Долоо хоногийн өмнө UNICEF Mongolia, IWFCI Mongolia болон манай Unread Media-ийн хамт олны зүгээс ажил олгогчид, бизнес эрхлэгчдийг ажилтнууддаа гэрээсээ ажиллах, уян хатан ажиллах бололцоог олгохыг уриалан #БиХэрхэнГэрээсээАжилладагВэ #WorkingFromHome сошиал медиа аян (challenge)-ыг хамтран эхлүүлсэн билээ.

Сошиал медиа аяныг яагаад эхлүүлсэн тухай:
#БиХэрхэнГэрээсээАжилладагВэ #WorkingFromHome challenge-ийг эхлүүлэх нь

Unread Media

Энэхүү аян маш амжилттай, эрчтэй үргэлжилж, олон олон байгууллагын захирал, удирдах ажилтнууд нэгдсээр байна. Энэ удаа бид өөрсдийн туршлагаас хуваалцсан 14 захирлын хариултыг нэгтгэн хүргэлээ.

Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Хамада Тацуяа

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Гэрээсээ олон хоногоор ажиллаагүй олон жил өнгөрсөн болоод ч тэр үү үнэнийг хэлэхэд нэг л тухгүй, оффистоо ирж ажиллаж байгаа багийнхны бодохоор ичих гэмших сэтгэгдэл төрж байсан. Хэдэн өдөр гэрээсээ ажиллаад харин ч эсрэгээрээ хүний хөлөөс хол стресс багатай, уян хатан ажиллаж байгаагаа анзаарсан. Бусадтайгаа хамт ажиллахаас дээр гэж хэлж байгаа юм биш шүү, зүгээр л өөр орчинд шинэ арга барилаар ажиллах нь тун таатай байсан юм аа.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Гэртээ байгаа болохоор ажлын дундуур өөрийгөө сэргээж завсарлага авахад ёстой амар юм байна лээ. Кофе, цайгаа уучихна, хэвчихнэ, бүр видео хурал уулзалтын дундуур сунгалт, дасгал хөдөлгөөн хийгээд биеийнхээ чилээг ч гаргачихна гэж байгаа.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Windows 10 зөөврийн компьютер, iPhone 11 Pro MAX, IPhone 7 Plus, гар утсандаа зориулсан тогтоогч, Microsoft O365 цогц оффис програм, мөн техникийн багийнхнаараа ажлынхаа компьютер луу шууд холболт хийлгээд авсан шүү.

сүү хк-ийн гүйцэтгэх захирал м.мандхай

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

1. Замд өнгөрдөг бүх цагийг хэмнэх боломжтой болж байна. Ажилдаа ирэх, явах, хуралд очих буцах, цайнд орох ирэх гээд дор хаяж 2.5-3 цаг хэмнэж байгаагаа мэдсэн.

2. Бид төдийлөн ярьдаггүй, бас хангалттай хэмжээний судалгаа байдаггүй зүйл нь сэтгэлийн тайван байдал. Үр хүүхдүүдийнхээ хажууд олон хүнээс хол ажиллах нь сэтгэл санааг тайван байлгаж, тухайн өдөрт төлөвлөсөн ажилдаа бүрэн анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болгож байна.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

1. Ямар ч орчин нөхцөлд, ямар ч албан тушаал эрхэлж байсан “хийх ажлын жагсаалт”-аа байнга гаргаж байх хэрэгтэй. Гэртээ ажиллаж байгаа би өглөө хоёр жагсаалт гаргаж байгаа. Ажлын, хувийн гээд. Ажилдаа ч, амьдралдаа ч сэтгэл хангалуун сайхан өдрүүдийг өнгөрөөхөд дөхөмтэй байна.

2. Цахим хурлуудад даргалах ч бай, оролцох ч бай, хурлын дэг гэж юмыг заавал гаргаарай. Цахим хурлын өмнө дэгээ явуулчихвал маш өгөөжтэй болж байгаа. Тэр одоо асуудлаа дэвшүүлнэ, бусад нь саналаа өгнө, за ийм шийдэлд хүрлээ гэх мэтээр биеэр хуралдахдаа эцэс төгсгөлгүй мэт байдаг зүйлсийг эмхэнд нь оруулах боломжтой.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Microsoft Teams, Zoom, Messenger, Microsoft Outlook.

М-СИ-ЭС ГРУППИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЭНХТҮВШИН

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Байгууллагын соёл илүү хөдөлгөөнтэй, ажилчид хоорондын харилцаа яг тодорхой ажлын хүрээнд, илүү хурдтай болж байгаа харагдсан. Цаашид ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, ажлын төлөвлөгөөгөө илүү нарийн болгож боломжтой хүмүүсээ долоо хоногт 1-2 хоног гэрээс нь ажиллуулж болмоор бодогдсон. Мөн мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс дотоод харилцаандаа хамгаалалт сайтай систем, програмуудыг ашиглах хэрэгтэй юм билээ.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Тухайн өдөр хийх ажлаа төлөвлөж цаас юм уу дэвтэр дээрээ дарааллаар нь жагсааж бичээд нэг нэгээр нь дуусгаад байвал зүгээр. Шууд удирдлагадаа ажилладаг хүмүүсийнхээ ажлын төлөвлөгөө, даалгавруудаа илүү тодорхой болгох хэрэгтэй санагдсан. Төвлөрч сууж хийх ажлын хувьд 52 минут ажиллаад 17 минут амарвал илүү бүтээмжтэй ажилладаг гэсэн судалгаа байдаг.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Үзэг, цаас, гар утас, зайнаас хуралдах шаардлагатай бол MS Teams ашиглаж байгаа.

Iromax-ийн гүйцэтгэх захирал М.Золзаяа

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Долоо хоногийн нэг ажлын өдрийг оффисоосоо, бусад өдрийг гэрээсээ цахимаар ажиллахаар шийдээд байгаа. Бид өглөө ажилдаа явлаа гээд л гардаг, хүүхдүүд маань бидний яг юу хийдгийг, юуны төлөө яаж хөдөлмөрлөдгийг төдийлөн сайн ойлгодоггүй байсныг энэ өдрүүдэд мэдэж авлаа, хэхэ. Одоо тэд маань ээж ээ та ийм их ажил хийдэг юм уу, ядарч байна уу, та сууж бай, би хийе гэх мэтээр намайг хайрлан халамжлах нь ихэссэн шүү. Гэрээсээ ажиллахад гардаг бас нэг том давуу тал нь түгжрэл болон бусад зүйлсээс хэмнэсэн цагаа уншиж амжилгүй удаан хадгалсан номоо уншиж мэдлэгээ тэлэхэд зориулж чадаж байна.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Утас, имэйл, чат зэргээр харилцаа холбоогоо сайн хийж, хурдтай байхыг эрмэлзэх.

Bat Solution Partners компанийн ТУЗ-ийн дарга В.Ганзориг

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Гэрээс ажиллахад ажлын стресс хамаагүй бага мэдрэх юм. Бас ажил дээрээ оройтох, илүү цагаар суух гэдэг зовлон алга болж байна. ‪Оффист цагийн менежмент гэдэг бол гэрт хүүхдийн менежмент гэж том ажил байна.‬ Ажил дээрээ дурын амьтныг загнаад загнаад явчихдаг бол хүүхдийг ёстой яаж ч болдоггүй золиг байна.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Zoom-ийн шуугианаас болоод Google Hangouts, Whereby, Uber Conference зэргийг видео хурлуудад ашигладаг боллоо‬.

"Хайрын Хурим" салоны захирал, дизайнер Б.Ууганцэцэг

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Бид ажиллах үндсэн арга барилаа илүү хялбар, илүү бүтээмжтэй болгон өөрчлөх бүрэн боломжийг технологи олгож байна. Нөгөө талаар 20 жил загварын салбарт ажилласан туршлага маань хүнтэй нүүр тулан уулзалгүйгээр таарч тохирсон хувцсыг нь санал болгон урлах итгэлцлийг бий болгож. Магадгүй хувцас загварыг зайнаас харьцан үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй гэж харж болох ч сүүлийн хоёр сар гэрээсээ голдуу ажлаа түүртэлгүй явууллаа. Нэгдүгээрт харилцааны сувгууд нээлттэй болж. Нөгөө талаар харилцагчдын Хайрын Хуримд итгэх итгэл өндөр байна.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Гэрт сатаарах зүйл олон ч хүүхдүүд маань харьцангуй том болж ээждээ ажиллах чимээ шуугиангүй тайван орчныг бүрдүүлэх ёстой гэж ойлгодог болсон байна. Гол нь яг энэ цагт энэ зүйлийг дуусгана, ийм ажлыг амжуулна гээд төвлөрч суух нь чухал.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Бэлэн болж худалдаанд гарсан бүтээгдэхүүнүүдээ харилцагчийн царайны өнгө, биеийн галбир, хэв маягт нь тохируулан санал болгоход сошиал харилцааны бүхий л сувгийг ашиглаж байна. Нөгөө талаар шинэ загвар, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр ажиллахдаа уламжлалт цаас харандаагаа ашиглана. Зурсан загвараа менежер лүүгээ явуулна. Үйлдвэрлэлийн хэсэг бүтээл болгоод гаргана. Олон жил хамтран ажилласан хамт олонтойгоо зайнаас ойлголцож ядах юмгүйгээр ажиллаж байгаа нь бидэнд бас нэг давуу тал болж байна. Материалын захиалгаа хийхдээ голдуу WeChat ашигладаг.

АРД КРЕДИТ ББСБ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ТЭЛМЭН

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Босож гал тогоо руу гүйчих гээд байх тул шилтэй ус тавиад ууж байх.Ажлын дуудлагууд орж ирэх тул чихэвчээ утастайгаа холбоостой байлгах.Хоол унд, үр хүүхдэдээ ажлын дундуур хүрэх шаардлагатай тул гар ариутгагч гар доор байлгах.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Гэртээ ч гэлээ хуваарь гаргаж ажиллах. Бясалгалд явж байсан бол одоо л ашигладаг цаг. Төвлөрч сурахгүй бол сатаарах зүйл олон.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Zoom , Google Meet, Telegram, имэйл.

rio tinto MONGOLIA-ИЙН ДЭД захирал х.амаржаргал

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Технологи хөгжсөн энэ үед бид заавал оффис дээр очиж ажиллах шаардагагүй болсон. Хамтран ажилладаг хүмүүс маань янз бүрийн цагийн бүсэд байдаг учраас миний ажлын цагийн хуваарь ерөнхийдөө уян хатан байдаг. Гэрээсээ ажиллахад ажлын хуваариа өөрийн онцлог, амьдралын хэв маягтай нийцүүлэн зохицуулснаар илүү үр дүнтэй ажиллах боломжтой. Дундуур нь өөрийн дуртай хөгжмийг ажлын хэмнэлдээ тааруулж сонсох сайхан.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Гэрээсээ ажиллахад бодож төлөвлөх, төвлөрч суухад илүү цаг гаргах боломжтой. Нэг дор удаан суух хандлагатай учраас нуруугаа хамгаалан эргономик сандал авч хэрэглэхийг зөвлөе.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Microsoft Office 365 & Teams, видео дуудлага хийхдээ Webex ашигладаг.

АЖИл олгогчдын үзэх видео

ӨрнөЛ Проект ХХК-ийн гүйцэтгэх захирал  Ш.Оюундарь

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Барилгын зураг төслийг олон хүн хамтран баг болж хийдэг тул гэрээсээ ажиллах нь бид бүхний хувьд сорилт байлаа. Энэ үеийг ашиглан бид cloud-д ажлын файлуудаа байршуулан, бэлтгэлээ хангаснаар цаашид дурын газраасаа төслөө хамтарч хийх боломжтой болов.

Хүүхдийнхээ даалгаврыг хийлгэдэггүй над шиг ээжид даалгаврыг нь хамт хийх, зураг зурах, сэтгүүл унших зэргээр цагийг хамт өнгөрүүлсэн нь их таалагдсан. Гэрээс ажиллахын нэг давуу тал нь ном унших цаг хангалттай гарсан, худалдаж аваад уншаагүй орхисон номуудаа уншсан. Мөн оройдоо сонирхолтой подкастууд ч сонсож амжсан шүү.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Сахилга бат тун чухал. Мөн тодорхой цагуудад утасныхаа интернетийг унтрааж гол зүйлдээ төвлөрөхийг санал болгоё.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Messenger, Microsoft Outlook, Revit.

Монголын Урлагийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Үргэлж завгүй байдаг миний хувьд гэрээс ажиллаж суралцахад цаг хугацаа шаардагдсан. 4-р сарын 1-ээс ажилдаа долоо хоногийн 2 өдөр явж, бусад өдөр гэрээсээ ажиллаж байна. Энэ хугацаанд манай төлөвшсөн хамт олон цахим орчинд ч итгэл даан ажиллаж чадаж буйг хараад бахархаж байгаа. Тогтсон соёлтой байгууллага ямар ч гэнэтийн шалгуур сорилыг давж, орон зайгаар тусгаарлагдсан нөхцөлд ч ажиллаж болдгийг мэдэж авлаа.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Үр дүнтэй ажиллахын үндэс нь албан ажил болон ар гэрийн ажлын зааг ялгааг тогтоож, цагийн хуваарьтай ажиллах. Тухайлбал, энэ хугацаанд өглөөг өөртөө, өдрийг ажилдаа, үдээс хойшийг гэр бүлдээ зориулах нь үр дүнтэй байлаа. Ээж, охин, хүү гуравтаа цаг гаргаж, гэртээ засвар хүртэл хийгээд амжсан.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Ихэвчлэн HUAWEI 30 гар утсаараа ажлаа зохицуулж, Messenger, Viber, Microsoft Оutlook-ийг хэрэглэж байна.

Интерконсалтинг групп ххк-ийн захирал Н.Энхжаргал

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Бага насны хүүхдүүдтэй учир гэртээ өдрийн цагаар ажиллах огт боломжгүй гэж боддог байсан. Харин cүүлийн хэдэн сар “бага насны хүүхдүүдтэй ээж хэрхэн гэрээсээ ажиллах вэ” гэсэн шинэ challenge-ийг даван туулж сурлаа. Жишээ нь, урд нь том хүү маань ажлын өрөөнд орж ирж үймүүлээд гардаггүй байсан бол ээж нь “миний хүү одоо том өрөөндөө орж тоглоорой, ээж нь ажлаа хийхгүй бол болохгүй, дарга нь загнана” гэж удаа дараа хэлэхэд хүү ойлгож, хаалга хаагаад гараад явдаг юм байна гэдгийг олж мэдэв. Мөн хүүхдэд маш сайн тайлбарлаад хэлбэл ээжийгээ утсаар ярьж байхад зэрэгцэж ярихгүй, ажил ярих гээд хүн ороод ирэхэд зэрэгцээд ширээн дээр суухгүй, маш мундаг “том” хүн шиг ойлгоц сайтай байдаг юм байна гэдгийг бас ухааран ойлгож авлаа. Өөрөөр хэлбэл хүүхдүүд бидний бодож байгаагаас илүү ухаантай, илүү хүлээцтэй, юмны учир начрыг ойлгодог “нөхөд” юм байна гэдгийг ойлгосон сар, өдрүүд байлаа.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Гэрийн нэг өрөөг ажлын өрөө болгож тохижуулсан байдаг тул энэ нь гэртээ ажиллахад маш их тустай байдаг. Миний хувьд угаасаа л чухал зүйлүүд дээр бол гэртээ оройдоо компьютер дээр сууж ажилладаг учир гэрээс ажиллах нь нэг их шинэ содон зүйл биш байлаа. Гагцхүү өдрийн цагаар, хүүхдүүд сэрүүн байх үед хэрхэн асрагч ээждээ хүүхдүүдээ даатгаж, хэрхэн ажлын өрөөнөөсөө гарахгүй “бүгэж”, хэрхэн гэртээ байхгүй мэт хүүхдүүддээ ойлгогдож ажиллах вэ гэх мэт өдрийн цагаарх хувийн зохион байгуулалтын асуудлуудаа шийдчихвэл үр дүнтэй сайн ажиллаж болмоор л санагдаж байна. Ер нь ажилладаг ээжүүдийн хувьд үр дүнтэй ажиллахын тулд асар их сахилга баттай байж, өөр өрөөнөөс “дуудах” өхөөрдөм хүүхдүүдийн дуудлагад хариу үйлдэл үзүүлэхгүй суух л хамгийн үр дүнтэй арга юм байна лээ дээ.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Evernote, Gerege ERP, Awesome Note зэрэг апп-уудыг ашиглаж, гадаадын түншүүдтэй бол Телеграм, WhatsApp, Skype, WeChat-аар холбогдоно. Тэгээд мэдээж Messenger. Файуулдаа Dropbox-д байршуулчихдаг. Манай компанийнхаа хувьд хурлуудаа Skype-аар хийж байгаа.

Худалдаа, хөгжлийн банкны ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ Б.Баярмаа

Банкны ажил их онцлогтой. Програм дахь мэдээлэл бүр чухал учраас нууцлал хамгааллын өндөр түвшинд мэдээллийн аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй байдаг. Мөн хурал, уулзалт их хийж, шийдлээ олуулаа ярилцаж гаргадаг багийн ажил. Үүсээд байгаа нөхцөлөөс хамааран манай банк зайнаас ажиллах горимд шилжээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Одоогийн байдлаар 120 ажилтан зайнаас ажиллаж, жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй 210-аад эмэгтэй ажилтандаа цалинтай чөлөө өгсөн байна. Цаашид нөхцөл байдлын эрсдэлээс хамаарч ажилтнуудын зайнаас ажиллах тоо өөрчлөгдөнө. Миний хувьд банкныхаа Удирдлагын хороо, Зээлийн хороод гээд бүх хурал, харилцагчидтай хийх уулзалтанд зайнаас оролцож, шийдвэрүүдийг тухай бүрд нь гаргаад явж байна. Өмнө нь харилцагчийнхаа цагийг хэмнээд утсаар ярья гэхэд уулзаж ярилцана гэдэг байсан бол одоо бүгд л шууд л ярья гэдэг болсон нь амар санагдаж байгаа.

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Аливаа зүйл хоёр талтай. Гэрээсээ ажиллахын хамгийн том давуу тал гэвэл мэдээж энэ цаг үед өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах, гэр бүлдээ илүү их цаг гаргах боломж. Үүнээс гадна үр дүн багатай, цаг их авсан уулзалтууд багасаж, ажилдаа анхаарлаа илүү сайн төвлөрүүлэх боломжтой болж байна. Мөн бичиг цаасны хэрэглээ багасаж, хурал уулзалтуудаар богино хугацаанд гол асуудлуудаа хурдан шуурхай ярилцаж, үр дүн сайтай байгаа нь их давуу талтай санагдаж байна. Зарим ажилтнаасаа сонсоход гэртээ, биед эвтэйхэн хувцастай ажлаа хийгээд суухад шийдэгдэхгүй байсан асуудлуудад шийдэл нь хурдан олдож, юманд баригдахгүй чөлөөтэй сэтгэж, бүтээлч болж байна гэсэн. Гэхдээ энэ байдлаар удвал банкаа, хамт олноо санахаар байна.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Мэдээж зарим анхаарах зүйлүүд байна. Тухайлбал, гэр бүлийнхэндээ “ажлын цаг” гэдгийг тодорхой хэлж ойлгуулах, ажлын цаг - хувийн цагаа хэзээ эхлээд, хэдэд дуусах, өдөрт аль аль ажлыг хийж дуусгахаа төлөвлөж ажиллах зэрэг зааг ялгааг тодорхой тогтоож өгч, өөрийгөө зорилгоор удирдах нь зүйтэй санагдсан. Хүү маань жаахан байгаа болохоор намайг зайнаас ажиллаж эхэлсэн эхэн үед бөөн баяр, өдөржин ээжтэйгээ хамт тоглох гээд байв. Тэгээд сайн тайлбарлаж хэлсний дараа шууд л ойлгоод ирж наалдахгүй байгаа. Сонирхуулахад бид ажилтнууд зайнаас өөрсдийнхөө мэдлэгийг нэмэгдүүлж, хөгжих боломжийг дэмжих Digital Learning - Online Training хөтөлбөрийг зарлан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн edx, Udemy, LinkedInLearning, Coursera, Hubspot зэрэг онлайн платформ дахь дижитал сургалтуудад хамрагдахад тодорхой төсвийг шийдэж, ажилтнууддаа зориулж байна.

Lhamour брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан

Миний хувьд компаниа байгуулсан цагаас хойш 5 жилийн турш хаанаас ч хамаагүй ажиллаж ирсэн. Вирус гарахаас өмнө бүтэн зургаан сар хүүхдээ харангаа гэрээсээ ажлаа хийж, ажилтнуудтайгаа цахимаар харилцаж байв. 6 сар хүрэхэд нь ажилдаа хагас орсон

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Мэдээж гэрээсээ ажиллах хамгийн том давуу тал нь хүүхдээ харах, ажлаа хийхийн аль алиныг амжуулах. Дэлхий даяар одоо цахимд шилжиж байгаа нь бидэнд маш зөв зохистой, оновчтой байдлаар харилцахыг зааж байна. Товч тодорхой өгүүлбэрүүдээр, хэнд ч ойлгомжтой байдлаар бичиж сурна гэдэг бас амаргүй. Манай оффисыхон ч тэр, үйлдвэрийн ахлахууд ч тэр бүгд одоо Gmail, Google Drive ашиглаж, бид имэйлээр харьцах харилцаагаа сайжруулан, календарь ашигласнаар бие биеэ хаана юу хийж байгаагаа мэдэж, ажлын гүйцэтгэлээ бие биедээ түргэн шуурхай мэдээлэн их цаг хэмнэж байна.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Үр дүнтэй байлгахын тулд яг л тодорхой цаг гаргах хэрэгтэй. Тэр үед зөвхөн ажилдаа анхаарч, түргэн шуурхай шийдэх ёстой зүйлсээ шийдэж, дараа нь буцаад гэр орны ажлаа хийх, охиндоо цаг гаргахад анхаарах. Бид ажлын групп чатаараа сонирхолтой мэдээлэл солилцож, бие биедээ хэрэгтэй эрүүл мэндийн зөвлөгөө өгч, хөгжилтэй challenge-ууд дотроо хийн үйлдвэр, худалдаа, оффисынхан маань харилцаа холбоогоо сайжруулсан шүү.

МОНГОЛ КОНТЕНТ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ГАНЗОРИГ

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Ажил дээр хамт олны амьд харилцаа чухал. Гэртээ гэр бүлдээ анхааралаа хандуулах нь чухал. Хааяа гэрээсээ ажиллах гоё, харин байнга бол дэмий. Гэрээсээ ажиллах үедээ ажлын өдөр, ажлын цаг шүү гэдгийг ухамсарлаж, бүтээмжтэй, хариуцлагатай байх хэрэгтэй.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Office 365.

АЯНЫГ БУУХИАЛАХ ДҮРЭМ

Фэйсбүүк, Твиттер, Инстаграм зэрэг платформууд дээр гэрээсээ ажиллаж буй өөрийн зургийг юм уу гэрт ажилладаг орчныхоо зургийг хуваалцан, доорх 3 асуултад товч хариулах бөгөөд #БиХэрхэнГэрээсээАжилладагВэ #WorkingFromHome хаштагууд болон UNICEF Mongolia, IWFCI, Unread пэйжүүдийг mention хийнэ. Тэгээд төгсгөлд нь дараагийн удирдах ажилтан, менежерийг аянд дуудах юм.

Асуултууд:

1. Гэрээс ажиллаад авсан сургамж?

2. Гэртээ яаж үр дүнтэй ажиллах вэ?

3. Гэртээ ажиллахдаа юу юу ашигладаг вэ?