Энэ удаагийн дугаартаа бид БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг урьж ярилцлаа. Монголд дөрөв дэх жилдээ ажиллаж буй тэрбээр арга барил, үзэл баримтлалаа илэн далангүй хуваалцсан юм.

Байршил: СБД, 1-р хороо, Элчингийн гудамж 9, БНЧУ-ын ЭСЯ
Эрхэлдэг ажил: Бүгд Найрамдах Чех Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Сошиал хуудсууд:
Jiri Brodsky (Twitter, LinkedIn)


1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

16 нас хүрдэг жил өвөө надаас ирээдүйд юу хиймээр байгааг минь асуугаад хэд хэдэн хувилбар санал болгож билээ. Дипломат гэхэд нь надад тун болмоор санагдсан. Миний давуу тал, дутагдлыг сайн мэдэх хүний хувиар санал болгосон замнал. Ингээд ахлах ангиасаа эхлээд түүхэн хүмүүсийн намтар, олон улсын харилцаа, түүхийн холбогдолтой ном унших болсон доо.

Улс төр, нийгэм судлалын чиглэлээр бакалавр хамгаалсан хойноо Лондонгийн эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургууль (LSE)-д тэнцсэн ч тэтгэлэг авч чадаагүй. Ажлын туршлага дутсанаас үүдэлтэй гэж үзсэн учраас Прагийн эдийн засаг, бизнесийн их сургуульд хоёр жил гаруй ажиллаад дахин LSE-д өргөдөл гаргаж, улмаар тэтгэлгээр суралцах болсон. Магистраа төгсөөд би өөрийн хүссэнээр төрийн албанд буюу Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилд орсон юм. Гадаад хэргийн газрын шинжээч болж, Ерөнхийлөгчид гадаад бодлогын шийдвэр гаргахад дэмжлэг болох судалгаа, материал бэлдэж хүргэдэг байлаа. Ерөнхийлөгч Вацлав Клаустай би олон зүйл дээр санаа нийлдэг учир аль нэг илтгэлд нь зориулж үг бэлдлээ гэхэд юуг заавал онцлохыг нь мэддэг байж билээ. Ерөнхийлөгчийн дэргэд 10 жил ажилласны дараа би Гадаад хэргийн яамны Хойд ба Зүүн Европын хэрэг эрхэлсэн газарт ажиллаж эхэлсэн.

2013-2017 онд би Данийн Вант Улсад Элчин сайдаар ажиллаж, томилгоо дууссаны дараахан энд ажиллахаар ирсэн дээ. Би 2006 онд Ерөнхийлөгч Вацлав Клаусын хамт Монголд ирж байсан учраас ийш томилогдох хүсэлт гаргасан юм. Монгол Даниас хүйтэн цаг агаартай ч гэлээ хүмүүсийн харилцаа нь илүү дулаан уур амьсгалтай. Монголчууд илүү нээлтэй учраас тэр.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө бүр 6:40 цагаас сэрээд тухайн өдрийн хуваариа хардаг. Монголд төлөвлөгөөнөөс гадуур зүйлс их болдог учраас, төлөвлөсөн уулзалт бий эсэхээс үл хамаарч ажлын өдрүүд нэг их ялгаагүй байдаг. Цагийн зөрүүнээс шалтгаалаад (Прага Улаанбаатараас зургаан цагаар хоцорч явдаг) оройдоо цахим шуудан, хийх ажлын жагсаалтаа шалгадаг. Элчин сайд хүн суудалдаа шигдээд байлгүй гарч ажиллаж, хүмүүстэй харилцах ёстой. Би цахим уулзалтаас төвөгшөөдөг учир биечлэн уулзахыг илүүд үздэг. Цахимаар ажиллах байсан бол Прагадаа сууж байхад болно биз дээ, тийм үү? Бас Улаанбаатараас гарч, аймаг, сумдтай харилцаа холбоо тогтоохыг чухалчилдаг.

Энгийн үед би хоёр сар тутам чех киноны үзвэр нээдэг. Түүнчлэн манайхаас төрөл бүрийн үзэсгэлэн, жазз, сонгодог хөгжмийн тоглолт зохион байгуулдаг юм. Өнгөрсөн жил манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, олон үйл ажиллагаа зохион байгуулсан. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд Прагийн алдарт газруудыг монгол уран бүтээлч мөсөөр урлан дэлгэснийг хүмүүс санаж байгаа болов уу.

Бид төрийн байгууллага хоорондын харилцааг хариуцахаас гадна бизнесийнхнийг холбож ажилладаг. Чех бизнес, брэндүүдийг Монголд оруулж ирэх, Чех рүү хийх Монголын экспортыг нэмэгдүүлэх нь манай ажлын чухал чиглэл. Хоёр улсын худалдаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх моддын үрийг одоо бид суулгаж байна гэх үү дээ. Мэдээж Прага дахь Монголын ЭСЯ-тай гар нийлж ажиллана.


3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Ажил хийж байгаа мэт дүр үзүүлэлгүй шударга ажиллах л чухал даа. Мөч бүрийг сэтгэл тэнэгэр, бүрэн дүүрэн өнгөрүүлэхийн төлөө явж, аль чадахаараа идэвхтэй амьдрах хэрэгтэй гэж боддог. Эрүүл мэндийн дараа орох чухал зүйл бол цаг хугацаа. Иймд өөрт буй хугацааг ашиглаж хоёр улсын харилцааг аль болох л урагшлуулахыг хичээж явна. Гэхдээ үүнийг би ганцаараа хийж чадахгүй нь мэдээж. Багийнхнаа аль болох л татан оролцуулж, ажлаа зүй зохистой хуваарилахыг илүүд үздэг.

Дипломатч хүн уур хилэнгээс холуур явах учиртай. Хүн муу зүйл хийлээ гээд ижил хариу барьж болохгүй. Тэгэх тусам нь харин ч эсрэгээрээ, илүү сайхан, зөөлөн хандах хэрэгтэй. Гэхдээ намайг хуурсан хүмүүстэй дахиж харилцаж, хамтран ажиллахаас зайлсхийдэг. Тухайлбал, нэртэй бизнесмэн чех компанитай хамтарч ажиллана гэж Шенгений виз авсан мөртлөө зорьж очоогүй байвал дахиж тэр хүнийг ЭСЯ-ны арга хэмжээнд урихгүй, хамтран ажиллахаа бүр зогсооно гэх мэт.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Чехэд амьдардаг монгол инженерүүдтэй хамтарч MNCZ гэдэг, үнэгүй апп бүтээсэн юм. Чех-монгол толь бичиг, хэлц үг, ачаа тээврийн мэдээлэл, Чех дэх ЭСЯ-ны мэдээлэл гэх мэтчилэн, тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэдэд хэрэгцээтэй бүхэн багтсан апп. Би Твиттерийг идэвхтэй ашигладаг. Харин хүмүүстэй харилцахдаа WhatsApp, Viber ашиглана.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Юу илүү чухал болохыг тогтоох хэрэгтэй. Илүү ач холбогдолтой гэсэндээ анхаараад бусад зүйлсийг орхих. Гэхдээ хүний үнэт зүйлс наснаасаа шалтгаалаад өөр өөр байх нь бий. Вацлав Клаусын хувьд тавдугаарт эрэмбэлэгдэхүйц зүйл миний хувьд хамгийн чухал байх жишээтэй. ЭСЯ-ны ажилтнууд маань миний юуг чухалчилдагийг мэддэг учир үүрэг даалгавар өгөх гэх үед аль хэдийн хийчихсэн байх нь олонтоо. Манай хамт олон тун чадварлаг шүү.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Жилийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэхийг хичээдэг. Гэхдээ Ковидоос үүдээд төлөвлөгөө алдагдчихаад л байна. Түрүүн хэлсэнчлэн, Монголд төлөвлөгдөөгүй зүйлс их болдог учраас байнга л бэлэн байх хэрэгтэй. Өглөө босоод өнөөдөр уулзалт байхгүй юм чинь өдөр тутмын хувцас өмсчихье гэж бодовч өдөр уулзалт гараад ирж мэдэх учраас хослолоо аваад л гардаг (инээв).

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Эрч хүчээ сэлбэх гол арга минь загасанд явах. Загас баригдах, баригдахгүй нь хамаагүй, сайхан байгальд гол дунд зогсож байхад бүхнийг мартаад, тархиа амрааж чаддаг. Монгол үнэхээр үзэсгэлэнтэй орон.

Спортгүйгээр амьдралыг төсөөлшгүй. Би долоо хоног бүр теннис, хөл теннис (football tennis) тоглодог. Хөл теннис гэдэг нь 6-8 хүн теннисний талбайн хоёр талд хуваагдаж зогсоод бөмбөг өшиглөж тор давуулдаг тоглоом юм. Улаанбаатарын утаанаас шалтгаалаад бусад үед ядардаггүйгээрээ ядардаг учраас өвөл фитнест явдаг. Бас ногоо тарих, хоол хийх дуртай.


8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Элчин сайд гэдэг хоногийн 24 цаг хийдэг ажил. Ажлын хажуугаар хийж байгаа бүхэн минь ЭСЯ-ны бодлого, чиглэлтэй ямар нэг байдлаар холбоотой байх ёстой. Мэдээж хувийн мөнгөөрөө элдэв төсөл дэмжих үе бий л дээ. Тухайлбал, эхнэр бид хоёр Fat Cat жазз клубт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Гэхдээ ер нь мөнгөө үрж дуусгахыг буруу гэж үздэг. Нэг бол хадгалах, үгүй бол хөрөнгө оруулж арвижуулах хэрэгтэй. Эхнэр бид хоёр ярилцаад хөрөнгө оруулж байхаар шийдсэн.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Эх орноо төлөөлөх, өөр өөр хүмүүстэй уулзаж танилцах үнэхээр сайхан. Бас тал талын мэдлэг хуримтлуулдаг нь сонирхолтой. Өглөө нь онгоц зарна, өдөр нь автобусны, орой нь эрчим хүчний мэргэжилтэн байх хэрэгтэй болно. Бэрхшээлтэй тал гэвэл, тухайн улс орныхоо дадал заншлыг судалж, тэр хүрээнд нийцэж ажиллах нь юм болов уу. Жишээ нь Монголд гэхэд, бүхнийг төлөвлөдөг европ сэтгэлгээгээ хойш тавьж, уян хатан ажиллаж сурахаас аргагүй.

Монгол гайхалтай үзэсгэлэнтэй орон шүү. Сайхан байгальтай гэж уншсан ч яг ирээд нүдээр үзэхэд төсөөлснөөс илүү үзэсгэлэнтэй байдаг. Монголчуудын зочломтгой зан бас их сайхан. Хаа ч явсан найрсгаар хүлээж авч, амттай хоол хийж өгнө гээч.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Сүүлд хоёр жилийн өмнө Прагийн амьтны хүрээлэнгийнхэн Монголд тахь тээвэрлэн авчирсан. Ирэх жил бид арав дахь удаагаа Прагийн амьтны хүрээлэнгээс Пржевальскийн адуу авчрахаар бэлдэж байна. Говийн бүс дэх тоо толгой нь хангалттай өссөн гэж үзэж байгаа учраас цаашдаа Нөмрөг сумд нутагшуулахаар ярилцаж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Чехэд үйлдвэрлэсэн “Shark” нэртэй хөнгөн агаарын хөлгийг танилцууллаа. Нисэхийн салбар бол манай хоёр улс хамтран ажиллах боломжтой салбарын нэг. Одоо Чехийн цагдаагийн газар, Интерполын дарга нарыг урьж авчрах, мөн цагдаа, цэрэг хүчний байгууллагын ашиглах зэвсгийн нийлүүлэлтийн тухай ярилцаж байна. Монголын цагдаа нар чех зэвсэг хэрэглэдэг. Түүнчлэн “Skoda” брэнд Монголын зах зээлд албан ёсоор нэвтрэх гэж байна, оны эцсээр “Jawa” брэндийн мотоцикл ирнэ. Чехээс мөн автобус, зүтгүүр нийлүүлэх боломжтой.

Чех компаниуд Монголын өнцөг булан бүрд ус цэвэршүүлэх төхөөрөмж, дэд бүтэц байгуулж байна. Сүүлд л гэхэд шинэ нисэх буудалд ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилууллаа. Хамгийн шинэлэг технологи бүхий, бохир ус цэвэршүүлэх системийг Оюу толгойд суурилуулсан. Ухаалаг тоолуур хамтран үйлдвэрлэж, эрчим хүчний сүлжээг илүү хэмнэлттэй, үр ашигтай болгох ажил явагдаж байна. Булган аймагт “Эко сум” гэдэг ТББ-д орон нутгийн жижиг төслийн хүрээнд хуванцар дахин боловсруулах төхөөрөмж, Архангайн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах төхөөрөмж нийлүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-д эрчим хүч хэмнэх дулаалгын технологийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буйг дурдах нь зүйтэй. Монголд түүхий эд нь бий, манайд технологи нь байна, энэ хоёрыг хослуулбал Монгол хангалттай хэмжээнд үйлдвэрлэл явуулж, бүр цаашлаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Урлаг соёлын арга хэмжээнүүд мөн бий. Дөрвөн чех киноны эрхийг аваад, орчуулаад бэлдчихсэн, кино театрууд нээгдэхийг л хүлээж байна даа.


11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Хэлний мэдлэгээ сайжруулъя гэж бодож байгаа. Гэхдээ яг одоо биш л дээ. Прагад буцаж очихоороо сайн хичээллэнэ. Франц хэлээ унаган хэлтний түвшинд аваачих хүсэлтэй.

Бухимдахгүй байхыг хичээдэг. Удирдагч хүн шуурганд их өртөнө. Тэр салхи шуурга намайг нэг бол хийсгэж орхино, эсхүл би тэрийг давж гарч сурна. Бухимдал стрессийг ч, өөрийгөө ч хэт их тоож үзэхгүй байх нь дээр.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Аав минь насаараа радиод хөгжмийн нэвтрүүлгийн редактор хийсэн хүн. Тиймээс ч би багаасаа л хөгжимтэй ойр өссөн дөө. Даанч манай аав ээж хоёр намайг ямар нэг хөгжмийн зэмсэг сур гэж шахаагүй юм. Би бүр 30 настайдаа төгөлдөр хуур оролдож эхэлсэн, одоо гитар сурч байгаа.

Би киноны хөгжимд дуртай. CV-ндээ энэ тухайгаа бичсэнийг хараад хүмүүс “Чи яагаад ажил мэргэжлийн тодорхойлолтдоо энийг оруулсан байдаг билээ?” гээд л гайхаж асуудаг юм. Дуртай хөгжмийн зохиолчид гэвэл Петр Хапка, Михаэл Лоренц, Эннио Морриконе.

Номын тухай ярихаар жаахан улстөржчихдөг хүн дээ, би. Элчин сайд хүнд зохимжгүй ч гэлээ коммунизмыг туулж гарсан улсын иргэний хувьд үзэл бодлоо илэрхийлэхийг хүсдэг. Би барууны үзэлтэй. Төр нь иргэдийнхээ амьдралд аль болох бага оролцохыг зөв гэж үзэж, чөлөөт зах зээл, чөлөөт нийгмийг бүхнээс чухалчилдаг. Тийм ч учраас номын тавиурууд дээр минь Фридрих фон Хайек, Фредерик Бастиа нарын бүтээлүүд өрөөстэй. Чех зохиолчдоос Карел Чапект дуртай. “R.U.R” тэргүүтэй олон зохиол бичсэн, анх “робот” гэдэг үгийг ашигласан хүн шүү дээ.

Чех антропологич Павел Поухагийн 1957 онд гаргасан "Mongolskem" номыг зөвлөе. 1950-аад онд Монголын нутгаар тойрон аялсан тухайгаа бичсэн, тун сонирхолтой бүтээл. Монгол хэчнээн хувьсаж хөгжсөн нь эндээс илхэн. Одоо энэ ном монгол хэл рүү хөрвүүлэгдэж байна. Би ертөнцийн мөхөл сүйрлийн тухай (дистопи) зохиолд дуртай. Хакслигийн “Гайхамшигт шинэ ертөнц”, Замятины “Бид”, Оруэллийн “1984” гэх мэт. Сүүлд франц зохиолч Мишель Уэльбэкийн “Submission” гэдэг зохиолыг уншлаа. Одоогийн бидний амьдралтай аймаар, цочирдмоор адилхан. Бас Э.М.Форстерын “The Machine Stops” гэдэг зохиолыг уншсан юм байна. Хожим бодит амьдралаас сэдэвлэсэн, шог зохиол бичнэ гэж боддог.


13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Томилогдсон улсаа өөрийн хоёр дахь гэр гэж үз гэсэн зөвлөгөө. Копенгагенд Польшийг төлөөлж суусан элчин сайд “Ажил явж өгөхгүй байвал бухимдах хэрэггүй. Зүгээр л тэр нутгийн сайхныг үзээд, тавтай бай. Амар, гольф тогло, загас барь. Нэг л мэдэхэд тэр бүхний ачаар ажилдаа амжилт олох болно” гэж хэлсэн юм. Тэр үнэн юм билээ. Энэ чинь яг л хоол хийхтэй адилхан. Сэтгэл санаа тавгүй, ууртай, шаналсан үед хоол амттай болдоггүй шүү дээ. Гагц хоол гэлтгүй бүх л зүйл дээр энэ дүрэм үйлчилдэг байх. Бухимдуу, сэтгэл тавгүй үед гараас сайхан зүйл гарахгүй.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хүнд сургах, заах хүсэл надад үгүй. Хэрхэн амьдрахаа хүн өөрөө хэнээс ч илүү мэддэг болов уу. Өөрийн хүссэнээр л амьдрах ёстой.