Энэ удаагийн дугаартаа бид "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг тохиолдуулан Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан (UNFPA)-гийн тэргүүн Каори Ишикаваг урилаа. Нийгмийн хамгаалал, хөгжил, жендерийн судалгааны чиглэлээр мэргэшсэн тэрээр олон улсын хүмүүнлэг, хөгжлийн хөтөлбөрүүдэд амьдралынхаа 20 гаруй жилийг зориулж, Лаос, Афганистан тэргүүтэй Азийн 20 гаруй оронд алба хашиж байв. Хатагтай Ишикава Ийст Англиагийн их сургуулийн хөгжил судлалын дипломтой бөгөөд Варвикийн их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, Нидерландын Нийгэм судлалын институтын жендер судлалын магистр юм. Тэрээр Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрыг гурав дахь жилдээ ахалж буй.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил, албан тушаал: НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч
Хэрэглэдэг гар утас: iPhone 8
Хэрэглэдэг компьютер: MacBook, ThinkPad
Сошиал хуудас: Kaori Ishikawa (LinkedIn, Twitter)



1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр Рицүмэй их сургуульд бакалавраа дүүргэсэн. Японд хүн амын хөгшрөлийн асуудал ид яригдаж байсан үе л дээ. Рицүмэйд суралцаж байхад дотуур байрандаа гаднын оюутнуудтай амьдардаг байсан. Дэлхийн бусад оронд тэгш бус байдал хэчнээн байдгийг тэднээс олж мэдээд хөгжлийн асуудлаар суралцъя гэж шийдсэн юм. Осакад төвтэй олон улсын байгууллагад хэсэг ажиллаад жендерийн судалгаагаар магистрын зэргээ хамгаалсан. Дараа нь Японы Гэр бүл төлөвлөлтийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагаа гэдэг (JOICFP) төрийн бус байгууллагад ажиллах болсон. Дэлхийн II дайны дараа эхийн эндэгдлийг бууруулсан япон загварыг ашиглан, хөгжиж буй орнуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж, гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой байгууллага л даа. Дараа нь НҮБ-ын Хүн амын сантай хамтарсан төслийн зохицуулагчаар Лаос руу томилогдож хоёр жил ажилласан. Тэнд ажиллаж байхдаа НҮБ-д элссэнээр Йеменд жендерийн асуудал эрхэлсэн ажил хийх боломж гарсан. Дараа нь Нью-Йорк дахь төв байгууллагын Жендер, хүний эрх, соёлын хэлтэст хэсэгт шилжсэн юм. Хүмүүнлэгийн чиглэлээр ажиллаад үзвэл яасан юм бэ гэж бодогдох болсон үед буюу 2004 онд Зүүн өмнөд Ази цунамид өртсөн. Тийш сайн дураар очиж ажиллахаар шийдээд цунамигийн голомт Аче руу явж, нэг жил гаруй болоод Жакарта руу татагдаж ажиллах болж билээ. Харин дараа нь Афганистанд жендерийн асуудлаар зөвлөх, дараа нь Каир дахь Ойрхи Дорнодын 22 улсын хэрэг эрхэлсэн төвд таван жил ажилласан. Энэ үеэр хувьсгал болж, охин маань ч мэндэлсэн юм. Үүний дараа Хүн амын сангийн Мьянмар дахь дэд төлөөлөгч болсон. Тус улс 2012 онд ардчилал руу шилжих болж хүн амын нэгдсэн тооллого хийхээр шийдвэрлэсний дагуу Засгийн газраас нь НҮБ-д хандаж туслалцаа хүссэн юм. 30 жил тооллого хийгээгүй байсан болохоор үнэхээр нүсэр ажил болсон доо. Гадаадад амьдарч байсан сая сая иргэн хүн амын тооллогод орохын тулд харих гэж тэмүүлж, зарим хүмүүс төр татвараа нэмэх гэж тооллого хийж байна хэмээн хардах гэх мэт асуудал их байсан. Энэ ажлын дараа би аль нэг улсын оффисыг тэргүүлж ажиллахыг хүссэн учраас Монголд ирсэн дээ. Урьд нь дандаа бага орлоготой орнуудад ажилладаг байсан бол ийнхүү дундаж орлоготой оронд ажиллах болж байгаа юм. Дундаж орлоготой орон, тэр дундаа хүмүүнлэгийн асуудал, дайн, мөргөлдөөнгүй улсад хангамж харьцангуй бага. Тиймд тэр санхүүжилтээ зохицуулж, Засгийн газартай хамтарч ажиллах хэрэгтэй. Азаар Монголын төр манай ажилд их нээлттэй ханддаг. Тэгш эрх, бэлгийн боловсрол зэрэг амаргүй сэдвүүдийг байнга ярьдаг бидний хувьд энэ их чухал. Уламжлалаа чанд сахидаг, хаалттай газруудад бол бүр ч амаргүй. Тийм болохоор энд ажиллах таатай байдаг.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Оффисоороо тойрч, багийнхан, хамт олныхоо мэндийг мэдэж өдрийг эхлүүлдэг. Дараа нь төв болон бүсийн оффисоос ирүүлсэн имэйл, мэдээллүүдтэй танилцана. Бүсийн нэгдсэн оффис маань Бангкок, төв оффис Нью-Йоркт байдаг учир цагийн зөрүү бас гарна. Даваа гарагт багийн ахлах, удирдах түвшний ажилтнуудтайгаа хуралддаг бол сард хоёр удаа бүх нийтээрээ хуралдана. Донор байгууллагуудтайгаа уулзана, хөдөө явж ажлын явцтай танилцана. Одоо бол гэрээсээ ажиллаж байна. Гэрээсээ ажиллахаар ажил, амьдралаа тааруулах тун амаргүй юм. Нөгөөтээгүүр, олон жил хүмүүнлэгийн ажилд зүтгэсэн хүний хувьд нөхцөл байдал ийм үед гэртээ суух хэцүү. Цунами ч, зэвсэгт мөргөлдөөнтэй газар ч яг л үйл явдлын голд ороод ажиллаж явсан болохоос ингэж гэртээ бүгэж байгаагүй болохоор тэр байх.

Хүн бүрийн нөхцөл байдал өөр. Ганц охин маань харьцангуй том болчихсон учраас давгүй. Гэтэл зарим айл жижиг хүүхэдтэй, хэцүү шүү дээ. Тийм болохоор ажилтнуудынхаа байр байдал, амьдралын нөхцөлийг сайтар анхаарч байна. Өөрсдөө эрүүл, сайн байж гэмээнэ хүнд тусална шүү дээ.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Бусдыг ойлгож, хайрлах. Энэ бол хүмүүсийн төлөөх ажил. Түүнийг байнга санаж янз бүрийн түвшний хүмүүстэй аль болох их харилцаж, ойр байхыг хичээдэг. Улаанбаатарт байгаа бидний хувьд ТББ, иргэний нийгмийн байгууллагуудтай холбоо тогтоож, аль болох олон газар явж ажиллахгүй бол үр дүн муу байх болно.

Хөлс хөдөлмөрөө үнэлүүлж ажиллаж байгаа ч гэлээ нэг нэгэндээ эелдэг сайхан хандвал нийт хамт олны бүтээмж сайжирна гэж итгэдэг. Бас асуудал гарлаа гэхэд эртхэн шийднэ шүү дээ. Ер нь дэлхий дахинд ийм хандлагыг эрхэмлэдэг болж байх шиг.

Анх карьераа эхлүүлж байхад хурц ширүүн, бусдын өмнө хэзээ ч сул дорой харагдаж болохгүй, хатуу байх хэрэгтэй гэдэг байлаа. Япончууд бид тэс өөр соёл, хандлагатай улс тул эхэндээ ч бэрх байсан шүү. Хэсэг хугацааны дараа надад тэр барил тохирохгүй, өөрөөрөө байх хэрэгтэйг ухаарсан. Одоо удирдах албан тушаалтай учир өөрийн арга барилаар ажиллахад саадгүй, бас нөхөрсөг сайхан хандах зарчмаа багтаа хэрэгжүүлэх боломжтой байна. Гэхдээ зарчмын асуудал дээр би чанд хатуу л даа. Бусдад хүндлэлтэй, сайхан хандах, зарчимч байхыг хослуулж болно. Урьд нь нэг улсад Эрүүл мэндийн яамтай нь хамтран хийсэн судалгаагаа бариад очиход удирдагч нь “Манайх буддист улс. Та нар худлаа мэдээлэл барьж ирлээ” гэж хэлэхтэй ч таарч л байлаа. Энэ ажилд хүнтэй хэл амаа ололцож, үзэл бодол, зарчмаа хамгаалж сурах хэрэгтэй болдог.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажлынхантайгаа болон гэр бүлийнхэнтэйгээ харилцахдаа Whatsapp ашигладаг. Фэйсбүүктээ зөвхөн хувийн чанартай зүйлс нийтэлдэг, хөдөө аялсан зургуудаа гэх мэтчилэн. Харин Твиттерийг албаны зорилгоор ашиглана.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Түргэн явуулъя гэсэн ажлыг бол имэйл бичих гэлгүйгээр шуудхан утсаар яриад шийдчихийг боддог. Уулзалт эхлэхийн өмнө заавал ярилцаж шийдэх ёстой зүйлсийнхээ жагсаалтыг гаргаад ордог. Тэгээд биччихсэн байхад нэг нэгээр нь гялс ярилцаад дараад явчихдаг болохоор цаг хэмнэдэг юм.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Ихэвчлэн Google Calendar ашигладаг. Хийх ажлын төлөвлөгөөгөө компьютер, утсан дээрээ бичдэг ч уулзалтад орохдоо дэвтэрт буулгадаг. Уулзалтын үеэр утас нээж хараад байх муухай шүү дээ.



7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Хөл хорио тогтоохоос өмнө амралтын өдөр бүр хөдөө гардаг байсан. Нохойгоо салхилуулах хэрэгтэй, тэгээд ч охин бид хоёр байгальд их дуртай учраас. Эндээс 25 км давхиад л сайхан байгальд хүрчихдэг. Монголын байгаль гайхамшигтай. Өнгөрсөн сард охин бид хоёр Архангай, Өвөрхангай орсон юм байна. Би бүх аймагт очиж үзсэн. Анх ирэхдээ Монголыг нэг л янзаар төсөөлж байсан, гэтэл дөрвөн зүгтээ байгалийн тогтоц, соёл уламжлал гээд бүхий л талаараа харилцан адилгүй хүмүүс аж төрдөг, үзэж судлах зүйл ихтэй газар болохыг аялаад л мэдэж авсан даа. Амралтын өдрүүдэд ухаалаг төхөөрөмжүүдээ унтраахыг хичээдэг. Ном уншина, дасгал хөдөлгөөн хийнэ, иог, сунгалт хийнэ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Хамгийн дуртай зүйл гэвэл морь унах. Мэдээж охинтойгоо аль болох удаан хамт байхыг хичээнэ, хичээлд нь тусална, мэддэг зүйлсээ зааж сургана. Би саяхнаас гитар сурч эхэлсэн. Манай охин укулеле, төгөлдөр хуур тоглодог.



9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Нөхөр маань дипломатч. Одоо Тунистаа ажлаа хийж байгаа болохоор бид тусдаа амьдарч байна. Хөл хорионд орчихсон болохоор уулзаж ч чадахгүй болчихлоо. Аав ээжтэйгээ ч мөн адил. Ажлын маань сул тал энэ дээ. Гэхдээ хүн бүр эрхээ эдлэх ёстой гэдэг чин итгэл үнэмшлээ биелэл болгохын төлөө ажиллаж байгаагаа их хувь завшаан гэж боддог. Тэгж бодохоор л сэтгэл дүүрээд ирдэг. Эхэндээ байнга ийш тийш аялах нь сайхан санагддаг байсан бол одоо аяллаас тийм мэдрэмж барагтай авахаа больжээ. Харин шинэ хүмүүстэй танилцаж, соёл уламжлалыг таньж нээх нь гайхалтай шүү. Би Монголд ирсэндээ их баяртай байдаг.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

НҮБ арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-нд Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн ээлжит аянаа зохион байгуулж байна. Аяны энэ жилийн уриа “ЯГ ОДОО хүчирхийллийг цэглэе" буюу “No More Violence”. Сүүлийн үед, ялангуяа өнгөрсөн сард бяцхан охин амиа алдсанаас хойш хүүхдийн хүчирхийлэл, жендерт суурилсан хүчирхийллийн асуудал нийгэмд хурцаар яригдаж, хүн болгоны санааг зовоосон асуудал болоод байна. Бид энэ үеийг тохиолдуулан бүгдийн анхаарлыг хандуулж, ар гэрт, ажлын байранд, олон нийтийн дунд үйлдэгдэж байгаа хүчирхийллийн бүхий л төрлийг таслан зогсооё гэж уриалж байгаа юм. Гэвч Ковидоос үүдэлтэйгээр энэ төрлийн хэргийн гаралт өсчихлөө. Цагдаа нар ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа, бид ч бас аль болох их мэдээлэл цуглуулж, хянахыг хичээж байгаа. Манай хүчирхийллээс хамгаалах 17 төвд энгийн үеийнхээс илүү олон хүн хандаж байна. Бид 2017 онд Үндэсний статистикийн хороотой хамтран үндэсний хэмжээний, жендерт суурилсан хүчирхийллийн анхны судалгааг хийхэд хоёр эмэгтэй тутмын нэг нь хүчирхийллийн аль нэг хэлбэрийг бие дээрээ мэдэрсэн гэж хариулсан. Эмэгтэйчүүдийн тал нь гэсэн үг шүү дээ. Бид Улсын онцгой комисст хандаж, хөл хорионы үеэр хүчирхийллийн хамгаалах төвийг хэвийн горимоор ажиллуулах боломж олгооч гэж хүсэхэд зөвшөөрлөө. Ингэснээр хүчирхийллээс хамгаалах төвийн ажилтнууд маань ажилдаа очиж, хохирогсдыг хүлээн авч, хамгаалж чадах болсонд баяртай байгаа.

Манайх Ковид 19-ээс хамгаалахад ихээхэн хүч хаяж байгаа. Цар тахал дотоодод гараагүй байхад хэрэв нөхцөл байдал хүндэрвэл шинжилгээ хийх хүчин чадал дутмаг байхыг судалж мэдээд “Рио Тинто Монгол” болон "Оюу толгой" компанийн дэмжлэг, буцалтгүй тусламжаар оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэх томоохон төсөл хэрэгжүүлэхээр болсон юм. Энэ хүрээнд Дорноговь, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотод нийт 4 PCR лаборатори байгуулж байна. Бас хилийн ойролцоох буюу Увс, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгуудын эрүүл мэндийн ажилтнуудад хамгаалалтын хувцас хэрэглэл хүргүүллээ. Цар тахалтай холбогдуулан өсвөр насныхны болон нийт хүн амын дунд хүсээгүй жирэмслэлт нэмэгдэж байгаа тул нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлттэй холбогдох мэдээллийг хүргэхийг хичээж байна. Теле хичээлд эрүүл мэндийн сэдэв орхигдоод байсан. Хүмүүс хичээл гэхээр юун түрүүнд тоо, байгалийн ухааныг л боддог шүү дээ. Гэтэл эрүүл мэндийн хичээл түүнээс дутуугүй чухал. Ер нь бид Ковидоос өмнөх үедээ эргэж очихгүй байх гэж бодож байгаа. Шинэ нөхцөл байдалдаа дасан зохицож амьдрах л болов уу.



11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Хамт олныхоо санал шүүмжлэлийг сонсож, өөрийгөө үргэлж сайжруулахыг хичээдэг. Бас менежментийн холбогдолтой ном зохиол уншиж, удирдагчдад зориулсан көүчинг авч байна. Яаж илүү сайн менежер болох вэ, багийнхаа бүтээмж, хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах вэ гэж үргэлж л бодож явдаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Би одоо Кэнзо Китакатагийн “Cinggis-Ki”номыг уншиж байна. Чингис хааны амьдралаас сэдэвлэсэн, их сонирхолтой ном. Китаката ихэвчлэн түүхэн сэдвээр бичдэг. Зохиол нь урсаад л, амархан уншигддаг. Хуучны кинонуудад дуртай. Акира Куросавагийн “Рашомон” миний хамгийн дуртай кино. Түүний бүх л бүтээлүүдийг шимтэн үздэг. Гэхдээ хөл хорионы үед бол голцуу инээдмийн кино үзэж байгаа. Хөгжмийн тухайд гэвэл латин хөгжмийг таашаадаг. Сальса, латин бүжиг хийх дуртай. Хуримаа хийснийхээ дараа нөхөр бид хоёр Аргентин явсан юм. Тэнд аргентин танго сурч байлаа.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Бусдын үгээр өөрийнхөө амьдралыг бусниулж болохгүй. Хэчнээн ч хичээгээд хүссэнээр болохгүй зүйлс амьдралд их бий. Хамаг чадлаараа хичээ, гэвч зарим зүйлийг зүгээр л өнгөрүүл. Египэтэд байхад дарга маань ингэж хэлж байсан юм.

14. БУСДАД ШИДЭХ САНАА

Энэ нөхцөл байдал бид бүгдийн хувьд бэрх байна. Өөрийгөө байдгаар нь хүчлээд, баахан юм хийх гэж хичээх хэрэггүй. Ялангуяа гэрээ ч цэгцэлж цэвэрлэж, нөхөр хүүхдээ ч асарч халамжилж, хажуугаар нь ажлаа амжуулж байгаа ээж нарт гэж хэлэхэд төгс байх гэж битгий оролдоорой. Сэтгэлзүйн эрүүл мэнд үнэхээр чухал шүү.