Манай ярилцлагын шинэхэн зочноор Германы Берлин хотод ажиллаж, амьдардаг монгол бүсгүй Саруул оролцлоо. Тэрээр Германд төрж өссөн бөгөөд бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр, магистрын зэргээ Берлин, Парис, Амстердамын их сургуулиудад хамгаалжээ. Мөн Condé Nast, Bertelsmann зэрэг томоохон хэвлэл мэдээллийн компаниудад гүйцэтгэх болон удирдах албан тушаалд ажиллаж, Германы хамгийн том подкаст фестивалийг зохион байгуулан улмаар 2019 оноос Spotify компанид Стратегийн чиглэлээр ажиллаж эхэлсэн аж.  

Харин өдгөө Их Британи, Ирланд, Герман, Австри, Швейцарын подкаст багийг хариуцан ажиллаж буй. Ингээд түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.  

Уг ярилцлагыг англи хэлээр хийж, монгол хэл рүү хөрвүүлэв.


Байршил: Герман улс, Берлин хот
Эрхэлдэг ажил: Spotify-ийн Төв Европын Подкаст хариуцсан захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 15 Pro
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудсууд: LinkedIn, Instagram

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ? 

Би үргэлж л шинэ зүйлс бүтээж, бий болгохыг хүсдэг байлаа. Тиймдээ ч бяцхан охин байхаасаа олны анхаарал дунд байх дуртайн зэрэгцээ дуучин эсвэл жүжигчин болохыг мөрөөддөг байв. Хэдий хүсэл мөрөөдлөө даган урлагийн хүн болоогүй ч эргээд харахад бүтээлч байдал болон бизнесийн төгс огтлолцол дээр зогсож буй мэт санагдаж байна. Одоогоор миний бие гайхалтай уран бүтээлч болон жүжигчидтэй олон цагийг өнгөрүүлж, хамтран ажиллаж байна.

Миний хувьд 2008-2015 онуудад бакалавр болон магистрын зэргээ бизнесийн удирдлага чиглэлээр Берлин, Парис, Амстердамын их сургуулиудад хамгаалсан. Багаасаа л Vogue сэтгүүлийг уншиж, загварын салбарт дурлан энэ чиглэлд ажиллахыг хүсдэг байсан болохоор их сургуульд байхдаа Vogue-ийн хэвлэлийн газар болох Condé Nast-д дадлага хийх хүсэлт гаргаж байлаа. Түүнээс хойш Condé Nast-аас гадна Bertelsmann (Европын хамгийн том хэвлэл мэдээллийн компани) тэргүүтэй хэд хэдэн томоохон хэвлэл мэдээллийн компаниудад гүйцэтгэх болон удирдах албан тушаалд томилогдон ажилласан туршлагатай.

Үргэлжлүүлэн Spotify-тай хэрхэн холбогдсон талаараа хуваалцъя. 2018 онд хоёр найзын хамт Германы хамгийн том подкаст фестивалийг зохион байгуулах зорилгоор 1000 гаруй сонсогчийг дуртай подкаст бүтээгчидтэй нь уулзуулж, тэдний подкастыг тайзнаас шууд хүргэсэн юм. Тухайн үед Spotify компани манай фестивалийн ивээн тэтгэгчээр хоёр ч удаа оролцоод байсан нь энэ гайхалтай гэр бүлд нэгдэх замналын эхлэл болсон. Ингээд 2019 онд Spotify-д Стратегийн чиглэлээр ажиллаж эхэлсэн ба 2020 оноос Их Британи, Ирланд, Герман, Австри, Швейцарын подкаст багийг удирдан ажиллаж байна.



2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ? 

Цахим шуудангаа шалгах, цаглавраа цэгцлэх, хийх ажлын жагсаалтаа гаргахаас ажлын өдөр маань эхэлдэг. Үүний дараа биет болон цахимаар уулзалтууддаа оролцоно. Манай багт олон орны хүмүүс ажилладаг учраас аливаа хурал, уулзалт хийхэд цагийн зөрүү их гардаг. Гэсэн ч уг ялгаатай байдлыг үл харгалзан хүн бүр гэрээсээ ажиллаж, хэрэгцээт файлуудаа дундаа хуваалцаад үр бүтээмжтэй ажиллаж чаддаг нь онцлууштай.

Өдрийн хоолны үеэр ихэвчлэн багийн залуустайгаа ойр байж, цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хичээдэг. Аль эсвэл нохойгоо салхилуулах зуураа алхах дуртай. Харин оройн цагаар йога эсвэл эрчтэй дасгал хөдөлгөөн хийхийг боддог. Эсвэл нөхөр болон найзуудтайгаа оройн хоол иднэ. Мэдээж өдөр бүр ийм идэвхтэй өнгөрдөг гэвэл үгүй. Зарим өдөр зүгээр л орой болтол ажилладаг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ? 

Бүтэлгүйтлээс айлгүй, ажлаа аль болох хөгжилтэй байдлаар хийх хэрэгтэй. Энэ бол миний ажлын арга барил. Ингэж байж аливаа асуудалд шийдэл олж, цаашлаад бүтээлч, инновацлаг санаа гаргаж чаддаг.

Мөн бусдын оронд өөрийгөө тавих чадвар удирдагч хүнд зайлшгүй байх ёстой. Хүн бүхэнд л өөрийн гэсэн хүч чадал, давуу тал байдаг. Гагцхүү удирдагч түүнийг нь хэлж, урам зориг өгч байх нь чухал. Үр дүнд нь танай баг илүү хүчирхэгжих болно.



4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ? 

Миний хувьд байнга хөгжим, подкаст сонсдог болохоор AirPods-оо заавал авч гардаг. Дуудлага хийхэд ч их хэрэг болдог юм. Хаа нэг тийш явахдаа Kindle-ээрээ ном унших дуртай. Ажлын хэрэгцээнд ашигладаг програм гэвэл Slack болон Google Suite.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ? 

Цаг хэмнэх хамгийн сайн арга бол ажлаа эрэмбэлэх явдал. Анхаарлаа зөв зүйлд төвлөрүүлж чадсан үед л ажлуудаа цагт нь гүйцэлцүүлж чадна шүү дээ. Энэ тал дээр миний хэрэгжүүлдэг арга нь доор харагдаж буй хүснэгт. Хамгийн чухал бөгөөд яаралтай хийх ёстой ажлаасаа эхлээд ач холбогдлын дарааллаар нь хуваарилдаг гэсэн үг. Ингэснээр ойрын хугацаанд юунд төвлөрч, анхаарлаа хандуулах, юуг нь хойшлуулж, хийхгүй үлдээх вэ гэдгээ ялгаж чаддаг.

Ажил, амьдралын тэнцвэрт байдлаа хадгалахдаа тийм ч сайн биш. Учир нь би ажилдаа тун дуртай хүн. Заримдаа ажил хийж байгаа юм шиг санагддаггүй гээд л бод. Гэхдээ саяхан хүүхэдтэй болоод энэ бүхэн өөрчлөгдөж эхэлсэн. Охиноо төрснөөс хойш аль болох их цагийг түүнтэй хамт өнгөрөөхийг хичээх болсон.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ? 

Жилийн эхэнд тухайн оныхоо зорилгыг утасныхаа Notes дээрээ тэмдэглэдэг. Цаашлаад улирал бүр тэдгээр жагсаалтаа эргэн харж, шинэчлэх шаардлагатайг нь өөрчилнө. Ингээд өдөр тутмын хийх ажлуудаа цаглавартаа төлөвлөдөг. Харин шинэ төсөл эхлэх үед бүх хийх зүйлээ Excel дээр чухлын зэргээр нь дараалуулж бичдэг.



7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ? 

Ойгоор нохойтойгоо хамт алхах шиг сайхан зүйл гэж үгүй. Элдэв сатаарах юмгүйгээр амар тайвныг мэдрэхэд их тус болдог шүү. Мөн йога болон пилатизаар тогтмол хичээллэдэг.

Мэдээж гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх шиг сайн сэргэлт өөр хаана байх билээ. Тэдэнтэйгээ хамт хооллох, цэвэр агаарт алхана гэдэг гарцаагүй сайхан амралт болдог.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ? 

Би зан үйлийн шинжлэх ухааны сэдвийг маш их сонирхдог. Тэр тусмаа хүн яаж бэрхшээлийг даван туулж, хэрхэн амжилтад хүрдэг талаар мэдэхийг хүсдэг гэх үү дээ. Энэ сонирхолдоо хөтлөгдөн эл чиглэлд судалгаа хийж, ном бичих том зорилготой болоод байгаа. Бичих тун дуртай болохоор энэ мөрөөдлөө заавал биелүүлэхийг хүсэж байна.



9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД? 

Хамтран ажиллагсад, уран бүтээлчид гээд хамгийн ухаалаг, бүтээлч хүмүүстэй нэг баг болж ажилладаг нь хамгийн сайхан. Хийсэн ажил маань эерэг үр дүн үзүүлэх үед ажлаараа их бахархдаг. Нэг жишээ дурдахад, бид Ханау хотод гарсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах террорист халдлагын талаарх өгүүллэгийн подкаст нийтэлсэн юм. Тухайн үед хүмүүсийн сэтгэл ихэд хөдөлж, олон нийтэд ч энэ талаар мэдлэг олгосны сацуу амь үрэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн бүтээл болж чадсан.

Хэцүү бэрхшээлтэй талын тухайд бүтээлч хүмүүстэй хамтран ажиллана гэдэг нэг талаараа давуу тал олонтой ч нөгөөтээгүүр төвөгтэй зүйлс цөөнгүй дагуулдаг. Тэдний уран бүтээл ихэвчлэн мэдрэмж дээр суурилдаг болохоор тэр байх. Үүний сацуу манай салбар өөрөө асар хурдацтай өөрчлөгддөг тул ямагт биднээс шинэчлэгдэхийг шаарддаг.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ? 

Өнгөрсөн арваннэгдүгээр сард хүүхэдтэй болсон учраас яг одоогоор охиноо өсгөхөд бүрэн төвлөрч байна. Ээж байна гэдэг чинхүү гайхалтай бөгөөд чадал сорьсон ажил гэдгийг маш ихээр ойлгож байна даа.



11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Хувь хүний хөгжил болон ажил мэргэжилтэйгээ холбоотой ном олноор уншдагийн зэрэгцээ “Hidden Brain”, “Huberman Lab” зэрэг боловсролын сэдэвт подкастууд сонсох дуртай. Мөн ажлын хамт олныхоо санал хүсэлтийг тогтмол сонсдог. Ялангуяа ментор дүүгээсээ сүүлийн үед юу догь байгаа талаар зөвлөгөө авч, ярилцдаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Дууны хувьд поп дуунууд сонсох дуртай. Жишээлбэл, ойрын үед Charlotte Cardin, Miley Cyrus, Taylor Swift, Dua Lipa тэргүүтэй хүчирхэг эмэгтэй уран бүтээлчдийг шимтэн сонсож байгаа. Мэдээж дуртай подкастуудаа дурдахгүй өнгөрч үл болно. “The Diary of a CEO”, “Zoe - Health and Nutrition”, BBC-ийн “Believe in Magic” зэрэг гайхалтай подкастуудыг санал болгоё.

Кино гэвэл сүүлд “Jury Duty” цувралыг үзээд зөндөө инээсэн юм байна. Үнэхээр хөгжилтэй, өгөөжтэй уран бүтээл байсан шүү.

Номын тухайд Morgan Housel-ийн “The Psychology of Money”, Emilie Pine-ийн “Notes to self”, Robert Waldinger болон Marc Schulz-ийн “The Good Life” гэсэн номуудыг санал болгож байна.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

“Чи ямар нэг зүйлийг яаж хийнэ, цаашид бүх зүйлийг тэгж л хийнэ” гэсэн зөвлөгөө санаанаас огт гардаггүй юм. Жижиг зүйлд хэр зэрэг анхаарлаа хандуулж байгаа нь том зүйлийн эхлэл болно гэсэн санаа. Угаасаа л амьдрал гэдэг тууштай хийж буй жижиг алхмуудын нийлбэр шүү дээ.

14. БУСДАД ШИДЭХ САНАА? 

Бусдаас өөр байх зоригтой бай. Өөрийнхөө онцгой орших тэр л газар, нөхцөл байдлуудыг байнга эрэлхийлж байх хэрэгтэй. Тэгсэн цагт хүмүүс таныг анзаарах болно.