Эртнээс уламжлалтай үндэсний баялаг түүх соёлоо зургийн талбарт мөнхөлж, үзэгч олонд Монгол агуулга, ялгарлыг яруу сайхнаар хүргэсээр ирсэн зураач Д.Эрдэнэбилэгийн уран бүтээлүүдийг бид Төрийн Ордон, НҮБ зэрэг хүндтэй газруудаас хялбархан олж болно. Тэрээр сүүлийн 30-аад жилийн турш уламжлалт түүхэн сэдвийг реалист уран зургийн техниктэй хослуулан ард түмэнд хүрсэн олон арван уран бүтээлийг туурвисан нь ганцхан Монгол төдийгүй дэлхийн олон орны үзэгч, сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн юм. Өдгөө уран бүтээлийнхээ чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр "MongolNFT" компанитай хамтарч буй түүний хувьд бодит уран зургийг NFT хэлбэрт шилжүүлэн борлуулах дотоодын анхны зураачдын нэг болж буй. Яг энэ цаг мөчид уг төслийнхөө нээлт болгож таван бүтээлээ тус платформоор дамжуулан уран зураг сонирхогчдод санал болгож буй түүнтэй бид ажлын онцлог, сүүлийн үед хийж буй ажлуудынх нь талаар хөөрөлдсөн нь энэ билээ. 

Байршил: Монгол улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Зураач, чөлөөт уран бүтээлч, Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны менежер
Хэрэглэдэг утас: Samsung Note 1, Samsung Note 4, LG Q8 (2018)
Хэрэглэдэг компьютер: HP notebook
Сошиал хуудсууд: Erdenebileg Dorjsuren (Фэйсбүүк) erdenebilegart (MongolNFT)



1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Миний аав Ж.Доржсүрэн нь Дүрслэх урлагийн дунд сургуульд арьс ширэн эдлэлийн ангийг анхлан нээж асан чадварлаг арьс ширэн эдлэлийн зураач, технологич хүн байв. Бага балчир цагаасаа л аавыгаа дагаад мэргэжлийн уран бүтээлчидтэй ойр дотно танилцаж, тэдний урлан, уран бүтээлийг дэргэдээс нь үзэж биширч явсаар хүн болсон. Тиймдээ ч бусдын ярьдаг шиг мэргэжлээ сонгоно, юу хийхээ тодорхойлно гэх мэт асуудал, эргэлзээтэй өдийг хүртэл нүүр тулж үзсэнгүй. Анхнаасаа л хүсдэг зүйл, ажиллах салбар маань тун тодорхой байсан юм.

Дунд сургуульд ордог жилдээ сонирхлоо гүнзгийрүүлж, уран зургийн мэргэжлийн арга ажиллагаанд суралцахаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач С.Дондогт шавь орж, реалист уран зурагтай анхлан танилцаж, уран бүтээлч болох замналаа эхлүүлсэн. С.Дондог багшийн дараа манай ангийг "Мандухай сэцэн хатан" кинонд зураачаар ажиллаж үзэгч олноо танигдсан Монгол Улсын Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх багш дааж авсан нь түүхэн уран бүтээлтэй илүү ойроос танилцах боломж болсон юм. Ингэж би гэдэг хүн хоёр багшийнхаа зааж сургасан зүйл, захиас даалгаврыг нь үргэлжлүүлэн түүхэн сэдвээр дагнасан реалист зураач болсон түүхтэй. Сургуулиа төгсөөд мэргэжил дээшлүүлэхээр ЗХУ-ын Москва хотод В.И.Суриковын нэрэмжит Уран зургийн академид зургаан жил суралцаад 1985 онд төгссөн. Яг учраа олоод, илүү ихийг сурах хүсэл нь дэрвэлзээд ирэх үед төгсгөчихдөг нь их л харамсалтай санагдаж билээ.

Эх орондоо ирсэний дараа Монголын Үндэсний Телевиз-д зураачаар ажиллах болов. Анх сурахаар явахдаа телевизээс тодорхойлолт гаргуулсан болохоор тодорхой хугацаанд эндээ ажиллахгүй бол болохгүй, тэгээд ч дурлан сонирхдог буюу түүхэн чиглэлээрээ чөлөөт уран бүтээл туурвих гэхээр тухайн үеийн нийгэм хаалттай, хяналт чангатай байснаас эхэн үедээ зүгээр л телевизийн ажилдаа төвлөрсөн. Тэндээ хэдэн жил ажиллаад, тодорхой хүрээндээ ч танигдаж, завсар зайгаар нь ганц нэг ажил хийдэг болоод байх үед Ардчилсан хувьсгал гарч, уран бүтээлчид бид сэтгэхүйн хувьд чөлөөтэй ажиллах боломжтой болсноор уран бүтээлийн утга санаа, цар хүрээнд ч том өөрчлөлт авчирсан даа. Ингээд телевизийн ажлаасаа гарч, Дүрслэх урлагийн сургуульдаа багшаар ажиллахын сацуу хувийн уран бүтээлээ чөлөөтэй туурвиж эхэлсэн. Сургуульдаа есөн жил багшилсан юм байна.

Уран бүтээлийн хувьд өдгөө бие даасан хоёр, бусад зураачидтай хамтарсан таван үзэсгэлэн гаргаж. Бүтээлүүдээ АНУ, Турк, БНСУ, БНХАУ гээд дэлхийн цөөнгүй улс оронд дэлгэн танилцуулсан. 1997 онд Төрийн Ордоны соёл урлагийн зөвлөлөөс тавьсан хүсэлтийн дагуу бүтээсэн "Эртний сайхан", "Их эзэн Чингис хаан: Тэнгэрийн ташуур" нэртэй хоёр бүтээл маань одоо ч тэнд бий. Одоогоор гэвэл "Монголын Урчуудын Эвлэлийн Хороо"-ны менежерээр ажиллаж, олон уран бүтээлчдийн бүтээл туурвилын их ажилд өөрийн зүгээс чадах бүхнээрээ туслахыг хичээж байна.


"Эртний сайхан" уран бүтээлийн хамт

"Их эзэн Чингис хаан: Тэнгэрийн ташуур" уран бүтээлийн хамт

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөөд ес гээд л сэрнэ. Өдрийн цагийг хорооны ажилд бүрэн зарцуулахгүй л бол ер болдоггүй. Ахуйн ажил ихтэй байдаг л даа. Оройн цаг бол уран бүтээлчидтэй харилцах, санал солилцох, зарим тохиолдолд үзэсгэлэнгийн нээлтэнд оролцох, гэр бүлдээ цаг гаргах зэргээр өнгөрнө.

Үүнээс хойш жинхэнэ ёсоор өдөр эхэлнэ. Ер нь зурдаг, бүтээдэг, туурвидаг ажилтай хүмүүст ихэнх тохиолдолд шөнийн цаг л гол төвлөрлийн цаг нь байдаг. Минийх ч тийм. Оройн 22 цагтай зэрэгцээд, гэрэл тодорч, чимээ шуугиан багасах тэр үеэр бүх л зүйлийг чадмаар, ямар ч ажлыг хийчихмээр санагдаад бие махбодь, оюун санаа гээд бүх зүйл цэгцэндээ ороод ирдэг. Уран бүтээлийн ажлаа 22-02 цагийн хооронд нугалж авдаг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Толгой гэдэг том үйлдвэр. Энэ дотор болж байгаа зүйлс уран бүтээл болж юу ч үгүй цав цагаан цаасыг өөрийн өнгө будаг, өгүүлэмжээр амьдруулна гэдэг гайхамшиг. Хамгийн гол нь санаж, төсөөлсөндөө хүртэл хийж чадах эсэх нь л чухал. Үүний тулд хүнд дадлага туршлага хэрэгтэй. Дадлага туршлагыг харин уйгагүй хичээл зүтгэл, тууштай туйлбартай зан чанарын дүнд л олж авна.

Миний ажлын гол арга барил бол тууштай байдал. 40 гаруй жил зөвхөн түүхэн, реалист чиглэлд мэргэшиж, өөрийгөө хөгжүүлэхдээ үүнээсээ болих, урвах, өөр "изм" туршина гэж хөөрцөглөж, хөл алдаж явсангүй. Ингэх тусам бийр гарт орж, санаа толгойд амилж, цаашлаад үзэгчдэд ч үнэлэгдэж, танигдаж чаддаг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Өмнөх цаг үед уран бүтээлчид нэлээн их хүчин чармайлт, цаг зав, хөрөнгө мөнгө гаргаж байж л бусад улсын уран бүтээлчдийн зураг урлалтай зах зухаас нь дөнгөж амсаад өнгөрөх төдий хэмжээнд танилцаж, уран бүтээлийн судалгаагаа хийдэг байлаа. Харин одоо ухаалаг утас, интернэт хоёр байхад л дэлхийн нөгөө талд байгаа уран бүтээлчидтэй танилцаж, бүр уран бүтээлээ туурвих үйл явцтай нь танилцаж, арга техникээс нь суралцах боломжтой болж байна. Тиймээс Youtube-тэй үнэнч нөхөрлөнө. Сошиал медиагаар дуртай зураачдаа дагана.

Өдөр тутамдаа үзэгтэй утас ашигладаг. Хаа ч явсан утсаа гаргаж ирээд орж ирсэн санаагаа алдалгүй скизлэн хадгалж авна. Энэ хэрэглээнд Samsung Note загварын утсууд гайхалтай сайхан зохицдог.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Түрүүн хэлсэнчлэн тууштай байх явдал. Шинэ "изм"-ээр урлаг дуусахгүй. Тэр бүрийг шохоорхож туршиж явна гэвэл нэг зүйлдээ гаршиж, сайжрах боломжгүй болно. Юунд ч сайн биш бол, толгойд орж ирсэн санаагаа санасандаа тулгаж, сайн уран бүтээл болгох чадвар хөгжихгүй. Ингэхээр уран бүтээлчийн хувьд хэнд ч танигдаж хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй, улмаар урлагаар амьдрах боломжгүй болно. Тиймээс нэг зүйлдээ тууштай байж, түүндээ гаршиж, уран бүтээлээрээ танигдаж, хүрээлэлдээ хүлээн зөвшөөрөгдөх нь миний цаг хэмнэх гол арга.

Өдөр тутамдаа гэвэл чөлөөт байдал, чөлөөт сэтгэлгээнээс чанартай уран бүтээл гардаг тул хатуу хуваарь гаргаж, төлөвлөхийг боддоггүй. Аль болох тааваараа байж, уран бүтээл төрөх цагийг өөрт нь өгөхийг боддог.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Үзэсгэлэн гаргах хугацаагаа тооцоод түүндээ тохируулан ажлаа төлөвлөөд явдаг. Эхлээд үндсэн консептоо боловсруулаад, гаргах галлерэйгээ товлож, улмаар хаана, хэдий хэмжээтэй, ямар агуулгатай зургуудыг, аль ханан дээр нь ямар дарааллаар байрлуулахаа нэг бүрчлэн төлөвлөж бүх зургуудаа нэг цогц болгоход анхаардаг. Үүний дараа л зурах, туурвих ажилдаа орно. 2-5 жилийн хугацаанд үргэлжилдэг нүсэр ажил болохоор төлөвлөх боломжгүй, гэнэтийн зүйлс дунд нь олон гарна. Үзэсгэлэндээ зориулаад цуглуулж, дарж байгаа зургуудаас авъя гэж гуйна, захиалгын ажлууд орж ирэх гэх мэтээр. Тиймээс нэлээд уян хатан мөртлөө үндсэн төлөвлөлттэйгээ уялдуулан, аль болох сахилга баттайгаар ажилладаг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Бусдын бүтээлч ажлаас л их урам зориг, цаашид өсөж хөгжих сэдэл авдаг. Өөрийнхөө зүгээс бүх чинээндээ тултал ажиллаад, цаашаа хааш, яаж явах аргаа олохгүй зам мухардсан үед сайн уран бүтээлч, чанартай сайхан уран бүтээлүүд л тэр бүх төөрөгдлөөс гаргаж, бүтээлч сэтгэлгээг тасралтгүй хөгжүүлж өгсөөр байдаг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Өвөөгийн ажил. Бусад хүмүүс жаахан төвөгшөөгөөд л байгаа харагддаг юм. Надад бол өөр шүү. Балчируудтайгаа цагийг өнгөрүүлэх их сайхан байдаг. Дуу шуутай тоглож яваа хүүхдээ яажшуу унтуулдаг юм билээ гэдэг бодол бүхэл бүтэн эрдэм шинжилгээний судалгааны дайтай толгой ажиллуулна гээч. Зугаатай шүү.



9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Цав цагаан цаасыг төсөөллөөрөө амилуулж, үзэл санаагаа бусдад бүтээлчээр хүргэнэ гэдэг хамгаас сайхан. Олон жилийн хөдөлмөрийн дүнд үзэсгэлэнгээ гаргаж, дэлхийн олон орны уран зураг сонирхогчдод бүтээлээ танилцуулж, түүнийгээ үнэлүүлнэ гэдэг маш гоё мэдрэмж.

Хэцүү бэрхшээлтэй тал оюуны өмчөөс эхлээд нэлээн бий. Бүтээлийг минь Казакстаны жирийн вискин дээр хаяг шошго тавиад хуулах, ӨвөрМонголд хуанлин дээр гаргаад хэвлэж олшруулсан байх зэрэг оюуны ёс зүйгүй хулгайг олон харсан. Энэ мэт хийсэн зүйлийг минь үнэгүйдүүлсэн олон зүйл уран бүтээлчийн хувьд бэрхшээлтэй санагддаг. Уг нь санаа гаргахаас эхлээд л дор хаяж 1-2 жилийн хөдөлмөр юм шүү дээ. Тэглээ гээд тэр бүрд зарга үүсгэж гүйх цаг зав, боломж, хөрөнгө мөнгө байдаггүй. Сүүлийн үед харин энэ чиглэлээр мэргэшсэн Э.Болорчулуун гэх хуульч залуугаас шаардлагатай тусламж, зөвлөгөө авч байгаа нь их дэм болж байгаа.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Хэдхэн долоо хоногийн өмнө "МонголNFT" компанийн залуус холбогдоод Монголын анхны, бодит зургийг NFT хэлбэрт шилжүүлсэн бүтээл гаргах санал тавьсан юм. Анхлаад ойлгоход бэрх байсан ч давуу талуудыг нь сайтар тайлбарлуулсны дараа бидэнд үнэхээр хэрэгтэй зүйл байсан нь ойлгогдож ирсэн. Энэ технологиор дамжуулан зураачид бид зураг бүтээлээ олон нийтэд хүртээмжтэй болгохын дээр зохиогчийн эрхээ хамгаалуулж, хоёрдогч зах зээлийн борлуулалт бүрээс 10 хувийн орлого авах боломжтой болно. Сүүлийн үед оройдоо энэ талаар л уншиж судалдаг ажилтай болсон. Эхний ээлжинд "Эртний сайхан", "Их эзэн Чингис хаан: Тэнгэрийн ташуур", "Бөхийгөөгүй сүлд", "Эрхий мэргэн Зэв", "Борооны үнэр" зэрэг таван бүтээлээ NFT хэлбэрээр MongolNFT платформ дээр борлуулна. Урын санд маань одоогоор 300 орчим бүтээл бий. Их Монгол улс үүсгэн байгуулагдсаны 860 жилийн ойг угтаж цаашид шат дараатайгаар тав, таваар NFT хэлбэрт шилжүүлэн борлуулах төлөвлөгөөтэй байна. Цаг үе хэрхэн өөрчлөгдөж буйг хараад зогсохгүй энэ технологитой чадлаараа хөл нийлүүлэн алхаж, уран бүтээлийнхээ түвшинг шат ахиулж яваа нь өөрөө их сонирхолтой байгаа.

Мөн сүүлийн хоёр жил бие даасан үзэсгэлэнгээ гаргаагүй. Нэлээд хэдэн санаа гаргаж, скиз боловсруулсан. Энэ ажлууддаа шамдан орж байна. Ойрын хэдэн жилдээ багтаад шинэ үзэсгэлэнгээ танилцуулах төлөвлөгөөтэй.


NFT цуглуулгыг үзэх

MongolNFT

NFT хэлбэрээр борлуулагдах Монголын анхны уран зургууд


11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

"Монголын Урчуудын Эвлэлийн Хороо"-ны менежерийн ажил маань салбарт гарч буй шинэ шинэлэг бүх л мэдээлэлтэй ойр байлгадаг нь давуу тал болдог. Мэдээ мэдээлэл, харилцаа холбоо гэдэг хэнийг ч тасралтгүй хөгжүүлж байдаг шүү дээ.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Өндөр гэгээн Занабазар, ард түмэндээ Марзан хэмээн хүндлэгдэн хайрлагдаж ирсэн зураач Б.Шарав нарын уран бүтээлүүд аль ч цаг үед хуучрашгүй, сонгодог уран бүтээлүүд. Хэд ч үзэж, хаанаас нь ч харсан цааш хөгжүүлэх боломжгүй, төгс байдаг шидтэй. Ийшээ л дөхөх юмсан гэдэг хүсэл эрмэлзэл, шунал байнга л байдаг. Мөн С.Дондог, Б.Пүрэвсүх багш нарынхаа чадал чансааг өнөө хэр үргэлж хүндлэн биширч явдаг. Орчин цагийнхнаас Ч.Хүрэлбаатар, Олзбаатар, Наранцэцэг, Эрдэнээ гээд зураачид бий. Шинэ үеэс Отгонтүвдэн, Батжаргал тэргүүтэй зураачдыг нэрлэнэ.

Номд их дуртай. Манай аав ном их цуглуулдаг гэрээрээ дүүрэн номтой хүн байлаа. Өсөх насанд бие өвдсөний улмаас гэртээ яг нэг жил сууж өнжихдөө тэдгээрийг бүгдийг нь тогтож үзсэн нь номд, урлагт дурлах том шалтгаан болсон. Бүгд шахуу мэргэжлийн номууд. Энэ ч утгаараа тэр өвдсөн нэг жилдээ огт харамсдаггүй, бараг баярлах маягтай байдаг шүү. Одоо бол аль ч улсад очсон номын дэлгүүр, номын санд ороод орой хаатал нь шинэ сонин ном сонинтой цаг гарган танилцдаг. Үүний дотроос Монголын нууц товчоо, Алтан товч, Хөх судар зэрэг түүх соёлын ач холбогдолтой баримтат, сонгодог бүтээлүүдийг нэн тэргүүнд санал болгоно.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Монгол Улсын Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх багш маань бидэнд "Та нар минь түүхийн сэдвийг хэзээ ч бүү хаяарай. Бид ийм хаалттай цаг үед зураач мэргэжлийг сонгосны хувьд энэ салбарыг хойч үедээ таслалгүй үргэлжлүүлэн хүргэж, ард түмэндээ эх нутгаараа бахархах сэтгэлийг төрүүлж, уламжлалт түүх соёлоо таниулах хариуцлагатай үүргийг давхар хүлээсэн юм шүү. Уран бүтээл талаасаа ч түүхийн сэдэвт уран зургийн салбар мэргэжилтэн дутмаг, сул орон зайтай байгаа болохоор шинийг сэдэх, бүтээх боломж та нарт энд хангалттай олдоно" гэж хэлж байсан нь өнөө ч сэтгэлд минь ихэд тод байдаг. Энэ л үг намайг хожмын амьдралдаа юу хийж бүтээх ёстойг бүхэлд нь зааж чиглүүлж өгсөн дөө.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Түүх соёлоо хүндэлж, эх орноо хайрлаж яваарай. Бид хоёр их гүрний дунд оршдог жижиг улс. Гэсэн хэрнээ энэ олон мянган жилийн туршид хэнд нь ч уусалгүй, бие даасан улс үндэстэн хэвээр үлдэхэд манай түүх, соёл, ялгарал ихээхэн нөлөө үзүүлснийг ойлгож ухамсарлах хэрэгтэй. Тэнгэр биднийг ивээдэг гэдэгт энэ олон жил түүх соёлтой ойр дөхөм байсны хувьд чин сэтгэлээсээ итгэдэг болсон. Тусгаар тогтносон, эрх чөлөөтэй, дайн дажингүй улсад төрсөн нь хангалттай том хувь заяа. Тиймээс хэзээд Монгол Улсаа хайрлаж, түүх соёлдоо хүндлэлтэй хандахыг залуустаа уриалъя.