Дурлаж хайрласан мэргэжлээ сонгон, замд нь таарсан бартаа бүхнийг даван туулж, хүсэл мөрөөдөлдөө үнэнч зүтгэсээр өдгөө 50 гаруй жилийг элээж буй ахмад жүжигчин Г.Мягмарнаранг бид цагаан сарын эдгээр өдрүүдэд ярилцлагын буландаа урьсан билээ. Өдгөө 80 насыг дөхөж буй хэдий ч тайзан дээрээ гялалзсаар яваа түүнийг харахад зорилго тэмүүлэл, хөдөлмөрч хичээнгүй зан, ажил мэргэжилдээ ямархан хайртай дуртай болох нь төвөггүй мэдрэгдэнэ.
“Хөх ногооны униар”, “Мандухай сэцэн хатан”, “Эр хүн болгож өгөөч”, “Миний нууц хүү” зэрэг тайз дэлгэцэд мөнхлөн үлдээсэн зуу зуун бүтээлээрээ Монголын урлагт өөрийн орон зайг бий болгосон тэрээр өдгөө их театртаа ганц өөрөөсөө гадна хүүгээрээ хүч сэлбэж буйг нь бахархан онцлууштай. Ингээд ард олондоо хийсэн бүтээснээрээ хүндлэгдэн хайрлагдсаар яваа түүний ажиллах арга барил, удахгүй нээлтээ хийх шинэ жүжгийн тухай болон соёл уламжлалын талаарх үзэл бодлыг нь уншигч танд дэлгэе.
Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот, Соёлын төв өргөө
Эрхэлдэг ажил: УДЭТ-ийн жүжигчин
Цол хэргэм: Монгол Улсын Ардын жүжигчин
Хэрэглэдэг гар утас: Samsung

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би дунд сургуулиа төгсөв үү үгүй юу театрын тайзан дээр гарч, 50 гаруй жилийн турш 120-иод жүжгийн гол болон туслах дүрийг бүтээж. Хүний хувь заяа гэдэг тун хачирхалтай. Угтаа би цэргийн сургуульд орно гэж эртнээс төлөвлөж, элсэлтийн шалгалтдаа хүртэл тэнцчихсэн байсан нөхөр. Гэтэл нэг өдөр Улсын Драмын Эрдмийн театрт дагалдан жүжигчин авна гэх зарыг дуулангуутаа чавхдаж очоод шалгуултал тэнцэж орхих нь тэр. Намайг сурагч байх цагт буюу 1960-иад онд төр засгийн зүгээс бодлогоор дунд сургуулийн сурагчдад театрын жүжиг тогтмол үзүүлж, урлагийн боловсролыг системтэйгээр олгодог байлаа. Одоо эргээд бодох нь ээ, У.Шекспир, Ф.Шиллерийн сонгодог жүжгийг Б.Дашдаваа, Ц.Гантөмөр, Г.Гомбосүрэн гуай, Т.Цэвээнжав эгч гэх аваргууд амилуулж байхыг үзэгчийн суудлаас харах тоолонд ерөөс ийм сайхан жүжигчин болдог ч юм уу гэх хүүхдийн гэнэн бодол сэтгэлийн мухарт зочлоод, оюун бодлоос салж өгөхгүй байсан юм шиг. Дээр нь нэмээд “Хөхөө гэрлэх дөхлөө” кинонд тоглож, ид хит болж байсан Б.Дашдаваа гуайг бишрэн шүтэж, яг л түүнтэй адил жүжигчин болъё гэх гэнэтийн шийдвэрээр өнөөх цэргийн сургуулиа тэр чигт нь орхисон түүхтэй. Жүжигчний мэргэжлээр их сургуульд элсье гэхнээ Багшийн дээд сургуулийн жүжигчний анги дөрвөн жилдээ ганц удаа элсэлт авдаг байсан тул миний мөчлөг таараагүй.
Тэр үед шалгалт өгсөн хэдэн зуун хүүхдээс МУГЖ А.Цэгмид, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Ж.Дашзэвэг, найруулагч Д.Жамъян бидний хэдэн нөхөр шөвөгдөж, дагалдан жүжигчнээр театрын босгыг анх давж байлаа. Намайг шалгаж авсан хүмүүс бол эрдэмтэн, зохиолч, найруулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Э.Оюун, театрын уран сайхны удирдагч Д.Ичинхорлоо гуай. Дагалдан жүжигчнээр гурван жил ажилласны эцэст театрт намайг жинхэлсэн анхны гол дүр маань “Тэр талд” жүжиг. Театрын тайзнаа хэн илүү дүр бүтээх вэ гэдэг өрсөлдөөн залуу жүжигчдийн дунд айхтар ширүүн өрнөж байсан тул дагалдан надад гол дүр оногдоно гэдэг тэнгэрийн умдаг атгасан дайны аз завшаан юм шүү дээ. Тэр үеэс хойш хагас зууны туршид театр миний хоёр дахь гэр болжээ.
Ардчилсан хувьсгалын дараах жилүүдэд нэг хэсэгтээ театр үзэгчгүй, драмын жүжиг тавих амаргүй байсныг хэн хүнгүй л мэдэх биз. Тэр ороо бусгаа үед арав гаруй жил Бага театрт жүжигчнээр ажиллахын сацуу тэрхүү театрыг босголцоход хувь нэмрээ оруулж, 2005 онд УДЭТ-даа эргэж орсон. Дээр хэлсэнчлэн театрын тайзнаа би 120 гаруй дүр бүтээсэн бол уран сайхны кинонд бүтээсэн дүрээ тоолж байсангүй. Өнгөрсөн жил гэхэд Монгол, Францын уран бүтээлчдийн хамтарсан бүтээл, найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр Сарын Цас” богино хэмжээний кинонд тоглолоо.
Энэ олон жилийн турш төрд үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдэх сайхан байлгүй яахав. Гэхдээ юу юунаас илүү уран бүтээл туурвина гэдэг хамгийн бахархам үйлс. “Мандухай Сэцэн хатан” кино нээлтээ хийсэн 1988 оны үес бол бидний хэдэн жүжигчдийн хувьд алтан үе байлаа. Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн багш, А.Очирбат, Б.Дамчаа, Ж.Лувсанжамц, Д.Ичинхорлоо гуай гээд дээд үеийнхнээсээ тасралтгүй суралцаж, мөр зэрэгцэн уран бүтээл туурвиж явсан маань нэр төрийн хэрэг хэмээн залбирч явдаг.
Мэдээж хүүгийнхээ ерөнхий найруулагчаар ажилласан “Фауст” жүжигт дүр бүтээсэн явдал карьерын хамгийн онцлох хэсэг болов уу. Би хүүгээ найруулагч болчих нь чинээ зүүдэлж ч яваагүй, ер нь манай гэрээс урлагийн хүн төрнө гэж итгэдэг ч үгүй байв. Урлагийн ажил гэдэг үр хүүхдэдээ өвлүүлмээр хүсүүштэй мэргэжил ер биш. Урлагаар хоолоо олж амьдарна гэдэг чинь өөрийнхөө амьдралыг зольж буйгаас ялгаагүй. Гэтэл эмчийн мэргэжил эзэмшиж, мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байсан хүү гэнэтхэн найруулагчаар суралцана гэхэд цус харвахын наахнуур үйл явдал болох нь аргагүй. Ээж нь ч, би ч их дургүй байсан. Хүсэл нь байвч авьяас, өгөгдөл байхгүй бол шагайх ч эрхгүй шүү дээ, урлагийн тайз гэдэг. Тиймдээ ч хүүгээ хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд хий дэмий цаг хугацаагаа үрэх вий дээ гэж эмээж байсан хэрэг. Харин мэдээ орох цагаасаа л Улсын драмын эрдмийн театрт гүйж өссөн хүү маань бидний эсэргүүцлийг үл тоон Оросын театрын урлагийн институтийг төгсөж, "Фауст", "Гэм зэм" жүжгийн ерөнхий найруулагчаар ажиллаж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж буйг нь хараад бахдах сэтгэл төрдгөө нуугаад яах вэ.
М.Батболд-Амьд театрын төлөө амьдарч яваа хүн
unread.media


2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Бидний үеийнхний хувьд ахмад жүжигчдээсээ хожимдож ажилдаа ирэх нь нүгэл шахуу байв. Өмнө үеийн жүжигчдээс сурсан энэ хүмүүжлээ одоог хүртэл би гээгээгүй. Сургуулилт хийх, хүнтэй уулзах гэхчлэн хувь хувьсгалын ажлуудад хожигдох дургүй талдаа хүн. Манай улсад театр утгаараа хөгжиж байсан жараас наян оны үед жүжигчид жилийн ерээд хоногт нь бригадаар хөдөө орон нутагт тоглодог байлаа. Өөрөөр хэлбэл, уран бүтээлийнхээ оргил үедээ би жилийн дөрөвний нэгт нь гэртээ үзэгддэггүй байсан гэсэн үг. Арван найман аймгийг бүхэлд нь тойрч, уран бүтээлээ ард түмэндээ хүргэх учиртай. Шөнийн нэг цагт тоглолт дуусаж, хоол идэж аваад л нар мандахтай зэрэгцээд дараагийн сум руу явах хуваарьтай. Залуу насныхаа эрчинд л хоногийн хорин цагт нь шахуу ажиллаж чаддаг байсан юм уу даа.
Би зөвхөн жүжигчний хувиар төдийгүй арваад жил театрын бригадыг ахалсан туршлагатай. Одоогийнхоор ерөнхий менежерийн албан тушаал. Бригадын хамт олон хаана очих, хэдэн цаг явах, хэдэн удаа тоглох, үзвэрийн төлөвлөгөөг биелүүлэхийн зэрэгцээ уран бүтээлчдийнхээ эрүүл мэндэд санаа тавих гээд аж ахуйн бүхий л ажил толгой дээр бууна. Одоотой адил сум хоорондын зам сайхан байгаагүй, байсхийгээд л эвдрэл гэмтэл тохионо, замдаа сууна. Юу эсийг үзэх вэ дээ. Ширхэг шрупийг ч түүгээд л явна. Энэ бүх ажил намайг хүлээцтэй, тэвчээртэй, хатуужилтай, дээр нь нэмээд ажлыг чамбай төлөвлөдөг, хүмүүсийн арга эвийг олчихдог нэгэн болж төлөвшүүлжээ. М.Горький “Миний их сургууль бол амьдрал юм” хэмээн хэлсэн байдаг. Яахын аргагүй хүн ажлын талбараас амьдралын олон ухааныг суралцдаг нь үнэн.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Зөвхөн жүжигчин гэлтгүй аливаа уран бүтээлчид гэр бүлдээ цаг зарцуулах тал дээр маруухан. Үр хүүхдийн хүмүүжил, гэр орны ажлыг ихэнх үед хаяж таарна. Баяр ёслолын үеэр ах дүү, амраг садан цөм цуглаж байтал тоглолттой гээд хаяад гарах наад захын асуудал. Үр хүүхдээ өвчинтэй зовлонтой үед хүртэл уран бүтээлийн ажлыг цалгардуулж болохгүй. Тиймдээ ч жүжигчин хүний ар гэр баттай байж гэмээнэ хамтдаа нэгэн баг болж, уран бүтээлийн ард гардаг нь жам юм. Айхтар тэсвэр тэвчээр, хатуужилтай хийгээд үнэнч сайхан сэтгэлтэй нэгэн л уран бүтээлчийн ар гэр болно. Эс бөгөөс ганцаараа зүтгээд тогтвортой амжилт үзүүлнэ гэдэг тунчиг ярвигтай даваа.
Тэрчлэн театр гэдэг бол тэр чигтээ багийн ажиллагаа. Би гэдэг өвчин тусвал хамтын бүтээлийн ард хэрхэн гарах билээ. Тиймдээ ч би өдий олон жилийн хугацаанд “би” гэж өөрийгөө дөвийлгөж, дээш шидэж явсангүй. Миний биш “Бидний уран бүтээл” гэж сэтгэх учиртайг театрын дээдчүүл зааж сургасан. Хамт олныхоо сэтгэл санааг хүндэтгэж, тэдэнтэйгээ эвсэн нийцэж ажиллах зарчимтайгаар төдийгөөс өдий хүрлээ.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Тоглолттой үед бол нүүрний будаг, жижиг хэрэгсэл гээд тайзан дээр гарахад шаардлагатай зүйлсээ нэг бүрчлэн төлөвлөж бэлдээд биедээ авч явна. Сахлын цавуу гэхчлэн зөвхөн жүжигчин хүн л учир холбогдлыг нь ойлгохуйц сонирхолтой эд хэрэгслүүд зөндөө бий.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Нэн тэргүүнд хувийн бэлтгэлээ сайтар хангах. Тухайн өдөр би өгөгдсөн дүрийнхээ аль хэсгийг боловсруулах билээ гэдгээ хүртэл төлөвлөдөггүй нэгэн бол өөрийнхөө цагаас гадна өрөөлийн цагийг хүртэл бардаг гэмтэй. Муу төлөвлөлт гэдэг зөвхөн чамаас гадна хамт олны тань цагийг үнэгүйдүүлдэг гэдгийг санаж явууштай.



6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Бичихээс илүүтэй голцуу толгой дотроо бодчихдог юм. Өглөөнөөс орой хүртэл энэ, энэ ажлыг дуусгасан байх ёстой гээд л толгойндоо боловсруулаад гэрээс гардаг дадалтай. Хувцас хунар, жижиг хэрэгслээс авхуулаад хувийн бэлтгэлээ сайтар хангадаггүй, ямар ч төлөвлөгөөгүй цүл пал хүмүүс ажлын цагаас идээд байдаг нь их тамтай санагддаг.
Миний амьдралын ганц дутагдал гэх юм бол би насаараа архи амсаагүй нэгэн. Архи уухын жаргалыг, архины амтны сайхныг мэдрээгүй хүн. Ууя гэж мянга хүсээд биологийн хувьд надад таардаггүй эд байсан тул уран бүтээлийн ажилдаа айхтар зарчимч, төлөвлөгөөтэй хандаж ирсэн ч байх талтай.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Илжиг модон хударгадаа гэгчээр театрын шуугиан, залуусын хөхрөлдөөнөөс хэзээ ч тээршээж байсангүй. Харин ч энэ шуугианаас холдоод нам гүм газар удах тусам бухимдах янзтай. Би нэг хэсэг нэлээн хүнд өвдөж, одоогоос л уран бүтээлийн ажилдаа эргэн ирж байна. Өвчтэй байх үедээ театрын тайз, хамт олноо л хамгийн их саналаа. Тэгэхээр миний мэргэжил, их театр бол эрч хүчээ сэлбэх гол хэрэгсэл минь гэсэн үг. Буцаад ажилдаа ороход л сэтгэл санаа, бие махбод илт сэргэж байна.



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Миний нэг хобби хоол хийх. Хэрэвзээ би жүжигчин болоогүй сэн бол тогооч болчихсон байх магадал өндөр. Бага залуугаасаа л хөгшнийгөө ажилтай байх үед нь аль болох гал тогоогоо хариуцаж, хоол ундаа бэлддэг байлаа. Мэдээж өдий насанд бол өвөөгийн ажилдаа их дурлаж байна.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Жүжигчний мэргэжил гэдэг дадлагаас ихээхэн хамаардаг. Халгиж, цалгисан авьяастай байлаа гээд тайзан дээр шуудхан гараад хийчихдэг ажил огтоос биш. Дадлага, бэлтгэл гэдэг авьяастай эн тэнцэхүйц чухал. Хэдий чинээ бэлтгэл, сургуулилт тогтмол хийнэ төдий чинээ сайтар бэлтгэгдсэн, ачаа даах тэнхээтэй жүжигчин болно. Үг сонсож, ачаалал даахгүйгээр тайзан дээр хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг юу л бол.
Нэг үеийн залуу жүжигчид дотроос найруулагчдадаа хамгийн их загнуулж, зэмлүүлсэн нөхөр гэж би өөрийгөө боддог. Тухайн үедээ бол найруулагч намайг чадна гэдэг итгэлтэй байгаа учраас л алдаа дутагдлыг маань хайр найргүй улаан нүүрэн дээр хэлж, аашлахдаа аашилж урамшуулахдаа урамшуулж, итгэл үнэмшил төрүүлж байгаа гэж итгэж, шүүмжлэл бүрийг зөвхөн жүжигчний хувиар хүлээж авч байсан. Хэрвээ тэдгээр үгсийг хувь хүн рүүгээ хүлээж авсан бол өдийд би энд сууж байхгүй байсан биз ээ. Найруулагч гэдэг бол жүжигчний хамгийн дотнын анд, үнэнч зөвлөх. Тэгэхээр энэ бүх харилцаа зөвхөн урлагийн салбарынхны л ойлгох мэргэжлийн онцлог юм даа.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Одоогоор би Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны “Шөнө буусан аадар” драмын жүжгийн гол дүрд тоглохоор “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчидтэйгээ ид бэлтгэлээ базааж байна. Би чинь “Мөрөөдлийн театр”-ийнхний анхны уран бүтээл болох “Миний нууц хүү” жүжигт арван жилийн өмнө гол дүр бүтээж байсан тул хэсэг хугацаанд тайзнаас завсарлага авсны дараа эдгээр залуустайгаа дахин гар нийлж буйдаа туйлын баяртай байгаа. Гар нийлээд ажиллаад дадчихсан, шижигнэсэн залуус байгаа юм. Бэлтгэл эхлээд хэдийнээ сар гаруйн хугацаа өнгөрчээ. Хэдхэн хоногийн дараа буюу ирэх гуравдугаар сарын нэгнээс жүжиг маань нээлтээ хийнэ. Ойрын сар гаруй хугацаанд төвлөрөх гол ажил гэвэл энэхүү жүжиг байна.
Асуултаас халихад ер нь аль ч мэргэжилд мэргэших гэсэн ойлголт бий. Би бол ухаандаа жүжигчний мэргэжилд мэргэшсэн хүн юм. Тавь гаруй жил тайзнаас буухгүй, дэлгэцэн дээр амьдарна гэдэг чинь нэг ёсондоо мэргэжилдээ мэргэшсэн гэсэн үг мөн биз? Одоо бол надад айдас хүйдэс, энэ бүтээлийн ард гарч чадах болов уу, үгүй болов уу гэдэг эргэж буцсан хандлага огтхон ч алга. Харин ч одоо хэзээ хэзээнээс илүүтэй өөртөө итгэлтэй, чадвартаа ирлэгдэж ажиллаж байна гэхэд хилсдэхгүй.


11. цагаан сарын дурсамж?
Цагаан сар гэдэг нэг ёсондоо амьд яваагийн, нэгэн шинэ хавартай учран золгосны баяр. Ах дүү төрөл төрөгсөд дундаа хэн өрх тусгаарлаж, хэн нь шинэ хүнтэй болж, ололт амжилт, олз омгоо хуваалцдаг ураг төрлийн баяр. Энэ баярыг ад үзэх юу байхав. Монголчууд байтугай хүн төрөлхтөн жил улиран өнгөрөх нэгэн мөчлөгийг дэлхийн өнцөг булан бүрд л ёслон өнгөрүүлдэг уламжлалтай. Орчин цагт энэ баярыг хүндрүүлж хийх хандлагатай болж. Манай гэр бүлийнхний хувьд ах дүү төрөл саднаараа уулзаж, бэлгэ дэмбэрэлтэй үгсийг солилцож тэмдэглэдэг.
Би чинь хөдөөгийн хүүхэд. Намайг бага балчир байх ахуйд энэ баярыг их өргөн дэлгэр тэмдэглэдэг байлаа. Айл хунар хэсэж, алт мөнгө цуглуулахыг үзүүлж өгнө. Тухайн үед арван хоёр мөнгөний дэвтэр, харандаа хамгийн гоё бэлэг байв. Ижий минь цагаан сар бүрээр надад зориулан шинэ дээл урладаг байсан нь сар шинэтэй холбоотой хамгийн сайхан дурсамж.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
1960-1980 оны хар цагаан хуучны кинонуудаа ахин дахин үзэх дуртай. Дууны хувьд ардын, зохиолын ялгахгүй бүгдийг нь сонсоно. Тэр дундаа аавын сайхан дуунуудыг нэг мэдэхэд л аманд орчихсон байх нь бий.
Ааваа би дуулна
Ааваа бид дурсана
Амьдралын ухааныг сэтгэлд ургуулсан
Ачтай аавыгаа дуулж явна би гээд л дотроо дуулаад явна.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
“Хүнтэй эвтэй бай, худал бүү хэл” гэх аав ээжийнхээ захиасыг нэг насныхаа мөрийн хөтөлбөр болгож, цаашлаад үр хүүхдэдээ дамжуулахаар зорьж байна.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Улс гүрнийхээ түүхээ сайн судал. Өөрийнхөө өвөг дээдсийн намтрыг сайтар мэд. Эрдэмтэн, мэргэд тархиа ширгээж байж ном бүтээдэг тул унших үйлд цаг гаргаж, авах гээхийн ухаанаар тунгаах хэрэгтэй.
Бусдад саад болохгүй, өөрийн биеийг зүй зохистой авч явна гэдэг даяаршиж буй орчин цагт тун чухал чадвар юм. Бас би, би гэх өөрийгөө дөвийлгөсөн хүмүүжил буруу замаар будаа тээлгэх аюултай гэдгийг санаж явахад илүүдэхгүй. “Бид”-ээс “би” үүсдэг нийгэмд зөвхөн өөрийнхөө хувиа бодож, довоо шарлуулдаг нэгэн урт насалж, удаан жаргахгүй ээ. Өрөөлийг хүндэлж, хүндэтгэж байж хайр хүртдэг жамтай хорвоо гэдгийг санаж яваарай, хүүхдүүд минь.


Сэтгэгдэл бичих

