Бидний энэ удаагийн зочноор АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж буй Ричард Буанган оролцож байна. 

Түүний хувьд бага ахуй наснаасаа бусад орны хэл, соёлд нээлттэй ханддаг, бүхнийг танин мэдэх хүсэлдээ хөтлөгдсөн нэгэн байсан бөгөөд энэ чанар нь дэлхийн олон улсад ажиллах боломжийг түүнд олгожээ. Тэрээр гадаад томилолтоор Иерусалем дахь Ерөнхий консулын газарт Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Бээжин дэх Элчин сайдын яаманд Хэвлэлийн атташе, Парис болон Абиджан хотуудад дипломат ажилтнаар ажиллаж байсан туршлагатай.

Ингээд түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Аав маань тэнгисийн цэргийн албан хаагч байсан тул бага байхад манайх үргэлж л ийш тийш нүүдэг айл байлаа. Хэдий тийм ч Калифорни мужийн Сан Диего, Хавайн Ваипаху хэмээх хоёр газар төрсөн нутгийн минь адилаар сэтгэлд гүн үлджээ. Миний хувьд багаасаа л гадаадад амьдарч, хэл соёлд нь суралцан, дэлхийн өнцөг булан бүрд анд нөхөдтэй болж, тэдэнд Америкийнхаа түүх, соёлыг хуваалцах хүсэл мөрөөдлөөр дүүрэн явсан. Харин энэ хүсэл тэмүүлэл минь намайг 1999 онд АНУ-ын Төрийн Департаментад ажиллахад хөтөлсөн юм.

Тэр цагаас хойш Франц, Хятад, Израиль, Кот-д’Ивуар зэрэг улс оронд хүчин зүтгэсэн ба Вашингтонд ч хэд хэдэн чухал албан тушаал хаших боломж гарч байв. 2022 онд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсон төдийгүй энэ бол гарцаагүй мэргэжлийн замналын минь хамгийн том бахархал, оргил амжилт нь болж чадсан юм. Улсаа төлөөлөн Америк-Монголын түншлэлийг улам бэхжүүлэхийн төлөө ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд хүндтэй үүрэг билээ.



2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Монголд өнгөрүүлсэн өдөр бүхэн надад шинэ содон санагддаг. Ерөнхийдөө энгийн ажлын өдөр маань Вашингтоноос ирсэн мэдээ мэдээлэлтэй танилцахаас эхэлнэ. Өдрийн ихэнх цагаа албан уулзалт, соёлын арга хэмжээ эсвэл орон нутгийн иргэдтэй уулзалт хийх зэргээр хүмүүстэй харилцахад зарцуулдаг. Монголд суугаа америк иргэдтэйгээ ч цаг гарган уулзахыг эрмэлздэг шүү.

Миний хувьд албан өрөөнөөсөө гарч, Улаанбаатар хот, хөдөө орон нутгаар аялах боломж бүрийг алдахгүйг хичээдэг. Тэр тусмаа англи хэл сурч, америк соёлтой танилцаж буй монгол залуусын яриаг сонсож, тэдэнтэй хөөрөлдөх хэчнээн сайхан гээч. Саяхан гэхэд л баруун бүсийн аймгуудаар аялж, орон нутгийн удирдлага, бизнес эрхлэгч, хил хамгаалагчидтай уулзаад амжсан.

Монгол орон бол үнэхээр уудам, үзэсгэлэнтэй, дахин давтагдашгүй нутаг. Өргөн тал нутаг, хязгааргүй цэнхэр тэнгэрийг харах бүрдээ би гэр бүлтэйгээ амардаг байсан Америкийн баруун нутгийн үзэсгэлэнт газруудаа санагалздаг юм.

3. Таны ажлын нөү-хау?

Тэнгисийн цэргийн гэр бүлд өссөн болохоор өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, шинэ орчинд дасан зохицох ухааныг би багаасаа сурсан. Байнга нүүх нь надад уян хатан, нээлттэй сэтгэлгээтэй байхыг сургасан бөгөөд энэ бол дипломатч хүнд зайлшгүй шаардлагатай чанар билээ.

Миний эрхэмлэдэг өөр нэг чухал дадал бол бэлтгэлтэй байх. Би ажиллах гэж буй орны соёл, улс төр, нийгмийн онцлогийг урьдчилан судалж, гүнзгий ойлгохыг хичээдэг. Жишээлбэл, Монголд ирэхийн өмнө түүх, уламжлал, ардчиллын замналыг нь судалсан. Ийнхүү сайтар бэлтгэлтэй байх нь надад нутгийн удирдлага болон иргэдтэй утга учиртай, нягт харилцах боломжийг олгодог.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Бусдын л адил би өдөр тутамдаа Instagram, Facebook, X зэрэг сошиал платформыг ашигладаг.

Утас, компьютероос гадна үргэлж дуу тусгаарлагчтай чихэвчээ авч явдаг дадалтай. Ингэснээр хэчнээн завгүй өдөр байсан ч өөртөө амсхийх агшин өгч чаддаг гэх үү дээ.



5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Элчин сайдын хувиар надад ажил болон амьдралын цагаа зааглах тансаг боломж байдаггүйг нуух юун. Иймд ажлаа хаанаас ч хийх боломж олгодог ухаалаг гар утас зэрэг төхөөрөмжүүдийг идэвхтэй ашигладаг. Мөн оффист ч бай, спорт зааланд ч бай, машинд явахдаа, аялахдаа эсвэл гэртээ байхдаа цахим шууданд шуурхай хариу өгдөг дадлалтай.

Ер нь хаанаас ч ажлаа хийхэд суралцсан маань гэр бүлтэйгээ илүү их цаг өнгөрөөх, эсвэл ажлаас гадуур стрессээ тайлах зүйлсэд цаг гаргах боломж олгодог юм. Хамт олон маань ч надтай ижил цахим шууданд түргэн шуурхай хариу өгдөг. Үүнд нь талархмаар шүү.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Би жагсаалт гаргах дуртай. Ихэвчлэн гар утсан дээрээ бичдэг ч санаагаа тэр даруй тэмдэглэх үүднээс жижиг тэмдэглэлийн карт авч явдаг. Заримдаа хуучны арга барилаар тэмдэглэлийн дэвтэр дээр ч бичих нь бий.

Мэдээж үүний зэрэгцээ манай яамны гайхалтай баг миний уулзалт болон бусад үйл ажиллагааг нягт төлөвлөж өгдөг.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Элчин сайдын хувиар би өглөө эртлэн босож, Вашингтонтой цахим уулзалт, хурал хийхээс эхлээд оройн цагаар дипломат хүлээн авалт, соёлын арга хэмжээнд тогтмол оролцох хэрэгтэй болдог. Нэгэнт 8-17 цаг гэсэн тогтсон ажлын цаггүй болохоор өдрийн дунд үеэр завсарлага авч, дасгал хийх, боксоор хичээллэхэд цаг гаргадаг юм. Биеийн хөдөлгөөн гэдэг удаан хугацаагаар сууж ажилладаг надад стрессээ тайлах, ажил амралтын тэнцвэрт байдлаа хадгалахад ихээхэн тус болдог шүү.



8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Саяхнаас би монгол бичгээр хичээллэж эхэлсэн. Эртний монгол бичгийн нарийн нягт, үзэсгэлэнт дүрслэл нь надад тун онцгой санагддаг. Нөгөөтээгүүр, уран бичлэгээр хичээллэх нь тэвчээр, нямбай байдлыг шаарддаг нэг төрлийн бясалгал болохоор тайвшралыг мэдэрдэг юм. Энэ сонирхол маань гарцаагүй монгол соёлд улам гүнзгий шимтэн дурлаж, баялаг уламжлалыг нь бишрэн үнэлэх нэгэн арга болж байгаа.

9. Хийж буй ажлын тань онцлог юу вэ? Эерэг болон сорилттой талууд?

Элчин сайдын эрхэм албыг хашиж буй энэ цаг үед би Монголын ард түмэн, соёлын онцгой эрч хүч, өвөрмөц сэтгэлгээг биечлэн мэдэрч, түүний нэг хэсэг болж яваадаа туйлын баяртай байдаг. Монгол шиг газар өөр хаана ч үгүй. Энд амьдрахад сорилттой талууд бий ч тэдгээрийг шинэ зүйлд суралцах боломж гэж үргэлж хардаг.

Мэдээж ачаалалтай цагийн хуваариас болоод өөртөө цаг гаргахад төдийлөн амар байдаггүй ч ажлын үр дүн, өгөх өгөөж нь хийж буй бүхнийг маань илүү үнэ цэнтэй болгож өгдөг дөө.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Манай Элчин сайдын яамны төсөл, хөтөлбөрүүд АНУ болон Монголын харилцааны гүн гүнзгий холбоог илэрхийлээд зогсохгүй ихэнх төсөл маань олон салбарыг хамардаг онцлогтой.

Албан үүргээ хүлээн авснаас хойш би Элчин Сайдын Соёлын өвийг хамгаалах сангийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах эрхэм үүргийг хүлээгээд байна. Үүний хүрээнд 2023 онд бид Чойжин ламын сүм музейн сэргээн засварыг амжилттай дуусгаж, Үндэсний номын санд эртний буддын боть бичиг, модон хэвлэлийг хадгалах ажилд чухал хувь нэмэр оруулжээ. Энэ төсөл миний хувьд монголчуудын тэсвэр тэвчээр, ардчиллын ач холбогдол, шашны эрх чөлөө, тусгаар тогтнолыг харуулсан бодит нотолгоо учраас утга учиртай санагддаг гэх үү дээ. Мөн энэ нь манай хоёр үндэстний эрхэмлэдэг нийтлэг үнэт зүйлсийг хадгалж үлдэхийн төлөөх уйгагүй зүтгэл юм.

Тэрчлэн Монгол орон даяар англи хэлний боловсролыг дэмжих АНУ-Монголын “Excellence in English” санаачилгад ихээхэн анхаарал хандуулж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх Англи хэлний сургалтын төвийг байгуулсан нь чухал үйл явдал бөгөөд Монголын багш, оюутнуудыг чадавхжихыг харж байгаадаа туйлын баяртай байна.



Онцлох ёстой өөр нэг төсөл бол АНУ-Монголын хамтарсан 460 сая долларын санхүүжилттэй, Улаанбаатарын усны эрэлтийг удаан хугацаанд, тогтвортой хангахад чиглэсэн “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх компакт гэрээ” юм. Энэ бол АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Азид хэрэгжиж буй хамгийн том дэд бүтцийн төслүүдийн нэг бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангах юм. Үр дүнд нь Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.

Мөн цаашид бид 2026 онд тохиох Америкийн Нэгдсэн Улсын 250 жилийн ойг “America 250” сэдэв дор тэмдэглэхээр төлөвлөж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Олон улсын мэдээ унших, нийгмийн сүлжээнд цагийг өнгөрүүлэхээс гадна Монгол болон Америкаар аялаад ирсэн хүмүүстэй уулзаж, ярилцах сонирхолтой болоод байгаа.

Түүнчлэн Монголын түүх соёлын тухай өгүүлсэн, өнөөгийн ардчиллын үнэт зүйлсийг тайлбарласан ном унших дуртай.

12. Санал болгох ном, хөгжим, кино?

Одоогоор The HU, Сарантуяа, Наагий (Н. Наранбаатар)-ын дуунуудыг шимтэн сонсож байгаа.

Киноны хувьд МИАТ-ийн онгоцоор аялах бүрдээ 20-р зууны дунд үеийн Улаанбаатарын төрхийг харуулсан 1950-иад оны үеийн монгол кинонуудыг үзэх дуртай. Тэр үеийн амьдрал өнөөдрийнхөөс гарцаагүй өөр байж.



13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

“Айвал бүү хий, хийвэл бүү ай” хэмээх аливаа зүйлийг эхлүүлэхээс айхгүй байх тухай сургадаг зүйр үгэнд дуртай. Ямар нэг зүйлийг эхлүүлсэн л бол дуусгахаас бүү ай.

14. Бусдад шидэх санаа?

Дипломатч болохыг хүсдэг л бол улсынхаа хил хязгаараас давж, дэлхий дээр юу болж байгааг мэдэж байх хэрэгтэй. Тиймдээ ч би үргэлж олон улсын мэдээ уншиж, дэлхийн түүхэн чухал мөчүүд, тэдгээрийг бүтээсэн эрхмүүдийн талаар ном уншихыг уриалдаг юм.

Мөн ярьдгаасаа хоёр дахин илүүг сонсохыг зөвлөж байна. Ингэснээр илүү ихийг сурч мэдэх болно.