Өнөөдрийн дугаартаа бид сүүлийн 20 орчим жилийн турш улс төрийн салбарт, УИХ-ын гишүүний туслахаас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх хүртэл дэвшин ажиллаж буй нэгэн эрхмийг урьсан билээ.
Монгол Улсад хэрэгжиж буй бодлогын олон асуудалд гар бие орон ажиллаж ирсэн түүний хувьд өдгөө төлөвлөгөөт ажлуудаас гадна Монголын түүхийн эх сурвалжуудын нэгдсэн санг байгуулах ажилд төвлөрч байгаа ажээ. Ингээд өнөөдрийн зочин Сүрэнжавын Лүндэгийн ажлын арга барилтай танилцъя.
Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот, Төрийн ордон
Эрхэлдэг ажил: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх, “Шаравын Сүрэнжав” сангийн үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 14 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Мacbook Рro
Сошиал хуудсууд: Lundeg Surenjav
1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
Угтаа би програм хангамжийн мэргэжилтэй хүн. КТМС-д суралцсан он жилүүд минь намайг логик сэтгэлгээтэй, шинэ соргог технологид дуртай нэгэн болоход ихээхэн нөлөөлсөн юм. Их сургуулиа төгсмөгцөө арлын Япон орныг зорьж, Саппоро олон улсын их сургуульд хоёр жил суралцаад 2006 онд эх орондоо ирсэн. Гадаадад суралцсан, компьютер суурьтай, япон хэлтэй гэдэг утгаараа олон ажлын саналууд ирж эхэлсний дотроос бусдаасаа ач холбогдол өндөртэй, чухал гэж үзсэн ажил нь УИХ-ын Тамгын Газарт ажиллах явдал байлаа. Чухамдаа эндээс л Их хурлын танхимд анхлан хөл тавьж, манай улсын парламент, төрийн тогтолцоо хэрхэн, яаж ажилладгийг дэргэдээс нь харж, суралцах боломжийг олж авсан.
Тэр цагаас хойш одоог хүртэл улс төрийн тогоонд 20 орчим жил ажиллаж, сурч явна. Энэ хугацаандаа, УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх, Монгол Ардын Намын даргын туслах, Монгол Улсын Шадар сайдын Шадар туслах, Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслах, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажилласан. Харин одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Нийт таван Засгийн газарт ажилласан ажил мэргэжлийн энэ замналаа мерит зарчмын нэг жишээ болов уу гэж боддог.
Энэ дунд боловсролдоо анхаарч, 2012 онд АНУ-ыг зорин, Страйерийн их сургуульд төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан. Мөн 2021 онд өвөөгийнхөө дурсгалд зориулан “Шаравын Сүрэнжав” санг үүсгэн байгуулж байлаа.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч салбар бүрийн төлөөлөл бүхий 13 орон тооны зөвлөх болон бусад орон тооны бус зөвлөхүүдийн хамтаар улс оронд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, бодлогын хүрээнд Ерөнхийлөгчийн зайлшгүй орох ёстой ажлуудыг эрэмбэлж хэлэлцэн, төлөвлөгөөгөө улирлаар гаргадаг. Ахлах зөвлөхийн хувьд төлөвлөгдсөн ажлын хэрэгжилтийг манлайлан хангаж, холбогдох салбарын зөвлөхтэй тухай бүр хамтарч ажиллах үүрэгтэй.
Жишээ нь, саяхны өдрүүдэд болж өнгөрсөн "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээн дэх мод тарих үндэсний өдрөөр миний бие Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхтэй хамтарч ажилласан бол ирэх өдрүүдэд Ерөнхийлөгчийн хөдөө аж ахуйн салбарын энэ хаврын ажилтай танилцах "Хүнсний хувьсгал" хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан бодлогын зөвлөхтэй хамтарч ажиллахаар байгаа юм. Үндсэндээ, төлөвлөгөөнөөс шалтгаалан хэзээ, хэнтэй ажиллах маань тодорхой болдог.
Тэгэхээр ажлын маань өдөр бүр өөр өөр өнгөрдөг гэсэн үг. Үүний ихэнхэд нь бусад зөвлөхүүдтэйгээ уулзаж ярилцах, хэлэлцэх, гүйцэтгэл шахах, аливаа асуудалд шийдэл боловсруулахад төвлөрдөг. Энэ дунд улс оронд яаралтай асуудал тулгамдвал хэдийд ч бэлэн байх ёстой байдаг тул ажлын нарийн хуваарьгүй. Гол төлөв өглөө эрт ирээд шөнө оройгоор л харина даа. Хэдий гэртээ очсон ч утас байнга асаалттай, албаны дуудлагыг алдахгүй хариулах үүрэгтэй.
3. Таны ажлын нөү-хау?
Ер нь амьдралын хамгийн чухал зүйлийг харилцаа, хандлага гэж боддог. Миний хувьд энэ тал дээр буюу олон хүний дунд ороод хамт олондоо амархан уусаж, бусадтай ойлголцож, тэдэнд өөрийгөө зөвөөр илэрхийлэхдээ дажгүй өгөгдөлтэй юм болов уу гэж боддог. Энэ нь үргэлж багаар ажиллах шаардлагатай улс төрийн салбарт өнөөг хүртэл тууштай ажиллаж ирсний минь гол шалтгаан байх.
Учир нь салбар болгоны мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид болон сонирхлын бүлгүүдийн төлөөлөл гээд олон хүмүүсийн санаа бодлыг сонсох, тэднийг нэг зорилго дор нэгтгэж, үйл ажиллагааг нь уялдуулан ажиллахад гарцаагүй харилцаа болон логик сэтгэлгээ шаардагддаг юм.
Заримдаа үйлдвэрчний эвлэлийн даргын үүрэг гүйцэтгэгч шиг хавь ойрын ахуй, нийгмийн асуудал шийдэх ажилтай болчихсон явж байх нь ч бий. Тийм ч болохоор төрөлхийн энэ өгөгдлөө ашиглан, хамт олноо аль болох ажилд нь дурлуулж, тухайн ажлын ач холбогдлыг том зургаар нь ойлгуулж, үлгэрлэх арга барилтай болсон.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Apple-ийн үнэнч хэрэглэгч. Уг нь анх зүгээр л гар утаснаас нь эхэлсэн юм. Яваандаа Apple-ийн төхөөрөмжүүдийн уялдаа, хоорондоо мэдээлэл солилцох хурдад нь татагдаж явсаар нэг л мэдэхэд бүх төхөөрөмж энэ брэндийнх болсон байсан. Ялангуяа бидэн шиг жилийн дөрвөн улиралд 21 аймаг, гаднын улс орон гээд газар сайгүй ажиллаж таардаг хүмүүст дурын нэг төхөөрөмжтэйгөө явж байхад л оффис дээрээ байгаа мэт бүхнийг нэг дор төвлөрүүлж өгдөгт нь туйлаас дуртай.
Такси дуудлага, хоол хүргэлт, төлбөр тооцоо тэргүүтэй өдөр тутмын амьдралд хэрэг болдог аппуудаас гадна төрөл бүрийн харилцааны аппууд чухал. Салбар салбарын олон хүнтэй харилцах шаардлагатай байдаг тул холбоо харилцааны бүх л платформуудыг чадмаг хэрэглэдэг.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Толгойгоо ажиллуулах л гэх байна. Үүнд програм хангамжийн мэргэжлийн маань онцлог их нөлөөлдөг. Мэдээлэл болон судалгааны хязгаарлагдмал нөөцтэй нөхцөлд аливааг яаж ахиж хийхгүйгээр чанартай, мөн хамгийн бага цагт хийх вэ гэдгийг толгой дотроо олон талаас тооцож, шийдэл гаргах шаардлагатай тулдаг үе олон байна. Иймд ямар ч дарамттай нөхцөлд хурдан, логиктой сэтгэхэд л өөрийгөө үргэлж чиглүүлдэг, дасгадаг байх хэрэгтэй.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Эхлээд мэдээллээ цуглуулна. Салбар бүрийн 12 зөвлөхтэйгөө уулзаж ярилцана, санал солилцоно. Ингээд ажлын төслөө бэлтгээд Ерөнхийлөгчтэй уулзана даа. Ач холбогдол, цаг үе гэх мэт олон нөөцийг харгалзсанаар төлөвлөгөөгөө улирлаар гаргана. Заримыг нь тухайн цаг үед улс оронд гэнэтийн яаралтай нөхцөл байдал учирч болзошгүйг тооцож уян хатан төлөвлөх шаардлагатай. Үүний дотроос гадаад харилцааны асуудлууд хэзээ ч өөрчлөгддөггүй, хатуу хуваарьтай гэдгээрээ онцлог.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Гэр бүлийн хүн маань түүхэн сэдэвтэй уран зохиолын номууд бичдэг зохиолч хүн. Аз таарч эрт харьсан өдрөө эхнэрийнхээ зохиол дээр хамтран сууж, зохиолынх нь үйл явдал, уялдаа холбооных нь тухай ярилцаж, зарим тохиолдолд хяналтын уншлага хийдэг юм. Энэ үйл явц үгээр хэлэмгүй ихээр эрч хүч сэлбэж, оюуны алжаал тайлна гээч.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Монголын утга зохиолын салбарын тод төлөөлөл болсон, сэхээтэн өвөөгийнхөө гэрт төрж, 22 нас хүртлээ тэдэнтэйгээ амьдарсан эмээ, өвөөгийн хүүхэд л дээ. Өвөөгөө 2018 онд нас барснаас хойш бодон бодон явсаар 2021 онд дурсгалд нь зориулан “Шаравын Сүрэнжав” санг байгуулж, тэргүүнээр нь ажиллаж эхэлсэн. Сангийнхаа ажлын хүрээнд өвөөгийн уран бүтээл, шүлэг найраглалыг таниулан сурталчлахаас гадна шинэ залуу үеийнхнийг яруу найрагт сонирхуулан дурлуулах зорилгоор жилд хоёр удаа Шаравын Сүрэнжавын нэрэмжит яруу найргийн тэмцээнийг зохион байгуулдаг. Мөн хажуугаар нь академик боловсролд чиглэсэн эрдэм шинжилгээний бага хурлууд зохион байгуулах, Монголын Зохиолчдын эвлэлээс явуулж буй арга хэмжээнүүдийг дэмжих, зах зээлд дууссан номуудыг шинэчлэн сайжруулж хэвлүүлэх гэх мэтээр сангийн үйл ажиллагааг аль болох тасалдуулалгүй, идэвхтэй авч явах сайн дурын үүрэгт ажилтай.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?
Онцлогоос нь эхэлье. Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийн хувьд бусад салбарын зөвлөхүүдээс ирсэн бүх бодлогын баримт бичгүүдтэй нарийн танилцаж, бодлого зангидаж ажилладаг. Ингэснээр тал бүрийн мэдээлэл, мэдлэгээ тасралтгүй зузаатгаж, суралцан хөгжиж байдаг онцлогтой. Өнгөрсөн 20 шахам жилийн хугацааны талаас илүүд нь өдөр, шөнөгүй ажиллаж өнгөрүүлсэн болохоор хэд хоногийн нойр, ядралт, өлийг ажрахгүй давж сурсан. Энэ мэтээр улс төрд ажиллаж буй мэргэжилтний хувьд хязгаараа байнга эвдэж, сэтгэл зүй, бие бялдрын ачаалал даах чадвараа тэлэх боломжтой байдаг нь сонирхолтой.
Сорилттой тал нь, дэндүү том хариуцлага. Бид Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөр болон төлөвлөгөөний хэрэгжилтээс гадна оролцож буй арга хэмжээнүүдэд хэлэх үгийг нь бэлтгэдэг юм. Хаана ч очсон бодлого, баримтын хувьд алдаа мадаг өчүүхэн ч гаргаж болохгүй. Энэ утгаараа уг ажил өөрөө маш том сорилт.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Одоогоор бид үндэсний хэмжээний түүхийн нэгдсэн эх сурвалж бүхий дижитал мэдээллийн бааз болон виртуал бодит мэт орчныг (VR) бий болгох ажилдаа төвлөрч байна. Үүний тулд Ерөнхийлөгчийн орон тооны бус, Түүх соёлын зөвлөхтэй нягт хамтран ажиллаж байгаа. Түүхийн олон сурвалж бичгүүдээс чухал хэрэгцээтэй мэдээллүүдийг шүүж цуглуулах энэ их ажлын дүнд бид түүхийнхээ талаар нэгдсэн ойлголттой, нэгдсэн асуулттай болохоос гадна олон улсад түүхээ сурталчлах, түүхээ эргэлтэд оруулах боломж бүрдэх юм. Мэдээллээ цуглуулж дууссаны араас тэдгээр мэдээллийг ангилах, системд оруулах зэрэг шат шатны ажлууд хийгдээд явна. Цаашлаад ирээдүйд түүхийн салбарт хийгдэх бүхий л эрдэм шинжилгээний ажил, судалгааны баримтууд энд нэгтгэгдэж, олон нийтэд нээлттэй танилцуулагдах зарчмаар ажиллана даа. Үүнээс гадна, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд нүүрсхүчлийн хийг хэмнэж, нэмэлт орлого олох боломж буюу карбон кредит тооцох аргачлал, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажилд анхаарал хандуулж байна. Үүнд Ерөнхийлөгчийн манлайлал, уриалга тун ч чухал.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Энэ тал дээр над шиг азтай хүн байдаг юм болов уу даа. Салбар салбартаа мэргэшиж, олон жил ажилласан мундаг мэргэжилтнүүдтэй өдөр тутамдаа харилцаж, тэдний хийсэн судалгаа дүгнэлтийг цаг алдалгүй сонсдог хүн шүү дээ, би чинь.
Харин дурладаг сэдвээ бие даан судлах үедээ заавал эх сурвалжийг нь нарийн шалгаж, биетээр оршдог бол нүдээр үзэж, болбол гараар барьж байж сая нэг “үнэн” хэмээн хүлээж авдаг дадалтай. Уран зохиолч өвөөгийн гэрт өссөн болохоор бага байхын дэлхийн бүх л сонгодгуудтай эртлэн танилцаж, түүнээсээ болоод сонирхож дурладаггүй сэдэвгүй болтлоо их уншлага хийсэн. Тиймээс энэ амьдралдаа хоббигүй байхын зовлон мэдэрч үзээгүй гэхэд болно.
Мөн өөрөөсөө илүү төлөвшсөн, ухаажсан, хатуужсан хүмүүсийн дунд байж, тэднийг харж, үлгэрлэж суралцах дуртай. Жишээ нь, Ерөнхийлөгчөөс цаг барих, биеэ дайчлах, олныг манлайлах, итгэж үнэмшсэн зүйлийнхээ төлөө эцсийг нь хүртэл тэмцэх зэрэг зан чанарыг нь биширч суралцдаг бол, багаас харж өссөн МУАЖ Н.Сувд, МУАЖ А.Долгор тэргүүтэй өвөөгийн найз нөхөд, эрхэм хүмүүсээс биеэ зөв сайхан авч явах дадал, хүнлэг зан байдлыг нь үлгэрлэн дуурайхыг хичээдэг.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Уг нь би "рок хүн" л дээ. Даанч хурдан хэмнэлтэй, хүчтэй дуу сонсоход тохиромжтой үе өдөр тутмын амьдралд харьцангуй бага гардаг болсон байна. Бүр рок мэдэрмээр болсон үед Монголынхоо "The Hu" хамтлагийн дуунуудыг тавина. Одоогоор хол замд явахдаа Н.Жанцанноров, Б.Шарав тэргүүтэй суут зохиолчид болон морин хуурч Н.Жигжиддоржийн сүүлд гаргасан цомогт нь багтсан хөгжмийн суут бүтээлүүдээс, харин амармаар үедээ "Cigarettes After Sex" хамтлагийн дуунуудаас сонсох нь элбэг.
Номын хувьд бол ямар насанд, юу туулан амьдарч байгаагаас хамааран мэдрэмж нь өөр болдог юм билээ. Өсвөр насанд Жюль Верн, Антон Павлович Чехов, Фёдор Достоевскийн зохиолууд их сонирхолтой байсан. Ялангуяа Ги Де Мофассаны “Хонгор найз” гэж ном өнөөг хүртэлх эмэгтэй хүнийг харах, тэдэнтэй харилцах харилцаанд минь үлэмж хэмжээгээр нөлөөлсөн гэж боддог юм. Харин одоо бол зохиолоос илүү баримтат, түүхэн төрөлд илүүтэй татагдаж байна. Тэр дундаас Зөвлөлт Орос, Буриад Монголын зохиолч Исай Калашниковын “Догшин жаран” номыг санал болгоё.
Киноноос толгой тархийг ачаалуулж, бодоогүйг бодуулж, гүн гайхширалд оруулж, оршихуйн тухай эргэн бодоход хүргэдэг шинжлэх ухааны, уран зөгнөлт бүтээлүүдэд дуртай. Санаанд орж байгаагаас нэрт найруулагч Кристофер Ноланы кинонууд, Том Шадиакын “I am”, Лана болон Лили Вачовскийн “Матрикс” цувралын нэгдүгээр ангийг дурдъя. Мөн Стивен Хокинг тэргүүтэй эрдэмтдийн физик, одон орны тухай өгүүлсэн баримтат кинонууд байна.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Өвөө маань бага байхад “Амьдрал гэдэг тэгш дардан байдаггүй эд. Заавал зовлон гуниг тохиодог жамтай. Сөхрөх үе хэнд ч л гардаг юм. Тэгээд эцэст харах нь ээ, зовлон гэдэг ухаантай хүнд хичээл л болдог юм даа.” гэж байсан нь. Олон зүйл дээр энэ үгийг бодож, урагшилсаар ирсэн. Ер нь өвөө хувь хүний эрх чөлөөг нэн хүндэлдэг хүн байсан. Зөвлөгөөнөөс гадна тэр хандлага нь миний хүмүүжил, төлөвшилд их чухал нөлөөлсөн байдаг юм.
Харин ажлын байран дээр гарсны дараа сонссон олон үгсээс Ерөнхийлөгчийн хэлдэг нэг үг санаанд тод үлдсэн. Тэр нь, “Энэ түнэр харанхуй орчинд чи шатаж, би шатаж гэрэл гаргахгүй юм бол яах болж байна?” гэдэг үг. Өнгөц сонсоход их бадрангуй үг л дээ. Гэхдээ үнэхээр туйлдсан үед эргээд босох хүч өгдөг юм.
14. Бусдад шидэх санаа?
Энэ дэлхийд сэдэв шиг их юм алга. Шинжлэх ухаан, шашин, гүн ухаан, физик, хими, амьтан судлал, урлахуй, улс төр, түүх гээд л. Дурлаж сонирхох асар их агуулгатай ийм агуу орчлонд амьдарч байгаа бол өөрт оногдсон цагтаа элдэв хэл ам, хов живээс аль болох хол байж, амьдралдаа чухал зүйлдээ гол анхаарлаа төвлөрүүлж, тасралтгүй суралцаарай.