Монголд анх удаа дижитал даатгалын үйлчилгээг нэвтрүүлж, салбартаа 10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Хаан даатгал”-ын хамт олныг өнөөдрийн дугаартаа онцолж байна.
Хаан даатгал нь байгуулагдсан цагаасаа хойш 1000 гаруй аж ахуй нэгж, 100 мянга гаруй иргэдэд даатгалын үйлчилгээг шуурхай хүргэж нөхөн төлбөрийн өсөлтөөрөө салбартаа түүчээлж буй компани юм.
Цахим сувгаар дамжуулан 11 төрлийн 50 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг хүртэх бодитой боломжийг олгож буй тэдний хамт олон, ажиллах арга барилтай илүү ойроос танилцацгаая.
Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Хаан Даатгал компанийн байр
Эрхэлдэг ажил: Даатгал, дижитал технологи
Сошиал хуудсууд: Хаан Даатгал (Facebook), khaandaatgal (Website), khaandaatgal (Instagram) Khaan_Daatgal (Twitter)
ТАНы, танай БАГИЙН КАРЬЕРААС, БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Л.Оргил, Гүйцэтгэх захирал
Хаан даатгал компани энэ онд 10 нас хүрлээ. Бид дотроо санхүү, байгууллага, иргэдийн даатгал, бизнес хөгжил, эрсдэл, нөхөн төлбөр, хууль зэрэг зургаан газартай. Миний хувьд найман жилийн хугацаанд таван газар ажиллаж, хөндлөн карьерын түүх бүтээсэн байна. Түүний ачаар компанийн үйл ажиллагаа, дотоод уялдаа холбоог өргөн хүрээнд харж, бодитой мэдэрч сурчээ.
88 жилийн түүхтэй Монголын даатгалын салбарт бид харьцангуй залуу компани. Гэлээ ч өнгөрсөн 10 жилд үлгэрлэх олон зүйлийг салбартаа нэвтрүүлж, хэрэгжүүлсэн. Жолоочийн хариуцлагын даатгалыг хуулийн дагуу заавал хийлгэх учиртай тул иргэд сайн мэддэг. Түүнчлэн санхүүгийн олон төрлийн боломж нээгдэхийн хэрээр зээлдэгч, санхүүжүүлэгч байгууллагууд эрсдэлээ хамгаалж харилцагчдадаа даатгуулахыг зөвлөдөг болсон. Энэ хэрээр даатгалын ач холбогдол, цар хүрээ улам тэлж байна.
Бидний хийсэн судалгаагаар жилд 100 хүн даатгуулахад зургаан хүн нөхөн төлбөр авдаг. Ингэхдээ нэг хүн дунджаар өөрийнхөө төлсөн төлбөрийг 10-20 дахин нугалж авдаг. Тиймээс иргэд даатгалын компани сонгохдоо нөхөн төлбөрийн шуурхай байдлыг нэн түрүүнд чухалчилдаг. Хаан даатгал компани 2016 онд нөхөн төлбөрийг ажлын найман цагт олгох санаачилга эхлүүлж салбартаа түүчээлж байсан. Түүнээс хойш даатгалын компаниуд нөхөн төлбөрийн хурдаар уралддаг болсон.
Мөн биднийг дижитал даатгал гэдгээр нь харилцагч нар илүүтэй таньдаг болсон. Даатгалын олон үйлчилгээг цахим и-мэйл, фейсбүүкийн чатбот гэх мэт онлайнаар түргэн шуурхай авах боломжтой. Даатгал хийхэд хэрэглэгчийн мэдээллийг системд оруулж гэрээг нь автоматаар гаргадаг. Тийнхүү сүүлийн гурван жилд үйл ажиллагааны зардал багатайгаар 2.5 дахин өсөж томорчээ. Одоогоор 20 аймагт салбар нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа орон нутгийн зах зээлд юу хийх, хэрхэн өрсөлдөх вэ гэдэгт төвлөрөн ажиллана.
ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Ц. Тэмүүлэн, Альфа төслийн менежер
Ажлын өдрүүдэд өглөө 6:30 цагт босож усанд орж, өглөөний цай бэлдэн ажилдаа гардаг. Ирсэн даруйдаа борлуулалтын дүнгийн явц болон и-мэйл хаягаа шалгана. Шаардлагатай уулзалтуудыг үдээс өмнө 9:00-13:00 цагийн хооронд товлодог. Ажлаа долоо хоногоор төлөвлөж, үйл явцаа хянах нь үр дүнтэй санагддаг.
Бид өдөр тутамдаа шинэ борлуулалтын сувгийг эрж, тэдний хэрэгцээ шаардлагыг нээж, хуучин харилцагчдаа халамжлах үйлчилгээ үзүүлдэг. Тэрхүү хэрэгцээ, шаардлагыг судлах явцдаа хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, уул уурхай, барилга, эм хангамж, худалдаа зэрэг олон төрлийн салбаруудад хандаж, олон талын мэдлэг эзэмшдэг давуу талтай.
ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Э.Энхзаяа, Давхар даатгалын менежер
Би компанийнхаа гадаад харилцааг хариуцдаг. Өөрөөр хэлбэл, манайд даатгуулсан өндөр дүнтэй даатгалын гэрээг Лондон, Сингапур гэх мэт гаднын зах зээлд дахин арилжаалдаг гэсэн үг. Тиймээс олон улсын даатгалын экспертүүдтэй ойр ажиллаж мэдлэг, мэдээлэл олж авах, солилцох шаардлага өдөр тутам тулгардаг. Дэлхийн даатгалын чиг хандлагыг цаг алдалгүй мэдэх шаардлагатай тул мэдээллийн түлхүүр үгээ google-д тохируулан мэйлээ холбож, шинэ мэдээллийг өглөө бүр авдаг.
АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Г.Цэрэнбямба, Технологийн менежер
Манай байгууллага өдөр тутамдаа Оффис 365 ашигладаг. Ажилдаа Telegram, хувийн зорилгоор Viber хэрэглэдэг. Харин хэрэгцээт мэдээллийг хурдан авахын тулд Twitter ашиглана. Гэр болон ажлын компьютертой Chrome Remote Desktop холбож гадуур явах үедээ дэлгэцээ хянаж, удирддаг.
Мөн Investing.com-оор эдийн засгийн календарь шалгадаг. Санхүүгийн зардал, орлого бүртгэх зорилгоор Money Mgr. ашигладаг болсон. Дансны хуулгаа файлаар оруулдаг давуу талтай. Ихэнх санхүүгийн аппуудад ийм холбогдол байдаггүй. Түүнээс гадна хувийн зорилгоор Binance, Coinhub аппуудаар арилжаа хийдэг. Ажлын цагаа бүртгүүлэхийн тулд Timely зайлшгүй ашигладаг.
ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
А.Алтанхуяг, Санхүү удирдлагын газрын захирал
Ажлаа төлөвлөх нь цаг хэмнэх хамгийн сайн арга. Хэрэв төлөвлөхгүй бол зарим үед ажил бага, сул цаг ихтэй болох эсвэл уул овоо шиг их ажилтай, шахуу хуваарьтай болдог. Үүнийг тэнцвэржүүлэхийн тулд хийх ажлуудаа төлөвлөх нь нэн чухал.
Замын түгжрэлээс үүдэж гадуур ажил хөөцөлдөхөд цаг их зарцуулдаг. Түүнийг хэмнэхийн тулд онлайн уулзалтын aпп ашиглах, биечилж очих шаардлагатай бол уулзалтын өдрийг нэг болгож байршил ойролцоо газарт дараалуулах эсвэл алхаж очих боломжтой газар уулзалт товлодог.
ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Төлөвлөгөөг жил, сар, өдрөөр гаргадаг. Өдөр хийх ажлуудаа өмнөх орой эсвэл өглөө нь ажил эхлэхээс өмнө гаргана. Ажил эхлэхэд хийх даалгавар бэлэн тул шууд ажилдаа орно. Сар болон жилийн төлөвлөгөөний хувьд ч адил. Төлөвлөгөө гүйцэтгэлээ дунд үед нь харьцуулах ба зөрүү гарвал шахах сайжруулах зүйлсээ тодорхойлж, дараагийн төлөвлөгөөнд оруулна. Ингэх нь хийсэн ажлынхаа үр дүнг бодитоор мэдэрч, урам зориг, эрч хүч авах сэдэл төрүүлдэг.
ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Г.Буянжаргал, Хуульч
Нэг үеийн чадварлаг, эрч хүчтэй залуустай даатгалын салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа талархаж явдаг. Өдрийн хамгийн идэвхтэй цагийг бид ажил дээрээ өнгөрүүлдэг. Энэ ч утгаар ажлын хамт олонтойгоо эвсэг найрсаг байх нь эрч хүчтэй, үр бүтээлтэй ажиллахад хамгийн их нөлөө үзүүлдэг гэж боддог. Манайх залуус ихтэй хамт олон шүү.
ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Ц.Энхжавхлан, Тэргүүн дэд захирал
Амьдралд олзуурхууштай боломж тохиож Wharton University of Pennsylvania сургуулийг төгссөн. Тухайн үед зааж зөвлөх ойрын хүн байсангүй тул сургуулиа төгссөн, ажлын талбарт гараад удаагүй, туршлага хуримтлуулах, суралцах тэмүүлэлтэй залууст зориулан Mentor Mongolia платформ үүсгэх зорилготой ажиллаж байна. Салбарын мэргэжилтнүүдтэй харилцаа холбоо тогтоох, ажлын туршлага солилцон зөвлөгөө авах олон боломжийг нээх юм.
Мөн Mongolian Learning Corporation-тай хамтран компанийн захирал, удирдлагуудад хөрөнгө босгох, бизнес эхлүүлэх, санхүү, криптовалюттай холбоотой сэдвүүдээр санал бодлоо солилцож сургалт хийдэг. Даатгалын компанийн хувьцаа эзэмшигчдийн оролцоотой хэрэгжиж буй ALTEX биржийн төслийг хамтран үүсгэн байгуулсан.
Бусдад шидэх санаа?
Манай хамт олон Agile буюу ажлаа хэсэгчлэн жижгээр төлөвлөж, хурдан хугацаанд гүйцэтгэн дараагийн алхмаа эхлэх уян хатан арга барилыг нэвтрүүлсэн. Том зургийг гаргах буюу төлөвлөхдөө цаг алддаг нь Монголын нөхцөлд түгээмэл ажиглагддаг. Нүсэр том төсөл бэлдсээр байтал цаг үеэ өнгөрөөх эсвэл хэтэрхий өргөн цар хүрээг хамардаг тул бүтэлгүйтэх талтай.
Харин бидний хувьд жижиг багт хуваагдан ажлуудаа ангилж, богино алхмаар хурдтайгаар шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи нэвтрүүлж байна. Тиймээс залуучууддаа Agile арга барилын талаар сонирхолтой номууд олж уншиж, хэрэгжүүлж үзээсэй гэж зөвлөе.
Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?
Б.Өлзиймаа, Бизнес хамтын ажиллагааны ахлах менежер
Бид ижил ашиг сонирхолтой бүлэг хүмүүсийн эрсдэлийн менежер болж ажилладаг. Биет бүтээгдэхүүн бус гэрээ борлуулж, түүний дагуу итгэлцлийн шугамаар үйл ажиллагаа үргэлжилдэг нь даатгалын салбарын онцлог гэж боддог.
Эрсдэлийн тухай тодорхой ойлголтгүй, даатгуулах хүсэл сонирхолгүй хүмүүст даатгалын хэрэгцээ, боломжийг тайлбарлаж, бодитой баригдахгүй бүтээгдэхүүнийг худалдан авах шийдвэрт хөтөлнө гэдэг нэн бэрхшээлтэй.
Гэхдээ даатгалын тухай хүмүүсийн ойлголт жил ирэх тусам сайжирч, даатгуулах нь эрсдэлээ удирдах сайн арга гэдэгтэй санал нэгддэг болсон. Өнгөрсөн онд бид 5700 гаруй даатгуулагчид 4,5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгож тэдэнд тулгарсан асуудлыг шийдвэрлэж өгсөн нь бидний ажлын эерэг тал юм.
Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Б.Цэрэнжамц, Бизнес хөгжлийн газрын захирал
Брокер, зуучлагч компаниудын хамтын ажиллагааг илүү сайжруулах үүднээс дижитал технологийн шийдлийг хөгжүүлж байна. Зуучлагч компаниуд өөрсдийн хэрэглэдэг системээсээ даатгалын үйлчилгээ борлуулах боломжийг бодитой хэрэгжүүлж эхэлсэн.
Мөн Хаан даатгал автомашины зээлд “Урьдчилгаа төлбөрийн даатгал” гэх бүтээгдэхүүнийг санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн. Энэ нь зах зээлээ томруулах, ямар нэгэн байдлаар зээл авах гэж буй хүмүүст бага өртгөөр баталгаа үүсгэх боломж олгох юм.
Энэ концептоор тогтмол орлоготой боловч хуримтлалгүй залууст зориулан 5-10 хувийн урьдчилгаа төлж, үлдсэнийг нь даатгалын компаниас баталгаа гаргаж зээл авах боломжийг нээхээр ажиллаж байна. Олон улсад ЖДҮ-г дэмжих, томоохон худалдан авалтад жижиг оролцогчдын өрсөлдөх боломж олгох жишээнүүд байдаг. Энэ нь хамтрагч зээл олгож буй байгууллагууд болон даатгалын компанийн хувьд зах зээлээ тэлэх, өрсөлдөөнд давуу тал бий болгох, хэрэглэгчдийн хувьд бага урьдчилгаагаар хөрөнгөтэй болох олон сайн талуудтай.
Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
М.Ураншагай, Ахлах нягтлан бодогч
Орчин цагт эзэмшсэн мэргэжлээрээ тасралтгүй сурч хөгжих нь хэн бүхний гээгдүүлж болшгүй чухал асуудал болжээ. Миний хувьд хувийн үзэл бодол, мэдрэмжээ хөгжүүлэхийг эрхэмлэдэг тул онцгой анхаарч, чамгүй хугацааг зарцуулдаг. Өөрийнхөө сул талыг илрүүлж, хүлээн зөвшөөрөх нь цаашид сурч хөгжих хамгийн том боломжийг нээдэг талтай.
Заримдаа нөхцөл байдлыг өөрчлөх гэж хичээх бус хүлээн зөвшөөрөх сэтгэл зүйтэй байх нь бүхнийг сурах эхлэл гэж боддог. Иймээс ч аливаа алдаа, таагүй нөхцөл байдлыг нээлттэй хүлээн авч түүнээсээ суралцдаг даа.
Ц.Ган-Эрдэнэ, Ахлах актуарч
Актуарч нь даатгалын бүтээгдэхүүний хураамж, компанийн нөөц сан зэрэгтэй холбоотой суурь тооцооллуудыг гүйцэтгэдэг. Эдгээр тооцооллуудыг хийхэд актуар математикийн ур чадварууд шаардлагатай.
Би Умард Ирландын Нэгдсэн Вант улсын актуарчдын нийгэмлэг болон америкийн актуарчдын нийгэмлэгээс гаргасан зургаан модуль, мэргэжлийн ёс зүйн тест бүхий Certified Actuarial Analyst мэргэшүүлэх шалгалтыг өгч мэргэжлийн ур чадвараа хөгжүүлж байна. Сарын өмнө тав дахь шалгалтдаа тэнцсэн. Ажлынхаа хажуугаар бэлддэг тул ихэвчлэн оройдоо цаг гаргадаг. Хувь хүний зүгээс тууштай, сахилга баттай байдлыг их шаарддаг даа.
Санал болгох ном, хөгжим, кино?
Б.Цэрэнжамц, Бизнес хөгжлийн газрын захирал
2004 онд үзэгчдэд хүрсэн The Miracle гэдэг киног санал болгоё. АНУ-ын хоккейн шигшээ баг 1980 оны өвлийн олимпод 20 жил аваргалсан Зөвлөлтийн багийг ялж, алтан медаль хүртсэн бодит түүхээс сэдэвлэсэн кино юм. Уг уран бүтээлд багийн тоглолт ямар чухал болохыг бодитоор өгүүлдэг юм. Улсаа төлөөлж олимпын тэмцээнд оролцох тамирчдыг их сургуулийн тоглогч оюутнуудаас сонгон авдаг. Сургуульдаа нэр алдартай, амбицтай тэдгээр залуус эх орноо төлөөлөх тамирчид гэдгээ ухаарч нэг зорилгын дор нэгдсэнээр ялалтад хүрч буйг харуулдаг кино.
О.Хүрэлчулуун, Эрсдэлийн удирдлагын газрын захирал
Хамгийн сүүлд уншсан “Зөвлөх урхи” номыг санал болгоё. Хэн нэгэнд шууд зөвлөгөө өгөх нь ямар уршигтайг, зөвлөгөө өгч буй зорилго биелж буй эсэхийг өөр өнцгөөс тайлбарладаг тул залуу захирлууд болон менежерүүд уншихад нэн тохиромжтой санагдсан.
Мөн Шелли Каган-ийн “Death” хэмээх ном бол өнөөгийн завгүй, хурдтай өөрчлөгдөж буй нийгмийн хэмнэл дунд амьдралыг өөр талаас харуулсан маш сонирхолтой, цэгцтэй тайлбаруудтай сайхан бүтээл юм.
Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Р.Отгонзаяа, Байгууллагын даатгалын менежер
Хамт олноороо нэг сургалтад оролцож байхад ажил дээрээ цагийг аз жаргалтай өнгөрөөх тухай яриа өрнөсөн юм. Оффисын ажил өглөө 9 цагаас орой 18 цаг хүртэл үргэлжилдэг. Тиймээс ажил тарахыг хүлээж, цагийг барж дуусгах бус энэ хугацааг өөрийн мэдлийн цаг гэдгийг ухаарч, аз жаргалтай өнгөрөөх хэрэгтэй гэсэн. Харин ажлын цаг дууссан бол хаалга хааж, нийгмийн амьдралаа нээх хэрэгтэй тухай зөвлөсөн нь сэтгэлд хоногшин үлджээ.
Б.Туяадарь, Байгууллагын даатгал хариуцсан менежер
Аливааг эмх цэгцтэй хийх, шаргуу хөдөлмөрлөхийг аав, ээжээсээ сурсан нь өдөр тутмын ажил амьдралын үндсэн зарчим болдог. Мөн ажлын хамт олон, дарга нарын хэлсэн үг, санал зөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээдэг.
"Аливаа ажил амар хялбар эсвэл хэцүү бэрхшээлтэй гээд аль ч байсан оролдож эхлүүлээд үр дүнг нь үзэх нь чухал. Эхлүүлж, туршаагүй атлаа шантарч няцах биш оролдож, чармайж болох, болохгүйг туршиж алдаанаасаа суралцах нь чухал болохыг хамгийн сайн сурч авсан.
F Fabien 2023.01.21 197.234.221.158
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, танд санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: fabienalicio@gmail.com