсэн “Зурвас”.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ТАНЬ ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хэвлэл мэдээлэл бол их том ай сав. Нийгмийн амьдралын нэн чухал энэ талбарт ажиллаж буй сэтгүүлч ямагт ёс зүйтэй, мэргэжлийн ур чадвартай, түргэн шуурхай, алдаа мадаггүй байх ёстойн сацуу энгийн иргэдээс гадна мэргэжлийн бусад салбар ашиглах, хэрэглэх мэдээллийг бэлтгэх үүрэгтэй учраас өндөр хариуцлагатай ажил юм. Надад улс төрийн мэдээ нийтлэлээр дагнаад явах сонголт байсан л даа. Гэхдээ хөрөг найрууллыг дэлхийн аль ч редакцад хэн туршлагатай нь, хэн төлөвшсөн нь туурвиж ирсэн байна. Би өөрөө ч уншигчийн хувьд хөрөг найруулал уншмаар байсан учраас эхэлсэн. Бас хүмүүст уншуулмаар байсан.

Сошиал платформууд мэдээлэл хүлээн авах үйл явцыг хурдасгаж, ердөө гар утасныхаа цаанаас олуулаа нэг сэдвээр мэтгэлцэх боломжийг бүрдүүлсэн өнөө үед тогтож уншвал зохих, мөн бидний архивт үлдвэл зохих сэтгүүл зүйн бүтээл хомс болж байна. Би энэ шинэ урсгал дунд үүнээс өмнө юу сурсан, өөрийгөө хэрхэн бэлтгэсэн, ямар туршлага олж авснаа алдахгүйг хүссэн. Намайг мундагтаа ингэж яваа гэж бүү бодоосой. Үнэн хэрэгтээ манай үеийн сэтгүүлчид үнэхээр чадварлаг мэргэжилтнүүд болж бэлтгэгдсэн юм. Бид уг нь цөөхүүлээ биш шүү дээ. Даанч тэд бичихгүй байна.

Хийж буй ажлын маань сайхан тал гэвэл хөргийн дүрийнхээ амьдралаар хүмүүсийг эчнээ алхуулахад байдаг. Тэд бидэнд хазайх ёсгүй зам руу халтирахаас сэргийлэх, хийх гээд чадахгүй байсан зүйлдээ зориглох, амьдарч үзээгүй цаг хугацааны түүх болон ажиллаж үзээгүй салбараа танин мэдэх боломж олгодог. Үүгээр ч зогсохгүй өөрийгөө танихад, сул талаа танин мэдэх, сайн сайхнаа хүлээн зөвшөөрөхөд тусална. Том текст тогтож унших нь ховор болсон одоо үед хүмүүс цаг гарган миний ажлуудыг уншиж байгаад туйлын баяртай байдаг.

Харин бэрхшээлтэй тал нь хөрөг найрууллыг ойлгодоггүй хүмүүстэй ярилцах. Тухайн гол дүртэй маш ойр байсан хэр нь үнэлж дүгнэн, илэрхийлж чадахгүй хүнтэй уулзах. Надад итгэхгүй, сэтгүүлчдээс болгоомжлох, тэднийг дорд үзэх хандлагын өөдөөс би мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгуулахын тулд удаан хугацаанд харилцаа холбоотой байхаас өөр аргагүй болдог. Энэ л миний ажлын хамгийн сорилттой хэсэг.



10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Дараагийн хөргийн гол дүрийг сонгоход төвлөрч байна. Миний зүгээс хоёр хүн редакцдаа санал болгосон. Гэхдээ үүнийг нууцалъя.

Ub.life-ийн хувьд энэ онд видео контентууддаа илүү анхаарч, шинэчлэл хийхээр ажиллаж байгаа. Миний зүгээс ч үүнд оролцож, өөрийн гэсэн видео контенттой болмоор байна. Одоо би догь ярилцлага хийж дөнгөх байх аа.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Би орос, япон, англи гэсэн сурвалжийн гурван хэлтэй. Амралтын өдрүүдээр NHK сувгийн хөрөг нэвтрүүлгүүдийг үздэг. Японы уран бүтээлчдийн хийдэг баримтат кино болон хөрөг нэвтрүүлгийн гол жор нь техник юм билээ. Зураг авалтын өгүүлэмж нь тухайн бүтээлийг онцгой болгодог гэх юм уу даа. Гэхдээ зүгээр ээ, надад тэр техник нь байхгүй, техниктэй ажиллах мэдлэг нь байхгүй ч би үйл явдлыг, хүний ахуй байдлыг хэрхэн дүрслэн өгүүлэх ухаанаа олж чадна. Энэ бол надад сэтгүүл зүйгээс олдсон гайхалтай завшаан.

Орос хэл дээр ном, нийтлэл уншдаг. Хэдийгээр сүүлийн үеийн хэвлэлүүд нь хэт улс төрийн суртал ухуулгатай байгаа боловч ерөөс оросуудын бичих арга зүй, тэр стратеги, хийц нь маш сонирхолтой санагддаг. Түүнчлэн Netflix-ийн чанартай бүтээлүүдийг улс орон харгалзахгүй англи хадмалтайгаар үздэг. Тэндээс формат хардаг юм.



12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Хамгийн сүүлд Lansky (2021) гэж бодит хүний амьдралаас сэдэвлэсэн уран сайхны кино үзсэн. Гол дүр нь бодит хүн, дараагийн чухал дүр нь зохиомол дүр бөгөөд тэр нь надтай ижил сэтгүүлч болохоор ойр санагдсан. Энэ киноноос бодит хүний тухай бичих үйл явц гэдэг нь өөрөө дангаараа бараг бүхэл бүтэн кино бас сургууль юм гэх өнцгийг олж харсан гэх үү дээ.

Бичиж байх үедээ сонсдог Никитоны “Терминал 12”, “Дурлал”, “Чи минийх” гэсэн дуунуудаа санал болгоё.

Номын тухайд “Керри эгч”-ийг санал болгомоор байна. Тавдугаар ангид байхад уран зохиолын багш маань хичээлийн үлдсэн цагт сонгодог зохиолууд ярьж өгдөг байсан юм л даа. “Керри эгч”-ийг багш ярьж байхдаа ердийнхөөсөө илүү үзэсгэлэнтэй харагдаж билээ. Нэлээд хэдэн жилийн дараа би орос хэл дээр уншсан ч багшийг ярьж байхад төрсөн тэр мэдрэмж, хичээл завсарласны дараа ангийн охидтойгоо үргэлжлүүлэн ярилцсан тэр мөч санаанаас огт гардаггүй. Залуу охидыг заавал уншаасай гэж хүсэж байна.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

2007 онд "Өнөөдөр" сонинд улс төрийн мэдээний албаны дарга байх үед манай С.Батбаатар эрхлэгч надад “Чи улс төр гэхээсээ нийгэм, соёл урлагийн сэдвээр илүү сайн бичнэ” гэж хэлж байсан юм. Тухайн үед улс төр бичиж чадна гэж өөрийгөө тоодог байсан надад энэ зөвлөгөө их сонин сонсогдсон. Дургүйцэнгүй хүлээж авснаа санаж байна. Одоо бодоход маш сайн зөвлөгөө байсан юм билээ.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Юу хүсэж байна, юунд дурлаж байна, юуг хийвэл ирээдүйд сэтгэл хангалуун байх вэ гэдгээ олох аяллыг богинохон, зуурхан байлгах гэж яараад яах вэ дээ. Аливаа зүйлийг хийж чаддаг болох хүртэлх хугацаа л хамгийн сонирхолтой, өгөөжтэй чухал он жилүүд байдаг. Чи одоо эхэлж байхдаа энэ тухай мэдэх хэрэгтэй шүү.