“Би хэрхэн ажилладаг вэ?” цуврал ярилцлагын энэ удаагийн дугаарт 2016 онд анх Монголд ирснээсээ хойш Монгол Улстай эргэлт буцалтгүй холбогдсон зурагчин Макс оролцлоо. Тэрээр Монголд үйл ажиллагаа явуулдаг “Follow The Tracks” аялал жуулчлалын компанийн үүсгэн байгуулагч бөгөөд инстаграм хуудаснаа 600 мянга гаруй дагагчтай мэргэжлийн зурагчин, нөлөөлөгч юм.

Түүний өвөрмөц бөгөөд зоримог мэргэжлийн замнал болон хэрхэн Монгол Улстай мөнхийн холбоотой болсон талаарх түүхийг энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.

Байршил: Улаанбаатар, Монгол
Эрхэлдэг ажил: “Follow The Tracks” аялал жуулчлалын компанийн үүсгэн байгуулагч, зурагчин
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy S24 Ultra and Flip 6
Сошиал хуудас: muenchmax

Ташрамд дурдахад энэ ярилцлага "UNREAD TODAY "сонингийн энэ долоо хоногийн буюу тавдугаар дугаарт нийтлэгдсэн байгаа.

1. ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ЗАМНАЛААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би ХБНГУ-ын Хемниц хотод төрж өссөн. Багадаа маш олон зүйл оролддог, бүх юманд хуруугаа дүрж явдаг хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Гурван настайгаасаа хойш төгөлдөр хуур тоглож эхэлсэн болохоор Берлин хот руу хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч болохоор их сургуульд явсан. Харамсалтай нь хуруугаа гэмтээснээс болж сургуулиа төгсөж чадаагүй.

Их сургуульд байхдаа олон газар ажиллаж, юм юм зэрэг хийдэг оюутан байлаа. Гурван кофе шоп, нэг автомашины газарт ажиллаж, амралтын өдрүүдэд хөгжимчин хийнэ. Ингэж яваад Италийн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Ludovico Einaudi болон “Lion King” хүүхэлдэйн киноны OST-ийг дуулсан дуучин Jocelyn B.Smith-тэй хамтарч ажиллах боломж олдож байсан юм. Тэр миний хөгжмийн карьерын онцлох дурсамжуудын нэг.

Зурагчны карьер хөөх болсон шалтгаан бас их хачирхалтай. Бүр эхнээс нь яривал бас л багын түүхтэй холбогдоно. Таван настай байхад манай аав, ээж надад тоглоомон камер бэлэглэж байсан юм. Жаахан том болоод аавынхаа Nikon камерыг зээлж, жинхэнэ зураг авч эхэлсэн тэр цаг үеэс камераас салаагүй. 2014 оны сүүлээр экс найз охин маань зул сарын баяраар надаас гэнэт салах үед хүнд итгэхээ больж, юм л бол гутарч гуниглаад сэтгэл санаа хүндхэн байсан болохоор байгальтай ойр байж, зураг авч эхэлсэн юм. Дээрээс нь багадаа нэг их аялж үзээгүй болохоор ч тэр үү ер нь л аялах хүсэл ундарч байв. Нэгэнт хөгжимчний замнал маань талаар болсон, дээрээс нь найз охиноосоо салчихсан тул амьдралаа шинээр эхэлж, аялангаа зураг авч эхэлсэн.


Монголын тухай 

Анх 2016 онд Монгол нүүдэлчдийн амьдралыг тэмдэглэж, буулгах ажилтай ирсэн. Тэгээд л малчны гэрт ямар ч Монгол хэлгүй, ямар ч хөтөчгүйгээр хоёр долоо хоног амьдарсан шүү. Тэр үед надад амьдралыг харах маш өөр өнцөг бий болсон гэж боддог. Европ хүмүүс хэрэгцээ нь хангагдаад зогсохгүй хүссэн бүхнээ эдэлж хэрэглэн тансаглаж болно. Интернэт, ус, цахилгаан гээд бусдын хувьд энгийнд тооцогдох зүйл малчин монголчуудад тэр бүр байдаггүй ч тэд надад хамгийн жаргалтай харагдсан.

Монголын эрх чөлөө үргэлж буцаж ирэх хүслийг маань бадраадаг. Уудам тал, онгон дагшин байгаль зэрэг нь миний төрөлх чөлөөтэй бөгөөд дураараа зан байдалд таардаг учраас үргэлж дууддаг мэт санагддаг. Монголд анх ирснээс хойших найман жилийн хугацаанд Монголын тухай яриагүй нэг ч өдөр байгаагүй. Монголд ийм л их хайртай байх нь.


Тайлбар: Максийн авсан зургуудаас

Тайлбар: Максийн авсан зургуудаас

Тайлбар: Максийн авсан зургуудаас

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би нийт 90 улсаар аялсан. Миний бүтэн цагийн ажил аялах болохоор тогтсон цагийн хуваарь байдаггүй. Гэхдээ аялаагүй үедээ өөртөө хуваарь тогтоохыг хичээдэг. Өмнөх орой нь яаж ч оройтож унтсан, өдөр бүр өглөөний 5:30-д сэрдэг. Өглөөний цай уулгүй 6 цагаас шууд ажиллаж эхэлнэ. Хайди нохойгоо 20 минут салхилуулаад дасгалаа хийж 9 цагийн үед ахин ажиллана. Өглөөний хуваарь нэг иймэрхүү. Үдээс хойш бол янз бүрийн хуваарьтай.

3. Таны ажлын арга барил? 

Энгийн бөгөөд хамгийн чухал арга барил бол зургаа авахдаа аль болох бодит, өндөр чанартай буулгахыг хичээдэг. Ингэснээр дараа нь засахад амар.

Заримдаа камер биш утсаа ашиглана. Жишээ нь, сүүлд оруулсан нохойны тухай бичлэг маань олон хүнд хүрсэн. Би тэр бичлэгээ утсанд дээрээ аваад л CapCut аппаар янзалсан. Үзэж байгаа хүнд ч энгийн, ойр зүйл илүү таалагддаг байх.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Health болон Google Maps-ийг хамгийн их ашигладаг. Ялангуяа Google Maps дээр Location scouting буюу шинэ газруудын гадна харагдах байдал ойр орчмыг 360 градусаар авч оруулдаг. Түүнчлэн 2016 оноос хойш Polarsteps хэмээх аяллаа хянаж, тэмдэглэдэг аппыг хэрэглэж байна.

Ажлын хувьд сүүлийн 14 жил Canon камер хэрэглэж байна. Сүүлийн хоёр жил R5 загвараар зураг авч байгаа. Promist фильтер ашигладаг, зургийг илүү “dreamy” өнгө, уур амьсгалтай болгодог. Сүүлийн үед Canon 24-70mm f/2.8 дуранг ашигладаг. Мэдээж Adobe-ийн Lightroom, Premiere Pro-гүйгээр амьдрахгүй.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Олон улсын аяллуудынхаа хугацаа, нислэг, аяллын төлөвлөгөөгөө хооронд нь тааруулах байдлаар цаг хэмнэдэг. Түүнээс гадна их нислэг хийх нь нүүрстөрөгчийн ул мөрийг маань ихэсгэж байгаа. Иймд аль болох олон нислэг хийхээс зайлсхийж, хийх шаардлагатай бол аль болох олон ажил амжуулах, дараагийн нислэгээ тааруулах зэрэгт анхаардаг.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? 

Олон төрлийн апп, платформ туршиж байсан ч одоог хүртэл Google Calendar шиг энгийн, ойлгомжтойг нь олоогүй л байна.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 

Урт аяллын дараа олон нийтийн сүлжээгээ хоёр долоо хоног ашигладаггүй. Мэдээж тэр хооронд дагагчдаа алдаж байдаг. Гэсэн ч сэтгэл санаа болон биеийн эрүүл мэнд хамгаас чухал. Эрүүл мэндийн шалтгаанаар мах идэж болохгүй учраас Германд очихоороо хамгийн түрүүнд маш их ногоо, жимс иддэг. Дээрээс нь миний бие согтууруулах ундаа шингээж чаддаггүй. Тиймээс ялангуяа Монголын хөдөөгөөр аялж байхдаа өөртөө хоол хийж иддэг. Аялж, амрах үедээ хоол хийх эрч хүчээ сэлбэх сайхан арга болдог юм байна.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ? 

Samsung компанийн амбассадороор ажиллаад одоо 10 жил болж байгаа болохоор мэдээж Samsung-ийн төслүүд дээрээ ажилладгаараа ажиллаж байгаа, харин ирэх хоёр жилд төлөвлөсөн гурван томоохон төсөл байгаа болохоор үүндээ илүү их цаг зарцуулж байна.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? 

Маш олон шинэ хүнтэй байнга танилцах нь нэг талаараа маш их ядраадаг ч нөгөө талаараа миний мэргэжлийг онцгой болгодог.

Бэрхшээлтэй зүйл нь урт хугацааны харилцааг яг энэ амьдралынхаа хэв маягтай уях их хэцүү. Шинэ хүнтэй танилцсан ч үргэлж баяртай гэж хэлэх хэрэгтэй болдог, заримтай нь магадгүй дахиад хэзээ ч уулзахгүй. Анх их хэцүү байдаг байсан ч одоо бол хүмүүсийг тавьж явуулахдаа гарамгай болоод байгаа. Гэхдээ дэлхийн олон улсад найзтай, хаана ч очсон гэр шиг халуун дулаан угтах танилуудтай байна гэдэг зөвхөн ажил гэлтгүй амьдралыг маань ч гайхалтай болгодог.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө? 

Одоогоор гурван том төсөл дээр ажиллаж байгаа гэж өмнө нь дурдсан. Үүний нэг нь Ойрх Дорнодоос Монгол руу жуулчид татах аялал жуулчлалын төсөл байна. Түүнчлэн Дубайд зохиогдох “1 Billion Summit” буюу дэлхийн хамгийн том сошиал медиа цугларалтыг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Дээрээс нь хүмүүнлэгийн жижиг төслүүд төлөвлөсөн байна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ? 

Мэргэжлийнхээ хувьд шинээр гарч ирж байгаа арга барил, тоног төхөөрөмж туршиж, тренд дагаад байдаггүй. Дээрээс нь нэг их шаардлагагүй хэрэгсэл, төхөөрөмжид илүү мөнгө зарцуулахыг хүсдэггүй, үнэндээ тийм бололцоо ч одоогоор бүрдээгүй байна.

Шинэ арга барил, техникийг ойлгож, гартаа оруулахад цаг их шаарддаг. Тиймээс одоогийн зураг авах арга барилаа хамгийн сайнаараа гартаа оруулсан цагтаа шинэ зүйлд суралцана. Хувьдаа геополитик, санхүү, хувь хүний хөгжлийн ном уншиж өөрийгөө хөгжүүлдэг.


12. Санал болгох ном, кино, хөгжим? 

Дурдсанчлан хувь хүний хөгжлийн номуудад дуртай болохоор “Becoming Supernatural” номыг санал болгоно. Өөрийгөө ойлгож, өөрийнхөө авьяас билиг, чадвар чадамжийг нээж илрүүлэхэд тусалсан ном юм. Кино гэвэл “Minamata”, “Ghibli”-ийн кинонууд болон “Dune”-ийг санал болгоё. Dune бол өнцөг, өнгө, дүрс бүрийг нь жаазалж тавимаар тийм л үзэсгэлэнтэй кино. Минамата бол 1950-иад оны үед Японы эрэг орчимд мөнгөн усны бохирдол үүсэж, хүмүүс хордож байсан үеийг баримтжуулж хальсанд буулгасан зурагчны тухай өгүүлдэг. Хөгжмийн хувьд бол Берлин техно санал болгоё. Яагаад гэхээр би ямар ч дууны ямар ч үгийг санадаггүй, надад хөгжмийн хэмнэл, аялгуу нь илүү хамаатай байдаг, тиймдээ ч электроник хөгжим илүү таалагддаг байх. Нэг дуртай DJ-ээ нэрлэвэл Lily Palmer-ийг санал болгоно.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө? 

Ажлаа ч гэлтгүй ер нь амьдралаа маш нарийн төлөвлөдөг. Харин аав маань сүүлд амьдралд үргэлж B бүр С, D хувилбартай бай гэж хэлж байсан юм. Зарим зүйлс бусдаас их шалтгаална, заримдаа бүр цаг агаараас ч хамааралтай байж болно. Юмс бүтэхгүй, зогсонги байдалд ороход юу хийх ёстойгоо мэддэг байх ёстой гэж боддог. Тиймээс надад чигээ алдсан, төөрсөн мэдрэмж нэг их төрдөггүй, үргэлж бүх зүйлд бэлэн байж, өөдрөг байхыг хичээж, асуудал гарах үед тэр дор нь төлөвлөгөөгөө сайжруулж, өөрчлөхөөс халгадаггүй.


14. Бусдад шидэх санаа? 

Хүнд зааж зөвлөх дургүй, бас өөрийгөө тийм байр суурьтай хүн ч гэж боддоггүй. Маш олон гайхалтай зураг авсан, бүтээл хийсэн зурагчид зөндөө бий. Гэхдээ хувьдаа жанжин шугамаа болгож, баримталдаг зарчим нь зүгээр л хийж буй бүх зүйлдээ өөрийнхөө өнцөг, өвөрмөц байдлыг тусгахыг хичээдэг.

Зураг авч эхлэх гэж буй хүмүүст бол гараад зүгээр л зураг аваад үз гэж хэлнэ, тэгээд л өөрөө янз янзаар туршиж байх явцдаа сурна. Номыг нь уншсан ч гараар хийж үзэхгүй л бол сурахгүй. Халаасанд тань байгаа утсаа л ашиглахад болно. Жишээ нь, би анхны үзэсгэлэнгээ өөрийнхөө утсаар авсан зургуудаараа Лондон болон Парист гаргаж байсан.

Харин мэргэжлийн бус зөвлөгөө хэлэхэд, бусдын явдгаас өөр замаар явахаас бүү ай л гэж хэлье дээ. Бусдаас арай өөр замаар явах үед өөрийнхөө хүрээллийг өөрөө бүтээх боломж гардаг. Анх байгалийн зураг авч байхдаа “German Roamers” хэмээх байгалийн болон гудамжны зураг авдаг, адилхан сонирхолтой хүмүүсийн хүрээллээ бий болгож байсан. Сонирхуулахад, одоо “German Roamers” нь 7 сая орчим дагагчтай Европын хамгийн том, аялангаа байгалийн зураг авдаг хүрээлэл болсон байна.