Элчин сайдууд өдөр тутамдаа юу хийдэг юм бол? хэмээн та хэзээ нэгэн цагт бодож байсан уу? Эсвэл ямар мэргэжлээр төгсөж, ямар туршлагыг хуримтлуулж байж элчин сайд болдог юм бол? гэж сонирхож буй залуу мэргэжилтнүүд ч байж мэдэх юм. Тэгвэл уг нийтлэл нь бидний хувьд харь хол мэт санагдах карьерын замналын нэгээхэн хэсгээс хуваалцаж, дээрх асуултад хариулах болно.
Энэ удаагийн “Би хэрхэн ажилладаг вэ?” дугаарт 107 орноор аялж, Хятад болон Лаос улсад элчин сайдаар ажиллаж байсан арвин туршлагатай, дэлхийн хэмжээний асуудалд гар бие оролцож яваа Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните оролцож байна.
Тэрээр анх сэтгүүлчийн мэргэжлээр ажлын гараагаа эхэлж, улмаар олон улсын харилцааны чиглэлээр мэргэшиж, өдгөө Монгол Улсад Европын Холбоог төлөөлөн суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж буй юм. Ингээд түүний ажлын арга барилтай дэлгэрэнгүй танилцъя.
Байршил: Улаанбаатар, Монгол
Эрхэлдэг ажил: Элчин сайд
Хэрэглэдэг гар утас: iPhone 14
Хэрэглэдэг компьютер: ThinkPad
Сошиал хуудсууд: Instagram, Facebook, X (хувийн), Х (ажлын)
1. Таны мэргэжлийн замналаас бид юу юуг мэдэх ёстой вэ?
Би нэлээд сонирхолтой түүхэн цаг үеийг туулж өнгөрүүлсэндээ их олзуурхдаг. Би Литва улсын иргэн. Манай улс хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан үед би дээд сургуулийн сэтгүүлчийн ангийн оюутан байлаа.
Тэртээ 1940 онд Зөвлөлтийн улаан арми Литвад нэвтэрч, улмаар улс төр, геополитикийн хувьд гарцаагүй нөхцөлд орсон тул Литва Улс ЗХУ-д хүчээр нэгдэж байсан юм. Харин 1980-аад оны сүүлээр ЗХУ-д эхэлсэн Перестройка (өөрчлөн байгуулалт) болон Гласность (ил тод байдал) бодлогын хүрээнд Литва улс бие даах тэмцлээ идэвхжүүлж, 1990 оны гуравдугаар сарын 11-нд Литва Зөвлөлтөөс албан ёсоор салсан анхны улс болсон түүхтэй. Энэ түүхэн үйл явдлын амьд гэрч нь болж байсан гэхээр надад тун бахархам санагддаг.
Ажил мэргэжлийн хувьд би Литва хэл, уран зохиолын чиглэлээр суралцаж, англи хэлний орчуулгын ангид давхар сурч байсан. Дараа нь сэтгүүл зүйгээр бакалаврын зэрэг хамгаалж, Парис хотод олон улсын харилцааны чиглэлээр докторын зэргээ хамгаалсан. Сэтгүүл зүйн салбараас олон улсын харилцааны салбарт шилжсэн түүх маань сонирхолтой санагдаж магадгүй. Анх Литвад байгуулагдсан Олон улсын сан болох "Open Society Forum"-д ажиллах урилга хүлээн авснаар энэ салбарт ажиллах замнал маань тавигдсан. Улмаар уг ажлаар дамжуулан Литва Улсын Соёлын дэд сайдаар ажиллах, ЮНЕСКО-д улсаа төлөөлөх, Европын Холбооны элчин сайдаар ажиллах зэрэг олон шинэ боломж нээгдсэн билээ.
Харин Монголтой холбогдсон түүх 2015 оноос эхлэлтэй. Би 2015-2020 оны хооронд Литваас БНХАУ-д суугаа Элчин сайдаар ажиллаж байхдаа давхар Монголд итгэмжлэгдсэн Элчин сайдын албан тушаалыг хашиж байсан юм. Хятадад ажиллах хугацаандаа би зөвхөн Монголд төдийгүй Өмнөд Солонгос, Вьетнам, Мьянмар, Тайланд зэрэг орнуудад итгэмжлэгдсэн элчин сайдаар томилогдож, дараа нь Европын Холбооноос Бүгд Найрамдах Лаос Ард Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байгаад сая есдүгээр сард Монгол улсад ирсэн. Хятадад ажиллаж байх үед Монголд суурин амьдарч үзээгүй ч хоёр улсын хооронд айлчлал хийж, дипломат ажил хэргээ гүйцэтгэдэг байсан тул энд ирэхэд тийм ч харь хол санагдаагүй шүү.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Элчин сайдын ажил гэхээр зарим хүний нүдэнд их амар, хялбар, романтик ажил мэт харагддаг байх. Угтаа миний өдөр уулзалт, хэлэлцээрээр дүүрэн өнгөрдөг. Хэлэлцээр хийнэ гэдэг соёл, улс төр, эдийн засгийн эмзэг асуудлуудыг хөндөж, шийдвэрлэдэг тул орон нутгийн онцлогийг ойлгох, дипломат ёсыг хүндэтгэх, өөр өөр үзэл бодолтой хүмүүстэй зөвшилцөх зэрэг илүү нарийн, ньюанстай ажил хэргийг өдөр тутамдаа хийж, гүйцэтгэдэг.
Нэг ёсондоо хүмүүсийн нүдэнд зүгээр л ярилцаж байгаа мэт харагдавч илүү нарийн төвөгтэй асуудалд гарц гаргалгааг үргэлж хайж байдаг гэсэн үг. Мэдээж өдөрт хэд хэдэн уулзалтууд заавал хийнэ. Жишээ нь, даваа гарагт бид багийн удирдлагын уулзалт хийж, Монголд хэвлэл мэдээллээр өрнөж буй үйл явдлуудыг хэлэлцдэг. Ингэж байж би тодорхой хэмжээний улс оронд юу өрнөж байгаа талаар мэдээлэлтэй болж авдаг. Мөн надтай уулзалт товлосон хөдөө аж ахуй, хууль эрх зүй, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин гээд салбар бүрийн хүмүүстэй уулзана. Өнөөдөр гэхэд би монгол хүүхдүүдийн шүдний эрүүл мэндийн талаар ярилцахаар эрүүл мэндийн салбарын мэргэжилтэнтэй уулзахаар цаг товлосон байгаа.
Заримдаа үг хэлэх, төслүүдийн нээлтийг хийх хэрэгтэй болно. Өдөр бүхэлдээ л уулзалтаар дүүрэн өнгөрдөг. Ажлын цаг дууссаны дараа ч оройн зоог барингаа уулзалт хийх өдрүүд бишгүй олон. Заримдаа орон нутаг руу томилолтоор явна. Хөдөө орон нутагт очих нь Монгол орны талаар илүү өргөн ойлголттой болоход тусалдаг юм шиг санагддаг. Учир нь би Европын Холбооноос Монгол улсад томилогдсон Элчин сайд учраас зөвхөн Улаанбаатар гэх жижиг бөмбөлөг дотроо амьдарч болохгүй шүү дээ.
3. Таны ажлын арга барил?
Ажлаа хийж эхлэхдээ хамгийн төвөгтэй, хүнд ажлуудаас нь эхлэхийг илүүд үздэг. Учир нь эхлээд тэдгээр ажлуудаа дуусгахгүй бол өдрийн турш бодогдоод ажлын бүтээмжээс хороогоод байгаа юм шиг санагддаг. Тиймээс илүү бүтээмжтэй ажиллахын тулд хүндэвтэр ажлуудаа аль болох хурдан дуусгаж, дараа нь яаралтай ажлуудаа хийж эхэлдэг.
Мэдээж, зарим ажлууд тодорхой товлосон хугацаатай байдаг тул тэр хугацаанд ажлаа гүйцэтгэж, биелүүлэхийн тулд өөрийнхөө ажил, амьдралыг зохицуулахыг хичээдэг. Ер нь хугацааг нь тулгаж ажлыг хийлгүй хугацаанд нь юмаа амжуулахыг л арга барилаа болгож ажилладаг даа. Энэ дадал маань бүр сургуульд байхад л надад тогтсон байсан зан чанар.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Өдөр тутамдаа би зөөврийн компьютероос илүү хөнгөн, авч явахад тохиромжтой тул iPad-аа ашиглах дуртай. Харин эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ хянаж, идэвхтэй, хөдөлгөөнтэй байхын тулд Apple Watch зүүдэг. Ажлаа төлөвлөхдөө олон апп ашиглахаас зайлсхийж, энгийн арга барилыг баримталдаг төрлийн хүн. Заримдаа ChatGPT-г ярих зүйлсээ засаж боловсруулахад ашиглах боловч хиймэл оюун ухаан төгс биш гэдгийг байнга санаж, болгоомжтой хандах хэрэгтэй мэт санагддаг.
Аялалын үед ихэвчлэн ашигладаг аппууд гэвэл тээврийн хэрэгсэл, хоол хүргэлтийн аппууд байна. Жишээлбэл, Лаост байхдаа "Loca" дуудлагын таксины аппыг байнга хэрэглэдэг байсан. Энэ апп англи хэл дээр бүрэн ажилладаг учир тухайн орны хэлийг мэдэхгүй ч ашиглахад маш хялбар байв. Гэвч Монголд дуудлагын таксины аппууд хэрэглэгчид, ялангуяа гаднын жуулчдад ээлтэй биш санагдсан. Худалдааны аппууд ч мөн ялгаагүй.
Тухайлбал, сүүлд Emart-ын аппыг туршихад ашиглахад хүндрэлтэй санагдсан. Тиймээс Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж байгаа бол ирсэн жуулчдад зориулсан ойлгомжтой, хүртээмжтэй аппуудыг хөгжүүлэх хэрэгтэй гэж хувь хүний зүгээс бодож байна. Энэ нь шүүмжлэл бус, харин илүү хүртээмжтэй, хэрэглэгчдэд таатай орчныг бүрдүүлэхэд туслах санаа юм.
Гэхдээ Монголын банкны аппууд болон олон улсын карт ашиглахад үнэхээр хялбар байдгийг онцлох нь зүйтэй. Ялангуяа банкны картуудыг ямар ч улсад төвөггүй ашиглах боломжтой нь үнэхээр том давуу тал шүү.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Юуны өмнө анхаарлаа сарниулахгүй байж, цахим орчинд цагаа үрэхгүй байхад өөрийгөө сургаж, дасгах хэрэгтэй. Би өөрөө бол дурдсанчлан хэцүү ажлаасаа эхэлж ажлаа гүйцэтгэдэг мөн нэг ажилдаа төвлөрөхийг илүүд үздэг. Үнэхээр үр дүнтэй ажилламаар байвал утсаа focus горимд шилжүүлэхийг зөвлөе.
Сүүлийн үед залуучууд урт текст унших, урт видео эсвэл кино үзэж чадахаа байсан нь харамсалтай. Тиймээс анхаарлаа төвлөрүүлэхэд сахилга бат шаардана гэдгийг ойлгож, тархиа дасгалжуулаарай хэмээн захимаар байна.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Би Outlook-ийн хуанли мөн утасныхнаа Notes апп дээр ажлуудаа тэмдэглэчихдэг. Европын Холбоо долоон жилийн төлөвлөгөөтэйгээр ажилладаг. Бид энэхүү урт хугацааны төлөвлөгөөтэйгээ уялдуулан үйл ажиллагаагаагаа төлөвлөж, очсон орны онцлогт тохируулан засварлаад дараа нь дунд шатны дүгнэлт хийж, тухайн хугацаанд юуг амжилттай хэрэгжүүлсэн, юуг засах шаардлагатайг түншүүд, засгийн газар, иргэний нийгэмтэй зөвлөлддөг.
Харин хувийн төлөвлөгөөгөө би бараг бүгдийг нь толгой дотроо төлөвлөдөг дадалтай. Тэрнээс өдөр бүр хийх зүйлсийн жагсаалт гэж тусад нь гаргадаггүй. Уулзалтууд дээр ч гэсэн тэмдэглэл хөтлөхгүйгээр санаагаа дотроо цэгцэлдэг. Манай багийнхан энэ дадлыг маань хараад анх их гайхдаг байсан шүү (инээв). Сэтгүүлч байхдаа ч гэсэн би ярилцлага авахдаа тэмдэглэл хөтлөлгүй, дууссаных нь дараа санаж байгаа бүх зүйлсээ цаасан дээр буулгадаг байсан. Тэгэхээр юу гэх гээд байна вэ? гэхээр бүх зүйлсийг тэмдэглэж, төлөвлөх хэрэггүй. Заримдаа толгойндоо найдах нь харин ч зөв гэж би боддог юм.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Театр, кино, концерт, үзэсгэлэн гээд ямар нэг байдлаар урлаг, соёлтой ойртох нь юу юунаас илүү сайн амралт болдог. Би энэ Баасан гарагт гэхэд жааз концерт, Бямба гарагт Кармен дуурь үзсэн. Мөн ном унших дуртай. Хүнд маш ихийг өгдөг зүйл учраас ном унших үйлийг өөр ямар ч зүйл орлохгүй гэж боддог. Бас ном уншдаг хүмүүс, уншдаггүй хүмүүсийн хооронд асар том ялгаа байдаг гэж би боддог. Тиймдээ ч хүмүүсээс ярилцлага авах эсвэл ажилд авахдаа би тэдний хамгийн дуртай номыг нь үргэлж асуудаг.
Усанд сэлэх, сагсан бөмбөг тоглох мөн хоол хийх дуртай. Хоол хийхдээ цаг гаргаж, удаан хийх дуртай учраас өдөр тутамдаа нэг их хоол хийдэггүй. Харин тархиа амраах хамгийн шилдэг арга аялах. Би одоогоор 107 орноор аялсан байна. Жинхэнэ эрч хүчээр сэлбэж, харах өнцгийг маань тэлдэг учраас намайг аялуулж, шинэ зүйлс туршуулах боломж олгодог ажилдаа их талархдаг.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг ажил юу вэ?
Би эртний урлагийн бүтээлээс эхлээд орчин үеийн контемпорари арт хүртэл бүх төрлийн урлагийг сонирхдог. Гэрэл зураг авах нь миний хобби бөгөөд ихэвчлэн утсаараа зураг дардаг. Тэр дундаа хар, цагаан зурагт онцгой дуртай. Хар, цагаан зураг энгийн өнгөт гэрэл зургаас ялгаатайгаар гэрэл, сүүдрийн тоглолт, гүн гүнзгий өнгө аясыг илүү тодоор мэдрүүлэх мэт санагддаг.
Литвын алдарт гэрэл зурагчны хар цагаан бүтээл тэнд харагдаж байна. Монгол гэрэл зурагчдаас Төмөрөө, Mongolian Photos хаягуудад дуртай. Тэдний өнцөг, мэдрэмж тун өвөрмөц шүү.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Хэцүү, бэрхшээлтэй тал болон эерэг сайн талууд нь хоёулаа өөрчлөлттэй холбоотой. Хамгийн том давуу тал нь уйдах завгүй, шинэ адал явдлаар дүүрэн байдаг явдал. Маш олон зүйл сурч, олон сонирхолтой хүмүүстэй танилцана. Харин хэцүү тал нь байнгын өөрчлөлт дунд амьдардаг учраас үргэлж дасан зохицох хэрэгтэй болдог.
Манай гэр бүлийн хувьд энэ нь томоохон сорилт болдог л доо. Бүх зүйлийг шинээр эхлүүлэх нь заримдаа хөгжилтэй, сонирхолтой байхад, заримдаа бүх зүйлийг дахин эхлүүлэхэд нь хэцүү санагдах зүйл ч бий.
10. Та одоо юун дээр төвлөрч ажиллаж байгаа вэ? Ойрын төлөвлөгөө
Олон төсөл дээр мэдээж зэрэг ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт би Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдын хамт Хөвсгөл аймагт очиж, “STREAM+” төслөө эхлүүлсэн. Түүнчлэн Хөдөө аж ахуй, Байгаль орчны яамтай хамтран ойжуулалтын салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэхээр ажиллаж байна. Байгаль орчны төслүүдийг зөвхөн мод тарихаар хязгаарлаж болохгүй тул илүү өргөн хүрээтэй ажил хийхээр зорьж байгаа юм.
Мөн бид эрчим хүчний шилжилтэд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг боловсруулах, хүний эрх, тэгш байдлыг хангахад чиглэсэн төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Залуучуудад чиглэсэн, тэдний амьдралыг үр бүтээлтэй мөн сонирхолтой болгох урт хугацааны төслүүд мөн сэтгүүлчдэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, Европт суралцах боломжийг (ERASMUS) танилцуулах, мөн бүс нутгийн төслүүдийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн эмэгтэй манлайлагчид, энхийг сахиулагчдын сургалтыг зохион байгуулах төслийг эхлүүлсэн. Уг төслийн хүрээнд сонгогдсон эмэгтэйчүүд Словени улсад тусгай сургалтад хамрагдах юм.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ?
Түрүүн хэлсэнчлэн би маш сайн уншигч. Мөн аялалд гарахдаа эсвэл замд явахдаа аудио ном, подкаст сонсох дуртай. Ялангуяа намтар, түүхэн зохиол, роман зэрэг олон төрлийн ном уншдаг ингэхдээ Amazon-ийн аудио номын платформыг ашигладаг. Монголд болж буй үйл явдлын талаар мэдээлэлтэй байхыг хичээдэг тул сонин, мэдээ уншихад их цаг зарцуулж байна. Сүүлийн үед рой болгон англи хэл дээр гардаг "Монголын мэдээ" хөтөлбөрийг шимтэн үзэж байгаа.
12. Санал болгох, ном, кино, хөгжим?
Хамгийн сүүлд уншсан бөгөөд онцгойлон залуу охидод сонирхолтой байж магадгүй гэж бодож буй зохиол бол "Lessons of Chemistry". Уг ном эмэгтэй залуу эрдэмтний хүлээн зөвшөөрөгдөхийн төлөөх тэмцлийг өгүүлдэг.
Саяхан болж өнгөрсөн UBIFF кино наадмын үеэр нийт найман кино үзсэн бөгөөд энэ “The Wolves always come at night” баримтат кино хамгийн их сэтгэлд хүрсэн. Энэ кино Монгол орныг илүү сайн ойлгоход тусалсан. Харин дууны хувьд, Литвачууд бид сагсан бөмбөгийн тоглолтын өмнө бараг л үндэсний дуулал мэт сонсдог "Three million people" хэмээх дууг санал болгож байна. Уг дууг Мамийонар Микутявичус хэмээх дуучин дуулсан ба эрч хүч, эв нэгдлийг илэрхийлдэг.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Надад маш их нөлөөлсөн нэгэн эмэгтэй, одоо бурхны оронд заларсан театрын урлагийн профессор хүн байсан юм. Тэр надад “Хүмүүсийг ойлгохыг хүсвэл тэдэнтэй ярилц. Гэхдээ зөвхөн сонсох биш, тэдний юу хэлэхийг хүсэж байгааг чин сэтгэлээсээ сонсож сураарай” гэж хэлж байсан нь надад одоог хүртэл маш их хэрэг болдог.
14. Бусдад шидэх санаа
Маш энгийн. Зүгээр л унш.
Харин олон улсын харилцааны чиглэлээр ажиллах хүсэлтэй хүмүүст уян хатан байж, бүх зүйлс, хүмүүст хүндэтгэлтэй хандаж сураарай гэж онцгойлон захья. Бүх хүн хүндлэл эдлэх эрхтэй шүү дээ. Тиймээс бүх хүнийг хүндэлж асуудалд бодитоор, тайвнаар хандах энэ салбарт их хэрэг болно. Бусдыг өөртөө хэрхэн хандаасай гэж хүсдэг, яг тэр байдлаар харьц гэдэг үг байдаг даа. Санал зөрөлдөж үзэл бодлоо хүчтэй илэрхийлэх нь тухайн үедээ ялж байгаа мэт санагдаж болох ч урт хугацаанд танд ямар ч ашиггүй байсныг ойлгох вий.