Үндэсний их баяр наадам бол орчин цагт нүүдэлчин соёл иргэншлийн өв соёлоо залуу үедээ уламжлуулах, үндэсний ижилсэл (identity) бүтээх, тусгаар тогтнолоо баталгаажуулах гээд бидний үүх түүхээрээ бахдах учиртай өдрүүд билээ.

Тиймдээ ч жил бүрийн зуны дунд сард нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг баяр наадамд зориулсан “Би хэрхэн ажилладаг вэ?” булангийн энэ удаагийн дугаартаа бид Зүчийн Алтан Орд улсын түүх, тухайн цаг үеийн байлдан дагуулал дэлхий дахины худалдаа, соёлын солилцоонд хэрхэн нөлөөлсөн тухай “Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” (The Horde: How the Mongols changed the World)” номын зохиолч, Парисын Нантерийн Их сургуулийн багш, дэд профессор, түүх судлаач Мари Фавэрутэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

2021 онд хэвлүүлсэн энэхүү ном нь хэвлэгдэн гарсан даруйдаа олны талархлыг хүлээж, Америкийн хэвлэн нийтлэгчдийн холбооноос түүхэн баримтат бүтээлд олгодог дээд шагнал болох Кундиллин шагналын сүүлийн шатанд тунаж, оны онцлох номоор шалгарсан амжилт үзүүлсэн юм.

Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Парисын Нантерийн Их сургуулийн багш, дэд профессор, түүх судлаач, зохиолч
Хэрэглэдэг гар утас: Ulefone Note 9P
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro

Сошиал хаяг: mariefavereau@hotmail.com

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Дунд сургуульд би хэзээ ч ангийн шилдэг, онц гойд сурагч байж үзээгүй. Хамгийн дуртай хичээл уран зохиол, дэлхийн түүх. Хийх дуртай зүйл унших, бичих байв. Мэргэжлээ сонгох цаг болоход уран зохиолоос илүүтэй түүх судлалаар суралцвал илүү адал явдалтай, сэтгэл татам санагдсан учраас мэргэжлээ сонгосон хэрэг. Ингээд л Францын Сорбонний их сургуульд түүхийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэг хамгаалж, Араб хэл, соёлын чиглэлээр суралцаж төгссөн.

Төгсөх курстээ судалгааны ажилд тохирохуйц, урьд хожид төдийлөн судлагдаагүй түүхийн талаар хайх явцдаа Зүчийн хаант улсын тухай анх уншиж байв. Өмнө нь би Монголын эзэнт гүрний тухай хальтхан уншиж байснаас бус гүн гүнзгий судалж байсан удаагүй. Сонгож авсан сэдвээ багшдаа цухуйлгатал “Наад санаагаа яг одоо мартаж үз. Энэ талаарх хангалттай эх сурвалж, материал байхгүй” хэмээн хэлсэн нь харин ч аазгай хөдөлгөж, шуудхан дайраад орсон доо (инээв). Түүхийн шинжлэх ухаанд эх сурвалж гэдэг хамгийн чухал зүйлсийн нэг. Аз болж Алтан Орд улсын тухай эх сурвалжуудыг цуглуулахад араб хэл маань маш том давуу тал болсон.

Монголчуудын байлдан дагууллаас үүдэн бий болсон төр улсуудаас хамгийн удаан оршин тогтносон нь Алтан Орд. Энэ улс өнөөгийн газрын зургаар Украин, Болгар, Молдав, Азербайжан, Гүрж, Казахстан, Узбекистан, Туркменистан болон ОХУ, түүний дотор Татарстан, Крымыг багтаасан бүс нутагт 300 орчим жил оршин тогтносон түүхтэй.

Миний судалгааны гол зорилго бол Чингис хааны бүтээсэн Монголын эзэнт гүрний хамгийн тууштай залгамжлагч болох Алтан Орд хэрхэн Баруун Евразид амжилттай хүрч нөлөөлсөн эзэнт улсын тогтолцоог бий болгосон хийгээд орчин цагийн “даяарчлал”-ын хувьсалд зуун зууны туршид тус эзэнт гүрэн хэрхэн нөлөөлсөн талаар ул суурьтайгаар судлах явдал байсан юм.

Уг ажил маань тодорхой түвшинд амжилттай үргэлжилж, 2021 онд “Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” (The Horde: How the Mongols changed the World) бүтээл болж, уншигчдад хүрсэн.

Одоогийн байдлаар би Парисын Нантерийн их сургуульд багшлахын зэрэгцээ судалгааны ажлууд дээрээ төвлөрөн ажиллаж байна.



2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Миний зарчим бол өдөр ердөө ганц ажлын ард гарах. Бичнэ гэж бичгийн ширээнийхээ ард суусан бол тэр өдрийнхөө нормыг зайлшгүй гүйцээнэ гэсэн зарчимтай. Ажлын өдрүүд ерөнхийдөө нэгэн хэвийн өнгөрдөг. Урьд өдөр нь хэчнээн оройтож унтсан ч бай хамаагүй нартай хамт сэрэх дуртай. Нарны гэрлийн нөлөөгөөр биедээ серотонин ялгаруулж, бичих ажлаа урамтай эхлүүлэх сайхан.

Бага үд буюу 11 цагт харин өдрийн кофегоо уухаар өөрийнхөө дуртай кафед саатаж, үргэлжлүүлэн ажиллана. Парис бол миний төрсөн нутаг. Парисыг кафе, парисчуудыг кофегүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэр ч утгаараа кофешопт ажлаа амжуулах нь Парис соёлын нэгэн хэсэг.

Улаанбаатарт байгаа энэ хугацаандаа би яг л ижилхэн хэмнэлээр ажиллаж байна. Би аялах үедээ тухайн нутгийнхаа кафе соёлтой танилцах дуртай. Улаанбаатарт 20 гаруй кафегаар зочлоод амжчихаж. Бүгд л их бага хэмжээгээр онцгой сэтгэгдэл төрүүлсэн.

Зөвхөн кафе тохижилт, кофены амтаас гадна үйлчлүүлж байгаа залуус, ажлаа амжуулж суугаа залуусаас их хотын хэмнэлийг мэдэрсэн шүү. Монголд өмнө нь аялж байсан ихэнх найзууд “Монголд очсон бол Улаанбаатарт удах шаардлагагүй, шуудхан хөдөө яв” гэж захидаг. Харин миний зүгээс Монголд аялахаар ирж буй жуулчдад Улаанбаатарт хэсэг хугацаанд саатаж, залуусын эрч хүч, их хотын замбараагүй хэр нь оргилсон хэмнэлийг заавал мэдрээрэй гэж зөвлөмөөр байна.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Судлаач хүний хувьд судалгааны ажлынхаа ард гарахын тулд өдөр бүр бичиж, унших нь амин чухал. Хэрэв ажлаасаа дөрөв, таван өдөр завсарлага авчихвал эргээд судалгааныхаа гүнд орох, ажлынхаа хэмнэлийг мэдрэх гэж хугацаа алдах эрсдэлтэй. Амралт, баяр ёслол гээд жилийн 365 өдөр бүр ажлаа бодож, ямар нэгэн хэмжээгээр урагшлуулдаг нь миний нөү-хау юм болов уу.



4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД?

Би технологийн тал дээр маруухан гэдгээ нуугаад яахав. Ажлын гол хэрэгсэл нөүтбүүк. Гар утсаараа бусадтай харилцана, тэгээд л гүйцээ. Үзэг, цаас байхад л надад хангалттай. Утсан дээр байдаг сошиал харилцааны цор ганц апп Whatsapp. Та үнэмшихгүй байх л даа. Гэхдээ би ямар брэндийн ухаалаг утас барьдаг гэдгээ тантай ярилцах үедээ л олж мэдлээ (инээв).

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Өглөөний цагийг бүрэн өөртөө зориулах. Хорвоо ертөнцөөс хэсэгхэн хугацаанд холбоогоо таслах боломжтой энэ хугацааг бүтээмжтэй ашиглаж чадвал болох нь тэр.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Судалгаа, номын ажил, хичээлийн материал гээд ажил бүр дээрээ үүсгэсэн уртаа гэгч нь жагсаалт надад бий. Харамсалтай нь, тэднийгээ төдийлөн дагаж чаддаггүй сул талтай. Сарын өмнө бичиж байсан жагсаалтаа хармагцаа “Хөөх би ийм ажил төлөвлөж байсан юм уу?” гэж гайхширах үе ч тохионо. Бүтээмжээ нэмэхийн төлөө уйгагүй төлөвлөгөө гаргадаг ч одоог хүртэл түүнийгээ нарийн дагаж мөрдөхөд суралцаагүй л явна.



7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Cэтгэл ханамж, өөдрөг хандлага, аз жаргалыг байгалиас мэдэрдэг. Наранд алхахгүй, дөрвөн хананы дунд бага зэрэг удаан хугацаа өнгөрөөхөд л сэтгэлзүйд маань сөргөөр нөлөөлөх гээд байдаг гэмтэй.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ / АЖИЛ ЮУ ВЭ?

Уншигчдад хэтрүүлэгтэй сонсогдож магадгүй. Гэхдээ кино урлаг, уран зураг, музейгүйгээр би өөрийнхөө амьдралыг төсөөлөхгүй. Урлаг гэдэг яг л амьсгалах агаартай нэгэн адил хэрэгцээ. Надад маш олон артист найзууд бий. Амралтын өдрүүдээр тэднийг уран зураг, уран баримал, урлагийг өөрсдийн гараар бүтээж буйг хажуугаас нь чимээгүй харах юу юунаас илүүтэй амралт, тайвшрал болж өгдөг. Мөн Парис бол урлагийн хот. Амралтын өдрүүдээр хүүтэйгээ музей үзэж, хуучны кино үзэх дуртай.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Би ажилдаа үнэн сэтгэлээсээ хайртай. Өөрийнхөө дуртай ажлыг хийнгээ амьдралаа авч явахуйц цалин хөлс авч байгаадаа өдөр бүхэн талархаж амьдардаг. Бодит амьдрал дээр амин зуулгаа залгуулахын төлөө мөрөөдлөө дагах боломжгүй үй түмэн хүмүүс бий. Харин надад мөрөөдлөө бодит ажил болгох боломж олдсонд талархаад ханашгүй.

Түүнчлэн ажлын шугамаар дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаа монгол судлаач, монголч эрдэмтэдтэй уулзаж танилцах завшаан тохиодог нь завшаантай хэрэг шүү. Түүх судална гэдэг тэр чигтээ эх сурвалжуудтай ажиллахын нэр. Эх сурвалжууд дэлхийн хаа саагүй тархсан учраас аялах бол бидний мэргэжлийн салшгүй нэгэн хэсэг. Миний аялах сонирхол, мэргэжил хоёр маань давхацдагт дуртай. Мөн түүхч нар хаа ч явсан хүмүүстэй бодит харилцааг бий болгож чаддаг. Хүмүүс надаас “Та ямар мэргэжилтэй вэ? гэж асуухад “Түүхч” гэж хариулахад л бид хоёрын цаашдын харилцан яриа асуудалгүй хөврөх жишээний.

Бэрхшээлтэй тал гэвэл түүх судална гэдэг үүргийн асуудал. Миний зорилго бол мэдээллийг хүмүүст түгээх. Түүхч хэзээ ч бизнесментэй адил мөнгө олохгүй. Энэ мэргэжлийг эзэмшээд тансаг, чинээлэг нэгэн болж чадахгүй гэдгээ түүхчид эхнээсээ л хүлээн зөвшөөрсөн байдаг. Өмнөх үеэс уламжлагдсан мэдээллийг дараагийн үр хойчдоо өвлүүлэх нь бидний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг.



10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ?

Ирэх аравдугаар сард Франц улсын Нант хотын түүхийн музейд анх удаа Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар, Монгол Улсын Соёл, урлагийн газар, Чингис хаан музейтэй хамтран зохион байгуулахаар зэхэж буй “Их эзэн Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн” үзэсгэлэнгийн ажлыг дурдъя.

Энэхүү үзэсгэлэн нь нийтдээ долоон сарын турш тавигдах бөгөөд үзмэрүүдийг Чингис Хаан музейгээс гадна Лувр (Louvre), Сэвр (Sevres), Азийн урлагийн Гимэй (Guimet), Франц Улсын Ерөнхийлөгч асан Жак Ширакийн нэрэмжит Брэнли (Quai Branly) музей болон Европын Холбооны бусад (Холбооны Бүгд Найрамдах Герман Улс) улсаас авахаар төлөвлөж буйгаараа онцлогтой. Маш өргөн цар хүрээг хамарсан, олон нийтийг анхаарлыг татсан үзэсгэлэн болох тул бэлтгэл ажлыг нягт нямбай хангах онцгой шаардлагатай байна.

11. "Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь"  номын үндсэн санааны тухайд?

Нэгдүгээрт, нүүдэлчид суурин иргэдийн дэмжлэггүйгээр эзэнт гүрэн байгуулж чадах мэргэжлийн удирдагчид байсан. Учир нь нүүдэлчид өөрсдийн гэсэн засаглалын байгууламжтай, тэр нь эзэнт гүрэн болон Алтан Орд задарч унасны дараа ч хэлбэрээ өөрчлөн, удаан хугацаанд оршин тогтносон билээ.

Хоёрдугаарт, дундад эртний хүмүүсийг, тэр дундаа нүүдэлчдийг уламжлалаа хатуу сахидаг гэх нийтлэг ойлголт байдаг бол Алтан Орд нь тасралтгүй үргэлжилсэн хувьсал өөрчлөлтийн бүтээгдэхүүн байсан юм. Тэд талын нүүдэлчдийн эзэнт гүрний уламжлалыг хадгалж байсан ч аливаа сорилттой тулгарч, түүнийг шинэ арга замаар шийдэх шаардлага тулгарсан нөхцөлд уламжлалаасаа холдож, шинэ нөхцөлтэй маш хурдан дасан зохицдог байсан.

Уншигчид эндээс нүүдэлчдийн динамик байдал нь харин ч хөдөлгөөнт удирдлага, амьдралын хэв маягийнх нь мөн чанар гэдгийг ойлгох боломжтой. Дүгнээд хэлбэл, Монголын эзэнт гүрний амжилт нь нүүдэлчин ахуйг үл харгалзан гарч ирсэн хэрэг биш, харин ч нүүдэлчин амьдралын хэв маягаас үүдсэн ололт.

Мөн Их Монгол улсын захиргаа нь дэлхий дахиныг хувьсан өөрчлөгдөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан тухай сүүлийн бүлэг маань өгүүлнэ. Зүүн Европт Зүчийнхний хараатууд салангид асан славян ард олныг нэгтгэж, улмаар өнөөгийн танил хэлбэр болох Болгар, Румын болсон байх жишээтэй.

Бидний мэддэг өнөөгийн Орос, Төв Азийн олон улс түмэн Алтан Ордыг өөрсдийнхөө үндэс суурь хэмээн үздэг ч үүнтэй холбоотой. Тэдний бүтээсэн худалдааны сүлжээ Европ, Азийн хооронд олон зуун жил солилцооны гол суваг байсан төдийгүй нүүдэлчдийн амьдрах чадамж, шинийг эрэлхийлэгч шинжийг тэд суурин иргэдийн амьдралд тодорхой хэмжээнд шингээсэн нь дэлхийн түүхэнд байгуулсан асар үнэ цэнтэй гавьяа.


Фаверугийн эл ном монголчуудын байлдан дагуулал, Оросыг ноёрхож байсан түүхийн тухай дэлгэрэнгүй бодитойгоор өгүүлж, цаашлаад тэдний орчин цагийн Евразийн дүр төрхийг бүтээлцсэн олон эерэг ба сөрөг нөлөөллийг илчилсэн нь бид бүхнийг чухам тэр эрин үеийн тухай хэт үл тоомсорлосон, харанхуй, өрөөсгөл үзлээс аврах мэт.

Жэк Уэтерфорд, Genghis Khan and the Quest for God номын зохиогч

12. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Их сургуулийн багш байна гэдэг нэг талаараа комедиантай төстэй. Миний хувь хүний хөгжилд хамгийн их нөлөөлсөн ажил бол оюутнуудтай ажиллах. Оюутнууд хэрэв хичээлийн үеэр утсаа оролдох ч юм уу, өөр хоорондоо ярьж эхэлбэл би дараагийн удаа илүү сонирхолтой, гайхширам байдлаар хичээлээ заах хэрэгтэй юм байна гэдэг дохио авдаг. Лекцэн дундуур хэзээ ч миний толгойд ороогүй, өөр өнцгөөс асуулт асуух оюутан ч байна. Тэр оюутныхаа асуултад хариулт олохын төлөө олон ном сөхөх үе ч бишгүй.

13. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Миний хамгийн дуртай зохиолч бол Стефан Цвейг. Түүний бүх номонд нь дуртай. Ялангуяа хамгийн сүүлд уншсан “The World Of Yesterday” гэх нэртэй өөрийнх нь намтар онцгой сэтгэгдэл үлдээсэн. Дэлхийн нэгдүгээр дайн, Гитлерийн дарангуйллын үеийн Австри-Унгарын эзэнт гүрэнд амьдарч буй уран бүтээлчдийн аж байдал, Вена хотын амьдралын хэмнэл гээд нүдэнд үзэгдтэл дүрсэлсэн намтар-зохиол.

Маш олон талаараа Хемингуэйн “A Moveable Feast” зохиолтой төстэй. Энэ намтар бүтээл дээр ч гэсэн Хемингуэй идэр залуу насаа өнгөрөөсөн дайны үеийн Парис, Парисын кафед түүнтэй ирээдүй, гүн ухаан, философийн тухай амттай ярианууд өрнүүлж байсан Жеймс Жойс, Виндхэм Льюис, Скотт, Зельда Фицжералд нарын тухай өгүүлсэн байдаг.

14. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Миний эмээ эмэгтэйчүүдийн эрх олон талаараа зөрчигдөж байсан дайны хүнд хэцүү цаг үед амьдарч байсан эмэгтэй. Эмээгийн хэлж байсан “Хүмүүсийг чиний өмнөөс ярихыг хэзээ ч бүү зөвшөөр. Хэн ч чиний тухай, чиний үзэл бодол, чиний хэлэх гэсэн санааг чамаас сайнаар илэрхийлж гаргахгүй. Чиний юу хүсэж буйг чамаас илүү хэн ч мэдэхгүй.” гэх үг санаанаас гардаггүй. Эмэгтэйчүүдийн хувьд бүх зүйл боломжтой болсон орчин цагийн нийгэмд би хэнээс ч хулчийхгүйгээр үзэл бодолдоо тууштай, итгэлтэй байхыг хичээдэг.

Хэн ч надад хэлж байгаагүй ч гэсэн түүхч хүний хувьд миний дотроо үргэлж тээж явдаг өөр нэг үг байдаг. “Үргэлж өөрийн нүдээр хар.”

Би “Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” номоо бичиж байхдаа ОХУ-д очиж, Алтан Ордны улсын үр хойч болох татар иргэдтэй өөрийн биеэр уулзаж, тэрхүү нутагт хэсэг хугацаанд амьдарсан. Энэ туршлага номоо урагшлуулахад асар их нөлөөлсөн. Түүхч хүн зөвхөн цаасан дээрх эх сурвалжид найдаж болохгүй.

15. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хэрвээ чи түүхийн шинжлэх ухааныг судлахаар зэхэж байгаа, эсвэл суралцаж яваа бол “Нэгэнтээ болоод өнгөрсөн үйл явдлыг судлах ямар хэрэгтэй гэж? Энэ дэлхийд илүү шаардлагатай мэргэжил өчнөөн байгаа шүү дээ” гэх хүмүүстэй олонтоо таарна. Гэхдээ үнэн хэрэгтээ түүх гэдэг бол зөвхөн өнгөрсөн бус өнгөрсөн одоо ирээдүйг холбож буй гүүр юм. Бид түүхийг судалснаар ирээдүйд болох үйл явдалд нөлөөлж, маргаашийн талаар илүү тодорхой төсөөлөлтэй болдог гэдгийг бүү мартаарай.