Шинэ iPhone-ийн сургаар одоогийн iPhone гацаж эхэлдэг сар эхэллээ. Ирэх мягмар гараг буюу 9-р сарын 9-ны 23 цагаас Apple-ийн намрын арга хэмжээ эхэлж, бидний хүсэн хүлээсэн iPhone 17 тэргүүтэй олон шинэ төхөөрөмж зарлагдах билээ. Арга хэмжээний гол дүр нь нимгэнээс нимгэн iPhone 17 Air, хүчирхэгээс хүчирхэг Apple Watch Ultra 3 байх нь бараг л ойлгомжтой болоод байна. 

Магад хамгийн олон үзэгчтэй технологийн арга хэмжээг угтан олон нийтийн анхаарал ухаалаг утас, ухаалаг төхөөрөмж рүү хандаж эхлээд буй энэ үед Apple-ийн өрсөлдөгч Samsung ч зүгээр суусангүй. Тэд цомхон, виртуал арга хэмжээ хийж, Samsung Galaxy S25 FE, Galaxy Tab S11, Galaxy Buds 3 FE гурвыг танилцуулав.

Apple-ийн арга хэмжээнээс урьтаж Samsung-ийн эдгээр шинэ төхөөрөмжүүдийг товч сонирхуулъя. 

Холбоотой нийтлэл: Unpacked 2025: Биднийг унтаж байхад Самсунгийн танилцуулсан бүх зүйл


Samsung Galaxy S25 FE

Энэ жилийн тэргүүн эгнээ (flagship)-ний загвар болох S25-ийн ээлжит төсөр үнэтэй хувилбар бол FE буюу Fan Edition. 6.7 инч, 2340x1080 нягтшил, 120Hz хурдтай дэлгэцтэй энэ загвар нь S25-ын бусад загваруудаасаа өөр чиптэй Now Bar, Now Brief, Circle to Search зэрэг бүх л хиймэл оюуныг функцыг дэмжинэ. 4,900 mAh батарей нь хурдан цэнэглэх горимын ачаар 0-60 хувь хүрэхэд ердөө хагас цаг л шаардана. Ардаа 50MP, 12MP хэт өргөн, 8MP телефото, харин урдаа 12MP өөрөг камертай.

Үнэ: 649 доллар

Холбоотой нийтлэл: Samsung Galaxy S25-ийн хиймэл оюуны гайхамшгаас сонирхуулах нь


Galaxy Tab S11

Дэлгэцийн технологиороо тэргүүлэгч Samsung-ийн "чимээгүй" бүтээгдэхүүнүүдийн нэг бол Galaxy Tab. Шинээр танилцуулсан S11 загвар нь 11 инчийн энгийн ба 14.6 инчийн Ultra гэсэн хоёр хувилбартай. AMOLED 2Х, 120Hz-ийн дэлгэц, 128GB-1TB хүртэлх багтаамж, 8,400 mAh-11,600 mAh батарейтай тул ойр зуурын ажилд түүртэхгүй нь мэдээж.

Үнэ: 799 ба 1,199 доллар

Galaxy Buds 3 FE

Арга хэмжээний үеэр худалдаанд гарсан сүүлийн төхөөрөмж бол Galaxy Buds 3-ийн төсөр үнэтэй хувилбар болох FE. Noise Cancellation-ийг нь асавал 6 цаг, асаахгүй бол 8.5 цаг сонсож болох ба гэр нь мөн нэмэлтээр 30 цагийн цэнэгийг багтаах аж.

Үнэ: 150 доллар