Өнөөдрийн зочин бол Монголын хөрөнгийн зах зээлд шинэчлэл авчирч буй залуу лидерүүдийн нэг "Таван Богд Капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ. Санхүү, Эдийн Засгийн Дээд Сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн тэрээр "Монгол шуудан" компанийг хувьчлах ажилд идэвхтэй оролцож, Голомт банкинд алтны дилерээс Арилжааны хэлтсийн захирал хүртэл дэвшин ажиллаж байжээ. Одоо Г.Мөнх-Эрдэнэ захирал ид эрчимжин буй хөрөнгийн зах зээлийг зөв зүйтэй хөгжүүлэх, цаашлаад монгол компаниуд дэлхийн хөрөнгийн зах зээлд өрсөлдөх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Таван Богд Капиталын Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 12 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Dell
Сошиал хуудсууд: Munkh-Erdene Gochoo (Фэйсбүүк)



ТАНЫ КАРЬЕРААС БИД  ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Миний хийсэн хамгийн эхний томоохон ажил бол 100 хувь төрийн өмчит байсан “Монгол шуудан” компанийг хувьчлах ажлыг гардан гүйцэтгэсэн явдал байлаа. Тухайн үед Монгол шуудан компанийн 34 хувийг нь хувьчилж, 6.2 тэрбум төгрөгийг босгох ажлыг гүйцэтгэсэн юм. Төрийн өмч гэдэг ард түмний хөрөнгө мөнгө, татвараар боссон хөрөнгө. Яг үнэндээ төрийн өмч гэж байгаа боловч энэ нь ард түмний өмч. Харамсалтай нь энэ хувьчлалаас өмнө хийгдсэн төрийн хувьчлалууд ихэвчлэн тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд хийгдэж ирсэн түүхтэй. Энэхүү жишгийг эвдэж тухайн үед Монгол хүн хувьцааг нь худалдан авах боломжтой, хувьчлалд тэгш оролцох нөхцлийг бүрдүүлэн хувьчилж байсан. Нэгж хувьцааг 185 төгрөгөөр хүмүүс худалдаж авсан. Өнөөдөр 1200 төгрөгийн үнэтэй болчихсон байна.

Голомт банканд алтны дилерээр ажиллаж байхдаа би энд юу бүтээж чадах вэ, байгууллагадаа шинээр юу авчирч чадах вэ гэдэг асуултыг өөртөө тавьснаа санаж байна. Ажилд ороод эхний гурван сар судалгаа хийн, материалаа бэлтгэсэн. Хурлаар орж батлуулаад бэлтгэж хангаж хагас жил болсон. Нэг жилийн дараа гэхэд санаачилсан алтны төслийн маань үр дүнд алтны зах зээлд манай банкны эзлэх хувь 10 дахин, ашиг 11 дахин өссөн байлаа. 999 сорьцтой цэвэршүүлсэн “Алтан Гулдмай” гаргасан нь хамгийн чухал бизнесийн түнш, хамтрагчдаа барьдаг бэлгийн дээд болсон байна.

Хадгаламжийн бүтээгдэхүүний хувьд гадаадын хувьцааны ханштай уялдсан бүтээгдэхүүнийг бас гаргаж байлаа. Тухайлбал харилцагчдаа үндсэн мөнгөө алдахгүй хэр нь өндөр ашиг олох бүтээгдэхүүн санал болгож байсан. Үүнээс харилцагчид маань жилийн 52 хувийн хүү авч байсан тохиолдол ч бий.



ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ажлын өдрийн өглөөг харилцагчдадаа шинэхэн “өглөөний цай” бэлдэхэд зориулдаг. Өглөөний цай гэдэг нь харилцагчдыгаа өглөө бүр шинэ мэдээлэл, шинэхэн судалгаагаар хангах үйл явцыг хэлж байгаа юм. Би сүүлийн үед нэг үг хэлэх дуртай болоод байгаа. “Дэлхийн санхүүгийн зах зээлийн нэг өдөр Монголын эдийн засгийн нэг жилтэй тэнцээд байна” гэж. Бид асар удаан байна гэсэн утга. Тухайлбал крипто зах зээлд нэг хоногт маш олон сонирхолтой, олон гайхалтай зүйлс болж өнгөрдөг. Манай багийнхан олон улсын эдийн засаг, хувьцаа бонд, түүхий эд, крипто болон дотоодын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг харилцагч нартаа цаг алдалгүй хүргэх тал дээр ажилладаг. Мөн ганцаарчилсан зөвлөгөө өгөх, харилцагчтай уулзах, бусадтай мэдээлэл солилцох ажлуудыг хийнэ. Үдээс хойшдоо дотоод үйл ажиллагаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлчилгээ, маркетинг дээрээ анхааран ажилладаг. Мэдээж гүйцэтгэх захирлын хамгийн гол ажил болох борлуулалт хийх.



ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Хурд ба тасралтгүй байдал. Монголын нөхцөлд бизнес эхлүүлэх гэж байгаа бол зах зээлээ мэдрэх л хамгийн чухал. Тэрнээс өндөр эрдмийн цол зэрэгтэй байх нь бизнес амжилттай удирдах хангалттай нөхцөл болохгүй. Тиймээс өдөр бүр хүмүүстэй ярилцаж, санаа бодол, мэдлэг, туршлагаа солилцохыг эрмэлздэг. Зах зээл юу хүсч байгааг үргэлж чагнах хэрэгтэй. Том дүр зургаараа нийгмээ мэдэрч сонсдог байх ёстой. Үүнийг үр дүнтэй хийхийн тулд хурдтай бас тасралтгүй байх ёстой. Энэ л миний нөү-хау болов уу.

АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Өдөр тутам хэрэглэдэг чухал хэрэгцээтэй платформ бол олон улсын электрон брокерын аппликейшн “Interactive Brockers” байна. Дэлхий дээр худалдаалагдаж байгаа бүх төрлийн хувьцааны арилжаа хийж болдог онцлогтой.



ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Сайн амрах гэж хэлнэ. Бүтээмж муутай байхад хэчнээн цаг ажиллаад ч нэмэргүй. Цаг их үрэгддэг. Бүтээмжтэй байхад нэг цагийн дотор ч их ажил амжуулчихдаг талтай. Тиймээс бүтээмжтэй байхын тулд сайн амарч, эрүүл байх нь чухал гэж боддог. Эрүүл байхад гурван зүйл хэрэгтэй. Нэгдүгээрт сайн амрах, хоёрдугаарт зөв хооллох, гуравдугаарт хөдөлгөөн.



ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Урт хугацааны бизнес төлөвлөлтөө уламжлалт байдлаар хийдэг. Хаана хүрэхээ тодорхойлж байгаад хэрхэн хүрэхээ гаргана даа. Харин өдөр тутмын ажлаа толгойдоо саначихдаг. Мөн гэнэтийн зүйлсэд бэлэн байхыг чухалчилж уян хатан ажилладаг. Мөн хатуу төлөвлөлтөд баригдахаас зайлсхийдэг юм байна. Төлөвлөлт чухал. Гэхдээ бодит байдалд төлөвлөлт бүрэн хэрэгжих боломжгүй. Тиймээс төлөвлөлтөнд цаг хугацаа их зарцуулах нь үр дүнгүй гэж боддог.

ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Дугуй унах – надад зориулагдсан зүйл шиг санагддаг. Дугуй унаад явахаар нэг л аз жаргалтай болчихдог. Олон зүйлс туршиж үзсэний дараа л өөрийн дуртай, дургүй зүйлээ олдог юм байна лээ. Ууланд алхах бас дуртай. Уул дэгэн догон, саад бартаатай, өгсүүр уруу байдаг учир хүний биеийг нэг хэмнэлд оруулдаггүй. Хэмнэлээ эвдэх, эрчимтэй байх шаардлагатай болдог. Энэ нь надад маш их таалагддаг. Ер нь би нэг зүйлээ олон давтаж хийх дургүй. Уйтгартай. Үргэлж өөрчлөлт байж хувьсан өөрчлөгдөх дуртай. Нэг зүйлийг хүнээр олон хэлүүлэх бас дургүй. Нэг хэлсэн бол тэр хүнийг зовоохгүйгээр хийхийг хийчээдэг.



ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Анх 2013 онд Монголын хөрөнгийн зах зээлийн судалгаа, хөгжлийн нийгэмлэг байгуулж байсан. Үндсэндээ цэвэр санхүүгийн мэдлэг, мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх ажлын эхлэл байв. Ер нь энэ л миний хобби юм даа. Уншиж, суралцсан зүйлсээ бусадтай хуваалцах дуртай. Сав л хийвэл уншсан юмаа багцлаад пост хиймээр, боловсруулаад сургалт болгоод ярьчихмаар санагддаг. Харин шинээр гэвэл энэ оны эхнээс блокчейн технологийг сонирхон судалж байна даа.

ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Санхүүгийн зах зээлд болсон үйл явдал хэдэн минут л өнгөрөхөд ямар ч үнэ цэнгүй болдог. Ханшны өөрчлөлт секундээр хэмжигддэг. Тиймээс хурд ба хяналт миний ажлыг тодорхойлдог гэж болох юм. Хурд хийхийн зэрэгцээ хяналттай байх ёстой. Тухайлбал, нэг компанид хөрөнгө босгож өгөх гэж байгаа тохиолдолд маш их хэмжээний дата цуглуулна. Тэрхүү мэдээлэлд нэг л алдаа байхад тухайн компанийн үнэлгээ, дүгнэлт буруугаар эргэх аюултай. Тиймээс алхам тутамдаа хянамгай байх ёстой болдог. Гадаад зах зээлд хөрөнгө оруулахад мэдээг үг бүрчлэн уншихгүй бол үгийн цаана үг явж байдаг. Хурдтай байхын зэрэгцээ хяналт явах нь тун амаргүй. Энд л манай салбарын хамгийн том өрсөлдөөн оршдог. Өндөр эрсдэл гаргаж байж өндөр өгөөж авна. Бас л парадокс. Гэхдээ нэг чухал зүйл бол гурван хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаад хоёрт нь алдсан ч нэгд нь онож, нийт дүнгээрээ ашигтай байх боломж байдаг. Хөрөнгө оруулж байгаа бүх зүйлдээ ашиг олох нь гол зорилго биш. Эцсийн бүлэгт нийт дүнгээрээ ашигтай байх ёстой. Тэр утгаараа тодорхой хэмжээнд эрсдэл гаргаж, алдах нь бидний ажлын нэг хэсэг нь мөн.



ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Манай компанийн хувьд гадаадын хөрөнгийн зах зээлийн хувьцаа, бондууд дээр төвлөрөн ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улсад долларын хадгаламжийн хүү маш бага түвшинд ирчихлээ. Гэтэл долларын ханш тогтмол өсөж байдаг учраас хүмүүс ч долларын хадгаламж нээх сонирхолтой байдаг.

Хятадын хамгийн том ICBC банк байна. Тэр банкны хувьцаа хоёр жилийн хугацаан дахь хамгийн доод хэмжээндээ хүрчихсэн байна. Мэргэжилтний өнцгөөс харахад асар хямдхан болчихсон үе. Өнөөдөр хэн нэгэн тэр хувьцааг авлаа гэхэд жилийн дараа таван хувийн ногдол ашиг авах боломж бүрдэх юм. Учир нь тус банк сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 5-7 хувийн ногдол ашиг тогтмол тараасан байна. Тиймээс бид монголчуудыгаа гадаадын хөрөнгийн зах зээлд гарч, том далайгаас шанагадан, эрсдэл багатай хэр нь өгөөж өндөртэй хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хэлээд байгаа юм.

Хоёрдугаарт, Монголд төгрөгийн хадгаламжийн хүү буурсан байна. Хугацаагүй хадгаламжийн харилцахын хүү 0 болчихлоо. Иймээс компаниудад бага хүүтэй бонд босгож санхүүжилтээ шийдэх урьдач нөхцөл бүрдээд байна. Бид нэр хүндтэй, найдвартай компаниудад бонд босгож өгөхөөр ажиллаж байна.

Түүнчлэн яг одоо бид “CAPITAL COMPASS PLATFORM” хэмээх шинэ аппликейшнийг хөгжүүлж байна. Энэ платформыг ашиглан холбогдох бүх л төрлийн мэдээ мэдээлэл, судалгааг авах, ойлгохгүй зүйл гарвал видео хичээлээ үзэх, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргавал шууд хувьцаа, бондын арилжаанд орох боломж бүрдэнэ. Оны эцэс гэхэд бүрэн ашиглалтад орчихно. Монголд ийм платформ арилжааны банкнуудад ч байхгүй. Магадгүй технологийн шийдэл гарган хийж болох ч түүнийг амьд байлгахын тулд тогтмол мэдээлэл, судалгаа, хичээл, зөвлөмжүүд оруулах нь чухал. Үнэндээ хамгийн хэцүү нь энэ. Өдөр болгон платформоо цэнэглэж, шинэ зүйлээр дүүргэж, харилцагчдад хэрэгтэй зүйлсийг өгдөг байснаар тухайн платформ амьд байх болно. Үүний хэрээр манай харилцагчид хөрөнгөө илүү хурдтай, өндөр хувиар өсгөх боломж бүрдэнэ.



ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Хүмүүстэй харилцаж өөрийгөө хөгжүүлдэг. Албан тушаал, нэр алдар үл харгалзан хэнээс ч суралцах боломжтой гэж боддог. Тасралтгүй суралцахын нэг чухал хэсэг бол сайн сонсогч байх явдал. Тухайлбал, Ц.Баатарсайхан захиралтай хамт ууланд алхахдаа төрөл бүрийн зүйлс ярилцан, санаа солилцож явахдаа ихийг сурдаг. Нөгөө талд оюутан залуустай уулзалт хийж тэдний юу хүсч байгааг сонсож, мэдрэх нь хүртэл өөрийгөө хөгжүүлж буй хэрэг юм.

САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

"Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын нууц" номыг санал болгож байна. Magnolian-ий хөгжмийн өгч буй эрх чөлөөтэй мэдрэмж таалагддаг шүү. Киноны хувьд Нью Йоркийн санхүүгийн зах зээлийн тухай өгүүлсэн Billions цувралыг онцолмоор байна.



АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

“Харилцагчийнхаа нүдээр хар”. Хэн нэгэн зөвхөн өөрийнхөө нүдээр хараад бизнес хийвэл амжилтад хүрэхгүй. Өөрийгөө харилцагчийнхаа оронд тавьж, харилцагчийнхаа нүдээр харах нь чухал. Жишээлбэл, харилцагч манай вэбсайтад нэвтрээд цаг алдалгүй, хамгийн чухал мэдээллээ авч чадаж байна уу гэдгийг өөрөө ороод харж болох юм. Ер нь үүнийг харилцааны бүх л түвшинд ашиглаж болно. Хамт ажиллаж байгаа хүнтэйгээ ойлголцохгүй байвал тэр хүний дотор ороод өөрийгөө харахыг хичээ. Ямар нэг эерэг үр дүн заавал гарах вий.

БУСДАД ШИДЭХ САНАА?

Блокчейн гэх технологи дээр суурилсан нэг гол хэрэглээ бол крипто. Криптовалют галзуу, солиотой юм шиг өсдөг. Тэгэхээр хүн яаж зүгээр байх вэ, гараа дүрэхийг оролдоно. Дэлхий даяар крипто ертөнц ингэж л явж байна. Монголд ч гэсэн давлагаа үргэлжилсээр байна. Үүнийг бид зөв, буруу гээд зогсоож чадахгүй. Гэхдээ криптод орж байгаа хүмүүс эрсдэлээ сайн тооцоолох хэрэгтэй. Залуучуудад хандаж хэлэхэд, хэрвээ та криптогоор дамжуулан мөнгөө өсгөсөн бол үүнийг жинхэнэ карьертай, мэргэжил боловсролтой болгоход туслах санхүүгийн бэлэг гэж ойлгоорой. Тэрнээс ашиг биш шүү. Тэр мөнгөөрөө өөртөө хөрөнгө оруул. Илүү сайн сургуульд сур, илүү сайн курс дугуйланд яв. Ажил дээр гарсан хүний хувьд илүү дур сонирхолтой ажилдаа шилжин ажиллах боломж гэж харж болно. Магадгүй цалингийн түвшинд анхааралгүй сурах зүйл ихтэй байгууллагад орж болно. Суралцах зүйл ихтэй удирдагчийн дор ажилла. Хэрэггүй зүйлд тэр мөнгөө битгий үрээрэй. Хүн гэнэт мөнгөтэй болохоор тэрийгээ гэнэт үрээд дуусгачихдаг талтай.