Загварын салбар нь байгаль орчин, уур амьсгал, биологийн олон янз байдал зэрэг асуудалд үлэмж нөлөөлдөг үйлдвэрлэлүүдийн нэг билээ. Тиймдээ ч түүхий эдийн гарал үүслийг тодорхойлох, байгальд ээлтэй тогтвортой загварыг хөгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн гол шийдлүүдийн нэг болоод буй.

Тэгвэл уг сэдвийн хүрээнд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17-р бага хурал буюу COP17-гийн Цэнхэр бүсэд загварын салбарын тогтвортой байдал, түүхий эдийн хариуцлагатай бэлтгэлийг онцолсон "Fashion4Land" форум болж өнгөрсөн юм. Харин бид энэхүү нийтлэлдээ тус форумын үеэр залуусын инновац, шинэлэг шийдлийг хэлэлцсэн "Designing Tomorrow: Youth Innovation in Sustainable Fashion" панел хэлэлцүүлэгт оролцогчдын тогтвортой загварын чиглэлд хийж бүтээж буй бүхнийг танилцуулж байна.


ЭХЛЭХИЙН ӨМНӨ: ФОРУМЫН ТУХАЙ 


Загварын салбарын тогтвортой шилжилт нь газрын эрүүл мэнд, биологийн олон янз байдал, малчдын амьжиргаатай салшгүй холбоотойг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос (UNCCD) тодорхойлсон байдаг. Тиймээс "Fashion4Land" форум загварын түүхий эдийн гарал үүсэл, экосистемд үзүүлэх нөлөөг онцоллоо.

Харин "Designing Tomorrow: Youth Innovation in Sustainable Fashion" хэлэлцүүлгийн тухайд залуу дизайнеруудын шинэлэг санааг олон улсын туршлагатай холбож, байгалийн ширхэгтийн үнэ цэнийг нэмэх, малчдын амьжиргааг хариуцлагатай нийлүүлэлтийн сүлжээтэй уях шийдлийг эрэлхийлснээрээ онцлогтой байв.

Уг хэлэлцүүлгийг UNCCD-ийн Харилцаа холбооны захирал Ксенья Скалон чиглүүлж, панелистуудаар дэлхийн тансаг хэрэглээний гигант LVMH группийн Байгаль орчин хариуцсан дэд захирал Александр Капелли, Шотландын 227 жилийн түүхтэй Johnstons of Elgin компанийн Гүйцэтгэх захирал Крис Гаффни, залуу дизайнер Нань Хү болон Монгол Улсаа төлөөлөн GOYOL Cashmere брэндийн Бүтээлч директор Д.Мөнхбаясгалан нар оролцсон юм.


ТЭД ЮУ ХИЙЖ БАЙНА?

Johnstons of Elgin


Тус компани нь 2015 онд Тогтвортой ноос ноолуурын эвслийг (SFA) хамтран үүсгэн байгуулсан бөгөөд үйлдвэрлэлд ашиглаж буй ноолуураа SFA-ийн сертификаттай, хариуцлагатай эх сурвалжаас бэлтгэдэг. Энэ хүрээнд Монголын залуу малчдад зориулсан бэлчээрийн менежментийн сургалтуудыг санхүүжүүлж, бэлчээр ба биологийн олон янз байдлыг хамгаалах арга барилыг орон нутагт хэвшүүлж буй. Мөн хонины ноосон бүтээгдэхүүндээ Хариуцлагатай ноосны стандарт (RWS)-ыг бүрэн нэвтрүүлжээ.

Мөн Шотланд дахь үйлдвэрүүд нь үйлдвэрлэлийн явцад гарсан хаягдал ноос, ноолуурын 97%-ийг дахин боловсруулж, үлдэгдэл утсаар "EveryYarn" цуглуулгыг залуу дизайнеруудын шийдлээр хөгжүүлж байна. Түүнчлэн Digital ID технологийн тусламжтайгаар хувцасны ноолуур аль бүс нутгийн малчны хотноос бэлтгэгдсэнийг хэрэглэгчдэд QR кодоор таниулах боломж олгосон аж.


Johnstons of Elgin компанийн Гүйцэтгэх захирал Крис Гаффни

LVMH групп


LVMH нь 2030 он гэхэд 50,000 км² доройтсон бэлчээр, байгалийн бүсийг нөхөн сэргээх зорилт тавьж, одоогоор 38,000 км² гаруй газрыг хамгаалалтад аваад байна. Энэ хүрээнд Loro Piana брэнд UNCCD, Тогтвортой ноос ноолуурын эвсэл (SFA) болон OCT-той хамтран Монголын Сүхбаатар аймгийн 5 суманд Зүүн бүсийн тал хээрийн биологийн олон янз байдлыг хамгаалах, малчдын амьжиргааг дэмжих "Resilient Threads" төслийг хэрэгжүүлж байна.

Тус групп хаягдалгүй загварыг дэмжих зорилгоор ашиглаагүй үлдсэн өндөр чанартай даавууны үлдэгдлийг залуу дизайнеруудад хямдралтай нийлүүлдэг Nona Source платформыг ажиллуулдаг. Энэхүү санаачилгын бодит жишээ болж, Данийн залуу дизайнер Сесили Бансентай хамтран LVMH-ийн орднуудын торго, даавууны үлдэгдлээр Cecilie Bahnsen цуглуулга гаргасан бол WASTE Paris зэрэг шинэ үеийн брэндүүд Dior-ийн ашиглаагүй торгоор өдөр тутмын тансаг хувцас урлаж буй. Түүнчлэн Dior брэнд өөрөө архивт байсан даавууны үлдэгдлээрээ Haute Couture даашинз болон "Upcycled Animals" гэр ахуйн чимэглэлийн цуглуулгуудыг бүтээж, түүхий эд бүрд шинэ амьдрал бэлэглэсээр байна.


LVMH группийн Байгаль орчин хариуцсан дэд захирал Александр Капелли

GOYOL Cashmere

GOYOL Cashmere нь Тогтвортой ноос ноолуурын эвслийн (SFA) гишүүн байгууллагын хувьд SFA стандартыг хангасан малчдаас түүхий эдээ бэлтгэж, уг стандартыг хангасан боловсруулах үйлдвэрүүдтэй хамтран ажилладаг. Түүнчлэн хаягдалгүй үйлдвэрлэлийг хэвшүүлэх үүднээс үйлдвэрлэлийн явцад гарч буй үзүүр утас, даавууны үлдэгдэл зэргийг дахин боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргаж байна.

Хамгийн онцлууштай нь Obortech платформтой хамтран блокчейн болон IoT технологид суурилсан Digital Product Passport системийг нэвтрүүлж буй. Хэрэглэгчид бүтээгдэхүүн дээрх QR кодыг уншуулснаар тухайн бүтээгдэхүүний ноолуур аль аймгийн, ямар хоршооны малчны хотноос бэлтгэгдсэн болон үйлдвэрлэлийн үе шатуудын мэдээллийг ил тод, өөрчлөх боломжгүй хэлбэрээр харж баталгаажуулах боломжтой юм.


GOYOL Cashmere брэндийн Бүтээлч директор Д.Мөнхбаясгалан

Nan Knits


Nan Knits брэнд нь өвсийг үндсээр нь зулгаадаггүй, Төвөдийн бэлчээрт ээлтэй сарлагийн хөөврийг малчдын хоршоодтой шууд хамтран ажиллах замаар гар аргаар самнан авч, ёс зүйтэй үйлдвэрлэл явуулдаг. Сарлагийн хөөвөр нь хонины ноосноос 30% илүү дулаан, ноолуураас 1.6 дахин илүү агаар нэвтрүүлдэг тансаг чанартай түүхий эд юм.

Мөн тус брэнд нь 3D сүлжмэлийн технологи ашиглан эсгүүрийн хаягдалгүй үйлдвэрлэл явуулдаг бөгөөд хэт үйлдвэрлэлээс сэргийлж, загваруудаа дижитал байдлаар танилцуулж, захиалга авсны дараа нэхдэг. Мөн бүтээгдэхүүний форматыг уян хатан байлгах үүднээс дахин боловсруулсан полиэстер (rPET)-ийг байгалийн ширхэгтүүдтэй хослуулан урладаг.


"Nan Knits" брэндийн Бүтээлч директор Нань Хү


ТӨГСГӨЛИЙН ОРОНД: ТОГТВОРТОЙ ЗАГВАРЫН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ

Загварын салбарын ирээдүй ердөө байгальд ээлтэй материал ашиглах төдийхнөөр хязгаарлагдахаа больсныг нийтлэлийн төгсгөлд дахин онцолъё. Өдгөө тогтвортой загвар гэдэг нь малчны хотноос эцсийн хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх нийлүүлэлтийн сүлжээний алхам бүрд шингэсэн хариуцлага, ил тод байдлыг шаардаж байна.

Илүү тодруулбал, загварын салбарын маргаашийг тодорхойлоход технологийн дэвшил, хэрэглэгчийн ухамсартай сонголт, малчдын хариуцлагатай оролцоо хамгийн чухал хөшүүрэг болж байгааг оролцогч талууд дуу нэгтэй хэлж байлаа. Инновац шингээсэн эдгээр бодит алхмууд нь тогтвортой загвар гэдэг нь түр зуурын тренд бус, харин салбарын зайлшгүй дагах шинэ стандарт болон хэвгиж буйн тод илрэл юм.