Энэ удаагийн дугаартаа бид танин мэдэхүйн цангааг тайлах чанартай контентуудаараа үзэгчдийн дунд хэдийн танил болсон "Одмөндөр" сувгийн хөтлөгч, түүхийн багш, археологич А.Маратхааныг урьж ярилцлаа.
Суут түүхчдийн шавиас сургуулийн багш, барилгын туслах ажилтнаас бодибилдингийн тэмцээний тамирчин хүртэлх амьдралын баялаг нугачааг туулсан түүний түүх тун сонирхолтой ажээ. Ингээд Маратхаан багшийн ажил болоод амьдралын нөү-хаутай илүү ойроос танилцъя.
Байршил: Улаанбаатар хот, Монгол Улс
Эрхэлдэг ажил: Одмөндөр сувгийн хөтлөгч, түүхийн багш, археологич
Хэрэглэдэг гар утас: iPhone 16 Pro
Сошиал хуудас: Анархаан Маратхаан (Facebook)
1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
Би 10 жилд байхаасаа л түүхийн хичээлд дуртай хүүхэд байлаа. Дархан-Уул аймгийн 1-р сургуулийн түүхийн багш Буянжаргал гэж хүн түүхийг нүдэнд харагдтал гоё заадаг байсан нь надад их нөлөөлсөн. Зургаадугаар ангид Монголын түүхийн анхны хичээл дээр "С" дүн авчихдаг юм байна. Түүнээс өмнө дандаа онц сурдаг, математикийн сонгоны ангийн хүүхэд байсан тул шар хөдөлж, өөрийгөө нотлохын тулд номын санд суусаар, багшийн ярьснаас илүүг уншиж судалдаг болсон. Багшийгаа "эвгүй байдалд оруулах" гэж хичээж явсаар бүр нөгөө хичээлдээ ч дурлаж, олимпиадуудад амжилттай оролцох болов. Тэгээд 2003 онд Дархандаа түүхийн хичээлээр элсэлтийн шалгалт өгөхөд тухайн жилд ганцхан хуваарь ирсэн тул авч чадсангүй. Тэгтэл багш маань Улаанбаатарын Их Сургуулийн түүх-археологийн анги тун давгүй, тусдаа шалгалт авч байгааг дуулгаж, би ч 1-р байрт жагсан түүхийн ангид элссэн түүхтэй.
Тухайн үед манай сургууль Шинжлэх Ухааны Академийн харьяа байсан тул Түүх, Археологийн хүрээлэнгээс салбарын шилдэг мэргэжилтнүүд ирж хичээл ордог байв. Нэг зүйлийг анзаарахад, түүхийн ангийнхан танилцах дадлагад явдаггүй, харин археологийнхон явдаг байж таарах нь тэр. Аз болж манай ангиас хамгийн сайн сурсан нэг хүүхдийг авч явна гээд, ангийнхаа охидын хичээлийг мөнгөөр хийж өгдөг болохоор би ч ногоон гэрлээр сонгогдлоо. Хөдөө гадаа хол явж үзээгүй хүн тийнхүү археологийн ангийн 17, 18 хүүхэдтэй цуг анх удаа хол газар дадлагаар явсан нь тэр юм.
Бид Эрдэнэзуу, Архангайн Хотонт, Өгий нуур, Булган аймгийн Дашинчилэн гэсэн чиглэлээр 14 хоног явав. Надад Монгол орныг тойрон аялан тоглолт хийж байгаа мэт гайхалтай санагдаж билээ. Тэр танилцах дадлагыг Болор цомын эзэн, археологийн ухааны доктор Болдхуяг гэж 26-27 орчим насны залуу бусад багш нарын хамт удирдаж явсан юм. Тэгээд надад "Маратхаан, чамд нэг нүүдэлчдийн халуун цус байна. Чи ер нь археологич болбол яасан юм бэ?" гэж хэлж байлаа. Нэгдүгээр курст хоёр анги ижил хичээл үзсэн тул "Археологийн үндэс" хичээлээр давтан шалгалт өгөөд шилжих боломжтойг ч хэлж, хэрэв орвол Монгол-Германы хамтарсан, хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор байдаг Хархорин экспедицэд авч явна гэж амласан юм. Ингээд л би эргэлзэлгүй археологийн ангид орж, 2007 онд төгссөн.

Намайг төгсдөг жил ажлын байр маш хомс, мэргэжлээрээ ажиллана гэдэг тэнгэрийн од шүүрэхтэй адил байлаа. Тэр үед манай археологийн тэнхимийн доктор, профессор, ШУА-ийн гавьяат зүтгэлтэн Эрдэнэбаатар багш "Намар ирээд ажилдаа ороорой" гэж хэлсэн юм. Гэвч намар нь би Монгол-Америкийн хамтарсан Хөвсгөлийн малтлагад явж таараад 9-р сарын 10-нд ирэв. Уг нь их дээд сургуулийн багш нар 8-р сарын 20 гэхэд цуглах ёстой боловч хоцорч очоод багшийнхаа уурыг хүргэж, хатуу зэмлүүлэн хөөгдсөн.
Ингээд ажилгүй болсон тул магистрт сурахаар шийдэн, тэр хооронд амьжиргаагаа залгуулах гэж "Сонгдо" эмнэлгийн барилга дээр туслах ажилтан хийж, лифтэнд даруулж үхэх шахсан гээд кино шиг л үйл явдлууд тохиолдсон.
Магистрт сурч байхдаа Сансарын туннель дээр манай сургуулийн дэд захирал байсан доктор, профессор Цолмон багштай санамсаргүй тааралдлаа. Багш намайг Хятад руу тэтгэлгээр явчихсан гэж бодож байж. Намайг яваагүйг мэдээд "Радио телевизийн сургуульд түүхийн багш авна гэнэ. Очоод уулз" гэхэд нь би шууд "Үгүй ээ багш аа, би сургуульдаа л багшилна" гээд зөрүүдэлчхэв. Тийнхүү ямар ч ажилгүй хоёр жил явсны эцэст түүхийн тэнхимийн Галбадрах багш дээр очиж, хүчээр шахуу долоо хоногт ганцхан паар буюу хоёр цагийн "Нүүдлийн соёл иргэншлийн түүх" хичээлийг улс төрийн ангийнханд заах эрх авлаа. Тэр жилдээ магистраа хамгаалж, өвлийн цагт эсгий гэрт гал түлээгүй хүйтэн тул дулаахан ажлын өрөөндөө суун хүүхдүүдээ бэлдэж, сургуулийн том тэмцээнд философийн ангийнхныг 3-р байранд оруулж амжилт гаргав. Дараа нь "Магистр хамгаалсан хүмүүсийг үндсэн багшаар ав" гэсэн захирлын тушаал гарч, 25 мянган төгрөгийн цалинтай 8 сар ажилсаны эцэст гэнэт 300 мянга гаруй төгрөгийн цалинтай үндсэн багш боллоо. Улаанбаатарын Их Сургуульдаа би нийт долоон жил багшилсан байдаг.

2014 онд МУИС болон бусад төрийн өмчит сургуулиуд нэгдэх үйл явцад залуу багш нар маш их хохирсон. Би тус тэнхимд хамгийн бага буюу долоон жил ажилласан шалтгаанаар нэн түрүүнд цомхотголд орж, "туг тахиулсан". Сургууль нэгдсэнээр оюутнууд чөлөөтэй шилжих боломжтой болж, зарим анги хүүхэдгүй болтлоо шилжсэн ч миний хариуцаж байсан археологийн 2-р ангиас нэг ч хүүхэд шилжээгүй нь амьдралдаа авч байсан хамгийн гоё мэдрэмж. Ажлаасаа халагдсан би гурван сар цалингүй хичээлээ орж дуусгаад, оюутнууддаа үнэнээ хэлэхэд эрэгтэй хүүхдүүд нь хүртэл уйлж билээ.
Ингээд дахиад л хоёр жил ажилгүй явсныхаа дараа 2016 онд Америк сургуульд орж, одоог хүртэл багшилж байна. Өмнө нь 10 жилийн багш гэхээр голж явсан үе бий. Эхний хоёр долоо хоногт 7-9 дүгээр ангийн хүүхдүүдтэй харилцахад тун хэцүү, ажлаасаа гардаг ч юм бил үү гэж бодож байснаа нуух юун. Хичээл дээрээ Бат хааны баруун зүгийн аян дайныг сонирхолтой гэгч нь яриад дуустал нэг хүүхэд гар өргөөд "Багш аа, Бат гэж хэн юм бэ?" гэж асуухад үнэхээр хэлэх үг олдоогүй гээч. Хөгжилтэй өдрүүд ч өнгөрсөөр нэг л мэдэхэд 10 жилийн ард гарсан байна.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Би сүүлийн таван сар өглөө 06:00 цагт босоод 06:30 гэхэд ажил дээрээ очиж байгаа. Ирэнгүүтээ хамгийн түрүүнд өлөн кардио дасгал хийдэг юм. Өглөө ингэж хөлсөө гаргаж, тамир хийж байж л өдөржин гоё эрч хүчтэй байдаг. 08:00 цагаас хуваарийн дагуу хичээлээ зааж, завсарлагаар нь ажлаа төлөвлөөд өдөр өнгөрнө.
Манай сургуулийн онцлог нь үдээс хойш 16:30 гэхэд бүх багш, ажилчид ажлаасаа тарсан байх журамтай. Ажлын цагаас илүү суух нь ажлаа цагтаа амждаггүй гэж үзэхэд хүргэдэг байсан юм билээ. Анхандаа сурсан зангаар ажлаа сайн хийж байгаагаа харуулах гэж орой 19:00, 20:00 бүр 21:00 цаг хүртэл суудаг байлаа. Тэгтэл долоо хоногийн дараа гадаад захирал маань намайг өрөөндөө дуудаад, маш найрсгаар "Сайн байна уу? Чамайг шинэ ажилтан болохоор ажлаа амжихгүй, чадахгүй байгаа юм болов уу гэж бодоод долоо хоног ажиглалаа. Танд ажлаа амжуулахад ямар нэгэн асуудал байна уу? Сургуулийн зүгээс юугаар туслах вэ?" гэж асуудаг юм байна.
Өмнөх ажил дээрээ 14 хоног хонож ажиллаж байхад юу хийж суусан юм гэж загнадаг байсан бол энд шал өөр. Миний англи хэл ч тухайн үед тааруу байсан болохоор сүүлд нь учрыг нь ухаж ойлгосон. Захирлын хэлж байгаа санаа нь ердөө л "Чи 16:30-д ажлаасаа явж, амарсан байх ёстой. Хэрэв оройтож суугаад сургууль дээр хулгай, гал түймэр гарвал чи өөрөө хэрэгт орно. Чи энэ сургуулийн нөөц учраас ачаалал их авч болохгүй ядарвал маргааш хичээлээ заахад хүндэрэлтэй гэсэн санаа байсан.
Журмын дагуу 16:30-д ажил тарангуут цахилгаан дугуйгаа унаад давхичихна. Цахилгаан дугуй хотод цаг хугацаа их хэмнэдэг, гоё унаа. Ажлаас гараад шууд студи рүүгээ давхиж ирээд хоолоо идчихээд, Ганаатайгаа эсвэл Цэнгэлбаяртай нэвтрүүлэгтээ суудаг. Нэвтрүүлэг ихэвчлэн орой 18:00 цагт, заримдаа 19:00 цагт дуусдаг. Хэдэн цагт дууссанаас үл хамааран буцаад л дугуйгаа унан Skybar фитнес клуб рүү явдаг юм. Тэнд фитнесээ заавал хийх ёстой тул дасгалаа дуусгаад орой 21:00 эсвэл 21:30 гэхэд гэртээ харьдаг.
Очоод маргаашийнхаа хоолыг заримдаа бэлдэнэ. Сүүлийн 5-6 сар гадуур хооллосонгүй. Эхнэр, хоёр хүүхдээ зүдрээгээд, байнга хоол хийлгээд байж болохгүй учраас ачааллаа үүрэлцэн хоолоо хааяа хийдэг юм.
Ингээд орой 23:00 эсвэл 00:00 цаг гэхэд орондоо ордог. Миний нэг өдрийн амьдрал нэг иймэрхүү.

3. Таны ажлын нөү-хау?
Амьдрал болон ажилдаа баримталдаг хамгийн эхний, тулгуур зарчим бол цаг барих. Би залуудаа ажлаас эсвэл хүнтэй уулзахаар төлөвлөсөн цагаасаа хоёр, гурван удаа хоцорч, тэндээсээ их ичиж, санаа зовсон гашуун туршлагатай. Нэг үгээр хэлбэл, "ялагдаж үзсэн" учраас тэр муу үр дагаврыг нь маш сайн мэддэг. Тиймээс одоо хаана ч, ямар ч ажилд цаг ягштал баримтлахыг хичээдэг дээ.
Мөн археологич гэдэг мэргэжил өөрөө том давуу тал. Саяхан болсон багш нарын чуулганаар ч энэ сэдэв нэлээн яригдсан. Ер нь түүх гэхээр хүмүүс зөвхөн он цаг, улс төр, соёлын түүх гэж хараад байдаг бол археологийн шинжлэх ухаан нь дандаа бодит баримт, олдвор дээр түшиглэдэг. Би Чулуун зэвсгийн үе, Хүрэл зэвсгийн үе, Хүннү, Түрэг, 13-р зуун гээд Монголын археологийн бүхий л цаг үеийн судалгааны ажил, малтлагад биеэрээ явж, хот суурингуудыг малтаж үзсэн хүн. Тиймээс түүх зааж байхдаа тэр он цагийг бодит археологийн олдвор, тухайн үед өөрт тохиолдсон түүхүүдтэй холбон тайлбарладаг. Хүүхдүүдийн анхаарлыг сайн татдаг шүү.
Үүний сацуу хичээл гэдэг багш, сурагчийн амьд харилцаа. Би тайлбарласан бол тэд буцаагаад тайлбарлана, хоорондоо ярилцана, бөөнөөрөө хэлэлцэж байж нэгдсэн шийдвэрт хүрнэ. Тэндээс л хүүхэд жинхэнэ мэдлэгийг олж авдаг.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Ажлын хувьд PlusPortals болон Google Classroom-ийг байнга ашигладаг. Олон улсын америк сургуулийн нэг онцлог нь анхнаасаа хүүхдүүдэд "Цаас бол мод, цаас ашиглаж байна гэдэг чинь мод тасдаж байна гэсэн үг" гэдгийг заагаад өгчихдөг учраас сургалтад цаас бараг л ашигладаггүй.
Би гэхэд л PlusPortals аппаар ирцээ бүртгээд, дүнгээ оруулж, цахимаар хөтөлдөг. Харин Google Classroom-ийг манай сургууль 10 жилийн өмнөөс л хэрэглэж ирсэн. Энэ апп дээр ангиудаа хуваагаад, хичээлийн даалгавар, материалуудаа оруулахад тун амар. Үүнийг дагаад сургуулийн дотоод харилцаанд Gmail-ийг тогтмол ашиглана.
Хувийн хэрэглээнд Facebook, Instagram, Viber, YouTube, Google Slides, Google Maps, Токи, CU, Хаан банкны аппыг ашигладаг. Фитнесийн хувьд тусдаа апп ашиглахаас илүү клубийнхээ гүйлтийн замын хэмжилтийг хардаг дадалтай.
Сүүлийн үед сошиалд түүхийн сэдэвтэй богино видеонууд идэвхтэй хийж байгаа. 13-р зууны үеийн Монголын түүхийг хүмүүст сонирхолтой контент болгож хүргэе гэхээр тухайн үеийн гоё зургууд олддоггүй юм. Олдсон хэд нь дандаа зураачдын оюуны өмчтэй. Тэгээд л хиймэл оюунтай найзалж эхэлсэн. Гэхдээ хиймэл оюунд нэг том сул тал байна. Түүхийн талаар мэдээлэл авахаар хүний өгсөн промптоор /заавар/ ажилладаг учраас худлаа зохиож, алдаатай ярих тохиолдол гардаг. Тэгэхээр мэдээллийг нь маш сайн шалгаж шүүх хэрэгтэй болдог юм. Бас нэг хэцүү зүйл нь хиймэл оюун монгол дүр төрхийг бүрэн гаргаж өгч чаддаггүй. Промпт бичээд оруулахаар яаж ийж байгаад л Дундад Ази, барууны царай төрхтэй хүмүүс гараад ирдэг.
Зургийн чанар, дүрслэлийн хувьд ChatGPT-ийн DALL-E нь арай илүү давуу талтай болов уу. Харин Gemini-гийн хувьд хүүхдэд зориулсан үлгэр, өгүүлэмж маягаар түүхийг хувиргаж ярих тал дээр зураг бүтээхэд давгүй санагдсан.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Номер нэгдүгээрт цахилгаан дугуй. Цагдаад загнуулсан ч хамаагүй өвөл, зунгүй унаад л явдаг. Гэхдээ өвлийн цагт уулын замаар том тэрэгнүүд их явахаар халтиргаатай, хажуугийн зам нь хог ихтэй болохоор бага зэрэг эвгүй байдаг шүү. Тиймээс өвлийн хоёр сар завсарлаад хоёрдугаар сарын дундаас эргээд унадаг.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Төлөвлөлтийн хувьд би ажлыг хэзээ ч хэдэн жилээр нь, урт хугацаанд төлөвлөдөггүй. Америк сургуульд орсон эхний хоёр жил гаднын багш нарыг дуурайгаад ажлаа нэг, хоёр жилээр төлөвлөж үзсэн юм. Тэгсэн чинь ихэнх нь бүтээгүй. Тэр үед манай Кэйт гэж захирал "Наад жилээр төлөвлөдөг чинь угаасаа худлаа байдаг юм аа. Чи бүх зүйлийг жилээр нь харж байхаар ажлаа сар сараар төлөвлө. Сарын дараа би яг ийм үр дүнд хүрсэн байна гэдгээ тооцож, жилээ зүгээр л 12 хуваагаад харчих. Тэгэхгүй бол урт хугацааны төлөвлөгөө чинь уян хатан биш учраас амархан нурна шүү" гэж зөвлөсөн. Түүнээс хойш би ажлаа дандаа сар, долоо хоногоор нь тодорхой төлөвлөдөг болсон.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Би фитнесээр хичээллээд бараг 7-8 жил болж байгаа ч өмнө нь тууштай хичээллэдэггүй байсан юм билээ. Жилд ердөө 2-3 сард нь хичээллээд л, өөрийнхөө хүссэн жинд хүрэхээр эсвэл гэдсээ жоохон татарвал хаячихдаг байлаа.
Харин сүүлийн нэг жил гаруй хугацаанд тууштай хичээллэсэн. Долоо хоногт 3-4 удаа, дунд нь нэг өдөр амрах байдлаар Skybar фитнес клубтээ бэлтгэл хийдэг. Тэнд манай багш Магнай гээд залуу бий. Намайг хүндлээд "Багш аа" гэж дууддаг юм. Магнай багш намайг анх хараад "Багш аа, та ядаж гэдсээ татаад сурчих, энэ чинь гоё чадвар шүү. Та ингээд мөр багатай, толгой жижиг мөртлөө ийм том гэдэстэй байхаар яг шоргоолж шиг харагдаад байна" гэж билээ (инээв).
Тэгээд нэг жил тууштай хичээллэснийхээ дараа багшдаа гэдсээ харуултал дээд талын дөрвөн булчин хэрзийгээд гараад ирчихсэн байв. Багш бүр уулга алдаж, тэмцээнд орвол бүх зардлыг нь би даая гэж санал тавьсан. Тэмцээнд бэлдэнэ гэдэг санхүүгийн хувьд асар их зардал гардаг юм билээ. Би тэмцээнд орно гэж бодож байгаагүй ч хүн болгоны дотор "нэг ингэж үзэхсэн" гэсэн нууцхан хүсэл байдаг даа? Яг тэр боломж, цаг хугацаа нь бүрдэж таараад, өнгөрсөн арваннэгдүгээр сараас тэмцээндээ идэвхтэй бэлдэж эхэлсэн.
Энэ л хугацаанд би эрч хүчээ хаанаас авдаг вэ гэх асуултын хариуг маш сайн ойлгосон. Хүн бэлтгэл хийж, дасгал хөдөлгөөнтэй байх тусмаа илүү их эрч хүчтэй болж, олон ажлыг зэрэг амжуулах чадвартай болдог юм байна. Улаанбаатар шиг стресс ихтэй хотод 6 цаг унтана гэдэг нойроо бүрэн авахад хангалтгүй мэт санагдавч, жингээ хасаж, бэлтгэл сургуулилттай байгаа үед 6 цаг унтахад л тархи толгой бүрэн амарчихсан, хөнгөн сэрдэг.
Гэхдээ нэг сул тал байсан нь спортоор тууштай явахаар гэр бүлийн амьдрал нэлээн орхигддог. Тэмцээнд бэлдэх үед энэ тэнцвэр нэлээн алдагдсан учраас одоо амралтын өдрүүдийг заавал гэр бүлдээ зориулна гэсэн хатуу зарчимтай байгаа. Их сайн ханьтай тулдаа, зөв хүмүүжилтэй хүүхдүүдтэй тулдаа л бүгд намайг дэмжсэн дээ. Пээ наад цээж чинь, яая наад нуруу чинь гээд бэлтгэл дуусаад гэртээ ирээд би чинь нүцгэлээд онгирно шүү дээ. Гэхдээ бүхлээр нь харвал надад бол зөвхөн өөрийгөө бодоод байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Зуны амралт эхлэхээр гэр бүлээрээ дасгал хийнэ гэж төлөвлөж байгаа.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Багшийн ажлын хажуугаар Одмөндөр сувгийн хөтлөгчөөр ажилладаг. Энэ бол бидний шинжлэх ухаан, танин мэдэхүйг хүмүүст түгээх зорилгоор эхлүүлсэн тун чухал төсөл. Анх эхэлж байхад нэг нэвтрүүлгийн бэлтгэл ажилд бүтэн 2-3 хоногийг зарцуулдаг байлаа. Харин одоо төсөл маань аль хэдийн хоёр жилийн ойтой золгож, хугацаа өнгөрөх тусам ажил улам гарт орон, туршлагажжээ.
Одоо нэвтрүүлгийн бэлтгэлээ хоёр хоногийн дотор багтаагаад хийдэг болсон. Үзэгчдийн хандалт, харалт тасралтгүй нэмэгдэж байгаа бэлдэх хугацаа маань харьцангуй хэмнэгддэг болсон нь авууштай.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?
Багш байхын хамгийн гоё зүйл нь дандаа залуус, хүүхдүүдтэй ажилладаг. Тэр орчны амьд энерги, уур амьсгал нь хүнийг үргэлж хөглөж байдагт утга учир нь бий.
Манай сургуулийн нэг давуу тал нь ямар нэгэн дарамт, шахалт огт байдаггүй. Хувь хүний эрх чөлөө, орон зайг ихэд хүндэтгэнэ. Жилдээ ердөө 2-3 удаа сургалт хариуцсан гадаад захирал хичээл дээр сууж, заах арга барил үнэлдэг. Тэгэхдээ бүр долоо хоногийн өмнө "Таны тэр өдрийн, тэр цагийн хичээл дээр сууж болох уу?" гэж урьдчилж асуудаг юм. Хэзээ ч гэнэт орж ирэхгүй. Учир нь гэнэт шалгаж орж ирэхийг хүнийг хүндлээгүй, байж боломжгүй үйлдэл гэж үздэг.
Бэрхшээлтэй талын тухайд нэгдүгээрт, энерги их зарцуулдаг ажил. Чи сэтгүүлч хүн учраас сайн мэдэж байгаа байх, хүнтэй ганцхан цаг анхаарлаа төвлөрүүлж ярихад л их ядардаг шүү дээ. Тэгвэл багш хүн өдөрт 6 цаг тасралтгүй ярьж, тайлбарлаж, хүүхэд бүртэй тулж харьцдаг. Хүүхдүүд "Багш аа, би өнөөдөр ийм байсан, тийм байсан, би аз жаргалтай байна" гээд элдвийг хуваалцахад чи "Зүгээр цаашаа явж бай" гэж хэлж болохгүй, бүгдийг нь сонсож, харилцан ярилцана.
Хоёрдугаарт, ний нуугүй хэлэхэд цалингийн асуудал. Нэг хэсэг миний цалин хийж байгаа ажилтай харьцуулахад бага санагддаг байсан. Монголд багш нарын авч байгаа цалин, хийж байгаа ажлын ачаалал хоёрын хооронд асар том зөрүү, ялгамж байдгийг шууд хэлэх нь зүйтэй. Би хувийн сургуульд ажиллаж байгаа мөртлөө цалингаа бага гэж хэлж байхад, улсын сургуулийн багш нарт юу болж байгаа нь бүр ч тодорхой шүү дээ.

Контент бүтээгч талаасаа харвал мэдээж гоё ажил. Олон хүнийг баярлуулж, танин мэдэхүйн цангааг нь тайлдаг. Тэр хэрээр ардаа үлдээх өв ихтэй, үнэ цэнтэй ажил юм. Саяхан нэг гоё үйл явдал болсон нь би түүхийн багш нарын чуулга уулзалтад оролцсон гэж дурдсан шүү дээ. Тэнд зөвхөн 10 жилийн гэлтгүй, Монголын бүхий л их, дээд сургуулийн түүхийн багш нар цугласан байлаа. Тэгэхэд "Марат багш аа, танд маш их баярлалаа. Таны нэвтрүүлэг гарснаас хойш миний ажлын ачаалал 20-30 хувь хөнгөрсөн. Хичээлээ заачхаад, илүү дэлгэрэнгүй баталгаат тайлбар үзэхийг хүсвэл “Одмөндөр”-ийн энэ дугаарыг үзээрэй гэж оюутнууддаа хэлдэг. Бүр их ядарсан үедээ проектороор таны нэвтрүүлгийг шууд ангиараа үзээд, дараа нь тэр сэдвээрээ хэлэлцүүлэг өрнүүлдэг" гэж цөөгүй багш хэлсэн. Дээд албан тушаалын дарга нараас биш, яг дэргэд хамт ажиллаж байгаа салбарын хамт олноороо ингэж үнэлүүлж, урам сонсох шиг гоё зүйл байдаггүй юм билээ.
Харин хэцүү бэрхшээлтэй талын тухайд, би Монгол Улсын иргэн Казак хүн. Тэгснийхээ төлөө сошиал орчинд нэвтрүүлгээ хуваалцахаар зарим хүн намайг бараг л харийн дайсан мэтээр харж, "Өмхий хасаг минь, чи Туркийн агент байна, Казахстаны туршуул байна, Туркээс санхүүжилт авсан" гэх мэтээр аймаар бичдэг. Анх их л эмзэглэдэг байлаа. "Тэр Туркийн тагнуул, санхүүжилт нь хаана байгаа юм, аваад өгчхөөч" гэж асуумаар ч санагддаг байв (инээв). Гэхдээ сүүлдээ үүний учрыг ойлгосон. Энэ бол миний асуудал биш, миний тухай тэгж хэлж байгаа тэр хүмүүсийн л дотоод асуудал. Тийм болохоор одоо хэцүү санагдахаа болиод, тоохоо байсан даа.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Ойрын төлөвлөгөө гэвэл одоо хийж байгаа ажлууд дээрээ л тултал төвлөрнө. Өөр илүү дутуу зүйл бодож, сарниж сатаармааргүй байна. Гэхдээ дотроо байнга бодож, төлөвлөж явдаг нэг зүйл бий. Анх 2012 онд докторт элсэж орсон юм. Тухайн үед миний 3-4 хичээлийн дүн тавигдах ёстой байсан ч Улаанбаатар Их сургуулийн хариуцсан ажилтны хариуцлагагүй үйлдлээс болоод бүх дүн байхгүй болчихсон. Тэгээд түүнээс хойш ажлын араас явсаар байгаад сүүлд нь сураглатал манай хуучин сургууль МУИС руу нэгдчихсэн байж таарсан.
Үүнээс болоод докторт дахин сурдаг юм уу гэсэн бодол тээсээр байгаа. Би хийж чадна гэдгээ маш сайн мэдэж байна. Учир нь би үндсэн ажлынхаа хажуугаар "Одмөндөр"-т ажиллаж, дээрээс нь бизнесээ ч амжилттай удирдаж байгаа болохоор өөртөө итгэх итгэлээр дүүрэн байгаа. Тиймээс амьдралын хэмнэлтэйгээ уялдуулан яаж суралцах вэ гэдгээ судалсаар байна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг урдаа байгаа ажлаа л чанартай хийхийг хэлнэ. Фитнестээ явах, нэвтрүүлгээ чанартай бэлдэх, багшийн ажлаа сайн хийх нь өөрөө асар том суралцах үйл явц. Орчин үеийн хүүхдүүд ухаантай болчихсон болохоор багш нь тэднээс үргэлж давж сэтгэхгүй бол болохгүй. Мэдээллийг ямар ч сувгаар олдог ийм цаг үед үндсэн бодит мэдээлэл нь аль ном, ямар сурвалж дээр байгааг байнга шүүж харах шаардлага байнга тулгардаг. Тиймээс түүхийн багш шинээр гарч байгаа судалгааны бүтээлүүдийг алгасалгүй харж байх ёстой. Энэ нь эргээд миний нэвтрүүлгүүдэд тус нэмэр болдог шүү. Өөрөөр хэлбэл, миний хийж байгаа бүхэн харилцан уялдаатайн сацуу хөгжих, суралцах талбар юм.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Уншигчдад санал болгох хамгийн эхний ном бол "Монголын нууц товчоо". Монгол хүн бүр заавал унших ёстой. Хэрэв түүхийг арай шинжлэх ухаанч, бодит судалгааны түвшинд ойлгоё гэвэл МУИС болон Түүхийн хүрээлэнгээс гаргасан түүхийн цуврал ботиудыг уншихыг зөвлөнө.
Бахархалтайгаар дурдахад, тун удахгүй, магадгүй жилийн дараа "Монголын түүхийн 30 боть" гээд асар том цуврал ном хэвлэгдэн гарна. Энэ бол орчин цагийн Монголын түүх, археологийн салбарын 100 гаруй шилдэг эрдэмтэн судлаач, олон байгууллагын төлөөлөл нийлж бүтээж байгаа асар том түүхэн ажил юм.
Би Young Mo’G гээд залуу дуучныг сонсох дуртай. Түүний дуунууд нь түүхэн үйл явдлыг орчин үеийн залууст гоёор ойлгуулж, хөгжмийн хэлээр хүргэж чаддаг. Жишээ нь, түүний дуун дээр "Чиний, миний өвөг дээдэс Хүннүг хөгшин гэж..." гээд л өвөг дээдсийн түүхийг залуусын сонсох дуртай хэмнэлд оруулаад дуулж байгаа нь үнэхээр догь.
Миний бүх цаг үеийн дуртай кино бол "Хүнд цохилт". Одоогийн үсний засалт маань энэ киноны гол дүр шүү дээ (инээв). Киноны гол дүр болох Юрий Бойка бол туйлын тэмцэгч залуу. Кинон дээрээ шоронгийн хоригдол, тулааны аварга хэдий ч өөрийн амьдралын төлөө, бусдын төлөө яаж тэмцэж, зүтгэж болдгийг бодитоор харуулдаг. Ер нь бүх эрчүүдийн дуртай дүр байх.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Надад олон сайхан хүн, олон сайн зөвлөгөө өгч байсан ч миний багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Хишигт багшийн хэлсэн үг санаанаас огт гардаггүй. Багш маань надад "Түүхч хүн бол сурвалждаа үнэнч байх хэрэгтэй, судалгаандаа үнэнч байх хэрэгтэй. Хамгийн гол нь өөрөө өөртөө болон улс орондоо үнэнч байх ёстой" гэж хэлж байсан юм. Энэ үг бол миний насан туршдаа мөрдөж, зүрхэндээ тээж яваа үнэ цэнтэй зөвлөгөө.
14. Бусдад шидэх санаа?
Хүн амьдралдаа юу ч хийж, ямар ч салбарт ажиллаж болно. Гэхдээ тухайн барьж авсан ажлаа энэ бол өөрийгөө харуулах, таниулах хамгийн том боломж юм байна гэж хүлээж авах хэрэгтэй. Миний амьдралдаа баримталдаг гол зарчим бол ерөөсөө л энэ. Бидний хэлдгээр "Гайхах тусам гангарна" гэдэг шиг, тулгарсан сорилт бүрийг өөрийгөө нээх боломж гэж харан, зүтгэх хэрэгтэй дээ.


Сэтгэгдэл бичих

