1,000,000 subscribers.
Энэ тоо саяхныг хүртэл монгол контент бүтээгчдийн хувьд боломжгүй мэт санагддаг байв. Гэхдээ тийм биш гэдгийг баталж, манай улсаас нэг сая захиалагчтай гурав дахь YouTube суваг тодорсон нь 2016 оноос хойш контент бүтээж буй Mesmerism байлаа. Тэд энэ сарын 12-ны өдөр албан ёсоор нэг сая захиагчтай болсон ба бидэнд тус сувгийн хамтран үүсгэн байгуулагч Д.Ганцогт буюу Цогтоотой ярилцах боломж гарсан юм. Ингээд есөн жилийн турш тасралтгүй контент бүтээсээр буй түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.
Ташрамд, 1,000,000 захиалагчтай болсон Mesmerism-ийн хамт олонд манай редакцын зүгээс халуун баяр хүргэе!
Байршил: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, May Seven оффис
Эрхэлдэг ажил: Mesmerism сувгийн хамтран үүсгэн байгуулагч
Ашигладаг гар утас: iPhone 14
Сошиал хуудсууд: Mesmerism (Facebook), Mesmerism Official (YouTube), mesmerism_official (Instagram)
1. MESMERISM-ИЙН ЗАМНАЛААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Найрамдал зусланд багшилдаг байхад урлагийн наадмынх нь “Чөлөөт сэтгэлгээ” төрлийн тэргүүн байрыг манай бүлгийнхэн алддаггүй байлаа. Видеогоор өрсөлддөг болохоор миний зүгээс ерөнхийд нь чиглүүлдэг байсан юм. Хоёр жил орчим үндсэн багшаар ажиллаж байгаад 2016 онд ажлаа орхин нэг ажлаа тууштай хийж үзье гэж шийдсэн нь видео контент бүтээх байв. Анхнаасаа л эцсийг нь үзэхээр зорьсон тул контент салбараа сайтар судалж, бүтэн цагийн ажлаа болгосон. Мэдээж надад хамтрагч хэрэгтэй болсон л доо. Тухайн үед манай Мөнхүүш /Э.Мөнх-Эрдэнэ/ ч бас Найрамдалд багшилдаг байсны зэрэгцээ СУИС-д жүжигчнээр суралцдаг нь хамтарч ажиллахад дөхөм болсон. Ингээд зураглаач, эвлүүлэгч хийх нэг хүн, бичлэгт хамтран оролцох нэг эмэгтэй гээд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхэлж, хамгийн анхны бичлэгээ 2016 оны арванхоёрдугаар сарын 15-нд оруулж байлаа.
Тэр үед манай контентын гол платформ нь Facebook байсан. Агуулгын хувьд хүн бүрд нийтлэг тохиолддог зүйлс үзүүлэхийг хичээдэг байв. Учир нь хүн өөрт нь тохиолддог, өөртэй нь ойр зүйлсийг илүү сайн үзэж, бусдад түгээдэг юм билээ. Бид тухайн үед эхний хагас жилд хандалтаа нэмэгдүүлэхийн тулд агуулгаа хөгжилтэй байлгах тал дээр түлхүү анхаарч, гурав хоногтоо нэг контент оруулдаг байсан. Яваандаа танигдсаны дараа өөрсдийн үзэл бодлыг шингээж, нийгэмд дуу хоолойгоо хүргэх зорилготой контентуудаа төлөвлөсөн гэх үү дээ.
YouTube сувгаа эхлүүлсэн түүх их хөгжилтэй. Тухайн үед YouTube-д зориулж контент хийдэг хүмүүс ч цөөн байж, үздэг хүмүүс нь ч бага байж. Тийм ч учраас сая хэлсэнчлэн гол анхаардаг платформ нь Facebook байсан. Сонирхолтой нь, манай үзэгчид дундаас нэг хүүхэд YouTube-д Mesmerism Official гэсэн суваг нээж, бичлэгүүдийг маань татаж аваад, тогтмол оруулдаг байсан нь яван явсаар 10 мянган захиалагчтай болох нь тэр. Ингээд тэр сувгийг нээсэн 12 настай, Эрдэнэтэд амьдардаг Мэндээтэйгээ уулзаж, YouTube сувгаа өөрсөд дээрээ шилжүүлэн авч байлаа. Одоо тэр жаал зөндөө том болоод IT чиглэлээр гадаадад амжилттай яваа.
Facebook дээр жил гаруй хугацаанд идэвхтэй контент хийсний дараа бид өөрсдийгөө сорихоор шийдэж, “Орк” хэмээх анхны уран сайхны киногоо 2018 онд үзэгчдийн хүртээл болгож байв. Мэдээж бидэнд туршлага маш бага байсан ч бүрэн хэмжээний кино хийх явцаас асар олон зүйл сурсан. Тэр цагаас хойш уран бүтээлийнхээ тоог арвижуулсаар YouTube сувагтаа төвлөрч эхэлсэн үе гэвэл 2023 он. Тэгэхэд Facebook-т оруулж байгаа бичлэгээ давхар YouTube-дээ оруулдаг байсан болохоор органикаар захиалагчдын тоо нь өсөж, 600 мянга орчимд хүрсэн байсан. Эргээд бодоход бид ч YouTube-ийн контент хийх нь хамгийн үр дүнтэй гэж шийдсэнээс гадна энэ платформын үзэгчид ч бэлэн болсон байсан гэх үү дээ. Тийнхүү жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд оруулдаг YouTube Champ контентоос эхлээд чанар болон төрлийн хувьд контентоо сайжруулсаар ийнхүү нэг сая захиалагчтай болоод байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Өдрийн ажиллах хуваариа өөрөө төлөвлөх боломжтой учраас миний ажлын өдөр харьцангуй уян хатан. Юутай ч өглөө эртлэн босож, 08:30 цагт хүүгээ цэцэрлэгт нь оруулж өгчхөөд, шууд ажил руугаа явдаг. Ихэвчлэн үдээс өмнө уулзалтуудаа төлөвлөдөг дадалтай. Харин уулзалт товлоогүй бол 09:00-12:00 цагийн хооронд эвлүүлгийн ажил дээрээ яс суудаг. Хүмүүс Mesmerism-ийн ард олон хүн ажилладаг байх гэж бодож магад. Одоогоор би болон манай графикч гээд хоёр хүн л ажиллаж байгаа. Томоохон контентууд дээр л зураглаач, эвлүүлэгч түр авч ажиллуулдаг юм.
Үдийн хоолны дараа ажлын бүтээмж буурах гээд байдаг тул шууд фитнесстээ явдаг. Дасгалын араас буцаж ажил руугаа ороод 17:00 цаг хүртэл дахиад ажлаа хийнэ. Тэгээд хүүгээ цэцэрлэгээс нь авч, оройн хоолыг нь бэлдэж өгчхөөд, үлдээсэн ажил байвал эхнэрээ ирсний дараа дахиад оффис руугаа явдаг. Ажил гайгүй бол гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлдэг дээ. Ер нь дундаж ажлын өдөр нэг иймэрхүү.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Контент бүтээгчийнхээ хувьд надад баримталдаг нэг зарчим бий. Хэний ч гарыг харахгүйгээр нэг бичлэгийн ард гарч чаддаг байх. Бүх ажлаа өөрөө хийж сурах ёстой гэсэн үг.
Үүнээс гадна би өөртэйгөө сайн ярилцдаг төрлийн хүн. Олон жил тасралтгүй контент хийхээр уйдах асуудал мэдээж гарна. Гэхдээ л хийх хэрэгтэй. Тиймээс аливаа ажлаас зайлсхийж, алгуурлахын оронд зүгээр л компьютерынхоо ард гурван цаг яс суугаад гараасаа гаргадаг. Эс бөгөөс ажил хэзээ ч дуусахгүй.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Хүн бүрийн л адил Facebook, Instagram, YouTube зэрэг аппыг тогтмол ашигладаг. Мөн гар утасныхаа календарийг өглөө бүр харж, ажлын төлөвлөгөөгөө шалгадаг дадалтай.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Гэр, оффис, фитнесс, хүүхдийн цэцэрлэг гээд тогтмол очдог газрууд маань тун ойрхон болохоор цаг хэмнэх хамгийн сайн арга болдог. Үүнээс гадна уулзалтуудаа цахимаар хийж, аль болох замын түгжрэлд цаг үрэхгүй байх үүднээс автомашин барьдаггүй.
Бас бусдыг хүлээлгэдэг хүмүүст дургүй учраас анхнаасаа зай барихыг хичээдэг.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Алхам тутамдаа толгой дотроо боддог. Сайтар бодож төлөвлөсөн тохиолдолд ажил болж гараас гарахдаа төвөг багатай.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Би өөдрөг үзэлтэй хүн. Элдэв асуудал гарлаа гэхэд шаналж, эморохын оронд хурдхан шийдлийг нь олохыг боддог. Хэр барагтаа шантардаггүй хийсээр л байдаг юм. Тэр нь нэг талаараа байнга эрч хүчтэй ажиллахад нөлөөлдөг болов уу.
Мэдээж үзэгчдийнхээ эерэг сэтгэгдлээс урам зориг авдаг. Сөрөг сэтгэгдлээс ч хаана алдаж байгаа, юуг нь сайжруулах вэ гэдгийг олж харах нь бий.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Ажлаас бусад цагаа гэр бүл, найз нөхдөдөө болон сагсанбөмбөг, Dota, CS:GO зэрэг хоббиндоо зарцуулахыг хичээдэг.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Хамгийн том онцлог нь нэг удаа амьдарч байгаагийнх дуртай зүйлээ хийх боломж юм уу даа. Тиймдээ ч ядрах, шантрах мэдрэмжгүй өнөөг хүртэл ажилласаар байна. Нөгөөтээгүүр Монголын YouTube контентын салбарыг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсандаа баяртай байдаг. Ялангуяа энэ салбарын хөгжил манай улсад асар хурдан өрнөж байна. Англи хэл дээр контент бүтээхэд л сарын дотор сая захиалагчтай болох бүрэн боломжтой байна шүү дээ. Энэ ч утгаараа жил бүр хийдэг YouTube Champ контентоор бид контент бүтээгээд сайхан амьдарч болдог юм шүү гэдгийг өөрсдөөрөө үлгэрлэх, цаашлаад хүсвэл хэнд ч ийм боломж бий гэдгийг харуулахыг зорьдог.
Контент бүтээгч байхын эерэг тал гэвэл видео контентоороо дамжуулж олон төрлийн зүйл хийж үзэх, хүссэн цагийн хуваариараа ажиллах, өөрөө ажлаа төлөвлөдөг болохоор өөртөө болон гэр бүлдээ хангалттай цаг гаргах гэхчлэн давуу талуудтай. Харин сул тал бараг л байхгүй болов уу.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Контентынхоо санаа, зохиол, хийцлэлийг илүү сайжруулна. Үүний зэрэгцээ найм, есдүгээр сардаа багтаад багаа томруулах төлөвлөгөөтэй байгаа. Тэгж байж би агуулга тал дээр илүү сайн төвлөрч ажиллах боломж бүрдэнэ.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Аав болсноос хойш биеийн эрүүл мэнддээ онцгой анхаарах болсон. Тийм ч учраас цагаа сайтар төлөвлөх, зөв хооллох, эрт унтах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх зэргээр амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийж, өөрийгөө хөгжүүлж байна.
Судалгаа хийх, шинэ санаа олохоос эхлээд контент бүтээгчийн тархи байнга ажилладаг. Нэг талаараа энэ үйл намайг хэзээ ч хөгшрүүлэхгүй юм шиг санагддаг шүү.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Би уншихаас илүү үздэг төрлийн хүн болохоор санал болгох ном байхгүй байна. Харин киноны тал дээр төрөл бүрийн анимэйшн үзэх дуртай. Хүүхэлдэйн кинонууд зөвхөн хүүхдэд зориулсан бус аль ч насны хүнд сургамж, ухаарал өгөхүйц зохиолтой байдаг шүү дээ. Тухайлан Wall-E, Wild Robot, Inside Out зэргийг нэрлэж болох юм. Мөн хуучны кинонууд, Marvel-ийн бүтээлүүд ч гоё.
Дуу хөгжмийн тухайд хүмүүс нийтлэгээрээ ямар дуу сонсож байна тэдгээрийг сонсох дуртай. Контент хийхдээ ч тухайн үед viral болж байгаа дуу сонговол үзэлт нэмэгддэг. Мөн Э.Минжинсор, Б.Сарантуяа эгчийн хуучны дуунуудыг дурдахгүй өнгөрч болохгүй.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Бүтэн цагаар видео контент бүтээх шийдвэр гаргахын өмнө ээж маань хэлж байсан юм. “Цогтоо, чи ямар ч ажлыг маш сайн хийж чаддаг. Одоо харин нэг зүйлээ удаан хугацаанд, тууштай хийх хэрэгтэй байна. Тэгвэл амжилттай явна.” гэж хэлсэн. Ер нь би ямар ч ажлыг сайн хийж сурчхаад нэг жил орчим л ажилладаг байсан юм. Тэгээд өөр юу хийж сурах вэ гээд дараагийн эрэлдээ гарна. Ээжийн хэлсэн энэ үг надад эргэлт буцалтгүй контент бүтээгч болоход нөлөөлж, Mesmerism-ийг эхлүүсэн.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Контент бүтээх эхний алхмаа хийж яваа хүмүүст шидэх санаа гэвэл ганцхан контентын ард ганцаараа гарч сураарай гэж хэлмээр байна. Яагаад гэвэл контентыг долоо хоногт нэг удаа хийгээд эхэндээ төдийлөн үр дүн үзүүлэхгүй. Ядаж 2-3 удаа хийх хэрэгтэй. Тэгэхийн тулд чи тэдгээр ажлыг өөрөө хийж сурах ёстой. Аливаа зүйлийг эхлүүлж буй тэр хэсэгт хүн бүр гал эрмэлзэл, эрч хүчээ бүрэн дайчилж ажиллахад бэлэн байдаг болохоор эхний хагас жилээс нэг жилийн хугацаанд өөрийгөө тултал нь шахаарай. Тэгж байж л сайн контент бүтээгч болж чадна.


Сэтгэгдэл бичих (1)


З Зочин 202.131.226.86
Хөдөлмөрч, эерэг хандлагатай мундаг залуу шүү, амжилт хүсье. Энэ өгүүлбэр харин unread-с хамгийн багадаа 100 тэмдэгт ашиглаж коммент оруул гэсэн болохоор оруулж байгаа хэрэггүй өгүүлбэр.