Монголын 1000 гаруй бизнесийн байгууллагын харилцаа холбооны зардлыг бууруулж, үйлчилгээгээ өргөжүүлэхэд нь үлэмж нөлөө үзүүлсээр буй CallPro компанийнхан саяхан “Дэлхийн хаанаас ч хязгааргүй ярь” уриатай гадаадад амьдрах монголчууддаа зориулсан шинэхэн үйлчилгээ – LIME аппыг танилцуулсан билээ. Үүлэн технологи дээр суурилсан эдгээр гарааны бизнесийн үүсгэн байгуулагч, чадварлаг энтрепренер Г.Тулга бол манай энэ дугаарын зочин. 

Тэртээ 20 жилийн өмнө програм хангамжийн “Нетсофт” компанид програмистаар ажилд орж, улмаар "Жи-Мобайл" компанийн тулгын чулууг тавилцаж байсан түүхтэй тэрээр өдгөө монгол инженерүүдийн бүтээсэн технологийг дэлхийд экспортлох хэтийн зорилготой ажиллаж буй. Ингээд харилцаа холбооны салбарт далайцтай өөрчлөлт, инновацуудыг хийсээр буй Г.Тулга захирлын ажиллах хэв маяг, амьдралын дадал хэвшлээс хуваалцъя. 

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: "CallPro" компани болон "LIME" аппын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 13 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Macbook M1 Pro
Сошиал хуудас: ITulga (Twitter)



1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би дунд сургуулиа Хөвсгөл аймагт дүүргээд 2002 онд программ хангамжийн мэргэжил эзэмшихээр хуучнаар КТМС-д элсэж байлаа. Тухайн үед "Анд Глобал" компанийн үүсгэн байгуулагч Ч.Анар захирал хувийн компаниа байгуулж таарсан. Оюутан болохоосоо ч өмнө би түүнтэй чатаар хэдийнээ танилцчихсан байсан л даа. Хотод ирсний дараа биечлэн уулзаж улмаар Ч.Анар захирал өөрийнхөө компанид ажиллах санал тавьж, ажлын гараагаа "Нетсофт" компаниас эхлүүлж байв.

“Номин” сүлжээ дэлгүүрийн онлайн худалдааны систем бол миний ажилд орсны дараах анхны том төсөл. Манай компанийн хувьд байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын бүтээгдэхүүнийг Монголдоо анх үйлдвэрлэж байсан ба би веб хэсгүүдийг хариуцаж хөгжүүлдэг байв. Тухайн үеийн "Нетсофт" компани маань 2006 онд дөрөв дэх операторын лицензийг авч "Жи-Мобайл" болон өргөжиж, улмаар би биллингийн инженерийн албан тушаалд томилогдож байлаа. Арав гаруй жилийн өмнө холбооны салбарт програм хангамжийн инженерүүд нүдний гэм байсан нь миний хувьд давуу тал болсон. Энэ бизнес дөнгөж эхэлж байх үед манай баг гаднаас худалдаж авах шаардлагатай програм хангамжуудыг дотооддоо хөгжүүлж, цаашлаад олон шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн хэсгийг хариуцан ажиллаж байлаа.

Тэр үеэс миний карьер харилцаа холбооны салбартай салшгүй холбогдож, өнөөг хүртэл энэ салбарт ажиллаж байна. "Жи-Мобайл"-аас гарсны дараа "Монголын Цахилгаан Холбоо" компанид хоёр жил гаруй ажилласны эцэст старт-ап бизнесийн ертөнц рүү эргэлт буцалтгүй орохоор шийдсэн. "Жи-Мобайл" үүрэн холбоогоор дагнан ажилладаг бол "МЦХ" суурин холбооны Монголын ууган компани. Харилцаа холбооны хоёр өөр технологи, зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниудад инженерээр ажилласан туршлага дээрээ суурилж "CallPro"-г байгуулсан түүхтэй.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ажил дээрээ ирмэгц хамгийн түрүүнд календариудаа шалгана. Google Calendar-аар манай бүх төслүүд явагддаг тул ажлаа төлөвлөхөд тун хялбар байдаг. Үүний дараа дотоод систем, техникийн хэвийн үзүүлэлтүүдээ нэг бүрчлэн хянасны эцэст өдрийн гол ажлууд өрнөж эхэлнэ. Сүүлийн үед "CallPro" олон улсын компаниудтай хамтран ажиллаж байгаа учраас ихэвчлэн Zoom-ээр уулзалтууд явагдаж байна.

Оффис дээр бол хөгжүүлэгч болон инженерүүдтэйгээ цаашдын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, гарц шийдлийн талаар тулж ажиллан ихэнх цагаа хүмүүстэйгээ ярилцсаар өнгөрүүлдэг. Оройн цагаар харин код бичих, технологийн салбарт хийгдсэн шинэ тутам судалгааны ажлуудыг нягтлан унших гэх мэт ажилд төвлөрдөг. Би ерөнхийдөө шөнийн цагаар гүн төвлөрдөг "шар шувуу" төрлийн хүн.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Миний үндсэн хийдэг ажил бол системийн интеграц. Товчхондоо олон төрлийн системүүдийг хооронд нь уян тэндээсээ шинэ боломжуудыг нээдэг гэсэн үг. Миний хувьд карьерынхаа турш цэвэр программист гэхээс илүүтэй интеграцын чиглэлд түлхүү ажилласан учраас хүний хийсэн зүйлийг дахиж хийхгүй байхыг хичээдэг. Их ажлыг өөр дээрээ овоолж, микро менежмент хийх дургүй. Залуучууддаа “чи энэ хэсгийг судлаад ийм үр дүнд хүргээрэй” гээд итгэл хүлээлгэх үед итгэлийг маань хөсөрдүүлэхгүй тултал нь гүйцэтгэдэг. Бусадтай хамтрахаар шийдсэн бол өдөр тутмын ажилд нь хутгалдахгүй, ажиллах эрх чөлөөг нь олгох учиртай. Нэг бүрчлэн зааж зааварлахаар тэр ажил ажилтны шинэлэг санаа бус захирлын хүсэл биелүүлэх үйл явц болоод хувирчихдаг сул талтай.

Би чинь КТМС- ийг дүүргэж чадалгүй сургуулиа дундаас нь хаячихсан хүн. Тиймдээ ч академик боловсролд гүнзгий ач холбогдол өгдөггүй. Аливаа зүйлд сониуч ханддаг, түүнийгээ бодит ажил болгохын төлөө хичээдэг хүмүүст дуртай. Одоо ч гэсэн манай "CallPro", "LIME" апп дээр ажиллаж байгаа олон залуус үндсэн мэргэжлээсээ тэс өөр ажил хийх нь бий. Ажил даалгаад хэрхэн ард нь гарч байгааг харж, өөрөөр хэлбэл хувь хүний “хандлага”-ыг ажилд авдаг гэхэд хилсдэхгүй. “Хийгээд үз, алдаад үз, арыг нь би даая” гэх зарчмыг баримталдаг. Залуучууддаа тэр хэмжээний эрх чөлөө олгож байж шинэлэг санаа амжилттайгаар эцсийн бүтээгдэхүүн болно.



4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Онцлох гэвэл Blinkist-ийг нэрлэе. Сүүлийн үед хүмүүс энэ аппыг ном товчилж унших, уншсан номоо сэргээж харах зорилгоор ашиглаж байх шиг. Миний хувьд бүтнээр нь уншчих юм сан гээд завдал болдоггүй номуудаа Blinkist-ээр тоймлоод уншдаг. Үнэхээр сонирхолтой санагдвал номыг нь бүтнээр нь уншдаг. Цахим шуудан, календарыг нэгтгэсэн, гар утас болон компьютерын аль алинд нь ашиглаж болдог Spark мөн ажил ихээхэн хөнгөвчилдөг.

Ажлын бус цагаар Netflix, Disney Plus, Apple TV гээд стрийминг үйлчилгээнүүдийг идэвхтэй ашигладаг.

Бид дотоод үйл ажиллагаандаа Amazon, Zoom, Google, Zoho, Slack зэрэг маш олон төрлийн үүлэн технологийг ашигладаг. Ингэснээр зардал хэмнэх, орон зай хамаарахгүй ажиллахаас гадна өрсөлдөгчийн сайн судалгаа болдог.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Шинэ ажил хуваарилах шаардлага тулгарвал Slack-ыг ашиглан богино хугацаанд хариуцсан ажилтан тус бүрд даалгавар өгөх тун амар санагддаг. Дээр дурдсанчлан хэрэгжүүлж буй бүх төслийн үйл явцаа Google Calendar дээр нэгтгэсний үр дүнд ерөнхий зургаар ажлаа харах боломжтой болж, цагаа хэмнэж чаддаг шүү.

Манай төслүүдийн хувьд имэйл албан бичгийн үүргийг орлодог тул элдэв цаасан дээр гарын үсэг зурах гэж хугацаа алдах шаардлага тулгардаггүй нь сайхан. Мөн цаг хэмнэх үүднээс төрөл бүрийн чат аппын тусламжтай харилцагч, хамтран ажиллагч нартайгаа хурдтай санал солилцож, ажлын явцаа дор бүр нь тайлагнаж сурсан.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

"CallPro", "LIME"-ын ажлуудаа би бүтэн сараар төлөвлөөд долоо хоногт задалж хуваадаг юм. Тэдгээр жижиг ажлуудаа Apple-ийн Notes хэсэг дээр өдөр тутмын төлөвлөгөө болгон хувиргадаг тун энгийн арга барилтай. Ажлаа ухаалаг төлөвлөхийн тулд төрөл бүрийн апп ашиглах гэж хичээсэн ч дадал болгож чадахгүй юм билээ. Хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь Notes л байсан.



7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Төрөл бүрийн технологитой холбоотой судалгааны ажил, шинжлэх ухааны чанартай сайн өгүүлэл уншина. Кино үзэх дуртай.

Технологи хүний амьдралын хэв маягт үлэмж их нөлөө үзүүлж байгаа энэ үед салбарт нь ажиллаж байгаа хүний хувиар ирээдүйн чиг хандлагын тухай мэдээллээ хурдацтай шинэчлэх шаардлагатай. Би ер нь аливаа мэдээллийг текстэн хэлбэрээр авах дуртай учраас унших нь миний амралтын нэг хэсэг юм уу даа.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

CallPro-г хамтран үүсгэн байгуулсан Г.Идэр-Од бид хоёр багын найзууд. Хүүхэд ахуй үеийн бүх тоглоом нисэх онгоцтой холбоотой байлаа шүү дээ. Харин дунд сургуулиа төгсөх үед Идэрээ аавынхаа мэргэжлийг өвлөн нисэхийн инженерээр суралцсан бол би программист болохоор шийдсэн. Ингээд миний нисэхийн салбарыг сонирхох мөрөөдөл нэг хэсэгтээ мартагдсан юм. Харин сүүлийн жил компанийн үйл ажиллагаа тогтворжин хоббиндоо цаг зарцуулах боломжтой болсон. Азаар Монголд саяхнаас хувийн нисгэгчийн сургуулиуд хэд хэд байгуулагдаж, онгоц жолоодох багын мөрөөдлөө биелүүлэхээр PPL буюу “Private Pilot License” авахаар суралцаж байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Сүүлийн найман жилийн турш "CallPro" багийнхан зөвхөн байгууллагатай харьцдаг бизнес эрхэлсэн. Харин саяхан манай баг "LIME" аппыг зах зээлд нэвтрүүлсэн нь эцсийн хэрэглэгчтэй тулж харьцдаг үйлчилгээ гэдгээрээ цоо шинэ сорилт болж байна.

Технологийн старт-ап шинэ зүйлсийг туршина гэдэг нэг талдаа сэтгэл догдлом сонирхолтой ч нөгөө талаар өчүүхэн жижиг алдаа нийт хэрэглэгчдэд шууд мэдрэгдэх тул үүрэх хариуцлага ч өндөр. Маркетингийнхаа багийн бүтээсэн нэр хүнд, итгэлцлийг тогтвортой хадгалж, урагш тэмүүлэх нь шаггүй хүнд даваа. Бусдаар бол Монголд өмнө нь огт туршиж байгаагүй технологийн шийдлүүдийг өдөр тутам хөгжүүлэх нь хийж буй ажлын маань хамгийн сайхан хэсэг. Ирээдүйд "LIME" аппыг Viber, Telegram гэх мэт олон улсад амжилттай явж байгаа аппуудтай эн зэрэгцэхүйц хэмжээний үйлчилгээ үзүүлдэг болгохын төлөө зорьж байгаа. Ингэснээр бид дэлхийн монголчууддаа дотоодын олон үйлчилгээг алс холоос ашиглах гүүр болох, олон улсын бусад аппуудаас ялгарч чадсан дотоодын цогц платформ болохыг хүсэж байна.

Харилцаа холбооны салбарт огтхон ч өөрчлөгдөөгүй гар утасны дуудлага,мессеж гэх хоёр үйлчилгээ 4G, 5G технологийн ачаар хувьсан өөрчлөгдөж байна. Жишээ нь мессежийн үйлчилгээ Facebook, Viber-н нөлөөгөөр шинэ шатанд гарчихлаа. Удахгүй утасны яриа ч өөрчлөгдөнө. Энэ шилжилтэд бид зөвхөн гадаадын апп ашигладаг үндэстэн байх юм уу, эсвэл өөрчлөлтийн нэг гол тоглогч байж чадах юм уу гэсэн асуултад манай баг "LIME"-аар дамжуулан хариулах болно. Харилцаа холбооны дэвшилтэт боломжуудыг Монгол инженерүүдийн технологиор дамжуулан хэрэглэх боломж бүрдүүлэх нь бидний гол ялгарал.

Бэрхшээлтэй тал гэвэл манай улсын мэдээллийн технологийн салбарын тоглогчид цөөхүүлээ. Бид ирээдүйд тус тусдаа өрсөлдөх бус нэгдмэл экосистемийг бүтээж байж олон улсад амжилттай өрсөлдөнө. Жишээлбэл "CallPro" дуудлагын хэсгийг хариуцаж байхад өөр нэг компани мэдээллийн аюулгүй байдлыг нь хангах мэтээр бүрэн цогц шийдлийг бусад улс орон, компаниудад санал болгох хэрэгтэй. Технологийн салбарт шинэлэг шийдэл хөгжүүлэх олон старт-ап гарч ирж, бид хамтдаа гадаадын зах зээлд хандсан бүтээгдэхүүн санал болгохгүй бол зөвхөн "CallPro"-ийн үйлчилгээг санал болгохоор цаана нь дөрөв таван үйлчилгээ нийлүүлсэн багц бүтээгдэхүүнийг Энэтхэгийн компани ч юм уу биднээс өрсөөд нийлүүлчхэж байгаа юм. Энэ асуудал дээр технологийн компаниуд хамтын ойлголцолд хүрч, бүгд нэг чигт зорилгоо тодорхойлох алсын хараа дутагдаж байгаа юм шиг.



10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

"CallPro" Киргиз улсад үйл ажиллагаа явуулаад хоёр дахь жилийн нүүрээ үзэж байна. Ковидын үеэр бид тус улсын оператор компаниудтай хамтран тусгай дугаар ажиллуулж, КОВИД-19 цар тахалтай холбогдох бүхий л зөвлөгөө, мэдээ мэдээллийг энэ чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүдээс түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлсэн. Киргиз дэх хамтрагчид маань харин одоо "LIME" аппыг сонирхож байна. Бидний ойрын зорилго бол Монголд амжилттай туршигдаж байгаа тус аппын системийг Төв Азийн орнууд руу экспортлох.

"CallPro"-ийн тухайд бид байгууллагын ажилтнуудад зориулсан цоо шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж байна. Дараагийн хоёроос гурван жилд бидний голлон хэрэглэгчдэд санал болгох бүтээгдэхүүн энэ байх юм. Ямар үйлчилгээ вэ гэхээр шинээр ажилд ороход байгууллагын зүгээс ажилтанд дугаар өгдөг шүү дээ. Тэрхүү дугаарын төлбөрийг компанийн зүгээс төлдөг. Гэвч байгууллага зөрүүлээд тухайн ажилтны утсаараа хийж байгаа өдөр тутмын үйл ажиллагаанд цугларч байгаа датанд анализ хийж чаддаггүй. Тэгэхээр энэ боломжийг бид байгууллагын захирлуудад олгож байгаа юм. Жишээлбэл тухайн ажилтан харилцагчтай юу ярьсан, ямар мессеж бичсэн гэх мэт бүх мэдээллийг бид дата хэлбэрээр хадгалж, компани харин тэрхүү мэдээллийг цаашдын үйл ажиллагаандаа ашиглах боломжтой. Байгууллагын захирлууд зөвхөн ажилтнаасаа мэдээлэл авах бус харилцагчаас ажилтантай хийгдэж байгаа бүх мэдээлэл дээр дүн шинжилгээ хийж чаддаг болно оо гэсэн үг.

"LIME" апп-г хэрэглэж буй дэлхий даяар оршин суугаа Монголчууд гэр бүл, найз нөхөдтэйгөө бүх цаг үед холбоотой байх төдийгүй тэднийг дотоодын үйлчилгээ, байгууллагуудтай ойртуулах зорилгоор манай баг Монголын томоохон банкууд, даатгалын үйлчилгээ, крипто бирж, аппууд, мөнгөн гуйвуулга, эмнэлгийн үйлчилгээ гэх зэрэг бусад байгууллагуудын шижигнэсэн залуустай технологио нийлүүлэн амжилттай хамтран ажиллаж байна.

Иймэрхүү байдлаар Монголын харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын залуучууд өөрсдийн туршлага, технологио нийлүүлэн амжилттай хамтарч чадвал 10, 20 жилийн дараа дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд бүгдээрээ хүрэх бүрэн боломжтой. Бидний хувьд өөрсдийн технологид суурилсан харилцаа холбооны бүтээгдэхүүнийг хоёроос гурван жилийн дотор олон улсын зах зээл рүү хурдацтай нэвтрүүлнэ. Энэ жим дараа дараагийн олон технологийн компаниудад дэлхийд гарахад нь туршлага болно гэдэгт итгэлтэй байна.

Монголд харилцаа холбооны салбар сайн хөгжсөн хэдий ч бид өнөөдрийг хүртэл зөвхөн импортлогч байсаар ирлээ. Одоо бидний туршиж, нэвтрүүлж байгаа энэ бүх технологиуд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай өрсөлдөхүйц чанартай хийгдэж байгаа. Манай улс харилцаа холбоо, өндөр технологийн бүтээгдэхүүнийг зөвхөн гаднаас авах биш экспортолж чадна аа гэдгийг ойрын хугацаанд батлан харуулахыг хүсэж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Microsoft, Apple, Google, Amazon гээд манай салбарын гол тоглогчдын худалдан авалтыг анхааралтай ажигладаг. Жишээ нь Apple, Google өдөрт хэдэн арваар нь компаниудыг худалдан авч байгаа. Чухам яагаад тэр компаниудыг авч байгаа, зарагдаж байгаа компаниудын технологи юугаараа онцлог байсан тухай эрэл хайгуул хийдэг. Том компаниуд ямар чадвартай хүмүүсээр хүний нөөцөө бүрдүүлж байна, ямар компанийг худалдан авч байна гэдгээс тэдний ирэх хоёроос гурван жилийн төлөвлөгөө тодорхой харагддаг тул энэ бүх хөдөлгөөнийг ажиглах нь маш чухал.

Мөн ирээдүйд датанд суурилсан олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, энэ чиглэлээр гүнзгийрүүлэн суралцахыг хүсэж байгаа. Хэрэглэгчийнхээ датаг хэр сайн анализ хийж чадна, тэр хэмжээгээр бизнес амжилттай ажиллана гэж итгэдэг.



12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Хамгийн сүүлд Матриксын шинэ ангийг үзэх зорилгоор өмнөх гурван ангийг нь сэргээж үзсэн. Apple TV-н Foundation цуврал бас их сонирхолтой байлаа. Би мөн эмнэлгийн салбарын цувралуудыг шимтэн үздэг. House, Grey’s Anatomy гээд л. Киног мэдлэг авах гэхээсээ амрах зорилгоор сонгодог.

Санал болгох номын хувьд геополитик ба даяаршлын чиглэлээр мэргэшсэн Параг Ханна зохиолчийн Connectography: Mapping the Future of Global Civilization бүтээлийг санал болгоё. Монголчууд Хятадаас хамаг юмаа импортолж байхаар Монголдоо үйлдвэрлэвэл яасан юм гэх санааг их ярьцгаадаг. Гэвч үнэн хэрэгтээ орчин цагийн дэлхий нэгэн цул болсон бөгөөд аль нэг улсаас хамааралгүйгээр дангаар орших боломжгүй гэсэн үндсэн санааг энэ ном дэвшүүлсэн юм.

Жишээ нь Хятадад ямар нэг зүйл үйлдвэрлэж байгаа бол бид тэр үйлдвэрлэлийн урт гинжин хэлхээний нэг хэсэг байж оршин тогтоно гэх утгатай. Гэтэл Монгол улс энэхүү урт хэлхээнд төмөр замын тээвэр, уул уурхайн түүхий эдийн экспорт гэсэн хоёрхон газар байршиж байгаа нь гашуун үнэн. Хэрэв Монгол байхгүй бол дэлхийн нийт хөдөлгөөний хоёрхон урсгал хаагдана уу гэхээс цаана нь байгаа хэдэн мянган урсгалд ямар ч өөрчлөлт орохгүй. Тэр хэрээрээ биднийг тоохгүй, ач холбогдол өгөхгүй. Хөгжиж буй орнууд тэр гинжин хэлхээний гол гол хэсгүүд дээр байршихын төлөө өрсөлддөг. Бидний хөгжүүлдэг програм хангамж ч гэсэн ялгаагүй. "CallPro" Монголын бүх программ хангамжийг өөрсдөө хийх боломжгүй. Гэхдээ компанийн мэдээллийн технологийн гол хэсгүүдийг хийж чаддаг гэдгээ харуулбал, бидэнгүйгээр үндсэн гинжин хэлхээ зогсох хэмжээнд очсон цагт өөрсдийгөө хүчирхэг болжээ хэмээн тооцож болох юм. Бид энэ даяаршсан нийгмийн хаана байгаа, мөн хаана байх ёстой, дэлхий биднээс хамааралтай болохын тулд юу хийх хэрэгтэй зэрэг олон сонирхолтой санаа энэ номд бий.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Ч.Анар захирал намайг анх ажилд орж байх үед “Хүний хийсэн юмыг дахиж битгий хийж бай, шууд авч ашиглаж бай” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй. Ялангуяа технологийн компани байгуулаад явж байх үед энэ зөвлөгөө маш их хэрэг болдог. Надад Монголын старт-апуудын хийсэн ажлыг дуурайж хийх, өрсөлдөх зорилго байхгүй. Аль болох тэдэнтэй интеграц хийх, хамт хөгжих боломжийг эрэлхийлдэг. Дугуйг нэгэнтээ зохион бүтээсэн бол дахин зохион бүтээх гээд байх шаардлагагүй.



14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Залуучууддаа том компанид ажиллаад үзээрэй гэж зөвлөе. "CallPro" өдий хэмжээнд амжилттай яваа гол шалтгаан "Жи-Мобайл"-тай салшгүй холбоотой. Энэ компани хорин хэдхэн настай, дипломгүй залууд олдохооргүй маш том лаборатори байсан. Тэндээс дэлхийн хэмжээний технологиудыг таньж мэдэх, турших аз завшаан надад тохиосон.

Одоогийн залуучууд старт-ап гэх нэрэнд тун хөнгөхөн хандах гээд байдаг тал ажиглагддаг. Компьютер байгаад програм биччихээр л стартап болчихно гэж байхгүй. Шийдэх гэж байгаа асуудлынхаа суурийг баттай ойлгохын тулд том компанийн туршлагаас суралцаарай, эсвэл тухайн зах зээлд чамаас өмнө алдаж онож үзсэн сайн удирдагчтай хамтран ажиллаарай.