Асар баялаг түүхэн замналтай дэлхийд “домог” болсон Кока-Колаг өдгөө монголчуудын хамгийн их хэрэглэдэг, хамгийн сайн таньдаг ундаа болгоход голлох үүргийг гүйцэтгэсэн эрхмүүдийн нэг М-Си-Эс Кока-Кола гүйцэтгэх захирал Л.Мягмаржав бол бидний ээлжит дугаарын зочин.
Зах зээлийн шилжилтийн үед MУИС-ийг төгсөж, эдийн засгийн ухааны багшаар ажлын гараагаа эхэлсэн тэрээр 2004 оноос хойш одоог хүртэл дэлхийн шилдэг брэндийг үйлдвэрлэн борлуулах, шинэ технологи, бизнесийн арга ухааныг амжилттай нэвтрүүлсэн туршлагатай удирдагч юм.
Түүнчлэн Спрайт лигээр дамжуулан 16 жилийн турш Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд оруулсан түүний болон хамт олных нь бодит хөрөнгө оруулалт хожмоо 3x3 төрлийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй спортод хайртай олон мянган залуус санал нэгдэх биз ээ.
Байршил: Гачууртын зам 104, Амгалан 13260, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс
Эрхэлдэг ажил: М-Си-Эс Кока-Кола гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг компьютер: DELL XPS
Хэрэглэдэг гар утас: iPhone 14 pro max
Сонгуульт ажил: Монголын 3х3 Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч
Монголын Сагсан бөмбөгийн холбооны Дэд Ерөнхийлөгч
Монголын хүнсчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн
Сошиал хуудсууд: Myagmarjav Luvsandash (Фэйсбүүк), Myagmarjav Luvsandash (Линкедин)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Миний оюутан нас, ажлын гараа Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжих шуурганд өрнөсөн. Алдарт хорьдугаар тогтоол батлагдаж, картын бараанд дугаарлаж байсан цагт би МУИС-ийн Эдийн засгийн сургуульд элсэн орж, 1995-1998 оны хооронд сургуульдаа “Эдийн засгийн онол” хичээл зааж байлаа.
Социалист эдийн засгийн үед “Улс төр эдийн засгийн ухаан” гэх нэртэй хичээл байсан юм. Нийгэм тэр чигтээ зах зээлийн эдийн засгийн талаарх ойлголт тааруу байсан тэр үед шинэхэн багшид шаардлагатай сурах бичиг, материал хомсхон. Аль болох гаднаас олж ирсэн мэргэжлийн номуудаа түрүүлж судлаад, өөрсдөө боловсруулж хувирган оюутнууддаа лекц ордог байлаа. Зарим шинэ ойлголт, нэр томьёог урьд орой өөрөө үзээд л маргааш нь заах тохиолдол ч элбэг.
Ирээдүйд өөрийнхөө карьерыг бусад багш нартай адил доктор, профессор болно хэмээн ерөнхийд нь төсөөлж байснаас бус өөр салбарт хүчээ сорих айхтар төлөвлөгөө байгаагүй. Хичээл заах дуртай, илүү зүйл сурах хүсэл эрмэлзэлтэй байхдаа 1998 онд Боловсролын яамны дэмжлэгтэйгээр АНУ-ын Брижпортын их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр мастер хамгаалах боломж тохиосон нь миний амьдралын эргэлтийн цэг болсон гэх үү дээ.
Сургуулиа амжилттай төгссөнийхөө дараа Хойд Америкт байршилтай Гиннес ЮДВ компанид борлуулалтын стратеги, төлөвлөлтийн шинжээчээр хоёр жил гаруй ажиллаж байлаа. АНУ-д карьер хөөх, цааш суралцах боломж байсан ч гэр бүлийн шалтгаанаар эх орон руугаа буцсан. Манай гэр бүл эхээс тавуулаа. Бага дүү намайг АНУ-д ажиллаж байх үед дөнгөж дунд сургуулиа төгсөж байсан юм. Харамсалтай нь ээж, эмээ хоёр маань сарын зайтай бурхан болж, би айлын том хүүгийн үүргээ гүйцэтгэх шаардлагатай болсон. Дөрвөн дүүгээ үлдээгээд, амин хувиа хичээгээд харь улсад үлдэж болохгүй шүү дээ.
Ингээд Монгол руу буцах шийдвэр гаргахад Дэлхийн Банкны санхүүжилттэй 12 жилийн ядуурлын хөтөлбөрийг ахлах, МУИС-д үргэлжлүүлэн багшлах, Сангийн яаманд ажиллах буюу төрд зүтгэх гээд олон боломжууд байв. Харин АНУ-аас дөнгөж ирсний маргааш одоогийн М-Си-Эс Группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал уулзъя хэмээн дуудаж, тухайн үед дөнгөж 20 хүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байсан “Зүүн Хараа Трейд” компанийг удирдах санал тавих нь тэр.
Тухайн үед буюу 2000-аад оны эхээр өндөр хөгжилтэй оронд мастер хамгаалж, мэргэжлээрээ ажилласан туршлагатай залуус харьцангуй ховор байсан тул надад итгэл хүлээлгэсэн хэрэг л дээ.
Өмнө нь багшилдаг байхад одоогийн Премиум группийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг миний оюутан байсан бол М-Си-Эс Группийн дэд ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин зэрэг эчнээ таньдаг, мэддэг байсан олон хүмүүс М-Си-Эс Плаза дотор гар нийлэн ажиллаж байхыг хараад өөрийн чадлаа сориод үзье гэж шийдээд шууд сонголтоо хийсэн. Ингэж л М-Си-Эс Групп гэх их айлтай хувь заяагаа холбож, 30 нас хүрээгүй байхдаа захирал болсон түүхтэй.

Удалгүй 2003 оны эхээр М-Си-Эс Кока-Кола руу шилжих санал ирж, гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш өдгөө 18 жил тасралтгүй ажиллаж байна. Анх 2003 онд шилэн лонхонд савласан ундааг зах зээлд борлуулах “Шинэ Үнэ”-ийн бодлогыг хэрэглэгчдэд таниулах зорилготой “150” маркетингийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байлаа.
Ингээд 2004 онд үйлдвэрийнхээ хоёр жилийн ойгоор хуванцар савны шугамыг ашиглалтад оруулснаар бидний хамгийн сайн мэдэх “хүслийн”, “бидний”, “түмний” ундаанууд мэндэлсэн юм. Харин 2005 он буюу үйлдвэрийн үйл ажиллагаа эхлээд бүтэн хоёр жил хагасын дараа л компани санхүү, үйл ажиллагааны хувьд бусдаас хараат бус болж, хөл дээрээ тогтсон гэхэд болно.
Анхны нэг сая авдар бүтээгдэхүүнээ 2006 онд үйлдвэрлэснээс хойш ердөө хоёрхон жилийн дараа борлуулалтын хэмжээ дөрвөн сая авдарт хүрч, бизнес асар хурдацтайгаар өргөжин тэлсэн тул хуучин үйлдвэрийн байрнаасаа нүүж, одоогийн Амгалан дахь үйлдвэрээ ашиглалтад оруулсан.
Эргээд харахад бид үйлдвэрлэл эхэлснээс хойших нийт бүтээгдэхүүний хэмжээ 20, 30 дахин өссөн гайхалтай амжилтыг бүтээжээ. Бид 2002 онд 140 гаруй хүнтэй байсан бол одоо нийт 950 гаруй ажиллагсадтайгаар улсын төсөвт жилдээ 47 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Одоогоор ажлын нэг өдөр хурлаас хурлын хооронд үргэлжилж, миний оролцоо шаардлагатай газар зөвлөгөө өгөх журмаар өрнөж байна. Сүүлийн жилүүдэд ESG (Environmental, Social, Governance) чиглэлээрх ажлуудыг удирдан гүйцэтгэж байгаа. Хувийн зүгээс амжилттай хэрэгжсэн төслүүддээ тун сэтгэл хангалуун байгаа шүү.
Миний баримталдаг нэг зарчим бол удирдлагын зүгээс бусдадаа үлгэр жишээ үзүүлэх явдал. Би өөрөө үд дунд ажил дээрээ ирчхээд ажилтнуудаа цагтаа ир гэж шахвал ёс зүйгүй хэрэг. Ялангуяа зун ажлын ачаалал ихсэх үеэр хамгийн түрүүнд ирсэн байхыг хичээдэг.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Өнгөрсөн 20 жилийг тав, таваар нь хуваавал агуулга нь үргэлж өөрчлөгдөж. Хүн өсөж бойжиж буй үйл явцтай яг адил байжээ. Үйлдвэрлэлийн эхний жилүүдэд бүх ажилд ханцуй шамлан орохоос өөр аргагүй. Тэр цаг наргүй үед л байгууллагын соёл төлөвшиж, соёлыг хамтдаа эхнээс нь бүтээх учиртай.
Бүх ажил хүний бүтээмжээр хийгдэж байгаа учраас хүмүүстэйгээ хамт зэрэг ажиллаж байж л тэднийг бие даах түвшинд нь хүргэнэ. Өдөр тутмын үйл ажиллагаанд удирдлагын шууд оролцоо шаардлагагүй болох тэр тогтолцоог бий болгох нь миний гол зорилго. Үйлдвэрлэлийн эхний жилүүдэд чанар, стандартыг тогтоох нь хамгийн чухал. Кока-Колагийн дэлхийн стандартыг ажилтан тус бүрдээ ойлгуулах гэсэн үг.
Харин одоо үүнд санаа зовохоо больсон. Бидэнд 15 жилийн өмнө чухал байсан зүйл одоо өдөр тутмын дадал, ажлын салшгүй хэв маяг болсон байна. Тэр хүртэл үе шат болгондоо ажиллах хэв маяг өөрчлөгдөнө. Үүнийг дагаж өдрийн ажиллах агуулга хөрвөдөг.
Би одоо нэгээс хоёр долоо хоног эзгүй байсан ч ажил хэвийн үргэлжилнэ. Гэхдээ тэр хугацаанд хэн ямар түвшний шийдвэр гаргахыг бид хэдийн тодорхой болгосон учраас сэтгэл амар байгаа хэрэг. Гүйцэтгэх захирлын хувиар үйлдвэр дэх бүх нарийн технологийн үйл явцыг би мэдэх албагүй. Хамгийн чухал нь компани доторх бүх хүмүүс хөгжих ёстой. Би тэр хүмүүст итгэх ёстой. Ажил үүргээ сайн гүйцэтгэж, бие даахад нь туслах ёстой.


4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Сүүлийн үед хэрэгжүүлж буй “Хуванцрын хаягдалгүй дэлхий” кампанит ажлаа олон нийтэд таниулах, 3x3 сагсан бөмбөгийн мэдээллүүдийг хуваалцах зорилгоор фейсбүүк хуудсаа тогтмол ашиглаж байна. Өөр идэвхтэй ашигладаг апп бол Blinkist. Уншиж амжихгүй номынхоо товчлолыг гүйлгэж харах эсвэл замд сонсож болох давуу талтай.
Тайван намуухан орчинд байж тархиа амраамаар санагдсан үедээ Calm аппын тайвшруулах зориулалттай богино түүхүүдийг сонсож, тархиндаа төсөөлнө. Дарсны сонголт хийхдээ шошгыг уншуулахад амт, үнэлгээ, үнэ зэрэг бүх мэдээлэл нь гараад ирдэг Vivino гэх аппыг хэрэглэдэг. Дарсанд дуртай хүмүүст тун хэрэгцээтэй апп шүү.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Нэгдүгээрт, бусдын нүдэнд их ажилтай хүн шиг харагдаж, барин тавин янз бүрийн ажил руу үсчиж, эцэст нь алийг нь ч дуусгахгүй хаяснаас маш чухал, яаралтай ажлууддаа төвлөрөхийг хичээдэг. Их сургуулийн багш байх үеэс өөртөө хэвшүүлсэн дадал. Ажлыг эрэмбэлэх тун чухал. Бүтээмжтэй ажиллах суурь тэндээс л үүснэ.
Хоёрдугаарт, зорилго тодорхой бус хүсэж тэмүүлж байгаа үр дүндээ хүрэх итгэлгүй бол мянга ажлаа төлөвлөж, цаг хэмнэх талаар бодсоны ч хэрэггүй. Өмнөө тавьсан зорилгоо бодитоор хэрэгжсэн мэт өөртөө итгэн үнэмшүүлэх нь том зургаараа амьдралынхаа олон мянган цагийг хий дэмий өнгөрүүлэхээс сэргийлэх арга юм шүү.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Бусадтай адил Microsoft Оutlook дээр ажлуудаа хөтөлдөг. Гэхдээ энэ тал дээр сүрхий гэж өөрийгөө нэрлэж чадахгүй ээ (инээв). Үнэхээр чухал, яаралтай, үр дүнг нь толгой дотроо хэдийн бодитоор төсөөлсөн ажил бол толгойд ухамсаргүйгээр хадагдчихсан байдаг гэдэгт итгэдэг.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Алхалт бол тархи толгой сэргээдэг төдийгүй эрч хүч бэлэглэдэг тун энгийн дасгал. Айхтар идэвхтэй уул хадаар яваад байхгүй ч өдөртөө дөрвөн км орчим тогтмол алхана. Хэрвээ тоо нь гүйцээгүй бол гэр дотроо алхсаар байгаад 10 мянган алхмаа гүйцээж санаа амарна шүү дээ (инээв).
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Би Таван шарын 12-р сургуулийг төгссөн. Манай сургуулиас Монгол Улсын үе үеийн мундаг сагсчид төрөн гарснаараа алдартай. Тэр ч утгаар өөрөө тоглож сүйд болохгүй ч багаасаа л энэ спортод хайртай, шимтэн үзэх дуртай байлаа.
Анх 2005 онд манай залуус Спрайт брэндээрээ дамжуулан сагсан бөмбөгийн спортыг дэмжиж, хүүхэд залуусын дунд тэмцээн уралдаан зохиох санал гаргасан юм. Тэр үеэс бид Улаанбаатар хотын дүүрэг болгоны сагсны талбай тохижуулсан ч засвар үйлчилгээг нь хариуцах эзэнгүй байсан тул удалгүй тоногдоод бүтэлгүйтсэн. Энэ явдлаас сургамж авч, спортыг дэмжихийн тулд зөвхөн талбай тохижуулах хангалтгүй гэдгийг ойлгосон.
Улмаар гудамжны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлэлтэй Спрайт лигийг бид 2006 оноос хойш зохион байгуулсан нь сагсан бөмбөгийн 3x3 төрөл эрчимтэй хөгжих үндэс болж, Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпын дэвжээнд өрсөлдөх эрх авсан түүхэн үйл явдлын эхлэл болсон гэхэд буруудахгүй болов уу.

Манайд жилд дунджаар 10 мянга гаруй хүүхэд Спрайт лиг болон Спрайт 3x3 тэмцээнд оролцсон гэх судалгаа бий. Мэргэжлийн болон сонирхогчдын лигүүдэд яг одоо тоглож буй тамирчид дундаас Спрайт лигт тоглоогүй нэгнийг олно гэдэг бэрх.
Төв талбайд 2019 онд 3x3 сагсан бөмбөгийн 18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулж, араас нь FIBA 3x3 төрлийн 23 хүртэлх насны "U Nations LEAGUE" болон дэлхийн Гранпри тэмцээнийг зохион байгуулсан. Мөн 2017, 2018 онд гэхэд эрэгтэй шигшээ баг Ази тивийн аваргад хоёр жил дараалан финалд тоглож, мөнгөн медаль хүртсэн гайхалтай амжилтыг залуус сайн санаж байгаа биз ээ.
Бидний 16 жилийн турш уйгагүй дэмжсэн энэ ажил мэдээж Спрайт брэндийн сурталчилгааны ажлын нэг хэсэг байсан ч нөгөө талаас сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, нийтэд хүртээмжтэй болгох алсын хараатай байсныг тодотгох нь зүйтэй. Энэ зорилгодоо бид тодорхой хэмжээнд хүрч чадсан гэдэгтээ итгэлтэй байдаг шүү.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Кока-Кола бол цаг хугацааны уртад шалгарсан дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэнд. Тэгж чадсан нууц нь нэн тэргүүнд чанарыг эрхэмлэдэгт оршдог. Брэнд хүчтэй байхын цаана чанар, стандарт яригдана. Хэрэглэгчдэд амласан амлалт зөвхөн бүтээгдэхүүнээс гадна сав баглаа боодлоос эхлээд хүрээлэн буй орчинд ээлтэй үйлдвэрлэл, ёс зүй зэрэг биет бус маш олон хэсгүүдээс бүрддэгээрээ онцлог.
Бизнесийг үнэнч шударгаар эрхлэх, өглөө бүр тогтсон стандартаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ систем хүмүүсээс шууд хамааралтай. Дээр дурдсанчлан бидний 20 жилийн ажлын үр дүн бол тэр чигтээ хамт олны хичээл зүтгэл.
Өнгөрсөн 15 жилийн өмнө дөнгөж сургууль төгсөж ирээд ажилд орж байсан ажилтан маань гэхэд одоо 300, 400 хүн удирдаж, компанийнхаа нэг хэсгийг хариуцсан захирал болсон байна. Залуусыг компанийн соёлдоо уусган, төлөвшүүлж, хамтдаа карьер, хүсэл мөрөөдлийг нь илүү өндөр цэгт хүргэхээр тулж ажилладаг нь миний ажлын хамгийн бахархмаар хэсэг юм шиг.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Ирэх онд манай хамт олон хоёр шинэ брэнд болон шинэ жүүс, цайны шугамыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн “Хог хаягдалгүй дэлхий” уриан дор бүтээгдэхүүний сав баглаа боодлыг дахин боловсруулсан хуванцар ашиглан үйлдвэрлэхээр төлөвлөж буй.
Өөрөөр хэлбэл Bonaqua усны 4.5 литрээс бусад бүх савлагааг дахин боловсруулсан хуванцраар хийнэ. Энэ нь ирэх жилүүдэд үргэлжилж, оргилуун ундааны савыг дахин боловсруулах хуванцар руу үе шаттайгаар шилжүүлнэ. Ингээд 2030 он гэхэд нийт борлуулж байгаа ус, ундааны савны 50 хувь нь rPET буюу дахин боловсруулсан хуванцраар хийгдсэн байна. Энэ ажил тодорхой хэмжээнд хог хаягдлыг бууруулаад зогсохгүй хуванцрын хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах том алхмын эхлэл болж буй хэмээн хувьдаа олзуурхаж байгаа.




11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Суралцах арга барил хамгийн түрүүнд сонсохоос эхэлнэ. Анхаарлаа бүрэн хандуулж, сайн сонсогч байж чадвал бусдаас хурдан хугацаанд суралцах боломжтой.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?
Хүний сэтгэлийг хөглөж, үнэт зүйлийг нь хөндөж чаддагт дуу хөгжим, кино урлагийн гайхамшиг оршдог байх.
Киноны хувьд хамгийн түрүүнд "Apollo 13" кино санаанд бууж байна. Америкчууд сансар руу өөрсдийн хөлгийг нисгэхээр бэлдэж байх үеийн тухай кино. Үйл явдал буруугаар эргэж, хөлөг сүйрэх аюулд орох үед хүмүүсийн мөн чанар, үнэт зүйл хэрхэн ялгарч буйг харуулдгаараа тун сонгодог бүтээл юм.
Ажил мэргэжлийн нөлөөгөөр ширээн дээр манлайлал, оюуны чадамжийн тухай номууд түлхүү бий. Харин цаг гарвал түүхэн бүтээлүүд шимтэн уншина шүү. Хүүхэд байхдаа Лха.Дарьсүрэнгийн "Онцгой эрх" романыг уншиж, тагнуулчдын эр зориг, авхаалж самбаа, ур чадварыг дуу алдан гайхаж байснаа тодхон санаж байна. Тухайн үедээ зургаан төгрөгөөр худалдаанд гараад төд удалгүй 60 төгрөгөөр ч билүү буцааж худалдан авч байсан адармаатай түүх туулсан бүтээл юм.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Хэрэв хамтран ажиллаж байгаа хүнтэйгээ санал бодол нийлэхгүй, зөвшилцөлд хүрэхгүй бол түүнийгээ тойруулахгүйгээр шулуухан хэлсэн нь дээр. Тодорхой шийдгүй нөхцөл байдал бол ажлыг хойш зулгаадаг аюултай. Энэ зөвлөгөөг хэн нэгний амнаас яг таг сонсож байгаагүй ч салбар бүрийн олон чадварлаг хүмүүстэй ажиллах явцад тэдний арга барилаас өөрт хэвшүүлсэн дадал, дотроо санаж явдаг зарчим болчоод үлдэж.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Юу хүсэж байгаагаа бодитоор төсөөл, толгой дотроо зурагла. Зорилготой бай. Зорилго бол хүний амьдралын турш баяжиж, өөрчлөгдөн хувьсаж байдаг эд. Гэхдээ түүнд хүрэх явц бэрхшээлээр дүүрэн байх тул тууштай байгаарай л гэж зөвлөе.


Сэтгэгдэл бичих (5)


F Fabien 2023.01.21 197.234.221.158
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, танд санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: fabienalicio@gmail.com
М Мандах 2022.12.23 202.9.40.170
Менёжмент сайтай хөдөлмөрч баг дэлхийн нэртэй брендийг монголд нэвтрүүлсэнд баяртай бхйна. Ажил сайн байх нь удирдлагын арга барилтай холбоотой .энэ брендийг эрүүл мэндийн талаар ясны сийрэгжилтийг их болгодог гэж эрүүл мэндийн мэдээллээр сонсож байсан. Та бүхэн энэ брендтэй дүйцэхүүц эрүүл мэндэд ашигтай монгол брендийг гаргавал чадна даа. Бодолцоорой. Баярлалаа
О Отгон 2022.12.22 202.9.46.58
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндийг улс орондоо үйлдвэрлэж бидний өдөр тутмын хэрэглээ болгоно гэдэг үнэхээр хамт олны хичээл зүтгэл нөр их хөдөлмөрийн үр дүн юм даа. Сайхан ярилцлага болж та бүхэнд амжилт хүсье
З Зочин 2022.12.22 45.117.35.7
анх 50-ын ундаа уудаг байхад 150 ундаа шүлс асгаруулдаг байж билээ. 50 ын ундаа 80 ч байлуу. 3 шил тушаагаад мөнгөөр нь 150-ын ундааг авдаг ч байлуу. Ер нь л хүрч болохгүй өндөрлөгт байсан ундааг нэлээд доош газар луу буулгасан шүү.
З Зочин 2022.12.21 103.119.92.253
Монголын шилдэг бизнес менежерийн нэгийг оролцуулжээ Unread.today!! Компаниа 18 жил тогтвортой удирдсан гэдэг сонирхолтой юм.