Сүүлийн үед хамгийн их өөрчлөлт явагдаж буй, хүмүүс хамгийн ихээр хошуурч байгаа крипто салбарт далайцтай төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж буй нэгэн энтрепренерийг өнөөдөр уншигчидтайгаа уулзуулж байна. Тэр бол Өмнөд Солонгосоос гаралтай австрали хөрөнгө оруулагч Жозеф Лий юм. Хөрөнгө оруулалтын банкирын хувиар, уул уурхайн төслөөр 10 жилийн өмнө Монголд хөл тавьж байсан тэрээр Монголын өндөр өсөлттэй компаниудын нэг Gerege Systems-ийн удирдлагын багт нэгдээд байгаа юм. Мөн блокчэйнд суурилсан, хувийн эрүүл мэндийн датаг хөгжүүлэх "DEVITA" платформыг хамтран байгуулаад байгаа бөгөөд энэ салбар Монголд зөв зүйтэй хөгжихөд хувь нэмрээ оруулахаар зорьж буй ажээ.

Байршил: Өмнөд Солонгос, Монгол
Эрхэлдэг ажил: Крипто энтрепренер, хөрөнгө оруулагч
Хэрэглэдэг утас: iPhone 12, iPhone 12 Pro
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro I Таблет: iPad Air + Apple Pencil
Сошиал хуудсууд: @josephious (Инстаграм), @Josephious_mn (Твиттер), Joseph Lee (Фэйсбүүк)
Блог: Joseph Lee (Medium)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Намайг хоёр настай байхад манай гэр бүл Австралид очсон юм. Цагаач гэр бүлүүдийн адилаар аав ээж маань маш их хөдөлмөрлөсөн. Эгч бид хоёр хичээн суралцаж, их сургуулиа төгсөн төгстөлөө дандаа тэтгэлэг авч байлаа. Багаасаа математикийн хичээлдээ дуртай байсан би ахлах сургуулиа төгсөхдөө Австралийн шилдэг 50 сурагчийн нэг болж, Маркетийн их сургуулийг хэрэглээний математикаар, Сиднейн их сургуулийг хуульчаар тус тус төгссөн.

Миний карьер бол уулзах ерөөл тохиосон хүмүүсийн маань "бүтээгдэхүүн" юм даа. Их сургуулиа төгсөөд би Хонгконгд хөрөнгийн зах зээл дээр ажиллаж, эдийн засгийн хямралын үеэр арилжаа хийж байв. Дараа нь өөрт илүү тохирох хөрөнгө оруулалтын банкны салбарт шилжсэн. 2010 оноос би хөрөнгө оруулалтын банкираар бие даан ажиллаж, уул уурхай, эрчим хүчний компаниудын төслүүд дээр M&A, IPO, корпорэйт санхүүг хариуцан ажиллаж байв. Энэ бол миний карьерын нэг онцлох үе юм.

Ер нь би трэйдерийн хувиар ч, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын банкирын хувиар ч, одоо блокчэйн хедж фандын мэргэжилтний хувиар ч хэзээд "frontier" гэгддэг өсөж хөгжиж буй зах зээлүүдийг эрэлхийлж ирсэн. Ийм зах зээлд ажиллах нь тун амаргүй, ганцаардах, стрессдэх үе багагүй тохиолддог. Харин зөв хүмүүстэй зөв үедээ учрах нь намайг урагш ахиулж ирсэн байдаг.

Монголтой холбогдсоноо би мөн карьерын онцлууштай үйл явдал гэж хэлнэ. Уул уурхайн компанийн төсөлд ажиллаж байхдаа Монголд арван жилийн өмнө анх ирээд маш олон боломж, потенциал байгааг олж харж байлаа. Gerege Systems-ийн үүсгэн байгуулагчдын нэг Ц.Энхжаргалтай танилцаж, найзууд болж, финтек компани удирдаж байгаа нь сонирхол татаж, компанид нь хэдэн жилийн турш мэддэг чаддаг зүйлээрээ зөвлөж ирсэн. Ингээд өнгөрсөн оны сүүлчээр албан ёсоор бизнес түншүүд болж, би Gerege Systems-ийн ТУЗ-д орж, зарим үйл ажиллагааг хариуцах болсон юм. Энэ хамтрал мөн өөр нэг боломжид хөтөлж, бид тун сонирхолтой шинэ төсөл эхлүүлээд байна. Тэр нь дараа сард нээлтээ хийх, блокчэйн технологид суурилан эрүүл мэндийн датаг хадгалах, удирдах дэд бүтцийг хөгжүүлэх платформ юм. Gerege Systems техник хангамжаа, бид санхүүгийн мэдлэг туршлагаа хослуулан энэ төслийг эхлүүлсэн гэсэн үг.


2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Бизнес удирддаг хүнд дундаж өдөр гэж байхгүй дээ. Өдөр бүр л өөрөөр өнгөрнө. Би өглөө голдуу 6:30 - 7:00 цагийн үед сэрдэг. АНУ, Европ дахь хамтрагчид, багийнхнаас маань имэйлүүд ирсэн байдаг болохоор өглөөгүүр имэйлд цаг зарцуулна. Тэгээд фитнесдээ явж хөлсөө гаргадаг. Үдээс хойш уулзалтууд л зонхилно. Солонгост бол нэлээн хуучинсаг соёлтой газар учраас биечилж уулзахыг илүүд үзнэ. Бусад газруудад бол Zoom, Google Meet зэрэг аппуудаар ажлын уулзалт, хурлаа хийдэг. Орой 21:00 - 22:00 цагийн үед хариад зарим ажлаа хийдэг. Тэгээд ихэвчлэн шөнө 01:00 - 01:30 цагийн үед унтдаг даа.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Хувийн арга барил гэвэл "шууд хийх" гэж товч тодорхойлж болох юм. Хийх ажлын жагсаалтаа гаргаад нэг нэгээр нь дараад явахад таатай байдаг. Харин хариуцаж буй төслүүд томрох тусам цөөнгүй баг удирдах шаардлагатай болж байна. Өөр өөрийн онцлог, ур чадвартай хүмүүсийг нэгтгэн удирдана гэдэг амаргүй. Тиймээс сүүлийн үед гүйцэтгэлд суурилсан аргаас оролцогч талууд буюу багт суурилсан арга барилд шилжиж байна гэж болно. Миний удирддаг нийт төсөл, компаниудад дөчөөд хүн бий. Үүнээс багийн цөм болсон, удирдах түвшний найман хүнтэй голлон харилцаж явдаг.

Мөн хүн бүрд хүндэтгэлтэй хандахыг, алдаа гаргавал түүнийгээ хурдан хүлээн зөвшөөрөхийг эрмэлздэг. Хамт ажиллаж байгаа багийнхнаасаа ч гэсэн адилхан хандлагыг шаарддаг. Бүтэлгүйтэлд ямар хариу үйлдэл үзүүлэх нь бизнесийн харилцаа хэр урт үргэлжлэхийг шийддэг гэж боддог юм.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Би Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг ч Google-ийн програмуудыг түлхүү ашигладаг юм байна. Хүмүүстэй харилцах нь миний ажлын маш чухал хэсэг учраас Zoom, Google Meet зэрэг уулзалтын аппуудыг байнга хэрэглэнэ. Ажлын харилцаанд гэвэл сүүлийн төслүүддээ Slack болон Jira-г гол төлөв ашиглаж байна. Мөн би төслүүдэд орж явдаг учраас тухайн баг ямар технологи хэрэглэж байна, түүнийг нь ашиглаад явчихдаг.

Би сошиал медиад тийм ч идэвхтэй биш байсан. Гэхдээ крипто талбарын хувьд сошиал медиад байх нь чухал байдаг, мөн нөгөө талаас монголчууд сошиал медиад маш идэвхтэй, монгол найзуудтайгаа холбогдоход сошиал медиа илүү амар байдаг. Тиймээс сүүлийн үед Facebook, Instagram-ийг арай идэвхтэй ашиглаж байгаа шүү. Харин крипто зах зээлийн мэдээллийг цаг алдахгүй авч байх зорилгоор Telegram, WhatsApp ашигладаг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

OMAD буюу өдөрт нэг хоол идэх. Амьдралын энэ хэв маягийг би сүүлийн хоёр жил баримталж байна. Бид өнөөдөр юу идэх вэ, хаана идэх вэ гээд л хоол идэхийн тулд ихээхэн цаг, энерги зарцуулдаг шүү дээ. Хоолоо бэлдэхэд ч мөн багагүй цаг орно. Фитнест явж их энерги шатаадаггүй л бол өдөрт нэг хоол идэхэд тийм ч их асуудал үүсэхгүй гэж боддог. Миний цагийг лав тун ч их хэмнэдэг юм.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Олон зүйл зэрэг хийдэг учраас эцсийн цэгүүдийг эхэлж зоогоод, ажлын хуваарь гаргаад явдаг. Гэхдээ надад урт хугацаагаар төлөвлөх боломж хомс. Голдуу нэг сараар, зарим том төсөл дээр л гурван сараар төлөвлөөд явдаг.

Ер нь би цаг, нөөц зарцуулж буй бүх зүйлийнхээ үр өгөөжийг байнга тооцдог. Тэгээд аль нь тэрхүү нөөцүүдийг зарцуулах хэрэгтэй зүйлс байна, тэр төслөө цааш үргэлжлүүлээд явдаг арга барилтай.

Тэмдэглэх тухайд бол хувьдаа цаас, самбар ашиглахыг илүүд үздэг. Бусадтай харилцах тохиолдолд бол мэдээж цахимаар төлөвлөлтөө хийнэ

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Надад чөлөөт цаг тун бага гардаг. Тийм болохоор найзалж болох хүмүүстэй, найзуудтайгаа хамт ажиллахыг хичээдэг юм байна. Найзууд, гэрийнхэнтэйгээ хоол идэж, кофе ууж суух хамгийн таатай амралт болдог доо. Эрчүүдтэй сигар татан суух бас таатай.

Фитнест явах нь бие махбодыг сэргээж, ачаалалтай ажиллах боломжийг олгодог. Би оюутан байхдаа регби, сэлүүрт завь гээд олон спортоор хичээллэдэг, их идэвхтэй байсан шүү.


8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Би ер нь сонирхол татсан ажил, төсөл байвал ямар нэг байдлаар гар бие оролцох хүсэлтэй байдаг. Блокчэйн бол технологи. Технологи бүх л салбарт хамаатай. Блокчэйнийг үр дүнтэй ашиглаж болох жижиглэн худалдаа, хоол хүнс гээд л олон салбарт төсөл хэрэгжүүлэх мөрөөдөлтэй.

Мөн би хоолонд маш их дуртай. Хайртай хүмүүстэйгээ, ажил хэргийн хамтрагчидтайгаа, шинээр танилцсан хүмүүстэйгээ хоол идэх, дарс уух, тэдэнд хоол хийж өгөх нь миний хобби.

Улаанбаатарын хоолны соёл, сонголт сүүлийн жилүүдэд маш сайжирсан шүү. Итали ресторан, Нью Йорк маягийн пизза, мексик тако гээд л бусад том хотуудтай адил болж. Хүргэлтийн хоолууд ч олон болж. Би өөрөө идэхгүй ч байнга Tok Tok аппаар хоол сонирхож харах дуртай. Кето дэглэмээр хооллодог надад Улаанбаатар яг л сайхан тохирдог.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Төрөл бүрийн олон сонирхолтой ажил хийхэд хэзээ ч уйддаггүй, хүсэж тэмүүлэх зүйл мунддаггүй. Хийж буй ажлаасаа таашаал авна, сэтгэл ханамжтай байна гэдэг бол амьдралд тун чухал.

Нөгөө талаар ажил амьдралын тэнцвэр гэсэн ойлголт байхгүй шахам. Ажлаас өөр зүйлд цаг гаргах боломжгүй л байна.

Монголд бизнес хийх нь надад бас их тохирдог юм шиг. Учир нь монголчууд ази хүн шиг харагддаг хэрнээ ази биш. Монголчууд олон улс оронд сурч төгсөөд, ажиллаж байгаад ирсэн байдаг. Тухайн орныхоо соёл, сэтгэлгээг авчирдаг гэсэн үг. Тэгэхээр олон соёл, өөр өөр хүмүүс байдаг. Миний хувьд Австрали, Солонгос гэсэн хоёр тэс өөр соёлтой газрын бүтээгдэхүүн болохоор монголчуудтай сайн ойлголцдог байх

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Хүмүүсийнхээ менежментийн ур чадварт нэлээд анхаарч байгаа. Би олон жилийн туршид уулзалтын үр дүнг гаргах, эцэсцэг тавьж төлөвлөх, ажлыг хийх нь хамгийн чухал гэж бодож ирсэн. Харин илүү том зорилгын хойноос хөөцөлдөх үед өөр дээрээ бага төвлөрч, өөрийн потенциалаас давж сэтгэж, багийн гишүүдээ, түншүүдээ, бусад оролцогч талуудыг нэг зүгт чиглүүлэн нэг зорилгын төлөө нэгтгэх нь чухал болохыг ойлгож ухаарч байна. Энэ үйл явц үнэхээр хэцүү бөгөөд хүнийг даруу төлөв болгодог юм байна.

Төвлөрч буй ажил гэвэл түрүүнд дурдсан "DEVITA" хэмээх блокчэйний төсөл байна. "DEVITA" бол крипто валют гаргах бус хувийн эрүүл мэндийн датаг хөгжүүлэх платформ юм. Facebook компани бидэнд дата, өгөгдөл гэдэг ямар чухал болохыг, цаашлаад датаг буруу зориулалтаар ашиглах нь ямар том асуудал үүсгэж болохыг тодорхой харуулсан. Харин бид хүн өөрийн тухай өгөгдлөө өөрөө удирддаг тийм плафторм хийхийг хүсэж байна. Блокчэйнд суурилсан учраас хүн өөрийн бүх датаг найдвартай хадгалж, удирдана.

Эрүүл мэндийн датаг сонгосон учир нь бодлого талаасаа амин чухал, бизнес талаасаа ч асар их мөнгө эргэлддэг салбар. Цар тахлын цаг үе эрүүл мэндийн дата ямар чухал вэ гэдгийг, цаашдаа улс орнууд энэ чиглэлд онцгой анхаарна гэдгийг харуулж байна. COVID-19 тестийн үр дүн, вакцинд хамрагдсан эсэх гэсэн хоёр үзүүлэлтийг лав одоо бүх л улс орон бүртгээд явж байгааг бид мэднэ.

Хувийн эрүүл мэндийн датаг хөгжүүлэх энэ платформоо бид Монголд эхлүүлэн туршиж байгаад Төв Азид нэвтрүүлэх хүсэлтэй. Хэтдээ бид Төв Азид дижитал торгоны замыг бий болгоход хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаа юм.

Өнөөдөр дэлхийд тэгш бус байдал үнэхээр газар авсан байна. Бүх хүн тэгш төрдөггүй ч нийгэмдээ ижил боломжоор хангагдаасай гэж хүсдэг. Харин технологи, тэр дундаа блокчэйн ийм боломжийг өнөөдөр олгож байна. Блокчэйнийг би тэгш бус байдлыг тэнцвэржүүлэгч гэж боддог. Өнөөдөр хүн интэрнэтэд холбоотой компьютертой байхад дэлхийн том компаниудтай зарим талаар ижил гараан дээр байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор би блокчэйн технологийн талаар мэдлэг, туршлагаа хуваалцахад анхаарч байгаа. Өнөөдөр Монголд олон койн, токен гарч, хүмүүс түүнийг мөнгө олох боломж хэмээн шуурч байна. Цикл нь энэ крипто валютуудын хувьд өсөж таарч байна. Гэхдээ унаж болно. Тэр үед яах вэ? Хүмүүс сайн мэдээлэл, мэдлэгтэй байх хэрэгтэй. Нийтээрээ крипто орчны талаар нэгдсэн мэдээлэлтэй байхгүй бол бид нэг бүтэлгүйтлийг том асуудал болгон харж, энэ талбарт үсрэлт хийж чадахгүй. Тиймээс бид дэд бүтэц буюу платформ бий болгохыг эрмэлзэж байгаа юм. Бид энэ талбарт удаан хугацаанд байхыг, мөн шинэ койн, токен гаргаж буй хүмүүсийг бүгдийг нь амжилт олоосой гэж хүсэж буй учраас би олон нийтэд блокчэйн, крипто орчны талаар чанартай зөвлөгөө өгч байхыг зорих болно.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Би өнгөрснийг бодож эргэцүүлж, түүнээсээ суралцдаг. Одоодоо төвлөр гэж хүмүүс их зөвлөдөг ч тухайн цаг үеийг хэрхэн өнгөрүүлснээ бодож, яаж өөрийгөө сайжруулж болох вэ гэж бодох нь үр дүнтэй байдаг. Өөрийгөө илүү ойлгох, танихыг эрмэлздэг гэх юм уу. Үүнийгээ би "тольдох цаг" (mirror time) гэж нэрлэдэг юм.

Мөн мэдээж өөрийгөө илүү ухаалаг хүмүүсээр хүрээлүүлж, даруухнаар тэднийг сонсож, тэднээс суралцахыг хичээдэг. Миний ментор, компанийн маань ТУЗ-ийн дарга хүн ингэж хэлж байсан юм: "Жозеф чи үргэлж л сурч байгаа. Уулзсан хүн чинь нэг бол чиний багш, нэг бол дасгалжуулагч. Багш гэдэг нь чамд юм сургахын зэрэгцээ чамайг хайрлана. Дасгалжуулагч гэдэг бол чамайг зовоож мэдэх ч мөн л чамайг хөгжүүлнэ."

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Би 2007-2008 оны эдийн засгийн хямралын үеэр хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байсан. Тэгээд хөрөнгийн зах зээл бусад салбарт хэрхэн нөлөөлж буйг хараад илүү утга учиртай ажил хийхийг хүсэх болсон юм. Тэр хүсэл минь блокчэйнтэй холбогдсоноор биелсэн гэж болно. Яаж вэ гэхээр, нэг банкир найз минь надад "Blockchain Revolution" гэдэг ном өгсөн юм. Би тухайн үед хуулийн сургуульд унших зүйлдээ дарагдсанаас болоод ном уншдаггүй байсан ч энэ номыг дуустал нь уншаад блокчэйн технологийн цаана ямар зарчмууд ажиллаж буйг сайн ойлгож билээ.

"The Little Prince", "To Kill A Mockingbird" гэсэн хоёр номыг бас заавал дурдах ёстой. Миний төрөлх хэл англи ч зарим мэдрэмжээ солонгосоор илүү сайн илэрхийлдэг юм. Учир нь австраличуудыг сэтгэлийн хөдөлгөөнгүй, бүр "хүйтэн" гэх нь ч бий. "The Little Prince"-д харин хүнийг сэтгэл хөдлөлүүдийг тун оновчтой илэрхийлж буулгасан буудаг нь гайхалтай. Хөөрхөн, хайрламаар ном шүү.

"To Kill a Mockingbird"-д яагаад дуртай вэ гэхээр би багаасаа л зовсон зүдэрсэн, ялгаварлагдсан хүмүүсийг анхаарч, санаа тавьж ирсэн. Өөрөө тийм амьдрал туулсан гэж хэлэхгүй ч тэднийг өмгөөлж хамгаалсан түүхүүд гайхалтай санагддаг юм. Аав ээжийн шахаасаар хуулийн сургуульд сурсан ч энэ зохиол болон бусад төстэй түүхүүдийг уншихад тун таатай байдаг байлаа.

Харин надад хамгийн их нөлөөлсөн кинонууд гэвэл "Forrest Gump", "Gran Torino", "Slumdog Millionaire".

Хөгжмийн тухайд, дуу санал болгохоосоо илүүтэй нэг гоё санаа олсноо хуваалцъя. Би багийнхаа Slack дээр FM гэсэн шинэ суваг үүсгээд Монгол ба Солонгосоос холбогдож буй багийн гишүүд хөгжмөөр дамжуулан нэг нэгэнтэйгээ ойр танилцахад туслах гэж хичээж байгаа юм. Багийн нэг гишүүн тухайн өдөр дуу санал болгон DJ хийгээд маргааш нь DJ хийх хэн нэгнийг дуудах дүрэмтэй. Үүнд манай багийнхан их дуртай, бусдадаа олон гоё дуу санал болгож буйд баяртай байгаа шүү.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Өлсгөлөн байхдаа, эсвэл сэтгэл гутарсан юм уу ядарсан байхдаа хэзээ ч битгий шийдвэр гаргаж бай гэж ээж маань сургасан. Бодол санааг саатуулах, булингартуулах зүйлээс зайлсхийж бай гэсэн зөвлөгөө юм даа. Амаргүй амьдрал туулсан ээж минь өндөр боловсролтой биш ч мэргэн ухаантай хүн шүү.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Одоогийн нөхцөлдөө битгий сэтгэл ханаарай гэж хэлнэ. Энэ бол шуналтай байх тухай яриа биш. Одоогийн нөхцөл байдалтай эвлэрээд, ийм л байвал би жаргалтай гээд байвал хүн хөгжихгүй шүү дээ. Бусдаас өөр байхаас битгий айгаарай. Одоодоо сэтгэл хангалуун бус байснаар л өөрчлөлтүүд ирдэг гэдгийг битгий мартаарай.