Брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ач холбогдлыг өдгөө бүгд л ярих болсон авч брэндингийг лого төдийхнөөр ойлгох нь олонтоо. Монголд энэ чиглэлээр үйл ажилладаг цөөн байгууллагын нэг, бүтээлч хамт олноороо танигдсан "Brainstorm Branding Agency"-ийн гүйцэтгэх захирал Б.Одбаярыг урьж ярилцсанаа та бүхэнд хүргэе. Бидний нүдэнд өртөж, сэтгэлд хоногшсон олон брэндийн өнгө төрхийг тодорхойлогч тус агентлагийг үүсгэн байгуулагчдын нэг болох түүний ажлын арга барил, үзэл баримтлалтай танилцана уу.

Байршил: Улаанбаатар, Чингисийн өргөн чөлөө, СБД, 1-р хороо, Монгол ТВ Тауэр
Эрхэлдэг ажил: "Brainstorm Branding Agency" агентлагийн гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 12
Хэрэглэдэг компьютер: MacBook Air
Сошиал хуудсууд: Odbayar Bayarmagnai, @okalino


1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Багаасаа л ажил хийж эхэлсэн дээ. Тогооч, зөөгч, барилгын туслах, үсчин гээд л янз бүрийн ажил хийж үзсэн. II курст байхдаа англи хэлний сургалтын төв байгуулж, хэдэн жил ажиллуулж байлаа. Маркетингийн чиглэлээрээ гэвэл карьераа АПУ-аас эхлүүлсэн. Маркетингийн том төсөвтэй газар ажиллахаар маш ихийг сурдаг юм билээ. Хүссэн том самбараа аваад, хүссэн тв сурталчилгаагаа хийж цацаад, ажлынхаа үр дүнг тултал нь гаргахыг тэнд мэдэрсэн дээ. АПУ-д ажиллах явцдаа брэндингийн чиглэлээрх гаднын компаниудтай ажилладаг байлаа. Брэндингийн салбарт орон зай их байна, хийдэг хүмүүс бий ч нийлж нэгдэж чадаагүй байгаа юм байна гэж олж хараад, О.Одонболдтой нэгдэн “Brainstorm” агентлагаа нээхээр шийдсэн. Манай салбарын үнэлгээ тун бага байсан үе. Харин одоо харилцагчид маань бидний ажлыг ойлгож, үнэлгээ маань 100 дахин өсөөд байна. Салбарын үнэлэмж өсөхөд манай агентлагийн нөлөө их байсан болов уу. Одоо ч гэсэн хангалттай үнэлэгдэхгүй байна гэж боддог, олон улсын зах зээлтэй харьцуулахад шүү дээ.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө 6.30-7 цагийн хооронд босдог. Цар тахал дэгдсэнээс хойш бялдаржуулах төв орж чадахгүй болсон учраас дасгалаа гэртээ хийж байгаа. Өглөө бүр 30-40 минут HIIT дасгал хийнэ. Хийхгүй гарсан өдөр тун тавгүй, ажиллах эрч хүчгүй байдаг. Өглөөний цай уухгүй гараад 15 цаг хүртэл мацаг барина. Ажлын өдөр уулзалтаас уулзалтын хооронд өнгөрдөг дөө. Аль ажил ямар шатандаа явж байгааг сайтар анзаарч хянах, тайлагнах нь миний ажил. Орой аль болох эртхэн хариад гэр бүлтэйгээ байхыг чухалчилдаг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Манай компанийн уриа “Yes. No. WOW”. "I❤️NY" брэндийг бүтээсэн Милтон Глэйзэр “Аливаа дизайныг хараад хүнд гурван хариулт төрдөг. Yes, no эсвэл wow. Энэ wow гэдгийн төлөө ажиллаж бай” гэсэн байдаг. Бид түүний үгийг компанийнхаа уриа болгосон. Ажлаа танилцуулаад “Wow” гэж дуу алдуулаагүй цагт дутуу санагддаг.

Бүтээлч салбарт ажиллаж байгаа хүмүүс сайн унтаж амрах ёстой. "Lucid dreaming" гэж арга бий. Зүүдэндээ үзсэн зүйлсээ сэрээд буулгах, эсвэл төслөө бодож унтаад зүүдэндээ дутууг нь гүйцээх зэргээр бүтээлч ажилдаа ашиглах нэгэн арга. Энэ аргыг хэрэглэдэг.

“Brainstorm”-ийнхны ажлын гол арга барил “brainstorming”. Бас оюуны зураглал (mind mapping)-ын аргачлал хэрэглэж, санаагаа чөлөөтэй хэлэлцээд, хааш чиглүүлэх, ямар өнгө төрх гаргахаа шийддэг. Визуал болон түүхийн судалгааг арга барилынхаа салшгүй нэгэн хэсэг болгосон нь манай хамт олны энэ төрлийн бусад байгууллагаас ялгарах онцлог гэж боддог. Хоосон, судалгаагүй зүйл хийгээд “Wow” гэдэг тэр сэтгэл хөдлөлийг гаргаж чадахгүй. Манайхтай гэрээтээр ажилладаг судлаачид бий.



4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

MyFitnessPal, Yahoo Finance, Waking Up гэсэн гурван аппыг байнга ашигладаг. Дасгалын бүхий л үйл явц, илчлэгийн хэмжээ гэхчлэн фитнесстэй холбоотой бүх мэдээллээ MyFitnessPal руугаа оруулчихна.

Хүмүүс сошиал медиа орж цагаа үрлээ гэж ярьдаг бол миний хувьд сошиал медиа орохгүйгээр ажлаа явуулах боломжгүй. Юу, ямар үг моодонд оров, чиг хандлага ямар байна гэх мэтээр байнга судалж байдаг. Слоган зохиохоос өгсүүлээд бүтээгдэхүүн, үйлчилгээний өнгө төрх, концепцыг гаргаж ирэхийн тулд олон нийтийн хандлага хааш чиглэж байгааг мэдэж, тодорхой хэмжээгээр шингээх ёстой.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цаг хэмнэх гол арга бол түгжрэлд суухгүй байх. Өөрөөр хэлбэл алхах. Оффис төвд байрладаг учир аль ч уулзалтад хэдэн км алхаад л орчихно. Төлөвлөлт сайн бол мэдээж цаг хэмнэнэ.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Их энгийн байдлаар төлөвлөдөг дөө. Notes дээр тухайн өдөр хийх ёстой зүйлсээ бичээд, Google Calendar-т оруулна, бас TeuxDeux гэдэг апп ашиглана. Байгууллагын хувьд төлөвлөгөөгөө жилээр гаргадаг. Нэг төсөл ойролцоогоор гурван сар үргэлжилдэг учраас улирал тутмын төлөвлөлт мөн чухал.



7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Дасгал бол миний эрч хүчээ сэлбэх гол арга зам. Ажилд их тус болдог учраас бясалгал хийдэг. Өөртөө янз бүрийн сорилт, туршилт бодож олох дуртай. Хоёр сарын дотор 15 кг турах ч гэдэг юм уу. Саяхан зургаан сар огт алкоголь хэрэглээгүй. Аливаа нэг зүйлд хэт дасаж, хамааралтай болох нь дэмий гэж үздэг учраас тэгж өөртөө хязгаар, хаалт тавьж, сорьдог юм. Үүний ачаар бие, сэтгэлийн хат сууж, амьдралд хүнд сорилт тулгарсан үед даван гарах хүчтэй байх болно гэсэн санаа л даа.

Амралтын өдрүүдийг заавал гэр бүлдээ зориулдаг. Хүүхдүүдээ дагуулж салхинд гарах, усан сан орох, тоглоомын газар орох гэх зэрэгт цаг гаргаагүй бол амралтын өдөрт тооцохгүй. Ер нь ажил, амьдралын тэнцвэр тал дээр өөрийгөө тун гайгүй гэж боддог шүү (инээв).

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Хоол хийх дуртай. Германд тогоочийн сургалтад сууж байсан юм. Сүүлийн үед бүр л дурлах боллоо. Хоол хийх яг л бясалгал шиг. Тухайн үедээ хоолоо л яаж сайхан хийх вэ гэхээс өөрийг бодохгүй шүү дээ. Хоолондоо анхаарахгүй бол хоол сайхан болохгүй учраас бүх анхаарлаа бүрэн хандуулаад, хоолоо хийгээд дуусахад тархи сайхан амарсан байдаг. Ойрд пицца хийх чадвараа сайжруулж байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Бөөн судалгаа хийгээд, хоёр гурван сар ярилцаад, өнгө төрхийг нь гаргаад явж байтал таалагдахаа больчихлоо гэх нь бий. Анх ярьснаасаа буцах гэх юм уу. Ийм хүндрэлээс хамгаалж, анхны хүлээлтээс хэт холдуулахгүй байх талаас нь анхаарсан тодорхой арга хэмжээ, процедур бий л дээ.

Би ажилдаа үнэхээр дуртай. Хийх хүсэл дүүрэн ажил дээрээ ирдэг дээ. Хүмүүс бидэнд мөрөөдлөө яриад, бид тэр мөрөөдлийг нь биежүүлж өгдөг болохоор шидтэн ч юм шиг санагддаг. Яг ингэж олонд таниулмаар байна, ийм гоё зүйл бүтээмээр байна гээд л орж ирнэ. Манайхаас л сэтгэл дундуур гарсан үйлчлүүлэгч байхгүй болов уу гэж бодож байна.


10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Нууц төсөл дээр ажиллаж байна (инээв). Ихэнх тохиолдолд бүтээгдэхүүн нь гараагүй, төсөл нь ил болоогүй байхад ажиллаж таардаг учраас нууцлах шаардлагатай. Энэ сард 14 төсөл дээр ажиллаж байна. Тухайлбал, электрон барааны бүтээгдэхүүн, пянз, их сургуулийн брэндинг хийж байгаа. Сардаа 1-2 төсөл нэмж авах боломжтой байдаг. "Brainstorm"-ийнхоо хажуугаар өөрийн эзэмшдэг "RE/MAX Nomad" брокер оффисын ажилд анхаарч байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Youtube байнга үздэг. Бүтээлч ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд үзээд үзээд барагдахгүй их материал тэнд бий шүү дээ. Жишээ нь “The Futur” агентлагийн Крис Дүгийн хичээлүүд байна. Алхаж явахдаа подкастууд сонсдог. Хамгийн их сонсдог нь TED Talk. Өнөөдөр “Улаанбаатар буян”-ийн, оршоох үйлчилгээтэй холбоотой захиалга гүйцэтгэж байснаа маргааш тэс өөр газрын брэндингийг хийх гэх мэтээр янз бүрийн чиглэлийн байгууллагуудтай хамтарч ажилладаг учраас олон талын мэдлэг олж авахыг хичээхээс өөр аргагүй. Тийм болохоор түмэн зүйлийн талаар уншина, сонсоно доо.



12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Номыг дандаа цаасан хэлбэрээр уншдаг. Сүүлд Юваль Ноа Хараригийн “Sapiens: A Graphic History”-г авсан. Гурван номыг нь уншсан болохоор зурган хэлбэрээр сэргээж харахад тун аятайхан, сонирхолтой. Ажилтайгаа холбоотойгоор сүүлийн үед Монголын түүх соёлын өвийн тухай номуудыг эргүүлж харж байна. Кино гэвэл, Netflix-ийн “Love, Death & Robots”, Amazon Prime-ийн “Invincible”-ийг санал болгоё.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Амьдралд саад бэрхшээл байнга л таардаг том ч, жижиг ч. Аль нь ч байлаа гэсэн хэсэг хугацааны дараа эргээд харахад жижигхэн бартаа байсан мэт санагддаг. Яаж ийгээд давж гарах нь, бууж өгөхгүй байх нь л чухал. Хэчнээн том хана байгаад, давна гэж төсөөлөгдөхгүй байлаа ч даваад гарчихсан хойно нэг босго давсан л мэт байдаг шүү дээ.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хүмүүсийг шүүмжлэх гэж битгий яараарай гэж хэлмээр байна. “Beauty is in the eye of the beholder” гэдэг дээ. Бие биеэ хүндэтгээч, бусдыг битгий үгүйсгээч ээ гэж хэлмээр байна. Би өөрөө ч саяхныг хүртэл хүмүүсийг “зохиолын дуу сонсдог, орк” ч гэх юм уу, муухайгаар хэлж, өнгөцхөн дүгнэж байснаа ухаарсан. Миний таашааж байгаа зүйлийг өөр хүн таашаахгүй байж болно. Тэр нь дайрах, элдвээр хэлэх шалтгаан огтхон ч биш.