Өнөөдрийн дугаартаа бид “Infinite Solutions LLC” компанийн технологи хариуцсан захирал Л.Нүрзэдийг урилаа. Мэдээллийн технологийн салбарт олон жилийн туршид тогтвортой өсөлтийг үзүүлж, томоохон байр суурь эзэлж буй “Infinite Solutions” буюу “Хязгааргүй шийдэл” компанийг хамтран зүтгэгчдийн хамтаар 2007 оноос байгуулснаас хойш өдгөө технологи хариуцсан захирлаар ажиллаж буй.
Бид тэднийг АНУ, Мексик, Сингапур болон Өмнөд Азийн зах зээлд аутсорсинг үйлчилгээ үзүүлэхээс гадна дотоодын банкны зах зээлд анхлан гар утасны смарт банкны системийг хөгжүүлж буй гэдгээр нь сайн мэднэ. SocialPay, Mongol Chat, Mongol NFT тэргүүтэй төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд буй тэд өдгөө монгол NFT-г олон улсад гаргахаар шаргуу ажиллаж буй юм. Мөн саяхан Филиппин улсын финтекийн зах зээлд “ChiQu” хэмээх шинэ бүтээгдэхүүнийг танилцуулаад байна.
Байршил: Сүхбаатар дүүрэг, Ихэр цамхаг-2, 10-р давхар
Эрхэлдэг ажил: “Infinite Solutions LLC” компанийн технологи хариуцсан захирал (CTO) Л.Нүрзэд
Хэрэглэдэг гар утас: iPhone 13
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудсууд: Nurzed Lkham (Facebook)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би багаасаа математик, физикийн шинжлэх ухаанд сонирхолтой хүүхэд байлаа. Давтлага хичээл, олимпиад уралдааныг алгасахгүй оролцдог байсан. Ингээд ахлах сургуулиа төгсөх болж, мэргэжил сонгох чухал үе ирсэн юм.
Тухайн үед МУИС-ийн Цөмийн физикийн ангид элсэх зорилготой байсан ч элсэлтийн ерөнхий шалгалтын дараах хуваарь сонголтын үеэр яагаад ч юм ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн Компьютер техникийн ангийг сонгочихсон.
Үнэн хэрэгтээ ямар мэргэжил сонгосноо ч мэдэхгүй хүн шинэхэн оюутан болж очиж байгаа юм. (инээв) Энэ бол миний ажил, амьдралынхаа үнэнч хамтрагчдыг олж авсан үе буюу “Infinite Solutions LLC” компанийн хамтран үүсгэн байгуулагчидтайгаа танилцсан чухал эргэлтийн цэг байсан билээ.
Ингээд 2007 онд их сургуулийн нэг ангийн найзууд нийлж “Infinite Solutions LLC” компанийг үүсгэн байгуулсан. Хэдийгээр бидний анхны зорилго өөрсдийн гэсэн тогтмол орлоготой болох байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үүнээс чухал зорилгуудыг урдаа тавьж, хичээн ажилласаар 15 жилийн хугацаанд бидний бүтээсэн хамгийн үнэт зүйл нь “Infinite Family” болжээ. Товчхондоо компаниа байгуулсан үеэс өдийг хүртэлх он жилүүд бол ажил, амьдралын маань карьертай салшгүй холбогдож байгаа юм.
Манай улсад мэдээлэл технологийн салбар төдийлөн хөгжөөгүй байсан үед зориглон эхэлсэн бидний ажил унаж, боссоор өдийг хүрсэн байна. Бид ихэвчлэн аутсорсинг хийх байдлаар гадаад орнуудын төсөл дээр хамтран ажиллаж ирсэн.
Одоогоор АНУ, Мексик, Сингапур болон Өмнөд Азийн зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүнээ хөгжүүлэн ажиллаж байна. Харин дотоодын зах зээлд танилцуулсан олон бүтээгдэхүүн байгаагаас хамгийн онцлууштай нь Голомт банкны ухаалаг утсанд зориулан гаргасан смарт банк.
Монголын хамгийн анхны мобайл смарт банкны систем байсны зэрэгцээ иргэдэд банкны үйлчилгээг ийм хялбар аргаар, богино хугацаанд авч болно гэдгийг танилцуулсан анхдагч төсөл байсан юм. Түүнчлэн бид SocialPay, Mongol chat, Mongol NFT тэргүүтэй бүтээгдэхүүнүүдээ дотоодын зах зээлд нэвтрүүлээд буй.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Ажлын явцыг мэдэх зорилгоор өглөө бүр хөгжүүлэлтийн багуудтайгаа богино уулзалт хийдэг. Заавал биечлэн уулзах шаардлагагүйгээр Discord платформ ашиглаж, өчигдөр юу хийсэн, өнөөдөр юу хийх, ямар асуудал тулгарч буйг ярилцана. Үргэлжлүүлэн цахим шуудангаа шалгаж, олон улсын төслүүдийн хурал уулзалтад оролцсоор цайны цагийн дараа инженерүүдтэйгээ тулж ажиллахыг хичээдэг. Орой цаг гарвал төслүүдийнхээ судалгааны ажил дээр төвлөрөх болон төлөвлөх ажлуудаа амжуулна даа.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Би баг хамт олныхоо хувьд босс бус манлайлагч нь байхыг хүсдэг. Даалгасан ажилд өөрөөр нь эхэлж шийдвэр гаргуулж, дараа нь аль аль талынхаа санал бодолд үндэслэн нэгдсэн шийдэлд хүрдэг юм. Ингэснээр дараагийн удаа шинэ санал санаачилгад идэвхтэй байж, урам зоригтой ажилладаг.
Мөн бусдад хэдий чинээ өндөр шаардлага тавина, төдий чинээ тэрхүү шаардлагадаа өөрөө хүрч байх учиртай гэж боддог юм. Өөрөө хийж чадахгүй зүйлээ бусдаас хүснэ гэдэг утгагүй.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Цахим шуудангаа тогтмол шалгадаг учраас Gmail-ийг өдөр тутамдаа ашигладаг. Мөн төслүүдийн явцыг ойлгомжтой харуулдаг Jira апп их хэрэгтэй. Багийнхныхаа ажлын явц хэр явааг шууд харж болно.
Ер нь миний хувьд хэдийд ч ашигласан ойр байлгах үүднээс бүх апп-аа нэг цонхонд багтаадаг.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Хийж гүйцэтгэх ажлаа төлөвлөх нь цаг хэмнэх хамгийн сайн арга гэдэгтэй санал нийлэхгүй хүн байхгүй болов уу. Миний хувьд тухайн өдөр заавал хийх ажлаа нэг бүрчлэн checklist үүсгэн тэмдэглэдэг.
Компанийн үйл ажиллагааны тухайд хэд хэдэн төсөл зэрэг явах нь элбэг тул цаг хэмнэхээс илүү чанартай бүтээгдэхүүн гаргах нь чухал. Зөвхөн биднээс үл шалтгаалах, технологиос хамаарсан асуудлууд олон гардаг тул тухай бүрд нь бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх тал дээр уян хатан ажиллахыг хичээдэг.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Тун энгийн. Жагсаан бичих байдлаар төлөвлөдөг.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Бид ихэвчлэн биеийн болон оюун санаагаараа эрч хүчээ сэлбэдэг. Миний хувьд хамтран ажилладаг залуучуудтайгаа ярилцаж, тэдний үзэл бодол, шинэ санааг сонсох нь оюун санааны хувьд хамгийн сайн сэргэлт болдог. Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад ажлаа хийх үедээ төдийлөн нээлттэй ярилцаж чаддаггүй болохоор тусгайлан цаг гаргаж ярилцдаг юм. Харин бие бялдрын тухайд сүүлийн үед тогтмол алхах болсон. Ингэж алхах зуураа бодох, төлөвлөх ажлуудаа амжуулдаг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Миний ажил карьер “Infinite Solutions LLC” компанийн эхлэлтэй зэрэгцэн өдийг хүрсэн. 15 жил өнгөрөхөөр үндсэн ажил маань өөрийн минь салшгүй нэг хэсэг болсон мэт санагддаг юм байна. Тэгэхээр үндсэн төслүүддээ хяналт тавихаас бусад үед компанийнхаа дотоод системүүдээ хэрхэн сайжруулахад төвлөрөх дуртай.
Мөн манай эхнэр болон хадам аав ээж маань нум сум харвадаг болохоор цаг зав гарвал үндэсний сурын харваагаар хичээллэдэг юм.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Бидний хариуцан ажиллаж буй төсөл бүр тухайлсан онцлогтой байдаг. Бид компаниа үүсгэн байгуулсан цагаасаа л тухайн ажлыг яагаад хийх ёстой, хэрхэн хийх хэрэгтэй, ямар үр нөлөө үзүүлэх вэ гэдэгт төвлөрсөөр ирсэн.
Зөвхөн бүтээгдэхүүн гаргаад орхих бус урт хугацаанд хөгжүүлэн сайжруулж, харилцагч талтайгаа байнгын хамтран ажиллах энэхүү зарчим нь манай ажлын онцлог тал байх. Түүнчлэн мэдээлэл технологийн салбарт 15 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаагаа явуулна гэдэг тийм ч амар зүйл биш.
Нөгөө талаас мэдээлэл технологийн салбарын бүтээгдэхүүн хүний амьдралд хамгийн хурдан нэвтэрч, үр нөлөөгөө түргэн үзүүлэх болсон. Байнгын хувьсан өөрчлөгдөж, өрсөлдөөнт зах зээл бий болж байгаа энэ талбарт шинийг санаачлах, урам зоригтой ажиллах нэгэн хүчин зүйл болж байгаа.
Жишээ нь, миний үед програм хангамжийн чиглэлээр сурахыг дэмждэггүй байсан бол одоо эцэг эхчүүд аль болох хүүхдүүдээ энэ чиглэлээр сургахыг зорьж байна. Энэ өөрчлөлтөд бидний үзүүлсэн хувь нэмэр ч бас байгаа гэж боддог. Тиймдээ ч Монголд цахиурын хөндий бий болгох мөрөөдлийн эхлэл болгон "Nest Education IT School"-ийг байгуулан боловсролын салбарт хөрвөн ажиллаж байна.
Харин сул талын тухайд ачаалал өндөртэй ажилладгаас бусдаар өөрийн зүтгэж буй салбарын хэцүү бэрхшээлтэй талыг олж хараагүй л явна. (инээв)

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Ойрын үед монгол NFT-г олон улсад гаргахаар шаргуу ажиллаж байна. Тун удахгүй олон нийтэд зарлах тул тодорхой мэдээлэл өгөлгүй нууц хэвээр үлдээе.
Одоогоор бид дотоодын банкуудтай хамтарсан дөрвөн төсөл хариуцан ажиллаж байгаагийн зэрэгцээ саяхан Филиппин улсын финтекийн зах зээлд “ChiQu” хэмээх шинэ бүтээгдэхүүнийг танилцуулаад байгаа.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Би цаг ямагт хамтрагчдаасаа суралцаж ирсэн. Үзэл бодол, ур чадварын хувьд харилцан адилгүй хүмүүс нэгэн зорилгын төлөө нэгдэн ажиллахад санал зөрөлдөх үе цөөнгүй тохиолдоно. Тэр бүрд бие биеээсээ суралцаж, хөгжиж ирсэн.
Мөн сүүлийн үед хамтран ажиллаж байгаа залуусаасаа их суралцаж байгаа шүү. Ажлын явцад ямар нэг асуудал гарахад бүгд шийдлийг дэвшүүлж, шинэ санаа гаргадаг болохоор тэднээсээ суралцахгүй байхын аргагүй.
Мэдээлэл технологийн салбарт ажиллаж буй мэргэжилтний хувьд сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, шинэ трендээс хоцрохгүйн тулд үдээс хойш 1-2 цагийг заавал гаднын эх сурвалжаас мэдээ уншихад зарцуулдаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?
Магадгүй дуу хөгжмийн тал дээр дэлхийн хамгийн маруухан хүн нь би байх. (инээв) Сонирхдог хөгжмийн төрлөө ч олж амжаагүй явна. Гэхдээ тухайн цаг үеийнхээ дурсамжийг агуулсан, сэтгэлд хоногшсон дуу бол бий. Эхнэртэйгээ үерхэж байхдаа Номин Талст хамтлагийн “Дурлаж бичсэн шүлэг” дууг их сонссон юм байна.
Номын тухайд уран зохиолын номуудад тун дуртай. Хувь хүний хөгжлийн ном нэгийг ч уншиж үзээгүй гэвэл хилсдэхгүй байх. Хэдийгээр хүний сонголт ч гэлээ хувь хүний хөгжлийн номд заасны дагуу амьдралдаа шийдвэр гаргадаг хүн тийм ч олон биш гэж бодож байна.
Кино гэвэл Жэки Чаны уран бүтээлүүдээс хэзээ ч уйдахгүй. Хөнгөн, инээдмийн үйл явдлаар үзэгчдэд нэгийг бодуулдаг сайн кинонууд байдаг.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Аав ээжийнхээ амьдралын замналаас хамгийн их сургамж авсан. Тэд надад ингэ тэг гэж хэлээгүй ч өөрсдийн цэвэр ариун хөдөлмөр, тууштай байдлаараа надад хангалттай үлгэрлэж чадсан гэж боддог. Ямагт ажилдаа чин сэтгэлээ зориулж, үр дүнг нь үздэг хандлага нь одоо миний амьдралын нэгэн зарчим болсон байна.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Өнөөдөр бидний дэргэд байсан нэгэн маргааш байхгүй болох энэ ертөнцөд яг одоо байгаа цагтаа хамгийн сайнаараа байгаарай. Энэ цаг хугацаа дахин хэзээ ч олдохгүй юм билээ. Хайртай бол хайртай, баярласан бол баярлалаа, гомдоосон бол уучлаарай гэж хэлж чаддаг байгаарай.
Харин мэдээлэл технологийн салбарт ажиллаж буйн хувьд өөрчлөлтөд хурдан дасан зохицож, мэдэхгүй чадахгүйгээ хүлээн зөвшөөрөн сайжрахын тулд цаг алдалгүй хичээх нь чухал шүү.


Сэтгэгдэл бичих (2)


B BAT 2022.10.03 102.89.46.104
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
B Bold 2022.09.29 202.131.239.155
Saihan yria bolson bn :) Nuguu erdemtei hvn daruu gdeg shig chadwarlah zaluu bn bas hamt olond n amjilt hvsie! Bidnii tanil bolson bvteegdehvvniig hugjvvlj irsen company baina. Amjilt :)