Дэлхий дээр гамшиг, хүнд нөхцөл байдал үүсэхэд хамгийн түрүүнд хүрч ажилладаг байгууллага болох НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Монгол дахь салбар оффисыг толгойлж ажилладаг Р.Оюунбилэг хатагтайг энэ удаагийн дугаартаа урилаа. 30 гаруй жил ажиллахдаа тэрээр нийгмийн хөгжил дэвшлийн зангилаа болсон салбарууд, тэр дундаа хүүхэд хамгааллын чиглэлд хүч хөдөлмөрөө зориулж, олон хүний амьдралыг өөрчилсөн бодлого, төлөвлөлтөд гар бие оролцож явжээ. Ядуурлыг бууруулах, нийгмийн оролцоо, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр зэрэг ойлголтыг нийгмийн өргөн хүрээнд таниулж, шийдвэрлэх механизмыг үүсгэх ажлыг удирдан зохион байгуулалцсан баялаг карьертай түүний ажлын арга барилыг танилцуулъя. Тэрээр хөгжил судлалын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн анхны монголчуудын нэг юм.

Эрхэлдэг ажил: НҮБ-ын ОУШХБ-ын Монгол дахь салбарын захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг компьютер: MacBook Air
Сошиал хуудсууд: IOM Mongolia (Твиттер), IOM Mongolia (Фэйсбүүк)


1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Пионерийн байгууллагын зааварлагчаас ажил хөдөлмөрийн замналаа эхлүүлж байлаа. Социалист систем нуран унасны дараа орос хэлний багш нарыг сургах англи хэлний анхны курсүүд нээгдэхэд элсэн суралцсан юм. Уг хөтөлбөрт хамрагдсан хүмүүс дунд сургуульд таваас доошгүй жил багшлахаар гэрээлсэн учир Архангайн III дунд сургуульд багшилж, таван жилийн дараа Улаанбаатарт шилжин ирсэн. Энд ирээд Монголд салбараа нээгээд жил гаруй болж байсан Английн Хүүхдийг ивээх санд ажиллаж эхэлсэн.

Өдгөө энгийн ойлголт болсон, иргэд нийгмийнхээ төлөвлөлт, хөгжилд өөрсдөө гар бие оролцож, үзэл бодлоо илэрхийлэх талаарх ойлголт тэр үед ер нь л байгаагүй. Нийгмийн ажил, хүүхэд хамгаалал тусдаа салбарлан, системтэй хөгжих ёстой юм байна гэж үзэн, хөгжүүлсэн нь биднээс эхтэй. Анх л ядуурал гэж юу вэ, түүнээс яаж гарах вэ гэж тодорхойлж, Улаанбаатарын гудманд харж халамжлах хүнгүй олон хүүхэд гарч ирэхэд тэднийг хамгаалж, халамжлах багийг ахлан ажиллаж байлаа. НҮБ-ын Хүүхдийн санд хүүхэд хамгаалал, боловсролын асуудал хариуцаж ажилласнаас өнөөдөр хүртэл үр дүнгээ өгч буй томоохон ажил гэвэл “Үдийн цай” хөтөлбөр байна. Бага насны хүүхдүүд ар гэртээ хангалттай хооллож, зохих шим тэжээл, илчлэг авч чадахгүй байгаагаас бие нь давжаарах, сурлагаар хоцрох зэрэг хүндрэл гарч байсан учраас хэрэгжүүлсэн хөтөлбөр. Үүний дараа ОУХБ-ын хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах хөтөлбөрийг хэрэгжүүлэх багт ажиллаж, ОУХБ-ын 138, 182 дугаар конвенцид Монгол Улс нэгдэх, үндэсний хууль тогтоомжид энэ талын бодлогыг суулгах, хэрэгжүүлэхийг зорьж ажилласан. хөдөлмөр эрхлэлтийн цагийн хязгаарлалт тогтоон, үндэсний хууль тогтоомжид энэ талын бодлогыг суулгахыг зорьж ажилласан. Н.Монголмаа гэдэг маш сайн удирдагчтай, чадварлаг хамт олон байлаа.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт ажиллахдаа ЖДҮ-ээр дамжуулж улс орноо хөгжүүлье гэсэн төрийн бодлогын эрх зүйн орчныг бүрдүүлэх, хэрэгжих боломжийг туршин загварчлах "Монголд үйлдвэрлэл хөгжүүлье" төслийн багт орж, Сэлэнгийн зөгийн бал, Увсын чацаргана гэхчлэн нэмүү өртөг шингэсэн, үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болоход нь үйлдвэрлэгчдийг дэмжиж ажилласан. 2011 онд ганцаараа эхлүүлсэн ОУШХБ-ын салбар оффис маань өдгөө 20 гаруй хүнтэй байгууллага болоод байна. Боловсролын тухайд, бакалавраа орос хэлний багш мэргэжлээр төгссөн бол магистраа Лондонгийн их сургуульд хөгжил судлал сэдвээр хамгаалсан. Мөн сонирхлынхоо дагуу Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курсийг төгссөн.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Миний өглөө 7 цагаас эхэлдэг. Нэн түрүүнд өдөртөө өөрийгөө бэлдэж, хуанлигаа нэг гүйлгэж харна. Өглөөгүүр миний анхаарал сайн төвлөрдөггүй учир өдрийн эхний хагаст ихэвчлэн хүмүүстэй уулзаж харилцах ажлуудаа зохицуулдаг. Дэлхий даяар байдаг салбар оффисуудаас мэдээлэл авч ажилладаг учраас өглөөд Европоос ирсэн мэйлүүдийг уншиж, шаардлагатай хариуг өгнө. Миний дараа хүмүүс үргэлжлүүлэх, шатлалтай ажлыг түрүүлж гүйцээгээд, дан өөрөө сууж, төвлөрч судлах ажлыг 16 цагаас хойш хийдэг. Хүнтэй харилцах, бичиг цаасны ажлыг зэрэгцүүлдэг учраас ажлын өдрөө хоёр хуваачих нь оновчтой байдаг юм.


Миний өдөр тутамдаа хийдэг ажил маань үндсэн гурван чиглэлтэй. Юун түрүүнд, ажиллах хүч улс хооронд шилжихэд бодлого зохицуулалт ямар байх, шилжин суурьших явцдаа ямар нэгэн байдлаар хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох магадлал бий юү, бий бол түүнийг хэрхэн таслан зогсоох, Засгийн газар, яамд, төрийн алба, ТББ-ууд ямар арга хэмжээ авахад бэлэн байх вэ гэх зэрэг асуудлаар шийдвэр гаргагчдад зөвлөх, дунд шатны мэргэжилтнүүдийн чадавхыг бүрдүүлэхэд туслах юм. Энэ хүрээнд хилийн хяналтын байгууллагууд зорчигчийн бичиг баримтыг олон улсын стандартын дагуу, өндөр ур чадвартайгаар шалгах нөхцөлийг бүрдүүлж, шалгагч, байцаагчдын чадавхыг бэхжүүлэх нь ажлын маань салшгүй хэсэг. Хэн нэгэн иргэн гадаад улсад зорчин явах үедээ хүнд нөхцөл байдалд ороод тусламж хүссэн тохиолдолд эх орондоо буцахад нь туслах хөтөлбөр манай ажлын бас нэгэн чухал чиглэл. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд манай хамт олон 43 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр 7000 гаруй иргэнийг Монголдоо эргэн ирэхэд нь тусалсан. Онцгой байдал, гамшиг аюул тохиолдсон үед ард иргэдийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлж хамгаалах чадавх бэхжүүлэх сургалтуудыг ОБЕГ-тай хамтран зохион байгуулдаг.

ОУШХБ-ын салбар оффис байгуулагдсан эхний найман жил хөтөлбөртөө ганцаараа ажилласан. Тэр үед 22 цагаас нааш ажлаас гарна гэж байсангүй. Одоо олуулаа болсон учир байдал өөр. Гэхдээ ажилдаа дуртай учир түүртэж гомдоллосон удаагүй ээ. Өглөө НҮБ-ын хаалгаар ороод л ард үлдэж байгаа хорвоог мартдаг. Ажлаа хийсээр байгаад л хүмүүс баяртай гээд яваад эхлэнгүүт хүүе орой болж байгаа юм байна гэж бодоод, гадаа харанхуйлж гэрэл асаах болоход харих ёстой юм байна шүү гэж боддог (инээв). Залуу ахуйгаасаа л ингэж завгүй ажиллаж ирсэн дээ.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Багш гэдэг хүүхдийн авьяас чадварыг нээж, хөгжүүлэх үүрэгтэй хүн шүү дээ. Тэр маань насан туршийн арга барил болж, ажилд илэрдэг. Хамт ажиллаж байгаа хүнээ яг юугаараа сайн байна гэдгийг нь хараад түүнд нь тулгуурласан даалгавар өгч, итгэл хүлээлгэж, түүгээр нь ажлынхаа үр нөлөөг гаргахыг хичээдэг. Хамт ажиллаж байгаа хүнийхээ сайн талыг олж хараад, түүнээс нь дуурайл авахыг хичээдэг.

Би зарчимтай байхыг эрхэмлэж баримталдаг хүн. Зарчим алдагдаж байгаа цагт шударга сайхан нийгэмд тогтохгүй. Ажил төрөл, ахуй амьдрал дээр жанжин шугамаасаа хазгай гишгэж яавч болохгүй. "Ганц удаа л" гээд өөрийгөө өөгшүүлж, тэр янзаараа өөртөө болон бусдад хандаж эхэлбэл мөн чанар эвдэгдэж байна гэсэн үг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Багийнхантайгаа Microsoft Teams-ээр харилцдаг. Бусад харилцаанд голчлон Viber ашиглана. Шилжин суурьшихтай холбоотой шууд туслалцаа, бусад чиглэлийн ажлуудыг зохицуулах зорилгоор манай байгууллагаас хөгжүүлсэн 20 орчим программ, апп бий. Тэдгээрийг мөн өдөр тутам ашиглана.

НХХЯ, ГХЯ, ХЗДХЯ, Хотын захиргаа, Онцгой байдлын газар, Гадаадын иргэн харьяатын газар, Хил хамгаалах газар зэрэг улсын байгууллагын удирдлагуудтай байнга харилцах шаардлагатай учир Viber, WhatsApp гэхчлэн харилцааны аппликэйшнүүдийг тогтмол ашигладаг. Банк, санхүүгийн аппууд мөн байнгын хэрэглээ болсон. Ер нь банк ороогүй удаж байна. Үнэхээр их цаг хэмнэдэг шүү.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?


Хамтарч ажиллах гэж байгаа хүмүүстээ асуудлаа маш сайн ойлгуулж, хаа хүрэх гэж буй дээрээ санал нэгдэж гэмээнэ цаг хэмнэгдэж, үр бүтээл нэмэгддэг гэж итгэдэг. Бүгд дор дороо өмнөх ажлаа чанартай хийхээс илүү цаг хэмнэх арга гэж үгүй. Анхнаасаа ажилтан сонгохдоо ажилдаа хэр дур сонирхолтой вэ гэдгийг нь онцгойлж анхаардаг.

Цаг хэмнэх өөр нэг арга гэвэл, бичиг төлөвлөх, боловсруулах, бичиж буулгах шаардлагатай үед өөр зүйл хийгээд явчихдаг. Тэр үедээ дэмий сэлгүүцэж байх шиг харагддаг байж мэднэ (инээв). Аяга угаах ч юм уу, өрөөгөөр хүмүүстэй мэндэлж явахдаа нөгөө санаагаа бодсоор, толгойдоо бүрэн боловсруулсны эцэст суугаад бичиж эхэлдэг. Би хийх ёстой шүү гэж бодоод л хөдлөхгүй суухаар үр бүтээлгүй байдаг. Тийм үед нэг хуудас захиа ч хүссэн хэмжээнд гарч өгдөггүй. Гэхдээ анхаарал төвлөрүүлэх тал дээр тун сайн шүү. Нэг ажлаас нөгөөд шилжихдээ анхаарлаа бүрэн шилжүүлэхэд өөрийгөө сургачихсан гэх үү дээ. Орой хэвтээд л таван минутын дараа унтчихдаг байх жишээтэй. Ямар нэг зүйлд зовниод л яваад байхыг үзэж чаддаггүй. Маш түргэн шийдэхийг эрхэмлэдэг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Байнга авч явдаг тэмдэглэлийн хоёр дэвтэртэй. Нэг дээр нь албан, нөгөө дээр нь амины ажлуудаа төлөвлөж, тэмдэглэж явдаг. Бүх ажил нарийн, системтэй явагддаг нь том байгууллагын бүтцэд орж ажиллахын давуу тал. Дэлхий даяар ажиллаж байгаа 10 мянган ажилтан нэг системд байршчихсан, төлөвлөлт, хөгжүүлэлт яг нэг тогтолцоогоороо явагддаг нь амар.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Манай хамт олон хүн төрөлхтний мөнхийн хүсэл мөрөөдлийн төлөө ажилладаг. Шударга, сайн сайхан, хүмүүс бие биедээ ээлтэй нийгэмд амьдрах л хэн бүхний хүсэл, тийм биз дээ? Түүнийг цогцлоохын төлөөх ажлаасаа цаг үргэлж урам зориг авч цэнэглэгддэг. Карьерынхаа туршид нүсэр том багт ажиллаж үзээгүй. Ихэвчлэн цөөхүүлээ, ажилдаа сэтгэлээ бүрэн зориулдаг хамт олон дунд орж ажилласан болохоор ч тэр үү, хамтран ажиллагсдаасаа бас эрч хүч авдаг даа.


8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Залуу байхаасаа олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байлаа. Дунд сургуульд багшилдаг байхдаа өдөр нь хичээлээ заагаад, орой нь Архангайн телевизээр эмэгтэйчүүдийн булан хөтлөн явуулж, давхар “Архангайн үнэн” сонинд сурвалжлагч хийдэг байлаа. Бас болоогүй, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан ТББ-ыг удирдан ажиллуулна. Манай байгууллага давхар ажил эрхлэхийг хүлээн зөвшөөрдөггүй учраас сайн дурын ажил барагтай хийхгүй байгаа. Харин ээлжийн амралтаа авсан үедээ түүх уламжлалын чиглэлээр найзуудтайгаа хамтарч судалгаа хийдэг.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

НҮБ-ын байгууллагууд ихэвчлэн бодлогын түвшинд ажилладаг л даа. Харин манай байгууллагын онцлог зан характерт минь их тохирдог. Яагаад гэвэл бид бодлогын түвшинд ч, анхан шатанд хүнтэй шууд харилцаж ч ажилладаг. Мөн дээр дурдсанчлан, сайн сайхныг цогцлоохын төлөө ажилладаг минь ямар ч үед сэтгэл төөнөж дулаацуулдаг. Хэцүү нь гэвэл, цаг наргүй ажил юм. Үндсэн ажлаас гадна судлах зүйл их. Улсын олон салбартай зэрэг ажилладаг учраас бүх салбарын мэргэжилтнүүдтэй дүйдэггүй юм гэхэд наанадаж л бодлогын болон техникийн түвшинд харилцаж, ажлаа урагшлуулахад шаардлагатай чадварт суралцахын төлөө их судалгаа хийж, тухайн салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл, өөрчлөлт зэргийг байнга л судлах болдог. Хувийн амьдралдаа цаг гаргах хэцүү. Арыг минь даах сайн хамтрагч үгүй бол ингэж ажиллаж чадахгүй шүү дээ.

Олон асуудалд орж ажиллаж, төрөл бүрийн байгууллагатй хэлцэл хийж явсан туршлагатай ч, хэдий асуудлыг нь мэдэж байгаа ч өөрийн санаа бодлыг илэрхийлэн гаргах боломж байхгүй. Тухайн хэлэлцүүлэгт байгууллагаа төлөөлж орж байгаа учраас байгууллагынхаа байр суурийг л илэрхийлэх үүрэгтэй. Хувийн санал, дүгнэлтээ хэлэх эрхгүй байдаг нь сул тал.


10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Шинэ коронавирус дэгдсэнээс хойш Ковидтой тэмцэх чиглэлд Засгийн газарт, тэр дундаа УОК-т дэмжлэг үзүүлэхэд ихээхэн анхаарч байна. Өдөр тутмынхаа ажлын хажуугаар гурван чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Гадаадад гацсан монгол иргэдийг буцаан авчрах ажлыг зохион байгуулж, өнгөрсөн оноос хойш 800 гаруй хүнийг ОУШХБ-ын тусламжаар авчирлаа. Хил нээхэд бэлтгэхэд зориулж судалгаа, үнэлгээг Шадар сайдын ажлын албатай хамтран хийж байна. Төрийн албадтай хамтран Замын-Үүд, Алтанбулаг, Буянт-Ухаа, Чингис хаан нисэх буудал дахь хилийн 4 боомтод үнэлгээ хийгээд, одоо юуг нь засаж сайжруулах вэ гэдэгт төвлөрч явна.

Хоёр томоохон аян өрнүүлж явуулж байгаа. Иргэдийг шилжин суурьшихдаа илүү хариуцлагатай, төлөвлөгөөтэй ханддаг болоход уриалах үүднээс “Нүүх үү, суух уу, судалъя” гэдэг мэдээллийн аян өрнүүллээ. Нөгөө нь “Мөрөөдлийн шүхэр” аян. Хүн худалдаалах гэмт хэргээс өөрийгөө хамгаалахад шаардлагатай мэдлэг мэдээлэл олгоход чиглэсэн аян маань агуулга, арга зүй нь энэ салбарт ажилладаг тэргүүний мэргэжилтнүүдийн хэлэлцүүлгээс үүдэн гарсан юм. Хүүхэд бага насандаа гэр бүлийн болоод бусад төрлийн хүчирхийллийн хохирогч болж, насандаа тохироогүй ажил хөдөлмөрт ашиглагдаж байхад нь анхаарч хамгаалж чадаагүйгээс яваандаа бэлгийн мөлжлөгт өртөж, эцэс сүүлдээ хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох нь түгээмэл гэх дүгнэлтэд хүрсэн. Хохирогч болсных нь дараа биш, урьтал нөхцөлийг нь сэрэмжлүүлэн мэдээлэх нь илүү үр дүнтэй гэж үзсэн юм. Хүн худалдаалах гэмт хэргийг надаас хол юм гэж бодох нь буруу.

Манай байгууллага жилд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч 10 орчим хүнийг эх оронд нь авчирдаг. Зарим хүнд энэ тоо цөөхөн санагдаж магадгүй. Яагаад өнөөдөр БНСУ Дэлхийн II дайны үед бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүдээсээ уучлал гуйлгахаар Японд байн байн хандаад байгаа юм бэ? Учир нь хувь хүний хувьд нэг насны шарх болсон, хэмжээлшгүй их хохирол яригдаж байгаа юм.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Дунд сургуульд багшилсан хийгээд ЖДҮ-ийг хөгжүүлэх ажил маань надад хамгийн өгөөжтэй байсан юм болов уу. Хичээлээ хичээнгүйлж бэлдээд сурагчид дээрээ ороход сониучирхаж, мэдлэгийг сорж авч байгаа нь мэдрэгддэг. Өгч чадах бүхнийг минь аваад, улам их рүү тэмүүлдэг учраас багш хүн өдөр бүр л өөрийгөө улам сайжруулаад явахаас аргагүй. Үүнтэй адилаар, жижиг, дунд үйлдвэрлэгчидтэй ажиллахад цаг үргэлж шинийг сэтгэж, бүтээж байдаг тэдний эрч хүчийг дагаад тусалж байгаа бид ч өөрсдөө хэмнэлд нь нийцэн хөгждөг. Энэ мэтчилэн ажлаасаа маш ихийг сурч авдаг даа.


12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Шинэ гарч байгаа ном зохиолуудаас сонирхлынхоо дагуу аль болох л алдахгүй уншихыг хичээдэг. Ширээний ном болсон, үргэлж хардаг хоёр ном бий. Ардчилал руу шилжих үед социализмын бодол хандлагаа өөрчлөхөд Дейл Карнегийн номууд тусалсан. Нөгөөтээгүүр, гадаад хэлийг үндсэн ажлаа болгосон ч юм уу, гаднын байгууллагад ч юм уу ажиллаж байгаа хүн арвин мэдээллийг гаднаас үзэж сонсох хэрээр дотоодоо, өөрсдийн онцлогоо эрж хайж эхэлдэг. Дуучин С.Цогтсайханы “Тарчлаан” гэдэг ном үүнд надад их тусалсан. Энэ нийгэмд юуг өөрчилмөөр байна вэ гэдгээс өгсүүлээд эргэцүүлмээр санаа олон байдаг.

Киноны хувьд өвөрмонголчуудын хийсэн “Чингис хаан” цувралыг үзээрэй гэж зөвлөмөөр байна. Улиг болсон өнөөх кино гарч л байна гэж битгий бодоосой. Үйл явдлынх нь цаана үзэл санаа их байдаг. Жишээ хэлэхэд, өөрийг нь шийтгэх гэсэн Шихихутугийг Хасар “Алтан ургийн хүнд гар хүрэх гэлээ” хэмээхэд хариуд нь “Их Засаг гэдэг хууль хэн нэгэн хүнд зориулагдсан зүйл биш. Энэ бол бүх монголчуудын хууль цааз” гэдэг. Хандлага, үзэл, чиг шугамыг сайн харуулсан гэж үнэлдэг.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Анх намайг англи хэлний курст сурч байхад багш маань “Хүн өөрийнхөө байгаа цаг үедээ, яг л тэр орон зайдаа эзэн байж, өөриймсөг хандах хэрэгтэй” гэж билээ. Нэг жилийн томилолтоор ирсэн багш маань шалны жижигхэн завсрыг шаваад сууж байхаар нь та удахгүй нүүгээд явчих байж үүнийг хийх хэрэг байна уу гэж асуухад хүн өгөгдсөн цаг хугацаа, орон зайдаа тав тухаа бүрдүүлэх ёстой гэж тайлбарласан нь тэр. Би үүнийг насан туршдаа мөрдлөг болгож яваа. Нэг хонох ч байсан орчноо тохижуулж, засаж янзалж, юм бүхэнд өөриймсөг хандахыг хичээдэг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Өнгөрсөн гучин жилд олон Засгийн газар, удирдагчидтай хамтран ажиллалаа. Эцэстээ, бидний хийж байгаа бүх ажил хүний төлөө гэдгийг ойлгодог, боддог байгаасай гэж хэлмээр байна. Гүүр барьсан ч, ширхэг хадаас хадсан ч, нэг хууль гаргасан ч адил. Ажил хийсэн дүр үзүүлэх, даргаараа батлуулах, карьер өсгөх гэж биш, хүний төлөө л гэж бодож бүх ажлаа хийх ёстой. Хүн бүхэн тэгж ажиллавал хүсээд байгаа нийгмээ байгуулж чадна, бид.