Олон улс оронд хөл хорио тогтсоноос үүдэн дэлхий нийтэд гэрээсээ ажиллах чиг хандлага хүчээ авч байна. Гэрээсээ ажиллах нь халдварт өвчний тархалтыг хязгаарлан, урьдчилан сэргийлэх гол хариу хэмжээ болохын сацуу хүүхдэд учрах аюул эрсдэлийг бууруулах, эдийн засаг хүндэрч болзошгүй үед иргэдэд амьдралын хэв маягаа өөрчлөх, шаардлагатай чадваруудад суралцах зэрэг олон давуу талыг олгож буй. Тиймээс UNICEF Mongolia, Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Холбооны Монгол дахь салбар IWFCI Mongolia, Unread Media гэсэн гурван байгууллагын зүгээс ажил олгогчид, бизнес эрхлэгчдийг ажилтнууддаа гэрээсээ ажиллах бололцоог олгохыг уриалан өнгөрсөн хавар нэгэн сошиал медиа аян (challenge)-ыг хэрэгжүүлсэн билээ. Үүний дагуу бид ярилцлагын зарим зочдын гэрээсээ бүтээмжтэй, уян хатан ажиллах арга барилаас хуваалцаж байна.  

"ТАГТАА" ХЭВЛЭЛИЙН ГАЗРЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛАГЧ Б.БАЯСГАЛАН

Гэрээс ажиллахын тухайд хамгийн арвин туршлагатай хүмүүсийн нэг нь би байж ч мэднэ. Карантины өмнө ч гэрээс ажиллах гэдэг миний хувьд тун энгийн зүйл байлаа. Карантины дараа ч тийм л байх болов уу. Миний хувьд гэртээ тусдаа ажлын өрөөтэй, түүн дотроо өдөр ч, шөнө ч сууж л байдаг хүн.

Гэр, ажлын байр хоёрынхоо ялгаа зориулалтыг маш сайн ухамсарлахаас ажлаа эхлэх хэрэгтэй. Гэр гэдэг хүмүүсийн хамгийн тааваараа, өөрийнхөөрөө байх орчин тул таны гэрээсээ ажиллаж буй нь гэр бүлийн бусад гишүүдэд дарамт, дагах ёстой шинэ дүрэм журам болох ёсгүй. Иймийн тулд "би та нараас болж", "би ийм юм хийх гэтэл та нар ингээд" гэх мэт гомдол, цухалдал аль болох бага өрнүүлэх байдлаар ажлаа зохицуулаарай. Ингэмэгц ихэнх хүмүүс гэр бүлийн гишүүдийг унтаж байх үеэр буюу шөнө ажиллахыг сонгодог. Гэвч энэ нь таны нойрны болон эрүүл мэндийн дэглэм, амьдралын хэмнэлд хэрхэн нөлөөлөхийг бодолцох хэрэгтэй. Би хувьдаа ихэвчлэн шөнөөр ажилладаг ч, үүнээс үүдэлтэй гарсан нойргүйдэл болон бусад асуудлыг одоо ч даван туулсаар явна.

Бага багаар олон удаа гэдэг эрүүл хооллолтын дүрэм гэрт ажиллах цагаа хуваарилахад яг тохирох юм шиг санагддаг. За, таван имэйл биччихээд аяга цай ууж, хүүхдээ юу хийж байгааг харж, ойр зуурхан ажил амжуулж байгаад орж ирээд гурван догол мөр засна гэх мэт. Энэ нь таны нүд, бие эрүүл мэндэд ч сайн. Сайтар бодно гэдэг сайтар хийсний хагас нь. Ажлаа жижиглээд дундуур нь амьдралаа аялуулж байхдаа юу хийхээ сайтар бодож болно. Хамгийн аятайхан санаанууд аяга угааж зогсоход, цай ууж суухад орж ирдэг шүү.

"М-СИ-ЭС" ГРУППИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЭНХТҮВШИН

Байгууллагын соёл илүү хөдөлгөөнтэй, ажилчид хоорондын харилцаа яг тодорхой ажлын хүрээнд, илүү хурдтай болж байгаа харагдсан. Цаашид ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, ажлын төлөвлөгөөгөө илүү нарийн болгож боломжтой хүмүүсээ долоо хоногт 1-2 хоног гэрээс нь ажиллуулж болмоор санагдлаа. Мөн мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс дотоод харилцаандаа хамгаалалт сайтай систем, программуудыг ашиглах хэрэгтэй юм билээ.

Тухайн өдөр хийх ажлаа төлөвлөж цаас юм уу дэвтэр дээр жагсааж бичээд нэг нэгээр нь дуусгаад байвал зүгээр. Шууд удирдлагад ажилладаг хүмүүсийнхээ ажлын төлөвлөгөө, даалгавруудыг илүү тодорхой болгох хэрэгтэй санагдсан. Төвлөрч сууж хийх ажлын хувьд 52 минут ажиллаад 17 минут амарвал илүү бүтээмжтэй гэсэн судалгаа байдаг.

"ОЮУ ТОЛГОЙ" ХХК-ИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, БАЙГУУЛЛАГЫН ХАРИЛЦААНЫ ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ Э.ЛХАГВА

Гэрээсээ ажиллахад удаан хугацаанд босохгүй суух, илүү цагаар ажиллах зэрэг сөрөг хандлагууд өөр дээрээ анзаарлаа. 20-30 минут суугаад босож сунгалт хийх, болж өгвөл 12 удаа суниах гэх мэт дасгал хөдөлгөөн хийж байгаа.

Энгийн үед хэрхэн ажлаа явуулдаг, хэрхэн өөрийгөө ажлын долоо хоногтоо бэлддэг тэр дадлаа хэвээр хадгалж үргэлжлүүлэхийг олон хүн зөвлөж байна. Гүйдэг бол гүй. Алхдаг бол алх. Энэ сэтгэцийн эрүүл мэндэд их тустай гэж уншлаа.

Манай ажил өглөөний хурлаар эхэлдэг. Богинохон сунгалтын дасгалууд хийгээд аюулгүй ажиллагааны зөвлөмж хуваалцдаг. Түүний дараа тухайн долоо хоногийн ажилтай холбоотой голлох зүйлсийг бүтэн багаараа ярилцахыг хичээдэг. Гэрээсээ ажиллахдаа энэ бүхнийг өөрчлөөгүй. Өглөө, өдөр, орой ажлын цаг тарах үед гурван удаа багаараа хуралдаж мэдээлэл солилцдог хэвээрээ. Харин гэрээсээ ажиллахад сүлжээний найдвартай байдал, ухаалаг төхөөрөмжүүдийнхээ цэнэг, дата гэх мэт хувийн бэлтгэлээ хангахад анхаарлаа хандуулаарай. Хурлуудын үеэр камераа асааж, баг хамт олноо харах нь харилцааг илүү амьд болгож, сайнаар нөлөөлж байх шиг санагдсан.

АНУ-Д ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Э.БИЛГҮҮН

“Хоёр минутын дүрэм”-ийг баримталж ажилладаг. Хэрэв хоёр минутын дотор хийх боломжтой ажил байвал тэр дор нь хийх юм. Харин цаг авсан ажилд 25 минут бүрэн төвлөрөөд, дунд нь 5 минут амрах байдлаар "Pomodoro" техникийг ашигладаг. Хамгийн гол нь олон цагаар ажиллах бус ухаалгаар ажиллаж, бүтээмжтэй байхыг эрмэлздэг. Би сүүлийн хоёр жил ширээнийхээ ард зогсоогоороо ажиллаж байгаа юм. Зогсож ажиллавал ажлын бүтээмж 50-60 хувь өсдөг тухай олон судалгаа бий. Байнга судалгааны ажил, тайлан уншиж, дата мэдээлэлэл харьцуулдаг учир нэмэлт дэлгэц ашигладаг. Гэр бүлийн хүн маань миний хамгийн том дэмжигч болдог. Амралтын өдрүүдээр ирэх долоо хоногт хийх хоолнуудаа төлөвлөөд, хөргөгчиндөө бүх материалаа бэлдээд хийчихдэг. Ирэх долоо хоногт өмсөх хувцсаа мөн адил. Өглөө цаг алдахгүй амар байдаг юм.

"СҮҮ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ асан М.МАНДХАЙ

Ямар ч орчин нөхцөлд, ямар ч албан тушаал эрхэлж байсан хийх ажлын жагсаалтаа байнга гаргаж байх хэрэгтэй. Гэртээ ажиллаж байгаа би өглөө хоёр жагсаалт гаргаж байгаа. Ажлын, хувийн гээд. Ажилдаа ч, амьдралдаа ч сэтгэл хангалуун сайхан өдрүүдийг өнгөрөөхөд дөхөм болдог. Мөн цахим хурлуудад даргалах ч бай, оролцох ч бай, хурлын дэг заавал гаргаарай. Цахим хурлын өмнө дэгээ явуулчихвал маш өгөөжтэй болдог нь ажиглагдсан. Тэр одоо асуудлаа дэвшүүлнэ, бусад нь саналаа өгнө, за ийм шийдэлд хүрлээ гэх мэтээр биеэр хуралдахдаа эцэс төгсгөлгүй мэт байдаг зүйлсийг эмхэнд нь оруулах боломжтой.

"ДЕНК ФАРМ" КОМПАНИЙН ЗАХИРАЛ Г.ЭНХ-АМГАЛАН

Гэрээсээ үр дүнтэй ажиллахын тулд "Pomodoro technique" (саяхан уншсан номноос энэ санааг авсан) гэх анхаарал төвлөрүүлэх аргачлалыг туршиж эхэлсэн. Утасныхаа дууг хааж, өөрөөсөө хол тавиад, 25 минутын сэрүүлэг тавин тэр хугацаандаа зөвхөн нэг ажилд анхаарлаа төвлөрүүлнэ. Ингээд 25 минутын сэрүүлэг дуугарсны дараа 5 минут завсарлана. Тэгээд дараагийн 25 минутын блок руугаа орж, ээлжит төвлөрөх ажилдаа шилжинэ. Энэ арга их дажгүй санагдсан тул багийнхандаа бас санал болгосон.

Мөн бие нозоорох, залхуу хүрэн, бүтээмж нэг л муутай болоод ирвэл хэдийд ч хамаагүй урт богино хугацаагаар иог эсвэл дасгал хийхэд сайхан сэргэчихдэг. Энд тэнд дэлгээд тавьчихсан номнуудаа хэсэг барьж аваад уншихад толгойд гоё санаа орж ирдэг. Хойш тавьж, хүрч чадахгүй л яваад байсан ажлууд (илүү цаг гарч буй тул) руугаа шууд орох, сонирхолтой бусад онлайн сургалтуудаа авах, хоббигоо хөгжүүлэх гэх мэт олон давуу тал үүссэн шүү.

СОШИАЛ КОНТЕНТ БҮТЭЭГЧ Х.АНУ

Гэрээсээ ажиллах болсон эхний үед ажиллах аргаа олох гэж хэсэгтээ будилж, туршилт судалгаа хийсэн. Энэ талаар судалж, цуглуулсан мэдээллүүдээ нэгтгэн видео контент болгон гарган, мөн "Medium" блогтоо оруулсан байгаа.

Стэнфордын их сургуулийн эрдэмтдийн 2013 оны судалгааг аваад үзэхэд гэрээсээ ажиллаж байгаа хүмүүсийн бүтээмж оффист ажиллаж байгаа хүмүүсийнхээс 13 хувиар өндөр байдаг юм билээ.

Иймд Харвардын бизнесийн сургуулиас гаргасан гэрээс ажиллах таван зөвлөгөөг хүргэе.
1. Тогтсон цагийн хуваарь гаргаад, түүнийгээ мөрд: Ялангуяа түр хугацаагаар гэрээс ажиллах үедээ ажлын өдрийн хэмнэлээ баримтлан ажиллаж, оффис дээрх соёлоо гэртээ төлөвшүүлэх нь чухал.
2. Шаардлагатай хил хязгаарыг тогтоо: Гэрийнхээ аль нэг хэсгийг зөвхөн ажлаа хийх зориулалттай болгоод, тэр хэсэгтээ орох үедээ ажлаа л хийдэг дадал тогтоо. Гэрээс хэрхэн ажиллах зарчмаа гэр бүлийнхэндээ ойлгуулж, орчин тойрноо бэлд.
3. Тогтмол завсарлага авч, өөрийгөө амраа: "The Muse"-ийн нэгэн судалгаагаар бүтээмжийг хамгийн өндөр байлгах ажил, амралтын хугацааны харьцаа нь 52:17 буюу 52 минут ажиллаад, 17 минут завсарлах хэмнэл байдаг.
4. Бусадтай тогтмол харилцаж, нийгэмшихээ мартаж болохгүй.
5. Амжилтаа тэмдэглэж сур. Ажлын өдрийн дараа тухайн өдрөө дүгнэж, өөрөө өөртэйгээ цагийг өнгөрүүлэн дараагийн өдрөө төлөвлөж байгаарай.

"ОЮУНЫ УНДРАА ГРУПП"-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ О.ТЭНҮҮН

Хөл хорио уламжлалт ажлын байрны хэв маягийг өөрчилж, ирээдүйд гарцаагүй хүлээн зөвшөөрөгдөх, зайнаас ажиллах шинэ арга барил, дадлыг бий болгож байна. Багийнхантайгаа ямар давтамжтайгаар холбогдох вэ? Холбогдох суваг нь видео платформууд байх уу? Эсвэл утас нь зүгээр үү? Хамтдаа гэрээсээ ажиллахад хамгийн тохиромжтой арга нь юу вэ? Ямар ч олон нийтийн сүлжээ ашигладаггүй бол ашигладаг болох хэрэгтэй юу? Гэх мэтчилэн асуудал олон. Зайнаас ажиллах тухай ажилтнууддаа сайтар ойлгуулж, ингэж ажиллахад ч бас үр дүнтэй байж болно гэдэг итгэл үнэмшлийг бий болгох хэрэгтэйг ойлгож, хэрэгжүүлж байна. Энэ нь ч маш чухал байж гэдгийг ойлгосон.

Зайнаас ажиллах үед холбоо барих давтамжийг холдуулж болохгүйг ойлгосон. Хэрвээ та уулзалтууд хийж дадсан бол түүнийгээ үргэлжлүүлэх л хэрэгтэй. Мэдээж зайнаас ажиллах үедээ хөгжилтэй зүйлс хийхээ бүү мартаарай. Жишээ нь, кофены завсарлага авч, өдрийн хоолоо хамт хийж идэх гэх мэт. Эдгээр зүйлс нь таныг оффистоо байх байсан үеийн тэрхүү харилцаа холбоог үргэлжлүүлэн хадгалахад тусална. Эцэст нь дахин нэг зөвлөгөө өгөхөд, дасгал хий. Энэ нь тархины ажиллагаанд шууд нөлөөлж, бүтээмж нэмэгдүүлнэ. Энэ бүхнийг дадал болгож байж гэрээсээ үр дүнтэй ажиллаж чадна.

ЗОРИГ САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАн М.МАРАЛМАА

Яг үнэндээ гэрээсээ ажиллаж дадаагүй боловч гурван сарын эхээр ажлаар гадагшаа явж ирсний дараа хоёр долоо хоног гэрээсээ гаралгүй ажиллах шаардлагатай болсон. Эхэн үедээ төвлөрөхөд хэцүү, оффис руугаа явмаар санагдаж байсан ч хөл хорионы дэглэмээ дагах ёстой учир удалгүй цагаа илүү төлөвлөж, "Pomodoro" ашиглан ажиллаж эхэлсэн. Энэ үед мөн сошиал медиаг ашиглан "Зориг сан"-гийнхаа хөтөлбөрүүдээ хэрхэн илүү олон хүнд хүргэж болох тал дээр анхаарч эхэлсэн юм байна.

Амрах орчин, ажиллах орчноо өөрт ойлгомжтойгоор салгах ёстой санагдсан. Гэрээс ажиллах үед сатаарах зүйлс ихтэй, ядарсан үед ор ойрхон байдаг учир сахилга баттай байх нь чухал гэдгийг ойлгосон доо. Мөн сайн төлөвлөж, өглөө ажиллаж эхэлмэгц тухайн өдөр хийх ажлынхаа жагсаалтыг гаргах нь өдөр дуусахад хэр үр бүтээлтэй байснаа хянахад хэрэгтэй санагдсан.

"ИНТЕРКОНСАЛТИНГ ГРУПП" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Н.ЭНХЖАРГАЛ

Бага насны хүүхдүүдтэй учир гэртээ өдрийн цагаар ажиллах огт боломжгүй гэж боддог байсан. Харин cүүлийн хэдэн сар “бага насны хүүхдүүдтэй ээж хэрхэн гэрээсээ ажиллах вэ” гэдэг, миний хувьд шинэхэн сорилтыг даван туулж сурлаа. Мөн хүүхдэд маш сайн тайлбарлаад хэлбэл ээжийгээ утсаар ярьж байхад зэрэгцэж ярихгүй, ажил ярих гээд хүн ороод ирэхэд зэрэгцээд ширээн дээр суухгүй гэх мэтээр маш мундаг, “том” хүн шиг юмыг ойлгож чаддаг юм байна гэдгийг бас мэдэж авлаа.

Гэрийн нэг өрөөг ажлын өрөө болгож тохижуулсан байдаг тул энэ нь гэртээ ажиллахад маш тустай байдаг. Энгийн үед угаасаа гэртээ оройн цагаар компьютер дээрээ сууж ажилладаг учир гэрээс ажиллах нь нэг их шинэ содон зүйл биш байлаа. Гагцхүү өдрийн цагаар, хүүхдүүд сэрүүн байх үед хэрхэн асрагч ээждээ хүүхдүүдээ даатгаж, хэрхэн ажлын өрөөнөөсөө гарахгүй “бүгэж” ажиллах вэ гэх мэт өдрийн цагаарх хувийн зохион байгуулалтын асуудлуудаа шийдчихвэл үр дүнтэй сайн ажиллаж болмоор л санагдаж байна. Ер нь ажилладаг ээжүүдийн хувьд асар сахилга баттай байж, өөр өрөөнөөс хүүхдүүд дуудахад хариу үйлдэл үзүүлэхгүй суух л хамгийн үр дүнтэй арга юм байна лээ дээ.

"ӨГӨӨЖ ЧИХЭР БООВ" ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ С.ТҮМЭНГЭРЭЛ

Бид үйлдвэрлэлтэй холбоотой ажилтнуудынхаа ариун цэврийн дэглэмийг сайтар сахиулж, цэвэрлэгээ ариутгалаа тогтмол хийж, маск, болон ариутгалын бодисыг үнэ төлбөргүй тарааж, зөвлөгөө зөвлөмж байнга өгч, санамж зурагт хуудсыг бүхий л газар өлгөж, ажилчдынхаа эрүүл мэндийн байдлыг тогтмол хянан тэмдэглэж ажиллаж байна.

Байгууллагууд хямралын энэ үед төлөвлөгөөгөө хэд хэдэн хувилбараар гаргаж, зардал, орлогын төсөөлөл, төлөвлөгөөгөө зөв тооцож, зүй зохистой хэмнэлтийн горимд шилжих, эсвэл бизнес моделио зоригтой өөрчлөх, бусадтай хамтарч ажиллаж, мэдээллээ солилцон дутуугаа нөхөж дундуураа дүүргэх, харилцан ялна гэсэн зарчим барих хэрэгтэй байна. Мөн бэлэн мөнгөний урсгалаа зөв тооцон, бэлэн мөнгө бол хаан гэдгийг үргэлж санаж ажиллан, бүх нөөц боломжоо эргэж харах, ажиллах зарчмаа тохирох, ажилтнуудаа хайрлаж, аль болохоор халахгүй байхад анхаараасай. Ажилтнууд ч гэсэн сэтгэлээсээ ажиллаж, хариуцлагатай байж, хамтын хүчээр энэ хүнд цаг үеийг давж гарах хэрэгтэй шүү.