Өнөөдрийн дугаартаа бид санхүү, барилга, автын салбарт үйл ажиллагаа явуулдаг "Их Эрин Холдинг" ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Ганзоригийг урилаа. Тэрээр даатгалын салбараас ажлын гараагаа эхэлж, “Номин Даатгал” компанид анх Актуарчаар ажиллаж байгаад 23 настайдаа тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож байв. Мөн Монголын Даатгагчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж салбарынхаа хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн юм. П.Ганзориг захирал 2009 оноос хойш хэд хэдэн салбарт бизнес эхлүүлснээ өдгөө "Их Эрин Холдинг" компанийн харьяанд нэгтгэн удирдаж буй. Үүний нэг болох “АвтоХАБ” компани нь цахилгаан автомашины хэрэглээг Монголд түгээхээр энэ төрлийн автомашины худалдаа, засвар үйлчилгээг үзүүлж байна.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: “Их эрин холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
Хэрэглэдэг гар утас: iPhone XS Max
Хэрэглэдэг компьютер: iPad Pro
Сошиал хуудас: Ganzorig Purevjav (Facebook), Ganzorig Purevjav (LinkedIn)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би карьерынхаа туршид санхүү, барилга, авто худалдаа, засвар үйлчилгээ зэрэг хэд хэдэн салбарт туршлага хуримтлуулж, хөрөнгө оруулах, хөгжүүлэх чиглэлээр голлож ажилласан. Анх 2005 онд МУИС-ийг математикчаар төгсөөд тухайн үед дөнгөж шинээр хөгжиж байсан даатгалын салбарт ажиллахаар шийдсэн юм. Ингээд “Номин даатгал” компанид 2011 он хүртэл гүйцэтгэх захирлаар ажилласны дараа “Монре даатгал” компанид менежментийн шинэчлэл хийж, шинээр зах зээлд гаргах төслийг удирдан ажилласан. Энэ салбарт актуарчаас эхлээд гүйцэтгэх захирал, Даатгагчдын холбооны ерөнхийлөгч хүртэл 10 гаруй жил ажиллаж, салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчин бэлдэх, даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан гэж боддог.

Энэ хугацаанд Монголын анхны үнэлгээний компаниудын нэг болох “Гэрэгэ эстимэйт” компанийг 2009 онд байгуулснаас хойш хэд хэдэн салбарт бизнесээ эхлүүлж, арвин туршлага хуримтлуулсан гэж хэлж болно. Одоогоор тэрхүү бизнесүүдээ "Их эрин холдинг" компанийн харьяанд нэгтгэн удирдаж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө ажилдаа ирээд тухайн өдөрт хийх гол ажлуудаа холбогдох хүмүүстэй нь утсаар эсвэл уулзаж чиглүүлдэг. Компанийн шийдвэр гаргах ажлууд дээр голлон төвлөрч ажилладаг учраас өдрийн ихэнх цаг уулзалтаас уулзалтын хооронд, хамтрагч байгууллагуудтайгаа онлайнаар эсвэл биечлэн уулзалт хийхэд өнгөрдөг дөө.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Манайх олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас тэр бүхэнд зэрэг анхаарч, өдөр тутамдаа шилжих шаардлагатай болдог. Иймд асуудал гарах бүрд цаг алдалгүй шууд шийдэж, хурдтай ажиллахыг эрмэлздэг. Зөв шийдвэр гаргахад тухайн ажлын зорилго, хүрэх үр дүн нь тодорхой байх нь чухал. Тиймээс аливаа ажлын үр дүнг анхнаасаа хэмжигдэхүйц тавьдаг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Хийж буй ажлуудынхаа үйл явцыг том зургаар, зэрэг харахын тулд ClickUp апп-ийг Slack-тай хамт ашигладаг.

Түүнээс гадна бид жолооч нарт зориулсан AutoHUB апп-ийг хөгжүүлж байгаа юм. Уг апп жолооч нарт автомашинтай холбоотой засвар, үйлчилгээ, тос тосолгооны хуваарьт мэдээллийг хадгалах, татвар, даатгал төлөх хугацааны сонордуулга хүргэх зэрэг цаг зав хэмнэсэн олон боломж олгоно. Мөн автомашин, сэлбэг хэрэгслийн худалдааны цэсээс гадна замын хөдөлгөөний ачааллыг хүртэл газрын зургаар харуулна. Зам тээврийн хөнгөн осол гарсан тохиолдолд заавал замын цагдаа, даатгал дуудахгүйгээр уг апп-д ослын мэдээллээ баримтжуулаад даатгалын компани руу шууд илгээх боломжтой. Одоогоор бид төрийн байгууллагуудын дата баазтай холбохоор ажиллаж байна.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хийх ажлуудаа цэгцтэй ангилдаг. Өдөр бүр замын түгжрээнд цагаа үрэхгүйн тулд долоо хоногийн хоёр өдөр гадуур хийх уулзалтуудаа товлодог. Мөн хурал, уулзалтыг аль болох богино, үр дүнтэй хийхийг эрмэлзэнэ. Сүүлийн үед заавал биеэр очихгүйгээр онлайнаар уулзалт хийж, зайнаас ажлуудаа амжуулах дадал бий болгож байна.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

“Notes” апп дээр урт хугацааны гол ажлууд, хурал уулзалтуудаа тэмдэглэдэг. Харин хугацаатай ажлууд болон бодож шийдэх асуудал гарсан бол тэр дор нь гар утасныхаа хуанлид оруулдаг. Мөн тэмдэглэлийн дэвтрийг хүмүүстэй уулзалт, brainstorm хийх үед төрсөн шинэ санаа, шийдлүүдийг тэмдэглэх зорилгоор ашиглана.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Амралтын өдрүүдэд гэр бүл, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж, эрч хүчээ авдаг даа. Мөн спортоор тогтмол хичээллэх нь стресс тайлах, эрүүл байх, ажлын ачаалал даах чадвар нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай учраас долоо хоногт гурван удаа фитнест явдаг. Мөн зундаа Монголынхоо үзэсгэлэнт газруудаар аялж, эрч хүчээ сайн сэлбэдэг шүү.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Үндсэн ажлынхаа хажуугаар улс орны нийгмийн асуудалд анхаарал хандуулж, хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Би Монголын эдийн засгийн клубийн УЗ-ийн гишүүнээр ажиллаж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог юм. Бид Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлаар холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, салбарын мэргэжилтнүүдийг урьж чөлөөт уулзалт хэлэлцүүлэг хийдэг. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 14 хоног тутам тогтмол уулзалт хийж байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Салбар бүр өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, барилгын салбарын бүтээн байгуулалт нүдэнд дээр ил харагддаг учраас үйл явц, үр дүнг шууд мэдэх боломжтой. Нөгөө талдаа, нэгэнт эхэлсэн барилгыг өөрчилнө гэдэг цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд өндөр зардалтай байдаг тул цаасан дээр анхнаас нь маш сайн төлөвлөж, зурсан байхыг шаарддаг.

Ямар ч ажлыг удирдаж буй хүний үндсэн ажил бол асуудлыг шийдэх гэж боддог. Тиймээс ажилтай холбоотой асуудлыг бэрхшээл гэж харахгүйгээр хийх ёстой ажил, үүрэг хэмээн хүлээж авдаг.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Бид өнгөрсөн онд автомашины бүх төрлийн засвар, худалдааны цогц үйлчилгээ үзүүлэх AutoHub төв байгуулсан. Энэ төвийн бүх үйл ажиллагаа байгальд ээлтэй байхад чиглэсэн юм. Тухайлбал, бид автомашины засвар үйлчилгээнээс гарах хог хаягдлыг дахин боловсруулах газарт өгч, усыг тав дахин хэмнэх саарал усны технологи ашигладаг. Автомашин худалдааны хувьд бид 100 хувь цахилгаан автомашиныг Монголын зах зээлд түгээх, түүний засвар үйлчилгээг хийх, цэнэглэх асуудлыг цогцоор шийдэхээр ажиллаж байна. Цаашид өөр төрлийн цахилгаан автомашиныг АНУ, БНХАУ-аас оруулж ирэхээр төлөвлөөд байгаа.

Одоогоор бид цахилгаан автомашиныг төлбөрийн таатай нөхцөлөөр худалдаж авах боломжийг бүрдүүлэхээр жилийн найман хувийн хүүтэй ногоон зээлийн бүтээгдэхүүн гаргахаар арилжааны банкуудтай ажиллаж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Олон төрлийн мэдлэгийг олж авахын тулд тодорхой сэдвийн дагуу дагнаж бичсэн мэргэжилтнүүдийн нийтлэл, өгүүлэл унших нь үр дүнтэй байдаг. Мөн тогтмол аудио ном, подкаст сонсдог шүү.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Амьдралын утга учир, хийж буй бүхэндээ сэтгэл хангалуун, аз жаргалтай байх тухай өгүүлсэн Клейтон Кристенсений “How Will You Measure Your Life”, бизнес, ажил хэрэгт өдөр тутам тулгарах асуудлыг шийдэхэд туслах практик зөвлөгөө, арга барилыг тусгасан Пжейк Кнаппын “Sprint” хэмээх ном уншихыг зөвлөе.

Мөн “Монгол хүний товчоон” хэмээх номыг нэмж санал болгомоор байна. Нийт 30 гаруй мэргэжилтэн, судлаачид дэлхийн 28 улсын хөгжлийн загварыг судалж, нэгтгэн дүгнэсэн бүтээл юм. Эндээс Монголын түүхийн сургамж, цаашдын хөгжлийн загварыг олж мэднэ. Миний хувьд Шинэ Зеландын хөгжлийн бодлогыг судалж, номын нэг хэсэгт оруулсан.

Киноны хувьд ихэнхдээ “Netflix”-ээс кинонууд шилж үздэг. Сүүлд үзсэн кинонуудаас “The Coldest Game”, “21”, “The Resistance Banker” зэрэг киног онцолъё.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Хийж буй ажлынхаа сайхныг зөвхөн үр дүн нь гарсны дараа мэдрэх биш, хийх явц, алхам бүрээ сонирхолтой, эерэг сайхан байлгахыг хичээ гэснийг мартдаггүй.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Орчин үед зарим залуус хэт их материаллаг зорилт тавьж байгаа нь анзаарагддаг. Юм бүхнийг өөртөө өмчлөх гэлгүйгээр шаардлагатай үед нь хэрэглэж, шаардлагагүй үед нь татгалзаж сурах хэрэгтэй юм шүү.