Бидний өнөөдрийн зочин бол 68 жилийн түүхт “Жуулчин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Отгонбаяр. Монгол Улс руу чиглэсэн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх эрэлт хэрэгцээг олж харсан тэрээр Их Британи улсыг зорьж, Уэльсийн их сургуульд аялал жуулчлалын менежментийн чиглэлээр суралцжээ. Монголдоо буцаж ирээд 2016 оноос аялал жуулчлалын салбарт хүчин зүтгэж, өдгөө гадаад, дотоодын жуулчдад хилийн чанд болон монгол орны үзэсгэлэнт газруудаар аялуулах аяллын цогц үйлчилгээг хүргэж буй “Жуулчин” ХХК-ийг удирдан ажиллаж буй юм.
Байршил: Элчингийн гудамж, Япон улсын ЭСЯ-ны зүүн талд
Эрхэлдэг ажил: “Жуулчин" ХХК-ийн гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy A71
Сошиал хуудсууд: Otgoo Tsagaach (Фэйсбүүк)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би анх эмч болохыг хүсдэг байлаа. Гэтэл есдүгээр ангид байхдаа цуснаас айдаг гэдгээ мэдээд мөрөөдлөө орхихоос өөр аргагүйд хүрсэн. (инээв) Удалгүй аравдугаар ангидаа геологич болохыг хүссэн ч эмэгтэй хүүхдэд тохиромжгүй гэсэн эцэг эхийн саналаар 1998 онд ХААИС-д Газар зохион байгуулалтын ангид элсэн орж байв. Үргэлжлүүлэн Их Британи улсыг зорьж, Уэльсийн их сургуулийг аялал жуулчлалын менежмент мэргэжлээр 2009 онд төгссөн.
Үеийн залуус гадаадад суралцах нь элбэг байсан тухайн үед Монгол руу чиглэсэн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ монгол хүн өөрөө аялж, юм үзэж нүд тайлах нь чухал гэдгийг ойлгосон юм. Ингээд л Уэльсийн их сургуульдаа өөрийн хүсэл зорилгоо учирлан эсээ бичиж, элсэн орж байлаа.
Ингээд 2012 онд эх орондоо ирээд, KFC сүлжээ рестораныг Монголдоо оруулж ирэх ажилд судалгаа, хөгжүүлэлтийнх нь үеэс эхлэн гар бие оролцож, рестораны менежерийн албан тушаалаас чанар, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны дарга хүртэл дэвшин ажилласан. KFC бол манай улсын хүнсний салбарт чанар, стандартыг маш сайн тогтоож чадсан гэж боддог. Тиймдээ ч ууган ажилтнуудынх нь нэг гэдгээрээ бахархдаг шүү.
Харин 2016 оноос “Жуулчин” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байна. Манай компанийн хувьд 2004 онд "Таван Богд" группийн охин компани болж, дотоодын иргэдийг гадаадад аялуулах нислэгээ анх эхэлсэн түүхтэй.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Улирлын чанартай бизнес удирддаг тул ажлын өдрүүд маань харилцан адилгүй. Гадаадаас Монголыг (inbound) зорих аяллууд таваас есдүгээр сард, Монголоос гадагш чиглэсэн (outbound) аялал нь арваннэгээс гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Улирлаас хамааран ямар ажилд ач холбогдол өгөх нь ялгаатай гэсэн үг.
Миний ажлын нэг өдөр аялалд ямар нэг асуудал гарсан эсэхийг нягталж, аяллын програмаа шалгаснаар эхэлдэг. Тухайлбал, Inbound улирлын үеэр өглөө ирээд юун түрүүнд гадаад аялагчдынхаа аж байдлын талаар мэдээлэл авч, түргэн хугацаанд шаардлагатай зүйлсээр нь хангахад анхаарна.
Харин Outbound улирлын үеэр монгол аялагчдынхаа сэтгэл ханамжид түлхүү анхаардаг. Хоёр сегментийн хувьд өөрөөс гадна манай монголчууд арай илүү шаардлага өндөртэй учраас тэр л дээ.
Монголоос гадаад руу чиглэсэн аяллын улирал эхэлсэнтэй холбогдуулан сүүлийн үед Outbound борлуулалтын мэдээгээ заавал асуудаг дадалтай болчхоод байгаа. Миний хувьд аялалд жижиг, том ямар ч асуудал гаргахгүй байх нь тун чухал.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Аялал жуулчлалын салбар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зогсонги байдалтай байлаа. Түүнийг дагаад бидний амьдрал цар тахлын өмнө болон дараах гэсэн хоёр үечлэлд хуваагдаж, ажлын арга барилын хувьд ч өөрчлөгдсөн.
Нэг талаас бизнесийн сегмент маань хурдацтай өөрчлөгдөж байна. Цар тахлаас өмнө манай компани бизнесээс бизнес рүү (Business to business) чиглэсэн аяллыг харилцагчдаараа дамжуулж авдаг байсан бол ковидын дараа бизнесээс хэрэглэгч рүү (Business to customer) чиглэж, бизнес загвараа өөрчлөх хэрэгтэй болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, харилцагч талд тавьдаг байсан анхаарлаа хэрэглэгч, хувь хүмүүстээ ижил тэгш хандуулах шаардлагатай болсон гэсэн үг. Тэр ч утгаар сошиал медиа сувгуудыг үр дүнтэй ашиглаж, дижитал эрин зуунтай хөл нийлүүлэн алхахад алхам тутамдаа суралцаж байна.
Нөгөөтээгүүр, манай компанийн томоохон тулгуур хүч нь манай хүний нөөц. Тиймээс ажилтан нэг бүрээ ойлгосон удирдагч байхыг үргэлж хичээдэг. Учир нь “Жуулчин” компани 68 жил орчим тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахад үе үеийн ажилтнууд л түүхийг хамтран бүтээлцэж, чухал байр суурийг эзэлж байсан шүү дээ.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Сошиал сувгуудад идэвхтэй биш ч ажлын шаардлагаар хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэйгээ холбогдохын тулд Viber, Facebook ашиглаж байна. Тэр дундаа монгол жуулчидтайгаа Facebook-ийн групп чатаар харилцдаг.
Мөн тогтвортой хөгжлийн тэмдэг, "Таван Богд" групп, "Жуулчин" компанийнхаа тэмдгийг байнга зүүдэг.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Өмнө нь гараар бичиж тэмдэглэхийг илүүд үздэг байлаа. Харин одоо эсрэгээрээ аль болох дуудлага хийх эсвэл дуут мессежээр харилцах нь элбэг болсон. Бичиж сууснаас илүү цаг хэмнээд байгаа юм шиг санагддаг юм.
"Таван Богд" группийн хэмжээнд Teams програм ашигладаг. Бүх ажлаа төлөвлөж, уулзалт хурлаа алгасахгүй байхад тун хэрэгтэй.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Өдөр тутмын ажлуудаа гар утасны календарьдаа тэмдэглэдэг. Ухаалаг утастайгаа байнга ойр байдаг болохоор ажлуудаа алдалгүй тэмдэглэдэг юм.
Мөн ажил болон хувийн уулзалтын аль алийг нь урьдчилан төлөвлөдөг. Олон хүний цаг зав, ажил амьдрал надаас шалтгаалж болох учраас ийнхүү урьдчилж төлөвлөх нь зүйтэй.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Мэдээж гэр бүл. Тэр дундаа бяцхан хүүхдээсээ эрч хүч авч байна.
Үүнээс гадна хүнд заавал өөрөө өөртөө зориулах цаг байх хэрэгтэй юм шиг санагддаг. Миний хувьд найз нөхөдтэйгөө спортоор хичээллэх, алхах, гүйх зэргээр эрүүл мэнддээ ч анхаарна, өөртөө ч тусгайлан цаг гаргана.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Аялал жуулчлалын салбарын эмэгтэй захирлуудын нэгдэл бий. Тэдэнтэйгээ уулзаж, салбарынхаа тухай шинэ мэдээ, мэдээллийг хуваалцахын зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөө хамтарсан ажлууд хийхийг эрмэлздэг. Хамгийн сүүлд Дундговь аймагт байгуулагдсан “Ид шидийн орон-2” төсөлд хандив өгсөн.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Манай аялал жуулчлалын салбар ямагт бусдад аз жаргал түгээдэг онцлогтой. Нэгэнт хөл тавьсан л бол буцаж чадашгүй тийм л гэгээлэг, эерэг мэдрэмжийг өгдөг. Аялал жуулчлал бол итгэлцэл дээр тогтдог бизнес. “Жуулчин” компанийн үйл ажиллагаа өдийг хүртэл тогтвортой байгаагийн гол шалтгаан нь ч тэрхүү итгэлийг олж авсан явдал гэж хэлж болох юм.
Мэдээж цаг үеийн асуудлаас үүдэн манай улсын аялал жуулчлалын салбарт хөл туших зүйлс цөөнгүй бий. Ялангуяа цар тахалтай холбоотой манай салбар хэр хурдан сэргэх нь эргэлзээтэй, саармаг үе тохиолоо. Гэхдээ олон жилийн турш бий болгосон хамт олны үнэ цэн, туршлагынхаа ачаар бэрх цаг үеийг даван гарч чадсан.
Бид цар тахлаас өмнөх 2019 онд манай компаниар дамжуулан ирсэн гаднын жуулчдын тоо 3500-4000 байсан. Ирэх онд энэ тооны жуулчид манай улсыг зорьж ирэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Харин Монголоос гадаад руу явах жуулчдын тухайд цар тахлаас хойш идэвхтэй нэмэгдэж, бид 2022 онд 5000 орчим аялагч явуулсан байна. Сонирхуулахад энэ тоо цар тахлаас өмнө ердөө 1500-2000 байсан.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Гадаадаас манай улсыг зорих аяллууд багадаа зургаан сарын өмнө, ихдээ 1-2 жилийн өмнөөс төлөвлөгддөг учраас 2023 оны борлуулалтын төлөв хэдийн тодорхой болсон. Үүнтэй холбоотой маркетингийн ажлаа үр дүнтэй байлгахад төвлөрч, ирэх оны төлөвлөгөөндөө түлхүү анхаарч ажиллаж байна.
Түүнчлэн Монгол Улсад 2000 онд батлагдсан “Аялал жуулчлалын тухай хууль”-ийг 20 гаруй жилийн дараа шинэчлэх гэж байна. Уг хуулийн хүрээнд манай салбарынхан өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд нэлээн шуурхай ажилласан.
Аялал жуулчлал бол хүний амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хариуцаж, хамгаалах ёстой тун хариуцлагатай бизнес. Тиймээс эл салбарт үйл ажиллагаа эрхлэхийн тулд ажилтан нэг бүр ажилдаа эзэн болох учиртай. Учир нь, нэг хүний хариуцлагагүй үйлдэл тухайн салбарын хөгжилд шууд нөлөөлдөг тул хуулийн хүрээнд нарийн зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Манай улсын аялал жуулчлалын салбар хаашаа чиглэж, хөгжил нь аль түвшинд явж буйг тодорхойлоход судалгаа шинжилгээ хийх шаардлагатай. Тиймээс олон улсын уулзалт, хурал, семинар, үзэсгэлэнд онлайн болон биетээр тогтмол оролцдог.
Хувь хүн талаас би шинэ зүйлс сурч мэдэхэд эрэл хайгуул хийдэг зантай. Сүүлийн үед орчин үеийн хүүхдүүдийг хэрхэн хүмүүжүүлэх талаар ихээхэн судалж байна (инээв). Өсвөр насны охинтой тул шилжилтийн насны хүүхдүүдтэй хэрхэн харилцах тухайд суралцах зүйл маш их байгаа. Нөгөө талаас, хамтран ажиллагсдын маань ихэнх нь Z үеийнхэн болохоор тэднээс алхам тутамдаа сурч, хөгжиж байна.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?
“Таван Богд” группийн ажилтан нэг бүрдээ заавал уншихыг санал болгодог Инамори Казүогийн “Амжилтад хүрэх хүсэл эрмэлзэл” номыг онцолмоор байна. Хүн зөв үзэл хандлага, ёс суртахуун болон гал эрмэлзэлтэй байх, хамгийн гол нь хүний хувьд ноён нуруутай байхын чухлыг энэ ном сануулдаг юм.
Киноны тухайд хүүхдүүдтэйгээ ихэвчлэн хамт үздэг. Нэг талаар тэднийхээ сонирхлыг ойлгохын тулд тэр л дээ. Ойрын үед “Чөтгөрийн ангууч”, “One piece”, “Боруто” зэрэг анимэ үзэж байгаа. (инээв)
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
“Хүн өөрийнхөө хүрч чадахгүй том зорилго тавьж, түүнийхээ төлөө өдөр бүр байдаг чадлаараа хичээх хэрэгтэй” гэж манай группийн ерөнхийлөгч байнга хэлдэг юм. Одоо бодоход хэдий чинээ том зорилго тавина, төдий чинээ хүчин чармайлт гаргадаг учраас богино хугацаанд хүссэн үр дүндээ хүрдэг юм билээ.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
“Хамтын хүч амжилтын түлхүүр” хэмээх группийнхээ уриа үгийг хэлмээр байна. Бид ганцаар зорилгынхоо төлөө илүү хурдан явж чадах ч хамтдаа зүтгэвэл алс холын зорилгодоо хүрч чадна шүү дээ.
Аяллын тухайд зөвлөхөд дотоодын аялагчид маань юуны төлөө, яах гэж, ямар дурсамж, түүх бүтээх гэж байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, аяллын маань зорилго хамгийн чухал тул түүндээ тааруулж урьдаас төлөвлөөрэй.