Бид шинэ дугаарынхаа зочдоор төслийн удирдлагын шилдэг мэргэжилтнүүдэд туршлагаа солилцож, мэдлэгээ хуваалцан хөгжиж дэвших боломжийг бүрдүүлэгч Пи Эм Ай Монголиа Чаптэрийн хамт олныг урилаа.  

Салбарын мэргэжилтнүүддээ чиглэсэн уралдаан, сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг тус хамт олон арван жилийн ойгоо тохиолдуулан ажлын арга барил, туулсан туршлага, цуглуулсан мэдлэгээсээ хуваалцсан нь энэ юм.  

Байршил: Сүхбаатар дүүрэг, Бизнес таур, 19-р давхар
Эрхэлдэг ажил: Төслийн удирдлага
Цахим хуудас: Facebook | Instagram | LinkedIn

1. Танай байгууллагын замналаас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Гишүүнчлэл хариуцсан захирал Э.Оюунбилэг

PMI (Project Management Institute) нь дэлхий дахины төслийн менежерүүдийг анх удаа нэгтгэж, хамгийн олон оронд төлөөллөө бий болгож чадсан төслийн удирдлагын институт юм.

Одоогоос 55 жилийн өмнө буюу 1969 онд АНУ-д байгуулагдаж, өдгөө дэлхийн 200 гаруй оронд 300 гаруй салбарыг бий болгосон. Харин Монгол дахь салбар буюу Пи Эм Ай Монголиа Чаптэр нь 2014 онд байгуулагдсан ба энэ жил бидний арван жилийн ой тохиож байна.

Үйл ажиллагааны тухайд төслийн удирдлагын талаарх олон төрлийн стандарт, удирдамж, гарын авлага гаргахын зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Мэргэшсэн Төслийн Удирдагч” буюу PMP® (Project Management Professional) зэргийг олгодог. Дэлхийн хэмжээнд 1.6 сая гаруй мэргэшсэн төслийн удирдагч байдаг ба тэдний 130 нь манай улсад бий.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Захиргааны ажилтан Т.Энхцэцэг

Захиргааны ажилтны хувьд миний ажлын үндсэн чиг үүрэг нь чаптэрийн гишүүдээ шинэ соргог мэдээллээр хангах, өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэхэд удирдах зөвлөлийн гишүүддээ дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг.

Өглөөг цахим шуудангаа шалгаж, хариу өгөх байдлаар эхлүүлдэг бол өдрийн турш гишүүд болон манайхыг сонирхсон хүмүүс, хамтрагч байгууллагуудтай цахим шуудан, гар утасны дуудлага, зурвасаар холбогдож, шаардлагатай мэдээллээр нь хангана. Үүний зэрэгцээ чаптэрийн албан ёсны цахим хуудсуудыг хөтлөх, шинэ мэдээлэл, сар бүрийн уулзалт, сургалтын талаарх мэдээллийг бэлтгэх, нийтлэх, дизайнертай харилцах ажлыг хариуцдаг.

Миний ажил үүргийн хуваарьт албан бичиг хэрэг хөтлөх, албан бичиг болон гэрээ боловсруулах, гэрээт байгууллагууд, ажил гүйцэтгэгчид, төслийн удирдлагын байгууллагын захиалгат болон хуваарьт сургалтуудын зохион байгуулалт, бүртгэл, гэрчилгээ олголт, удирдах зөвлөлийн хурал, чаптэрийн сар, жил тутмын уулзалтын зохион байгуулалт зэрэг ажлууд багтдаг. Тиймээс ажлын нэг өдөрт дунджаар наймаас арван төрлийн ажлыг гүйцэтгэх шаардлага үүсэх нь бий. Ажлын цаг дуусах үеэр маргаашийн ажлуудаа жагсааж бичээд өнөөдөр хийсэн ажлуудаа тэмдэглээд явдаг.

3. Таны ажлын нөү-хау?

Ерөнхийлөгч Ц.Түмэнцогт

Өнөө үед ажлын уулзалт, арга хэмжээ, хурал чуулган, гадаад дотоод томилолт зэрэг цөөнгүй үүрэгт ажил бий болсон учраас multitasking буюу олон ажлыг зэрэг амжуулах чадвараа хөгжүүлэх замаар бүтээмжээ сайжруулж, богино хугацаанд олон ажил амжуулахыг хичээдэг. Басхүү үүнийг үндсэн ажлын арга барил болгон өөртөө суулгахыг эрмэлздэг гэх үү дээ.

Мэдээж өндөр ачаалалтай ажиллахын зэрэгцээ гэр бүлтэйгээ чанартай цаг өнгөрүүлэх, ном унших, аялах зэрэг амьдралын чанарт нөлөөлөх зүйлсийг орхигдуулахгүйг хичээдэг дээ.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Маркетинг хариуцсан захирал Б.Цацрал

ChatGPT, Google Analytics 4 (GA4), Asana, Copy.AI зэргийг өдөр тутамдаа ашигладаг.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Санхүү хариуцсан захирал Э.Дарханцэцэг

Ажлаа сайтар төлөвлөх, тэр дундаа тэргүүлэх ач холбогдолтой ажлууддаа өглөө эрт, толгой сэргэг үедээ төвлөрдөг. Өөртөө хэрэгжүүлдэг үр дүнтэй аргуудаас хуваалцвал:

- Төлөвлөгөө гаргах: Өдөр тутмын болон долоо хоногийн төлөвлөгөө гаргаж, ач холбогдлын дарааллаар эрэмбэлбэл шаардлагагүй ажлуудад цаг үрэхээс сэргийлдэг.
- Тогтмол цагт тогтмол зүйлс хийх: Тухайлбал, өдөр бүр 13:00-т дасгал хийх, 15:00-т ном унших гэх мэтээр зан төлөвийн дасан зохицол бий болгосноор миний сэтгэлзүй тухайн үйлдлийг хийхэд урьдаас бэлтгэгдэж, үүнийг хялбархан дөнгөчихнө гэдэг дохиог тархинд өгдөг.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? 

Мэргэжлийн хөгжил хариуцсан захирал Г.Жавхлант

Ажлын төлөвлөгөө гаргахдаа төслийн удирдлагын арга аргачлалыг ашиглаж, урт хугацааны, нарийн төлөвлөгөө гаргахыг хичээдэг. Сүүлийн үед гол ажлуудаа ерөнхийлөн төлөвлөөд яаралтай болон өндөр ач холбогдолтой ажлуудаа тухай бүрд нь нарийн төлөвлөх байдлаар ажиллаж байна.

Пи Эм Ай салбар байгууллагын хувьд тухайн жилд хийх ажлууд болон зорилго, зорилтоо ерөнхий түвшинд төлөвлөсний үндсэн дээр гишүүд тус бүрийн ажлын чиг үүрэгтэй нь уялдуулан нарийн төлөвлөгөө гаргаж, ажлын задаргааны бүтцээ боловсруулдаг. Харин ажлын гүйцэтгэлээ сар бүрийн удирдах зөвлөлийн хурлын үеэр ярилцаж, шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулдаг.

Мөн бид гишүүдийнхээ дунд сонирхлын бүлгүүдийг байгуулж, үйл ажиллагааг нь дэмжин ажилладаг юм. Тухайлбал, PMP буюу төслийн мэргэшсэн удирдагчийн зэргийн шалгалтад бэлдэх найз нарын группийг нэрлэж болно /PMP exam prep buddy/. Энэхүү группийн гишүүд хоорондоо мэдээлэл, туршлагаа солилцоод хамтдаа хөгжиж, урам зоригтой бэлддэг.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Хамтын ажиллагаа хариуцсан захирал Ж.Дагиймаа

Эрч хүчтэй, бүтээлч байх үндсэн гурван хүчин зүйл болох дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, сэтгэлзүйн эрүүл мэндээ анхаарч, зөв дадалтай байхыг хичээдэг. Гэхдээ мөнгийг олохоос илүү зарцуулах нь чухал байдаг шиг эрч хүчээ сэлбэхээс илүү хуримтлагдсан эрч хүчээ зөв зарцуулахад түлхүү анхаардаг гэх үү дээ. Үүний тулд ажлын ачаалал, тулгарсан асуудалд стресстэж цаг хугацаа, эрч хүчээ үргүй зарахын оронд шийдэлд төвлөрөх нь хамгийн зөв алхам. Мөн хамт олон, найз нөхөдтэйгөө уулзаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх нь эрч хүчээ сэлбэж, стресс бухимдлаа мартах бас нэг сайхан арга юм шүү.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Маркетинг хариуцсан захирал Б.Цацрал

Манай байгууллагын удирдах зөвлөлийн бүх гишүүн үндсэн ажлынхаа хажуугаар Пи Эм Ай Монголиа Чаптэрт сайн дурын ажил хийдэг. Миний хувьд байгууллагуудын кампанит ажлын төлөвлөлт, зураг авалтад оролцох гэх мэтээр бүтээлч хүмүүстэй хамтарч ажиллах дуртай. Дараа нь хийсэн ажлынхаа үр дүнг харах хамгийн урамтай байдаг.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?

Ерөнхийлөгч Ц.Түмэнцогт

Манай байгууллага олон улсын хуралдаа зориулж хөрөнгө оруулалт татах, төслийн менежмент хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлууддаа төвлөрч байгаа. Тэр дундаа Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг таниулах, сурталчлах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлуудад цаг зарцуулах нь олонтоо. Ажлын маань эерэг тал гэвэл бодит төслүүдэд хувь нэмрээ оруулж, үр дүнг нь харах хамгийн урамтай. Харин сөрөг тал нь өндөр ачаалал л байна. Зарим тохиолдолд өөрөөс шалтгаалахгүй нөхцөл байдлаас үүдэн ажил удаашрах явдал ч тохиодог.

Гишүүнчлэл хариуцсан захирал Э.Оюунбилэг

Миний хувьд компанийн засаглалаар мэргэшсэн болохоор энэ сэдвийн хүрээнд зөвлөгөө өгч, үнэлгээ, сургалт хийх ажлыг хариуцдаг. Харин чөлөөт цагаараа энэхүү байгууллагад сайн дурын ажил хийж байна. Манай чаптэрийн цорын ганц бүтэн цагийн ажилтан нь Энхцэцэг бөгөөд тэр маань бидний арын ажлыг дааж, чиглүүлж, тусалж, дэмждэг. Бусад бүх гишүүн тус бүрийн үндсэн ажилтай төдийгүй цаг зав, мэдлэг чадвараа бусдын сайн сайхны төлөө зориулахаар цалин хөлс авалгүй, сайн дураараа ажиллаж байгаа гэж бодохоор үнэхээр бахархмаар.

Мөн манай багт 60-аад оноос эхлээд 80,90, тэр ч бүү хэл 2000-аад оны залуус нэгдэн ажилладгаараа онцлогтой. Энэ нь аливаа асуудлыг олон талаас нь шүүн тунгааж, эргэцүүлэн дүгнэх боломж олгодог ч үе үеийн манлайллын арга барил болон харилцаа хандлага таарахгүйгээс үүдэн үл ойлголцол үүсэх нь ч бас бий. Энэ үед бид Пи Эм Ай-ийн үнэт зүйлсийн нэг болох “Together we can” буюу монголчуудын хэлдэгээр “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэх зарчмыг баримтлан асуудлаа шийдэхийг хичээдэг.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Санхүү хариуцсан захирал Э.Дарханцэцэг

Манай байгууллагаас жил бүр зохион байгуулдаг төслийн удирдлагын олон улсын бага хурал өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Одоогоор уг төсөлд хамтран ажилласан гэрээт байгууллагуудын ажлын гүйцэтгэлийг дүгнэх, төлбөр тооцоо хийх, хаалтын тайлан дээр төвлөрөн ажиллаж байна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Мэргэжлийн хөгжил хариуцсан захирал Г.Жавхлант

Пи Эм Ай байгууллагаас гаргасан судалгаа, вебинар, сургалт, гарын авлагуудаас төслийн удирдлагын шинэ аргачлал, сайн туршлага, сүүлийн үеийн чиг хандлагуудын талаар мэдээлэл авдаг. Үүгээр ч зогсохгүй байгууллагын төслийн удирдлага (OPM), хөтөлбөр (program), багц (portfolio)-ийн удирдлага, бизнес шинжилгээ, Agile төслийн удирдлага, хиймэл оюун ухааныг төсөлд ашиглах нь гэх мэт 20 гаруй стандарт, гарын авлагыг гишүүддээ санал болгодог.

Мөн байгууллагад зориулсан төслийн удирдлагын сургалт зохион байгуулахдаа төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой тулгардаг бэрхшээлүүдийг нь ойлгохын тулд байгууллага болон салбарыг нь сайтар судлах замаар сургалтад хамрагдаж буй оролцогчдоосоо суралцахыг эрмэлздэг.

12. Санал болгох ном, хөгжим, кино? 

Гишүүнчлэл хариуцсан захирал Э.Оюунбилэг

Манай төслийн удирдлагын институтаас эрхлэн гаргаад удаагүй байгаа, ёстой будаг нь ханхалсан шинэхэн номыг санал болгоё. Энэ нь AI Essentials for Project Professionals буюу Төслийн мэргэжилтнүүдэд зориулсан хиймэл оюун ухааны гарын авлага. Товчхондоо, төслийн мэргэжилтнүүд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж, ажлынхаа үр ашгийг нэмэгдүүлж болох талаар энгийн, ойлгомжтой танилцуулсан.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Хамтын ажиллагаа хариуцсан захирал Ж.Дагиймаа

Анх 2022 ны PMI MC-н 2022 оны олон улсын бага хуралд сайн дурын ажилтнаар оролцох үеэр надад олон улсын мэргэшсэн төслийн менежерийн зэргийг санаачлагчдын нэг Ли Ламберттай тун ойрхон ажиллаж, чиглүүлэх боломж олдсон юм. Би түүнээс “Сайн төслийн менежер болохын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?” гэж асуухад, "Монголчууд танихгүй хүнтэй харилцаа үүсгэхдээ тааруу, ичимхий улс юм. Харин сайн төслийн менежер гэж харилцааны урлагт төгс суралцсан хүнийг хэлнэ. Тиймээс чи сурч мэдье, шилдэг нь болъё гэж бодож байгаа бол мэдмээр байгаа зүйлээ хэнээс ч ичилгүй асууж, нээлттэй байж сурах хэрэгтэй" гэж хариулсан нь санаасаас гардаггүй юм.

14. Бусдад шидэх санаа?

Захиргааны ажилтан Т.Энхцэцэг

Бизнесийн төсөл хэрэгжүүлэгчдэд хандан хариулъя. Та бүхэн тухайн төслийнхөө хүрээнд гаргаж буй бүтээгдэхүүн, хүргэж буй үйлчилгээнд (output or delivered goods and services) анхаарал хандуулахаас гадна тухайн төслийн бодит үр дүнд анхаарал хандуулах нь чухал шүү.