Энэ удаагийн ярилцлагын зочноор “Пипл ин Нийд” ОУТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Б.Мөнгөнхишигийг урилаа.
ЭМЯ, НЭМҮТ-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхлүүлсэн тэрээр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газарт Мэдлэгийн менежментийн мэргэжилтэн, мэдээлэл харилцааны ажилтнаар карьераа үргэлжлүүлсэн бөгөөд улмаар Бангкок дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газарт мэдлэгийн менежментийн мэргэжилтнээр ажилласан туршлагатай. Харин 2022 оны арваннэгдүгээр сараас эхлэн Пипл ин Нийд ОУТББ-ын Суурин төлөөлөгчөөр томилгдоод буй.
Ингээд түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.
Байршил: Парк Вью Резиндэнс, 8-р байр, 1 тоот-14240
Эрхэлдэг ажил: “Пипл ин Нийд” ОУТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy Note 20
Хэрэглэдэг компьютер: Lenovo ThinkPad X1
Сошиал хуудсууд: Facebook, Instagram, LinkedIn, Twitter
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Зургаадугаар ангиа төгсдөг зун би Сэлэнгийн Шаамар суманд ахынхаа ногоо тариалалтын ажилд тусалсан юм. Тухайн үед англи хэл тааруу надад Энхтайвны корпусаас ирсэн хоёр америк хүнтэй танилцах завшаан гарч, тэр зунжин хэл нэвтрэлцэх дадлага хийлээ. Үүнээс хойш гадаад хүмүүстэй тааралдах бүрдээ ярилцахыг эрмэлзэж, англи хэлээ сайжруулсаар ахлах сургуулийн сүүлийн хоёр жилд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын төслүүдэд туслах ажилтан, орчуулагчаар ажилласан. Одоо бодоход тэр залуусын ачаар л ирээдүйд ямар салбарт ажиллах шийдвэрээ гаргаж, НҮБ-д ажиллана гэсэн том зорилготой болсон юм.
Их сургуульд сонгосон мэргэжил маань Олон улсын сэтгүүл зүй байв. Гэхдээ энэ мэргэжил миний ирээдүйн ажлын чиглэлтэй огтлолцохгүй байсан тул гадагшаа явж суралцах шийдвэр гаргасан. Тухайн үед арван жилд байсан шигээ олон улсын төсөл, хөтөлбөрт ажилласан хэвээр байсан. Үүний ачаар НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч асан хатагтай Делиа Барселона болон бусад сайн дурын ажилчидтай танилцах, цаашлаад хамт ажиллах боломж гарч, улмаар хилийн чандад суралцах гарцыг нээсэн юм. Тэд надад Филиппин улсын их сургуульд сурах санал тавиад сургалтын төлбөр болон амьдрах зардлыг нь даая, хариуд нь сургуулиа онц дүнтэй төгсөх хэрэгтэй шүү гэсэн. Ингээд эрдмийн их аяллаа Филиппин улсын их сургуулиар үргэлжлүүлж, 2015 онд Зан үйлийг өөрчлөх мэдээлэл харилцааны мэргэжлээр бакалаврын зэргээ дүүргэж байв.
Эх орондоо эргэн ирээд үндсэн мэргэжлээрээ ЭМЯ, НЭМҮТ-д эрдэм шинжилгээний ажилтнаар жил орчим ажилласан. Үүний дараа том зорилгуудынхаа нэгийг биелүүлэн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газарт Мэдлэгийн менежментийн мэргэжилтэн, мэдээлэл харилцааны ажилтан болон зөвлөхөөр ажиллаж байв. Мөн Тайландын Бангкок дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газарт тус бүс нутгийн нийт 27 орны 13 суурин төлөөлөгчийн газрыг дэмжин мэдлэгийн менежментийн мэргэжилтнээр ажилласан нь ажил карьерын маань онцлох мөчүүдийн нэг билээ. Мэргэжил дээшлүүлэлтийн тухайд 2021 онд Хөгжлийн бодлого, практикийн чиглэлээр магистрын зэргээ Швейцарийн Женевийн Олон улсын харилцаа, хөгжлийн эрдмийн сургуульд хамгаалсан.
Харин Пипл ин Нийд ОУТББ-д өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Суурин төлөөлөгчөөр томилогдоод байна. ОУ-ын байгууллагын Суурийн төлөөлөгчөөр тухайн улсын хүн ажиллана гэдэг амаргүй. Тиймдээ ч миний хувьд олон шатны шалгуурыг давж, одоогийн ажлаа хүлээн авсан ба монгол хүн, залуучууд энэ ажлыг хийж чадна гэдэг жишиг тогтоож ажиллахыг хичээж байгаа.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Өглөө хэдэн цагт босохоос үл хамааран цахим шуудангаа заавал шалгадаг дадалтай. Бүгдийг нь нэг бүрчлэн уншихгүй ч ерөнхийд нь гүйлгээд харчихдаг. Үүний дараа тухайн өдөр эсвэл арай урт хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудаа дахин нэг шалгаад ахин эрэмбэлнэ. Гэрээс гарахаасаа өмнө эдгээрийг заавал хийдэг гэх үү дээ.
Ингээд хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс ажлын өдөр эхэлнэ. Аавын үүргээ биелүүлсний дараа ажилдаа есөн цагийн үед ирдэг. Ихэнхдээ үдээс өмнө гадуур уулзалт, хурлууддаа оролцоод үдээс хойшдоо төвлөрч суух болон онлайн уулзалтуудаа амжуулдаг юм. Манай байгууллага Европт төвтэй болохоор цагийн зөрүүнээс хамаарч ихэнх хурал, уулзалт үдээс хойш товлогддог.
Орой аль болох хувийн амьдралдаа цаг гаргахыг хичээдэг учраас цагтаа тарахыг боддог. Ер нь ажлын үр дүн л сайн гарч байвал заавал хатуу цагийн хуваариар ажиллах шаардлагагүй шүү дээ. Хамт олондоо ч үүнийг байнга хэлдэг.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Илүү өргөн хүрээнд авч үзвэл ёс зүйтэй ажиллах нь миний ажлын гол арга барил. Тийм дээ ч хэн нэгнийг ялгаварлалгүй, хүн бүртэй чин сэтгэлээсээ харьцахыг эрмэлздэг. Ялангуяа баг хамт олон удирдаж байгаагийн хувьд энэ зарчим маш чухал.
Мөн сүүлийн үед байгууллагын нарийн үйл ажиллагаанд хэт анхаарахаас зайлсхийхийг хичээж байгаа. Учир нь удирдах түвшний ажилтан гэдэг ерөнхий том зургаараа байгууллагын хүний нөөц, санхүү зэрэг үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангахад гол анхаарлаа хандуулах шаардлагатай.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Ажил болон хувийн хэрэгцээнд Microsoft 365-ын программуудыг ашиглаж байна. Тэр дундаа Teams, Outlook, To Do зэрэг аппуудыг нэлээн ахисан түвшинд хэрэглэдэг. Жишээлбэл, машин барих эсвэл дасгал хөдөлгөөн хийж байх үедээ цаг хэмнээд бүх и-мэйлээ AI хоолойгоор уншуулчихна, эргээд хариултыг нь текст рүү хувиргаад илгээчихнэ. Тун амар.
Сошиал аппуудын тухайд Facebook, Instagram, X, LinkedIn зэрэг өндөр хэрэглээтэй аппуудыг ашигладаг. Тиймдээ ч сүүлийн үед мэргэжлийн болон хувьдаа сонирхож байгаа сэдвийн дагуу тогтмол пост оруулж байхыг хичээж байгаа.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Нэгдүгээрт, зөв төлөвлөлт ба эрэмбэлэлт. Хоёрдугаарт ажил болон амьдралын заагийг нягт тодорхойлоод түүнийгээ хатуу баримтлах.
Ажлын байран дээр гараад удаагүй байхдаа өглөөний наймаас шөнийн 12 хүртэл ажилладаг байлаа. Одоо бодоход хувийн амьдралдаа бага цаг зарцуулдаг байсны сацуу үүнийг дагасан олон асуудал гарсан юм билээ. Тиймээс сүүлийн хэдэн жилд энэ заагийг сайтар ялгаж салган ажлын цаг дууссанаас хойш хэр чухал уулзалт вэ гэдгээс үл хамааран өөрт үлдсэн багахан цагаа гэр бүлдээ зориулахыг хичээх болсон. Энэ зарчмыг НҮБ-ын Хүүхдийн Санд ажиллаж байхдаа тухайн үеийн Суурин төлөөлөгчөөс суралцсан юм. Тэр өдөр бүр өглөөний 07:30 цагт ажилдаа ирээд хүүхэдтэйгээ Жю Жицүгийн бэлтгэлд явахын тулд орой бүр 16:30 цагт ажлаасаа тардаг байсан. Яг үүний адилаар ажил амьдралын тэнцвэрт байдлаа хадгална гэдэг миний хувьд асар чухал.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Олон улсын байгууллага болон Засгийн газраас гаргаж байгаа тайлан, шийдвэр, төсвийн танилцуулгуудыг цаг алдалгүй уншихыг хичээдэг. Энэ нь эргээд бидний хийж байгаа ажил байгаа онож буй эсэх, аль хэсэгт анхаарч ажиллах шаардлагатайг харуулдаг тул том зургаараа манай ажлын төлөвлөгөөнд өндөр ач холбогдолтой. Жишээ нь агаарын бохирдлын асуудалд төрийн болон төрийн бус байгууллагуудын хүрч ажиллаж чадахгүй байгаа хэсэгт бид илүү анхаарлаа хандуулж, ажлаа төлөвлөнө гэдэг ч юм уу.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Мэдээж өдөржин бүтээмжтэй ажиллана гэдэг боломжгүй. Бид бүгдээрээ өдрийн тодорхой хэдэн цагт л үр дүнтэй ажиллаж байгаа. Миний хувьд ажлын дундуур богино хугацааны завсарлагууд авахыг хичээдэг. Тэр зуур ажил нь хэр явцтай байгааг кофе уунгаа багийн гишүүдтэйгээ ярилцаж амждаг.
Эрч хүчээ сэлбэх тухайд долоо хоногт нэг удаа найзуудтайгаа сонирхогчийн сагсан бөмбөгийн лигт багаараа тоглодог. Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж чаддаггүй болохоор энэ хэдэн цагийг чанартай өнгөрүүлэх нь юу юунаас илүү чухал.
Мэдээж гэр бүлтэйгээ хамт байх цаг хугацааг юугаар ч орлуулшгүй. Асуудал ихтэй, хэцүү санагдах үед хоёр хүүхдийнхээ инээхийг хараад, эргэн тойрон дахь орчныг нь нэг ажаад яагаад энэ ажлыг хийх ёстой утга учир, урам зоригоо олж авдаг.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг Lead хөтөлбөрийн төгсөгчидтэйгөө Lead Alumni Association төрийн бус байгууллагыг хамтран байгуулсан. Салбар бүрийн мэргэжилтнүүд байдаг болохоор тогтмол мэдээллээ солилцож, шинэ ажлуудыг санаачлан хэрэгжүүлдэг юм. Үүний сацуу Монголын ТББ-уудыг дэмжихэд хувь нэмрээ оруулах үүднээс зөвлөгөө өгдөг. Тэдний үйл ажиллагаа тогтворжоод үр өгөөжөө хангалттай хэмжээнд өгөхийн цагт манай улсад олон улсын байгууллагуудын хэрэгцээ үгүй болно.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Чадвар, туршлага арвин хамт олонтой ажиллаж байгаа нь миний хувьд том давуу тал гэж боддог. Дээрээс нь бидний хийж байгаа ажлын үр дүн юу юунаас илүү бахархам бас баярлууштай. Энэ л ажлаараа дамжуулаад олон хүүхэд залуучуудтай ойр байж, тэдний оюун санаанд тодорхой хэмжээний хөрөнгө оруулуулалт хийж яваа гэсэн итгэл маань бас нэгэн эерэг тал юм болов уу.
Хэдийгээр олон улсын болоод иргэний нийгмийн байгууллагууд ихэнх тохиолдолд Засгийн газартай хамтран ажилладаг ч заримдаа тэдний эсрэг байр суурьтай юм шиг харагддаг. Энэ бол зөвхөн ойлголтын, харилцааны алдаа гэж хардаг ба талуудын хамтын ажиллагааг хангаж ажиллахыг эрмэлздэг. Хэлэхэд амар ч хийхэд ярвигтай асуудал шүү. Бусдаар манай ажилд сөрөг, бэрхшээлтэй тал гэж үгүй.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Юун түрүүнд байгууллагын стратегийн хүрээнд Европын Холбооны СВИЧ-Эйшиа хөтөлбөрийн 2.2 сая еврогийн санхүүжилттэй, дөрвөн жил хэрэгжих “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийг Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах үндэсний стратегитэй нийцүүлэн хүнсний салбарт Европын Холбооны Свич Эйшиа хөтөлбөрөөс анх удаа хэрэгжүүлж байгаа. Гол зорилго нь дотоодын хөдөө аж ахуйн гаралтай хүнс, ус, ундааны салбарын ЖДҮ, борлуулагчдыг салбартаа тогтсон хэв загварыг илүү ногоон болгон өөрчлөхөд шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх, ногоон баталгаажуулалт, эко шошгожуулалтыг зах зээлд нэвтрүүлэх замаар ногоон санхүүжилтэд хүрэх, тойрог эдийн засагт шилжихэд нь туслах юм.
Манай улсын төв суурин газруудын хүүхдүүд цаг уур, орчны бохирдол, ялангуяа агаарын бохирдол болон түүнээс үүсэх аюул, эрсдэлд өртөх өндөр магадлалтай нөхцөлд амьдардаг. Энэ нөхцөл байдал нь тэдний эрүүл мэнд, өсөлт хөгжил, шим тэжээллэг хоол хүнс, цэвэр усны хэрэглээнд нөлөөлж, урт хугацаандаа олон сөрөг үр дагавар авчрахуйц байдал үүсгэж байгаа нь нууц биш. Гагцхүү эдгээр асуудалд анхаарал тавьж, дорвитой арга хэмжээ авахгүй бол бидний үр удам орчны бохирдлоос үүдэлтэй эрүүл мэнд, эдийн засгийн сөрөг нөлөөнд улам бүр автсаар байх болно. Ялангуяа өвлийн улиралд гол асуудал болдог утааг багасгахын тулд гэр хорооллын айл өрхүүдэд зориулан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцыг гадаад, дотоодын шилдэг мэргэжилтний баг бүрдүүлэн боловсруулан туршиж үзсэн нь амжилттай болж, илүү олон айл өрхөд түгээхээр ажиллаж байна. Энэ санаачилгыг НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүү, мэргэжил арга зүйн дэмжлэгтэйгээр People in Need, Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, ШУТИС болон Засгийн газар хамтран хэрэгжүүлж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг Агаар Нэг хуудсаас авах боломжтой.
Стратегийн түвшний өөр нэг асуудал нь иргэний нийгмийг бэхжүүлэх явдал юм. Үүний хүрээнд Иргэний Нийгэм Одоо буюу www.civilsocietynow.org санаачилгыг хэрэгжүүлж байгаа юм. Энэ нь вебд суурилсан шинэлэг платформ бөгөөд ИНБ-уудын хэрэгцээ, шаардлагад үндэслэн тэдний өсөлт хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Тайландын Бангкок дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа олон төрлийн судалгаанд анализ хийгээд түүн дээрээ үндэслэн зөвлөмж гаргадаг байсан. Одоо үүнийгээ дадал болгоод байгууллага, компаниудын үйл ажиллагааны тайлан, судалгааг тогтмол уншдаг.
Мөн Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудад ажиллаж байгаа чадварлаг залуучуудтай уулзаж, ярилцаж, хэлэлцэж, мэтгэлцэх дуртай. Тэднээс сурах зүйл их бий.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?
Номын тухайд “50 Psychology Classics: Your shortcut to the most important ideas on the mind, personality, and human nature” хэмээх бүтээлийг санал болгомоор байна. Сэтгэлзүйн хувьд өөрийгөө болон бусдыг таньж мэдэхийг хүсвэл энэ номд багтах 50 сонгодог зохиолыг шимтэн уншаарай.
Санал болгох кино гэвэл “Oppenheimer”. Би кино урлагт хайртай, шимтэн үзэх дуртай. Тиймээс эл бүтээлийг энэ салбарт гарсан шинэ салхи болж чадсан гэж боддог.
Сүүлийн үед дуу хөгжим сонсох маань багассан. Оронд нь түгжрэлд явж байхдаа УИХ-ын чуулганаар яригдсан зүйлсээс онцлохыг нь хүргэдэг Urantogtokh Nergui гэсэн YouTube сувгийг үзэж байна. Бидний амьдарч буй улс, хотын тоглоомын дүрмийг хэлэлцэж байгаа тэдний юу хэлж ярьж, ямар шийдвэр гаргаж байгааг мэдэж байх ёстой гэж боддог.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Гэр бүлийн тогтвортой байдлыг хадгалж үлдэхийн тулд “Эхнэртээ болон нөхөртөө мажон тоглох цагийг нь гаргаж өгч байгаарай” гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн зөвлөгөө санаанд орж байна. Өөрөөр хэлбэл, амьдралд хэчнээн олон асуудал, ажил ундарч байсан ч тэдний өөртөө гаргах цагаас нь бүү хумслаарай гэсэн санаа. Энэ зөвлөгөөг би байнга санаж явдаг.
Мөн үгээрээ бус үйлдлээрээ үлгэрлэсэн нэг хүн бий. Надад Филиппиний их сургуульд суралцахад том тус хүргэсэн хатагтай Делиа Барселонатай анх уулзсан үе. Надтай уулзахын өмнөхөн тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяртай уулзаад тунчиг найрсгаар үдэн гаргаж буйг нь харсан юм. Би ч дотроо тийм том албан тушаалтай хүн надтай яаж харьцах бол гэхээс бага зэргийн айдастай байлаа. Гэтэл яг ижил түвшинд надтай тун эелдэг харьцсан. Түүний энэ хандлага надад бусдыг ялгаварлахгүй байх занг суулгаж өгсөн.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Хаана хамгийн том асуудал байна, түүнийг хувийн хэвшлийн компаниуд шийдээсэй гэж хүсдэг. Учир нь бизнес эрхлэгч компаниудын чадавх, инновацлаг байдал илүү хурдан эерэг үр дүн авчрах боломжтой. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлын асуудалд зөвхөн Засгийн газар, эрдэм шинжилгээний хүрээлэн, олон улсын байгууллагууд шийдэл хайхаас илүүтэй хувийн хэвшлийн компаниуд олширч, зах зээлийн тодорхой өрсөлдөөнийг бий болгон хамгийн боломжит бөгөөд үр дүнтэй гарц гаргалгааг эрж хайх хэрэгтэй гэсэн санаа. Аливаа асуудлыг шийдвэрлэе гэвэл бүх талын оролцоо чухал шүү дээ.
Түүнчлэн хүйтний эрч чангарч, агаарын бохирдол нэмэгдэж байгаатай холбогдуулан эхний ээлжинд амьсгалж буй агаарын чанараа тогтмол шалгаж байгаарай гэж уриалмаар байна. Монголын хувьд www.agaar.mn, www.breathemongolia.org вебсайтуудаар дамжуулан агаарын чанараа шалгах боломжтой. Бохирдолтой үед маск зүүж, агаар цэвэршүүлэгч болон шүүгч ашиглаж хэвших нь бас чухал. Цаашлаад энэ асуудлаар өөрсдийн тойргоос сонгогдсон шийдвэр гаргагчидтай холбогдож, шаардлага хүргүүлэх дадалд суралцаасай гэж хүсдэг. Бид чинь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр хичээж буй улс шүү дээ.