Монголд орчин үеийн урлагийн салхи сэвэлзүүлж, утаат хотод маань өнгө нэмдэг, өдгөө 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Монголын урлагийн зөвлөлийг удирддаг, хатагтай О.Одгэрэлийг энэ удаагийн дугаартаа урилаа. "Улаанбаатар" кино наадам тэргүүтэй, олон улсын хэмжээний цөөнгүй фестиваль, хөтөлбөрийг зохион явуулдаг, хөдөлмөрч хамт олныг манлайлагч түүний ажлын арга барил, үзэл баримтлалтай танилцана уу.

Байршил: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Дельта төв
Эрхэлдэг ажил: "Монголын урлагийн зөвлөл" ТББ-ын гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: Huawei P30
Хэрэглэдэг компьютер: Galaxy Book
Сошиал хуудсууд: Odgerel Odonchimed (LinkedIn, Instagram)



1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Унгар улсын Будапешт хотод хөнгөн үйлдвэрийн инженерийн (textile engineering) мэргэжил эзэмшээд, Шопроны техникийн их сургуульд магистр зэрэг хамгаалсан. Хувцас үйлдвэрлэл, зохион бүтээгчийн мэргэжилтэй. Төгсөж ирээд “Ганга гоёл” компаниас ажлын гараагаа эхлүүлж билээ. Оюутан элсүүлж, хувцас загварын анхан шатны мэдлэг, чадвар олгодог, одоогийнхоор бол загвар зохион бүтээх төв юм. Унгарт байхдаа авсан аэробикийн багшийн дипломоо ашиглаад цайны цагаараа аэробикийн хичээл заадаг, “Тайхар”-т ч багшилдаг байлаа. 2002 онд Монголын урлагийн зөвлөл (МУЗ) -ийн ажилтан болсон. Ороод анхны сан бүрдүүлэлтийн (хандивын) үдэшлэг, silent auction-ийг зохион байгуулахад оролцсон маань маш амжилттай болж, тухайн үедээ 3000 ам.долларын сан бүрдүүлж байлаа. Урлагийн зөвлөлд 19 жил ажиллаж байна. Энэ хугацаанд бид соёл урлагийн олон наадам, хөтөлбөр удирдан явуулж, үйл ажиллагаагаараа олон нийтэд танигдаж чадсан. Ирэх жил манай МУЗ-ийн 20 жилийн ой тохионо.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө бүр 6 цагаас босдог, их унтвал 6.30. Ингээд 7-8 цагийн хооронд хүмүүст дасгал заадаг. Өдрийн хоолоо өглөө бэлдэж авчирч дадсан, гадуур барагтай хооллодоггүй. Манай ажил ихэвчлэн 20 цагийн үед тардаг юм. Өдөржин л уулзалттай өнгөрдөг дөө. Оройдоо бол 23 цагаас хэтрэлгүй унтаж амардаг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Цаг баримтлахыг чухалчилдаг. Аливаа ажлыг цагт нь хийж гүйцэтгэх хэрэгтэй шүү дээ. Ажлын үр дүн хэдий чухал ч хийж байгаа хүн нь ажлаа таашааж, сэтгэлээсээ хийж байгаа эсэх нь бүр л чухал. Ажилдаа өөриймсөг, сэтгэлээсээ хандаж, нээлттэй харилцах нь миний зарчим. Болохгүй зүйл гарвал шууд л хэлчихдэг, шулуун шударга зантай хүн дээ.


4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Олон нийтийн сүлжээний аппууд, тэр дундаа Instagram-ыг идэвхтэй ашигладаг. Сүүлийн үед Telegram-ыг их ашиглаж байна. Илчлэг тооцдог Fat Secret гэдэг апп бас тогтмол хэрэглэдэг аппуудын маань нэг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Олон зүйлийг зэрэгцүүлж амжуулах л юм даа. Манай ажилтнууд өөр өөрийн ажлаа сайн мэддэг. Дотроо маш нээлттэй харилцдаг учраас ямар нэг асуудал гарвал дор дор нь ярилцаад шийдчихдэг юм. Уулзалтад орохдоо эндээс ийм үр дүн гарна гэж дотроо бодчихоод ордог. Ихэнх тохиолдолд тэр хүлээлтдээ, харж байгаа үр дүндээ хүрдэг. Гэхдээ үр дүн гэхээс илүү үйл явц нь үнэ цэнтэй байдаг шүү дээ. Манай байгууллагын гол зарчим бол бодол санаагаа чөлөөтэй солилцож, бие биетэйгээ мэдээлэл аль болох л нээлттэй хуваалцах.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Тухайн долоо хоногт хийх, хянах ёстой ажлуудаа А4 цаасан дээр бичээд ширээн дээрээ байлгадаг. Дуусгасан зүйлсээ тодруулагчаар дарчихна. Чухал уулзалт, өдрүүдийг хуанли дээр тэмдэглэдэг ч гэлээ яг тусад нь ингэж бичихгүй бол, олон төсөл, наадам зэрэг явагддаг болохоор нэгийг нь хоцроочих гээд байх талтай. Манайхан ажлын төлөвлөлтөө саяхнаас л онлайнд (Trello дээр) хийх болсон. Тухайн жилийн ажлаа сар сараар нь хуваагаад шилэн ханан дээрээ тэмдэглэчихдэг.


7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Дасгалаар л цэнэглэдэг дээ. Нойр дутуу л үед биш бол ер нь ядардаггүй шүү. “Өглөө болгон өөртөө” гэсэн уриатай. Өглөөгүүр өөртөө заавал цаг гаргадаг. Хүн үргэлж л хөдөлж дасгалжиж, бодисын солилцоогоо сайн байлгаж, шим тэжээлтэй, эрүүл хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мэдээж хийж буй ажлаа таашаадаг бол бага ядарна шүү дээ. Хамт олонтойгоо ажиллахад сайхан байдаг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Ковидын нөхцөл байдал үүссэнээс хойш өөрийгөө нэлээн чагнаж, цаашид ямар чиглэлээр, юу хийж болох вэ гэж бодолхийллээ. Мөнхөд энэ ажлаа л хийгээд явахгүй нь мэдээж. Ажил бүр л цаг хугацаатай, тийм биз? Нэлээн бодсоны эцэст би хоол зүйч болохоор шийдсэн. Энэ дагуу Оросын “Школа диетологов” гэдэг хоол зүйн сургуульд зайнаас сурч байгаа. Дэлхийн хүн амын талаас илүү нь таргалалттай тухай судалгаа бий. Хүн зөв хооллож, зөв амьдралын хэв маягтай байна гэдэг нийтийн сайн сайханд ч хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Өвчин зовлон багасна, хагацлаас хол байж чадна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хүмүүс гаднаас нь хараад “Гоё салбарт ажилладаг” гээд л, дандаа “гоё юм хийгээд яваад байдаг” гэж боддог. Гэхдээ манай урлагийн салбарын ажил ч бизнесийн салбартай яг л адилхан зарчмаар явагдана: бодлого, менежмент, төлөвлөлт, сан бүрдүүлэлт гэх мэтчилэн. Харагдаж үзэгдэх талаасаа мэдээж илүү, хүлээж авч байгаа хүндээ илүү таашаалтай.

Яг өөрийн ажлын хүрээнд гэвэл дутагдал гэх зүйл үгүй. “Ажил хүнийг голохоос биш, хүн ажлыг голдоггүй” гэдэг дээ. Салбарын хэмжээнд авч үзвэл саад бэрхшээл зөндөө бий. Соёл урлагийн салбарт хөрөнгө оруулалт үнэхээр хангалтгүй байдаг, менежмент хүссэн хэмжээнд ер хийгддэггүй, соёлын бодлого дутагдалтай, “далан задгай” явсаар ирсэн, одоо ч тэр л хэвээрээ. Манай байгууллага алсын хараа, төлөвлөлттэй байхын тулд олон улсад хөгжил ямар байна, дэвшил юу байна, яаж тэр бүхнийг Монголдоо хэрэгжүүлэх вэ гэх мэтчилэн судалж, нэвтрүүлэхийг зорьж ажилладаг. Урлагийн салбар хоцрогдож явах ёсгүй, шинжлэх ухаан, технологи гээд л бүх талаар цаг үетэйгээ нийлж явах нь чухал. Манай салбар нийгмийн сэтгэлзүйг чиглүүлж явах салбарын нэг гэж боддог.



10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Цар тахлын үед үйл ажиллагаагаа тогтвортой явуулах тал дээр л төвлөрч ажиллаж байна даа. Олон сорилтыг давж гарлаа. Төлөвлөсөн ажлаа хойшлуулъя гэвч дараа дараагийн ажлууд эгнэчихсэн байгаа учир боломжгүй. Тэгэхээр энэ нөхцөл байдалд дасан зохицоод, цаг үетэйгээ хөл нийлүүлж, асуудлын ард гарах зоригтой шийдлүүдийг гаргах шаардлага бидэнд тулгарлаа шүү дээ. Гэхдээ яг төлөвлөгөөний дагуу явуулахад хүндрэлтэй. Motion Mongolia олон улсын бүжгийн II наадам л гэхэд угтаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд дуусах ёстой байтал цар тахалтай холбоотойгоор тавдугаар сарын 30-нд л сая дууслаа. Үүнээс улбаалаад, Motion Mongolia-ийн зохион байгуулалтын ажил дуусаагүй байхад л медиа урлагийн наадам руугаа орох шаардлагатай болж байх жишээтэй. Ийм нөхцөлд олон улсын наадам зохион байгуулна гэдэг менежментийн асар их чадвар шаардсан ажил болж байна. Нөхцөл байдал тааварлашгүй хэвээр.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Ажлынхаа ачаар маш ихийг мэдэж авч, хөгждөг. Манай байгууллага маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. “Motion Mongolia” фестиваль болохоор бүжгийн тухай мэдэх хэрэгтэй болно, медиа урлагийн наадам зохион байгуулах үед энэ чиглэлийн тухай гэх мэт. Тухайн чиглэлд хэн тэргүүлж байна, ямар трэнд байна, хэнийг Монголд авчирч танилцуулах боломжтой вэ гээд л байнга судлах болдог. Мэдээж бизнесийн төлөвлөгөө гаргах, хамтын ажиллагаа өргөжүүлэх гэх зэргээр шинэ арга барилд суралцах, мэдэх шаардлага гарна. Ойрд бол ажлын бус цагаа хоол зүйн хичээлдээ зориулж байна даа.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Аав маань зохиолч хүн (Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, зохиолч Л.Одончимэд агсан). Би номын арвин баялаг цуглуулгыг нь өвлөж авсан, азтай охин. Тэнд Монголын уран зохиолын 108 ботиос эхлээд гадаад, дотоодын шилдэг гэсэн олон бүтээл бий. Цар тахлаас үүдэлтэй хөл хорионы үеэр нөхөр бид хоёр Гэсэр, Жангараас өгсүүлээд XX зууных хүртэл олон зохиол уншсан даа. Уншсанаа бие биедээ ярьж өгнө. Сүүлд манай хүн Франц Кафкагийн “Шүүх ажиллагаа”-г, би “Хувирал”-ыг уншсан байх жишээтэй. Саяхан Н.В.Гоголийн “Хамар”-ыг уншаад хэдэн өдөр бодож баясаж явсан. Орос сургууль төгссөн болоод ч тэр үү, орос зохиолууд сэтгэлд дотно байдаг. Цахимаар уншиж чаддаггүй. Кино гэвэл, ойрд үзсэнээс “Little Fish” таалагдсан. Электро хөгжимд дуртай.


13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Эмээ минь хүмүүстэй сайхан харилцаатай бай, худлаа битгий хэл, хүний нүд рүү нь харж ярь, хариу нэхэхгүй тусалж сур, цэвэрч нямбай бай гэхчлэн сургаж өсгөсөн. Эмээгийнхээ сургаалыг цаг үргэлж санаж явдаг даа.

14. Бусдад шидэх санаа?

Хүмүүс соёл урлагийг өөрөөсөө хол, урлагийн авьяастай хүмүүст л хүртээлтэй гэж бодох нь түгээмэл. Гэтэл хөг аялгуу, өнгө будаггүйгээр амьдралыг төсөөлөхөд бэрх. Багадаа бүгд л зурдаг хэр нь том болохоороо өөрийгөө хайрцаглаад, би зурах авьяасгүй гээд л цаас харандаа барихаа больчихно. Ер нь хүн болгон уран бүтээлч юм биш үү? Өөрийгөө урлагаас тусгаарлалгүйгээр, харин ч наалдаж, ойр яваасай гэж хүсдэг. “Би зураг ойлгодоггүй юм чинь галерей орж яах юм” гэх нь бий. Ойлгох шаардлагагүй шүү дээ, хараад таашаал авахад л болно. Музей явж үздэг байгаасай.

МУЗ-ийн хамт олон