Худалдан авалтын дараа төлбөрт үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, хүү шимтгэлгүй хувааж төлөх боломжийг хэрэглэгчдэдээ олгосон Storepay компанийн гүйцэтгэх захирал Н.Хангалыг бид энэ оны тэргүүн дугаартаа урилаа.  2019 онд Монголын финтек салбарт Storepay аппыг танилцуулан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг амжилттай нэвтрүүлсээр байгаа тэрээр 2022 онд компаниа олон улсын зах зээлд гаргах төлөвлөгөөтэй. Ингээд түүний ажил, амьдралын нөү-хаутай танилцъя.

Байршил: Эрүүл мэндийн яамны урд, "New Horizons" оффисын 10-р давхар
Эрхэлдэг ажил: Storepay компанийн гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 12 Pro Max
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудсууд: Фэйсбүүк, Инстаграм



1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Би багадаа зохион бүтээгч болохыг хүсдэг байв. Хуучин тоглоомуудаа задалж нийлүүлээд өөр тоглоом болгохоос эхлээд гар доорх материал, ундааны лааз, сав ашиглан шинэ тоглоом бүтээдэг байлаа. Одоо бодоход тэр үеэс миний энтрепренер сэтгэлгээ, бүтээлч байдал эхтэй байсан болов уу. Ахлах сургуульд байхдаа би математикийн хичээлд маш дуртай байсан. Бүх шинжлэх ухааны хаан гэгддэг математикийн ачаар аливааг олон талаас нь харах, системтэй бодож эргэцүүлэхэд суралцсан гэж боддог. Ингээд МУИС-ийн програм хангамжийн ангид элсэж, цаашлаад Австрали улсад бизнесийн удирдлага, хууль, эрх зүйн чиглэлээр суралцсан. Энэ хугацаанд эрхэлж байсан хөдөлмөр, эхлүүлж байсан ажил бүрээсээ өнөөдрийн Storepay компанийг байгуулах туршлагыг олж авсан гэж хардаг.

Анхны томоохон гарааны бизнесээ эхлүүлснээс хойш асуудалгүй өдөр гэж байгаагүй. Үеийнхэн маань тогтсон ажил, орлоготой байхыг хараад юу хийчхэв дээ гэж бодогдох үе ч байсан. Ямарваа нэг шинэ зүйл эхлүүлэхэд ахархан хугацаанд хүссэн үр дүндээ хүрчих юм шиг санагддаг юм билээ. Гэтэл бүх зүйлд өөрийн гэсэн процесс бий шүү дээ. Тэр үйл явц дунд мэдээж асуудал гарах нь ойлгомжтой. Гэхдээ асуудал байгаа бол шийдэл нь заавал байдаг. Өөртэйгээ нүүр тулж, айдсаа ялан дийлээд, аливааг зоригтой эхлүүлэх нь хамгийн чухал юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлгож авсан. Тэрхэн үедээ асар хүндрэлтэй санагдаж байсан зүйлс эргээд бодоход тийм ч том асуудал биш байх жишээтэй. Ер нь асуудлыг аль өнцгөөс харж, ямар сэтгэл зүйтэй хандахаас ихэнх зүйл шалтгаалдаг.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Ажлын ачаалал их бага байгаагаас хамаарч янз бүр байдаг. Миний хувьд аль ч цагийг чанартай өнгөрүүлэх хэрэгтэй гэсэн зарчимтай. Ажиллах үедээ үнэхээр түүндээ төвлөрөөд, амрах цагтаа өөр бусад зүйлд сатааралгүй тэр хугацаагаа мэдрэх нь чухал.

Ачаалал багатай үед гэр бүлтэйгээ хамт өглөөний цайгаа уучхаад, оффис руугаа тайван ирдэг. Түүний дараа ажлын орчинд шаардлагатай зүйлсээ шалгаж, хамтран ажиллагч байгууллага болон ажилчидтайгаа уулзалт хийн, санал бодлоо солилцоно. Харин ид ачаалалтай байгаа өдрүүдэд өглөө маш эрт босож, үдшээр орой унтахыг хичээдэг.



3. Таны ажлын нөү-хау?

Нэгдүгээрт, ХУРД, ЧАНАР, СЭТГЭЛ гурвыг тэнцүүлэн авч явах хэрэгтэй. Хурдтай байна гээд чанаргүй, чанартайг хийнэ гээд удаан байж болохгүй. Хоёрдугаарт, удирдагч хүнийхээ хувьд мэдрэмжтэй байхыг хичээдэг. Ажилчдынхаа сэтгэл зүйг ойлгох, түүнд нь тохируулан харилцах, асуудлын нюансыг мэдрэх зэрэг нь манлайлагч хүний хувьд хамгийн чухал чадвар. Гуравдугаарт, "Attention to detail". Үүнийг хүн бүрд байх ёстой чадвар гэж боддог. Жижиг зүйлсийг анзаарч, цаг тухай бүрд нь засаж залруулах хэрэгтэй. Яагаад гэвэл жижигхэн асуудлууд нийлсээр сөрөг үр дагаварт хүргэх боломжтой шүү дээ.

Мөн хамт олон өсөн нэмэгдэж, байгууллага улам өргөжихийн хэрээр удирдагчийн зүгээс ажилчдадаа урам зориг хайрлах, тэднийг идэвхжүүлэх шаардлага гарч байна. Энэ үед тэднийхээ сэтгэл зүйн байдлыг анзаарч мөн л мэдрэмжтэй байх нь чухал. Би ихэнхдээ ямарваа нэг хүн юм уу байгууллагын амжилтын түүхийг хуваалцаж хамт олныхоо сэтгэл санааг дэмжихийг хичээдэг.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Бусдын адилаар сошиал платформ, банкны аппуудыг хэрэглэдэг. Мэдээж Storepay аппаа өдөр тутам ашиглаж байна. Мөн брэндинг дизайн сонирхож, санаа авахаар Behance аппыг сүүлийн үед нэлээн туршиж байгаа.

Технологийн хэрэгслийн хувьд Apple компанийн зөөврийн компьютер, телевиз, чихэвч дуу өсгөгч зэрэг хоорондоо холбогдох боломжтой бүтээгдэхүүнүүдийг цогцоор нь хэрэглэхийг хичээдэг.



5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Цаг хэмнэх хамгийн сайн арга бол,

1. Зохион байгуулалттай байх

2. Зохион байгуулалттай байх

3. Зохион байгуулаттай байх гэж хэлнэ. Ажил болоод амьдралын алинд ч төлөвлөгөөтэй байвал хугацаа алдахгүй шүү дээ. Бид бүгд хоногийн 24 цагийг хэрхэн үр ашигтай өнгөрөөх тухай боддог байх. Гэтэл нэг ажил дуусахад дараа нь яах билээ гэж бодож алт шиг үнэт цагаа алдахын оронд зохион байгуулалттай байж, сайтар төлөвлөх хэрэгтэй.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Би бол цаасан дээр "sketch" хийх буюу ноороглож төлөвлөгөө гаргадаг төрлийн хүн. Тэмдэглэлийн дэвтэр юм уу өөр дижитал платформ дээр төлөвлөх нь чөлөөтэй сэтгэн бодоход саад болох юм шиг санагддаг.

Хугацааны хувьд урт болон богино хугацааны төлөвлөгөөнүүд бий. Ер нь урт хугацааны төлөвлөгөө буюу алсын хараа хэн бүхэнд байх хэрэгтэй гэж боддог. Жишээ нь, манай Storepay компани зах зээлд гарахдаа л гаднын улсаас хөрөнгө оруулалт авч, бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлэх алсын хараатай байсан. Том зүйлд зорих тусам түүндээ уягдаж хийх ажлууд нь тодорхой болдог учраас бид өнөөдөр Зүүн Өмнөд Азид үйлчилгээгээ таниулахаар ажиллаж байна.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 

Австралид суралцаж байхдаа өдөр бүр фитнес хийдэг байлаа. Дасгал хөдөлгөөнөөс яалт ч үгүй эрч хүч авдаг шүү. Эрчимтэй хөдөлгөөний дараах "Би чадлаа" гэсэн тэр мэдрэмж хамгийн сайхан. Сүүлийн үед ажил болоод цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн тийм ч идэвхтэй байж чадахгүй байгаа. Гэсэн ч 2022 онд спортын нэг төрлөөр хичээллэх зорилго тавьсан.



8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Ахлах сургуулиа төгсөөд барилгын архитектур болох хүслээр би гэдэг хүн ШУТИС-д хоёр төрлийн шалгалт өгч байсан түүхтэй. Геометрийн дүрс зурах шалгалтад хамгийн өндөр оноо авч чадсан ч хар зургийн төрөлд тэнцээгүй. Ингээд л МУИС-ийн програм хангамжийн ангийг сонгосон. Гэхдээ тэр мөрөөдөл минь өнөөг хүртэл сэтгэлд уяатай. Байшин барилгын хийц, загварыг үргэлж сонирхоно. Заримдаа бүр өнөөх ноорог цаасан дээрээ зурчихсан сууж байдаг. Ер нь архитектурын шийдлийг харуулсан цахим хуудсуудыг дагаж, урам зориг, шинэ санаа олж авдаг даа.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Эерэг, давуу талаас нь эхэлье. Storepay компанийн хувьд хэрэглэгч төвтэй үйлчилгээг жинхэнэ утгаар нь дотоодын зах зээлд нэвтрүүлж чадсан гэж боддог. Үйлчлүүлэгчдийн 99 хувь нь манайхыг сонгосон цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл үнэнч хэрэглэгч байсаар байгаа нь үүний баталгаа болов уу. Хийж буй ажилдаа бүрэн итгэлтэй, түүгээрээ цаг ямагт бахархана гэдэг ашиг орлого, хөрөнгө мөнгөнөөс ч илүү сайхан мэдрэмжийг өгдөг юм билээ.

Түүнчлэн бидний хамгийн том онцлог нь хүү, шимтгэлгүй хуваан төлөх санхүүгийн таатай үйлчилгээ. Цаашид ч энэ зарчмаасаа хазайлгүй олон ажил, шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сарын 27-нд өөрсдийн нэрийн "SPC" койныг гаргасан. Финтек салбар болон блокчэйн хоорондоо нягт уялдаатай явах боломжтой учраас манай салбарын хувьд криптовалют гаргах нь хамгийн тохиромжтой. Өнөөдөр манай хэрэглэгчид Storepay койноор үйлчилгээний эрхээ нээлгэх, төлөлтдөө ашиглах, хоорондоо ямар ч шимтгэлгүй шилжүүлэг хийх зэргээр өдөр тутмын амьдралдаа хэрэглээд явж байна.

Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл манай улсад хэрэглэгчдийн санхүүгийн чадамжид үнэлэлт, дүгнэлт хийх "credit score" буюу зээлийн онооны систем сайн хөгжөөгүй байгаа. Энгийнээр тайлбарлавал, хэрэглэгчийн зээл авах чадвар болоод эргэн төлөх чадамжийг оноогоор илэрхийлж зээлдэгч талд илүү хялбар болгож өгдөг юм. Харин технологийн талаас аппликэйшн гацах, саатах зэрэг хүндрэл тулгардаг ч энэ бол дор бүр нь шийдэх боломжтой асуудал.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Яг одоо манай компани Storepay 3.0 хувилбарыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ удаагийн гол давуу тал нь автомашин болон орон сууцны төлбөрийн нөхцөлийг оруулж ирж байгаа. Ингэснээр ямар ч хүү, шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр хүссэн машин, орон сууцаа худалдан авах боломж бүрдэж байгаа гэсэн үг.



11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ?

Интернэт бол богино хугацаанд хүссэн мэдлэгээ олж авах хамгийн том гүүр шүү дээ. Миний хувьд Youtube-тэй их найзалдаг. Сүүлийн үед график дизайн, видео эвлүүлгийн талаар нэлээн сонирхож байгаа болохоор шаардлагатай зүйлсээ шууд л хайгаад суралцаж байна. Мөн номын хураангуй, элдэв сонирхолтой үзэгдлийн талаар тайлбарласан бичлэг үзэх дуртай.

12. Санал болгох ном, хөгжим, кино?

Ном – Дэйл Карнегийн номуудыг санал болгомоор байна. Тэр дундаа "Нөхдөө өөртөө татаж, хүмүүст нөлөөлөх ёсон", "Олны өмнө үг хэлэхдээ, яаж өөртөө итгэлтэй байж хүмүүст нөлөөлөх вэ", "Яаж санаа зовохгүйгээр тайван амьдарч эхлэх вэ" гэсэн боть номуудыг уншаад үзээрэй. Хүн хоорондын харилцаа, бусдын сэтгэл зүйг ойлгох, удирдагч хүний мэдрэмжтэй байх зэрэг чухал чадваруудын талаар хөндсөн байдаг.

Хөгжим – Би ямар нэг хөгжмийн урсгалд баригдалгүй олон төрлийн дуу сонсох дуртай. Гадаад дуучдаас Бруно Марс, Кэндрик Ламар, Травис Скотт зэрэг уран бүтээлчдийг сонсдог. Харин Монголоос гэвэл Сексцагаанбогдын дуунуудаас шимтэн сонсож байна.

Кино – 2007 онд хийгдсэн "American Gangster" киног онцолмоор байна. Хэдий гэмт хэргийн бүлэглэлийн тухай өгүүлдэг ч энэ бүтээлээс би удирдагчийн харизм ямар байх ёстой, ажлаа хэрхэн эд эсээрээ мэдэрч хийх талаар чухал санаанууд ойлгож авсан шүү.



13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Аавын зөвлөгөө л хамгийн түрүүнд санаанд бууж байна. "Асуудал хэзээд байдаг. Үүний адилаар амжилт, аз жаргал ч энүүхэнд бий. Аливаа асуудлаас сүрдэж айлгүй, ахархан болгож харж сураарай. Бас эсрэгээрээ жижиг зүйлсээс ч аз жаргал мэдэрч болдгийг бүү мартаарай" гэж захидаг.

14. Бусдад шидэх санаа?

Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн хүн өөрөө өөртэйгөө нүүр тулж, ялан дийлэх сэтгэл зүйтэй байх нь хамгийн чухал. Бүх зүйл бидний хийсэн сонголт, гаргасан шийдвэрээс шалтгаалдаг шүү дээ. Зорьж хүссэн зүйлдээ хүрч чадахгүй байгаа бол асуудал нь бусдад бус танд ч байж мэднэ. Тиймээс зориглоод хийж үз. Шантрахгүй зүтгээд бай. Үр дүн заавал гарна.