Шинэхэн дугаартаа бид дэлхий даяар 20 сая гаруй хэрэглэгчтэй, нийт 33 тэрбум ам долларын үнэлгээтэй, Их Британийн хамгийн үнэ цэнтэй технологийн стартап болох "Revolut" дижитал банкны ахлах бүтээгдэхүүн дизайнер Ж.Тамирыг урилаа.

"М-Си-Эс Проперти" компанид бизнес хөгжлийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлсэн тэрээр хүсэл сонирхолдоо хөтлөгдөн дизайны салбарт орж, улмаар Виста сэтгүүлийн арт директор, ерөнхий эрхлэгчээр контент зах зээлд туршлага хуримтлуулжээ. Цаашлаад дижитал бүтээгдэхүүний дизайны чиглэлд мэргэшиж, М банк төслийн анхны UX/UI ахлах дизайнераар гурван жил ажилласны дараа Европын хамгийн том дижитал банкинд карьераа үргэлжлүүлж буй юм.

Дижитал бүтээгдэхүүний харагдах байдал, хэрэглээний эд эс бүхнийг бүтээж буй түүний ажлын арга барил болон дэлхийд тэргүүлэгч финтек стартапын ажлын арга барил, байгууллагын дотоод соёлтой дэлгэрэнгүй танилцацгаая.

Байршил: Их Британи, Лондон хот
Эрхэлдэг ажил: Senior Product Designer
Хэрэглэдэг гар утас: iPhone 13
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудас: tamirj (Instagram), Tamir Jargalsaikhan (LinkedIn)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би 2011 онд Английн Regent's University London их сургуулийг олон улсын бизнес, испани хэлний чиглэлээр дүүргэсэн. Ажлын анхны гараагаа М-Си-Эс Проперти компаниас эхлүүлж, бизнес хөгжлийн албанд томилогдож байлаа. Хэсэг хугацаанд ажилласны дараа өөрийгөө хүмүүстэй нээлттэй харилцдаг, дизайнтай холбоотой ажлуудад илүү сонирхолтойгоо олж нээсэн тул маркетингийн алба руу шилжсэн.

Шинэ алба руу шилжих үед манай компаниас эрхлэн гаргадаг Виста сэтгүүлийн анхны дугаартай давхцаж таарсан тул шууд л будаг нь ханхалсан шинэхэн сэтгүүлийн контент бүтээгч болсон юм. Ингээд Виста сэтгүүлд арт директор, цаашлаад сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр тасралтгүй дөрвөн жил ажиллах явцдаа дижитал бүтээгдэхүүний дизайн, UX/UI-г шимтэн сонирхож эхэлсэн юм. Хүн сонирхдог зүйлээ сурахыг хүсвэл аргыг нь олдог тэр л зарчмаар дизайны үндсэн ойлголт, бүтээгдэхүүний дизайныг бие дааж суралцсан.

Удалгүй 2017 онд М-Си-Эс группийн ээлжит томоохон төсөл болох M банкны төсөл дээр UX/UI ахлах дизайнераар орж, хамгийн анхны ажиллагсдынх нь нэг болсон түүхтэй. Сонирхсон чиглэлээр минь ажиллах боломж олгож, надад итгэл хүлээлгэсэн тухайн үеийн хамт олондоо одоог хүртэл талархаж явдаг шүү. M банк төсөл дээр гурван жил ажилласны эцэст Лондон руу буцаж, Европын хамгийн том дижитал банк болох “Revolut”-д ахлах бүтээгдэхүүн дизайнераар одоог хүртэл ажиллаж байна.



2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Менежментийн хувьд манай компани хэвтээ засаглалтай. Багууд асуудлаа дотроо шийдэж, ажлаа явуулдаг гэсэн үг. Баг дотор дижитал бүтээгдэхүүн, аливаа нэг функцийг бий болгох зорилготой бүх төрлийн түвшний, ур чадвартай хүмүүс багтдаг. Тухайлбал, менежер, дизайнер, систем хөгжүүлэгч гээд наймаас илүүгүй хүн нийлж, нэг бүтээгдэхүүн дээр хамт ажилладаг. Хэвтээ засаглалын онцлог нь багийн гишүүн бүр бусадтайгаа сайтар ойлголцож, мэдээллийг асар хурдтай хуваалцах шаардлагатай.

Түүний тулд өглөө бүр ажлын цаг эхлэхээс өмнө баг дотроо "scrum" моделийн дагуу тойрч зогсоод 10-15 минутын босоо уулзалт хийдэг. Энэ үеэр өчигдөр юу хийсэн, өнөөдөр юу хийх, ажил дээр ямар асуудал тулгарсан, хэрхэн шийдэх тухайгаа ярилцана. Товчхондоо багийн гишүүдтэйгээ ойлголтын зөрүүг нэгтгэж буй хэрэг.

Миний хувьд хоёр багт зэрэг ажилладаг тул өглөөний уулзалтын араас залгаад тус тусын багийн гишүүдтэй уулзаж, бүтээгдэхүүний ажлын явц болон дизайны хувьд бидний "roadmap" хаана явж буй тухайгаа менежментийн албаны хүмүүстээ тайлагнах учиртай.

Ингээд үдийн цайны дараа инженерүүдтэйгээ уулзалт товлож, бидний гаргасан бүтээгдэхүүний чиглэл, дизайн нь бодит апп дээр турших боломжтой эсэхийг хэлэлцдэг. Бидний бүтээсэн дизайн нь апп дээр ашиглах эцсийн бүтэгдэхүүн болох хүртлээ ямар шат дараалалтайгаар явбал зохих, хэр хугацаа шаардах зэрэг техникийн ажлуудаа зайлшгүй зөвлөлдөх учиртай. Эцэст нь, хийсэн бүтээлээ хөгжүүлэлтэд оруулахын тулд дизайнаа компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Ник Сторонскид танилцуулж батлуулдаг.

Түүнчлэн бусад дизайнеруудтайгаа уулзаж, компанид ямар шинэ дизайн туршиж буй болон дизайны систем дээр гарч буй өөрчлөлтүүдийн талаар ярилцана. Учир нь, компани даяар маш олон баг тусдаа ажиллаж байгаа учраас нэг апп доторх дизайн зөрөх эрсдэлтэй. Энэхүү эрсдэлийг багасгахын тулд бүх дизайнерууд уулзаж, санал бодлоо солилцдог.

Энэ бүх уулзалтууд үдээс хойш 15-16 хүртэл үргэлжлэх үе олон байдаг. Тиймээс ихэвчлэн үдээс хойшоо яг төвлөрч суух, дизайнтай холбоотой ажлуудаа гараас гаргадаг даа.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ

Аливаа нэг апп яаж харагдах нь UI, хэрхэн ажиллах нь UX дизайны үүрэг. Манай мэргэжил нь хэрэглэгч, инженер, менежер гэх гурван хүний дунд суудгаараа онцлогтой. Энэ хүмүүсийн дунд зөв менежмент хийж, өөрийгөө зөвөөр ойлгуулах нь тун чухал.

Хамгийн түрүүнд бид хэрэглэгчийг төлөөлөх учиртай. Манай аппыг ашиглаж буй хэрэглэгч яавал хамгийн хурднаар мөнгөө шилжүүлэх, ямар дизайны шийдэл ашиглавал хадгаламжийн дансандаа мөнгөө яаж байршуулж болох вэ зэргээр хэрэглэгчийн оронд өөрийгөө тавих нь нэн тэргүүний асуудал.

Нөгөө талаас бид энэ бүхнийг багаараа хамтран гүйцэтгэж буй тул техник талаасаа боломжтой эсэхийг нь инженерүүдтэйгээ ярилцана. Тиймдээ ч код бичих талаар гүнзгий мэдлэгтэй байх албагүй ч ерөнхий ойлголттой байвал давуу талтай. Эцэст нь, хийсэн бүтээлээ хөгжүүлэлтэд оруулахын тулд ахисан түвшний менежерээр батлуулна. Өөрөөр хэлбэл, менежментийн түвшинд өөрийн хийсэн бүтээлээ зарах чадвартай байх хэрэгтэй гэсэн үг.

Эндээс дүгнэхэд хийсэн ажлаа бүрэн дүүрэн тайлбарлах чадвар болон хэрэглэгчийн асуудлыг гярхай ажиглан харахын сацуу зөв тодорхойлж сурах нь дизайнер хүнд байх гол ур чадваруудын нэг юм болов уу.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажил дээр хамгийн түгээмэл ашигладаг программ "Figma"-г нэрлэнэ. Ер нь "Figma" UI/UX дизайнеруудын дунд хамгийн түгээмэл ашиглагддаг программ гэхэд хилсдэхгүй. Вектор буюу хязгааргүй орон зайд зурах боломжтой учраас дан ганц UI/UX гэхгүйгээр төрөл бүрийн лого бүтээхээс өгсүүлээд ажлынхаа презентац (presentation)-ыг хүртэл "Figma" дээр хийчихдэг.

"Revolut"-ийн хувьд "Slack", "Google"-ийн нэмэлтүүдийг түгээмэл ашигладаг. Аливаа байгууллагад мэдээлэл солилцож хамтран ажиллана гэдэг маш чухал. Мөн дизайн хөгжүүлэлтийн үйл явцыг хянахад зориулсан "JIRA" гээд тусдаа систем бий.

Хувийн аппуудаас "Strava", "Notion"-г онцолъё. "Strava" ерөнхий функцээрээ Apple health-тэй төстэй ч дугуй унах, гүйх, сэлэх гэхчлэн идэвхтэй хөдөлгөөнд илүү дэлгэрэнгүй, нарийн мэдээлэл гаргаж өгдөг онцлогтой. Түүнээс гадна бусад сошиал медиатай адил найзуудыгаа нэмж болдог. Ажлын болон хувийн төлөвлөгөө гаргах, тэмдэглэгээ хийхдээ харин "Notion" аппыг ашиглаж байна.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Миний туршлагаас харахад дизайнер хэрэглэгчийн аль асуудлыг шийдэх гэж буйгаа юун түрүүнд тодорхойлж, цаг зарцуулах хэрэгтэй юм шиг. Хэрэв хангалттай цаг зарцуулж, асуудлаа зөв тодорхойлсон тохиолдолд зөв шийдэл олох, цаашлаад хөгжүүлэхэд ч амар, цаг хэмнэх боломжтой.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Оны эхэнд Google календарь дээр тухайн жилд тохиох хамгийн чухал эвент, гэр бүлийн хүмүүсийн төрсөн өдөр, тэмдэглэлт баяр гээд чухал өдрүүдээ зоодог. Гэхдээ бүх ажлуудыг нэгд нэгэнгүй төлөвлөсөн ч бодит амьдрал дээр хэрэгжих эсэх нь тодорхойгүй тул ажлын хувьд долоо хоногоор төлөвлөхийг илүүд үздэг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Хийж буй ажлаасаа түр хөндийрөх, завсарлага авах нь үр дүнтэй санагддаг. Нэг санаан дээрээ гацах үедээ төвлөрсөн ажлаа хүчээр зогсоогоод өөр зүйлс хийх дуртай. Тэр хугацаанд илүү бүтээлчээр сэтгэх, өөр өнцөг олж хардаг гэх юм уу. Мэдээж гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлэх, амттай хоол идэх, найзуудтайгаа уулзах зэрэг мөчүүдээс эрч хүч авч, буцаад ажилдаа ханцуй шамлан ордог.



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Сүүлийн үед гүйх, дугуй унах аэробик спортод дурлаж байгаа. Олон цагаар суугаа ажил хийдэг хүмүүсийн хувьд хөдөлгөөн гэдэг ус, агаар шиг л чухал зүйл. Найзуудтайгаа хамтдаа амралтын өдрүүдээр 100 км-ийн дугуйн аялал зохион байгуулах эсвэл ажил эхлэхээс өмнө нэг цаг дугуй унах зэрэг аль болох хөдөлгөөнтэй байхыг эрмэлздэг. Өглөөний цагаар дугуй унасан өдрүүдэд ажлын бүтээмж ч мэдэгдэхүйц нэмэгдсэн мэт таатай санагддаг.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Бүтээгдэхүүн дизайнерыг бүхэл өдөржингөө зураг зурдаг гэж ойлгох нь түгээмэл. Гэвч үнэндээ бидний ажлын 80 хувь буюу хамгийн их цаг зарцуулдаг хэсэг бол судалгааны ажил. Мэдээж бид дизайны тодорхой ур чадвартай байх нь зайлшгүй. Гэхдээ хэрэглэгчийн асуудлыг шийдэхийн төлөө хамгийн тэргүүн фронтод зогсож буй хүмүүс тул техникийн мэдлэг болон олон нийттэй харилцах, өөрийгөө бусдад зарах, зөвөөр ойлгуулах чадварууд чухалд тооцогдоно.

Хэдэн мянган ажиллагсадтай, томоохон компанид ажиллаж буйн бэрхшээл гэвэл өдөр тутамдаа уулзалтууд дээр маш их цаг алддаг. Миний ажлын өдрийн 60-80 хувь нь зөвхөн уулзалтад өнгөрсөн байх нь бий. Тэдгээр уулзалтын ард гарч байж үндсэн ажлаа хийх цаг зав гардаг. Тиймээс цагийн менежментээ зөв зохицуулахгүй бол хэвтээ менежментийн тогтолцоотой, стартап компанид хэтэрхий олон цаг сунаж ажилласны уршгаар ажлаас халшрах хам шинжтэй (burnout) болох магадлал өндөр.

Нөгөө талаар манай дижитал банкны апп 20 сая хэрэглэгчтэй. Миний хийсэн дизайныг 20 сая хүн хэрэглэдэг гэж бодохоор өөрөөрөө болон багийнхнаараа бахархмаар мэдрэмж төрдөг.



10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Сүүлийн жилүүдэд дизайн, бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр удаан хугацаанд ажилласан тул цаашид карьерын дараагийн шатандаа анхаарч байна. Spotify, Airbnb гэх мэт том компаниуд байгууллага дотроо дизайнд тулгуурласан маш таатай соёлыг бүтээсэн байдаг. Тиймэрхүү соёлыг өөрийн компанидаа нутагшуулахад менежментийн түвшинд юу шаардлагатай болох, ямар үйл явцтай байдаг тухайд компанидаа оролцоотой явж байна. Мөн ажилд ороод удаагүй, шинэхэн хүмүүстээ менторлож, зөвлөгөө өгөхөд цаг зарцуулж байгаа.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Дизайн гэдэг амьдралын салшгүй нэгэн хэсэг. Тиймээс өдөр тутамдаа хэрэглэж буй бүтээгдэхүүний хийц, сав баглаа боодлыг анзаарч харахаас авхуулаад эргэн тойрон дахь дизайны шийдлүүдээс суралцдаг гэхэд болно. Дизайнерууд өөрийгөө хангалттай туршлагатай гэж хэзээ ч өөртөө бардаж, ханаж болохгүй.

Шинэ хүмүүстэй танилцаж, тэд аливаа биет болон биет бус бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглаж байгааг ажиглаж, чөлөөтэй харилцан яриа өрнүүлэх зэрэг хүрээлэн буй орчноосоо суралцахыг эрмэлздэг. Мөн дизайны ертөнцөд сүүлийн үед өрнөж байгаа үйл явдал, содон мэдээллийг уншиж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шинэлэг санаа, чиглэлүүдийг сонирхоно.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

"Don't make me think" (Steve Krug) - Дижитал бүтээгдэхүүн дизайнер чиглэлээр цаашид суралцах хүсэлтэй, энэ мэргэжлээр карьер хөөхөөр зорьж буй хэн бүхний уншвал зохих номын нэг.

"Gestalt Psychology" (Wolfgang Köhler) - Одоогоос бараг 100 гаруй жилийн тэртээ анхны хэвлэлт нь гарсан, нэлээн дээр үеийн ном л доо. Гэхдээ хүн төрөлхтөн хэрхэн визуал мэдээллийг тархиндаа боловсруулдаг талаар сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс тайлбарлан бичсэн маш алдартай бүтээл юм.

Ажил хийж байх явцад төвлөрөхөд тусалдаг болохоор deep house, house хөгжим түлхүү сонсдог. Spotify дээр дуртай дуучныхаа дууг эхлүүлэхээр араас нь ойролцоо дуунуудыг санал болгочихдог нь тун амар санагддаг юм. Хамгийн сүүлд гэвэл "Euphoria" цувралын цомог тун онцгой сэтгэгдэл төрүүлсэн шүү.

Киноны тухайд "Abstract - The art of design" хэмээх нэртэй, орчин цагийн домог болсон дизайнеруудын хөшигний ардах ажлын үйл явцыг маш сонирхолтойгоор харуулсан цувралыг санал болгомоор байна. Нэг анги дээр нь л гэхэд Instagram-ийн Head of Designer Ian Spalter оролцсон байх жишээтэй. Эдгээр хүмүүсийн ажиллах арга барил, тэдний өмнө тулгардаг сорилтуудынх нь тухай үзэх их сонирхолтой. "Love, Death & Robots" цувралын сүүлийн улирлыг мөн заавал үзээрэй хэмээн зөвлөе.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Юмсыг аль болох энгийнээр нь байлгах. Аливааг хэтрүүлэн бодсоны уршгаар анхны тулгамдсан асуудал, шийдэх гэж буй бэрхшээлээсээ холдоод явчихдаг юм шиг анзаарагддаг. Юмсыг энгийнээр харах гэдэг энгийн сонсогдож болох ч хийхэд амар зүйл биш юм билээ. Энэ зөвлөгөөг ажил болон амьдралдаа аль алинд хэрэгжүүлэх гэж хичээдэг дээ.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Би бүтээгдэхүүн дизайнер гэх мэргэжлийг бие даан, интернэтийн ачаар сурсан гэхэд буруудахгүй. Тиймээс ахлах сургуулиа дөнгөж төгссөн, карьерын өөрчлөлт хийх гэж буй, шинэ салбарт хүч сорихыг хүсэж байгаа залууст энэ чиглэлд бэлэн материалууд интернэтээр хангалттай байгаа тул бие даан суралцах бүрэн боломжтой юм шүү.

Нөгөө талаар, харахад их гоё мэргэжил мэт боловч өдөр тутамдаа маш их хүнтэй харилцдаг ажил гэдгийг бодох хэрэгтэй. Хүмүүсийн асуудлыг шийддэг гэдэг утгаараа бусадтай харилцах харилцаа асар чухал. Өөрийн хийсэн дизайнаа хамгийн наад зах нь багийнхандаа хангалттай тайлбарлаж чадахгүй бол хэцүү.