Өнгөрч буй зуны турш Монгол Улсыг жуулчид тэр дундаа олон нийтийн сүлжээнд алдартай контент бүтээгчид ихээр зорин ирэв. Солонгос киноны алдартай жүжигчдээс авахуулаад дэлхийд данстай сэтгүүлч, Холливүүдийн од гээд жагсааж бичвэл уртаас урт жагсаалт гарна. Тэдгээр эрхмүүдийн дагагчид бүгд Монголын талаар олон нийтийн сүлжээнээс харж, улсыг маань зөвхөн Чингис Хаанаар бус өөр олон талаар таниж мэдсэн гэдэгт эргэлзэхгүй байна.      

Монгол Улсыг таниулах магадгүй хамгийн том нөлөөг үзүүлсэн контент бүтээгчид бол нийтдээ 150 сая гаруй дагагчтай Нусейр Яссин, Жулиус Деин нар. Тэд манай оронд хүрэлцэн ирж контент бүтээхийн зэрэгцээ, мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамт Nas Summit арга хэмжээг зохион байгуулж, орчин цагт хэрхэн контент бүтээх, түүнээсээ орлого олох талаар мэдлэг, туршлагаа хүрэлцэн ирсэн хүмүүст харамгүй хайрласан билээ.      

Нусейр Яссин, Жулиус Деин нарын асар шахуу ажлын дундуур бидэнд хэсэгхэн хугацаанд тэдэнтэй ярилцах завшаан олдсон юм. Ингээд дэлхийд “данстай”, орчин цагийн томоохон нөлөөлөгчдийн ажлын арга барил, үзэл бодолтой танилцъя.    
 

Байршил: Их Британи, Лондон хот
Эрхэлдэг ажил: Интернет дэх хамгийн алдартай илбэчин
Хэрэглэдэг гар утас: iPhone 14 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудсууд: Julius Dein (Фэйсбүүк) juliusdein (Инстаграм)

Байршил: Арабын Нэгдсэн Эмират, Дубай хот
Эрхэлдэг ажил: Nas Company-ийн Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 14 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудсууд: Nas Daily (Фэйсбүүк) nasdaily (Инстаграм)


1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ? 

Жулиус: Би Лондон хотын жирийн нэгэн айлд төрж өссөн. Ээж маань хэл ярианы терапист, аав маань хуульч мэргэжилтэй. Багаасаа олон хүнтэй харьцах, шинэ хүмүүстэй танилцах дуртай хүү байлаа. Арван настай байхдаа миний насны хүүхдүүд илбийн үзүүлбэр хийж байгааг хараад тэдэнтэй адил болохыг хүсмэгцээ циркэд элсэж улмаар илбийн урлагт суралцаж эхэлсэн.

Илбэ гэдэг хүн бүрийг холбож чаддаг хэл. Мөн бүгдийг гайхршуулж чаддаг. Тэрбумтан байна уу, орон гэргүй хүн байна уу хамаагүй харж, сонсож, мэдэрч чаддаг л бол энэ урлагийг ойлгох боломжтой.

Нас: Израилын Арабба хотод mөрж, 2014 онд Харвардын Их сургуулийг Эдийн засаг болон компьютерын шинжлэх ухаан чиглэлээр төгсөж, Нью-Йорк хотноо ажилд орсон. Ажилд ороод хоёр жил болсны дараа Дэлхийгээр тойрон аялах хүсэлдээ хөтлөгдөн ажлаасаа гарч, контент бүтээгч болсон. Тухайн үед 1000 өдрийн турш өдөр бүр нэг бичлэг хийе гэж шийдээд Nas Daily гэдэг Фэйсбүүк хуудсаа нээж байлаа. 1000 бичлэг хийх сорилт маань ч амжилттай дуусаж, түүнээс хойш ганцаараа контент хийх бус бусад контент бүтээгчдийг дэмжих, сурч мэдсэнээ дамжуулахаар Nas Company болон Nas Summit-ийг үүсгэн байгуулаад байна.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

Жулиус: Өглөө долоон цагт босоод дасгал хийснийхээ дараа багаараа уулздаг. Багт маань хөрөнгө оруулалт, контент чиглэлийн найман хүнтэй. Бид зөвхөн контентоос гадна стартап болон үл хөдлөхөд хөрөнгө оруулдаг. Үдээс хойш харин илбийн үзүүлбэрээ үзүүлэх, бэлдэх, бизнесүүдээ анхаарах гэх мэтээр янз бүрээр өнгөрдөг.

Нас: Өдөр бүр өөр. Нэг өдөр нь Монголд ирээд бичлэг хийх хэрэгтэй болдог бол дараа өдөр нь Америкт хуриманд оролцох ёстой болдог. Тэгэхээр дундаж өдөр гэж бараг л байхгүй.

3. Таны ажлын нөү-хау? 

Нас: Товчхондоо, өдөр бүр нэг л зүйлээ хийх. Нэг хувцсаа өмсөх, нэг дасгалаа хийх, нэг контентоо бэлдэх. Энэ олон жижиг зүйлс нийлсээр асар том үр дүн гардаг.


4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ? 

Жулиус: Бүх сошиал аппуудыг тогтмол хэрэглэдэг. Контент бүтээхдээ Final Cut Pro, арилжаа хийхдээ Binance, явган аялал хийхдээ AllTrails, Google Maps ашиглана. Илбийн үзүүлбэртээ тусгай аппууд ашигладаг ч нэрийг нь хэлэх боломжгүй. Мөн дасгал хийхдээ зүрхний цохилт болон бусад мэдээллээ хянахын тулд Apple Watch, Oura бөгж ашигладаг.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 

Жулиус: iPhone утаснынхаа Reminder дээр хийх, бодох ёстой бүх зүйлээ биччихдэг. Түүнийгээ утасныхаа дэлгэц дээр widget болгож байршуулдаг тул утсаа хараад л юу хийх, хаана байх, юу бодохоо мэдчихдэг. Мөн хэрэгтэй бүх зүйлээ утасныхаа Notes дээрээ бичнэ. Мэдээж хувийн туслахтай байх, ажлуудаа багийнхаа гишүүдэд хуваарилж өгөх нь цаг их хэмнэдэг.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? 

Нас: iPhone-ийн Notes аппыг л ашигладаг. Ер нь аливааг маш энгийн байлгах дуртай. Олон зүйл ашиглах хүсэлгүй. Ашигладаг төхөөрөмж ч гэсэн маш цөөхөн. Гар утас, зөөврийн компьютер, зүрхний цохилт хэмждэг цаг гурвыг л ашигладаг.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 

Нас: Бүтээж байгаа зүйлс болон уулзаж байгаа хүмүүс маань намайг цэнэглэдэг. Мөн хамгийн чухал эрч хүч өгдөг зүйл бол нойр. Мэдээж ажлын хажуугаар бие махбоддоо ихэд анхаарч, эрүүл чийрэг байхын тулд тогтмол дасгал хийдэг.


8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ? 

Жулиус: Үүсгэн байгуулсан буяны байгууллагынхаа журмаар Уганда улсад сургууль барьж байгаа. Тус улсын нийслэл Кампала хотоос гурван цагийн зайд байх хотод барьж буй тус сургууль нь Өмнөд Суданаас дүрвэгсдэд зориулсан гэж хэлж болно. Өмнөд Суданд болж буй дайнаас болж олон сая иргэд дүрвэж, ялангуяа хүүхдүүд орох оронгүй, боловсрол эзэмших боломжгүй болж байгаа нь сэтгэлийг минь эмзэглүүлсэн тул энэ төслөө эхлүүлсэн. Сургуулиараа дамжуулан хүүдүүдэд Англи хэл зааж, боловсрол эзэмшүүлж эцэстээ мэдлэгээ ашиглаж амьдралаа өөрчлөх боломжийг тэдэнд бүрдүүлэх зорилготой.

Мөн үл хөдлөх хөрөнгөд сонирхолтой учраас Балид амьдрах байраа бариулж байгаа. Өөрийн минь эзэмшлийн анхны байр учир их анхаарал хандуулж байна. Сэтгэцийн эрүүл мэнддээ ихэд анхаардаг учир хоол хүнс хүний биед хэрхэн нөлөөлдөг тухай судлах дуртай. Түргэн хоол хүний биед олон талаар сөрөг нөлөөтэй учир яг л агуйд амьдардаг байсан өвөг дээдэс шигээ аль болох их мах, ногоо идэхийг хичээж, хэт шарсан эсвэл хэт чихэрлэг хүнсээс татгалздаг.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? 

Нас: Эерэг тал нь гэвэл Дэлхийгээр аялж, олон сонирхолтой хүмүүстэй уулзаж танилцах, контентоороо бусдад эерэг санаа түгээх. Гэхдээ үүний тулд асар шахуу хуваарьтай ажиллах ёстой болдог нь бэрхшээлтэй тал нь.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? ойрын төлөвлөгөө? 

Жулиус: Ирэх жилээс эхлэх аялан тоглолтдоо бэлдэж байна. Мөн илбийн урлагт суралцахыг хүссэн хүмүүст зориулж Magic Academy нэртэй цахим сургалт бэлдэж байгаа. Мексикт төвтэй, 15 хүнтэй продакшн компанийнхаа ажилд мөн анхаарч байна.

Нас: Медиа компаниа өргөжүүлэх, тогтвортой авч явах дээр бүх анхаарлаа төвлөрүүлж байна. Одоогоор манай баг 100 гаруй гишүүнтэй бөгөөд хийж буй контентоороо хүмүүсийг илүү ойр дотно болгох, эвлэлдэн нэгдүүлэх зорилготой.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ? 

Жулиус: The Diary Of A CEO, School of Greatness, Joe Rogan зэрэг урт хугацаатай, сэдвийнхээ дагуу маш өгөөжтэй мэдээлэл түгээдэг подкастууд сонсдог.


12. Санал болгох ном, кино, хөгжим? 

Жулиус: Бүх төрлийн дуу сонсдог ч "Tropical House" төрөлд илүү дуртай. Coldplay-ийн Viva La Vida дууг уншигчдад санал болгож байна. Titanic, Notebook, Blood Diamond, The Shawshank Redemption зэрэг хуучны классик бүтээлүүдээс хэзээ ч уйдахгүй байх. Эдгээрээс Blood Diamond-ийг үзээрэй гэж санал болгоё. Сүүлийн үед уран зохиолын ном түлхүү уншиж байна. Хэдий шинэ зүйл сурахгүй ч гэсэн бодит байдлаас түр ч гэсэн холдуулж чадах увидастай нь таалагддаг. Яг одоо Darren Shan-ий Cirque Du Freak нэртэй, цус сорогчтой цувралыг уншиж байна.

Нас: Сонсож болох бүх л зүйлийг сонсдог. Тиймээс сүүлд үзсэн Oppenheimer киноны дууг санал болгож байна. Киног нь ч санал болгоё. Мөн Yuval Noah Harari-ийн Sapiens номыг заавал уншиж үзээрэй.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө? 

Жулиус: Олон хүмүүсээс олон ч зөвлөгөө авч байсан. Багцлаад хэлэх юм бол: “Тухтай бүсийн чинь гадна амьдрал эхэлдэг. Одоо байгаадаа талархалтай бай. Ямар ч хэцүү нөхцөлд орсон бай, чиний амьдралаар амьдрахыг хүсэж байгаа хэдэн сая хүн бий. Тиймээс энэ цаг мөчдөө амьдарч, өөрийгөө бусадтай аль болох бага харьцуулж, амьдралаас таашаал мэдрээрэй.

Нас: Steve Jobs-ийн хэлсэн “Хорвоо ертөнцийг чамаас илүү ухаантай хүмүүс бүтээгээгүй” гэдэг үгийг үргэлж санаж явдаг.

14. Бусдад шидэх санаа? 

Жулиус: Илбэ сурмаар байгаа бол Юүтүб ороод “How to do Magic” гэж бичээд хай. Би тэгж л эхэлсэн.

Нас: Контент бүтээгч болмоор байвал 1000 өдрийн турш 1000 контент хий. Би ингэж л амжилтад хүрсэн болохоор бусад хүмүүс ч чадна.