Unread-ийн үе үеийн багийнхан, хамтрагч байгууллагууд, эрхэм уншигч та бүхэнд зориулав.
Монголын гарааны бизнесийн салбарт өнгө нэмж буй шинэ стартап, шилдэг брэндүүдийг “Онцлох” булангаараа танилцуулж, бусад арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдээрээ дамжуулан 600 гаруй стартап компанийн зах зээлд танигдах гүүр, хэрэглэгчдэд хүрэх суваг нь болжээ.
Утга учиртай хэлэлцүүлэг, урам зориг түгээх илтгэлийн талбар болсон 20 гаруй арга хэмжээг санаачлан, комьюнити арга хэмжээн жишгийг тогтоосоор ирсэн. Unplug, DevSummit зэрэг жил бүрийн томоохон арга хэмжээнүүд мянга мянган мэргэжилтний тогтмол хүлээдэг брэнд болж, Pechakucha, Rise, Data Summit, Talent Summit зэрэг комьюнити арга хэмжээнүүдээрээ 3,000 гаруй цагийн агуулга бүтээж, 40,000 гаруй оролцогчийг хамруулжээ.
Unread залуусын хамтдаа хөгжиж, хүрээллээ үүсгэх талбар болсон Hub Innovation Center-ийг санаачлан хэрэгжүүлж, MLUB, AWS Community, Math Matters зэрэг 10 гаруй технологийн комьюнитиг үүсгэн байгуулахад хувь нэмрээ оруулжээ. Энэ хугацаанд 300 гаруй удаагийн уулзалт, сургалтаар дамжуулан 150,000 орчим залууст мэдлэг, мэдээлэл түгээсэн байна. Бид олон улсын байгууллага болон дотоодын түнш байгууллагуудтай хамтран уул уурхай, банк санхүү, төсвийн нээлттэй ил тод байдал, дата өгөгдөл зэрэг чиглэлээр уралдаан тэмцээн, хакатоныг зохион байгуулж, 7,000 гаруй оролцогчид 300 гаруй сая төгрөгийн шагналын санг түгээжээ.
10 жилийн турш тасралтгүй үргэлжилж буй “Би хэрхэн ажилладаг вэ?”-гээс эхлээд “Өртөөлөгчид”, “Хамгийн нөлөө бүхий мэргэжилтнүүд” зэрэг булангаараа шилдэг мэргэжилтэн, үүсгэн байгуулагч, энтрепренерүүдийг алдаршуулж, таниулах нь бидний гол зорилго. Энэ хугацаанд манай вебсайт, арга хэмжээнд 1,200 гаруй энтрепренер, нийгмийн зүтгэлтэн оролцжээ. Бид 10 жилийн хугацаанд ярилцлагын булангуудаараа дамжуулан уншигчдад урам зориг, гал эрмэлзэл, үлгэр жишээ өгөх 3,000 гаруй цагийн уулзалт хийсэн байна.
Unread үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийгэмд тустай, байгаль орчинд ээлтэй залуусын санаачилга, төслийг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжсээр ирсэн. Энэ хугацаанд нийт 200 гаруй төсөл, 700 гаруй арга хэмжээнд медиа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллажээ.
Бид “Тогтвортой хөгжил” булангаараа дамжуулан 10 жилийн хугацаанд 30 гаруй төсөл, хөтөлбөрийг дэмжиж, ХААН Банктай хамтарсан “Тогтвортой хөгжил - 2030” цахим товхимлын 122 дугаарыг хүргээд байна. Бидний өнөөдрийг хүртэл бүтээсэн уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн агуулга, нийтлэлүүд мэргэжлийн байгууллага, оюутан сурагчдын гол эх сурвалж болж, давхардсан тоогоор 1.8 сая уншигчид хүрсэн байна.
Өнгөрөгч оны есдүгээр сард долоо хоног тутмын “Unread Today” сонины анхны дугаараа хэвлэж, өнөөдрийг хүртэл 55 дугаарын турш нийт 4.8 сая нүүр буюу 300 мянган сонин хэвлэж, залуусыг унших соёлд уриалав.
Unread үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн залуу мэргэжилтнүүдэд зайлшгүй хэрэгтэй Би хэрхэн ажилладаг вэ?, Techworm, Онцлох бизнес, Өртөөлөгчид зэрэг 15 булангаар дамжуулан 6,375 нийтлэл, 5.5 сая үг бичив. Энэ бүх нийтлэлийг уншиж дуусгахад 32,000 минут зарцуулах бөгөөд 137 роман бичсэнтэй дүйх юм.
Бүтээлч, оригинал дүрслэл бол Unread-ийн нэрийн хуудас. Энэ хугацаанд нийт 7,500 нийтлэлийн ковер дүрслэл болон 88 сонины ковер дүрслэл бүтээж, 300 гаруй арга хэмжээний 100 гаруй дизайны өнгө төрхийг тодорхойлсон байна. Мөн бид 10 жилийнхээ ойг тохиолдуулан Unread-ийн ээлжит брэнд шинэчлэлтийг хийхээр ажиллаж байна.
10 жилийн турш санаачлан болон хамтран зохион байгуулсан арга хэмжээнүүд болон ярилцлагын булангууддаа зориулан нийт 100,000 орчим зураг даржээ. Үүнийг багтаамжаар илэрхийлбэл дунджаар 1,600GB болох юм.