Энэ удаагийн дугаартаа Fibo Cloud-ын хамтран үүсгэн байгуулагч Н.Ганжигүүртэй ярилцлаа. Тэрээр 2017 онд хоёр найзын хамт Монголын анхны клауд инноватор компанийг байгуулж, дотоодын олон зуун стартап компанид үүлэн технологийн шийдлийг санал болгож буй. Одоогоор дотоодын клауд зах зээлийн 40 хувийг хангаж байгаа тэдний хувьд манай улсын анхны олон нийтийн клауд үйлчилгээ болох Cloud.mn-ийг танилцуулсан билээ. Тодруулбал, “Үндэсний клауд” үйлчилгээнээс та технологийн бүх төрлийн платформыг нэг дороос авах боломжтой ба интернет орчинд аль ч төхөөрөмжөөс холбогдож болдгоороо давуу талтай. Ингээд тус компанийн тулгын гурван чулууны нэг болсон Н.Ганжигүүрийн ажил болоод амьдралын нөү-хаутай танилцъя.
Байршил: Натурын зам, Реженси Резидэнс, 2-р давхар
Эрхэлдэг ажил: Fibo Cloud компанийн хамтран үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 13 ProMax
Хэрэглэдэг компьютер: HP Pavilion
Сошиал хуудсууд: Жигүүр Жий (Facebook), thedaysofbeingwild (Instagram)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуулийг төгсөж байлаа. Ахлах сургуульд байхдаа дүүрэг, нийслэл, улсын олимпиад алгасаж үзээгүй тоонд дуртай хүү байсан. Математикийн шинжлэх ухаанд “Бараг болсон” гэх ойлголт байдаггүй. Гагцхүү “Болсон эсвэл болоогүй” гэсэн хоёр ойлголт л бий. Энэ тодорхой байдалд хамгийн их татагдсан гэж хэлж болох юм. Програмын салбарт ч мөн “Ажиллана эсвэл ажиллахгүй” хэмээх хоёр тодорхой үр дүн байдаг учраас эл шалтгаанаар одоогийн software инженерийн мэргэжлээ сонгож, 2014 онд МУИС-д бакалаврын зэргээ хамгаалсан.
2016 онд “Имарт” хайпермаркетыг Монголд нээлтээ хийж байхад тус сүлжээ дэлгүүрийн худалдааны цогц систем буюу кассын програм дээр ажиллах завшаан олдож, ажлын карьераа уг томоохон төслөөс эхлүүлж байлаа. Миний хамтран бүтээлцэж хөгжүүлсэн системийг одоо ч ашиглан үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлж байгааг харахад сэтгэлд өег байдаг шүү.
Үүний дараа буюу 2017 онд Улаанбаатар хотод өндөр технологийн компани байгуулахаар хэдэн нөхөд нийлж, Fibo Cloud-ын эхлэлийг тавьсан. Ер нь манай үеийн залуусын дунд их, дээд сургуулиа төгсөөд хоёр жил мэргэжлийнхээ дагуу ажиллаж, мастерын зэргээ гадаадын аль нэг улсад хамгаална гэх бичигдээгүй хууль бий. Одоо ч энэ жишгээр яваа залуучууд цөөнгүй байгаа. Харин бидний хувьд өөрсдийн нөөц бололцоо, эрч хүч ундарсан залуу насаа стартап компаниа байгуулахад бүрэн зориулъя гэж шийдсэн. Ийнхүү Монголын анхны клауд инноватор, high-tech стартап компани болох Fibo Cloud-ыг байгуулсан. Өнөөдөр зөвхөн бид гэлтгүй гарааны бизнесийн стартапууд бүгд ачааны хүндээс үүрэлцэн явааг онцолмоор байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Амжилтад хүрсэн хүмүүс ажлын тэнцвэрт хуваарьтай байх ёстой гэж зөвлөх нь элбэг. Гэвч үнэн хэрэгтээ хүн амжилтад хүрсэн хойноо юу ч гэж ярьж болно шүү дээ. (инээв) Миний хувьд бараг л “996” гэсэн системээр ажилладаг. Гэхдээ энэхүү ажиллах арга барилыг бусдад санал болгоход тийм ч тохиромжтой биш болов уу.
Компаниудтай хамтарсан төсөл олон байдаг учраас өдрийн цагаар ихэвчлэн хурал уулзалтад оролцох, багийн гишүүдтэйгээ санал бодлоо солилцох, ажлын явцад нь асуудал байгаа эсэхийг нягтлах зэрэг ажилд төвлөрдөг. Харин бусад үед нь зөвхөн миний зүгээс шаардлагатай, надаас хамааралтай ажлуудад анхаарлаа хандуулна. Заримдаа илүү гүн төвлөрөхийн тулд гэрээсээ ажиллах тохиолдол гардаг ч амарч тухладаг газраа оффисын зориулалтаар ашиглах нь тийм ч зөв сонголт биш юм билээ. Мөн “Burn out” буюу ажлаас халширч, архаг стресст автахгүйн тулд сэтгэл зүйчтэй ярилцдаг.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Ажлын тал дээр надад баримталдаг нэг л чухал зүйл бий. “Тухайн ажлын бодох үйлийг та биш хэрэглэгч хийнэ”. Үүнийг товчоор тайлбарлавал, бид заримдаа аливаа нэг асуудалд гарц гаргалгаа, шийдэл шийдвэр олох гээд хэтэрхий их цаг зарцуулж, гацаж суух тохиолдол байдаг. Гэвч эцсийн дүнд тэдгээрийг хэн хэрэглэх вэ гэвэл хэрэглэгч шүү дээ. Тэгэхээр ямар ч бүтээгдэхүүн, үйлчилгээ байсан анхны хувилбар гарах үед шууд л хэрэглэгчдээ хандах хэрэгтэй. Болох, болохгүйг нь тэд хэлж өгнө. Удаан бодож гацалгүй, шууд хийж эхлэх хэрэгтэй бөгөөд алдаагаа хүлээн зөвшөөрөх нь чухал. Илүү тодруулбал, энэ нь нөхцөл байдал, нөөц боломжийг ойлгох бидний мэдрэмжийн асуудал.
Баг, хамт олон удирдаж байгаагийн хувьд ажилтан нэг бүртээ тухайн асуудлыг хариуцах бүрэн эрх мэдлийг нь өгдөг. Ингэснээр алдсан ч бай, оносон ч бай аливаад хариуцлага хүлээх чадвар, удирдан залах төлөвт суралцдаг гэж ойлгож болно.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Excel шиг төгс програм гэж үгүй. Маш олон янзаар ашиглах боломжтой. Тиймээс өдөр тутмын хэрэглээнд Excel-ийг тогтмол ашигладаг.
Мэдээж олны жишгээр бизнес явуулахад шаардлагатай бүх програм, платформ, апп-ыг хэрэглэж байна. Мэдээллийн эх сурвалжийн хувьд сошиал платформ гэхээс илүүтэй Reddit, Toplink зэрэг коммюнитигээс мэдээ, мэдээллээ авч байдаг. Өөрийн сонирхсон сэдэв, чиглэлийн дагуу бусдаас үргэлж асуух дуртай.
Мөн дурдахгүй өнгөрч үл болох нэг програм бол PMT (Project Management Tool). Цар тахлын нөлөөгөөр зайнаас ажиллах шаардлага тулгарсан үед манай байгууллагын соёлд төгс нийцэх програм байгаагүй учраас бид өөрсдийн ажлын хэмнэл, хэв маягтаа тохирсон платформыг бий болгосон. Төслөө удирдахаас гадна өөрсдийн сошиал нэтворкинг нөхцөлийг үүгээр бүрдүүлж чадсан.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Товч бөгөөд тодорхой хэлье. Нэгдүгээрт, тухайн ажилдаа мэргэшсэн хүн аливаа ажлыг хурдтай хийж чаддаг. Хоёрдугаарт, зорилготой хүн удаан бодож цагаа дэмий үрдэггүй. Энэ бол миний өөртөө ч, өрөөлд ч зөвлөдөг санаа.
Үүнээс гадна биеийн энерги, сэтгэл санаа, эрдэс бодисын тэнцвэрт байдал асар чухал. Эрч хүчгүй болсон үедээ бид ажлаа хойш тавих, зайлсхийж өөр зүйлд сатаарах зэргээр цаг нөхцөөх нь элбэг байдаг шүү дээ. Энэхүү тэнцвэрт байдлыг хадгалахын тулд хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг хүний биеийн энерги, эрч хүчийг өндөр түвшинд байлгадаг зүйлсүүдэд анхаарах хэрэгтэй.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Олон янзаар туршиж үзсэн ч нэг л зүйлийг баттай ойлгож авсан. Хүн энгийн зүйлийг л эцэст нь хэрэглэдэг юм билээ. Миний хувьд компьютерийн Notepad, Excel sheets, тэмдэглэлийн дэвтэр дээр төлөвлөлтүүдээ гаргадаг. Хугацааны тал дээр “Workday Zero” буюу долоо хоног бүрийн ням гарагийг төлөвлөлтөд бүрэн зориулж, ирж буй долоо хоногоо нарийвчлан төлөвлөдөг.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Бие болоод сэтгэл зүйг ажлаас бүрэн чөлөөлж чаддаг зүйл бол аялал. Өнгөрсөн зун Монголын хамгийн өндөр цэг Алтай таван Богдын “Хүйтний оргил” өөд гарчхаад ирсэн. Мэдээж энэ оргилд хүрэхийн тулд асар их бэлтгэл сургуулилт хэрэгтэйн зэрэгцээ тэр хэмжээгээр эрсдэл дагуулах нь тодорхой. “Үхэж ч магадгүй” гэх бодол хүний амьдралд юу хэрэгтэй, юу хэрэггүй вэ гэдгийг ялгаж харахад тусалдаг юм билээ.
Тийнхүү би гэдэг хүн уулын спортын хорхойтон болсон. Энэ спорт намайг олон янзын зүйлс бодоход хүргэсэн. Жишээ нь уулын бэлээр алхаж яваа хүнд олон сонголт бий бол, нэгэнт авирч яваа хүнд тэвчээр заан цааш үргэлжлүүлэх эсвэл доош буух гэсэн хоёр зам бий. Үүнийг бизнес эрхэлж буй хүний сэтгэлгээгээр харвал, хэрэв бид шантарч буух сонголт хийвэл өдий хүртэл гаргасан хичээл зүтгэл, хөрөнгө оруулалт, цаг хугацаа маань талаар болохтой ижил.
Мөн би хүчээ эцэс хүртэл нь шавхаж, өөрийгөө сорьдог төрлийн хүн учраас кроссфитээр хичээллэх дуртай.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Гурван ажил байна.
Улаанбаатар хотод технологийн талбарт давшиж яваа залуусыг олонд танилцуулах, тэдэнтэй санал бодлоо хуваалцах зорилгоор шинэхэн подкастаа эхлүүлсэн. Өөрийнхөө судалж мэдэхийг хүссэн сэдвийнхээ дагуу салбарын мэргэжилтнүүдтэй подкастаараа дамжуулан ярилцдаг. Ер нь технологийн стартап эхлүүлж байгаа залуус аливаа асуудлыг шийдвэрлэе гэхээс биш хөрөнгө мөнгөтэй болъё гэж компани байгуулдаггүй болов уу. Нөгөөтэйгээгүүр шинэ оны өмнө койны их хөөсрөлөөс 60 гаруй IT төсөл бүгд хүчирхэг багтай, гайхалтай бизнес модельтой хэмээн "White paper" буюу технологийн танилцуулга дээрээ бичсэн байсан. Аль нэгийг нь онцлох гээгүй ч энэ нь өөрөө магадлалын онолын хувьд оршин тогтнох боломжгүй зүйл. Хэрэглэгчид технологийн талаар үнэн зөв мэдлэг, мэдээллийн авах ёстой.
2. Amazon Web Services Community
AWS бол дэлхий дээрх хамгийн том клауд платформ. Орчин үед IT салбар ихэвчлэн коммюнити дагаж хөгжих болсон ба инженерүүд өөрсдийн мэдлэг туршлагыг хуваалцаж, хамтдаа хөгжих орчныг бүрдүүлэхээр зорьж байна. Монгол Улсаас "AWS" коммюнити албан ёсоор Amazon компанид бүртгэгдсэн бөгөөд гадаадын инженерүүд ч өөрсдийн туршлагаа бидэнтэй хуваалцах үе байдаг.
3. Global Shapers Ulaanbaatar Hub
Төрөл бүрийн үзэл бодол, олон янзын салбарын эрхмүүдтэй уулзах боломж энд бий. Тэдэнтэй санал бодлоо солилцож суралцахын хажуугаар нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд гар бие оролцох боломжтой.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Сөргөөс нь эхэлчихье. (инээв) Дата төвтэй холбоотой бизнесийг гурван залуу нийлж суугаад, грашнаас эхэлнэ гэж түүхэндээ үгүй. Өөрөөр хэлбэл тийм амархан эхлэхгүй гэсэн үг. Аливаа хэрэглэгчийн хамгийн үнэ цэнтэй дата мэдээллийг найдвартай хадгалах, бизнесийнх нь амин чухал хэсэг болсон системийг тасралтгүй ажиллуулах үүрэг хүлээх нь асар том хариуцлага. Нөгөөтээгүүр, өндөр түвшний ур чадвартай баг бэлтгэх болоод тэднийг нэг хамт олон болгоно гэдэг хэцүү сорилттой нүүр тулна. Энэ бүхний эцэст хамгийн чухал нь өөрсдийн үйлчилгээг хэрэглэгчдэдээ найдвартай гэдгийг баталж харуулахын тулд олон жилийн уйгагүй хөдөлмөр шаардлагатай. Учир нь энэ салбарын бизнес ямагт итгэлцэл дээр тогтдог.
Эерэг сайн талыг тоочоод байвал дуусахгүй. Ер нь бизнесийг нэг хүн бус нэг хамт олон л хийдэг. Энэ ч утгаараа хүчирхэг багийг бүтээж чадвал боломж хаа ч бий. Гэхдээ ёс зүйтэй байхыг хэзээ ч орхигдуулж болохгүй. Эцсийн дүнд бид энэ улсад цаашид 40, 50 жил амьдрах хүмүүст л зориулж үнэ цэн бий болгож яваа шүү дээ.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
0 цэгээс эхэлсэн үндэсний Cloud.mn-ийг өдгөө дөрөв дэх жилдээ хөгжүүлээд явж байна. Аливаа улс орон дижитал шилжилт хийхэд зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг нь суурь дэд бүтцүүд байдаг бол тэдгээрээс хамгийн чухал нь клауд буюу үүлэн технологийн экосистем. Манай улсын хувьд дижитал шилжилт, цахим засаглал зэрэг гарт баригдах програм дээр илүү төвлөрч байгаагаас биш тэрхүү програм нь юун дээр, хэрхэн ажиллах вэ гэдэгт төдийлөн анхаарахгүй байна. Хамгийн энгийн жишээгээр тайлбарлавал, энэхүү үүлэн технологи нь Android, iOS гэх мэт гар утасны үйлдлийн системтэй ижил тухайн програмыг ажиллахад туслах гол зүйл гэж ойлгож болно.
Өмнө нь дурдсан AWS (Amazon Web Services) 2006 онд анх гарч ирснээс хойш дэлхий дээрх стартап компаниудын тоо эрс нэмэгдсэн. Уг клауд технологийн ачаар бидний мэдэх Uber, Airbnb, Netflix зэрэг платформууд хэрэглэгчдэд хүрэх боломжтой болсон юм. Харин бидний зорилго бол дотооддоо энэ технологийн боломжийг бий болгоход чиглэж байгаа. Одоогоор дотоодын клауд хэрэглээний 40 орчим хувийг хангаж байна.
IT-ийн салбар нийгмийн асуудлыг технологийн талаас хэрхэн шийдэх боломжтой вэ гэдэгт төвлөрөн ажилладаг. Энэ ч утгаараа бид хэд хэдэн салбарт өөрчлөлт авчрах платформ, системүүдийг хийж байгаа. Цаг нь ирэхээр мэдэгдэх болно.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
“If you are under thinking, read. If you are overthinking, write” гэдэг шүү дээ. Бодол цэгцэрдэг учраас би бичих маш их дуртай. Ихэвчлэн аяллын тэмдэглэл болон зөвхөн өөртөө хадгалж үлдэх үгсээ сийрүүлдэг.
Мөн сүүлийн үед богино хугацаанд мэдээлэл олж авахад суралцаж байна. Үүнд Tech in Asia, Tech Crunch, Lenny's Newsletter, Benedict's Newsletter зэрэг цахим товхимол нэлээн тус болж байгаа. Үүнээс гадна хүссэн сэдвээрээ YouTube-ийн бичлэгүүд үзэж цагаа хэмнэдэг.
Хэдийгээр өдөр тутамдаа удирдлагын ажилд төвлөрөн код бичих, хөгжүүлэлт хийх ажлуудаа түр хойш тавьсан байгаа ч технологиос хөндийрөхгүйн тулд тогтмол Google, Amazon-ы мэргэжлийн шалгалтуудыг өгч, өөрийгөө сорьж байгаа. Мөн бусдын ажлыг ойлгох, үнэ цэнийг нь бүрэн мэдрэхийн тулд тухайн технологийг өөрөө хийж, туршиж үзэх нь чухал санагддаг. Жишээ нь, саяхан нэг шөнө сууж байгаад NFT бүтээж үзсэн. Онлайн хичээл болон чанартай мэдээллийн сувгууд олон болсон өнөө цагт өөртөө цаг гаргадаггүй залхуу хүмүүсийг өрсөлдөөнөөс түрж гаргахад улам амархан болж байна. Нэгэн бодлын аймаар ч юм шиг. Уг нь хүн чинь залхуурах эрхтэй шүү дээ.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Ном уншихад төдийлөн цаг гаргаж чаддаггүй болохоор номын тойм, хураангуйгаас ерөнхий агуулыг нь ойлгоход хангалттай гэж боддог. Орчин үеийн хит болж байгаа сэтгэл зүйг менежменттэй холбосон номуудыг заавал сонирхох хэрэгтэй мэт санагдсан. Мөн зохиолчдынх нь TedX илтгэлүүдийг сонсох хэрэгтэй.
Яг үнэндээ ямар хөгжим сонсохдоо хүртэл толгойгоо ажиллалуулмааргүй байна. (инээв) Сүүлийн үед өөр өөр мэдрэмж авах үүднээс Radio Garden-аар дамжуулан олон орны FM сонсож байгаа. Улс бүрийн хэл, соёл, ондоошил дуу хөгжимд нь нэвт шингэсэн байдаг учир аялсан юм шиг мэдрэмж авч чаддаг. Эрч хүч дутагдсан үедээ сонсдог Өвөр Монголын “Nine treasures” хамтлагийн бүтээлүүдээс санал болгомоор байна.
Киноны хувьд Хятадын найруулагч Wong Kar Wai-ийн бүтээлээс илүүтэй сонгон үздэг. Түүний киног үзэх бүрд өөр мэдрэмж авдаг нь хамгийн их таалагддаг юм. Ер нь бид амьд яваагийнх бүхий л мэдрэмжээ гаргаж, тэдгээрийг мэдэрч чаддаг байх нь чухал.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Хүндэт ментор Э.Орчлонгийн зөвлөгөө шууд санаанд бууж байна. Нэг удаа би түүнээс “Хуримтлуулсан мөнгөө инфляцад идүүлэхгүйгээр хаашаа хөрөнгө оруулалт хийх вэ?” гэж асуусан юм. Тэр өөдөөс “Одоо байгаа эрч хүч чинь чиний хамгийн том баялаг. Бусдын биш өөрийн хүчинд илүү итгэж, өөртөө л хөрөнгө оруулалт хийсэн нь дээр” гэж хариулсан. Тухайн үед би ийм хариулт авна гэж төсөөлөө ч үгүй. Түүний хариулт намайг олон зүйл ухаарахад хүргэсэн. Эцсийн дүнд бидэнд асар олон сонголт байгаа ч аль нэгийг нь барьж аваад хийсэн шиг хийх нь л чухал.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
2017 оны судалгаагаар манай улс нэг хүүхдийг төрөхөөс эхлээд аль нэг салбарын мэргэжилтэн болох хүртэл 90 орчим сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоолол гарчээ. Өөр өнцгөөс харвал бид гадаадын аль нэг компанийн ажиллах хүчинг бэлдэж өгөхөд дээрх мөнгийг зарцуулдаг гэсэн үг. Хэдий хувь хүний сонголт ч гэлээ улс даяараа ийм байвал бид хэрэглэгч үндэстэн хэвээрээ л үлдэнэ.
Жак Ма-ийн ажилчдадаа хандаж хэлсэн дээхэн үеийн бичлэг дээр “Hardware болон систем үйлдвэрлэлээр АНУ олон жилийн нөү-хаутай тул бид тэдэнтэй энэ талбарт өрсөлдөхөд маш хэцүү. Харин software үйлдвэрлэлээр бол өөр хэрэг. Учир нь бид ижилхэн тархитай” гэж хэлж байсан. Түүний хэлэх гэсэн санаа нь хятад, америк хүн гэлтгүй бидэнд ямагт нөөц бололцоо ижил тэгш байдгийг сануулсан хэрэг.
Дэлхийн хамгийн том компаниуд бүгд технологийн салбарынх байдаг бол Монголын топ 100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг хараад нэг зүйл бодох вий. Өнөөдөр Монголд IT бизнес эрхэлж байгаа залуучууд манай улс ирээдүйд хэрэглэгч орон хэвээр үлдэх үү эсвэл, бүтээгч үндэстэн болох уу гэдгийг шийдэхээр залуу нас, халуун цусаа зориулж яваа. Ур чадвараа сайжруулсныхаа дараа эх орондоо эргэж ирээд дотоодын компанид ажиллаарай гэж захимаар байна.
B Bayasaa 2022.04.19 202.131.227.42
Olon tusluud deer mentor hiij baihiig n harsaan. Neelttei setgelgeetei, Z uytai hamtran ajillahad aviyastai yum shig sanagdsan shu. COOL IG UBA
A Amartuvshi 2022.03.10 103.50.206.95
Hundeldeg shuu
k koliya 2022.03.09 64.119.30.127
Ийм л залуучууд ирээдүйн эзэд, тэд тэнд үүлэн дээр амьдралыг эхлүүлсэн, одоо тэр үүл улам томорч байгаа.
S Savy 2022.03.09 202.21.112.226
Мундаг залуу шүү хөлбөмбөгийн талбай дээр бас л урамтай шүү дээ ФИБОийн багийнханд амжилт хүсье .
U Ubo 2022.03.09 103.50.206.95
Солиотой шүү дээ Жигүүр ч бас л ххэ. Хөлбөмбөгөө бичихгүй дээ. Ажлын амжилт хүсэн ерөөе! Танай багынхан яалтч үгүй том ирээдүйтэй гэж итгэдэг дээ.
M Made my day 2022.03.09 202.126.89.61
Sonirholtoi goy zochin baina. Olon zaluust unshuulah heregtei sanagdlaa. Podcast suvgiig n dagav :).
G Goe ah 2022.03.09 66.181.177.190
Tani shig l hun bolno doo...........................................................................
S Suvdaa 2022.03.09 103.50.206.95
Yaltchgui mus zusej yavaa shu. Bag n harin iim oluulaa gej medeeguin bna. Go Jiguur ah go!!!!!!!!!!!!
Z Zochin 2022.03.09 103.50.206.95
Olon hund heregtei yariltslaga bn. Mongoldoo tuushtai ajillah uram zorig avlaa ????. Podcast n nre cool bnle shu, daraagiin dugaariig huleedg bolsoon
a amarnox 2022.03.09 103.50.206.95
Гоё ах юмаа ^_^ Гоё нийтлэл болжээ :D :D :D ...........
G Guest 2022.03.09 103.50.206.95
Buhii l talaaraa goy ah shuu, nuutshandaa bishirch hundelj yawdag daa ;D hamt olond n amjilt husey !