Судалгаагаар дэлхий нийтээр хавдрын өвчлөл 2030 он гэхэд 20-30 хувиар, 2040 он гэхэд 55 орчим хувиар ихсэх зураглал гарсан. Цаашлаад зарим улс орнууд ард иргэддээ “Хорт хавдартай зэрэгцэж амьдрах” уриалга гарган ажиллаж байна. Гайхмаар ч юм шиг сонсогдох уг уриалгын санаа нь амьдралын хэв маягаа зөв авч явснаар хорт хавдраас урьдчилан сэргийлж, хавдрын урьтал өвчнүүдийг даамжруулалгүй эмчилж, хянуулах, хэрэвхорт хавдар үүссэн тохиолдолдэрт шатанд нь төгс эмчлүүлж эдгэрээд, эргэн хэвийн амьдралдаа буцан орж, дасан зохицож амьдрахыг хэлж буй.   

AI буюу хиймэл оюун ухааныг дэлхий нийтээрээ анагаах ухаанд өргөн нэвтрүүлээд буй өнөө үед Монгол Улсдаа дэвшилтэт технологи нэвтрүүлээд зогсохгүй эрт илрүүлгийн соёлыг нийтэд түгээх, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлж, хорт хавдрын эрсдэлийг эрт үед нь илрүүлэх зорилготой “NURA Эрт илрүүлгийн төв”-ийн хамт олныг өнөөдрийн зочноор урилаа.    

Байршил: Хан-Уул дүүрэг, Гэрлүг Виста хотхоны үйлчилгээний төв
Эрхэлдэг ажил: Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх багц шинжилгээ
Сошиал хуудсууд: nura.mn (вебсайт), NURA Mongolia (фэйсбүүк)

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?  

Тасгийн эрхлэгч Ч.Хүсэлжаргал


НУРА Монгол төв нь эрүүл мэндийн салбарт шинэ тусламж, үйлчилгээ нэвтрүүлж, иргэдийн дунд эрт илрүүлэг гэх соёлыг түгээх үйлсэд хүчин зүтгэхээр 2023 оны есдүгээр сарын 17-нд үүд хаалгаа нээсэн эрүүл мэндийн байгууллага юм. Хүн ямар нэгэн зовуурьгүй үедээ оношилгоонд хамрагдана гэдэг нь цаашид үүсэж болзошгүй архаг өвчлөл, хорт хавдар зэргээс урьдчилсан сэргийлэх боломжийг өөртөө олгож буй явдал юм. Эрт илрүүлгийг нийт иргэдийнхээ дунд эртнээс хэрэгжүүлж эхэлсэн, Ази тивийн хамгийн сайн жишиг бол Япон улс бөгөөд 1950-иад оноос хойш эрт илрүүлгийг нийт хүн амынхаа дунд тасралтгүй хэрэгжүүлснээр одоогийн хөгжингүй Япон орныг бий болгосон түүхтэй. Япончуудын дундаж наслалт 84 буюу харьцангуй өндөр байдаг нь ч мөн эрт илрүүлэгт тогтмол хамрагддагтай холбоотой юм.

Манай төв амьдралын хэв маягаас шалтгаалах 10 өвчлөл болон Монгол Улсын хүн амын дунд зонхилон тохиолддог хавдрын илрүүлгийн шинжилгээг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Эрэгтэй, эмэгтэй 2 багц, нийт32 үзүүлэлтээр шинжилгээ авах бөгөөд лабораторийн болон дүрс оношилгооны үндсэн хоёр шинжилгээний аргыг ашигладаг.

Бид шинжилгээ тус бүр дээр хиймэл оюун ухаан дээр суурилсан технологи, тоног төхөөрөмжийг ашиглахаас гадна эмчийн давхар хянан дүгнэсэн баталгаат шинжилгээний хариугаргадгаараа давуу талтай. Хиймэл оюун ухаан анагаах ухаанд нэвтэрснээр алдаатай оношлох, хүнээс шалтгаалсан эрсдэлийг бууруулахаас гадна нүдээр харах боломжгүй бүтцийн өөрчлөлтийг танин илрүүлэх боломжтой. Мөн үйлчлүүлэгч үзлэгийн дүгнэлт хариуцсан эмчээр шинжилгээнийхээ хариуг дэлгэрэнгүй тайлбарлуулж, хүссэн асуултдаа хариулт авахын зэрэгцээөөрийн эрүүл мэндийн тайлангаа хэвлэмэл,цахим аль аль хэлбэрээр нь авна.

Аль нэг шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан тохиолдолд дараагийн шатанд эмч, хийлгэх шинжилгээ зэрэг чиглүүлэг мэдээлэлмөн өгдөг.

Үйл ажиллагаагаа эхлээд гурван сар гаруйн хугацаанд манай төвөөр 4,300 гаруй хүн үйлчлүүлсэн байна. Эдгээр үйлчлүүлэгчдийн тоон мэдээлэл дээр тулгуурлан манай эмнэлзүйн баг үйлчлүүлэгчдийн дунд хамгийн их санаа зовоосон асуудал, зонхилон тохиолдож буй өвчлөлийн талаар эрүүл мэндийн нэгдсэн статистик гарган ажилладаг. 2023 оны 12-р сарын сүүл хүртэлх 3,700 орчим үйлчлүүлэгчийн тайлан мэдээнээс үзэхэд чихрийн шижингийн эрсдэлтэй бүлэг хамгийн өндөр буюу 46 хувьд нь гурван сарын дундаж сахарын хэмжээ өндөр гарсан. Бас нэгэн санаа зовоож буй асуудал бол дотор өөхлөлт буюу хэвлийн таргалалт. Энэ өвчлөлэрчүүдэд зонхилон тохиолдож байгаа нь амьдралын хэв маягаас шалтгаалах өвчний эрсдэл нийт хүн амын дунд тун өндөр байгааг илтгэж буй явдал. Хэвлийн таргалалт аашлаад зүрхний шигдээс, чихрийн шижин, хорт хавдарт шилжих суурь үзүүлэлт болж буй нь эмч мэргэжилтнүүдийн хувьд санаа зовоосон асуудал болоод байна. Хавдрын маркер өндөр гарсан, КТГ-ын шинжилгээнд тодруулах шаардлагатай эмгэг үүсвэр илэрсэн зэрэг нийт 280 гаруй тохиолдлыг бид илрүүлсэн ба үйлчлүүлэгчидтэйгээ эргэх холбоотойгоор ажиллаж байна.

Дашрамд дурдахад бид дан ганц илрүүлээд зогсох бус, тогтмол хяналтын урсгалыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг. Тодруулбал, хавдрын үүсгэвэр байх магадлал өндөртэй гарсан үйлчлүүлэгчтэй эргэж холбогдон “Бидний зөвлөсөн дараагийн шатны шинжилгээнд та хамрагдсан уу? Хамрагдсан бол таны онош одоо ямар байна вэ?” гэх мэдээллийг түүвэрлэж авдаг гэсэн үг. Үүний үр дүнд арванхоёрдугаар сард элэгний хавдрын долоонэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс одоогоор нэг тохиолдлын онош батлагдаж, ХСҮТ-д дараагийн шатны эмчилгээгээ хийлгэж байна. Хүн амын дунд нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог зүрх судасны өвчлөл, тэр дундаа зүрхний шигдээс, зүрхний титэм судасны бөглөрлийг илрүүлэхийн тулд бага рентген тунтай, тодосгогч бодисгүй, компьютер томографын шинжилгээг бид санал болгодог.

Энэ нь зүрхийг тэжээж буй титэм судсан дээрх цусан хангамж, шохойжилтын зэргийг үнэлдэг. Үүний ач холбогдол нь зүрхний шигдээсээр нас барах магадлалыг эрт үед нь мэдэх, эмийн болон титэм судас тэлэх эмчилгээ зэрэг дараагийн шатны арга хэмжээнүүдийг авч, урьдчилан сэргийлэх боломжийг нээж буй юм. Манай төвд одоогоор титэм судасны шохойжилтын оноо 101-ээс дээш буюу өндөр гэсэн үзүүлэлттэй гарч, зүрхний шигдээс болох эрсдэл нь дундаас дээш гэсэн ангилалд багтах 96 хүний онош тогтоогдсон. Өмнө нь хэлсэн эргэх холбооны мэдээллээс үзэхэд, эдгээр үйлчлүүлэгчдийн 50 хувь нь эмийн болон ажилбарын эмчилгээнд хамрагдаад байна.

Энэ бүхнээс харахад эрт илрүүлэг гэдэг өөрөө өндөр ач холбогдолтой. Өвдөлт, зовуурь илэрсний дараа эмнэлгийн хаалга татах бус жил бүр өөрийнхөө эрүүл мэндийг баталгаажуулж байх нь эдийн засаг болоод сэтгэл санааны хувьд хамгийн тустай сонголт бөгөөд цаашдын амьдралын чанарыг эрс дээшлүүлэх хүчин зүйл юм шүү.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?  


Бид ажлын долоон өдөр өглөөний найман цагт ажилдаа ирж, тусгай хяналтын шалгуур үзүүлэлтийн дагуу аппаратуудаа шинжилгээнд бэлтгэж, тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангаж, үүд хаалгаа нээдэг. Эхний үйлчлүүлэгч өглөө есөн цагт орж ирдэг бөгөөд нэн түрүүнд Nura ID буюу үйлчлүүлэгч бүрд хувийн давтагдашгүй дугаар үүсгэж, оношилгоонд шаардлагатай хувцсыг сольж өмсөн сорьцын өрөө рүү чиглэнэ. Тэнд амин үзүүлэлт буюу өндөр, жин, зүрхний цохилт, цусны даралтыг хэмжиж, шинжилгээнд шаардлагатай цусны сорьц болон хеликобактерийн сорилоо өгөөд гардаг. Бид үйлчилгээний чанараа дээшлүүлэн, хүн тус бүрд түргэн шуурхай үйлчлэхийн тулд “Нэг хүн – Шинжилгээний 120 минут + Эмчийн зөвлөгөө” гэх журмыг баримталж ажилладаг. Тодруулбал, үйлчлүүлэгч манайд бүртгэл үүсгэн орж ирсэн цагаас эхлэн үйлчилгээгээ бүрэн авч дуусаад гарах хүртэлх хугацаа нь 120-180 минут байх стандартыг хэрэгжүүлж байна.

3. Таны ажлын нөү-хау?  


НУРА төвийн эмч, ажилтнууд дан ганц эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхээс гадна “Үйлчлүүлэгчээ хүндлэх” Японы “Омотенаши” зарчмыг баримтлан ажилладаг. Халамж, анхаарал, элгэмсэг зочломтгой байдлаар нь Япончуудыг дэлхий нийт биширдэгийн гол нууц нь Омотенаши. Энэхүү ойлголтыг бүх үйл ажиллагаандаа шингээсэн нь бидний гол ялгарлуудын нэг ба онцгойлон үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг ихэд анхаарч, зорин ирсэн үйлчлүүлэгч бүрийг гэрт зочилж буй хүндтэй зочин, бүр цаашлаад гэр бүлийн нэг гишүүн мэт үздэг. Мөн Deep work буюу гүн төвлөрч ажиллах цаг ажилтан тус бүрд байдаг. Тэрхүү хугацааг нь хамтран ажиллаж байгаа ажилтнууд ч мэддэг тул саад болдоггүй.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?  

Дүрс оношилгооны эмч Г.Ариунболд


Дүрс оношилгооны зураг уншдаг PACS гэх программ бий. Техникчийн авсан зураг энэ программ руу хадгалагдах бөгөөд үүнээс эмч зургийг уншиж, онош тогтоодог. Дүрс оношилгооны олон төрлийн PACS байдгаас хөхний дүрс оношилгооны хувьд манайх FUJIFILM-ийн Bellus PACS-ыг ашигладаг.

Мөн хөхний зураг уншдаг олон улсын стандартын BI-RADS удирдамжийн дагуу дүгнэлт өгдөг. Тухайлбал, эрүүл хөх бол шинжилгээний хариу дээр сөрөг гэсэн тэмдэглэгээтэй гарна. 40-өөс дээш насныхан хөхний эрт илрүүлгийн шинжилгээнд жилд нэг удаа хамрагдах ёстой байдаг тул үүнийг нь ч мөн бид шинжилгээний хариу дээр нь давхар бичиж өгдөг. Харин ямар нэгэн тодруулах шаардлагатай эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд дараагийн шатны авах арга хэмжээг зайлшгүй зөвлөнө.

Үзлэгийн дүгнэлт хариуцсан эмч Х.Хулан


Манай төвийн бүхий л эмч нар тогтмол ашигладаг Medicant нь эрүүл мэндийн салбарт анх удаа хэрэглэгдэж буй, маш олон давуу талтай программ юм. Нэгдүгээрт, үйлчлүүлэгч тус бүр дахин давтагдахгүй NURA ID буюу дугаартай болсноор үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлал хангагдах, шинжилгээний хариу солигдох эрсдэлийг хаах зэрэг давуу талтай. Үйлчлүүлэгчийн NURA ID-аар хайлт хийхэд дүрс оношилгооны болон лабораторийн шинжилгээний хариунууд нэг цонхон дээр гарч ирдэг бөгөөд үүнээс өөрчлөлттэй хариунууд нь өнгөөр ялгарч харагддаг. Мөн үйлчлүүлэгчийн шинжилгээ эхэлсэн болон дууссан цаг нь харагддаг тул нэг үйлчлүүлэгч дээр зарцуулж буй хугацааг харж, үйлчилгээний урсгалыг хянахад дөхөмтэй.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?  


Хиймэл оюун ухаанд суурилсан, өндөр хүчин чадал бүхий технологи, нэгдсэн сургалтын систем болон ажиллах хүч нь бидний цагаа хэмнэхэд хамгийн их нөлөөлж буй тулганы гурван чулуу. Ажил үүргээ чинхүү ухамсарлан, дор бүрнээ хичээнгүйлэн, шуурхай ажиллаж буй ажилтан нэг бүр ажиллах уриагаа чандлан мөрддөг.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?  


Өглөө ажилдаа ирэхэд л бидний ажлыг аль хэдийн төлөвлөчихсөн байдаг. Манай төвийн хувьд шинжилгээ өгөх үйл явцыг тун сонирхолтой байдлаар зохион байгуулсан бөгөөд үйлчлүүлэгчид хоорондоо найман минутын зайтай цаг авдаг.

Тухайлбал, эхний үйлчлүүлэгч 9:00 цагт цаг авсан бол дараагийн үйлчлүүлэгч 9:08 цагт цаг авна. Үүний үр дүнд эхний үйлчлүүлэгч бүртгэлээ үүсгээд сорьцын өрөө рүү явж байх үед дараагийн үйлчлүүлэгч бүртгэлийн хэсэг дээр ирэх гэх мэт тасралтгүй үргэлжлэх байдлаар үйл ажиллагаагаа зохион байгуулсан. Мөн хөтөч нар өөрийн таблет дээрх программын тусламжтайгаар эхний үйлчлүүлэгч нүдний эмчийн үзлэгийн өрөөнөөс гарчихлаа, одоо зүрхний цахилгаан бичлэг хийлгэх юм байна гэдгийг хянах байдлаар тойргийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг ханган ажилладаг.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?  

Үзлэгийн дүгнэлт хариуцсан эмч Х.Хулан

Эмч хүн үйлчлүүлэгчдийнхээ инээмсэглэл, баярлалаа гэсэн чин сэтгэлийн үгсээс хамгийн их эрч хүч, урам зоригийг авдаг. Мөн өвчний шинж тэмдэг илрээгүй үедээ эрүүл мэнддээ анхаарч, эрт оношилгоонд хамрагдан, эрүүл амьдралын хэв маягт суралцаж буй үйлчлүүлэгчдээ хараад НУРА төвийнхөө үйл ажиллагаагаар хамгийн их бахархдаг. Ерөөс эрүүл гэдэг онош өөрөө хамгийн сайхан.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?  

Дүрс оношилгооны эмч Г.Ариунболд


Монголын дүрс оношилгооны нийгэмлэг нь жилд зургаан сургалт зохион байгуулдаг. Хиймэл оюун ухаан бүхий олон программууд манай салбарт нэвтэрч буй учраас тэдгээрийн үр дүн, давуу болон сул талын талаар судалгаа хийж, түүнийхээ үр дүнг мэргэжил нэгтнүүддээ танилцуулах зорилготой. Уг сургалтуудад гадаадын эмч, мэргэжилтнүүд хүрэлцэн ирдэг тул мэдлэг, мэдээллээ солилцох талбар гэж хэлж болно.

Мөн Европ, Хойд Америк, Австралийн дүрс оношилгооны нийгэмлэгүүдээс цахим сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. Тэдгээрт оролцохын зэрэгцээ өөрсдийн судалгааны материалыг илгээж, биечлэн оролцох боломжтой. Миний хувьд өнгөрсөн жил Евроазийн энх тайван нийгэмлэгийн хурал, Хойд Америкийн радиологийн нийгэмлэгийн хуралд очиж оролцсон. Мөн Монголын радиологийн нийгэмлэгт харьяалалтай дүрс оношилгооны эмч нар дотоодын хурал, уулзалтуудыг тогтмол санаачлан зохион байгуулдаг.

Миний хувьд мэргэжлээрээ 12 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд цуглуулсан туршлага, олж авсан мэдлэгээ хуваалцах үүднээс АШУҮИС-ийн Дүрс оношилгооны чиглэлээр суралцаж буй резидент эмч нарыг ажлын байран дээрээ дагалдуулж, хөхний рентген зураг болон компьютер томографын зургуудыг хэрхэн унших зэрэг талаар зааж, сургадаг.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?  

Монгол Улсын хувьд эрт илрүүлгийн үйлчилгээ нь харьцангуй шинэ түвшинд хөгжиж буй салбар. Тиймдээ ч иргэд энэ үйлчилгээг ойлгон хүлээн авч, амьдралын хэв маягынхаа нэг хэсэг болгоход тодорхой цаг хугацаа шаардагдахаар байна. Манай төвийн хамгийн гол онцлог нь үйлчлүүлэгчид ээлтэй шинжилгээний аргыг ашигладаг. Тодруулбал, манай компьютер томографын шинжилгээ бусад аппаратаас 50 дахин бага тунтай хэр нь богино хугацаанд хэвийн бус байдлыг илрүүлэх чадамжтай. Үүгээрээ бид зөвхөн онош тодруулах шаардлагатай хүмүүсийг дараагийн шатлалын эмнэлэг рүү хандахыг зөвлөж, төрөлжсөн нарийн мэргэжлийн улсын эмнэлгүүдэд очих ачааллыг өөрсдийн хэмжээнд бууруулж байгаа гэж харж байна.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?  


Бидний үндсэн төвлөрч буй зүйл бол эрт илрүүлгийн соёл, ач холбогдлыг нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой. Нийт гэдэг нь зөвхөн үйлчлүүлэгчдээр хязгаарлагдахгүй, эрүүл мэндийн салбарынхан, бусад мэргэжилтнүүд, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдтэй хамтарсан уулзалт хийж, хамтран ажилладаг.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ? 
 


Олон жилийн туршлагатай, чадварлаг эмч байх тусмаа тасралтгүй суралцаж байх шаардлагатай. Учир нь хорин жилийн өмнөх мэдлэгээрээ өнөөгийн анагаах ухааны салбарт ажиллана гэдэг тун хэцүү. Тэр ч утгаараа бид НУРА төвийн эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаад илэрсэн, анагаах ухааны салбарт мэдээлж болохуйц ховор тохиолдлуудыг хэлэлцэх, анагаах ухааны салбарт шинээр гарч ирсэн судалгааны ажлуудыг өөр хоорондоо танилцуулах зорилгоор “Эртэч Эмч” клубийн уулзалтыг тогтмол зохион байгуулдаг.

Дотооддоо мэдээллээ бусдадаа түгээхээс гадна гаднын эмнэлгүүдэд ажилласан туршлагатай, мэргэжилтнүүдийг урьж, туршлага солилцдог. Ингэснээр улсын болон хувийн эмнэлгүүдэд хэрэгжиж буй сайн туршлагуудаас мэдээлэл авч, ахмад ажилтнуудын сургамж, зөвлөгөөнүүдээс суралцдаг.

12. Санал болгох зөвлөгөө? 
 

Манай нийт үйлчлүүлэгчдийн 40 хувь нь дотор өөхлөлттэй болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Түүнчлэн чихрийн шижингийн өндөр эрсдэлтэй тохиолдлууд багагүй ажиглагдаж байна. Тиймээс бид хүн бүр дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгохыг ямагт зөвлөдөг. Учир нь эрүүл хооллолт, эрүүл жин, тогтмол дасгал хөдөлгөөн бол хүний эрүүл, урт наслахын үндэс.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?  


Үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн ажиллахын тулд бид үйлчлүүлэгч тус бүрээс сэтгэл ханамжийн судалгаа авдаг. Тухайн судалгааныхаа үр дүнг 14 хоног тутамд хянаж, сайжруулах шаардлагатай зүйлсээ төлөвлөдөг. Тиймээс бидэнд ирсэн хамгийн сайн зөвлөгөө бол үйлчлүүлэгчдээс ирсэн санал, хүсэлт, талархлын үгс юм.

14. Бусдад шидэх санаа 

Эрт илрүүлэгт хамрагдах нь урт хугацааны, чанартай амьдралын үндэс юм шүү гэдгийг л хүмүүс хамгийн сайн ойлгож аваасай гэж хүсэж байна. Бид бусдаас дутахгүй гэж дурын барааг лизингээр авчихдаг хэр нь эрүүл мэнддээ хөрөнгө оруулах нь ховор. За дараа больё, яав л гэж гээд орхидог талтай. Тэр дундаа залуу хүмүүс эрт илрүүлэгт тогтмол хамрагддаг соёлтой болсноор насжилтаас үүсэж болох өвчин эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Тиймээс өөрсдөдөө хайртай байж, гэр бүл хайртай дотнынхоо хүмүүсийн төлөө эрт илрүүлгийн багц шинжилгээнд жилдээ 1-2 удаа тогтмол хамрагдаж хэвшээсэй гэж хүсэж байна.

Мөн NURA төвд цаг захиалахыг хүсвэл 7588-7588 дугаарт холбогдох, www.nura.mn вэбсайтад бүртгэлээ үүсгэн цаг захиалах боломжтой.