Энэ удаагийн дугаартаа Монголын бизнесийн зөвлөл (BCM), “Вагнер Ази Автомотив”-ийн захирал асан, хэд хэдэн стартап бизнесээ амжилттай удирдаж яваа Ч.Мэргэнийг урьж ярилцлаа. Тэрээр АНУ-ын Колорадо мужийн их сургуулийг мэдээллийн систем, санхүүгийн менежмент, энтрепренершипийн чиглэлээр дүүргэснээсээ хойш бизнес эрхлэхийн сацуу "Growth Summit" тэргүүтэй олон арван форум, өргөн цар хүрээтэй сургалтуудыг зохион байгуулан Монголын бизнесмэнүүдийг олон улсын хөрөнгө оруулагчидтай холбох гүүр болж иржээ. Манай улсын инновац, гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэхэд хүч хөдөлмөрөө зориулж яваа түүний ажлын арга барилтай танилцана уу.

Байршил: СБД, 1-р хороо, Жамъян гүний гудамж, 5/3
Эрхэлдэг ажил: “Тогтох трейд” компанийн гүйцэтгэх захирал, “Exponential Partners” компанийн үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 11 Pro
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудсууд: Mergen Chuluun (LinkedIn), Mergen Chuluun (Instagram), @MergenChuluun (Twitter)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

14 настайдаа сонин тараагч хийсэн нь миний анхны ажил юм уу даа. Карьераа эхлүүлснээс хойш төрөл бүрийн салбарт ажиллаж, 3-5 жил болоод ажил, чиглэлээ өөрчилж ирсэн. АНУ-ын Колорадо мужийн их сургуулийг мэдээллийн системийн чиглэлээр төгсөөд, үргэлжлүүлэн санхүүгийн менежмент, энтрепренерчлэлийн чиглэлээр суралцсан. 2003-2007 онд таван тэрбум, 130 сая ам.долларын орлоготой ажилладаг компаниудад санхүүгийн шинжээчээр ажиллаж, бизнесийнх нь ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилго бүхий тайлан тооцооллыг гарган, төсөл хэрэгжүүлдэг байлаа. 2007 онд АНУ-аас Монголдоо ирж, “Цахиур” ХХК-ийн охин компани болох “Свийт рөүд”- ийг байгуулалцсан. Нэг жил ажиллая гэж ирээд 14 жил болж байна (инээв). Багагүй хүч хөдөлмөр зарцуулж авсан GMAT-ийн 730 оноогоо ашиглаж чадаагүй. 2008 онд Монголын анхны интернэт маркетинг, вэб хөгжүүлэлтийн агентлаг “Вэб гүрү”-г байгуулж, тун боломжийн ажиллаж байсан ч 2011 онд түр хаагаад “Вагнер Ази Автомотив”-ийн захирлаар ажиллах болсон. Бодлогын түвшинд илүү ойртож, бизнесийн орчныг сайжруулах хүслийнхээ дагуу 2016 оноос Монголын бизнесийн зөвлөл (BCM)-ийн захирал болсон. Уг албыг хашсан хоёр жилийн хугацаанд багаараа 15 томоохон хуулийн төсөлд санал оруулж, маш үр дүнтэй ажилласан шүү. Дараа нь хувийн бизнестээ төвлөрөхөөр шийдэж, одоог хүртэл “Тогтох трейд” компанийнхаа үйл ажиллагааг удирдан явуулж байна. Сүүлийн гурван жилд янз бүрийн л бизнес эхлүүлж, оролцож явна. Тухайлбал, GER органик дэлгүүр. Өнгөрсөн онд байгуулсан, хөрөнгө оруулалтын зуучлал, консалтингийн “Exponential Partners” компанийнхаа үйл ажиллагааг 2021 онд технологи, инновацид чиглүүлэхээр төлөвлөөд байна. 2019 онд Growth Summit-ийг зохион байгуулж, 700 орчим захирлуудыг уулзуулсан. Удаах жил нь цахим хэлбэрээр явагдахад олон улсын 70 гаруй хөрөнгө оруулагчид оролцсон. Монголын залуус дэлхийн хэмжээний бизнестэй болоосой гэж хүсэж, түүний төлөө хөдөлмөрлөж явна даа.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Хөл хорионы үед бол хэлбэлзэл ихтэй, амаргүй байна. Энгийн үед бол тогтмол 6.00-6.30 цагийн хооронд босоод 30-40 минут суниах, дугуй унах, хүндийг өргөх зэргээр дасгал хийдэг. Дулаан улиралд өглөөдөө гарч гүйнэ. 2009 оноос хойш өглөөдөө 15-30 минут бясалгал хийж заншсан. Дасгал, бясалгалаа дутуу хийсэн, бүрэн хийсэн өдөр газар, тэнгэр шиг л ялгаатай. Өдрийг тайван эхлүүлэх нь миний хувьд их чухал байдаг. Ажил дээрээ 9 цаг дөхүүлж ирээд шуурхай хурал хийнэ. Багаараа цугламагц хүн бүр өнөөдөр юун дээр ажиллах гэж байгаа, тулгамдаж буй бэрхшээлээ товчхон ярьдаг. 11 цаг хүртэл төвлөрч суухыг шаардсан ажлуудаа хийгээд үдээс хойш багаараа хийх ажлууд руугаа орно. Бараг өдөр бүр гаднын хамтрагчидтайгаа ярилцах хэрэгцээтэй байдаг учраас заримдаа цагийн зөрүүгээс шалтгаалаа орой үдшээр залгах хэрэг гарна. Тийм дуудлагуудаа ихэвчлэн долоо хоногийн сүүлээр, болж өгвөл пүрэв гарагт ч юм уу тааруулахыг хичээдэг. Даваа, мягмарт хэт орой болтол ажиллахаар нийт долоо хоногийн бүтээмж буурах талтай.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Би гэр бүлийн бизнес, стартап, олон улсын корпораци гээд л янз бүр компанид, өөр өөр соёлд орж ажиллаж үзсэн. Ажиглаад байхнээ, аль ч байгууллагад дор дороо хариуцсан ажлаа сайн хийх, ингэхдээ ажлаа аль болох системжүүлж, гүйцэтгэлийн үнэлгээ буюу KPI-иа тодорхой байлгах нь чухал юм билээ. Ажилтнуудтайгаа тогтмол ганцаарчлан уулзаж хэвшсэн. Формат нь гэвэл, нэг цаг уулзахдаа 30 минутад нь ажил яриад, үлдсэн 30 минутад нь тэр хүний санаа бодлыг сонсож, өсөлт, хөгжлийнх нь талаар ярилцдаг.

Алсын хараа тун чухал шүү. Жилийн зорилго гэхээр хүмүүс олон зүйл биччихдэг. Гэтэл тэр бүгдийг биелүүлэх хэцүү. Марк Зукерберг гэхэд жилд ганц л зорилго тавьдаг байх жишээтэй. Хүмүүс хангалттай том зорилго тавьдаггүй юм шиг. Хүн зорилгоо тодорхойлчих юм бол хорвоо ертөнц түүнийг нь бүтээхийн төлөө хуйвалдана гэдэг шүү дээ. Манай компани их том зорилгын төлөө ажиллаж байгаа. Олон улсын харилцагчдын сүлжээ маань маш өргөн учраас зорилгодоо хүрэхэд харьцангуй дөхөм байх болов уу.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Бусдын л адил Google calendar, Notes-ийг ашиглана. Kindle дээрээ ном уншиж, Audible-аар ном сонсдог. Шөнө унтаж чадахгүй байгаа үед нэн ялангуяа их тустай. Ихэвчлэн гаднын подкастууд сонсдог. Ойрд “Robin Hood Financial”-ийн Snacks Daily-ийг сонсож байна. Economist, Smarter Markets бас их таалагддаг. YPO-ийн 10 minute Tips From The Top гэж сайн подкаст мөн бий. Positive intelligence (эерэг сэтгэмж)-ийг хөгжүүлдэг PQ гэж аппликэйшн, UBcab-ийг байнга ашигладаг. Олон нийтийн сүлжээний аппликэйшнүүдийг мөн ашиглана.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Юу хамгийн чухал вэ гэдгийг тодорхойлж, эрэмбэ дараагаар нь хийхийг цаг хэмнэх хамгийн сайн арга гэж боддог. Олон юм амжуулах гэхээс илүү хамгийн чухал гэсэн 1-3 ажлыг чанартай хийх нь хавьгүй үр дүнтэй. Нойр бүтэн явах бас их чухал.

Calendly-гаар онлайн уулзалтуудаа товлочихдог болохоор амар. Гэхдээ үнэхээр уулзалт хийх шаардлагатай юу, хэдэн минут байхад болох вэ гэж сайтар боддог. Эхний удаагийн уулзалт холбоо тогтоож, ойлголцолд хүрэх чухал аж холбогдолтой учраас яаруулах гэдэггүй. Үр бүтээлтэй ажиллана гээд л хэт яарч, олон зүйл зэрэг амжуулах гэх хэрэггүй гэж итгэдэг дээ.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Маргаашийнхаа төлөвлөгөө, хийх ажлаа өмнөх өдөр нь жагсааж дэвтэрт бичдэг. Ингэхдээ to-do list, quickies гэж хоёр хуваана. Хэн нэгэнтэй утсаар ярих ч юм уу, амжуулах хэрэгтэй жижиг ажлуудаа гялс хийчих зүйлс буюу “qiuckies”-тээ оруулна. Хийх ажлын жагсаалтдаа ихэвчлэн 5-10 зүйл бичээд 2-3-ынх нь хажууд од зурж онцолдог. Долоо хоног болгон зорилт, гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтээ тодорхойлж бичдэг бол өдөр болгон бясалгал хийхдээ өөрийгөө дүгнэнэ.

Дэлгэц хүний энергийг сороод байх шиг санагддаг. Бас хүнийг хайрцаглачихдаг шиг. Нүдэнд харагдахгүй байлаа ч гэсэн мөр үргэлж байдаг болохоор түүнд хүссэн хүсээгүй баригдана. Дэвтэрт бол зурсан ч болно, хүссэнээрээ чөлөөтэй, тайван бичдэг учраас нэг талын бясалгал болдог.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Сагс тоглож алжаалаа тайлдаг. Найзуудтайгаа уулзах бас их сайхан. Аялах дуртай учраас жилд наанадаж нэг удаа гэр бүлээрээ аль нэг улс руу аялдаг. Монголынхоо сайхан газруудыг бас үзэхийг хичээнэ. Ууланд алхах дуртай. Өнгөрсөн жил ферм авж, 10 төрлийн ногоо тариад зунжин түүнтэйгээ “үзэлцлээ”. Ажиллах хүн олох амаргүй юм билээ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Оюутан цагаасаа сайн дурын ажилд идэвхтэй оролцож ирсэн. Арваад жил “Улаанбаатар Ротари клуб”-ийн гишүүн байлаа. Бид клубээрээ сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 100 гаруй төсөл хэрэгжүүлсэн. Одоогоор шинэхэн компани авч яваагийн дээр Ковидтой холбоотойгоор цаг зарцуулах боломж хомс байгаа тул сайн дурын ажилд барагтай оролцохгүй байгаа. Дэлхийн 140 орны 29 мянган бизнесийн манлайлагчдыг нэгтгэсэн, хамгийн нэр хүндтэй CEO байгууллага болох Young Presidents’ Organization (YPO)-д мөн идэвхтэй оролцож, хөрөнгө босгох чиглэлээр зөвлөмж өгдөг “YPO Deal RAISE”-ийнх нь ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Үүнээс өмнө, "YPO Entrepreneurship & Innovation Network"-ийн ТУЗ-д байхдаа нэг жил Азийн бүсийг хариуцдаг (Asia Super Region Chair) байлаа. Түүнчлэн "International Deal Gateway" хэмээх, блокчейнд суурилсан, 100 орны 7000 гаруй хөрөнгө оруулагчдыг нэгтгэсэн байгууллагын Ази дахь итгэмжит төлөөлөгч.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Манай бизнесийн хувьд хөгжлийн маш олон хувилбар, боломж харагдаж буй нь сул тал юм даа. Төлөвлөхөд бэрхшээлтэй байдгийн учир энэ. Сарын дараа удаах төсөл энэ гээд тэс хөндлөн юм хийж байж мэдэхээр байгаа юм (инээв). Консалтинг соёл сайн суугаагүй болохоор үнэлэмжийн хувьд дутагдалтай. Иймд бид өөр ажлуудад илүү анхаарч байна. Монголд боломж маш их бий. Өндөр цалин аваад аль нэг компанид захирлаар ажиллаж болох ч татгалзсаны учир нь энэ юм. Өөрийнхөө сонирхлыг дагаж, хүссэн салбартаа хувь нэмрээ оруулах хэчнээн сайхан. Монголынхоо стартап, инновацын экосистемд байхгүй, байх ёстой зүйлсийг оруулж ирж буйдаа баяртай байгаа. Ирэх жил олон улсын хөрөнгө оруулалтын сан оруулж ирэхээр судалж байна.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

2017, 2019 онд оруулж ирэх гэж байгаад түр зогсоочихсон байсан хоёр төслөө эхлүүлсэн. Нэг нь дэлхийн хамгийн том стартап танилцуулах (startup pitch) арга хэмжээ болох Startup World Cup юм. Энэхүү тэмцээний Монголын бүсийн тэмцээнийг манай “Exponential Partners” 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай сантай хамтран зохион байгуулж байгаа. Монголоос төрсөн нэг стартап Цахиурын хөндийд очиж, сая долларын хөрөнгө оруулалт авахын төлөө өрсөлдөнө гэдэг маш сайхан хэрэг. Очсон хойно технологийн томоохон байгууллагуудын төлөөлөл, хөрөнгө оруулагчид, хурдасгуур хөтөлбөрүүдийнхэнтэй уулзах маш олон боломж тохиох юм. Бусад 60 бүсийн тэмцээний ялагчидтай мөн танилцана. Нөгөө төсөл нь гэвэл, “Founder Institute” гээд дэлхийн хамгийн том pre-seed accelerator буюу анхан шатны хурдасгуур хөтөлбөр юм. Үүсгэн байгуулагч болох хүсэл мөрөөдөлтэй, эсхүл анхан шатны бүтээгдэхүүнээ борлуулж эхлээд удаагүй хүмүүс оролцож, 14 долоо хоногийн дараа санаа нь амжилт олох хэр боломжтой, орлогын, бизнес загвар нь ямар байх вэ гэдгийг тодорхойлоод, стартапаа дэлхийн жишгийн дагуу байгуулаад, борлуулалтаа эхлүүлээд гардаг. 2009 оноос хойш дэлхийн 90 улсын 200 гаруй хотод хэрэгжиж, хэд хэдэн “tech unicorn” бий болгож чадсан, бодит үр дүнд хүргэдэг энэ хөтөлбөр Монголд тавдугаар сарын 18-наас наймдугаар сарын 31-нд хэрэгжинэ.

“Exponential Partners” компани маань 2030 он гэхэд Монголоос “unicorn” буюу нэг тэрбум ам.долларын үнэлгээтэй, технологид суурилсан стартап бий болоход хувь нэмрээ оруулна гэж зорьж буй. Өнөөгийн байдлаар олон улсад асар амжилттай, өндөр үнэлгээнд хүрсэн технологийн монгол компани хараахан бий болоогүй байгаа нь зарим талаар дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоо тогтоож, зохих нөү-хауг хэрэгжүүлж чадахгүй байгаатай холбоотой гэж үзэж байгаа. Энэ тал дээр бид тусалж чадна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Бөмбөрцгийн шилдэг бизнесмэн, удирдагчидтай холбоотой байж, эвэнтүүд зохион байгуулна гэдэг тасралтгүй суралцах үйл явц. Өнгөрсөн намар Европоос тэргүүлэх мэргэжилтнүүдийг урьж авчраад Монголын 10 компанид “scaling up” сургалт явуулсан. Биширч хүндэлдэг хүмүүсийнхээ номыг орчуулах бол суралцах бас нэг арга юм. Питэр Ф.Дракерийн “The Daily Drucker”, Вэрнэ Харнишийн “Scaling Up”-ийг орчуулсан. Өөрөөсөө илүү мэдлэг чадвартай хүмүүсээс цаг үргэлж зөвлөгөө авч, ярилцахыг эрмэлздэг. 2009 онд “Mongolia Business” гээд подкаст англи хэл дээр хөтлөн явуулж, хоёр жилийн хугацаанд 40 орчим дугаар гаргаж байлаа.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Ойрд уншсанаас гэвэл Жэймс Клирийн “Atomic Habits”-ийг зөвлөмөөр байна. “Audible”-ээс Жорж Оруэллийн “1984”-ийг саяхан сонссон. “Амьтны ферм”-ийг нь ч гэсэн эргэн эргэн уншиж байгаа. Өөр уншиж байгаа ном гэвэл “Goodbye, Things: The New Japanese Minimalism” бий. Энэ жил нийтдээ 50 ном унших зорилттой.

Би адал явдал, тулаант кинонд дуртай. Сүүлд үзсэн киноноос “Netflix”-ийн “Love Death + Robots” гэдэг цуврал үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлсэн. Түүнийг үзээрэй гэж зөвлөе. Машин барьж явахдаа сонгодог хөгжим сонсох дуртай бол сүүлийн үед Clubhouse апп орж, салбарын болон өөрийгөө хөгжүүлэх сэдэвт хэлэлцүүлгүүдийг сонсож байгаа.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Талийгч өвөө маань хүнд нөхөж болохгүй нэг л зүйл байдаг, тэр бол цаг хугацаа гэж хэлдэг байсан. Бага ахуйгаас минь зөвлөж, ментор болж ирсэн Дэвид гэдэг эрхэм “Хүн болгон 24 цагтай” гэж хэлснийг мартдаггүй. Аав нь архи уудаг, ар гэрийн амьдрал нь маш хэцүү нөхцөлд өсөж хүмүүжээд асар өндөр амжилтад хүрсэн хүн. Завгүй хэр нь залгахад цаг гаргадаг, бусдын цагийг чинхүү эрхэмлэж хүндэтгэдэг. Дэвид “Шийдвэр бүхэн, үйлдэл болгон үр дагавартай” хэмээн сургадаг байж билээ. Буруу зүйлд орохоос татгалзаж, зөв замыг сонгож явахад минь хувь нэмэр оруулсан болов уу хэмээн баярлаж, цаг үргэлж бодож явдаг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Бэлэнчилсэн сэтгэлгээнээс аль болох хол байгаарай. Бүгдээрээ эерэг өөрчлөлтийг хамтдаа бүтээе гэж хэлмээр байна. Сайхан зүйлс ярих хүн олон ч яг цагаа тулахаар хувиа хичээх нь түгээмэл. Гурван саюулаа хичээвэл бид гайхалтай хөгжлийг бүтээж чадна. Бүгд нэг зүгт харж, хөдөлмөрлөж чадвал шүү дээ.