Энэ удаад биднийг хавдар хэмээх аюулт өвчнөөс гэтэлгэхийн төлөө ажилладаг эрхэм хатагтайг урилаа. Өдгөө Японы Гунма их сургуульд судлаачаар ажиллаж байгаа тэрээр хавдрын хоёр ч томоохон судалгаа хийж буй. Тэр дундаа нано хэмжээстэй хүчилтөрөгч бүхий усаар хавдар эмчлэх боломжийг эрэлхийлэн судалж буй нь гайхалтай. Монгол Улсын хэмжээнд хавдрын өвчлөл 2010-2019 оны хооронд хоёр дахин нэмэгдсэн бөгөөд монголчуудын нас баралтын хоёрдогч шалтгаанд тооцогддог. Хавдрын эмчилгээг сайжруулж, урьдчилан сэргийлэхэд анхаарч ажилладаг түүний арга барил, үзэл баримтлалтай нь танилцсаныг хүлээн авна уу. Анагаахын чиглэлийн мэргэжилтнүүдтэй бид тэр бүр ярилцдаггүй учир уншигчдад маань нэн сонирхолтой байх болов уу.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Гунма их сургуулийн судлаач, хавдрын их эмч
Хэрэглэдэг гар утас: iPhone 12 Pro
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудас: Navchaa Gombodorj (LinkedIn), Navchaa Gombodorj (Facebook)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Найман настайгаасаа л эмч болно гэж боддог байлаа. Манай 12 дугаар сургууль хими, физик, математикийн сайн багш нартай байсны ачаар тухайн үед нэн өрсөлдөөнтэй байсан Анагаахын сургуульд элсэж чадсан. 10 жилдээ шилдэг сурагч байсан ч их сургуулийн түвшинд тэр маань хангалтгүй гэж үзээд, өдөр шөнөгүй л хичээлээ хийдэг байлаа. Тэр жилүүдэд сурлагадаа зориулсан хөдөлмөр цаашдын амьдралд маань их хэрэг болсон гэж боддог. Онц төгссөн оюутнуудаас хоёр хүүхдийг Хавдар судлалын үндэсний төвд ажилуулахаар болж, 1999 онд туяа эмчилгээний эмчээр ажилд орсон. Монголд одоо ч гэсэн улсын хэмжээнд туяа эмчилгээний ганц л нэгж тасаг бий. Тэнд ажилласан 14 жилийн хугацаанд туяа эмчилгээний шугаман хурдасгуур төхөөрөмжийг оруулж ирэх төсөл бичиж, шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж, мөн ХААН Банктай хамтарч хэрэгжүүлсэн Хавдрын эсрэг үндэсний хөтөлбөрийг эхнээс нь багийнхантайгаа удирдан чиглүүлж явсандаа баяртай байдаг.

Манайд хавдрын судалгаа хийх боломж харьцангуй хязгаарлагдмал учраас гадагш явж, судалгаа хийх сэн гэж боддог байсан минь 2013 онд биелэл болж, Японы Гунма их сургуулийн докторын хөтөлбөрт элссэн. Японы Засгийн газраас Азийн туяа эмчилгээний лидер бэлтгэх хөтөлбөр зарласанд оролцоод тэнцсэн учраас Хавдар судлалын төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлын ажлаа өгөөд Японд ирсэн, өнөөг хүртэл энд судалгаа хийж байна даа. Хүнд ион эмчилгээний төвтэй учраас Гунма их сургуулийг сонгосон. Хүнд ион бол туяа эмчилгээний дээд түвшин, дэлхийд ийм төв 10-аадхан бий. 2017 онд докторын зэргээ хамгаалаад, одоо докторын дараах судалгааны ажил хийж байгаа юм. Монголдоо буцаж очоод хавдрын судалгааг хөгжүүлэх үүрэгтэй учир сурах юм их байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Аяга бүлээн ус ууснаар өдөр эхэлнэ дээ. Судалгааны ажлын үр дүнгээ боловсруулах гэж маш олон цагаар суудгаас хүзүү хөших гэх зэрэг асуудал их гардаг учраас өглөө дасгал хийнэ. Кофендоо их ач холбогдол өгдөг болохоор хамгийн сайхан кофег хамгийн гоёор чанаж уухыг боддог. Өглөөний кофегоо ууж аваад ажиллаж гарна. Докторт элссэний дараах дөрвөн жилд бол үнэхээр замбараагүй ажилладаг байсан. Үүрээр гэртээ орж ирээд усанд орчихоод буцаад гарах ч үе байлаа. Ер нь л биеэ хайрлахгүй ажиллачих гээд байдаг муу талтай. Сүүлийн нэг жил шаргуу ажиллах чухал ч, ухаалаг ажиллах илүү чухал гэдгийг ойлгож, биедээ ээлтэй ажиллахыг хичээж байна.

Өглөө хамгийн түрүүнд хийдэг ажил бол төлөвлөлт. Төлөвлөлтөд өдөрт ойролцоогоор хоёр цагийг зориулдаг. Тэгээд туршилтдаа орно. 12 цаг үргэлжлэх туршилт ч байна, 1-2 цаг хийгээд дуусчих, харьцангуй хөнгөн туршилт ч бий. Өдрийн цайны дараа голцуу судалгааны датагаа шинжиж дүгнэнэ. Цаг нар, хөрөнгө мөнгө зарж туршилт хийчхээд датагаа сайн боловсруулахгүй бол судалгаа хийхийн хэрэг юу билээ. Туршилт өндөр өртөгтэй тул нямбай хандах ёстой. Ялангуяа амьтан дээр хийх туршилтыг дээд зэргийн нягт нямбай, байж болох хамгийн сайн үр дүн гаргахыг хичээж хийдэг. Сүүлийн нэг жил 40 минут анхааралтай төвлөрч суугаад, 20 минут амарч юм уу, өөр ажил хийж тархиа амраах зарчим баримталж байна.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Хүнд амласан л бол заавал хийх, бүх зүйлд үнэнч шударга, чин сэтгэлээсээ хандах нь миний зарчим юм уу даа. Хүнд бэлэг өгвөл захиа бичээд, сайхан боогоод өгөхийг бодно. Хүнээс ном авсан бол хавтаслаад гоё болгоод өгөхийг боддог.

Төлөвлөлт миний хувьд юунаас ч илүү чухал. Хэдий чинээ бэлдэнэ, төдий чинээ алдаа мадаггүй хийнэ, санхүүгийн хувьд хэмнэлттэй, дахин дахин хийж цаг үрэхгүй. Олон зуу дахин найруулсан, мэддэг эмийн бодис байсан ч цаасан дээр нэг бүрчлэн бичиж байгаад найруулдаг. “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэгчлэн яарч сандарч хийсэн ажил олигтой болохгүй. Ер нь ямар ч ажлыг хамгийн чухал ажил юм шиг бодож сэтгэл гаргаж хийхийг боддог доо. Япончууд гайхалтай төлөвлөгчид. Төлөвлөгөө гаргасан л бол хэн ч зөрчихгүй, ажил дундаасаа зогсоно гэж байхгүй.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Үндсэндээ хоёр бүлэг программ, аппликэйшн ашигладаг. Нэгдүгээрт эрдэм шинжилгээний судалгаа хийж байгаа хүн заавал ашиглах программууд. JMP Pro, Endnote, Image J, Mendeley гэх мэт. Нөгөө хэсэг нь хэрэглээнийх. Dropbox, Trello байнга хэрэглэдэг. Бас олон нийтийн сүлжээний аппууд хэрэглэнэ. Pinterest үзэж бялуу хийхэд хэрэгтэй санаа түүнэ. Найзаасаа санаа аваад энэ жилээс эхлэн жил бүр нэг программ, нэг аппликэйшн бүрэн эзэмшиж байхаар шийдсэн. “MasterClass”-ийн эрхийг аваад үзэж эхэлж байгаа. Нөгөө нь гэвэл, Trello-г энэ жил тултал нь ашиглаж сурна даа.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Сайн төлөвлөлт гэж хэлнэ. Гэхдээ ер нь бол судлаач хүн цаг харамгүй л сууж байж үр дүн гаргана. Цагийн үнэ цэнийг ойлгохгүйдээ биш л дээ. Би хийж байгаа зүйлдээ бүх анхаарлаа хандуулдаг. Одоо би маш их ажилтай байлаа ч гэсэн чамтай ярилцаж байгаа үедээ хэдэн цаг ч хамаагүй өөрийгөө бүрэн чамд хандуулна, хойно ямар ажил хүлээж байгаа нь чухал биш. Тэр ажил бол миний асуудал, би дараа нь өөрөө зохицуулна.

Судлаачийн хувиар долоон жил ажиллачихсан болохоор ур чадвар сайжирч, өмнө нь багагүй цаг зарцуулж хийдэг байсан ажлыг түргэн бүтээж чаддаг болсон. Тэгэхээр мэргэших нь цаг хэмнэх нэг арга.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Google Calendar, Trello байнга хэрэглэдэг. Гэхдээ Google Calendar-ийг өглөө ганц удаа нээж багцалж нэг сэргээж хараад, орой Trello дээрээ ажлаа базаж, дуусгасан ажлаа дарах нь таашаалтай. Өдрийн турш байн байн хардаггүй. Харах тусам түүндээ бүр найдаад мартаад байх шиг санагддаг учраас тархиндаа даатгадаг гэх үү дээ.

Судалгааны ажил хийдэг хүний хувьд төлөвлөлт гэдэг бизнес төлөвлөгөөнөөс ч юм уу өөр л дөө. Энэ удаагийн туршилтын зорилго юу билээ, уг зорилгодоо хүрэхийн тулд эмчилгээний хэдэн бүлэг үүсгэх вэ, эмчилгээгээ өдөр бүр хийх үү, долоо хоногт хэд удаа, амьтны туршилт байлаа гэхэд тухайн кг жинд өгөх эмийн тунг хэдээр тооцох, ямар замаар хэрэглэх, ямар төрлийн дата цуглуулах вэ, урьдчилан таамаглаж буй үр дүн гэх мэтээр нарийвчлан бичиж төлөвлөнө. Шинэ эмийн бодис хэрэглэх хэрэгтэй байлаа гэхэд тэр тухай судлаачдын бичсэн өгүүллийг уншина, тэд хулгана дээр хэрэглэж үү, хэрэглэсэн бол яаж хэрэглэсэн бэ, миний судалгаанаас юугаараа өөр вэ гэж эргэцүүлж, төлөвлөх зуураа суралцдаг учраас цаг их ордог юм.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Эрч хүчтэй төрүүлсэн ээж аавдаа баярлалаа гэж хэлье. Залуугаасаа л ингээд ажиллачихсан болохоор хань, хүүхдүүд маань хүлээн зөвшөөрч, дэмждэг. Тийм болохоор үнэхээр сэтгэл зовох юмгүй ажилладаг даа. Дуртай ажлаа хийж байна, гэр бүлдээ санаа зовох зүйлгүй, тэгэхээр ядраад байх юу байх вэ.

Би амттанд их дуртай. Ядраад харих үед хүүхдүүд маань сайхан кофе чанаад хамгийн гоё аяганд хийгээд, миний дуртай амттаныг таваглаж тавьж өгөөд, хэн нь ч садаа болохгүй тайван байлгадаг. Би бялуу хийх дуртай. Бялуу хийхээр тархи амарна, бясалгал шиг санагддаг. Ажлынхнаа дайлна, тэднийхээ талархалд баясна. Хааяа иог хийнэ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Хавдрын нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, хоолзүйч нарын өмнөх хамтран ажиллагсадтайгаа нийлээд "Хавдрын эсрэг нимбэг" гэдэг ТББ байгууллага байгуулсан. Бид “Lemon Hits” гэдэг подкаст хийж, хавдрын тухай мэдээлэл өгч байна. Ер нь олон нийтийн ажилд залуугаасаа идэвхтэй оролцож ирсэн. Хүмүүс хавдрын асуудлаар надад их ханддаг. Тэгээд олон нийтийн сүлжээнд хавдрын ийм тийм эм байна уу гээд биччихсэн байхыг харахаар үнэхээр сэтгэл өвддөг. Тэр чинь тэгээд л хувь хүн шууд аваад хэрэглэчхэж болдог эд биш шүү дээ. Арга тасраад л тэгж байгаа хэрэг. Үүнийг яаж засах вэ гэж бодно.

Хавдраас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх үүднээс ХААН Банк сангийн тусламжтайгаар жил бүр гарын авлага гаргадаг. Өнгөрсөн жил хавдрын эмчилгээний үеийн хооллолтын тухай, энэ жил хавдартай хүмүүсийн болоод ар гэрийнхнийх нь сэтгэлзүйг дэмжих товхимол гаргасан. Өвчтөнд мэдээж хэцүү, гэтэл ар гэрийнхэн нь тэр хүнээс дутуугүй шаналдаг нь судалгаагаар тогтоогдсон. Ирэх жил хавдар ба хөдөлгөөн гэсэн сэдвээр товхимол гаргахаар бодож байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хорт хавдрыг хүн төрөлхтөн ялан дийлэхэд хувь нэмрээ оруулж яваа минь бахархал юм даа. Хавдар судлалын үндэсний төвд ажилласан жилүүдэд 2000 орчим хүнд эмчилгээ хийж. Одоо ч холбоотой байдаг хүмүүс олон. Өвчин ямар ч хатуужилтай хүнийг нугалдаг. Энэ хэцүү зүйлээс хүнийг ангижруулахын төлөө ажиллаж байгаа нь сайхан шүү. Бэрхшээлтэй тал нь гэвэл, хэзээ ч дуусашгүй, шантрах боломжгүй хөдөлмөр. Хавдрын нэг сайн эм гаргаж авахад дор хаяж 15-20 жил шаардагддаг, их удаж байж үр дүн нь гарна. Суурь судалгаагаа 3-5 жил хийгээд, тодорхой үр дүнд хүрээд, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн хойно клиник туршилтдаа ордог байх жишээтэй. Тэгээд судалгаа цааш үргэлжилнэ. Халширч ядрах үе мэдээж гарна.

Ирэх жилээс нутаг буцах санаатай байна. Харьж сурсан мэдсэнээ эх орондоо зориулна даа. Хавдраас урьдчилан сэргийлж, өвдөхгүй байх нь мэдээж чухал. Гэхдээ нэгэнт өвдсөн тохиолдолд эмч хүнийхээ хувьд эрт илрүүлээд, өндөр хөгжилтэй орны хүмүүсийн авдаг яг тэр түвшний эмчилгээг эх орондоо хийдэг болохыг л хүсэж байна. Хайртай хүмүүсийнхээ дэргэд, эх орондоо эмчлүүлнэ гэдэг хүний газар, мөнгөнд баригдаж, хэл ус мэдэхгүй эмчлүүлэхээс өдөр шөнө шиг ялгаатай. Тэр эмчилгээ Монголд байсан бол юу гэж тэгж явах вэ дээ.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Одоо би шинэ химийн эм болох магадлал өндөртэй эмийн бодисыг туяа эмчилгээтэй хавсран төрөл бүрийн хавдрын эсүүд дээр туршиж судалж байна. Ер нь эрүүл эсэд хор нөлөө багатайгаар хорт хавдрын эсийг сонгомлоор устгаж чадаж байвал тэр амжилттай эмчилгээ юм.

Уушгины хорт хавдрын хорт чанарыг ихэсгэдэг нэг төрлийн эмгэг уургийг идэвхгүйжүүлэхэд чиглэсэн судалгааныхаа эхний шатыг дуусгаад, үр дүнгээ нэгтгэн бичээд хэвлүүлэхээр бэлдэж байна.

Бас, нано хэмжээстэй хүчилтөрөгч бүхий ус хавдрыг эмчлэх боломжтой гэсэн таамаглалын дагуу сүүлийн таван жил судалж байгаа. Энэ талаарх эхний өгүүллээ 2017 онд нийтлүүлсэн. Усаа туршилтын амьтанд уулгаж туршаад II шатны нарийвчилсан судалгаагаа хийж явна. Хугацаа, хөрөнгө шаардсан судалгаа учраас явц жаахан удаан. Гэхдээ 2021 ондоо багтаагаад үр дүнгээ бататгаад олон улсын сэтгүүлд хэвлүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Подкаст байнга сонсоно. Судалгааны зарим ажил гарт орчихсон, тэгээд ч хийх болгондоо нарийн төлөвлөөд цаасан дээр биччихдэг болохоор хийх үедээ подкаст сонсоход асуудалгүй. Ажил руугаа явах, буцахдаа алхдаг учраас бас сонсоно. Мэдээж Cancer.Net гэх зэрэг анагаахынхаа чиглэлээрх подкастуудыг сонсоно, Unlock, TED Talks, The McKinsey Podcast гээд байнга шимтэн сонсдог подкастууд бий.

Судалгааны ажил англи дээр явагддаг учраас япон хэлний мэдлэг минь өнөөг хүртэл өдөр тутмын хэрэглээний түвшинд л байсан. Одоо япон хэлээ сайжруулж, бичгийн түвшинд хөгжүүлье гээд ном уншиж эхэлсэн.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Ном ер нь гялс уншчихдаг шүү. Сүүлийн үед гарсан номуудыг Монголоос захиж авчруулаад уншдаг. Ковидоос шалтгаалаад нислэггүй болчихсон чинь жаахан номгүйдээд л байна (инээв). Электрон ном болох ч номоо тэвэрч унших илүү гоё. Түүхийн мэдлэгээ нэмэгдүүлэх тал дээр ойрд нэлээд анхаарч байгаа. Монголын нууц товчоог уншаарай гэж хэлье.

Хагас сайнд кино үздэг. Сүүлд “Queen’s Gambit” үзлээ. Нэг ангит кино гэж бодоод үзсэн чинь олон ангит юм билээ. Одоо дараагийн бямба гарагт үргэлжлүүлж үзнэ дээ. Бусад өдөр нь цаг гарахгүй юм.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Докторын ажлын маань удирдагч профессор хатуу чангаараа Япондоо танигдсан хүн л дээ. Намайг их шахаж, хатуу сургасан. Нэг өдөр урьд нь ер хийж байгаагүй туршилт хийх болоод, төлөвлөөд очсон чинь нэг зүйл дутчихсан. Багш маань уурлахаар нь “Уучлаарай, би мэдсэнгүй” гээд хэлчихсэн чинь бүр уурлаад, “Юу гэж байгаа юм, мэдэхгүй бол мэддэг хүнээс 5 10 дахин их бэлдэх ёстой биз дээ” гэж билээ. Багшийгаа хэлэх хүртэл нь тэгж бодоогүй явсан байгаа юм. Түүнээс хойш маш нямбай төлөвлөж, мэдэхгүй тусам илүү судалж өө сэвгүй бэлдэхийг хичээдэг болсон.

14. БУСДАД ШИДЭХ САНАА

Ажил амьдралын тэнцвэр хадгалах тал дээр хэрэгжүүлдэг нэг аргаа хуваалцъя гэж бодлоо. Манай гэрийнхэн миний ажлыг бүрэн дэмждэг ч гэлээ би эхнэр, ээж хүний үүргээ гүйцэтгэх нь зүйн хэрэг. Тиймийн учир долоо хоногийн таван өдрийг би бодолдоо хүмүүст хуваарилчихдаг. Нэг дэх өдөр миний өөрийн өдөр, хоёр дахь өдөр нөхөр, гурав дахь охин гэх мэтээр оноочихно. Тэр өдөр тухайн хүнд арай илүү цаг гаргаж, хүсэж байгаа нэг зүйлийг нь биелүүлж өгөхийг боддог. Жишээ нь хоёр дахь өдөр хүүхдүүддээ нэг их анхааралгүй, эртхэн хариад нөхөртөө сайхан хоол хийж өгдөг ч юм уу. Тав дахь өдөр ажил бүр айхавтар л овоорчихоогүй бол аав ээж дээрээ гоё амттай юм авч очоод, дагуулж гараад юм үзүүлэх жишээтэй. Ингэж чадвал 52 долоо хоногт бүгдэд нь биш юм гэхэд ихэнхэд нь хамтдаа цагийг чанартай өнгөрүүлж чадна, онцгойлон ач холбогдол өгч байгаа юм чинь. Угаас хүн бүх юмыг нэг дор амжуулж чадахгүй шүү дээ.

Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж байгаарай. Чин сэтгэлээ зориулж байгаа цагт заавал бүтнэ, сайхан болно. “Санаа сайн бол заяа сайн” гэдэг. Хийж л байгаа бол чин сэтгэлээсээ хий. Хүмүүс ажилдаа ялархах нь бий. Зарим оюутан судалгаа, хичээлээ багшдаа хийж өгч байгаа юм шиг аягладаг. Гэтэл багш нь аль 20 30 жилийн өмнө үздэгээ үзээд, эзэмшчихсэн байгаа шүү дээ. Өөрийнхөө төлөө л хийж байгаа юм чинь хэнд гомдоллох билээ, тийм биз дээ?