Өнөөдрийн ярилцлагадаа бид банкны салбарт салхийг хагалан хамгийн түрүүнд IPO хийж, хувьцаагаа олон нийтэд арилжаалахаар зэхэж буй Богд Банкны Гүйцэтгэх захирал Г.Саруулыг урьж ярилцлаа. Тэрээр 2014 онд тус банкийг үүсгэн байгуулсан цагаас хойш Гүйцэтгэх захирлаар тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж буй бөгөөд 300 орчим тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй, 180 гаруй ажилтантай, 55 мянга гаруй харилцагчтай, хурдтай өсөлттэй банк болгон өсгөж тэлжээ. Тэрээр АНУ-ын Лоёолагийн их сургуулийг 2003 онд эдийн засагч, бизнесийн удирдлагаар төгсөж, 2010 онд Монголд эргэж ирэх хүртлээ АНУ-ын банк, санхүүгийн салбарт ажиллаж байв. Мөн 2011-2014 Монголын Хөрөнгийн Биржийн Дэд захирлаар ажиллаж байсан юм. 

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Богд Банкны Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг утас: iPhone XS Max
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудсууд: Saruul Ganbaatar (фэйсбүүк) @saruul.ganbaatar (инстаграм)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Бид АНУ-д суралцахаар 1999 онд очсон. Тэр үеэс л сурахын хажуугаар ресторанд зөөгч, сургуулийнхаа номын сан, компьютерын лабораторид ажиллах гэх мэтээр дандаа давхар ажил хийж байлаа. Ангийнхаа топ нэг хувьд багтаж "Magna Cum Laude" цолтой төгсөж байв. Сургуулиа төгсөөд "21st Century Mortgage Bank Corporation" хэмээн ипотекийн зээл олгодог банкинд ажилласан. Харилцагчийн үйлчилгээний төвд нь ороод харилцагчидтай холбогдох ажил хийж байгаад хэдэн сарын дараа банкирын ажилд шилжсэн. Тэгээд өглөө 8-аас орой 23 цаг хүртэл үнэхээр махруу ажилладаг байлаа. Бидний ажлын үзүүлэлтийг шууд л самбар дээр биччихнэ. Эхэндээ би үзүүлэлтээрээ хамгийн доор нь байж байгаад өөрийгөө шахаж ажилласны дүнд гурван сарын дараа хамгийн дээр нь гарч байлаа. 2008 оны санхүүгийн хямралын үед чиглэлээ өөрчлөөд хөрөнгийн зах зээлд, хөрөнгө оруулалтын сан буюу хедж фандад ажиллаж, мөн трэйдер хийдэг байсан.

2010 онд Монголд ирээд Сангийн яаманд хагас жил ажиллаад Хөрөнгийн биржид өөрчлөлт шинэчлэлтүүд хийгдэж, шинэ орчин бүрдлээ гэгдэх үед тэнд Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажилласан. Гурван жил гаруй ажиллахдаа Үнэт цаасны хууль, Хөрөнгө оруулалтын сангийн хууль зэрэг бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад гар бие оролцсон.

2014 онд Богд Банк байгуулагдахад хамгийн анхны ажилтан нь болж орж байлаа. Бид энэ ажлыг долуулаа эхлүүлсэн юм.

Түүнээс хойш долоон жил ажиллахад одоо банк маань 10 гаруй салбартай, 300 тэрбумын хөрөнгөтэй, 180 орчим ажилтантай болсон байна. Тухай үед 14 дэх банк болон зөвшөөрлөө авч байсан бол одоо 11 банк байна. Манайх банкууд дундаа өөрийн хөрөнгийн үзүүлэлтээр наймд, ашигт ажиллагаагаар зургаад, ажилтанд ногдох өгөөжөөр нэгдүгээрт жагсаж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би голдуу 23 цагт унтаж өглөө наймд сэрдэг. Өдөртөө яаж ийгээд заавал найман цагийн нойр авахыг боддог. Тэгээд ажилдаа явах замдаа мэдээлэл сэлтээ уншина. 9.30-аас эхлүүлээд өдөржингөө л уулзалт хийдэг дээ. Төсөв тооцоогоо харж нягтална, ажлынхандаа үүрэг чиглэл өгнө, түүнийхээ үр дүнг тооцно. Ер нь би ачаалал авч ажиллахыг хичээдэг. Өдөртөө чанартай 2-3 шийдвэр гаргах сан гэж боддог. Мэдээж бас зав зай гарган харилцагч нартайгаа уулзахыг эрмэлздэг. Аль болох ажил, асуудлынхаа цөмд нь орж, анхдагч сурвалжаас мэдээлэл авахыг хичээдэг юм. Тэгээд нэг л мэдэхэд ажлын цаг дууссан байдаг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Удирдах ажилтны арга барил гэвэл бүх юмыг зааж зааварлахыг хичээдэггүй. Алсын хараа, хүрэх зорилгоо хамтдаа, тал талаас нь харж тодорхойлоод, хийж хэрэгжүүлэх хугацаагаа зоогоод, тэгээд ажилтнууд, албаны захирлууддаа хийх эрх чөлөөг нь өгдөг. Мэдээж ажлын үр дүн, гүйцэтгэлээ бол яс тооцдог. Ер нь аль аль талдаа хариуцлагатай ажиллая гэдэг зарчимтай. Юм болгонд нь оролцоод зааварлаад байвал чөлөөтэй сэтгэхээ байж, чиглэл авч л ажилладаг болчихно гэж боддог юм.

Бас нэг гол зарчим бол аль болох бусдын хийж үзээгүй, туршигдаагүй зүйлийг хийхийг эрмэлздэг.

Жишээ дурдвал илүү ойлгомжтой болов уу. 2017 онд банкны бүтээгдэхүүнүүд хоорондоо ялгарал багатай байв. Би багийнхантай ярилцаж байгаад одоо байгаа харилцах данснууд хүүгээ сараар юм уу жилээр л боддог юм байна, өдөр бүр хүү нь бодогддог данс байвал зөв юм биш үү гээд тийм бүтээгдэхүүн гаргаж байлаа. Олайнаар данс нээдэггүй шахам байсан үед мөн онлайнаар данс нээх шийдвэр гаргаж байсан. Манай хуулийн хэлтсийнхэн бүтэхгүй хэмээн хэлж байсан ч гаргалгаа олцгооё гээд л бүтээж байв. Мөн манайх банкны салбарт анх лояалти хөтөлбөрийг бий болгосон. "B Point" гэх тэрхүү урамшууллын оноог банкны үйлчилгээ авах, шилжүүлэг хийх тоолонд тооцож, эргүүлээд банкны үйлчилгээндээ болон гадуур худалдан авалт хийхдээ зарцуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Бас нэг жишээ. Банкны шимтгэл өндөр байна гэх нь харилцагчдын хамгийн түгээмэл гомдлын нэг байдаг. Энэ асуудал дээр шийдэл гаргая л даа гэж зориод Master, Prime гэсэн хадгаламжийн багц бүтээгдэхүүн гаргаж байв. Master буюу 1.5 сая, Prime буюу 10 сая төгрөгийн хадгаламж нээлгэвэл урамшуулалд нь АТМ-ээс мөнгө авах, шилжүүлэхэд шимтгэлийг нь тэглэсэн. Гэх мэтээр яаж өөр банкны сэдээгүй, хийгээгүй зүйлсийг хийх вэ, яаж өмнө нь огт байгаагүй бүтээгдэхүүнийг гаргах вэ гэж зорьж ажилладаг даа.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

"Bogd Mobile" аппдаа олон үйлчилгээ, боломжийг холбочихсон байдаг болохоор банкныхаа аппыг их хэрэглэдэг юм байна. Ер нь бид банкныхаа үйл ажиллагааг дижитал руу шилжүүлэхэд их анхаарч ажилладаг.

Ажлын харилцаанд манай байгууллага Outlook-ийг ашигладаг. За тэгээд мэдээж Viber, WhatsApp зэрэг холбоо харилцааны аппуудыг мэдээж хэрэглэнэ. Kindle-ийн аппаар ном уншдаг. Wall Street Journal, Economist гэсэн хэвлэлүүдийг өглөөдөө харчихна. Мөн хэдэн тоглоомын апп бий. Заримдаа 30 минут тоглож тархиа амраагаад ажилдаа ороход зүгээр байдаг юм. Сошиал медиагаас фэйсбүүк хааяа нэг цаг зав гарвал ордог.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хийж буй ажилдаа технологи нэвтрүүлэх л цаг хэмнэх сайн арга юм даа. Өмнө нь ажлын уулзалт хийх гэж гадаад руу нисдэг, нэг уулзалтын төлөө 4-5 хоног явах үе байдаг байлаа. Одоо хүмүүс зайнаас холбогдоод, чухал яриа хэлцэл хийгээд сурчихлаа. Өнөө өглөө л гэхэд би Европ, АНУ-д байгаа хоёр хүнтэй Zoom-ээр дуудлага хийчихээд сууж байна.

Харилцаа холбооны аппаас гаднаа ажлаа явуулах дундын програм чухал. Түүнийг үр дүнтэй ашиглаад, ажлын явцаа мэдээлээд явахад байнга биеэр уулзаад байх ч шаардлагагүй.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Би төлөвлөлтийн бараг арваад апп, програм туршиж үзсэн байх. Гэвч нэг л болж өгөөгүй. Харин нэг арга шалгарч үлдсэн нь зүгээр л дэвтрийн хуудсан дээр дээрээс доош босоо шугам татаад, нэг талд нь хүмүүст өгсөн үүрэг даалгавраа бичих, нөгөө талд нь өөрөө хүлээсэн, өөртөө оноосон ажил даалгавраа тэмдэглэх арга. Надад ямартай ч тохироод, сайн үр дүн гаргаад байх шиг байдаг.

Төлөвлөх тухайд мэдээж байгууллагын жилийн төлөвлөгөө гэж гарна. Гэхдээ өнөөдөр ямар цаг үе билээ, хэт уртаар төлөвлөөд түүндээ баригдах нь оновчтой биш л дээ. Өдөр болгон л сонор сэрэмжтэй, уян хатан ажиллах хэрэгтэй болсон байна. Эргэн тойрноо, хорвоо дэлхий хаашаа эргээд байгааг сайн анзаарч, зах зээлийн мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй цаг үе гэж боддог.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Би нэлээд гэрсэг хүн. Орой гэрээ саначихсан, гэрийнхээ хоолыг саначихсан харьдаг. Ажлаас бусад үед гэр бүлийнхэнтэйгээ л цагийг өнгөрөөнө. Цар тахлын улмаас орой үдэш хүмүүстэй уулзах нь ч багасаад, ажил ба гэр гэсэн л маршруттай болжээ. Би гэр бүлийнхээ хүнтэй хамт хоол хийх дуртай. Хааяа гэрээрээ кино үзчихнэ, шоппинг хийчихнэ. Мэдээж бололцоо гарвал агаар салхинд гарна.

Долоо хоногтоо нэг хоёр удаа фитнесст явчихыг боддог. Багадаа би таэквондогоор хичээллэж байсан болохоор хааяа бас хөлсөө гаргадаг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Манай байгууллага спортыг дэмжих чиглэлд идэвхтэй ажилладаг юм. SPS сувагтай хамтын ажиллагаа үүсгэж, Английн Премьер Лигийн шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Мөн UFC-гийн шууд дамжуулалтыг ивээн тэтгэдэг. Би мөн Монголын Таэквондогийн Холбооны Дэд ерөнхийлөгчийн албатай.

Үндсэн ажлынхаа хажуугаар байгууллага дотроо тэтгэврийн сан бий болгож, үйл ажиллагааг нь жигдрүүлэхэд анхаарч байгаа шүү. Хуримтлал үүсгэх дадлыг түгээн дэлгэрүүлэхийн тулд ажилтнуудаасаа эхлэх нь зүйтэй. Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар сүүлийн үед хууль, эрх зүйн шинэчлэл хийх гээд явж байгаа. Түүнийг хүлээлгүй, ач холбогдол өндөртэй энэ тогтолцоог байгууллагадаа, цаашлаад харилцагчдадаа нэвтрүүлэхээр хичээж зорьж байна даа.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

2014 онд цоо шинэ банк эхлүүлэх ажил эхэлсэн. Банк гэдэг бол ёс зүй, хариуцлага шаардсан их онцлогтой инстүүц л дээ. Монголд өнгөрсөн хугацаанд 40 гаруй банк байгуулагдсанаас 20-30 хувь нь л одоо үйл ажиллагаа явуулж байгаа нь үүнийг илтгэх байх. Тийм ч учраас банкныхаа суурийг сайн тавьж, анхнаасаа ёс зүйтэй, хариуцлагатай, тунгалаг ойлгомжтой байя гэж зорьсон.

Миний нэг онцлог гэвэл манай банкинд ямар давуу тал байна гэдгийг харахаас илүүтэй ямар сул тал байна, түүнийг яаж арилгах вэ, яаж өөрсдийгөө сайжруулах болох вэ гэж байнга боддог. Салбарын хэмжээнд өнөөдөр чанаргүй зээлийн эзлэх хувь 11.2 хувь байхад манай банкных 3.6 байх жишээтэй. Өөрийн хөрөнгийн өгөөж дунджаар 8-9 хувьтай байхад манайх 18 хувьтай байх жишээтэй. Энэ үзүүлэлт жишээ нь хөрөнгө оруулагчдынхаа мөнгийг дундаж банкнаас хоёр дахин их өсгөж байна гэсэн үг. Би бол энэ 18 хувийг тэгвэл яагаад 30 хувьд хүргэж болохгүй гэж гээд л өөртөө болон хамт олондоо шинэ сорилт, хүндхэн даалгавар үүсгэх гээд байдаг хүн. Гэхдээ байнга өсөж хөгжих, өөрсдийгөө сайжруулж ахиулах энэ сэтгэлгээ маань үнэхээр үр дүн авчирдаг шүү. Захирлууд маань сар бүрийн нэгний өдрийг хүлээдэг гэж надад ярьж байсан. Учир нь тэр өдөр бид өмнөх сарын үзүүлэлтээ хардаг юм л даа. Тэр уулзалтаас өссөн үзүүлэлтүүдээ харж, их урам зориг, баяр баясгалан авдаг гэж байгаа юм. Ер нь манайхан ажилдаа зүрх сэтгэлээсээ ханддаг онцгой хамт олон шүү.


10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Богд Банк банкны салбарт хамгийн анхны IPO-г хийхээр төвлөрч ажиллаж байна. Нэг болон цөөн хүний эзэмшилд байхад дэндүү том инстүүц гэдэг утгаараа УИХ-аас банкуудад IPO хийж, олон нийтэд хувьцаагаа арилжах үүрэг хүлээлгэсэн шийдвэр гаргасныг бүгд санаж байгаа болов уу.

Яагаад бид хамгийн эхэнд нь IPO гаргая гэсэн бэ гэхлээр өсөлтийн үедээ хувьцаа гаргаж, өсөлтийг хөрөнгө оруулагч, харилцагч нартайгаа хамт мэдэрье гэсэн юм. Таван жилийн дараа банкаа бүр томруулж байгаад хувьцаагаа гаргаж болно л доо. Гэвч бид трэндийг дагагч биш тодорхойлогч байхыг хүсдэг болохоор, тооцоолсон эрсдэл гаргаж ажиллах дуртай учраас ингэж шийдсэн. Манай IPO-г иргэд, харилцагчид ихэд сонирхон хүлээж байгааг анзаараад баяртай байгаа.

Ер нь сүүлийн үед шинэ залуу үеийнхэн хөрөнгө оруулах дадал, хандлагатай болж буйг олзуурхаж сууна. АНУ-ын зах зээлийн аваад үзэхэд иргэдийнх нь 70-75 хувь нь хөрөнгө оруулалт хийдэг. Манай энэ тоо 10 хувьд ч хүрэхгүй байгаа. Тиймээс энэ зах зээл өсөж хөгжих ёстой.

Би хэдий банкны хүн ч зөвхөн банкны хадгаламжид мөнгөө хадгал гэж зөвлөдөггүй. Хүн ямар ч байсан орлогоосоо тодорхой хувийг цааш хийж, түүнийгээ өсгөе гэж хүсвэл солонгоруулах буюу хэд хэдэн зүйлд хуваан хөрөнгө оруулах нь зүйтэй гэж зөвлөнө. Банкны хадгаламж бол хэзээд хамгийн найдвартай хөрөнгө оруулалт байдаг. Харин бусад орлогын боломж буюу хувьцаа, крипто валют зэргийг сайн судалж, тооцоолсон эрсдэл хийж хөрөнгө оруулах хэрэгтэй байх.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Би амжилттай явж буй бизнес, технологийн тухай унших дуртай. Захирал хүн гарцаа байхгүй хүний нөөцийн захирал болдог. Тийм болохоор менежментийн тухай ном бас харах сонирхолтой. Мөн Youtube-ээс сонирхолтой ярилцлагууд үзэх дуртай. Энэ бүхнээс өөрийгөө мэдэхгүй зүйлсийг мэдэж авдаг. Ер нь энэ хавтгай болсон дэлхийд гадаад хэлтэй байгаад, мэдээлэлд зөв анализ хийх чадвартай л бол хүн юуны ч талаар сурч мэдэх, өөртөө илүү сайхан боломжуудыг нээх боломжтой болсон шүү дээ.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Ном гэвэл Жефф Безосын талаарх номуудад дуртай шүү. Яаж хүний сэтгээгүйг сэтгэв, бизнесээ яаж аль өнцгөөс нь харж байна гэх мэтээр суралцах зүйл ихтэй. Nike-ийн үүсгэн байгуулагчийн намтар мөн өгөөжтэй байсан. "American Icon" номыг бас дурдъя. Энд 2000 оны үед Ford компани дампуурах шахаж байхад Boeing-ийн захирал Алан Мулалли хэмээх хүн ирээд тус компанийг хэрхэн аварч, сэргээсэн тухай өгүүлдэг. Уншсан номуудаа бас дахин уншихад өмнө нь олж хараагүй зүйлээ хардаг мэт санагддаг.

Хөгжмийн тухайд Spotify-д дуртай болсон. Хааяа аль нэг дуу таалагдахаар нэрийг нь олоод тоглуулдаг. Тэгэхлээр ижил төрлийн өөр гоё дуунуудыг үргэлжлүүлээд тоглуулдаг нь их зүгээр. Ер нь софт рок жанрын хөгжимд дуртай юм байна. 2000-аад онд хип хоп ид мандаж байхад бас сонсдог байлаа.

Кино гэвэл сүүлийн үед гарч буй кинонуудыг үзчихээд байдаг. Кинотеатрт үзнэ, Нетфликсээр үзнэ. Санхүүгийн кинонуудыг бас их үзсэн. Хамгийн олон үзсэн кино гэвэл "Гладиатор".

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Энд туршлагаараа ойлгож авсан нэг санааг хуваалцъя. Би өөрөө АНУ-д байхдаа нэлээд хажуужил сууж, ачаалал авч сурсан юм шиг байгаа юм. Тийм болохоор ямар ч хэцүү сорилтыг давах боломжтой, хөдөлмөрлөвөл хүн амжилтад хүрнэ гэж өөртөө бат итгүүлсэн. Үүнийгээ ажил дээр багийнхандаа байнга хэлдэг. Ямар ч зүйлд гарц гаргалгаа байдаг гэж итгэдэг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Сүүлийн үед монголчууд бид аливаа зүйлийг дандаа л сөрөг талаас нь хардаг болчихсон юм шиг анзаарагдаад байгаа. Аль болохгүй, бүтэхгүйг л хамгийн их ярилцдаг, тэр талыг нь хардаг болчихсон юм шиг. Уг нь монголчууд бид чинь их амны бэлгэ боддог, өөдрөг хүмүүс шүү дээ. Тийм болохоор залуучууд маань өөдрөг байгаасай, аливаа шүүмжлэхийн урьдаар өөрийгөө сайн бодож цэгнэдэг байгаасай. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг шүү дээ. Нийгэмд болж буй болохгүй бүтэхгүй зүйлийг шүүмжлэхээс өмнө өөрийгөө эхлээд сайн хөгжүүлэх ёстой гэж би боддог юм.