Өнөөдрийн дугаартаа бид "Infinite Solutions" компанийн үүсгэн байгуулагч, "Nest Education IT School"-ийн инноваци эрхэлсэн захирал Б.Габитыг урилаа. АНУ-д Дикинсон, Сан Хосе их сургуулийг төгсөж, Стэнфордын их сургуульд инженерийн шинжлэх ухааны чиглэлээр (MS&E) хөтөлбөр дүүргэсэн тэрээр 20 настайдаа найзуудын хамт “Infinite Solutions” компанийг үүсгэн байгуулж, олон улсад технологийн шийдэл хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. Дотоодын зах зээлд финтек төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн тэд өдгөө Монгол, Мексик, АНУ, Сингапур болон Өмнөд Азийн зах зээлд бүтээгдэхүүнүүдээ гарган хөгжүүлж буй. Ирээдүйд олон чадварлаг монгол инженерүүдийг бэлтгэж, Монголд цахиурын хөндий бий болгох мөрөөдлийн эхлэл болгон "Nest Education IT School"-ийг байгуулан боловсролын салбарт хөрвөн ажиллаж буй түүний ажлын арга барилаас хуваалцъя.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: "Infinite Solutions" компанийн үүсгэн байгуулагч, "Nest Education IT School"-ийн инноваци эрхэлсэн захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone XS
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудас: Gabit Bazar (Facebook), Gabit Bazar (Instagram)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би хүүхэд байхдаа хүмүүсийн амьдралд нөлөөлөхүйц зүйл хийхийг хүсдэг, мэс заслын эмч болно гэж боддог байлаа. Технологи хурдацтай хөгжих болсноор мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшвэл илүү олон хүнд нөлөөлж чадах юм байна гэж итгэн энэ салбарт орсон. ШУТИС-ийг төгсөөд анх цэвэр технологи хөгжүүлдэг компани байгуулахаар зорьж найзуудын хамт 2007 онд "Infinite Solutions" компаниа байгуулж байлаа. Ингээд АНУ-д очоод анхны бүтээгдэхүүнээ гаргаснаас хойш олон шинэ бүтээгдэхүүн туршиж, хөгжүүлсэн. Бүтэлгүйтсэн олон төсөл бий. Түүнээсээ суралцаад туршлага хуримтлуулан дараагийн төслүүдээ хэрэгжүүлж байна даа.

Манай багууд өдгөө Монгол, Мексик, АНУ, Сингапур болон Өмнөд Азийн зах зээлд бүтээгдэхүүнүүдээ гарган хөгжүүлж байна. Мөн технологийн хаб байдлаар шинэ бүтээгдэхүүнүүд дээр хөрөнгө оруулалт хийх эсвэл олж өгөх, цуг хөгжүүлэх зэргээр олон төсөл хэрэгжүүлж байна. Технологийн сайн шийдэл, бүтээгдэхүүн хөгжүүлэхэд хамгийн чухал нь хүний нөөц учраас өөрсдөө энэ салбарын инженерүүдээ бэлтгэж, "монгол цахиурын хөндий" бий болгох хүсэл мөрөөдлийнхөө эхлэл болгож "Nest Education IT School" байгуулан боловсролын салбар луу хөрвөсөн юм.

Оюутан ахуйдаа олон улсын төслүүд дээр ажиллаж, цаашид илүү хөгжсөн зах зээлийн соёлыг нь ойлгох хэрэгтэй гэж үзсэн учраас АНУ-д компьютерын шинжлэх ухаанаар номын дуу сонсож, шинэ төслүүдээ эхлүүлсэн. Ингээд буцаж ирээд Монголд хэсэг ажилласны дараа гацалтад орсон шиг санагдсан учраас буцаж АНУ-д очоод Сан Хосе их сургуульд Бизнесийн удирдлага, Стэнфордын их сургуульд инженерийн шинжлэх ухааны чиглэлээр зэрэг сурч төгссөн юм.

Тухайн үед сурахын хажуугаар технологийн чиглэлээр америк компанид ажиллаж, давхар өөрийн бизнес төслүүд дээрээ төвлөрдөг байлаа. Амьдардаг газар маань хоёр сургуулиас маань хол учраас өдөрт машинаар багадаа 200 км явах хэрэг гарна. Өглөө Стэнфорд руу яваад үдээс хойш Сан Хосе дээр очиж хичээлдээ суугаад оройдоо америк компанидаа ажиллана. Шөнө нь Монголын цагаар багтайгаа холбогдоод үүрийн 3-4 цагт л орондоо орж, өглөө долоон цаг босох байдлаар гурван жил галзуу юм шиг явсан үе бий.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би спортод маш их дуртай. 25-тайгаасаа хойш тогтмол гүйдэг болсон. АНУ-д байхдаа Нью-Йоркийн бүтэн марафон (42 км)-д гурван удаа оролцсон удаатай. Гүйхээр толгой дахь бодлууд цэгцэрч, эрч хүчээр цэнэглэгддэг учраас өглөө бүр 2-3 км гүйдэг. Ажил дээрээ ирээд цайны цаг хүртэл олон улсын төслүүд дээр бүрэн төвлөрч ажиллана. Өдөр бүр хилийн чанад руу цахим уулзалт хийж, имэйлээр харилцдаг юм.

Ингээд үдээс хойшдоо дотоод ажлууддаа анхаарч, шаардлагатай бол хөрөнгө оруулагчид, харилцагчидтайгаа уулзаж, бусад төслүүд рүүгээ ордог. Бусадтай харилцаа холбоо саарсан үед үл ойлголцол гарах магадлал өндөр учраас шаардлагатай мэдээллээ цаг тухайд нь солилцож харилцана гэдэг амаргүй. Гэхдээ энэ бол бизнест анхаарах ёстой хамгийн чухал хэсэг гэж боддог.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Ямар ч ажлыг өөрийн болгож, ард нь гарах чухал. Ажлыг голж, хүнд, хялбар гэж ялгах, эсвэл өнгөц, дээгүүр харахгүйгээр гүнд нь орж, багийнхаа дунд "хутгалдаж" ажиллах дуртай.

Би ер нь аливаад ганцаараа биш хамтдаа өөдрөг, эерэг байхыг зорьдог. Хэн ч ганцаараа төгс төгөлдөрт хүрч чадахгүй учраас бүх зүйлд баг хамт олноороо зүтгэж, үр дүнг нь хамтдаа харахыг хүсдэг. Хүн бүр дарга байх албагүй. Хурал даргалаад сууна гэдэг үнэндээ уйтгартай ажил юм шиг. Түүний оронд хамтдаа гараасаа юм гаргах нь хавьгүй сайхан.

Мөн “Team Diversity” буюу багийн гишүүдийн олон талт байдал маш чухал. Таван ижил төрлийн ур чадвартай инженер дагуулаад амжилтад хүрч болох ч нэг нь санхүүч, нөгөөх нь маркетингийн гэх мэт өөр өөр ур чадвартай байвал дараагийн шатанд илүү хурдан хүрч чадна.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

“Google”-ийн программууд болон харилцаа холбооны аппуудыг тогтмол ашигладаг. Төлбөр тооцоонд Mongol Chat апп-ийг түлхүү хэрэглэж байна. Хэрэгслийн хувьд гар утас, зөөврийн компьютер, ухаалаг бугуйн цагийг дурдах нь зүйтэй байх. Бугуйн цагийг эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ хянахад тогтмол ашигладаг. Бидэн шиг технологийн хүмүүст эрүүл мэнд хамгийн чухал.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хийх ажлуудаа зөв хуваарилах нь чухал. Багаараа бол ганцаараа байхаас хэд дахин илүү супер байж чадна. Би өмнө нь өглөө эрт сэрээд, орой унтдаг, бүх ажлаа өөрөө хийх гэж зүтгэдэг байсан. Бага ачаалалтай, чухал бус ажлыг хүртэл 3-4 цаг нухаж хийдэг байсан үе. Харин одоо ажлуудаа томоор зураглаж, долоо хоногоор төлөвлөсний дараа багтаа зөв хуваарилахад анхаардаг болсон. Бид төлөвлөлтийн платформ ашиглаж, хэн юуг хариуцах, үр дүн нь ямар байхыг тодорхойлдог.

Хэн юу ч хийж сурсан бусдадаа хуваалцаж, дараагийн үеэ бэлддэг байх хэрэгтэй. Ганцаараа бүхнийг чаддаг, супер байх нь утгагүй. Эцсийн цэгт хамтдаа л очно гэх философийг би баримталдаг. Эцсийн амжилтыг ганцаараа биш олуулаа эдлэх сайхан шүү дээ. Бүгдийг ганцаар хийгээд баярлах, эсвэл хамтдаа хийгээд аз жаргалыг мэдрэх гэдэг тэнгэр газар шиг ялгаатай.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Хийх ёстой ажлуудынхаа ерөнхий зураглалыг гаргаад долоо хоногт задалж хуваадаг. Гэхдээ хуанлид заасны дагуу яг таг биелүүлэх гэж улайрдаггүй. Төлөвлөснөөс гадуурх, гэнэтийн ажил гарч болох учраас шаардлагатай бол хойшлуулах, урагшлуулах байдлаар уян хатан төлөвлөдөг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Гүйх. Би одоог хүртэл гүйхэд суралцсаар байгаа. Хөл хорионы үеэр ажил дууссан ч түр мартаж, амрах нь амаргүй байлаа. Гэртээ ирээд хүүхдүүдтэйгээ тоглож байгаа ч ажлаа бодоод тархи толгойгоо ачаалаад байх нь өөрт эргээд стресс үүсгэдэг учраас хэзээ зогсохоо мэддэг байж, энергиэ сэлбэж сурах нь чухал юм билээ. Ялангуяа, хөл хорионы үеэр ажил, амралтын зааг арилаад гэртээ өдөр шөнөгүй ажиллах нь холгүй юм болсон. Ийм үед спортоор хичээллэх нь эрч хүчээ сэлбэх, аз жаргал мэдрэх хамгийн сайн арга. Мөн гэр бүлтэйгээ зуслан явах, гадуур хооллох, салхилах гээд зүсэн зүйлийн төлөвлөөгүй зүйлс хийж амрах дуртай. Гэр бүлд “ингэх ёстой” гээд эхлэхээр л ажил хийж буй юм мэт санагдаад явчихдаг учраас тухайн мөчдөө мэдрэмжээ дагах нь л таатай.

Ажлаас бусад үед гүйх, усанд сэлэх, фитнесст явах дуртай. Би анх гүйж эхлэхэд нэг км ч гүйж чаддаггүй байсан. Яваандаа ихэссээр холын зайд гүйдэг болсон юм. Гүйх тусам хүний физиологийн чадамж хязгааргүй гэдгийг ойлгож байна. Тархи хэчнээн ядарч туйлдсан дохио өгдөг ч өөртөө чадна гэж итгүүлбэл болдог юм билээ. Гэхдээ юуны төлөө гүйж байгаагаа мэдрэх нь чухал. Холын марафонд 30 км гүйгээд бахардаж унах гэж байхад хажуугаар 60, 70 настай хүн нуруун дээрээ хүүхдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө гээд бичигтэй гүйж байхыг харахаар өөрийн эрхгүй ядарснаа мартаад гүйдэг юм билээ.

2015 онд хөгжлийн ялгаатай иргэдийг дэмжих зорилготой “Аchilles Mongolia” байгууллагын гүйлтийн марафонд оролцсон нь надад гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Гүйх гэдэг зөвхөн физиологийн дасгал бус хүнд итгэл найдвар, аз жаргал өгдөг утга учиртай зүйл болохыг тэгэхэд ойлгож билээ. Марафонд шалгарсан тамирчид Нью-Йорк, Бостон, Берлин зэрэг олон улсын марафоны тэмцээнд очих үед нь бид сайн дурын ажилтан болж, тусалж дэмждэг юм.

Нэг удаа харааны бэрхшээлтэй монгол залуугийн сайн дурын ажилтнаар олон улсын марафоны тэмцээнд оролцохоор ирээд байлаа. Яг тэмцээн болох өдөр нь залууд амжилт хүсээд, бариан дээр уулзъя гэхэд өнөөх залуу энэ бүхний эцэст хамт гүйхгүй байсан юм уу гээд урамгүй болчихоор нь за хамтдаа гүйе гээд ямар ч бэлтгэлгүйгээр гадуур өмсдөг зориулалтын бус кэттэй 42 км зайд хамт гүйчихсэн. Энэ бол эрүүл мэндийн хувьд маш эрсдэлтэй алхам байсан. Тогтмол бэлтгэл хийж, зориулалтын хувцас өмсгөлтэй байж оролцох ёстой. Гэхдээ тэр залууд өөрийгөө ялан дийлэх итгэл өгч дэмжихийн тулд хамт гүйсэндээ харамсаагүй.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

“Nest Education IT School” маань зөвхөн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд бэлтгэх бус залуус юунд илүү сонирхолтой байгааг илрүүлж, зөв чиглүүлэх зорилготой. Бид 2017 оноос сургууль байгуулахаар ярилцаж, мэдээллийн технологи сонирхдог хүүхдүүдэд сургалт явуулан хөтөлбөрөө боловсруулж эхэлсэн. Залуусыг их сургуульд орохоос нь өмнө суралцах чадвартай болгож, юу хүсэж байгаагаа олоход нь туслах нь бидний гол философи юм. Манайд одоогоор дунд, ахлах ангийн 200 гаруй сурагч суралцаж байна. Бид ирэх намраас шинэ байрандаа хичээлийн шинэ жилийг эхлүүлж, бүрэн дунд сургуулийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа.

2020 онд бид анхны төгсөгчдөө үдсэн. Талаас илүү нь гаднын их сургуулиудад суралцахаар зориод, эхнээсээ тэнцээд явж байна. Багшлах боловсон хүчний хувьд суурь хичээлүүдийг заах академик багш нар болон салбартаа амжилт гаргаж яваа инженерүүдээр бодит практик хичээл заалгадаг. Мөн "Facebook", "Amazon", "Microsoft" тэргүүтэй гаднын технологийн компаниудад ажиллаж буй залуус манай сурагчдад салбарын чиг хандлага, арга барилын тухай хуваалцаж, зөвлөгөө өгдөг.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Технологи бол бүх салбарын хурдасгуур. Бид амьдралаа хөнгөвчилж, хялбарчлахын тулд технологийг ашиглаж асуудлаа шийддэг. Тэр бүхэн бидэнд өмнө нь хүрч чадаагүй боломжуудыг нээж өгсөн. Ховдод байгаа хүүхэд Харвардын профессорын хичээлд суухын тулд АНУ явах шаардлагагүйгээр онлайнаар хичээл сонсох боломжийг технологи олгож байна. Өмнө нь банкнаас зээл авахын тулд олон хоног хүлээдэг байсныг финтек хэдхэн секунд болгож өөрчилсөн. Энэ бүх технологийн дэвшил, шинэчлэлүүд биднийг ажлаа урам зоригтой хийх гол хөшүүрэг болдог.

Мэдээллийн технологийн салбар бол цэвэр мэдлэг дээр суурилсан учраас мэдсэн нь бусдадаа хуваалцдаг, туршлагаа хоорондоо солилцож хамтдаа ажилладаг байх учиртай. Тиймээс хүний нөөц гэдэг энэ салбарын хамгийн том сорилт. Би мундаг гээд л байвал дороо муудаж зэврэх учраас үргэлж суралцаж, өөрсдийгөө сайжруулахын төлөө явах хэрэгтэй.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

“Infinite Solutions” компанийн хувьд үндсэн гурван чиглэлээр ажиллаж байна. Үүнд, технологийн шийдэл хөгжүүлэх инженерийн багууд болон “Tech hub” буюу гарааны бизнесүүдийг санаанаас нь эхлэн хөгжүүлэн, хөрөнгө оруулах замаар бойжуулж байна. Mongol Chat, Sono апп-аас эхлээд АНУ, Мексик, Сингапурт хэрэгжиж буй төслүүдийг дурдаж болох юм. Манай АНУ дахь баг одоогоор Сиатл хотод байршиж, Хойд Америкт хэрэгжиж буй төслүүдийг хариуцан ажиллаж байна. Монгол, гадаад инженерүүдээс гадна америк компаниудтай баг болон хамтран ажилладаг.

Гуравдугаарт, Ultimate ERP систем буюу байгууллагын үйл ажиллагааг удирдах автоматжуулалтын шийдлийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Хөшигтийн хөндийн нисэх буудал, удахгүй нээгдэх Өмнөд Солонгосын "GS25" сүлжээ дэлгүүрийн технологийн шийдэл дээр ажиллаж байгаа юм. Өмнө нь, олон улсын сүлжээ бизнесүүд Монголд орж ирэхдээ өөрсдийн технологийн шийдэлтэй ирдэг байсан бол одоо бид өөрсдөө хөгжүүлэх бүрэн боломжтой хэмээн үзэж ERP системээ нэвтрүүлсэн.

Зөвхөн дэлгүүрээр жишээ татахад бараа материал татах, агуулах, тээвэрлэхээс өгсүүлээд хэрэглэгчдийн гарт хүргэх, кассын систем, төлбөр тооцоо хийх зэрэг олон шат дамжлагад технологийн шийдэл нэвтрүүлж байна. Тэдгээр франчайз бизнесүүд цаашид Ази, Европын зах зээл рүү тэлэх нь тодорхой учраас бид системийг нь олон улсад хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа.

Бид өнгөрсөн 14 жилийн хугацаанд гадаад, дотоодын зах зээлд олон шинэ бүтээгдэхүүн туршиж, хөрөнгө оруулалт татахаас гадна олон улсын компанийн бизнес, технологийн багийг удирдаж туршлага хуримтлууллаа. Цаашид бид Ultimate ERP системийг олон улсад нэвтрүүлэх, финтек төслүүдээ Хойд Америкийн зах зээлд гаргах, Өмнөд Азид гаргасан шинэ бүтээгдэхүүнээ дараагийн шатанд хүргэх зорилго бий. Хүмүүс аливаа бизнесийн хөрөнгө оруулалт татах үйл явцыг сонирхдог хэрнээ дараа нь юу болж хувирсныг үл анзаараад байх шиг. Уг нь энэ бол хамгийн чухал үе шат шүү дээ.

“Nest Education IT School”-ийн хувьд Монголын технологийн "цахиурын хөндий" болох зорилгын хүрээнд олон шинэ туршилт, хөгжүүлэлт хийж, "Google", "Amazon", "Facebook" зэрэг дэлхийн топ технологийн компаниудын салбарыг байгуулах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна. Хамгийн гол нь, тийм нөхцөл бүрдүүлэхийн тулд бид хангалттай боловсон хүчин, инженерүүдтэй байх хэрэгтэй учраас сургуулийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэхэд анхаарна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Энгийн мэт боловч хэрэггүй зүйлд цаг үрэхгүй байх нь маш чухал. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд хэрэгтэй, хэрэггүй маш их уулзалт, арга хэмжээ болж байна. Хэрэв танд бусдад санал болгох хэрэгтэй зүйл байхгүй л бол тиймэрхүү уулзалтад байнга очиж, цагаа үрээд дэмий болов уу. Түүний оронд хүсэж дурлаж буй зүйлдээ цагаа бүрэн зарцуулж, өөртөө сурч боловсрох хугацааг харамгүй өгөх хэрэгтэй. Хүмүүстэй уулзаж танилцах нь буруу биш ч тэнцвэртэй байлгахыг хичээх нь зүйтэй байх.

Миний хувьд судалж мэдэхийг хүссэн зүйлээ цаг зав л гарвал уншиж судалдаг. Мөн тухайн асуудлыг сайн мэддэг хүмүүстэй ярилцаж, санал бодлоо солилцоно. Сүүлийн үед хиймэл оюуныг технологи болон концепцын түвшинд сонирхон судалж байна. Ирэх арван жилд технологийн салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэлүүд гарах нь тодорхой. Гол нь бид бэлэн эсэх тухай асуудал юм. Массын түвшинд алийг нь ч сайн ойлгоогүй явж байгаа учраас бид олж мэдсэн туршлагаа хуваалцах нь зүйтэй. Тэр ч утгаараа бид хиймэл оюуны тухай сүүлийн үеийн судалгаа, бүтээлийг монгол хэл дээр хөрвүүлж түгээхэд анхаарч байна.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Массачусетсийн Технологийн Институтийн профессор Макс Тегмаркийн хиймэл оюуны талбарт гарсан сүүлийн үеийн ололтууд болон бид юунд бэлэн байх хэрэгтэй тухай өгүүлсэн "New York Times"-ийн бэстселлер болоод буй “Амьдрал 3.0” номыг санал болгоё. Номыг зохиогч нь Элон Маскийн хиймэл оюуны төслүүдийн зөвлөхөөр ажилладаг, одон орон судлал, хиймэл оюунтай холбоотой олон зуун өгүүлэл бичсэн судлаач юм.

Өдгөө хиймэл оюун гэдэг бидний амьдралд хэдийн нэвтэрсэн ч цөөн алхмыг гүйцэтгэдэг явцуу хүрээнд байна. Дараагийн шатанд “general artificial intelligence” буюу аливааг хүн шиг ойлгодог түвшинд очих таамаглал бий. Түүний дараах нь “super intelligence” буюу "Transcendence" кинон дээр гардаг шиг супер оюун бий болох тухай маргаан дагуулсан сэдэв хэлэлцэгдсээр байна. Бид өөрсдийн үр хүүхэд, дараагийн үеэ хайрлан хамгаалахын тулд тэднийг ирээдүйд болж өрнөх зүйлсэд бэлэх хэрэгтэй учраас дээрх номыг бид ашгийн бус зорилгоор монгол хэлнээ хөрвүүлж эрхлэн гаргаад байна.

Манайд монгол хэл дээрх шинжлэх ухааны чанартай сайн өгүүлэл цөөн гардаг. Хэрхэн амжилттай стартап байгуулах вэ, хэрхэн хурдан баяжих вэ гэдгээс илүүтэй шинжлэх ухааны чанартай ном бүтээлийг залууст хүргэх нь илүү ач холбогдолтой. Сууриа зөв тавьсан залуус бусад уян ур чадварыг аяндаа эзэмшчихдэг, харин суурьгүй бол хэчнээн хэл устай, бизнесийн мэдлэгтэй байгаад хуурай байх болов уу.

Хөгжмийн хувьд “Lemons” хамтлагийн улаан фэн, бүх дуунд нь дуртай. Дэлхийн түвшний гайхалтай хамтлаг гэж боддог. Мөн “The Colors” хамтлагийг олон улсын зах зээлд гарах нөөц бололцоотой “тасархай” уран бүтээлчид гэж хардаг шүү. Түүнээс гадна “Uranus”-ийн дуунууд их таалагддаг. Ер нь шинэ үеийн уран бүтээлчдийг сонирхдог юм байна. Урьд нь хип хоп их сонирхож, түлхүү сонсдог байсан. Одоо ч сонсдог хэвээрээ л дээ. Киноны тухайд Кристофер Ноланы бүтээлүүд их таалагддаг. Шинжлэх ухаан, уран зөгнөлт төрлийн кинонуудыг сонирхдог, давтан үзээд ч уйддаггүй.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

АНУ дахь бизнесийн анхны хамтрагчийн маань нэг, дотнын найз шиг болсон ахтайгаа нэг өглөө гүйхээр гарсан юм. Тухайн үед дасгал хөдөлгөөн хийдэггүй, шөнө оройтож унтдаг, хамаагүй иддэг гээд амьдралын буруу хэв маягтай залуу байлаа. Тэгээд 1.6 км гүйж чадахгүй бахардаад түр амаръя гэхэд над дээр ирээд бидний ур чадвар, мэдлэгт хэзээ ч эргэлзэж байгаагүйгээ хэлээд хамтдаа хол явахын тулд эрүүл саруул байх нь хамгийн чухал юм шүү, өөртөө анхаарал тавь гэж хэлсэн.

Надаас 25-30 насаар ах хэрнээ эрүүл чийрэг, миний хажууд юу ч болоогүй юм шиг гүйж байгааг хараад нэгийг бодсон. Бид мэдлэг, ур чадварыг цаг хугацаа ашиглан нөхөж олж авч болох ч эрүүл мэндийг нөхнө гэж байхгүй. Хэрэв та оршиж чадахгүй бол юу ч оршихгүй шүү дээ.

Стэнфордод сурч байхдаа “Done is better than perfect” буюу төгс хийх гэж зүтгэхээс илүү хийж үзээд ард нь гарах нь чухал гэх үгийг олон сонсож байсан. Шалтаг шалтгаан мянгыг хэлж болно. Хүсэл байвал арга олдоно гэж үг бий.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Бид аливаа бизнесийн амжилтыг харахдаа эцсийн мөчийг нь, үр дүнг нь илүү онцолж ярьдаг. "Амазон", "Google" компанийг төсөөлөхдөө ганц хоёр залуу гараашнаасаа эхлээд л шууд гайхалтай амжилт гаргаад явчихсан мэт боддог. Амжилтын ард чухам юу болсон түүхийг илүү сонирхох ёстой шүү дээ. Цаана нь хэчнээн их хөдөлмөр, уналт өсөлт, бүтэлгүйтэл, эсвэл гарааны бизнесийг зохион байгуулалттай дэмждэг хөрөнгө оруулалтын сан болон түүний хүчирхэг медиа PR баг байсныг мэдэхгүй. Тиймээс хөшигний ард өрнөсөн түүх, үйл явдал, үе шатыг мэдэхгүйгээр өнгөц шийдвэр гаргаж болохгүй.

Залуус гарааны бизнес гэдэг зүйлд хэт сэтгэл татагдаад байх шиг. Тэрний оронд өөрсдийн үнэ цэн, ур чадвараа сайжруулахад л анхаарах хэрэгтэй. Ядаж нэг төслийн ард гараад үзвэл илүү ханатай болох болов уу. Монголдоо туршсан бол олон улсад гарахаар зорих хэрэгтэй. “Битлз”-ийн гишүүд мундаг ч дан дангаараа хамтлаг болсон шиг өндөр амжилтад хүрэхгүй байсан байх. Тиймээс хамтдаа алдаж онож, амжилтад хүрье.