“Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагадаа бид энэ удаад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг урилаа. Монголд томилогдон ирснээс хойших 20 сарын хугацаанд тэрээр үйл хэрэг, элгэмсүү хандлагаараа эрхгүй ялгарч, салбар салбарт хүрч ажиллан олны хүндлэл хүлээгээд буй. Тэрээр Монголд томилогдохоосоо өмнө Манила, Астана, Москва дахь АНУ-ын ЭСЯ-нд удирдах албан тушаал хашиж байсны зэрэгцээ Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Оросын асуудал эрхэлсэн захирлаар ажиллаж байсан, тун сонирхолтой ажил мэргэжлийн замналтай хүн юм. Болгооно уу.

Байршил: СБД, 1-р хороо, Star Apartments
Эрхэлдэг ажил: АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд
Хэрэглэдэг гар утас: iPhone 8
Сошиал хуудсууд: @USAmbMongolia (Твиттер)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

АНУ-ын Төрийн департаментад 30 гаруй жил ажиллаж байна. Манай дипломатууд ихэвчлэн олон оронд шилжиж ажилладаг бол би харьцангуй өвөрмөц замналаар явж ирсэн гэх үү дээ. ЗХУ/ОХУ-д дөрвөн удаа, Филиппинд гурван удаа алба хашсан. Казахстан, Польш, Ирак, Швейцарт мөн ажиллаж байлаа. Орост зургаан жил ажиллаж ирээд Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Оросын асуудал эрхэлсэн захирлаар ажилласан нэг жил үнэхээр сонирхолтой байсан юм байна. Ер нь ажил амьдрал маань Оростой багагүй холбоотой. Үргэлж л сонирхож, судалж ирсэн. Оюутан ахуйдаа Ленинградын улсын их сургуульд мөн нэг жил суралцаж байлаа. Орос бол АНУ-ын гадаад бодлогын хувьд хамгийн чухал улсуудын нэг. Би польш гаралтай, польш хэлтэй учир орос хэлийг харьцангуй хялбархан сурсан. Нэг славян хэл мэддэг байхад нөгөөг нь сурах тийм ч хэцүү биш. Боловсролын тухайд, бакалавраа Жоржтауны их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр эзэмшиж, Колумбийн их сургуульд магистрын зэргээ хамгаалсан.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөөг Вашингтонтой мэдээлэл солилцохоор эхлүүлдэг. Бодлогын шинж чанартай ажил учир мэдлэг, мэдээлэл сайтай байх хэрэгтэй. Элчин сайд улсынхаа нүүр царай болдог учраас олон нийтийн дунд гарч, арга хэмжээнд оролцох шаардлага байнга гарна. Би олны өмнө үг хэлэх боломжийг алдахгүй байхыг хичээдэг. Бид юуны төлөө ажиллаж байна, юуг чухалчилж байна гэдгээ илэрхийлэх боломж шүү дээ. Өглөөгүүр ямар нэг албан арга хэмжээ, ёслолд оролцдог бол өдрийг ЭСЯ дээрээ өнгөрөөнө. Багаараа зөв чигт хандаж яваа эсэхийг ерөнхийд нь харж хянаж, чиглүүлэх нь элчин сайдын үүрэг. Манай ЭСЯ тун чадварлаг, сайн багтай. Оройдоо урлаг соёлын ямар нэг арга хэмжээнд оролцоно, үзэсгэлэн үзнэ. Миний дурлаж хийдэг зүйл л дээ. Ойрын үед нойр авахын ач холбогдлыг анхаарч, сайн унтаж амрах, дасгал хийх тал дээр их хичээж байгаа. Хүү маань “Аав, та хангалттай дасгал хөдөлгөөн хийхгүй байна шүү” гээд л утсаар, имэйлээр сануулсаар аавыгаа сургаж байна даа.


3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Би хаа ч алба хашлаа гэсэн, тухайн улсаа аль болох нэвтэрхий таньж мэдэхийг чухалчилдаг. Мэдээж ихийг уншина, гэхдээ гарч, тойрч явж, биечлэн мэдэрч, таних нь дутуугүй чухал. Хагас, бүтэн сайнгүй хотоор явж, газар нутаг үзэж, төрөл бүрийн хүмүүстэй уулзаж танилцдаг. Ингэвэл дипломат ажил урагшилна, өөрт ч зугаатай сайхан. ЭСЯ-ны америкчууддаа ч хэлдэг юм, байгаа улсынхаа тухай мэдэх боломж гарч л байвал хэзээ ч битгий хойш суу гэж. Хэдий чинээ сайн таньж мэднэ, санал нийлэх зүйлс төдий чинээ гарч ирнэ. Энэ чинь л дипломатчийн зорилго шүү дээ.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Утсаа, твиттер, фэйсбүүк байнга ашиглана. Техникийн тал дээр үнэнийг хэлэхэд тийм ч сайн биш. Zoom, Webex бас тогтмол ашигладаг, Ковид-той энэ цаг үед бол бүр ч их. Долоо хоногт дор хаяж нэг удаа Клеческигийн гэр бүлийн таван хүн видео дуудлага хийж байгаа. Ковид гарахаас өмнө яг хэзээ ингэж бөөнөөрөө нэг дор цугласнаа санахгүй байна. Тэгэхээр хоржоонтой ч гэлээ Ковид манай гэр бүлийг лав нэгтгэсэн л байна.

Сонин, тэр дундаа “New York Times”-ийг байнга уншина. Элчин сайд болохоор улсынхаа тухай өргөн мэдээлэлтэй байх хэрэгтэй гээд хоолны хэсгийг нь хүртэл уншина (инээв). Интернэтээр сонин сэтгүүл, судалгааны байгууллагуудын товхимлыг олж унших тун хялбархан болж байна.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Сунжирсан уулзалтууд хийхгүйн тулд эхэнд нь энэ уулзалтаар яг ямар үр дүнд хүрэх хэрэгтэйг бодож, анхаарлаа түүндээ бүрэн төвлөрүүлдэг. Урт хугацаанд ажлыг, багийг илүү үр бүтээмжтэй болгодог нэг арга бий. Тэр бол хүмүүсийнхээ байр байдлыг сайтар анзаарах юм. Би өдөр бүр ЭСЯ-аараа тойрч, хэлтэс хэсгүүдээр орж хүмүүстэйгээ уулздаг. Өдөр бүр бүх албан тасалгаанд ордог гэсэн үг биш л дээ. Ямар нэг асуудал бий бол эртхэн мэдэх нь дээр. Ямар нэгэн зүйл болохгүй, бүтэхгүй байгааг хүмүүс тэр бүр хэлэхгүй ч заримдаа мэдрэгддэг. ЭСЯ дотроо эерэг дулаан уур амьсгалтай байхаас чухал зүйл гэж үгүй. Уг нь энэ бол ЭСЯ-ны дэд тэргүүний хийдэг ажил л даа. Би урьд нь тэр албыг хоёр ч газар хашсан учир багийн уур амьсгалыг анхаарч зохицуулаад бүр сурчихжээ.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Би хийх ажлын жагсаалтаа оройдоо компьютер дээрээ гаргадаг. Түүнийгээ TODO (to-do) гэж нэрлэдэг. “The Wizard of Oz”-ийн Тотог (нохой) санагдуулдаг юм. Бас цаасан дээр тэмдэглээд жижиг ном дотор хавчуулах нь бий. Гэхдээ компьютер нь илүү үр дүнтэй байдаг. Уулзалт, төлөвлөгөөгөө мартах нь барагтай үгүй шүү.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Ядарсан үедээ гарч алхдаг. Ёстой хаашаа л бол хаашаа алхана даа. Өнгөрсөн амралтын өдөр Бөхийн өргөөний хажуугаар гарч байтал баахан хүмүүс байхаар нь ямар нэг сонирхолтой арга хэмжээ болох юм байна гээд орж тасалбар аваад бөхийн барилдаан үзсэн.

Ажилдаа ядарч, тэвдсэн үедээ Роберт Фростын “A Time to Talk” шүлгийг уншиж тайвширдаг. Өрөөний маань ханан дээр хадаастай бий. Энэ шүлэгт нэг фермер талбай дээрээ ажиллаж байтал зам дээр алхаж явсан хүн түүнтэй ярих гэдэг тухай гардаг юм. Тэр түүнд үгүй гэж хэлдэггүй, харин ч зээтүүгээ тавиад очиж түүнтэй ярилцдаг.

Ер нь Улаанбаатарыг гайгүй сайн мэддэг болсон шүү. Гандантэгчэнлин хийдээс уруудаад Энх тайвны өргөн чөлөө хүрэх гудамжийг Занабазарын гудамж гэдэг дээ, би тэр дагуух олон хийдийн бүгдэд нь орж үзсэн. Хааяа “Нарантуул” орно. Нэг хүн Нарантуулын ойролцоо хийд баригдсан гэж яриад, би нэг өдөр очиж хайлаа. Олохгүй явсаар Нарны гудамж дагуу алхаад Гэгээн Питер, Паулын цогчин дуганд хүрч очсон. Би сүм хийдүүдийг үзэж сонирхох их дуртай. Заримдаа англи хэлтэй лам хувраг таарна. Тэр үед Буддын шашны тухай олон шинэ зүйл мэдэж авдаг.

A Time to Talk

When a friend calls to me from the road
And slows his horse to a meaning walk,
I don’t stand still and look around
On all the hills I haven’t hoed,
And shout from where I am, What is it?
No, not as there is a time to talk.
I thrust my hoe in the mellow ground,
Blade-end up and five feet tall,
And plod: I go up to the stone wall
For a friendly visit.

Robert Frost

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Сүүлийн үед бичихийг оролдож байгаа. Одоохондоо бичсэн зүйлсээ хүүхдүүддээ л уншуулдаг. Хэзээ нэг өдөр шүлэг бичих бодол бий. Ойрд яруу найраг шимтэн уншиж байна. Сая америк найрагч Нобелийн шагнал авсан шүү дээ. Монголын яруу найрагчдыг бас уншдаг. Даанч орчуулгад нь тэр бүр итгэлтэй байж чаддаггүй.


9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Давуу талыг нь яривал барагдахгүй дээ. Юун түрүүнд, үргэлж шинэ соёлыг таньж мэдэж, мэддэг нэгийгээ ч өөртөө дахин нээж байдаг нь юм болов уу. Бас сонин содон олон улстай учирдаг. Түүх бүтээгчидтэй уулзах тохиол ч зөндөө таарна. Бэрхшээл гэвэл, хоёр гурван жил болоод л шилжиж явах болдог нь юм. Гунигтай шүү. Би хүмүүстэй ойр харилцдаг, баяртай гэж хэлэх дургүй хүн болохоор бүр ч хэцүү санагддаг байх. Хүүхдүүд бага байхад бол мэдээж ойлгомжтой, шилжих бүрд шинэ орчин, шинэ сургууль. Гэхдээ тэр хэрээр сайн сайхан хүмүүстэй учирч, шинэ зүйлс мэдэх учир энэ бол нэг бодлын давуу тал юм. Би их сайхан ажилтай хүн.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

АНУ-Монгол улсын харилцаа их өргөн хүрээтэй. ЭСЯ маань чиглэл чиглэлийн олон төсөл дээр ажиллаж байна. Зарим нь хэрэгжиж эхлээд удсан хөтөлбөрүүд бол нэлээд хэсэг нь өнгөрсөн зун манай хоёр улс стратегийн түншлэл байгуулснаас хойш хэрэгжиж эхэлсэн төслүүд юм. Үүнээс өмнө АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын санхүүжилттэй Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр (Mongolia Water Compact) хэмээх нүсэр төслийг эхлүүлээд байлаа. Улаанбаатарын цэвэр усны хангамжийг 80 хувиар нэмэгдүүлж, нийслэлийн зангилаа асуудлуудын нэгийг шийдэхээр зорьж байгаа энэ хөтөлбөр аль аль талдаа гойд чухал.

АНУ-Монгол Улсын хамтын ажиллагааны хүрээний ажлуудыг дөрвөн чиглэлд хувааж үзэж болох юм. Эхнийх нь эдийн засгийн чиглэл: АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн BEST хэмээх, өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн, 15 сая ам.долларын төсөлд их ач холбогдол өгч байгаа. Жижиг бизнесүүдийг дэмжих зорилготой энэ төслийг орон даяар үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарна. Хүмүүс энэ тухайд ам сайтай байгаа. Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (FATF)-ын тавьсан шаардлагатай холбогдох арга хэмжээг маш богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, саарал жагсаалтаас гарч чадлаа. Энэ тал дээр үзүүлсэн дэмжлэг маань үр дүнгээ өгсөнд баяртай байна.

Хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй ажлуудыг дурдах нь зүй. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI), Мансууруулах бодистой тэмцэх газар (DEA)-ын мэргэжилтнүүд Монголд ирж, мансууруулах бодисын хууль бус хэрэглээний асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Монголын цагдаагийн байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлэх болсонд би тун сэтгэл хангалуун байгаа. Цар тахлаас үүдэлтэй хязгаарлалт дуусгавар болохоор энэ төсөл маань эхэлнэ.

Монголын хууль сахиулах байгууллагуудад мөрдөн шалгах болон шүүх эмнэлгийн шинжилгээний төхөөрөмж нийлүүлэх төсөл удахгүй хэрэгжих гэж байна. Гурав дахь чиглэл нь ардчилал, хуулийн засаглал бөгөөд энэ хүрээнд, хүүхэд худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжих зорилгоор 5 сая ам.долларын санхүүжилттэй нэг төслөө өчигдөрхөн эхлүүллээ.

Өөр нэгэн чухал чиглэл бол иргэд хоорондын харилцаа. Энэ хүрээнд маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнээс, Дархан хотод Америкийн соёл мэдээллийн төв нээх гэж байгаагаа онцлон дурдмаар байна. Монголчууд англи хэл сайн сурах эрмэлзэлтэйг мэдэх тул англи хэлний сургалтыг сайжруулахад хүч хаяж ажиллаж байна даа.


11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Бусдаас суралцдаг. Ер нь юм бүхнийг сонирхож, анхаарч явдаг даа. Нэг удаа манай нэг танил монгол загасчин америк загасчдыг дагуулж ирсэн юм. Тэгтэл нэг нь нэртэй загасчин байж таарсан. Тэр надад сонгодог загасчлалын тухай номууд бэлэглэх жишээтэй. Энэ мэтчилэн төрөл бүрийн салбарын, төрөл бүрийн мэргэжил, үзэл бодол, хандлагатай хүмүүстэй таарч, шинийг мэдэж, суралцаж явдаг. Газар бүхэнд мэдэж, шингээж авмаар зүйлс бий. Би түм бужигнасан Нью-Йорк хотын хамгийн олон янз бүхий хүмүүс байдаг Күинс дүүргээс гаралтай. Тиймдээ ч өөр соёл уламжлалыг гэх сониуч зан минь бага ахуйгаас тогтсон.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Хүмүүс надад ном их бэлэглэнэ. Ер нь л бүгдийг нь уншсан. Одоо Роберт Каро хэмээх Пулицерийн шагналт, америк зохиолчийн “The Power Broker” гэдэг номыг уншиж байна. Энэ бол миний хамгийн дуртай зохиолуудын нэг. Р.Каро үнэхээр гайхалтай намтарч шүү. АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсоны амьдралаар дөрвөн боть намтар бичсэн. Түүнийг бичихийн тулд Техаст жил амьдарч залуу үеийнх нь амьдралыг судалсан байх жишээтэй. Давтан давтан шимтэж уншдаг ном гэвэл Томас Манны “Шидэт уул”, Ф.М.Достоевскийн “Гэм зэм” байна.

Роберт Либерман найруулагчийн “Echoes of the Empire” гэдэг шинэхэн киног санал болгоё. Монголын тухай, сайн хийсэн баримтат бүтээл. Г.Мэнд-Ооёо, Ц.Оюунгэрэл, Жэк Ведерфорд нарын хүмүүс оролцсон байна лээ.

Хөгжмийн тухайд бол өргөн сонирхолтой. Ажиллаж байхдаа сонгодог хөгжим сонсдог. Сүүлийн үед "Hu"-г нэлээд сонссон юм байна. Манай хүү Нью-Йоркт тоглолтыг нь үзсэн гэж байна лээ. Монголчуудын үүх түүх, өв уламжлалаа дээдэлж байгааг харахад сайхан санагддаг. Өнөөдөрхөн хүүхдийн даахь үргээх ёслолд оролцоод ирлээ. Шинэ соргог бүхэнд түргэн дасан зохицож, өөрчлөгддөг хэр нь ингэж уламжлалаа хослуулж, шингээн авч явна гэдэг гайхалтай.


13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Москва дахь нэг элчин сайд маань “Олны дунд магт, ганцаараа байхад нь зэмлэ” гэж хэлдэг байсан. Хүнийг олны дунд шүүмжилнэ гэдэг яавч хийж бүтээх сэдэл өгөх зүйл биш. Харин олны дунд магтвал сайн ажил зохих ёсоор үнэлэгдэж буйг хүн бүр ойлгож, урамшдаг.

Хүнийг үргэлж л урамшуулж, талархаж байх хэрэгтэй. Тус болсон хүнтэй дахиж учрахгүй гээд тоохгүй өнгөрч болохгүй. Жижигхэн зурвас, имэйл биччихэд хүн урамшдаг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хорвоо дэлхий үнэхээр гайхалтай. Дипломатч хүний хувьд содон сайхныг нь харах боломж илүү гарч ирсэн л дээ. Гэхдээ хорвоог таньж мэдэх боломж бүгдэд л бий. Хэдий чинээ олон хүнтэй танилцаж нөхөрлөнө, тэд төдий чинээ олон янз байна. Үзэл, сонирхол, хандлага, мэдлэг, ур чадвар гэхчлэн янз янзын хүмүүсийг мэдэж авах үнэхээр сонирхолтой. Тэр бүхэн ямар ч гайхалтай зүйлд хүргэж мэднэ.