Бид өнөөдрийн дугаартаа бизнесийн салбарт хэдийн танигдсан маркетингийн зөвлөх компанийг үүсгэн байгуулагч, Монголын зах зээлд хамгийн олон брэнд хөгжүүлсэн “БрэндАртэ” маркетингийн агентлагийн захирал Б.Мөнгөнсарыг урилаа. 2015 оноос үйл ажиллагаа явуулж буй “БрэндАртэ” агентлаг нь өдгөө 100 гаруй компанийн, 150 гаруй төсөл дээр ажиллаад байгаа юм байна.

Б.Мөнгөнсар захирал маркетинг, борлуулалт, бизнес хөгжлийн чиглэлээр 20 гаруй жил ажиллаж буй бөгөөд Монголын анхны дотоодын брэнд болох “Оk” саван, угаалгын нунтаг “Harmony”, “Classic” зэрэг брэндүүдийг бий болгож, монгол инженерүүдийн ур ухаан шингэсэн “Могул” брэндийг хөгжүүлэлцсэн гээд арвин туршлагатай нэгэн юм.

Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, “Centrum” оффис, 3 давхар
Эрхэлдэг ажил: “БрэндАртэ" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: Iphone 12 Pro

Хэрэглэдэг компьютер: Microsoft Surface
Сошиал хуудсууд: Batbayar Mungunsar (Инстаграм), Batbayar Mungunsar (Фейсбүүк)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би 19 настай, хоёрдугаар дамжааны оюутан байхдаа Монголын рекламын ассоциациас эрхлэн гаргадаг “Рекламын ертөнц” сэтгүүлд дадлага хийхээр болж, нэг жил гаруй ажилласнаар ажлын гараагаа эхлүүлж байсан. Тэр үед манайд маркетинг, бүтээлч салбар гэдэг зүйл дөнгөж яригдаж, анхны мэргэжилтнүүдийг бэлдэж эхэлсэн тийм үе байлаа. 1999 онд чинь анхны импортын компаниуд зар сурталчилгаагаа дөнгөж цацаж, ер нь нийгэм бүхэлдээ маркетингийн талаарх ойлголт бүдэгхэн байсан үе л дээ.

Харин “Рекламын ертөнц” сэтгүүл цаг үеийнхээ хамгийн задгай сэтгэлгээтэй, шинэлэг санаагаар дүүрэн хүмүүсийн бүтээл туурвидаг орчин байв. Монголын рекламын ертөнцөд шинэлэг уур амьсгалыг оруулж ирсэн олон мэргэжилтнүүдтэй тэрхүү хугацаанд ажиллах боломж тохиосноор энэ салбарт дурласан.

Сургуулиа төгсөөд Монгол, Сингапурын хамтарсан “Космо” компанид ажилд орж анхны ажил дээрээ л одоо ч хүмүүсийн хэрэглээнд байгаа брэндүүдийг бүтээх, хөгжүүлэх боломж олдсон. Ер нь брэнд хөгжүүлнэ гэдэг чинь маркетеруудын бүх ур чадвар, мэдрэмж, чадлыг шавхсан ажил шүү дээ. Тухайн үед хөгжүүлж байсан брэндүүд “Oк” саван угаалгын нунтаг ч юм уу, Classic ариун цэврийн хэрэглэл гэх мэт бүтээгдэхүүнүүд 20 жилийн дараа ч зар сурталчилгааных нь үг хэллэг хүмүүсийн оюун санаанд хоногшоод үлдчихсэн, лангуун дээр борлуулагдсан хэвээр байгааг харах сайхан санагддаг.

Харин дараагийн зогсоол "М-Си-Эс Электроникс" компани буюу одоогийн "Могул" Групп байлаа. "М-Си-Эс" гэх их айлд менежерээс борлуулалт маркетинг хариуцсан захирал хүртэл дэвшин ажиллах хугацаандаа монгол инженерүүдийн ур ухаан шингэсэн “Могул” брэндийг баг хамт олонтойгоо цуг хөгжүүлснээрээ одоог хүртэл бахархаж явдаг шүү.

Тэгээд ер нь оюутан байхаасаа л creative agency байгуулах мөрөөдөлтэй явсан, цөөнгүй жил ажиллаад туршлага хуримтлуулчихсан байсан болохоор олон компаниудад тусалж, шинэ шинэ брэндүүд үүсэхэд хувь нэмрээ оруулж чадах юм байна гэж өөртөө итгээд компаниа байгуулсан түүхтэй. Манай компани 2015 онд байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл 100 гаруй компанийн 150 шахам төсөл дээр маркетингийн зөвлөхөөр амжилттай ажиллаж, зах зээлд тэсрэлт хийсэн олон брэндийг бүтээн харилцагчдадаа бизнесийн өсөлт, хөгжлийг бий болгосон байна.



2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Манай баг багадаа 10 төсөл дээр зэрэг ажилладаг учраас шийдэл гаргах, шинэ санаа бодох дээр маш их цаг хугацаа зарцуулдаг. Мөн байнга олон төрлийн артворкуудаас сонголт хийх хэрэгтэй болдог. Тэсрэлт хийх бүтээлч санаа, шийдэл гаргахын тулд судалгаа хийх дээр өдрийн ихэнх цагийг зарцуулна.

Бүтээгдэхүүний сав баглаа боодлын дизайнаас авхуулаад тансаг зэрэглэлийн хотхоны төлөвлөлт гээд өнгө, зураг, зохиомжийн маш олон артворкууд дээр ажиллах шаардлагатай байдаг нь бүтээлч салбарын онцлог. Олон салбарт, янз бүрийн компаниудын төсөл дээр ажиллах учраас уншиж судлах, бодох, шинэ санаа гаргах дээр ихэнхдээ төвлөрнө дөө.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

“Бид түүх бүтээдэг”. Энэ бол манай компанийн уриа. Нэг талаас бидний ажил урлагийн бүтээлтэй адил. 100 жилийн дараа ч хүмүүст хайрлагдах, таалагдах брэндийг бүтээхийн төлөө манай хамт олон зорьж ажилладаг. Тиймээс яг одоогийн нөхцөлд тренд болж буй чиг хандлага руу шуурахаас илүүтэй урьтан харж, өмнөөс нь амдаж байж гэмээнэ зах зээл дээр олон жил амьдрах чадвартай үнэ цэнийг бүтээж чадна. Энэ зарчмынхаа дагуу л бүх ажлуудаа нугалдаг.



4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Фото, видео, графиктай байнга ажилладаг гэдэг утгаараа дэлгэц мэдрэгчтэй Microsoft Surface ажлын хамгийн чухал багаж хэрэгсэл. Ухаалаг утсыг дурдах нь бараг илүүц биз. Тэрчлэн, дотооддоо “brainstorming” хийх болон захиалагчдадаа төслийн үйл явцаа ойлгуулах зорилгоор ашигладаг ухаалаг дэлгэц манай ажлын салшгүй нэгэн хэсэг. Бид одоогоор Maxhub брэндийн дэлгэцийг ашиглаж байна.

Ажлаа явуулахад бусадтай л адил Slack, Outlook,төрөл бүрийн онлайн уулзалтын аппуудыг идэвхтэй ашиглана. Том хэмжээтэй файл хуваалцах давуу талаас нь болоод сошиал аппуудаас сүүлийн үед "Telegram"-ийн идэвхтэй хэрэглэгч болсон.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Юуны түрүүнд бидний хийж буй ажил тэр чигтээ оюуны бүтээл, багийн ажиллагаа юм. Уран бүтээлч, судлаач, мэргэжилтэн, инженерүүдээс бүрдсэн баг эдгээр ажлыг хийж гүйцэтгэдэг. Үйлдвэрийн дамжлагатай адил өчигдөр хийсэн зүйлээ өнөөдөр давтах ямар ч боломжгүй, өдөр болгон шинээр сэтгэх шаардлагатай гэдгээрээ манай салбар онцлог.

Бид хүмүүст зөвлөгөө өгч, шийдэл санал болгодог учраас 100-аас 110 оноо авах ёстой. Тэр ч утгаараа өндөр түвшний экспертүүдээс бүрдсэн багийн гишүүд, тэдний ур чадвар хийгээд туршлага бол цаг хэмнэх гол арга юм. Боломжийн, за яах вэ гэх үнэлгээ авах эрх бидэнд байхгүй. Тиймээс багийн гишүүдийн хамтрал гэдэг юу юунаас илүү чухал. Бид хоорондоо ойлголцож байж ажил гараас гарч, урагшлах учиртай.

Дээр хэлсэнчлэн, ханцуйгаа шамлаад ажил руу шумбаж орохын өмнө судалгаа хийх, бодоход маш их цаг зарцуулдаг. Цаг хугацаа гэдэг угаас хязгаартай учраас надад байгаа цагийг хамгийн бүтээмжтэйгээр хэрхэн ашиглах вэ гэдэг дээр л төвлөрөхийг хичээдэг хүн юм болов уу. Өөрөөр хэлбэл цаг цаг гээд байхаас илүүтэй бүтээмж дээр төвлөрөөд яавал хамгийн үр дүнтэй, бүтээмжтэй байх вэ гэдэгт л анхаардаг.



6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Энэ тал дээр маш уламжлалт арга барилтай. Тэмдэглэл сайн хөтөлнө, Microsoft-ийн Calendar болон Note хамгийн ойр байдаг хэрэглээ. Тэмдэглэлийн дэвтрээ хэзээд хажуудаа байлгадаг. Мөн төсөл бүр эхлэх, дуусах хугацаатай байдаг тул Gantt Chart-ыг хамт олноороо тултал нь ашиглана.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Дуртай, хүссэн ажлаа хийж байгаа болохоор ажлаас болж ядрах нь харьцангуй бага. Гэхдээ эрч хүчээ сэлбэх үед сэлэх дуртай. Мөн сүүлийн үед бясалгал их сонирхож байна. Дуртай зүйлээ хийх, гоё кино үзэх, шинэ сонирхолтой зүйлийг туршиж үзэх зэргээс их эрч хүч авна шүү дээ. Нэмээд сайн унтахыг хичээдэг.

Усан доор хүн ямар ч бодолгүй байдаг нь хамгийн сайхан. Миний хувьд ажлын онцлогоос шалтгаалан үргэлж эцэс төгсгөлгүй ямар нэгэн зүйл бодож явдаг учраас усанд сэлж хэсэг хугацаанд ч болов тархиа унтраахыг хүсдэг.



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Барилга архитектор. Барилга гэдэг нэг талдаа урлаг гоо зүйн бүтээл нөгөө талдаа инженерийн шийдэл хосолсон салбар. Би өөрөө барилгын хүн биш ч гэсэн манай компани сүүлийн гурван жил барилгын төслүүдийг дагнан ажиллаж байгаа.

Мэргэжлийн архитектор,технологи, дэд бүтцийн инженерүүдээс бүрдсэн багтай Монголын цорын ганц маркетингийн агентлаг нь манайх. Маркетинг өөрөө хүний амьдралын хэв маягийг судалдаг, боддог, ирээдүйд хааш чиглэхийг нь анзаарч ажиглаж байдаг шинжлэх ухаан. Харин хаус, орон сууц гэдэг бол тухайн хүний амьдралдаа хийдэг цөөхөн том сонголтуудын нэг, хүний амьдралын дараагийн үе шатыг эхлүүлж байдаг гэдэг утгаараа сонирхолтой, дурлаж ажилламаар тийм салбар. Жишээ нь бид "Хадат Вилла-2" төслийн концепийг гаргах зэргээр олон тренд болсон төслүүдийг амжилттай хийсэн. Тэр туршлага дээрээ үндэслээд хамгийн хямд өртөгтэй, ногоон шийдэлтэй "Tiny House"төслийг одоо эхлүүлээд явж байна.



9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Өнгөц харвал бид харилцагчийнхаа бизнесийг хэрхэн өсгөх вэ гэдэгт л анхаарлаа хандуулдаг зөвлөх үйлчилгээний компани. Харин том дүр зургаараа бид хэрэглэгчдийн амьдралыг хөнгөвчилсөн, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог хүмүүс. Хэрэглэгчид эцсийн дүндээ дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй бүтээгдэхүүнээс л сонголтоо хийнэ.

Манай компани чинь ер нь цомхон бүтэцтэй арван хэдүүлээ гэтэл манайхаас гарч байгаа шийдэл, шинэ санаагаар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд зах зээл дээр гарч нэг үгээр бид хүмүүсийн юу идэх, хэрхэн амьдрахад нөлөөлөх хэмжээний ажлууд хийж байна. Тиймээс бид тэдэнд хамгийн сайн сонголтыг санал болгох үүрэгтэй гэсэн үг. Нийгэмд үзүүлж буй үр нөлөө ч тэр хэмжээгээрээ өндөр учраас адаглаад хүнсний бүтээгдэхүүний төсөл дээр ажиллаа гэхэд сав баглаа боодлыг нь хуванцар бус материал сонгохоос авхуулаад найрлага дээр нь органик, эрүүл мэндэд тустай орц нэмэх зэргээр ажиллах жишээтэй.

Бэрхшээлтэй нь бидний ярьж буй зүйлс бүгд эхэндээ гарт баригдахгүй, нүдэнд үзэгддэггүй хийсвэр зүйлс байдаг. Шинэ зүйл туршихдаа ер нь хэн ч айдастай байдаг шүү дээ. Мөн эдгээр ажлуудын ард үргэлж том хэмжээний санхүү, хөрөнгө оруулалтын асуудал яригдана. Тиймдээ ч захиалагч нар маш болгоомжтой ханддаг талтай. Бидний санаа зах зээл дээр амжилттай байршина гэдгийг тэдэнд ойлгуулах л ажлын хамгийн хэцүү үе шат.


10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Одоогоор Монголын анхны тансаг зэрэглэлийн, ногоон шийдэл бүхий амины орон сууцны төсөл дээр ажиллаж байна. Байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, технологид суурилсан, тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн, хамгийн гол нь ногоон санхүүжилтийн шаардлагыг хангасан гээд “эко” гэх тодотголыг шинэ шатанд авчрах маш сонирхолтой төсөл байгаа юм. Одоогоор концепт нь гарчихсан, зураг төслийн ажил руу шилжээд байна.

“БрэндАртэ”-ийн тухайд аялал жуулчлал, барилга, хүнсний үйлдвэрлэл гэсэн үндсэн гурван салбарт төвлөрөн ажилладаг. Засгийн газраас ирэх гурван жилийг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотой эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, эн салбарт шинэ шийдэл санал болгох тал дээр мөн нэлээн цаг хугацаа зарцуулж байгаа.



11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Маркетингийн салбарын онцлогоос шалтгаалаад байнга шинийг эрэлхийлж, унших судлах, нээж илүүлэх шаардлагатай. Тиймээс зав л гарвал ажиллаж буй төсөлтэйгөө холбоотой судалгааны материал уншдаг дадалтай.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Бүх цагийн үеийн хайртай кино гэвэл эргэлзэх зүйлгүй “Eternal Sunshine of The Spotless Mind”-ыг нэрлэнэ. Энд хүний тархи яаж ажилладаг тухай, тархины тайлагдашгүй оньсого, технологийн дэвшил хажуугаар нь хайр дурлал гээд энэ кинонд хөндөөгүй сэдэв гэж бараг үгүй.

Хөгжмийн тухайд би ер пянзаар хөгжим сонсох дуртай болохоор пянз цуглуулах сонирхолтой болсон. Амьд дуугаралтаас гадна дуу сонсох үйл явцад өөрөө оролцох нь тун сонирхолтой санагддаг. Ер нь рок дуу сонсох дуртай гэхдээ сүүлийн үед монголынхоо хөгжмийн зохиолчдын хөгжим, ялангуяа Б.Шарав гуайн хөгжмүүдийг сонсож, зориуд цаг гарган симфони оркестрын тоглолтыг шимтэн үзэх дуртай.

Ном гэвэл, бидний хэн байхыг тодорхойлдог уураг тархи ямар үүрэгтэй, хэрхэн ажилладаг, тархи илүү сайн ажиллаж эхлэхэд үр дүн нь ямар гайхамшигтай зүйлсийг бүтээж болох тухай өгүүлсэн “Тархиа өөрчилж, амьдралаа өөрчил” номыг сонирхоод уншихад гэмгүй гэж зөвлөмөөр байна.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Далай ламын бичсэн буддын философийн тухай номд техник технологи хэдий хүчтэй хөгжсөн ч сэтгэлээ удирдаж, таньж сурах буюу зүрх сэтгэлийн боловсрол хэзээд үнэ цэнтэй, чухал ухагдахуун хэвээр байх болно гэх санаа гардаг.

Барууны сургуулиуд хүртэл энэхүү буддын философийг их сургуульд заах хэмжээний судлагдахуун болгоод байна шүү дээ. Хүн байгаа газар сэтгэл зүрхний амар амгалангийн тухай яриа хэзээд өрнөсөөр байх болно. Тэр утгаараа Далай ламын сургаалуудыг дотроо санаж явахыг хичээдэг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Шинэ зүйл туршихаас айдаггүй, нэгэн хэвийн сэтгэлгээнд баригддаггүй байгаасай. Залуучуудад зоригтой байж бусдын хийж байгаа, хийчихсэн зүйлийг давтаж хийх биш ирээдүйг харж, шинэ зүйл дээр бооцоо тавьж эхлүүлж чаддаг байгаарай гэж хэлье дээ.

Мөн залуу үедээ хэлэхэд дурлаж сонгосон салбартаа ажиллаа гээд ажлын бүх үйл явц чамд таалагдана гэсэн үг биш. Зарим үед хийхийг хүсээгүй, уйтгартай ажил хийх үе бишгүй тохионо. Тэгсэн ч зорилгоосоо няцалгүй, яаж ийгээд даваад гарах л хэрэгтэй. Эхэлсэн ажлынхаа ард нь гараад, хамт олонтойгоо баяраа тэмдэглэх хэчнээн сайхан мэдрэмж билээ дээ. Тууштай байдал хэзээд эзнээ шагнадаг юм шүү гэмээр байна.