Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй долоо хоногийн мэнд!
Бид энэ удаагийн ярилцлагадаа “Онч & Компани”-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Д.Ончинсүрэнг урьж оруулцууллаа. Түүний хувьд Монголын анхны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад тэнцсэн 18 нягтлан бодогчийн нэг бөгөөд 2004 онд компаниа үүсгэн байгуулжээ.
“Онч & Компани” нь уул уурхай, банк санхүү, худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон олон нийтийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд аудит, татвар болон бусад зөвлөх үйлчилгээг үзүүлдэг билээ. Ингээд түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.
Байршил: ICC tower, 15-р давхар
Эрхэлдэг ажил: “Онч & Компани”-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 16 Pro
Хэрэглэдэг компьютер: Lenovo ThinkPad
Сошиал хуудсууд: Onchinsuren Dendevsambuu (LinkedIn)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би гадаад хэлний мэргэжилтэн эсвэл дипломат ажилтан болохыг мөрөөддөг байлаа. Гэвч ахынхаа зөвлөснөөр эдийн засагч мэргэжлийг сонгож, нягтлан бодох бүртгэл, эдийн засагч мэргэжлээр 1995 онд ХААИС-ийг төгссөн.
Социализмын үед орос хэл үзэж байсан ч мөн л ахынхаа зөвлөснөөр бие даан англи хэл сурсан нь их сургууль төгсөх үед маш том давуу тал болж байв. Их сургууль төгсөхөд англи хэлтэй мэргэжилтэн тун ховор байсан нь намайг олон улсын төсөл болон компаниудад ажиллах үүд хаалгыг нээж өгсөн. Ингээд би 1996 онд Монголд дөнгөж орж ирээд байсан Arthur Andersen компаниас ажлын гараагаа эхэлж байлаа. 2002 он хүртэл ажиллахдаа Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн системийг олон улсын стандартад шилжүүлэх төсөлд гар бие оролцсон. Тухайн үед бүх бүртгэл цаасан дээр, гараар хийгддэг байлаа шүү дээ. Мөн МИАТ, Эрчим хүчний удирдах газар зэрэг томоохон байгууллагуудын бүртгэлийг цахимжуулах (одоогийнхоор ERP систем) ажилд хувь нэмрээ оруулах завшаан тохиосныг онцлууштай. Үүний дараа надад дэлхийд алдартай аудитын "Big Four" буюу Их Дөрвөлийн нэг болох Ernst & Young-ийн Москва дахь салбарт ажиллах боломж олдсон нь яалт ч үгүй карьерын маань онцлох үе байсан.
2004 онд Оросоос эх орондоо буцаж ирээд "Онч" компаниа гурван ажилтантай байгуулж байв. Тухайн үедээ "Би дэлхийн шилдэг 4 аудитын компанийн нэгийг Монголд авчирна" гэж зорилго тавихад манай залуус "Big 4" гэж юу болохыг ч сайн мэддэггүй тийм үе байлаа шүү дээ. Ингээд 7 жилийн тууштай хөдөлмөрийн үр дүнд 2011 оны сүүлээр бид албан ёсоор Deloitte Onch нэрээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ үйл явдал Монголын аудитын салбарт маш томд тооцогдож байв.

Миний карьерын хувьд ч, компанийн маань замналын хувьд ч тэр 2021 он эргэлтийн цэг болсон юм. Тухайн үед Делойт манай зах зээлээс гарах шийдвэр гаргаж, надад бүх зүйл буцаад 0-ээс эхэлж байгаа мэт маш хүнд туссаныг нуух юун. Гаднаа тайван байсан ч дотроо багагүй стресстэж, нойргүй хонох өдрүүд ч цөөнгүй байв. Дээрээс нь манай ажилтнууд ч "Big 4"-ын партнер болох зорилготой байсан тул сэтгэл санааны хүнд байдалд орсон юм.
Мэдээж нөхцөл байдал хүнд байсан ч надад итгэж, хамтдаа үлдсэн хамт олныхоо сэтгэлийн хүчээр стандартаа алдахгүй үргэлжлүүлэн ажиллахаар шийдсэн. Үндсэндээ бид эхний хоёр жилийг үйл ажиллагаагаа тогтворжуулахад зориулсан. Сонирхолтой нь, Делойт биш болсон ч биднийг олон шинэ харилцагч зорьж ирсэн шүү. Ингээд өнгөрсөн оноос эхлэн үйл ажиллагаагаа тэлж, гадаадын зах зээлд гарах том зорилт тавин ажиллаж байна. Илүү тодруулбал, бид Сингапурын зах зээлийг судалж, тэнд салбараа нээхээр очиж уулзалтууд хийсэн. Сингапурын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох, Монголын компаниудаа тийш дагуулж гарах нь бидний алсын хараа болоод байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Компанийн өдөр тутмын үйл ажиллагаа тус бүрийг нь хариуцсан захирлуудтай болохоор би өдөр тутамдаа шинэ үйлчилгээ, төсөл дээр ажиллах, хамтын ажиллагаагаа сайжруулах үүднээс уулзалт хийх зэргээр илүү гадагшаагаа чиглэсэн, өргөн цар хүрээтэй ажлуудад төвлөрдөг. Учир нь манай салбар хүн хоорондын харилцаа, итгэлцэл дээр тогтдог онцлогтой. Тиймээс харилцагч, үйлчлүүлэгчидтэйгээ тогтмол уулзаж, байнгын харилцаа холбоотой байх нь чухал. Энэ хүрээнд цөөнгүй төрийн бус байгууллагуудад гишүүнээр ажилладаг. Салбар салбарын хүмүүстэй яриа өрнүүлж, мэдлэг туршлагаа солилцох боломж энд бүрддэг юм.
Ажлын ачааллаа зохицуулахын тулд уулзалтуудаа хоёр долоо хоногийн өмнөөс төлөвлөдөг дадалтай. Миний цаглавар багийнханд маань нээлттэй байдаг учраас шаардлагатай уулзалтуудыг тэд урьдчилан товлож, цаг алдалгүй шийдвэр гаргах боломж олгодог.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ ХАУ?
Би ажилтнуудаа заавар хүлээж суухаас илүүтэй үр дүнгийн төлөө миний өмнө алхаж, санаачилга гаргаж ажиллаасай гэж хүсдэг. Өөрөөр хэлбэл, би тэдний араас хөөцөлдөж шаардах биш, тэд ажлаа амжилттай дуусгахын тулд надаас дэмжлэг, шийдвэр хүсэж ирдэг тийм соёл бүрдүүлэхийг зорьдог юм.
Мөн бид ажлын цагийг үр ашиггүй уулзалтад зарцуулахаас татгалздаг тул ойр ойрхон хуралдаад байдаггүй. Үүний оронд долоо хоног бүр ажлын явц болон шийдвэрлэх асуудлуудыг имэйлээр нэгтгэн хүлээн авч, цаг тухайд нь шийдвэрлэх зарчмаар ажилладаг. Ер нь бол ажил надаас болж саатах ёсгүй гэж үздэг юм.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Үндсэн ажлууд маань ихэнх нь имэйлээр явдаг учраас Outlook-ийг тогтмол ашигладаг. Мөн сүүлийн үед Copilot-ийг түлхүү ашиглаж байгаа.
Хувийн хэрэглээнээс тусгайлан нэг аппыг онцолмоор байна. Энэ бол Yoga International. Иогийн дасгалаас гадна бясалгал болон гүнзгийрүүлсэн онолын хичээлүүдийг нэг дороос авах боломжтой нь тун гоё. Тэрчлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багш нарын хичээлийн явцад хэлж буй тайлбар бүр нь шинэ мэдлэг, ухаарал өгдгөөрөө онцлогтой. Ялангуяа завгүй ажлын хэмнэл дунд өөртөө амсхийх зай гаргаж чадахгүй яваа өнөөгийн бидэнд амар амгалан байхад гарцаагүй тус болох апп шүү. Миний хувьд сүүлийн нэг жил тогтмол хэрэглэж байна.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Үнэнийг хэлэхэд би цаг минут бүрийг хэмнэх гэж өөрийгөө хүчилдэггүй ээ. Магадгүй надад тусалж, арыг минь бат даадаг гэр бүл, чадварлаг баг хамт олонтой учраас тэр байх. Нөгөөтээгүүр, би заавал тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн хатуу дүрэм журамд баригдахаас илүүтэй уян хатан байж, тухайн цаг хугацаандаа сайтар төвлөрөхийг хичээдэг.
Ажил мэргэжлийн хувьд харьцангуй туршлагатай болчихсон учраас өдөртөө 1-2 цаг гүн төвлөрч суугаад тухайн өдрийн чухал ажлуудаа нугалдаг. Бусад үед нь түрүүн хэлсэнчлэн гадагшаа чиглэсэн харилцаа холбоон дээрээ анхаарна.
Түгжрэлийн цагийг тооцоод орой 17 цагаас өмнө гэртээ харихыг хичээдэг. Хэрэв эс чадваас замын хөдөлгөөн шингэртэл ажлаа хийгээд суудаг даа.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Санхүүгийн жил тавдугаар сарын 31-нээр дуусдаг. Өөрөөр хэлбэл, 2026 оны санхүүгийн жил маань хэдийн шувтрах шатандаа орсон гэсэн үг. Компанийн хувьд 3 жил, 1 жил, зургаан сар тутам гэсэн байдлаар ажлаа төлөвлөж, сар бүр гүйцэтгэл хэдэн хувьтай байгааг үнэлж дүгнэдэг.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Сонирхолтой нь, миний эрч хүч татарна гэж үгүй. Үргэлж л “асаалттай танк” шиг байдаг. Заримдаа ганцаараа байж өөрийгөө цэнэглэх үе ч бий.
Эрч хүч, урам зориг авмаар санагдсан үедээ мастер тогоочдын хоол хийж буй бичлэгийг үзэх дуртай. Тэдний хоол хийх явцдаа гаргаж буй тэрхүү гал эрмэлзэл, төвлөрөл нь надад ажлаа хийх асар их тэмүүлэл, шинэ санаа өгдөг юм.
2021, 2022 онд гарсан том өөрчлөлтийн үед би их стрессдсэн гэсэн дээ. Тэр үедээ стрессээс гарч бодол санаагаа цэгцлэхийн тулд би көүч авсан юм. Маш олон жил гүйцэтгэх захирал хийж байсан Энэтхэгийн нэгэн туршлагатай бизнес көүчтэй таарч 3 сар хамт ажиллахад бодол санаа цэгцэрч, шийдвэрүүдээ тунгаан тухайн шилжилтийн хүнд үеийг даван туулсан.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Салбартаа олон жил ажилласан хүний хувьд бизнесийн үйл ажиллагаанд гарч буй аливаа гацаа болон тулгамдаж буй асуудлуудыг соргогоор олж харах давуу тал бий. Тийм ч учраас асуудлын гол шалтгааныг оновчтой тодорхойлж, хамгийн үр ашигтай шийдлийг санал болгох, зөвлөх замаар бизнес эрхлэгчдэдээ бодит дэмжлэг үзүүлэхийг эрмэлздэг.
Энэ хүрээнд 2007 оноос Монголын бизнесийн зөвлөл, 2012 оноос AmCham Монгол тэргүүтэй байгууллагуудад гишүүнээр ажиллахын сацуу 2015 онд Улаанбаатар хотын худалдааны танхимыг хамтран үүсгэн байгуулж, одоогоор удирдах зөвлөлд нь ажиллаж байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Өдөр тутамдаа өөр өөр салбарын, олон түвшний байгууллагуудтай ажиллах нь бидэнд улсынхаа эдийн засгийг бүхэлд нь системтэй, цогц байдлаар харах чадвар олгодог. Өнгөрсөн хугацаанд уул уурхай, банк санхүү, худалдаа үйлчилгээ зэрэг олон салбарын компани, байгууллагатай хамтран ажиллахын тулд тус бүрийн онцлог, эдийн засгийн мөчлөгийг нь гүнзгий ойлгож, судалсан байна.
Тэр ч утгаараа эдийн засгийн гол зангилаа цэгүүд хаана байгааг, тэдгээрийг хэрхэн үр дүнтэй хөгжүүлж болохыг тодорхойлох зэрэгт туршлага суужээ. Магадгүй хамтран ажилласан олон улсын компаниудын стандарт, арга барилаас суралцаж, түүнийгээ зах зээлийн бодит боломжтой хослуулж чадсан нь үүний үндсэн суурь болсон байх. Түүгээрээ ч бид зах зээлд ялгарч чаддаг болов уу.
Ер нь аудитын салбарын оршин тогтнох үндэс нь хараат бус байдал. Хэрэв бид аль нэг групп компанийн дэргэдэх зөвлөх компани байсан бол зах зээлд ийм хэмжээний итгэлцлийг хүлээх боломжгүй. Ямар ч бизнес эрхлэгч өөрийн нөү-хау болон дотоод арга барилаа өрсөлдөгч талдаа алдахыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс бидний хэнээс ч хамааралгүй, бие даасан байдал нь үйлчлүүлэгчдэд маань аюулгүй байдлын баталгаа, харин бидэнд бизнесийн томоохон үнэ цэнийг авчирдаг.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Манай компани байгуулагдсан цагаасаа эхлэн залуу мэргэжилтнүүдийг чадавхжуулах үндсэн зорилгоосоо ухраагүй. Тиймдээ ч хүн бүрд насан туршийн боловсрол олгох Онч академийг үүсгэн байгуулсан. Нэн тэргүүнд энэ чиглэл рүү идэвхтэй судалж, хамтын ажиллагаануудыг эхлүүлэхээр бэлтгэж байна. Бидэнтэй хамтран ажиллахаар гаднын байгууллагууд ч олноор холбогдож байгаа.
ESG (Байгаль орчин, Нийгэм, Засаглал) болон уур амьсгалын өөрчлөлтийн тайлагналын олон улсын шинэ стандартууд мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор бизнесүүд үйл ажиллагааныхаа нөлөөллийг ил тод, дэлгэрэнгүй тайлагнах шаардлагатай болж байна. Тиймээс бидний төвлөрч буй хоёр дахь ажил нь эдгээр тайланг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах, бэлэн тайланд хараат бус үнэлгээ өгч, ESG аудит хийх чиглэлээр бэлтгэл ажлаа хангаад явж байгаа.
Бид 2008 оноос хойш зөвлөх үйлчилгээний зах зээлд ажиллаж байна. Үйл ажиллагааныхаа эхэн үед олон улсын Sage компанийн ERP системийн нэвтрүүлэлт дээр төвлөрч, цөөнгүй төслүүдийг хэрэгжүүлж байсан туршлагатай. Цаашлаад бизнесийн процесс, дотоод хяналтын зураглал, бодлого журам боловсруулахаас эхлээд стратегийн замын зураглал боловсруулах зэргээр олон арван зөвлөх ажлдуудыг хийж гүйцэтгэсэн. Одоо харин зөвлөх үйлчилгээг хиймэл оюунтай хослуулан төгөлдөржүүлэхээр төлөвлөж мөн л гадаадын зөвлөх компаниудтай хамтран ажиллахаар ярилцаж байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Харааны ой тогтоолт сайтай болохоор уншсан зүйлээ сайн тогтоодог. Тиймээс ном их уншихыг хичээдэг. Сүүлийн үед ESG болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой номууд уншиж байгаа.
Мөн багаасаа эрүүл мэндийн холбогдолтой мэдээлэл уншиж, судлах хоббитой байсан болохоор зав гарвал АНУ-ын Mayo Clinic-ийн вэб хуудаст тавигдсан нийтлэл, мэдээллүүдийг уншдаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Номын тухайд одоо уншиж буй Andrew Steele-ийн “Ageless: The New Science of Getting Older Without Getting Old” номоо санал болгоё. Хөгшрөхгүйгээр урт наслах шинжлэх ухааны тухай өгүүлэх уг номд нас дээр гарсан хойно хүний бие физиологи хэрхэн өөрчлөгддөг, үүнийг яаж засаж сайжруулж болох талаар зөвлөдөг юм. Өмнөх хариултад хэлсэнчлэн би эрүүл мэндийн сэдвээр унших дуртай болохоор өдий хүртэл цуглуулсан мэдээллийг энэ ном маш цэгцтэй байдлаар базаж өгч байгаа нь тун олзуурхууштай санагдсан.
Хөрөнгө оруулалт хийх сонирхолтойгоо уялдуулан сүүлийн үед Donald E. Brownlee болон Peter Douglas Ward-ийн “Rare Earth: Why Complex Life Is Uncommon in the Universe” номыг шимтэн уншиж байгаа. Хөрөнгө оруулж байгаа гадаадын нэгэн компани маань газрын ховрын элементийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохоор энэ сэдвийг илүү судлах шаардлагатай байгаа юм.
Сүүлийн үед үзсэн бүтээлүүдээс Netflix-ийн “Nobody Wants This” цуврал их сонирхолтой санагдсан. Шашин шүтлэг, амьдралын хэв маягийн тэс өөр туйл болох хоёр хүн гэр бүл болоход ямар асуудлууд тулгарч болдгийг харуулдаг. Харилцааны нарийн нюансууд, бие биенээ ойлгох гэж хичээж буй тэрхүү үйл явцыг маш хөнгөн бөгөөд хөгжилтэй байдлаар дүрсэлсэн учраас заавал үзээрэй гэж зөвлөе. Хэрвээ би бага залуу байхдаа үзсэн бол харилцааны ур чадвар тал дээр суралцах зүйл олон байх байж дээ гэж бодогдсон шүү.
Дууны тухайд Lobo-гийн “I'd Love You To Want Me” гэсэн уран бүтээлийг санал болгоё. Эмэгтэйчүүд та нар минь гаднаа хатуу чанга байх гэж дүр эсгэсний хэрэггүй гэсэн утгатай дуу.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Миний амьдралдаа баримталдаг нэгэн эрхэм зарчим бол ээжийн минь хэлсэн “Чамд хатуурхаж буй хүнд эргүүлээд зөөлөн хандаж бай” гэх сургаал юм. Ярвигтай, хүнд хэцүү харилцаа тулгарахад сөргөөр хариу барихын оронд эерэг хандлагыг сонгох нь хамгийн ухаалаг шийдэл гэж би боддог. Муудалцаж, сөргөлдсөний дараа харилцаагаа эргэн сэргээхэд илүү их энерги зарцуулагддаг шүү дээ. Тиймээс би ямар ч нөхцөлд бусдад чин сэтгэлээсээ, сайхан хандахыг л хичээдэг.
Мөн санаанаас огт гардаггүй нэгэн эрхэм үгийг харилцагч маань онгоцны буудал дээр санамсаргүй таарахдаа хэлж билээ. Тэрээр Японы “Сайхан хоол идсэн хүн л бусдыг сайхан хоолоор дайлдаг” гэх зүйр үгийг иш татсан юм. Энэ нь хүн өөрөө эхлээд сайн сайхныг мэдэрч, дүүрэн байж гэмээнэ тэрхүү үнэ цэнийг бусдад харамгүй түгээж чаддаг гэсэн утгатай.
Эргээд харахад, миний карьерын замнал үнэхээр азтай байж. Би үргэлж шилдэг хүмүүсээр хүрээлүүлж, анхны ажлаа маш чадварлаг хамт олонтой том компаниас эхлүүлсэн. Тэрхүү компани надад хамгийн сайхан хоол буюу мэргэжлийн өндөр стандарт, зөв хандлагыг харамгүй өгчээ. Тиймдээ ч өнөөдөр би бусдад сайхан хандах чадалтай байж, өөрийн компаниа байгуулан, бусдыг “дайлах” хэмжээнд удирдаад явж байна гэж боддог.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Залуустаа хандаж хэлэхэд, зөвхөн үндсэн цалин дээрээ тогтох биш, орлогын олон эх үүсвэртэй болоход эртнээс анхаараарай. Ялангуяа хувьцаа, бонд зэрэг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах нь хамгийн зөв алхам. Бага гэлтгүй дүнгээр хувьцаа аваад, түүнийгээ урт хугацаанд тогтвортой эзэмшихэд арав, хорин жилийн дараа үнэ цэн нь хэд дахин өсөж, санхүүгийн эрх чөлөөний баталгаа чинь болох боломжтой шүү.
Харин залуу удирдлагуудад ялангуяа албан тушаал дэвших, шинэ ажилд томилогдохдоо шилжилтийг амжилттай хийж, стрессийг зохицуулж гүйцэтгэлээ сайжруулахын тулд бизнесийн көүчтэй ажиллаарай. Эрч хүч, энергиэ зөв зарцуулж, гүйцэтгэлээ сайжруулахад ихээхэн эерэг үр нөлөөтэй. Компаниуд шинэ удирдлагууддаа ийм хөрөнгө оруулалтыг хийж, шинэ залуу удирдлагуудын манлайлах, шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх нь орчин үеийн менежментийн түгээмэл арга хэрэгсэл болоод байгаа.


Сэтгэгдэл бичих

