Навч шарлаж, намрын сэрүүн өдрүүд ойртсон энэ өдрүүдэд нов ногоон өнгийг санагалзан, тогтвортой хөгжлийг хөндөж буй нь учиртай.
Зун дуусаж намрын эхэн сар гарч буй энэ үед бид тухайн жилийнхээ алдаа оноог эргэцүүлдгийн жамаар улс орон ч мөн адил дэлхий нийтэд өгсөн амлалтаа санаж, түүний хэрэгжилт ямар түвшинд явааг харах шаардлагатай цаг үе иржээ.
Монгол Улс 2030 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа 22.7 хувиар бууруулах амлалтыг олон улсын хамтын нийгэмлэгт өгсөн.
Уг ажлын хүрээнд улс орон, хувийн хэвшлүүд дор бүрнээ мэрийн ажиллаж буйн нэг жишээ бол тогтвортой хөгжлийн чиглэлд тэргүүлэн ажилладаг ХААН Банкны гаргасан ногоон карт байв.
Тус карт нь 93 дахин боловсруулагдсан материалаар хийгдсэн төдийгүй хэрэглээний урамшууллын систем нь хүртэл хэрэглэгчийг байгальд ээлтэй сонголт хийхэд чиглүүлэхүйц онцлогтой.
Энэ удаагийн дугаарт бид энэхүү санаачилгыг ХААН Банктай хамтран онцолж, уншигч таны өдөр тутмын хэрэглээтэй уялдуулан тооцоолсон сонирхолтой агуулгыг голын өнгөт нүүрэндээ байрлууллаа.
Ярилцлагын буланд Улаанбаатар хотод долоон салбарыг хэдийнээ нээгээд амжсан Gate сүлжээ рестораны үүсгэн байгуулагч МС буюу П.Мөнхсайханы ярилцлагыг багтаалаа. 10 тоо буланд маш энгийнээр кредит, дебит, олон улсын карт гэх зэргээр бүх банкны картын ялгааг тайлбарлав.
Үргэлжлүүлэн А11-р хуудсанд орчин цагийн хэрэглээ болсон дуу тусгаарлах технологи бүхий чихэвчний тухай бүхнийг шинжлэх ухаанчаар хөндөж бичсэн нийтлэлийг орууллаа.
Сэдэвтэй холбоотойгоор А12-р нүүрэнд Оюутолгой компанийн 100 сая мод хөтөлбөртэй манай редакц танилцсан аяллын үргэлжлэл II хэсгийг сийрүүлэв.
Мөн А13-р нүүрэнд цаг хугацааны тухай нэгийг бодогдуулж хоёрыг ухааруулах алдарт онолын физикч Карло Ровеллигийн “Цаг хугацаа оршдоггүй” номын тухай нийтлэлийг багтаалаа.
Ийнхүү төрөл бүрийн агуулгаар төрөлжүүлэн баяжуулсан шинэхэн долоо хоногийн сониноо тухлан сууж таалан уншаарай.
онцлох нийтлэлүүд
Би хэрхэн ажилладаг вэ?: Gate сүлжээ рестораны Үүсгэн байгуулагч П.Мөнхсайхан - түүнийг “Вэлүү сан”-гийн идэвхтэн, эсвэл “Хамтдаа шийд” аяныг санаачлан хэрэгжүүлэгч гэдгээр нь мэдэж магад. Харин энэ удаа түүний үндсэн ажлын талаар хөөрөлдөхөөр “Gate 6”-гаар дамжиж, өнгөрсөн, одоо, ирээдүй рүү аялаад ирлээ. Унших
Тайлбарлах нь: Анир чимээгүйн шинжлэх ухаан - Нэгэн цагт нисгэгчдийн хэрэглээ байсан тус технологи өнөөдөр оюутан, мэргэжилтэн, видео тоглоом сонирхогч гээд хэн бүхний зайлшгүй хэрэгцээ болжээ. Харин эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, технологийн хөгжил нь хаа явааг уг нийтлэлээс олж мэдээрэй. Унших
Номын тухай: Карло Ровеллигийн "Цаг хугацаа оршдоггүй" номын тухай - Амьдралын тулгуур багана мэт санагдах, бүр хамгийн үнэтэй хөрөнгө гэж итгэдэг “цаг хугацаа” үнэндээ барьцгүй, хийсвэр ойлголт байвал яах вэ? Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn