Ажлын арга барил, амьдралын үзэл баримтлалаа хуваалцдаг “Би хэрхэн ажилладаг вэ?” булангийн шинэ дугаарын зочин бол МС буюу Мөнхсайхан. Олон талт тоглогч шиг нийгмийн өндөр идэвхтэй түүнийг би л хувьдаа Бишрэлт Металл багийн үнэнч фанат гэдгээр нь илүүтэй мэдэх бол зарим нь түүнийг “Вэлүү сан”-гийн идэвхтэн, эсвэл “Хамтдаа шийд” аяныг санаачлан хэрэгжүүлэгч гэдгээр нь мэдэж магад. Харин энэ удаа түүний үндсэн ажлын талаар хөөрөлдөхөөр “Gate 6”-гаар дамжиж, өнгөрсөн, одоо, ирээдүй рүү аялаад ирлээ.         

Байршил: Gate 6, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот

Хэрэглэдэг гар утас: iPhone

Эрхэлдэг ажил: Gate сүлжээ рестораны Гүйцэтгэх захирал

Сошиал хаягууд: Munkhsaikhan Mc (Facebook) | monkoo_mc (Instagram)



1. Таны замналаас бид юу юуг мэдэх ёстой вэ? 

Номын дууг нь сонссон талаасаа яривал уг нь би уул уурхайн ашиглалтын инженер хүн. Гэхдээ энэ мэргэжлээр цаашид ажиллахгүй юм байна гэдгээ төгсөх курсийн дадлагаас хойш бүрэн ухаарсан. Ростероор ажиллана гэдэг гэр бүл амьтай, их хотын амьдралд элэгтэй надад яагаад ч тохирохооргүй ажил юм билээ. Үнэндээ ажлын байрны олдоц, цалин цагааг нь бодоод л энэ мэргэжлийг сонгосон болохоор тэгтлээ хамаг зүрх сэтгэлээ өгсөн байгаагүй юм. Хэдий тийм ч дөрвөн жил сурсан сургуулиа хаяна гэдэг утгагүй хэрэг учраас ном журмаар нь төгссөн. Харин ажил хөдөлмөр талаасаа яривал биеийн өгөгдөл маань нөлөөлснийх хаалгач, хамгаалагч гэхчлэнг хийж явсаар дотоодын эдийн засаг 17 хувиар өссөн яг тэр үетэй давхцан зөөгч хийж эхэллээ. Миний ажиллаж асан, Монголын топд тооцогдох “Монэ” дээд зэрэглэлийн ресторанд гаднын томоохон хөрөнгө оруулагч, нөлөө бүхий хүмүүс үйлчлүүлэх нь элбэг. Тэдэнд үйлчилж, харилцана гэдэг нэг ёсондоо тэдний биеэ авч яваа байдал, соёл, хандлагыг дэргэдээс нь харж, үлгэр дуурайлал авах боломж бас сургууль шиг санагдаж байлаа. Ингээд л би үйлчилгээний салбарын талаар эерэг ойлголттой болж, улмаар цаашид энэ чиглэлээр карьераа босгоно гэж сэтгэл шулуудсан. Ийн шийдвэр гаргаснаас хойш ажилдаа илүү нухацтай хандах болж, менежер, ерөнхий менежер, гүйцэтгэх захирал болтлоо дэвшин, есөн жилийг ардаа үдэв.

Хүнд нэг тийм мэдрэмж байдаг даа. Бүх ажлаа чаддаг, мэддэг болчихсон, нэг ёсны хайрцаганд орчихсон мэт мэдрэмж. Энэ мэдрэмжийн gate-ээр аажим аажмаар урагшилсаар нэг л мэдэхэд, ажил карьерын хувьд өөрчлөлтгүй, 30 орчим насны, найман хувийн зээлтэй, ердийн нэгэн болсон байв. Азаар ч гэх үү, тухайн үед корона гарсан болохоор гэртээ багагүй судалгаа хийж, Gate-ийн консепцыг олсон нь дараа дараагийн алхмаа тооцолгүй шуудхан ажлаасаа гарчихсан надад зорилго чиглэлээ тодорхой болгоход тусалж, бизнес маань гарааны шугам дээр ирлээ. Тухайн үед хөрөнгө оруулах, томоохон бизнесийн суурийг тавилцах олон санал ирсэн ч би сууриас нь эхлэхийг илүүд үзэж, 30-40 сая төгрөгт багтсан, буйдхан паб маягийн газар нээж байсан нь Gate-ийн анхны хувилбар болж байв. Үүнээс хойш гурван жил гаруйн хугацаа өнгөрч, долоон салбартай, 100 ажилтантай болсон байна. Эхний салбараа нээж байхдаа нэг ярилцлага өгсөн байдаг. Зорьсон зүйлийнхээ төлөө замаасаа хазайлгүй явж байгаагаа тэр ярилцлагаас олж хараад их баярладаг шүү.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

Зун нэг өөр, хичээлийн улирлууд бас нэг өөр. Зунаас бусад улиралд өглөө эрт босож, хүүхдүүдээ хооллоод хичээлд нь хүргэж өгнө. Дараа нь фитнес хийх, сагс тоглох эсвэл гүйх ч юм уу ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн заавал хийдэг. Дараа нь өмнөх өдөр нь төлөвлөсөн ёсоор ажилдаа тодорхой хэмжээний цаг гаргаж төлөвлөсөн уулзалтуудаа хийгээд орой нь хүүхдүүдээ аваад гэр бүлдээ цаг зарцуулна.



3. Таны ажлын нөү-хау? 

“Муу сэдэхээр сайн хуул” гэдэг шиг Gate бол засаглалын хувьд яг л “MCS”-ийн хуулсан хувилбар (Өмнө нь ажиллаж байсан “Монэ” рестораны толгой компани). Нэг ёсондоо өөрийнхөө сайн гэж бодсон засаглалыг бизнестээ хэрэгжүүлсэн хэрэг л дээ. Бусдаар ийм тийм гэсэн арга барилд баригддаггүй. Шинжлэх ухаан тэргүүтэй нарийн мэргэжлийн салбарт л юмсыг уншиж судлах нь чухал байдаг байх. Үйлчилгээний салбар тэр чигтээ хүн хоорондын харилцаа, ойлголцол дээр тогтдог учраас хийж буй зүйлдээ сэтгэл дэвсэж, ажилтнуудаа нэн түрүүнд авч үзэх нь хамгаас чухал. Тэдэнд зориулсан хуулийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэл зүйч гэх мэт төрөл бүрийн ажил бий.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд 

Рестораны бизнес амжилттай явахад маркетинг чухал нөлөөтэй учраас нийгмийн сүлжээг идэвхтэй ашиглаж байна. Хамгийн их ашиглаж байгаа аппууд Facebook, Instagram.



5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 

Үйлчилгээний ажил бол цаг наргүй. Тэр ч утгаараа өмнө нь баяр ёслолоор гэртээ үзэгдэх нь ховор, шөнийн бор хоногт л толгойгоо цухуйлгадаг байлаа. Бизнес эхлүүлэхэд хэцүү гэж ярьдаг ч миний хувьд 10 жил хийж дадсан, бүр хүнд заах хэмжээнд оччихсон зүйлээ л давтаж хийж байгаа болохоор зовж зүдэрч байгаа зүйл алга. Шулуухан хэлэхэд, 10 жилийн дараа ч ажил дээрээ цаг наргүй байх шаардлагатай байгаа бол менежмент муу байгаагийн л илрэл. Тиймээс хүүхдүүдээ том болж, надад олдохоо болихоос нь өмнө хамтдаа дурсамж бүтээж, өсөж торниж байгааг нь харахыг эрхэмлэдэг болсон. Хоёрдугаарт, 40 настайдаа тэтгэвэрт гарна гэсэн зорилготой. Зөвхөн ажил, карьерын нүхээр харахад амьдрал тун богинохон шүү дээ.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? 

Юутай ч эхэлье, замдаа засаад явъя гэсэн зүйл анхнаасаа байгаагүй. Анх консепцоо олохдоо сууриа сайтар бэлдсэн болохоор одоо шинэ салбар нээхэд санхүүгийн дарамтгүй, олсон ашгаасаа тодорхой хэмжээнд зарцуулаад, нэг ёсондоо зовлонгүй ажилладаг.

“Гаднын франчайзуудтай өрсөлдөхүйц бизнес болгоно, гэхдээ тоогоороо биш агуулгаараа” гэсэн зарчмыг төлөвлөгөөндөө тусгаж ажилладаг. Ингэхдээ сард хоёр удаа хурал хийж, төлөвлөсөн ажлуудаа шалгана, жилдээ нэг эсвэл хоёр салбар нээнэ гэж том зургаар нь төлөвлөдөг.



7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 

Сагс: Оюутан цагаас хойш миний амьдралын хэв маягт үргэлж байсан зүйл бол сагсан бөмбөг.

Бишрэлт Металл багт ерөнхий менежерээр ажиллаж байв. Одоо бол албан ёсны үүрэг хариуцлага байхгүй ч тухайн багтай холбоотой ямар нэгэн ажилд идэвхтэй оролцдог, дэмжигч гэх үү дээ.

Аялал: Залуу байгаа дээрээ олсон хэдэн төгрөгөө сүртэй байшин барилга гэхээс илүүтэй аялалд л их зориулж байна. Аялах аялахдаа нэг бол гэр бүлээрээ эсвэл ажлын хамт олноороо. Одоогоор манайхаас 20 гаруй хүүхэд аялсан байна. Манайд нэгээс дээш жил ажиллавал аялах эрх нь үүсдэг бөгөөд ингэхдээ би өөрөө аяллын төлөвлөгөө гаргаж, хөтөчлөн хамт явдаг. Ер нь хэн ч сайн ажиллаж чадвал аялна гэсэн бичигдээгүй дүрэмтэй.

Хөгжим: Хоол, уух зүйлээсээ дутахааргүй ач холбогдол өгдөг зүйл бол хөгжим. Colors хамтлагийн Тогтуун, DJ Тэнүүн гэх мэт уран бүтээлчдэд төлбөр төлж, ресторанынхаа плэйлистийг хийлгэдэг. Ингээд нийт долоон хүний плэйлисттэй болчихвол меню гаргана. “Өнөөдөр мягмар гараг тул та DJ Тэнүүний мэдрэмжээр аялах болно” гэх мэт.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл, ажил 

Миний санаачлан хэрэгжүүлж байгаа хэд хэдэн төсөл бий. Нэг удаагийн хэрэглээнээс татгалзахад уриалсан, тусгай урлал бүхий (customize) аяга хийж, худалдаалдаг “Аягандаа уулаа” төсөл, мөн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн суралцах орчин нөхцөлийг гэгээлэг, өнгөлөг байлгахыг зорьсон “Өнгө” төсөл. Бас энд заавал дурдах ёстой өөр нэг ажил бол “Вэлүү сан”. Улаан чулуутад “Нарны хүүхдүүд” гээд цэцэрлэг бий. Тус цэцэрлэгт жил бүр 150 хүүхэд сурдаг бөгөөд миний хувьд тухайн цэцэрлэгийн үйл ажиллагааны зардлыг босгох ажилд 10 жилийн өмнөөс тусалсаар ирсэн. Тодруулбал, урсгал зардлаа босгох зорилгоор хүлээн авалт, дуудлага худалдаа, хичээлийн цүнх цуглуулах аян, өвлийн куртикний хандив гэх мэт ажлыг зохион байгуулдаг гэсэн үг.


Зургуудын эх сурвалж: Veloo Foundation

9. Хийж буй ажлын тань онцлог юу вэ? эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд 

Үйлчилгээний салбарт ажиллахад асуудал мундана гэж хэзээ ч үгүй. Үүн дээр нэмээд чимхлүүр ажил ихтэй нь энэ салбарын онцлог. Ариун цэвэр, аюулгүй байдал, тусгай зөвшөөрөл авах, хяналт шалгалт зэрэг бүх тал дээр, өдөр бүр анхаарал хандуулах шаардлага гарна. Сайхан тал нь гэвэл, үйлчилгээний салбарын ажил уйтгартай, нэгэн хэвийн санагдана гэдэг бараг боломжгүй. Мөнхийн харилцаанд орно, нааш цааш явна, шинэ бүтээгдэхүүн туршиж, амтлах мэдрэхүйгээ ажиллуулна. Яг л адал явдалт кино шиг амьдрал өрнөдөг. Нэмж хэлэхэд, манайд гол төлөв залуу үеийнхэн ажилладаг тул тэд маань үйлчилгээний салбарын зах зухаас мэдэрч, ажлын дөртэй болоод аваасай гэж хүсдэг. Тиймдээ ч ажилтнууддаа чиглэсэн олон ажил санаачилж, үр дүнд нь эхнээсээ тэтгэлэг аван гадагшаа явж, аялж, ахиж дэвшиж байгаа үйл явцыг харах хамгийн кайфтай санагддаг.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө 

Өмнө нь дурдсан төслүүдээс ач холбогдол, цар хүрээний хувьд хамгийн том нь “Хамтдаа шийд” төсөл. Нэг талаар бид бүх асуудлыг төр засгаас нэхнэ гэж байхгүй. Нөгөөтээгүүр би сагсан бөмбөгөөс сахилга бат, өсөлтөт сэтгэлгээ гээд маш чухал зүйлсийг авсан болохоор одоо эргүүлээд өөрийн чадах зүйлээ өгөхийн тулд “Хамтдаа шийд” төслийг эхлүүлсэн. Анх Gate 4-ийн дэргэдэх эвдэрхий сагсны шийдийг найзтайгаа хамтран мод, чулуугаар гагнаад бөхчилж байсан юм. Шилэн шийд бол манай нөхцөлд тохирохгүй. Иймд бат бөт, гол нь төмөр тортой шийд хийхээр зорьсон нь тэр. Түүнээс хойш 10-аад шийдийг бор зүрхээрээ засаж байгаад энэ жилээс сошиал дээр тодорхой хэмжээний дагагчтай болсон болоод ч тэр үү энэ ажил маань нийгэмд илүү нөлөөтэй болж, олон байгууллага ивээн тэтгэгчээр оролцоод одоогоор 40 орчим шийд зассан байна.

Бүр цаашилбал, хотын захиргаанд хандаж, дараах саналыг дэвшүүлэх бодолтой байгаа. Би брожур мэдэхгүй ч сагсны шийдээ бол харин ч нэг мэднэ. Та бүгдийн 78 сая төгрөг зараад байгаа талбайг 25 сая төгрөгөөр тохижуулаад өгье. Үүний тулд дотоодын компаниудаар шийд хийлгэх тухай захирамж болон шийдний стандартыг тогтоох хэрэгтэй байна. Харин ажлын гүйцэтгэл, хяналт тал дээр иргэдийн оролцоот байгууллагууд оролцох боломжтой. Ингээд л мод, төмөр бэхэлж гагнаад хөгжиж буй сагсан бөмбөгийг хүүхэд залууст ойртуулж, далимд нь хотын гудамж талбайг өөд нь татах боломж байна шүү дээ.



11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ? 

Сүүлийн үед подкастаас мэдээлэл авч байна. Гэхдээ хүн хөгжиж дэвших гарц гаргалгаа хайхаас илүүтэй урд дахь ажлаа чин сэтгэлээсээ хийж яваа цагт шаардлагатай бүх зүйлээ ойлгодог юм шиг санагддаг. Нөгөөтээгүүр үр хүүхэд гэдэг амьдралын “сургууль”. Учир нь тэд эцэг эхдээ маш их зүйлийг ухааруулдаг, урагшлах гол хөдөлгүүр нь болдог. Миний хувьд амьдралын гурван их сургууль төгссөн хүн юм даа.

12. Санал болгох кино, хөгжим 

Квентин Тарантиногийн “Pulp Fiction” (1994) киног нэрлэе. Энэ киноноос заавал аливааг ойлгож, ухаарах албагүй. Зүгээр л үзэх болгонд уран тансаг хийцлэл, дуртай жүжигчдээ харж, таатай мэдрэмж авдаг. Мөн La La Land (2016). Дуу хөгжим нь ярих юмгүйгээс гадна кино ийм байх ёстой гэсэн “стандарт” бүтээл юм шиг санагддаг.

Миний хувьд бүх цагийн үеийн номер нэг хөгжмийн бүтээл бол агуу Beatles хамтлагийн “Something” (1969). Удаах нь Pink Floyd хамтлагийн “Wish You Were Here” (1975).

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө 

Эхнэр бид хоёрын дунд нэг ийм яриа болсон юм. Тухайн үед ковид дэлхий дахинд хүнд цохилт өгч, ирээдүй тэр чигтээ л технологи, автоматчилал руу чиглэж байхад ресторан нээнэ гэсэн уламжлалт бизнесийн санааг эхлүүлэх үү? Яах уу? гээд эргэлзэж байсан үе л дээ. Тэгэхэд, эхнэр маань “Чи энэ салбарт 10 жил ажилласан, айх зүйл юу байна? Чи таван шард хоолны газар нээсэн ч ажиллуулж чадна шүү дээ” гэж хэлж байсан. Тэр үг надад урам өгч, бизнесээ зоригтой эхлүүлэхэд нөлөөлсөн гэж боддог. Нээрээ л нэг үйлдлээ мянга давтсан хүн аюултай гэдэг дээ.

14. бусдад шидэх санаа

Гэр бүл, хосын харилцаа, ажил хөдөлмөр гээд аль нь ч бай урд дахь зүйлдээ чин сэтгэл гаргаарай. Цай чанасан ч, хөгжим бүтээсэн ч сэтгэлээ шингээж чадвал амжилтад хүргэх топ таван чадвар, 10 алтан дүрэм гэх мэт зүйл бидний дотор аяндаа суучихна.