Такси барих гэж гараа өргөж, замын хажууд зогсдог байсан цаг хугацаа аль хэдийн ард хоцорчээ. Технологи зарим талаар гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй хий хоосон зүйл мэт боловч тунг нь тааруулан ашиглаж чадвал амьдралд бодитой нөлөө үзүүлж чаддагийн тод жишээ бол UBCab апп. 

Улаанбаатарчуудын эчнээ танил UBCab-ийг хамтран үүсгэн байгуулж, өнөөдрийн байдлаар 27 мянган жолоочийг эгнээндээ нэгтгэж чадсан Н.Отгонбаярын ажил, амьдралын арга барилтай танилцъя.

Байршил: Сүхбаатар дүүрэг, Юнион Бюлдинг
Эрхэлдэг ажил: UBCab хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 12 Pro
Хэрэглэдэг компьютер: Macbook Air
Сошиал хуудсууд: Отгонбаяр Н. Арагууд (Фэйсбүүк) araguud (Инстаграм) Н.Отгонбаяр (Твиттер)



1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Бага байхаасаа л гудамжинд цагаан утсаар яриулах, парк дээр ундаа зарах, уулнаас самар түүж ирээд зарах гэх мэтээр өөрийнхөө хэмжээнд бизнес хийчихдэг байсан юм. Арван жилээ төгссөний дараа ч наадмаар хуушуурын гэр ажиллуулах, төгсөлтийн баярын монтаж хийх гэх мэтээр аж төрөх гэж янз бүрийн л зүйл хийж байлаа.

Ингэж явсаар 2011 оны үед анхны компаниа байгуулж веб хөгжүүлэлт захиалгаар хийж эхэллээ. Би өөрөө код бичихгүй учир захиалга олж ирэх ажилтай байв. Эхэн үедээ 200 гаруй веб хөгжүүлж, дажгүй амжилттай явж байсан ч сүүлдээ бэлэн загвар буюу template гэж юм гараад захиалга өгөх хүний тоо эрс буурсан. Манай багийн хөгжүүлэгчид ч өөрсдөө загвар бүтээж, түүнийгээ шууд олон улсад интернэтээр зараад эхлэх үед над шиг борлуулалтын хүн хэрэггүй болох нь тодорхой.

Хийх ажилгүй болж, бага зэрэг сэтгэлээр унаад нэг орой найзтайгаа ууж сууж байгаад гэртээ харих үедээ дуудлагын жолооч дуудах болов. Тэгж л ийм төрлийн бизнес байдгийг, үүнийг сайжруулж болохыг олж харан Морин жолооч нэртэй бизнесээ эхлүүлсэн нь одоо ажиллаж байгаа салбартаа хөл тавьсан эхлэлийн цэг болсон юм. Өөрөө дуудлагад явахаас эхлээд энэ бизнесээ босгохын төлөө бүхнийг хийсэн он жилүүд байсан. Олон хүндрэл, бэрхшээл тулгарсан ч бизнес маань амжилттай болж, улмаар 2017 оны сүүлээр Mezorn компанийн найзуудтайгаа хамтарч, UBCab-тай нэр холбогдож эхэлсэн түүхтэй.



2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Ажлын өдөр үйлчлүүлэгчдийн санал гомдлын статистик харахаас эхэлнэ. Компанийн гүйцэтгэх захирлын хувьд өөрөө бүх ажилд оролцоод байж амжихгүй учраас аль болох багуудаа зөв хуваарилж, хооронд нь холбох, саадгүй ажиллах боломж олгоход анхаардаг. Мөн олон цаг ажиллах биш бүтээмж хамгийн чухал гэж боддог.

3. Таны ажлын нөү-хау?

Чадах хүнээр нь чадах зүйлийг нь л хийлгэхийг хүсдэг. Жишээлбэл, UBCab-ийн үйл ажиллагааны чухал хэсэг болох дуудлагын төв, авто угаалга болон жолооч бүртгэл зэрэг бүгд тусдаа аж ахуйн зохион байгуулалттай. Ингэснээр баг бүр урдах ажилдаа л анхаарах, үндсэн чиглэлийн хүрээнд бие даан шийдвэр гаргах, түүнийгээ хамгийн сайнаар хийх боломж бүрдэнэ. Захирал гэхээр заавал бүхний дээр, хойморт суусан, бүх зүйлийг удирдсан байх шаардлагагүй гэж боддог.



4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Ажлын шаардлагаар олон нийтийн сүлжээг их ашиглаж байна. UBCab-д бүртгэлтэй жолооч бүртэй биечлэн уулзах боломжгүй учраас жолоочдын дотоод Фэйсбүүк бүлгэм дээрээ тогтмол лайв хийдэг. Ингэж компанийн алсын хараа болон хийж буй зүйлсээ жолооч нартаа танилцуулж, ойлгуулж байх нь их үр дүнтэй санагддаг юм.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Багийнхандаа итгэх л хамгийн сайн арга юм болов уу. Өмнө нь хэлсэнчлэн, миний хувьд бүх ажилд оролцоод байдаггүй. Бид хаашаа, яагаад явж байгаагаа маш сайн ярьж ойлгуулчхаад бусад зүйлсийг багийнхаа залууст итгээд, өөрсдөө хийх орон зайг нь олгодог.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Том самбартай л их найзалдаг. Бүх зүйлийг зураглаж буулгах нь хараагүй зүйлсээ харахад туслахаас гадна, бусдад ойлгуулахад их дэм болдог.



7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Асуудал бол үргэлж байдаг. Гэхдээ тэдгээрийг шийдэх эрч хүч, цаг хугацаа хязгаартай. Бие махбодь ядрахад нэг сайн унтаад л сэргэчихнэ. Тиймээс оюун санаагаа хэрхэн сэргээх вэ гэдэг л чухал санагддаг. Сүүлийн үед фитнест гүйх, хөлсөө гаргах нь тархиа унтраагаад асааж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг болсон.

Түүнээс гадна спортын тэмцээн үзэж, аль нэг багийг дэмжиж, хамт ялж, хамт ялагдаж “фанат” хийх үнэхээр сайхан амралт болдгийг ойлгосон. Урьд нь бөх үзэж нутгийн бөхөө л дэмждэг байсан бол сүүлийн үед багийн спорт тэр дундаа Хүлэгүүд багийнхаа сагсан бөмбөгийн лигийн тоглолтуудыг алдахгүй очиж үзэж байгаа. Тоглолт үзэх үед яг тэр уур амьсгалдаа ороод, түр ч гэсэн тархиа бүрэн амрааж чаддаг.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Өмнө нь нийгмийн салбарт ажиллаж байсан болоод ч тэр үү, ямар нэг байдлаар нийгэмд тулгамдаад буй асуудлыг л шийдэж байж сэтгэл ханамж авдаг. Түүний хүрээнд хоёр төсөл хийж байна.

-Улаанбаатарын 400 гаруй мянган өрхийн хагас нь орон сууцанд амьдардаг. Тэр өрхүүдийн хэдэн хувь нь СӨХ буюу Сууц өмчлөгчдийн холбооныхоо үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг вэ гэвэл маш бага тоо гарах байх. СӨХ гэдэг ая тухтай амьдралыг бүрдүүлэх хамгийн ойрын нэгж учир энэ төрлийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахад туслах UBCall нэртэй аппыг хөгжүүлж байгаа.

-Мөн өнгөрсөн хугацаанд UBCab-ийн хөдөө орон нутгийн салбаруудыг байгуулахаар Монгол Улсаа гурван удаа тойрлоо. Энэ үедээ малчдын амьдрал ямар хэцүү байгааг олж харсан. Бид нүүдэлчин ард түмэн л гэдэг. Гэхдээ бодит байдал дээр хот, хөдөөгийн ялгаа үнэхээр их гарчихсан, хөдөө байгаа малчид маань эдийн засаг, хувь хүний хөгжил гээд асар олон зүйл дээр хойно явж байгааг анзаарсан юм. Үүнийг шийдэхээр NomadicHUB буюу Нүүдэлчдийн Зангилаа төслийг санаачлан Монголын хөдөөг хөгжүүлнэ гэсэн зорилго тавиад ажиллаж байна.



9. Хийж буй ажлын онцлог юу вэ? эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

UBCab зүгээр нэг апп бус, нэг талд олон арван мянган жолоочийн орлогыг нэмэгдүүлдэг, нөгөө талд олон зуун мянган хэрэглэгчийн цагийг хэмнэдэг үйлчилгээ. Өнөөдөр л гэхэд нэг таксины жолооч UBCab-ийн жолооч болоод орлого нэмэгдлээ, баярлалаа гээд эхнэртэйгээ хоол хийгээд манай оффис дээр авчирч байх жишээтэй. Энэ талаараа хийж байгаа ажил маань гэр бүлүүдэд, цаашлаад нийгэмд бодит, эерэг нөгөө үзүүлж байгаа нь тун сайхан.

Бэрхшээлтэй тал гэвэл компанийн гүйцэтгэх захирлын хувьд зөвхөн сайн биш, муу зүйл дээр ч нэр холбогддог. Жишээлбэл, 20 гаруй мянган жолоочийн нэг л жолооч асуудал гаргахад шууд л над руу хувийн сувгаар гомдлууд, шөнийн хэдэн цагт ч хамаагүй орж ирнэ. Уг нь хэрэглэгчид аппаараа дамжуулаад гомдлоо мэдүүлэх бүрэн боломжтой.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Бид яг одоо UBCab-ийг нээлттэй компани болгож, IPO хийн хувьцаагаа олон нийтэд санал болгохоор ажиллаж байна. UBCab бодит хэрэглээтэй, үр өгөөжтэй төсөл учир IPO амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаа. Мөн шинээр гаргасан UBEats үйлчилгээгээ олон нийтэд илүү сайн таниулах дээр төвлөрч байна.



11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Өөрөөсөө туршлага, мэдлэгээр илүү ах нартай найзлах их дуртай. Тэд нар маань карьер, хувийн амьдралд маань хэрэг болох олон зөвлөгөө, шүүмж, зэмлэлийг өгдөг.

12. Санал болгох ном, кино, хөгжим?

Бид нэгэнт л зах зээлийн нийгэмд амьдарч байгаа учраас эдийн засаг, мөнгө зэрэг зүйлсийн талаар суурь ойлголттой байх хэрэгтэй. Үүнд Адам Смитийн “Үндэстнүүдийн баялаг” номыг санал болгож байна.

Кино бол миний хувьд урам зориг авдаг маш том суваг. Санал болгох кино гэвэл Да Шөн Күй Пүүс нэртэй Өвөр Монголын цуврал кино байна. Энэ кинонд 20,000 тэмээтэй, 7,000 ажилтантай том пүүс хэрхэн зуун дамнан амжилттай ажилласан талаар гардаг. Энэ киног үзвэл бодит түүх дээр үндэслэж, бизнесийн асар олон сургамжийг авах болно.



13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Бага байхад аав маань “Тэнэг хүн өөрийнхөө алдаанаас суралцдаг. Харин ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг” гэж хэлж байлаа. Энэ зөвлөгөөг өсвөр насандаа үргэлж боддог байв. Ажил дээр гарсан хойно ментороосоо “Алдана гэдэг ухамсарт хүний үйлдэл, алдаагаа давтана гэдэг тэнэг хүний үйлдэл” гэсэн шүүмж авч байсан. Би ч дотроо “Нээрээ л тийм шүү, алдахаас айх хэрэггүй гэхдээ алдаагаа давтаж, тэнэг хүн байж болохгүй юм шүү” гэсэн бодолтой ажил, амьдралдаа анхаарч явлаа.

Гэтэл саяхан найзтайгаа буу халж суухдаа энэ хоёр ойлголтоо ярьтал найз маань өөдөөс “Тэнэг хүний буруу биш шүү дээ” гэв. Тэр л үед яагаад хүмүүсийг заавал тэнэг, тэнэг биш эсвэл амжилтгүй, амжилттай гэж ялгах ёстойг өөрөөсөө асуусан юм. Байгаа зүйл байгаагаараа л байх сайхан юм билээ. Тэнэг байлаа гээд буруудах зүйлгүй. Амжилттай байлаа гээд ч бүхнээс илүү гэсэн үг биш. Яаж амьдрах нь тэр л хүний сонголт.

14. Бусдад шидэх санаа?

Бид амьдралд хугацаатай ирсэн гэдгээ л санах хэрэгтэй. Тэр хугацаа дуусахад хамаг эд зүйлээ шуудайлаад аваад явах ч боломжгүй. Тиймээс заавал бизнес хийгээд, захирал болоод бусдад мундаг харагдах албагүй. Хиймээр байгаа зүйлээ хийгээд, аз жаргалтай амьдрах л сайхан юм байна даа гэж бодох болсон.