Өнөөдрийн дугаарт бид ‘Бурханлиг гоо сайхан" компанийн захирал, Монголын гоо сайхны бүтээгдэхүүний томоохон брэнд "Гоо"-г үүсгэн байгуулагч М.Гонгорсүрэнг урилаа. Тэрээр 20 насандаа өөрийн компанийг байгуулж, долоон жилийн хугацаанд 100 гаруй нэр төрлийн органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн хэрэглэгчдийн хайртай брэндийг бүтээж чадсан билээ. Органик гоо сайхны сүлжээ дэлгүүрийн эхлэлийг тавьж, өөрсдийн гоо сайхны бүтээгдэхүүнээр үйлчилдэг ‘Гоо Спа’ салоныг эрхлэн явуулж, АНУ, БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг улсад бүтээгдэхүүнээ экспортолж буй түүний ажлын хэв маяг, арга барилтай танилцана уу.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: "Бурханлиг гоо сайхан" ХХК-ийн захирал
Хэрэглэдэг утас: iPhone 11
Хэрэглэдэг компютер: MacBook Pro
Сошиал хуудас: Гоо Мөнгөнбагана (Facebook, Instagram)



1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

2014 онд, 20 настайдаа анхны бүтээгдэхүүнээ гаргаснаар "Гоо" брэндийн эхлэл тавигдаж, амьдралд минь олон гайхалтай боломжууд нээгдсэн. Монголын зах зээлд урьд нь байгаагүй, органик бүтээгдэхүүн бүхий "Гоо" брэндээ эхлүүлэх үед би РТДС-ийн сэтгүүл зүйн төгсөх курсийн оюутан, SBN телевизийн хөтлөгч, редактор байлаа. Бизнес, урлаг, спорт гээд л салбар салбарын мундаг хүмүүсийн ажил, амжилтын түүхийг сонсож байхдаа хийсэн бүтээсэн, ярих зүйлтэй байх ямар сайхан гэдгийг ойлгосон. "Агуу бүхэн энгийнээс эхэлдэг" гэдэг шиг "Гоо"-ийн эхлэл энгийнээс энгийн байсан.

"Гоо" тухайн үедээ Монголдоо шинэлэг, анхдагч байсан ч бүтээгдэхүүний сэдэл нь өмнөх үеийн түүх, уламжлалд суурилсан. Монголчууд эртнээс үс унавал гангаар угааж, арьс язрахад хонины сүүлний тос түрхэж, шарханд чацарганын тос хэрэглэдэг байсан шүү дээ. Олон зуун жилийн турш туршигдаж, үр дүн нь батлагдсан, ид шидээ үзүүлсээр ирсэн аргууд. Энэ яг аваад хэрэглэх, бэлэн бүтээгдэхүүн байгаагүй. Үүнийг долоон жилийн өмнө олж харсан юм.

Манай брэнд зах зээл дээр тэсрэлт болж чадсан. Гэхдээ тэр үед сошиал медиа байгаагүй бол тэгж чадах байсан нь эргэлзээтэй л дээ. Хүргэлтийн утас зогсоо зайгүй дуугарч, 24 цагаар хүргэлт хийгээд ч ачааллаа дийлэхгүй, өдөр хоног маш хурдан өнгөрсөөр эхний гурван сард ямар ч дэлгүүргүй хэр нь онлайнаар 5000 гаруй ванны бөмбөлөг, гуужуулагч борлуулан, тэр жилдээ анхны сүлжээ дэлгүүрүүдээ нээсэн. Ямар ч хөрөнгө оруулалтгүй, тэгээс эхэлсэн бол өдгөө "Гоо СПА", "Гоо хүнс", "Хаан Косметик" зэрэг охин компанийг байгуулж, гоо сайхны бүтээгдэхүүнээр зогсохгүй эрүүлжүүлэгч цай, коллагентай бэлдмэл үйлдвэрлэж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би эртэч хүн биш. 10 цагийн үед л босдог. Өвөл бол түүнээс ч орой босох үе бий. Анх бизнесээ эхлүүлэх үеэс шөнө ажлаа төлөвлөж, цаашид яах ийхээ төсөөлөн боддогоос нойргүйдэх болж, яваандаа нэлээн хүндэрсэн. Гэхдээ тэгж ажиллаагүй бол "Гоо" брэнд хурдан хугацаанд зах зээлд байр сууриа эзэлж чадахгүй байсан байх гэж боддог. Их хичээсний дүнд ойрд илүү чанартай унтаж дадаж байгаа. Би ямар нэгэн зүйлд улайрахаараа бусад бүх зүйлээ орхиод, түүндээ л бүх анхаарлаа хандуулчихдаг талтай. Тэнцвэртэй амьдрах нь чухал гэдгийг мэддэг ч би угаасаа ийм байхдаа л "би" юм байна гэж ойлгоод, өөрчлөгдөх гэж хүчлэхээ больсон. Тиймээс тэр цаг үед надад юу хамгийн чухал байна, түүндээ бүх сэтгэлээ өгдөг. Өдөр тутмын ажлын хувьд үйлдвэр дээрээ ихэнх цагийг өнгөрөөнө. Лаборатори дээрээ туршилт судалгаа хийх, уулзалтад явах, дизайнертайгаа сав баглаа боодлын загвар гаргах, салбаруудаараа явах, гоо сайханчидтайгаа шинэ бүтээгдэхүүнээ нэвтрүүлэх гээд л ажлууд маань ар араасаа ундарч өгнө дөө. Тун сонирхолтой ажил шүү.


3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Төсөөлөл гэдэг миний хувьд хийх ёстой зүйлийн маань тал нь байдаг. Хийх гэж байгаа зүйлээ дотроо маш сайн төсөөлж, ургуулан бодчихвол дараагийн алхмууд маань тодорхой, ойлгомжтой болчихдог. Гэхдээ мэдээж сайн баг хамт олон, намайг дэмждэг хүмүүс, хэрэглэгчидгүйгээр энэ бүхэн зөвхөн төсөөлөл чигээрээ л үлдэх байсан. Үйлдвэрлэл хурд, мэдрэмж, шинэлэг сэтгэлгээ шаарддаг. Тийм байж чадахгүй бол амьдрахгүй. Бас юуг, яаж, ямар үед хийвэл зах зээлд борлогдох вэ гэсэн мэдрэмж, судалгаа чухал. Ямар ч зүйлийг боломж гэж харж шийдэмгий байх хэрэгтэй. Эргэж буцах дургүй. Шийдвэр гаргахгүй байх, буруу шийдвэр гаргах адилхан санагддаг. Ер нь бизнесийнхээ утга учрыг тодорхойлчихсон байхад аяндаа явчихдаг шиг. Зарим бизнес эрхлэгч их мөнгө олох гэж, зарим нь өөрийгөө рекламдах гэж, зарим нь ямар нэгэн зүйлийг далдлах гэж, зарим нь зүгээр л даган дуурайж хийдэг. Миний хувьд энэ ажил маань авч болох хамгийн том кайф, амьдралын минь томоохон хэсэг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Facebook, Instagram зэрэг олон нийтийн сүлжээний аппуудыг байнга хэрэглэнэ. Түүнчлэн Pinterest-ээc бүтээгдэхүүний дизайн, зураг авалтын санаа авдаг. Мэдээж "Гоо" брэндийн маань онлайн дэлгүүрийн апп.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ажилд сэтгэл санааны байдал их нөлөөлдөг учраас өөрийгөө хэт хүчлэн, заавал ингэх ёстой, тэгэх ёстой гэдэггүй. Тэр тусмаа лабораторидоо сэтгэл тавгүй үедээ орох дургүй. Туршилтад сөргөөр нөлөөлдөг учраас энерги, сэтгэл зүйгээ сайн бэлдэж ордог. Амьдралаас таашаал авч амьдрах дуртай. Юу таалагдаж байна, юу үнэ цэнтэй байна, ямар ажил таашаал өгч байна, түүнд л цаг гаргадаг. Шаардлагагүй арга хэмжээ, уулзалтад очиж цаг заваа үрснээс хайртай хүмүүстэйгээ хөдөө явахыг илүүд үздэг төрлийн хүн.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Тодорхой насан дээр очихдоо ийм зорилгод хүрчихсэн байна гэх мэтээр том зорилгуудаа насандаа дүйцүүлж төлөвлөдөг. Харин ажил, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө нэг жилээр гаргаж хэвшсэн. Тэгээд долоо долоо хоногоор өдөр тутмын ажлаа төлөвлөдөг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Хөдөө явах, найзуудтайгаа хөгжилдөх, гэртээ хөшгөө хааж байгаад хуучны классик кино үзэх дуртай. Бас уран зохиол, яруу найраг маш гоё тайвшрал өгдөг. Багаасаа Р.Чойномын шүлгүүдийг сонссоор байгаад бүгдийг нь цээжээр мэддэг болчихсон. Найз нөхдөдөө уншиж өгсөөр байгаад хашраачихсан шүү. Уншиж өгье гэхээр "Өө үгүй үгүй" гэдэг болсон (инээв). Одоо ч гэсэн сонсож алжаалаа тайлдаг. Бас түүхийн мэдлэгтэй хүмүүстэй ярилцах дуртай. Аяллаас эрч хүч авдаг. Нэг очсон газраа дахиж очоод, бодол мэдрэмжүүд яаж өөрчлөгдсөнийг анзаарах бас их сайхан санагддаг.


8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Буддын гүн ухааныг судалдаг. Хэсэг хугацаанд уламжлалт анагаах ухаанаар сурч байсан. Буддын гүн ухаан бол яг судлаад үзвэл бурхангүйн сургаал. Будда бол чи бидэнтэй адилхан хүн, гэхдээ муу сэтгэлээ дарж чадсан гэдэг, маш энгийн. Тэнгэр дээр шидтэн байдаггүй, чиний заяа төөрөг бас тэнгэр дээр зурагдаагүй, бүх зүйл чиний сонголт, тэмцэл. Буддын гүн ухааныг дагаад уран зохиол, уран баримал, уран зургийн олон гайхалтай бүтээл төрөн гарсан. Мөн астрологи сонирхдог. Ер нь ямар ордод төрснөөр нь тухайн хүний өгөгдөл, давуу сул талууд яг харагддаг. Тэр бүгдийг судлах дуртай.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Үйлдвэрлэл бол тэр чигтээ багийн ажиллагаа. Лего угсарч байгаа юм шиг л. Үнэхээр кайфтай ч нөгөөтээгүүр маш хэцүү. Маш их тэсвэр тэвчээр, хатуужил шаардагддаг. Нэг бүтээгдэхүүн гаргах гэж хамгийн багадаа зургаан сар, түүнээс дээш хугацаа зарцуулдаг. Бид саяхан өөрсдийн ISO9001 хангасан шинэхэн үйлдвэрлэлийн барилгаа ашиглалтад оруулж үйлдвэрлэлийн хүчин чадал, техник технологио ахиулсан.

Уг нь үйлдвэрлэл улсын хөгжилд асар чухал зүйл. Даанч манай улсад хангалттай үнэлэгддэггүй. Нийгмийн халамжид их мөнгө зарцуулахын оронд дэлхийн стандартад нийцсэн хэдэн том үйлдвэр барьчихвал илүү л тустай мэт. Үүнд үнэхээр бухимддаг. Брэнд бий болгох, үйлдвэрлэл хөгжүүлэх бол хоёр тусдаа асуудал. Миний хувьд Монголд үйлдвэрлэл хөгжүүлэхийг илүүд үздэг. Одоо үед олон брэнд үүсэж бий болсоор л байна. Өөрийн нэрийг бичүүлж, гадаадад үйлдвэрлүүлээд монгол брэнд хэмээн борлуулах нь түгээмэл. Олон улсад ч гэсэн байдаг үзэгдэл ч гэлээ миний хувьд монгол хүний ур ухаанаар Монголдоо хийж, дагалдах хэрэгсэл сав баглаа боодлоо ч үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтарч гаргахыг илүүд үздэг. Үүний цаана хэчнээн өрх ажилтай орлоготой байх билээ. Ингэснээр илүү удаан настай, үнэ цэнтэй жинхэнэ монгол брэнд байх болно.

Нөгөө талаар Монголдоо хийж байна гээд ядруухан гүйцэтгээд сэтгэл ханаж болохгүй. Дэлхий дахинд үйлдвэрлэл асар хурдтай хөгжиж байна. Энэ үед бид ч бас аль болох л өөрөөр сэтгэж, бүтээлч байж жаахан ч атугай ялгарах хэрэгтэй болов уу. "Гоо" брэндийн хувьд ганц ширхэг саванг хийхдээ ч яаж хүний хайрыг татах вэ, яаж шинэлэг байх вэ хэмээн бодож, урладаг. Ингэснээр хэрэглэгчид дараагийн бүтээгдэхүүнийг илүү гоё байна гэж итгэж, илүү өндөр хүлээлт үүсдэг учир эрхгүй хөгждөг юм билээ.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Ирэх наймдугаар сарын 10-нд миний 27 насны төрсөн өдөр болно. Үүнтэй зэрэгцэн "Гоо" брэндийн долоон жилийн ой тохиож байна. Ойдоо зориулаад өнгөрсөн долоон жилийн хугацаанд хийж бүтээсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, түүхээрээ үнэгүй тараагдах ном гаргана. Үүн дээр төвлөрч ажиллаж байгаа. Мөн чацарганатай гоо сайхны цувралаа Япон руу экспортлох ажил нааштай явж байна.


11. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн гэвэл ‘Арван хангал бурхадын тахилга’, ‘Чойжид дагинын тууж’ мөн ‘Манан будан’. Түүхийн болон Буддын ухааны холбогдолтой номууд унших дуртай. Дүрслэл, бичвэр гайхалтай, аливаа зүйлд болон өөртөө үнэнч байх, амьдралын мөн чанар хийгээд хоосон чанар гэх мэт маш олон зүйлийг ойлгуулдаг учир уншаад уншаад уйддаггүй. "Манан будан"-д Галдан бошигт хааны гавьяа, хувь тавиланг урнаар өгүүлдэг. Бас Р.Чойномын ‘Уяхан замбуутивийн наран’ гэдэг нандин ном бий. Ихэнх алдартай шүлэг нь багтсан.

Киноны хувьд "Тунгалаг тамир", "Black Swan", "Shawshank Redemption", "The Great Gatsby"-г нэрлэнэ. Хөгжмийн хувьд, "Хурд" хамтлагийн улаан фэн. Алтан пянзыг нь саяхан авсан. Ер нь хуучны дуунуудад их дуртай. Б.Бадрууган агсны дуунуудыг бас сонсоорой хэмээн зөвлөе. Рэппер Энэрэлийн "Шүлэг", "Love Birds"-ыг бас сонсоорой. Гадаадаас гэвэл Жо Дассэний бүх дуунд дуртай. Агаарт хөвөх мэт мэдрэмж төрүүлдэг.

12. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

"Үйлийг чи үнэн хийвэл үр нь заавал ирнэ" гэдэг үг. "Очир огтлогч" номын эхний хавтсан дээр байсан санагдаж байна. Зөвхөн ажил ч биш бүх зүйлд үнэн байхыг хүсдэг. Тухайн цаг мөчдөө бүхий л сэтгэл, зүтгэлээ зориулахыг хичээдэг. Бас санаа дангаараа юу ч биш гэж боддог. Хүн болгонд л бизнес, ажил амьдралын гоё, агуу санаанууд байдаг. Гэхдээ хийхгүй, голоос нь эргэж буцвал тэр эцсийн дүндээ юу ч биш.

13. БУСДАД ШИДЭХ САНАА?

Анх намайг үйлдвэрлэл эрхэлж эхлэхэд "Монголд бизнес хийх хэцүү, төр засаг дэмждэггүй, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх бүр ч хэцүү, зах зээл бага, татварын дарамт шахалт, хээл хахууль гаарсан, нэмээд чи танил талгүй шүү дээ" гээд л ойр тойрныхон түмэн асуудал хэлж байсан. Тэр үед надад нээрэн л тийм байх даа гэж бодогдсон. Гэхдээ яг бодит байдал дээр ердөө ч тийм байгаагүй. Бүх зүйл чамаас л шалтгаална. Өөрөө юу ч хийж эхлээгүй байж төр засгийн тус хүсдэг, юугаа ч тултал нь үзээгүй байж зах зээлээ голдог, зүгээр л очоод уулзаад ажил хэргээ зохицуулчих зүйлийг заавал танил тал, ар хайж асуудлаа өөрсдөө үүсгэж, хүндрүүлээд л байдаг. Бидний үед өөрчлөгдөж байна, өөрчлөх ч ёстой. Өөрсдөө бизнес хийхэд маш хэцүү гээд, гаднын том зах зээлд гарвал "алаад" байх юм шиг мөрөөддөг. Гэтэл гаднынхан болохоор Монгол бол бизнес хийхэд жинхэнэ жаргалын орон гэдгийг бодохоор егөөтэй ч юм шиг. Зөвхөн гоо сайхны салбарын хүрээнд аваад үзэхэд бид дотоодын нийт хэрэглээний 50 хувийг ч өөрсдөө үйлдвэрлэж, хангаж чаддаггүй шүү дээ. Бүгдийг импортоор. Бусад салбарт ч ялгаагүй. Тэгэхээр бидэнд том боломж байна.