Бүхий л салбар дор бүрнээ хөгжиж байж улс орон хөгжин цэцэглэнэ. Тэгвэл салбарын хөгжлийг юу бий болгодог вэ? Тэр бол мэдээж хүний нөөц буюу боловсон хүчин. Чухамдаа зөв хүнийг зөв ажил дээр нь томилно гэдэг хамгаас чухал. 

Хөдөлмөр зууч, хүний нөөц бүрдүүлэлтийн салбартаа тэргүүлэгч Монголиа Талент Нэтворк компанийг бид Worki аппаар нь сайн мэднэ. Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа тасралтгүй нэвтрүүлж, үнэ цэнтэй хүний нөөцийн цогц үйлчилгээг үзүүлдэг уг компанийн Гүйцэтгэх захирал Л.Тэмүүлэнгийн ажлын арга барил, амьдралынх нь хэв маягийн талаар ярилцлаа.

Байршил: Сүхбаатар дүүрэг, IC Tower
Эрхэлдэг ажил: Монголиа Талент Нэтворк ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 12 Pro Max
Хэрэглэдэг компьютер: MacBook
Сошиал хуудсууд: Temuulen Lkhagvasuren (Facebook), tem_overland (Instagram), Temuulen L. (LinkedIn)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ? 

Хүүхэд байхад манай гэр бүлийн амьдрал дөрвөн жил тутамд шинээр эхэлдэг байлаа. Аав маань Гадаад харилцааны яаманд жолооч хийдэг байсан учраас дөрвөн жил тутамд өөр улс руу нүүж, дотно найзтай болох завдал гардаггүй байв. Гэхдээ төрөл бүрийн техник хэрэгслийг сонирхож, эвдэрсэн унадаг дугуйг хямд худалдаж аваад засаж борлуулаад өөртөө PlayStation худалдаад авчихдаг хүүхэд байсан.

2011-2015 оны хооронд АНУ дахь Мэрилэндийн их сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр сурч төгсөөд Монголд ирмэгцээ Draper Capital гэх Английн хөрөнгө оруулалтын санд захиргааны туслахаар ажилд орон карьераа эхлүүлсэн. Зургаан сар тутамд албан тушаал ахисаар 23 настайдаа төслийн менежер болов. Ингээд 2018 он хүртэл тогтвортой ажилласны дараа БНХАУ-ын Бээжин хот дахь Олон улсын бизнес, эдийн засгийн их сургуульд мастераа хамгаалж, 2019 онд эргээд ирэхэд уурхайн даргаар ажиллах санал хүлээн авсандаа одоо хүртэл баярладаг. Тухайн үед манай компани 40 орчим ажилтантай байсан бол 2021 он гэхэд 500 гаруй ажилтантай болж бүл нэмсэн байлаа. Уурхайн даргын ажлаа авах үедээ юу зорьж байсан түүндээ хүрч чадсан тул үндсэн мэргэжил болох бизнесийн салбартаа ажиллахаар шийдэж, 2022 оны нэгдүгээр сараас эхлэн одоогийн албан тушаалаа хашиж эхэлсэн.


2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Уул уурхайн салбарт ажиллаж байсан учир өглөө бүр 7:00-7:30 цагийн хооронд сэрүүлэггүй сэрээд сурчихсан. Ажилдаа ирмэгцээ цаг гарган кофегоо чанаж уух дуртай. Тэгэх зуураа цахим шуудан болон тухайн өдрийнхөө ажлын хуваарийг шалгадаг. Орой нь харин тухайн өдрийн хийх ёстой зүйлсээ гүйцэлдүүлсэн эсэхээ шалгаж, яаралтайг нь өдөртөө багтаан дуусгадаг бол бусад ажлыг нь маргаашийн төлөвлөгөө рүү оруулдаг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Чандлан баримталдаг зүйл бол цаг. Цаг баримтлах нь тухайн хүний хариуцлагын асуудал боловч нөгөөтэйгүүр хүндлэл гэж боддог. Мөн төлөвлөгөөнд тусгагдаагүй ажил гэнэт гарч ирвэл асуудал мэтээр хүлээн авч, сандрахаас илүүтэйгээр шийдэл хайдаг. Энэ нь мөн л уул уурхайд ажиллаж байсантай холбоотой болов уу. Төрөл бүрийн асуудал өдөр бүр тохиох нь уурхайд байдаг л зүйл. Тэр болгоныг шуурхай шийдвэрлэхэд суралцсаар ирсэн тул одоогийн ажилдаа ч хэрэгжүүлдэг. Бизнесийн тал дээр бусдыг хуурах, худал хэлэхээс ямагт холуур явж, чин үнэнчээр ажилласан цагт үр дүн гарна гэдэгт итгэдэг.


4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД? 

Worki аппаа тогтмол ашигладаг. Хурал, уулзалтад явах үедээ ойрхон байвал алхаж, хол байвал UBCab, Jet аппуудыг хэрэглэдэг.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хэт албархаад эхэлбэл тэр хэмжээгээрээ ажил удааширдаг талтай. Дотоод ажил шуурхай явж л байвал заавал цахим шуудан гэлтгүй шууд чатаар харилцахад ч асуудалгүй. Харин шийдвэрлэх томоохон асуудал дээр цаг алдалгүй уулзаад шийдвэрлэх нь чухал. Гэхдээ хий хоосон уулзаад шийдэлд хүрч чадалгүй өндөрлөх бус заавал үр дүнд хүрэх хэрэгтэй. Учир нь хамгийн их цаг алддаг зүйл бол “ярилцъя” гэдэг үг. Урьдаас төлөвлөсөн уулзалтад ярих зүйл, хэлэлцэх асуудал, шийдэх хугацаа нь тодорхой байснаар цаг хэмнэх боломжтой.


6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ? 

Ажлын хувьд ойрын ирээдүйгээ том зургаар нь харсан таван жилийн төлөвлөгөө гаргадаг. Түүнийгээ дотор нь нэг жилийн, нэг сарын, долоо хоногийн төлөвлөгөө болгон задалснаар хүрэх цэг, зорих аргачлал нь тодорхой болно.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ? 

Удирдах түвшний албан тушаал дээр ирэхээр тархи илүү ядардаг. Ажил маань миний бүхий л амьдралыг бүчээд авчихдаг гэж хэлж болно. Ажлын бус цагаар ажил бодогдох, бүр зүүдлэгдэх ч үе бий. Үүнээс салахын тулд чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглох дуртай. Тоглолтдоо бүрэн төвлөрөөд ажлын стрессээ хэсэг хугацаанд ч гэсэн үлдэн хөөдөг.

Мөн аялах дуртай. Их стресстэй байвал амралтын өдөр ганцаараа ч хамаагүй хөдөө гардаг. Байгальд очиж, түүдэг гал асаагаад ус, гал, салхийг мэдрэхийн сацуу гитараа тоглоод эхэлбэл сэтгэл тайвширч, тархи амардаг.


8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ / АЖИЛ ЮУ ВЭ? 

Аялах хоббитойгоо уялдуулан Юүтүб суваг хөтөлдөг. Аяллын бичлэгүүдээрээ дамжуулан Монголд боловсон, соёлтой, ядрахгүйгээр аялах боломжтой гэдгийг харуулах зорилготой.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД? 

Манай салбар хүнийг ажилд оруулж, карьераа өсгөх боломж олгодог гэдэг утгаараа их буянтай ажил гэж боддог. Хүмүүс цалин, мөнгө чухал биш гэж ярьдаг ч эцсийн дүндээ хүн бүрд тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй шүү дээ. Ажилтай болно гэдэг нь зөвхөн тэр хүн бус тэр хүний гэр бүл хоолондоо хүрнэ гэсэн үг.

Зарим харилцагч компанийн удирдлагууд хүний нөөцийг ямар чухал зүйл болохыг ойлгодоггүй. Залуусын ур чадвар өсөн нэмэгдэхийн хэрээр орлогын олон эх үүсвэртэй болж, дуртай зүйлээ хийгээд хүссэн цалингаа авах боломжтой болсон энэ үед нөгөө л цалингийн хэмжээгээ яриад байдаг нь хамгийн том хүндрэл. Хүний нөөцөө зардал гэж хардаг байгууллагад ямар ч сайн ажилтан өгөөд нэмэргүй.


10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ?

Бидний хийсэн судалгаагаар Монголд гурван хүн тутмын нэг нь ойрын гурван жилдээ Монголоос явах төлөвлөгөөтэй байна. 2022 оны эцсээр дундаж цалин 12.8 хувиар нэмэгдсэн ч инфляцийн түвшин 13 хувьтай гарсан. Ганц гэгээтэй тоо нь ажлын сэтгэл ханамж 78 хувь буюу энэ нь ихэнх залуус ажилдаа дур сонирхолтой байна гэсэн үг.

Нэг талаас сэтгэл ханамжтай, өндөр ажлын бүтээмжтэй хүний нөөцийг бүрдүүлэх нөгөөтэйгүүр утга учиртай, аз жаргалтай нөхцөлд ажиллах хэрэгцээ шаардлага аль ч салбарт тулгардаг. Тиймээс бид 2024 оны хүний нөөцийн тренд, байгууллагуудын бүрдүүлэх ёстой соёл зэргийг тусгасан судалгааны ажил дээр төвлөрөн ажиллаж байна.


11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ? 

Бизнесийн ертөнцөд амжилттай яваа эрхмүүдийн оролцсон подкастуудыг түлхүү сонсдог. Мөн ментороосоо сурах эрдэм хязгааргүй их. Өөрөөсөө хэд дахин мундаг хүнтэй ганцхан цаг ярилцаад суухад асар их зүйлийг сурсан байдаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?  

Стив Жобс, Элон Маск, Марк Кубан зэрэг бизнесийн акулуудын номыг унших дуртай.
Хөгжмийн хувьд тухайлсан нэг дууг онцгойлон сонсоод байдаггүй. Бүхий л урсгалын хөгжим сонсдог. Уурхайд ажиллаж байх үедээ олон цагаар машинд явдаг байсан болохоор зохиолын дуу ч сонсдог болсон.
Киноны хувьд мөн л бизнесийн сэдэвтэй кино үзэх дуртай. The Wolf of Wall Street, Scarface зэрэг кинонуудыг нэрлэнэ. Scarface кинон дээр хүн эготой байснаар манлайлагч болж чадна, гэхдээ эго хэтэрвэл хэн ч биш болдог тухай өгүүлдэг.


13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ? 

Уурхайн даргаар томилогдохдоо Гүйцэтгэх захирал Майкл Фишерээс “Та надад ганц л зөвлөгөө өг гэвэл юуг зөвлөх вэ?” гэж асууж байсан юм. Тэрээр хэсэг бодол болсноо “Ажилтнуудынхаа хүндэтгэлийг хүлээсэн удирдагч байгаарай” гэж хэлж билээ. Одоогоор түүний зөвлөгөөг өөр шиг нь хэрэгжүүлж чадаагүй ч тэр хэмжээнд очихыг зорин ажилладаг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА? 

Хүний нөөц гэдэг бол компанийн гол цөм. Тиймээс удирдлагууд тэднийхээ амьдрах, ажиллах орчныг сайжруулахын тулд чадах бүхнээ хийгээсэй гэж хүсдэг. Харин ажил хайж байгаа хэн нэгэнд хандаж хэлэхэд, хүн өөртөө хамгийн хатуу ханддаг учраас өөрийгөө хэзээ ч битгий дутуу үнэлээрэй. Юу ч хийгээгүй хүн алддаггүй. Чи их алдаж байвал их зүйл хийж байна гэсэн үг. Олон удаа алдсаар нэг л өдөр ононо. Тэр оноо харин амьдралыг чинь өөрчлөх болно.

Never settle. But be grateful for today.