Хүн хүссэнээ бус зүтгэснээ л авдаг. Өсвөр насны хүү харь орныг зорин, хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр шаргуу хичээллэсний үр дүнд өөрийн хүсдэг ирээдүйг бий болгож чаджээ.

Нийгмийн болоод эрүүл мэндийн хамгийн том асуудал болох агаарын бохирдлын эсрэг бодитой алхам хийж буй Тахь ресурс компанийн Дэд захирал Н.Гансүх ээлжит дугаарт маань оролцон өөрийн өдөр бүрийн амьдралын хэвшил болоод, түүнийг даган гарах эерэг үр дүн, ажлын арга барилынхаа талаар ярилцлаа. 

Байршил: Петровис компанийн байр, Ерөнхий сайд Амарын гудамж-7, Сүхбаатар дүүрэг
Эрхэлдэг ажил: Тахь Ресурс компанийн дэд захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 14
Хэрэглэдэг компьютер: Dell latitude 5430
Сошиал хуудсууд: gansukh2020 (Инстаграм) Gansukh Norovsambuu (LinkedIn)


1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би 15 настайдаа БНХАУ руу сурахаар явж байлаа. Долоон жил сурах явцдаа Засгийн газрын тэтгэлэг авч, их сургуулиа тэндээ төгсөөд 22 настайдаа эх орондоо ирсэн. Хувь хүн болж төлөвших ид үеэ Хятадад өнгөрүүлсэн учраас тэдний хөдөлмөрч, эртэч, өрсөлдөөнт орчноос одоогийн зан төлөвшил, амьдралын хэвшлээ олж авсан гэж боддог.

Намайг хүүхэд байхад Сэрүүлэг сонин дээр бизнес эрхлэгчдийн карьер, амьдралын түүхийн талаар олон ярилцлага гардаг, түүнийг нь их уншдаг байсан нь том болоод бизнесийн салбарт орж ажиллах, компани удирдах мөрөөдөлтэй болоход нөлөөлсөн болов уу. Бага байхаасаа олон зүйлийг хийж туршиж үзэх сонирхолтой байсан нь том болоод ч өөрчлөөгүй. Оюутан байхдаа хийж үзсэн анхны ажил маань Улаан чулуутын хогийн цэгээс хаягдал цаас авч 400 кг болгон шахаад БНХАУ-руу экспортлох байсан. Түүнээс хойш Хятад хэлний техникийн болон анагаахын орчуулга, эмэгтэй хувцас зарах гэх мэт олон зүйлийг хийж үзсэн. Харин одоо өөрийн мөрөөдөж явсан ажлаа хийж байна. Миний Дэд захирлаар нь ажиллаж буй Тахь ресурс компани байгалийн хий буюу газыг Монголдоо хайгуул хийн, нөөц тогтоохоор ажиллаж буй үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.


2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Миний өглөө ихэвчлэн зургаан цагаас эхэлдэг. Сүүлийн нэг сарын хугацаанд фэйсбүүк, твиттер хаягаа хааж, нийгмийн стрессээс бага ч болов холдож байна. Харин өглөө босмогцоо теннис тоглох гэх мэт дуртай зүйлээ хийж, ажил дээрээ долоон цаг 40 минутын үед ирдэг. Ажлын цаг эхлэх хүртэл тухайн өдрийнхөө ажлыг төлөвлөх, дуу, подкаст сонсох зэргээр өглөөг эергээр эхлүүлэхийг хичээж байна. Ажил эхлэх үед алба нэгжүүддээ үүрэг даалгавар өгснөөр тухайн өдрийн ажил албан ёсоор эхэлдэг. Ажлын өдрүүдэд бүх уулзалтаа гурван цагаас өмнө товлоод, үдээс хойшдоо илүү тайван төвлөрч сууж ажиллахыг хичээдэг. Бид Засгийн газартай гэрээтэй ажилладаг учраас хөдөө орон нутаг руу гэнэт томилолтоор явах тохиолдол цөөнгүй.


3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ? 

Зарим хүн нэг ажил дээрээ удаан төвлөрч суудаг бол миний хувьд олон ажлыг зэрэг амжуулахыг эрмэлздэг. Гэхдээ энэ нь сул болон давуу талтай. Нэг зүйл дээр төвлөрч ажилладаг хүнтэй харьцуулбал олон ажлыг зэрэг амжуулж байгаа мэт боловч нөгөө талаас ажил тус бүрдээ бүрэн анхаарах боломж хомс. Бүх ажлаа алган дээрээ тавьсан мэт мэдэхийг хүсдэг бөгөөд тэр ч утгаараа нэг ажилтны хийж байгаа ажлыг зөвхөн түүний хариуцаж авсан ажил гээд орхих биш, ард нь “би хамт байгаа шүү” гэдгийг үргэлж хэлдэг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Сүүлийн үед ажлын шаардлагаар WhatsApp, Viber хамгийн их ашиглаж байна. Мөн дуу сонсох дуртай учраас Spotify, SoundCloud ч мөн их ашиглаж байгаа.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цаг хэмнэхэд тусалдаг хамгийн том хүчин зүйл бол “төлөвлөлт”. Өдөрт доод тал нь таван ажил төлөвлөж, маш завгүй ажилладаг учраас нэг ажилд эхнээс нь дуустал оролцож чаддаггүй, харин аливаа оролцсон үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг текст хэлбэрээр авч, дутуу мэдээллээ нөхдөг.


6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Тэмдэглэл хөтөлдөг. Жилийн хугацаанд арав орчим дэвтэр дуусгасан байна. Мөн үргэлж жижиг тэмдэглэлийн дэвтэр биедээ авч явдаг. Тухайн өдрийн ажлуудаа календарь дээр төлөвлөж бичдэг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Сүүлийн гурван жил мотоцикл унаж байна. Зарим амралтын өдрүүдэд найзуудтайгаа крос унах, зун гольф тоглох гэх мэт спортоор хичээллэж стрессээ тайлахаас гадна өдөр бүр дуу сонсох нь ажлын алжаал ядаргааг мартуулахад хамгийн их тусалдаг. Хүмүүс хайрцгаас гарч сэтгэ гэдэг. Би хувьдаа тэр хайрцаг нь ажил, амьдралын стресстэй орчин нөхцөл гэж боддог. Харин тэндээс гарах арга нь хөгжим сонсох, ном унших, кино үзэх зэрэг байж болох юм.


8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Өнгөрсөн онд “Шилдэг арван дотоод ур чадвар” нэртэй номоо хэвлүүлж 1000 гаруй ширхгийг борлуулсан бөгөөд хүүхдийн засан хүмүүжүүлэх газар, орон нутагт суугаа хүүхдүүдэд 300 ширхгийг хандивласан. Энэ номыг бичсэн зорилго нь мөнгө олох биш. Энэ мэтээр, өөрийн мэдлэг туршлагаа хуваалцаж, чадах чинээгээрээ үнэ цэн өгөх нь миний ажлаасаа ч илүү ихээр дурлаж хийдэг зүйл. Мөн ажлын хажуугаар суралцаж, Төрийн удирдлагын доктор (Ph.D) хамгаалсан нь миний төгссөн тав дахь их сургууль болж байна. Түүнчлэн Бизнес академийн сургагч багш болж, олон зуун захирал, гүйцэтгэх удирдлагуудад 50 гаруй цагийн илтгэл, лекц, семинар амжилттай тавьсан. Эдгээр нь миний хувьд аз жаргалтайгаар хийдэг зүйлс учраас ажилдаа зарцуулдгаас ч их цагийг зориулаад байна.


9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД

Утаагүй Улаанбаатар буюу агаарын бохирдлыг шийдэхийн тулд хичээнгүйлэн ажиллах нь бидний хамгийн том зорилго. Нийгэмд тустай, утга учиртай ажиллаж байгаа гэдэг нь бахархмаар санагддаг.

Харин хүндрэлтэй зүйл гэвэл хайгуулын ажлаар малчид, төрийн бус байгууллагууд, шат шатны төрийн байгууллагуудтай уулзаж, зөвшилцөх ажил их гардаг. Тэр болгонд хүмүүсийн ая эвийг олж ойлголцох хэрэгтэй болдог ч орон нутгийн иргэд хангалттай мэдээлэлгүйн улмаас “газар, ус ухах гэлээ” гэсэн ойлголтоор эсэргүүцэл илэрхийлэх тохиолдол бий.


10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ?

Одоо Өвөрхангай аймагт хайгуулын ажил, судалгаа хийж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Заавал ахмад хүнээс ментор авах ёсгүй гэж боддог. Магадгүй надаас дүү хүнд миний эзэмшээгүй ур чадвар эсвэл ертөнцийг үзэх үзэл байвал түүнээс нь суралцах хэрэгтэй. Үндсэн ажлаас гадна спорт, ном, олон нийтийн үйл ажиллагаа, лекц, семинар зэрэг нь намайг маш олон талаар хөгжүүлдэг.


12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Миний уншихаас хэзээ ч уйддаггүй ном бол 2500 жилийн өмнө бичигдсэн Сүнзийн “Дайтах урлаг” гэх ном. Миний бодлоор энэ ном бүх бизнес эрхлэгчдийн ширээний ном байх ёстой. Сүнз бол өөрөө маш чадварлаг стратегич хүн бөгөөд энэхүү номдоо “Дайнд ороод ялах нь ялалт биш, дайн үүсэх нөхцөл байдлыг урьдчилан харж түүнээс сэргийлэх нь жинхэнэ ялалт” болохыг сургасан байдаг.

Киноны хувьд Shutter Island, Interstellar, Twelve angry man гэх кинонуудыг санал болгомоор байна. Эдгээр нь маш сонирхолтойн дээр гүн гүнзгий утга санааг агуулсан байдаг учраас хэд ч үзсэн уйддаггүй.

Дууны хувьд Foux хамтлаг, Seryoja, Becca гэх Ocean grey продакшны артистуудын дууг сонсоод их таалагдсан учир эдгээр уран бүтээлчдийн дуунуудыг санал болгомоор байна.


13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Би Монгол, гадаадын маш олон ментороос зөвлөгөө авдаг ч миний хамгийн том ментор бол миний аав. Миний болохгүй байгаа зүйлс, буруу алхмыг анзаараад зааж, зөвлөдөг байсан нь надад одоо ч хамгийн үнэтэй зөвлөгөө шиг санагддаг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Зарим хүмүүс залууст хандаж их л ухаантай зүйлс зааж зөвлөдөг боловч яг үнэндээ амьдралд бүх хүн өдөр бүр бүтэлгүйтдэг, шантардаг, ядардаг мөн эргэлздэг. Амжилттай явж байгаа залуусыг “Мундаг байна, сайн байна” гэж үнэлдэг ч түүний ард амжилтаас нь хэд дахин их бүтэлгүйтэл байдаг. Тийм учраас залуус шантарсан ч дахин босож ирээд өөрийг хийх, шинийг турших зүтгэлтэй, хөгжих эрмэлзэлтэй байгаасай, туршиж үзсэн олон зүйлсээсээ дор хаяж нэг ур чадварыг маш сайн эзэмшээрэй гэж зөвлөмөөр байна.